Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товчоор

– “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт эдийн засаг, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Мөн бүс нутаг, хил орчмын худалдааг идэвхжүүлэх, худалдааны горимыг либералчлах,дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр хамтрахаар заасан байна.

– Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд тусгай хамгаалалттай, дархан цаазат газар нутагт байгаа аливаа үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, нэмэгдүүлэхдээ тухайн хөрөнгийн үнэлгээнд тодорхой хувиар тооцож ногдуулдаг нийтлэг зарчимтай нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

– “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг”, “Дэд бүтцийн хөгжил-Согинохайрхан дүүрэг” төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Энэ хүрээнд хүн амын тоо их, гэр хорооллын дэд бүтэц муутай сум, дүүргийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил зэргийг хийх юм. Төслийг 2019-2021 оны 01 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ.

– Улаанбаатар хотын баруун, зүүн талд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын хөргөлттэй агуулах бүхий мах боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш хоёр хүртэл жилээр хойшлуулахыг зөвшөөрөв. Хоногт 7500 бог, 1500 бод төхөөрөх үйлдвэр, 11000 тн багтаамжтай агуулах, малын зах, худалдааны төв байгуулах ажил 60 орчим хувьтай байна.

Categories
мэдээ улс-төр

Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын сан байгуулж, сангийн хөрөнгийг даатгагчаас төлөх шимтгэл, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын 10 хувь, жолоочийн даатгалын мэдээллийн санг ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдүүлдэг байна. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Жолоочийн даатгалын сангийн нийт хөрөнгө 2018 оны жилийн эцсийн байдлаар 11.9 тэрбум төгрөгт хүрсэн, сангаас жилд дунджаар 330.6 сая төгрөг зарцуулагддаг зэргийг үндэслэн тус сан нь цаашид даатгалын компаниудаас төвлөрүүлэх орлого болон бусад орлогоор бүрэн санхүүжиж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь” гэснийг, мөн Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь” гэснийг тус тус хүчингүй болохоор төсөлд тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дэд сайд Б.Батцэцэг Этиопын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Тэсхомэ Тога Чанакаг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Тэсхомэ Чанака Итгэмжлэх Жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулж, Монгол, Этиопын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Этиоп хоёр улс нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувиар ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч орнууд тул энэ чиглэлээр хамтран ажиллаж туршлагаасаа хуваалцах боломжтойг онцлов.

Монгол Улс нь Этиоп Улстай 1967 оны 1 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Categories
мэдээ нийгэм

Өөд газар байрлуулсан машин нь буцаж өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

2019 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө буюу өнөөдөр 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн машины жолооч тээврийн хэрэгслээ гараашаас гаргаад өөд газарт тавьчихаад, буцаж хаалгаа хаах үед машин нь өнхөрч, тухайн иргэнийг ханатай хавчин амь нас нь эрсдсэн харамсалтай осол гарчээ. Талийгаач залуу нь 25 настай байжээ.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ уруу болон өөд газар байрлуулахгүй байх, хэрэв байрлуулсан тохиолдолд карданаа татах зэргээр аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр 13.20 цагийн орчимд “Приус-30” маркийн автомашины жолооч осол гаргаж, замын хажууд явсан охиныг дайрчээ. Ослын улмаас охин газар дээрээ амиа алдсан бөгөөд цагдаа нар ослын газар ажиллаж байна. Харин жолооч биедээ хөнгөн гэмтэл авсан юм байна. Энэ хэргийг СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар өнөөдөр АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн, ноён Грегори Мэй болон Эдийн засаг, худалдааны хэлтсийн Худалдааны ахлан мэргэжилтэн ноён Майкл Ричмонд тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын талтай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа шинээр баригдах “Төв цэвэрлэх байгууламж” төслийн явц болон Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг ноён Грегори Мэйгт өгөхийн сацуу хамтын ажиллагааны санал тавьж, ярилцсан юм.

Энэ удаагийн уулзалтаар БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар салбарын хэмжээнд тулгамдаж буй хэд, хэдэн асуудлуудаар АНУ-аас туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнд: АНУ нь сэргээгдэх эрчим хүчний болон цахилгаан эрчим хүчний бие даасан эх үүсвэр бүхий амины орон сууцны хорооллын бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилтийн талаар ихээхэн туршлагатай улс юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс гадна дагуул хотуудыг хөгжүүлэх, байгуулах, орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, бие даасан эрчим хүчний эх үүсвэр бүхий төлбөрийн чадварт нийцсэн амины орон сууцны хорооллын жишиг төслийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийллээ.

Мөн АНУ нь моргейжийн зах зээлийг олон жилийн туршид хөгжүүлж, эрсдэл, уналтыг даван туулж ирсэн арвин туршлагатай улс учраас моргейжийн зээлийн санхүүжилтийн систем, зээлийн төлбөрийн нөхцлүүд, үүнтэй холбоотой дүрэм журмууд болон хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын менежмент, төлөвлөлтийг хэрэгжүүлэх механизмын талаар туршлага судлах шаардлагатай байгаа талаар ноён Грегори Мэйгтэй ярилцах үеэрээ уламжилсан юм.

Түүнчлэн Улаанбаатар хот болон зарим суурин газруудын хуучин барилгуудыг нураан шинээр барих, сэргээн засварлах, хүчитгэх шаардлагатай барилга байгууламжуудын жагсаалт гарсантай холбогдуулан хуучин, шинэ барилгыг нэмж хүчитгэхтэй холбоотой норм дүрэм хомс тул ийм барилга байгууламжийн норм, дүрэм, зураг төсөл төлөвлөх, хүчитгэлийн шийдлийн талаар инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамруулах талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Инчеоны шүүхээс Д.Одбаярыг баривчлах шийдвэр гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан 42 настай, Монгол Улсын иргэн А нарын БНСУ-ын Инчеоны орон нутгийн шүүхээс баривчлан байцаалт авах шийдвэрийг гаргажээ.

Д.Одбаяр нар онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан үйлдэл нь тодорхой болсон, оргон зайлах магадлалтай гэж цагдаагийн байгууллага үзсэн учраас шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байна.

Түүнээс гадна Инчеон хотын цагдаагийн газраас Сингапур улс руу мэдүүлэг өгөлгүй явсан А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан албадан ирүүлэх арга хэжмээг авахыг мэдэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болж, “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг”, “Дэд бүтцийн хөгжил-Согинохайрхан дүүрэг” төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Энэ хүрээнд хүн амын тоо их, гэр хорооллын дэд бүтэц муутай сум, дүүргийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил зэргийг хийх юм. Төслийг 2019-2021 оны 01 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлаа шатааж орчноо бохирдуулахгүй байхыг анхааруулъя

Нийслэлийн Шуурхай Удирдлагын төвийн утсанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Сонжин Групп ХХК-ийн Сонжин гранд зочид буудлын хогийн цэгийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус компани нь хог хаягдлаа шатаасан зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 14/68 дугаартай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

image

Categories
мэдээ нийгэм

500 гаруй ажлын байр зарлагдах хөдөлмөрийн яармаг болно

Гадаад сургууль төгссөн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Карьер Экспо-2019” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна. Тус хөдөлмөрийн яармаг үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хөдөлөмөр эрхлэлтийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” хамтран зохион байгуулах бөгөөд өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрөгч онд зохиогдсон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатай хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт 1100 гаруй гадаадад сургууль төгссөн мэргэжилтэй залуус хамрагдаж, 510 орчим залуус сонирхсон ажлын байранд бүртгүүлснээс 70 залуу шууд ажилд орсон байна.

Энэ жилийн хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн их танхимд арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 50 орчим үндэсний томоохон хэмжээний аж ахуй нэг, байгууллагын 500 гаран нээлттэй ажлын байр зарлагдах бөгөөд 15-34 насны ажил идэвхитэй хайж буй залуус хамрагдах боломжтой.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул ”Энэ жилийн “Карьер экспо-2019” хөдөлмөрийн яармагийн онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийг оролцуулж, гадаадын их дээд сургууль төгссөн залуучуудын нэгдсэн зөвлөлтэй хамтран төрийн байгууллагууд ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Түүнчлэн гадаадад дотоодын сургууль төгссөн гэж ялгалхгүй, ажил хайж буй амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй бүх залуучуудад “Карьер экспо-2019” арга хэмжээ нээлттэй. Бид мэргэжлийн боловсролын үнэлгээний төвтэй хамтарч дотоод гадаадад сургууль төгссөн мэргэжлийн үнэмлэхгүй ч, ур чадвар өндөр, гүйцэтгэл сайтай залууст мэргэжлийн боловсролын үнэмлэхийг олгохоор шийдвэрлэсэн.Тиймээс залуус үзэсгэлэн яармагт өргөнөөр оролцож, ур чадвараа үнэлүүлснээр шалгалт өгч, сурахгүйгээр мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой юм” хэмээн уриаллаа.

Мөн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй 3000 орчим ажлын байрны танилцуулга тараагдахын дээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжих цогц сургалтын талаар танилцуулах аж. Уг сургалтын хүрээнд дөрвөн сарын хугацаатай ур чадвар эзэмшүүлэх найман мэргэжлээр иргэдийг бүртгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн усан хангамжийн системийн уснаас гэдэсний бүлгийн нян илэрчээ

МХЕГ-ын даргын баталсан 01/33 тоот Ундны усны чанар аюулгүй байдалд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийх удирдамжийн дагуу ХУД-ийн 14 дүгээр хороонд байрлах сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүний худгийн хангамжийн системийн усанд шинжилгээ хийлээ.

Шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илэрсэн, бичил биетний ерөнхий тоо стандартад заасан хэмжээнээс 2,1 дахин их гарсан тул Зөрчлийн хэрэг нээн ХУД-ын Прокурорын тогтоолоор хэсгийн усан хангамжийн үйл ажиллагааг зогсоолоо.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.