УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-АМНАТ-тэй холбоотойгоор гаргасан Цэцийн шийдвэрээс үүдэн төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэж байна. Үнэхээр ийм хэмжээний алдагдал хүлээх үү?
-Төсвийн орлого дутагдах асуудал үүсэх юм бол Сангийн яам хариуцлага хүлээх ёстой. Энэ бол цэвэр Сангийн яамны хариуцлагын асуудал. Гуравдугаар сард Үндсэн хуулийн Цэцээс АМНАТ-ийн хууль чинь болохгүй байна шүү гэх сануулга өгсөн. Төсвийн төслөө боловсруулж байхдаа тэр сануулгыг нь анхаарах ёстой байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад байгаа шиг 1.3 их наяд төгрөгөөр төсөв цоороод байгаа юм байхгүй. Энэ онд 657 тэрбумын АМНАТ-ийн орлого ороод ирчихсэн. Өмнөх онуудад суусан орлогыг харж байхад 1.2 их наяд гэх мэт янз бүрийн л хэмжээтэй байсан юм билээ.
Ер нь цаашдаа санхүү, мөнгөний бодлого тодорхойлохдоо улс орны хөгжлийн бодлогыг давхар харах нь зүйтэй юм. Тэгэхгүйгээр тухайн яам зөвхөн өөрсдийнхөө төлөвлөгөө, явцуу эрх ашгаа бодож бусад салбарын эрх ашгийг хөсөр хаяад байж болохгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүд, байгууллагынхаа бодит үйл ажиллагаа, ашиг, орлогод нь сөргөөр нөлөөлөхүйц хэмжээний бодлого явуулаад байх нь зохимжгүй л дээ.
-Таны хувьд Цэцийн шийдвэрийг зөв гэж үзэж байна гэсэн үг үү?
-АМНАТ дээр гарсан Цэцийн шийдвэрийн зөв л гэж харж байгаа. Тухайн аж ахуйн нэгж олборлолт хийж байгаа аман дээрээ татвараа төлөөд л болоо юм биш үү. Шат дамжлага бүрт татвар авахаар заасан нь Сангийн яам бэлэнчилж, татварын орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх гэсэн л үйлдэл. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг дарамталсан бодлого явуулж байгаа нь үнэн шүү дээ. Энэ нь монополь болон гадны компаниудын эрх ашгийг хамгаалсан ийм л үйлдэл болж хувирч байгаа юм.
Шат дамжлага бүрт татвар аваад байхаар хэн түүнийг үнэ цэнэ хүрэх бүтээгдэхүүн болгож боловсруулахын төлөө явах юм бэ. Бушуухан ухаад л зарахаа бодно биз дээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн боломжийг хааж, эрх зүйн орчныг муутгасан хуулийг бид дэмжээд байж болохгүй.
-2020 оны төсвийг сонгуулийн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Тиймдээ ч нүүрс гаргах дээд хэмжээ 30 сая тонн байхад энэ жилийн төсвийн төсөлд 40 сая тонн гэж тусгасан гэх юм.
-Дэндүү дампуу , хэт улстөржсөн, сонгууль руу чиглэсэн, улс орны хөгжлийн бодлогыг ор тас орхисон, жалга довны улс төрийн ашиг сонирхлыг хангасан төсөв болсон. Энэ төсөв яагаад хоёр их наяд төгрөгиин алдагдалтай орж ирж байгаа юм бэ. Хөрөнгө оруулалт нь л 3.6 их наяд. Яасан баян юм бэ. Гэтэл бид зөвхөн энэ онд л гэхэд 1.5 орчим тэрбум ам.долларын төлбөртэй. 2021-2024 онд таван төлбөр хүлээж байна. 14-15 тэрбум ам.долларын маш том төлбөрүүд бий. Тийм байж яагаад хуримтлал бий болгохгүй байгаа юм бэ. Эдийн засаг, нийгмийн хөгжил, улс орны аюулгүй байдлаа зөвхөн өнөөдрөөр харж болохгүй шүү дээ. Тогтворжуулалтын сангийн хэдэн төгрөгөө хүртэл төсвөөр бараад дуусах нь. Идээд дуусахаар байна. Ийм байдалтайгаар цааш явах юм уу. Аль нэг нам, улс төрийн хүчинд зориулж хуримтлалаа үлдээх гэж байгаа мэт сэтгэхгүйгээр асуудалд хандаж болохгүй. Улс орны аюулгүй байдал гэдэг нийт монголчуудын л аюулгүй байдал шүү дээ. Гэтэл үүнийг улс төрийн намын өнцгөөр харж, тухайн сонгуульд л ялж байвал хамаагүй гэж үзэж байна. Улс төрийнх нь л ашиг сонирхол хангагдаж байвал улс орных нь хамаагүй гэж байгаа нь туйлын харамсалтай.
-Хэнтий, Увс аймаг руу хамгийн их төсөв төсөвлөгдсөн гэдгийг та юу гэж харж байгаа вэ?
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайдын гарч ирсэн аймаг, сум, дүүрэг хөгждөг марафон эхэлж байна л даа. Жижиг мажоритор тогтолцооны чинь үр дүн л энэ байхгүй юу. Төсвийг 76 тийш нь хувааж байна. Манай тойрогт л илүү мөнгө ороод ирвэл, би л нэр хүндтэй байж, сонгогдож чадаж байвал гэсэн үзлээр хандаад байгаа юм. Тэгвэл энэ дунд хэн улс төрийн нийтлэг эрх ашгийн төлөө явах юм бэ. Шинжлэх ухаан, дэвшилтэт техник технологи, зам харилцаа, улс орны хэмжээний бодлого руу хэн харах ёстой юм бэ. Үүний төсөв мөнгийг хуваарилахын төлөө хэн явах вэ. Өнөөдөр 76 гишүүн нь тогоотой хоол руу том халбага, сэрээ барьсаар дайрч байгаатай л адил байна. Ийм байдлаар цааш явахгүй. Энэ улс орны хөгжлийн бодлого биш. Тиймдээ ч Ардчилсан нам холимог тогтолцоог санал болгож байгаа юм. Тодруулбал, 50 гишүүн нь орон нутгийнхаа төлөөллөө хангаад, 26 нь улс орны нийтлэг эрх ашгаа бодно гэсэн үг. Ийм байж гэмээнэ улс орон арай өөр хэв маягаар хөгжинө. Түүнээс 76 жижиг тойргоор улс орны бодлого тодорхойлно гэвэл худлаа болчихоод байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар гаргаад буй Ардчилсан намын саналууд дэмжигдэх болов уу?
-Бид улс орны эрх ашгийг харсан бодлогын түвшний асуудлуудыг тавьсан. Бид өөрийн намынхаа эрх ашгийг хангасан нэг ч асуудал тавиагүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдаж чадах болов уу?
-Зөвшилцлийн ажлын хэсэг ямар үр дүнд хүрэхийг хэлж мэдэхгүй юм. Харж л байя.
-Орж ирсэн БНХАУ-ын 800 иргэн үүрэн холбооны операторуудын сим картыг ашиглаад санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа хийснийг холбогдох байгууллагууд мэдээлсэн. Ийм нөхцөл байдал үүсч байгаа нь ямар үр дагавартай юм бэ?
-Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хангаж байдаг гол төрийн бүтэц нь Засгийн эрх барьж байгаа парламент, гүйцэтгэх засаглалын эрхийг барьж байгаа Засгийн газар. Энэ нөхдүүдийн л үйлдэл үйл ажиллагаанаас шууд шалтгаална шүү дээ. Монголын төр өнөөдөр ямар сул, арчаагүй байгааг харуулсан тод томруун жишээ бол саяын 800 хятадын асуудал. Өөр юу гэж харах юм.
-Цэцийн даргын гаргасан гэх үйлдлийн тухайд та юу хэлэх вэ?
-Одоогоор байр суурь илэрхийлэхэд арай эрт байна л гэж харж байна. Нэгдүгээрт, энэ асуудал тодорхой болоогүй. Ямар нэгэн нотолгоогүйгээр хүнийг харлуулаад, эсвэл өмөөрөөд байх нь зохимжгүй. Тиймээс асуудал тодорхой болсны дараа байр сууриа илэрхийлэх нь зөв. Үнэхээр баримттай асуудал гарч ирж байгаа бол ямар хуулийн хариуцлага байдаг юм түүнийг хүлээх л байх. Хэрэв нотолгоогүй шуугиан дэгдээсэн бол хэцүү л юм. Манайд янз бүрийн л юм болдог шүү дээ. Болсон хойно нь л дүгнэе.
-Саарал жагсаалттай холбоотойгоор Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна. Зөвхөн эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зөв үү?
-Саарал жагсаалтад орсны дараа Ардчилсан нам УИХ-ын даргад шаардлага тавьсан. Саарал жагсаалтад оруулсан, гол үүрэг хариуцлага хүлээх ёстой Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсан. Төр арай эзэнгүй болчихоогүй юм байна. Хариуцлага тооцох гол арай тасарчихаагүй юм байна. Ямартаа ч гол хоёр нөхөр дээр хариуцлага тооцох шийдвэр гарлаа. Засгийн газрын хоёр гишүүн дээр хариуцлага тооцох эсэхийг ярих нь эрх баригчдын асуудал. Бид бол шаардлагаа тавьчихсан. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан үндэслэлүүд дотор байгаа заалтуудыг харахад мөнгө угаах, хар тамхи мансууруулах бодис, эмх замбараагүй байдал, эдийн засгийн ил тод байдал алдагдсан, терроризмыг санхүүжүүлэх магадлалтай зэрэг байгаа юм. Эдгээр гол асуудлыг хариуцсан үндэсний зөвлөл гэж бий. Энэ зөвлөлийг толгойлж байгаа гол хүн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж юм. Энэ нөхөр уг асуудал дээр ямар хариуцлага хүлээх юм бэ. Энэ өнөөдөр гэнэт босоод ирчихсэн асуудал биш юм шүү дээ. 2017 онд FATF-аас тодорхой сануулга ирүүлж байсан. 40 заалт бүхий зөвлөмж ирүүлсэн. Яагаад энэ бүгдийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулж болоогүй юм гэдэг нь сонин. Нэг харамсмаар зүйл нь 2011 онд Монгол Улс саарал жагсаалтад ороход өнөөгийн МАН эрх барьж байсан. 2014 онд Ардчилсан намын тэргүүлсэн эвслийн Засгийн газар эрх барьж байхад саарал жагсаалтаас гарсан. МАН дахиад эрх барьж байгаа үедээ саарал жагсаалтад оруулчихлаа. Хэзээ, ямар болзол нөхцөлтэй буцаж гарах юм гэдэг нь тодорхойгүй. Аль нам эрх барьж байгаагаас үл хамаараад Монгол Улс саарал жагсаалтаас гарах ёстой. Тэгж байж бид гадаад зах зээл, санхүү, хөрөнгө мөнгөний асуудал дээр нээлттэй болно. Цаашдаа улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдал хангагдах нөхцөл бүрдэнэ.
-Таны ширээн дээр Сангийн сайд асан С.Баярцогтын гаргасан “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх товхимол байна л даа. Уншиж үзэв үү. Дүгнэлтэд хүрч чадсан болов уу?
-Дөнгөж эхнээс нь хараад л сууж байна.