Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Төв, орон нутгийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах зорилготой ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад энэ сарын 9-нийг хүртэл ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Хэнтий, Сүхбаатар ймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хавдрын тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор 2016 онд хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг шинээр байгуулах ажлыг зохион байгуулсан билээ.

Бэлтгэл ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн өрөө тасалгааг стандартын дагуу засварлан тохижуулсан юм.

Энэ дагуу 2017 оноос эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг нээж, улмаар хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний орыг нэмэгдүүлсэн байна.

Тухайлбал 2016 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 39 ор ажиллаж байсан бол, өдгөө 26 ороор нэмэгдүүлэн нийт 65 болгожээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 4860 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Мөн 2017 оноос дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө нийслэлийн найман дүүрэгт нийт 24 ор ажиллаж байна. Тус онд нийт 86 хүн хавдрын өдрийн хими эмчилгээнд хамрагдаж байсан бол, 2019 оны эхний есөн сарын байдлаар 281 хүн эмчлүүлээд байна.

Хавдрын өдрийн хими болон хөнгөвчлөх эмчилгээний нэгжид 2015 онд долоон их эмч ажиллаж байсан бол, одоо нийт 15 их эмч ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад “Монгол Улсад зохион байгуулалттайгаар цахим сүлжээтэй холбогдолтой асуудлаар гэмт бүлэглэл байгуулахаар БНХАУ-ын 799 иргэн Улаанбаатар хотын нэр бүхий зочид буудлуудад байрлаж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхээр орж ирсэн гадаадын иргэдэд визийг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Гадаадын иргэн харьяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

  1. Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Уим Гийрц
  2. Бүгд Найрамдах Тажикстан улсаас Монгол Улсад хавсран суух /Нур-Султанаас/ Элчин сайд Хайрулло Ибодзода
  3. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Тесхоме Тога нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тэр дундаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал болохыг онцлон тэмдэглэж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, махыг халал аргаар боловсруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдсэн талаар хэлж, ярилцлаа. Нидерланд улс гэхэд хүлэмжийн аж ахуйн туршлагатай тул ирэх онд мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээж, боловсон хүчин бэлтгэх, технологио нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорив

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Норвегийн гадаад яам хоорондын зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сигне Брудесетийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр норвегийн талтай хамтран ажиллах, баялгийн сангийн туршлагаас суралцах сонирхлоо илэрхийллээ.

Мөн Монгол, Норвегийн гадаад яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.

Categories
гадаад мэдээ

Иран улс уран баяжуулалтаа эхлүүлжээ

Иран улс Фордоу тосгоны ойролцоо байрлах цөмийн байгууламжид уран баяжуулах үйл явцыг өчигдөр эхлүүлжээ. Энэ талаар тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи мэдэгджээ. Тэрбээр “Бид ураныг таван хувь хүртэл баяжуулна. Цөмийн гэрээ байгуулахаас өмнө бид ураныг 20 хувь хүртэл баяжуулж байсан. Өнөөдрийн байдлаар бидэнд 20 хувь хүртэл баяжуулах ураны хангалттай нөөц байна. Мөн бид уранаас гадна тогтвортой изотоп баяжуулна” гэв. Тэрээр цааш нь “Бид олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчдийг байлцуулж уг ажлыг зохион байгуулна” гэжээ.

Иран улс 2015 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй “Үйл ажиллагааны цогц төлөвлөгөө” гэгчийг байгуулсан. Төлөвлөгөө ёсоор Иран улс Фордоу дахь тогтвортой изотоп баяжуулах үйлдвэрээ олон улсын ажиглагчдын хяналтан дор шинэчлэх ёстой аж. Ингэснээр тус байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглах боломжгүй юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ Вьетнамтай тоглож 3:0-ээр хожигдлоо

Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 2020 онд зохион байгуулах 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр Вьетнамын шигшээ багтай тоглож 3:0-ээр хожигдов.

Хо Ши Мин хотын Вьетнамын дээд лигийн “Хо Ши Мин” клубын талбайд өчигдөр монголын цагаар 20 цагаас эхлэх тоглолтын үеэр 31 хэмийн дулаан бөгөөд бороо орох магадлалтай гэж мэдээлж байсан ч бороо ороогүй байна.

Монголын шигшээ баг эхний хагаст тун тэнцүү тоглосон бөгөөд сүүлийн 64, 74 дэх минутанд дараалан 2 гоол алдаж, улмаар 78 дахь минутад Вьетнамын шигшээгээс торгуулийн цохилт хийхэд хаалгач бөмбөгийг хаасан хэдий ч алдсан бөмбөгийг дахин өшиглөж 3 дахь гоолоо оруулж вьетнамчууд 3:0-ээр хожлоо.

Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны шигшээ багийн залуус нээлтийн тоглолтоо эзэн багийн эсрэг хийхийн өмнө Хо Ши Мин хотын REX зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал болж, оролцогч 4 багийн ахлах дасгалжуулагч оролцжээ.

Монголын 19 хүртлэх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик: “Талбайн эзэн орны багийн эсрэг манай баг эхний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт хүндхэн болно гэдгийг мэдэж байна. Бидэнд довтолгоо бүр, хамгаалалт бүр, бөмбөг бүр, дамжуулалт бүр маш чухал байх болно.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Азийн хөлбөмбөгийн 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсгийн Монголын шигшээ багийн тоглолтын хуваарийг танилцуулахад, Эхний тоглолт Вьетнам-Монгол өчигдөр /2019.11.06/ 19 цагаас болсон бол Монгол-Япон маргааш /2019.11.08/ 16 цагаас, Монгол-Гуам ням гарагт /2019.11.10/ 16 цагаас тус тус эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй

Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ. Энэ сарын 6-ныд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрээс 6, 7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

Энэ тухай тэрбээр “Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал “Туслаарай” гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм. Үйлчлүүлж байсан хүн “Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна” гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6, 7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан” хэмээжээ.

Тэрбээр эхнэр, таван охины хамт СХД-т оршин суудаг аж.

Categories
мэдээ нийгэм

”Эх орон дуудаж байна” жагсаал хойшлогджээ

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийнхөн өнөөдөр “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулахаар товлоод байсан.
Тэгвэл уг жагсаалыг зохион байгуулах боломжүй гэдгийг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс мэдэгдэж, Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ.

Учир нь, ЗГХЭГ-аас өнөөдөр Төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх талаар нийслэлийн Засаг даргын тамгын газарт мэдэгдсэн байна. Улмаар жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт зохион байгуулахыг бүртгэжээ.