Categories
мэдээ нийгэм

Япончуудтай хамтран сургууль, цэцэрлэгүүдийг хийн халаалтад шилжүүлэх боломжтой

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр Японы “Rinnai” корпораци болон бусад хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хийн халаалтаар сургууль, цэцэрлэгүүдийн халаалтыг шийдвэрлэх асуудлыг ярилцлаа. Rinnai корпорацийн хувьд хийн халаалтын тоног төхөөрөмж угсарлтаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани билээ.

Тус компанийнхан Газком компанитай хамтран нийслэлийн гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийн уурын зуухан халаалтыг халж, хийн халаалтад шилжүүлээд байгаа юм. Энэ ажлынхаа үр дүнг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын даргад танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва цаашид Японы хувийн хэвшлийн компаниудтай олон талт хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Японы тал нааштайгаар хүлээнм авлаа. Мөн уулзалтын үеэр Газком компанийн захирал Д.Сэржбүдээ гурван жилийн дотор нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийг дэлхийн стандартад нийцсэн хийн халаалтын горимд шилжүүлэх боломжтой. Манайхан хийн халаалтын аюулгүй байдалд ихээхэн санаа зовдог. Гэхдээ Rinnai корпорацийн хувьд Монголд одоо мөрдөгдөж байгаа стандартыг давсан стандартын аюулгүй ажиллагааны горимоор ажилладаг” хэмээн онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 01/243 тоот удирдамжийн дагуу Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын ургац хураалтын байдал, ургацын чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 340 мянган га талбайд улаан буудай тариалснаас 380 мянган орчим тонн улаан буудай хураан авч байна. Үүнээс гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд 200 мянга орчмыг нь хүлээн авчээ. Улаан буудайн чанарын хувьд цаг агаарын хүчин зүйл буюу 8, 9 сард их хэмжээний бороо орсноос шалтгаалан ногоон тариа ихтэй, улмаар чийг өндөртэй буудай үтрэм дээр бууж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ техникийн хүчин чадалд тааруулан энэхүү тарианы хольцын үзүүлэлт өндөртэй улаан буудайг цэвэрлэх, хатаах ажлыг хийж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим аж ахуйн нэгжийн үтрэмийн талбай дээр итгэмжлэгдсэн лабораторийн ургамлын үр, хорио цээрийн шинжээчдээр улаан буудайн чанарт шинжилгээ хийлгүүлж газар дээр нь улсын /ахлах/ байцаагчийн чанарын дүгнэлтийг гаргаж ажиллав. Энэ жилийн хувьд улаан буудайн цавуулаг харьцангуй өндөр, эзэлхүүн жин багатай байна. Мөн чийгээс үүдэлтэйгээр тарианы үзүүр харлах, тариан түрүүн дээрээ дахин соёолох зэрэг МУ-ын хүнсний болон үрийн улаан буудайн стандартад заагдаагүй, тодорхой судлагдаагүй үзүүлэлтүүд лабораторийн шинжилгээний дүнгээр илэрсэн байна. Үүний дагуу Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хандан судалгааны дүнг хүргүүлсэн ба аж ахуйн нэгжүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд зөвлөн туслах үйлчилгээг хүргэж ажиллалаа. Ургацын чанар тааруу байгаатай холбоотойгоор 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцанд гал гарч байна

МУИС-ийн II байрны дэргэдэх байранд гал гарч байна. Хэргийн газар Галыг унтраахаар Онцгой байдлын албаны Чингэлтэй дүүрэг дэх аравдугаар ангийн хоёр тасаг, гурван автомашинтай ажиллаж байна. Тус байрны дөрөвдүгээр давхраас эхлэн гал гарсан бололтой.

Categories
мэдээ нийгэм

Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташшег хүлээн авч уулзав

Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташшег хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Акканыг хүлээн авч уулзах арга хэмжээ өнөөдөр /2019.11.05/ Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэлийн тэнхимд” зохион байгуулагдлаа.

Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Аккан нар оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар 2012, 2018 онд Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн айлчлал, яриа хэлэлцээрүүдийг дараагийн шатанд хүргэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн хамтын ажиллагааны түүхийн талаар ярилцаж, Дотоодын цэргийн тухай видео танилцуулгыг үзүүлж, сонирхууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт сэргэж, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш Монгол Улсын нэгдсэн төсөв 8 жилийн дараа анх удаа ашигтай гарсан эерэг үзүүлэлт боллоо.


Энэхүү боломжид суурилан Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:

– Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ;

– Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлнэ;

– Зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлнэ;

– Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ;

– Бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг сайд танилцуулгадаа онцоллоо.

Мөн Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэдгийг хэллээ.

Харин төсвийн орлогын хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурдав.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн. Түүнчлэн ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулж газрын төлбөр хураалтыг сайжруулан, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилж нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 977 тэрбум төгрөг төвлөрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй гэдгийг онцлов.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлага, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сонгуулийн хууль батлагдаагүй байхад Сонгуулийн ерөнхий хороо ирэх оны төсвөө хэрхэн тооцож оруулж ирсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох асуудал ирэх онд хэрэгжих эсэх, төсөвт хөрөнгө мөнгө тусгагдсан эсэхийг ажлын хэсгээс тодруулсан юм.

Гишүүдийн асуултад хариулт өгсөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Сонгуульд улсын төсвөөс зарцуулах зардлын хэмжээг хуулиар тодорхой зааж өгсөн. Иймээс ирэх онд явагдах сонгуулийн зардлыг хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулан төсөвтөө суулгасан. Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдахаас үл хамааран төсөвт ямаг нэг өөрчлөлт орохгүй гэсэн бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсныг 80 хувьд нь олгохоор болж, энэ арга хэмжээ хэрэгжиж байгаа. Гэхдээ хүсэлт гаргасан хүүхдийн тоог нарийвчлан гаргасан тооцоо судалгааг үндэслэн ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоор тооцож төсөвт суулгасан. Тиймээс ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах боломжтой гэсэн хариулт өгөв.

Харин энэ хариулттай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдээгүй байгаа. Иймээс энэ тогтоолын төсөл батлагдаж байж хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох эрх зүйн орчин бүрдэх учраас тогтоолын төслийг ирэх оны төсвийн хэлэлцүүлэгтэй хамтад хэлэлцэж шийдэх шаардлагатай байна гэдгийг хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ирэх оны төсөвт төсвийн орлого, зарлага, алдагдал их өсөхөөр тусгагдсаны дагуу эрсдэлийг хэрхэн тооцсон, хөрөнгө оруулалтын хуваарилалт оновчгүй байна гэж гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг зассан эсэх, мөн түүх дурсгал, соёлын зарим барилга байгууламжийг заавал буулгаж шинээр барина гэхгүйгээр заримыг нь сэргээн засварлаж хүчитгэн насжилтыг уртасгах арга хэмжээ авах нь зөв юм биш үү гэдгийг ажлын хэсгээс тодруулж хариулт авав. Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн тухайд тулгамдаж буй асуудал байгаа эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн төсвийн захирагч, холбогдох албан тушаалтнуудаас асууж тодруулан саналыг нь сонссон юм.

Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Оны эхний есөн сарын байдлаар хавдрын өдрийн хими эмчилгээнд 281 хүн хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор 2016 онд хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг шинээр байгуулах ажлыг зохион байгуулсан билээ.

Бэлтгэл ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн өрөө тасалгааг стандартын дагуу засварлан тохижуулсан юм.

Энэ дагуу 2017 оноос эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг нээж, улмаар хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний орыг нэмэгдүүлсэн байна.

Тухайлбал 2016 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 39 ор ажиллаж байсан бол, өдгөө 26 ороор нэмэгдүүлэн нийт 65 болгожээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 4,860 хүн хэвтэн эмчлүүллээ.

Мөн 2017 оноос дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө нийслэлийн найман дүүрэгт нийт 24 ор ажиллаж байна. Тус онд нийт 86 хүн хавдрын өдрийн хими эмчилгээнд хамрагдаж байсан бол, 2019 оны эхний есөн сарын байдлаар 281 хүн эмчлүүлээд байна.

Хавдрын өдрийн хими болон хөнгөвчлөх эмчилгээний нэгжид 2015 онд долоон их эмч ажиллаж байсан бол, одоо нийт 15 их эмч ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ

“Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн санаачилгаар Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага хамт олныхоо дунд “Хогоо ангилж Хотоо цэмцийлгэе” уриан дор хог, хаягдлаа ангилан ялгаж эхэллээ.

Нийслэлчүүдийн хаяж байгаа нийт хогны 80 хувь нь огт ангилагдахгүйгээр хогийн цэгт хүргэгдэж байна гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлсэн. Хог ангилах явц зардал өндөр учир дахин боловсруулагдаж, хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн болон очих боломжтой хог хаягдлууд шатаагдаж байгальд, хүнд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

Учир нь ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л арга бий. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. Агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог.

2018 оны байдлаар Нийслэл хотод хөрсний бохирдол 89 хувь байгаа нь 2015 онд хийсэн судалгаатай харьцуулахад 17 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд жил ирэх тусам хүмүүсийн хэрэгцээ, шаардлагаас үүдэн хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр л байна.

Хэрэв иргэд бид хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Одоогийн байдлаар нийслэл ердөө 24 хувийг л дахин боловсруулж байна.

Ирээдүй хойч үе, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд бид одооноос эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хог, хаягдлаа ялган, ангилах ажлыг байгууллага хамт олныхоо дунд эхлүүлж нийт 11 албан өрөө тус бүрт гурван төрлийн хогийн савыг байршууллаа.

Categories
мэдээ нийгэм

Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар хэлэлцүүлэг хийлээ

Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар хэлэлцүүлэг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2019.11.05/ мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “2018 оны мал тооллогын дүнгээр 66 сая гаруй мал тоологдсон. Хүн амынхаа тоотой харьцуулахад хэдэн арав дахин сая олон малтай боловч махны үнэ өндөр, хэрэглээ их, хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл өндөр байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.

Иргэд амин зуулга болсон малаа хулгайд алдан хохирч, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн, мөн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Мөн Засгийн газраас дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн.

Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд явж байна.

Хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа цаг үетэй холбон өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа юм” гэв.

Categories
мэдээ спорт

“Лос Анжелес опен” тэмцээнд Монголын шатарчид багаараа түрүүллээ

"Лос Анжелес опен"-д Монголын шатарчид багаараа түрүүлжээ

АНУ-ын Лос Анжелес хотноо 11-р сарын 1-нээс 3-ны хооронд зохиогдсон “Лос Анжелес-Опен” Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын Улсаа төлөөлөн Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү, С.Ган-од нараар ахлуулсан 10 тамирчин оролцлоо. Монголын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр боллоо

“Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр боллоо

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, Нийслэлийн залуучууд дэд хөтөлбөрийн 3.2.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан ЗХЖШ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Эерэг-Эх орон” аяны нээлт өнөөдөр Зэвсэгт Хүчний 032 дугаар ангид боллоо.

Тус аяныг нээж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлсэн бөгөөд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Хурандаа С.Төмөрхуяг, Зэвсэгт хүчний 032-р дугаар ангийн захирагч Хурандаа Ч.Баярсайхан, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар оролцов.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээлтийн үеэр “Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдэлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд эрдэм ухаан, эр чадлаа зориулж буй цэргийн албан хаагчид болон энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид та бүхэнд гэгээн өглөөний мэнд хүргэе. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран 2018 онд “Эерэг–Эх орон” аяныг санаачлан хэрэгжүүлж, Улаанбаатар цэргийн хүрээний 22 цэргийн ангийн 2,300 ажилтан, албан хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү аяныг 2019 онд хоёр дахь жилдээ “Оюуны Довтолгоо” ТББ-ын чадварлаг багш нарын хамт зохион байгуулж байгаагаар онцлог бөгөөд аяны нээлтийг Зэвсэгт Хүчний 032 дугаар ангиас эхэлж байгаад баяртай байна. Улс орны хөгжлийн тулгуур багана болсон залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог хангах, нийгмийн сайн сайхны төлөө эерэг мэдээлэл түгээн сурталчлахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын хамт олонд гүн талархал илэрхийлье” гэлээ.

“Эерэг-Эх орон” аян 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд Нийслэлийн есөн дүүрэгт байрлах байнгын бие бүрэлдэхүүнтэй цэргийн ангиудын алба хаагч, хугацаат цэргийн алба хааж байгаа залуучуудыг сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулах юм гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.