ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн прокурорт шилжүүлж байгаагаа Инчеон хотын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Түүнийг мөн бусдыг айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Д.Одбаяр нь лхагва гаригт болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн байдаг.
Month: November 2019
Өнгөрсөн 9 дүгээр сарын 10-нд болсон Apple брэндийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах эвентийн шууд дамжуулалтыг Монголд анх удаа Дэйл Карнеги төвийн багш Чинзоригийн синхрон орчуулгатайгаар бас Люминогийн Баажи, сагс тайлбарлагч Идэр-Од хоёрын хамтарсан хоёр тусдаа лайваар хийж, шинээр танилцуулагдсан бүтээгдэхүүний тухай мэдээллийг Монгол хэлээр хамгийн түрүүнд авах боломжийг олгосон газар бол ШангриЛа Моллд нээгдээд удаагүй байгаа манай Apple Store юм.
Энэ дэлгүүртээ бид 11 дүгээр сарын 8-нд iPhone 11, iPhone 11Pro, iPhone 11Pro Max утасны Монгол улс дах албан ёсны нээлтийг хийх гэж байна. Тус арга хэмжээний хөтлөгчөөр өсч яваа стэнд ап комедиан, Англи хэлний багш, Apple-н “улаан фэн” Амаржин ажиллах аж.
Apple дэлхий дээрх хамгийн криэтив брэндүүдийн нэг учир, тус брэндийн флагшип бүтээгдэхүүн болох iPhone утасны Монгол дахь албан ёсны нээлтийн арга хэмжээг уламжлалт бус байдлаар, улиг болсон зүйлсийг давталгүй, шинэлэг байлгахыг хичээж байгаа гэнэ. Нээлтийн үеэр iPhone 11 утасны танилцуулга хийгдэх юм.
Гэхдээ, бид хэрэглэгчид, маркетерууд, криэтивүүд, контент бүтээгч нарын амьдралд бас ажилд хэрэгтэй, шууд хэрэгжүүлж болохуйц мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө өгөхүйц үзүүлбэрүүдийг салбартаа амжилттай яваа контент бүтээгчид болох кино зураглаач Баатар, гэрэл зурагчин Ганзориг, гэрэл зурагчин Виктор, дуучин Энхлэн нартай хамтран бэлдсэн байгаа. Мөн эдгээр уран бүтээлчдийн гэрэл зураг, график ажил, видео контентуудаар үзэсгэлэн гарна.
Нээлтэд ирсэн хүн бүрт манай дэлгүүрийн гарын бэлэгтэй, мөн нийт оролцогчдоос 3 азтан Airpods утасгүй чихэвч хожих боломжтой. Нээлтийн өдөр Apple Store, Shangrila-аас iPhone 11 худалдан авсан эхний 100 хүнд “Стив Жобсын Бүрэн Цадиг” номыг бэлэглэнэ. Мөн энэ өдрөөс өмнө дараах линкээр орж iPhone 11 утасны урьдчилсан захиалга өгсөн хүн бүр 1 ширхэг iPhone 11 болон 10 ширхэг Air Pods утасгүй чихэвчний шагналын сантай сугалаанд оролцох эрхтэй болно.
Мөн урьдчилгаагүй лизингээр iPhone 11 утсыг авахаар сонирхож байгаа бол 11 дүгээр сарын 8-ний өдрөөс эхлэн 70101166 утсаар холбогдон зөвлөгөө авч материалаа бүрдүүлэн ирснээр та шинэ утсаа дэлгүүрээс шууд авах боломжтой. Манай Apple Store дэлгүүр дээр Хаан банк, Капитрон банкны зээлийн төв байнга ажиллаж байна.
Монгол дах Apple Authorized Reseller буюу Apple брэндийн албан ёсны борлуулагч Apple Store ШангриЛад 11 дүгээр сарын 8-наас борлуулж эхлэх iPhone 11 утаснуудын танилцуулга
Түүнчлэн, Apple Store | ShangriLa iPhone 11 утсыг урьдчилан захиалсан худалдан авагчдаа хаана ч байхгүй урамшууллыг амлаад байна. Та шинэ загварын iPhone 11 утсыг ЭНД дарж урьдчилан захиалаад AirPods, iPhone 11 хожих 11 азтаны сугалаанд оролцоорой. (https://bit.ly/2lS2ipo)
Мөн iPhone 11 гар утасны Монгол дах нээлт 2019 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 18 цагт ШангриЛа Моллын IMAX кино театрт болно. Тус үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.
Энэ сарын 6-ны өдөр айлын хашаанаас үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байх … тоот айлын хашаанаас эрэгтэй хүний цогцос олдсон тухай дуудлага оройн 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Улмаар хэргийн газарт цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ажиллахад 23 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсад хууль бусаар хар тамхи оруулж ирсэн Нигерийн иргэд болох Азеез, Дон болон Монгол Улсын иргэн Н.Ариунзул нарын шүүх хурал өнөөдөр /2019.11.08/ 13:30 цагаас болно.
Дээрх иргэдэд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 20.7-2 буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх зүйл ангиар ялын дүгнэлт үйлдэн ирүүлээд байгаа юм. Шүүхээс гэмт буруутай гэж үзсэн тохиолдолд найм хүртэлх жилийн хорих ял эдэлнэ.
Ази, Номхон далайн
сансрын хамтын
ажиллагааны байгууллагын
Удирдах зөвлөлийн 13
дахь хурал Монгол Улсад
өнгөрсөн өдрүүдэд зохион
байгуулагдав. Гишүүн
орнуудын удирдлагуудын
төлөөлөл бүхий Удирдах
зөвлөлийн ээлжит хурлыг
Харилцаа холбоо, мэдээллийн
технологийн газрын дарга
Б.Чинбат удирдан явууллаа.
Хуралд Бангладеш, БНХАУ,
Иран, Монгол, Пакистан Перу, Тайланд, Турк зэрэг
улсын удирдах түвшний 50
орчим төлөөлөгчид оролцож
санхүүгийн болон аудитын
тайлан, хөгжлийн төлөвлөгөө,
гишүүнчлэлийг өргөжүүлэх
бодлого, баримтлах журам
зэрэг нийт 20 гаруй асуудлыг
хэлэлцэн шийдвэрлэжээ.
Түүнчлэн хурлын
үеэр тус байгууллагын
боловсрол, сургалтын
төсөл, хөтөлбөрүүдийн
хүрээнд БНХАУ-ын Баруун
хойд Политехникийн
их сургууль, Харбины
технологийн институцитэй
хамтран ажиллах гэрээ
байгуулсан байна. Мөн
хиймэл дагуулын мэдээ
хамтран ашиглах чиглэлээр
Хятадын үндэсний сансрын
агентлагтай хамтран ажиллах
гэрээнд гарын үсэг зурсан
нь гишүүн орнуудын хувьд
сансрын технологи, түүний
хэрэглээний чиглэлээр хүний
нөөцөө чадавхижуулахад
чухал алхам болсныг хуралд
оролцогчид онцоллоо.
Өнөө жилийн Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг Америкийн М.Крайнер, Францын Э.Дюфло, Энэтхэгийн Абиджит Банерджи нар хүртсэн юм. Тэднийг ядуурлын эдийн засгийг судалж, ядууралтай тэмцэх боломжийг өсгөсөн гэж үнэлээд байгаа. Ердөө хоёрхон аравны дотор эдний туршилт, шинэ хандлага хөгжиж буй орнуудын эдийн засгийг өөрчилчихөж. Нобелтнуудын бүтээлийг сөхөөд харахаар ядуу орны асуудал ядуудаа биш, азгүй түүх сэтгэлгээнээс улбаатай гэсэн утга бүхий өгүүлбэрүүд дурайж байна. Ядуу эдийн засагт өссөн үеийнхэн амьдралаа боломжтой болгох арга замыг жижиг үйлдвэрлэл эрхлэх биш, өндөр цалинтай төрийн албаар төсөөлдөг гэнэ. Ингээд анзаарахаар бидэнд дэндүү ойрхон дүгнэлт санагдаад байгаа юм. Хачин танил зураг гэчихэд огт хэтрүүлсэн болохгүй.
Азгүй түүхээс нь эхэлье. Өнгөрсөн түүхээ харахаар агуу, баатарлаг, дэлхийн талыг эзэлсэн, хэдэн зуун дамнасан хүчирхэг өв соёлтой энэ тэр гээд яривал өнгөлөг, гэгээлэг өнцөг, давтагдашгүй онцгой тал монголчуудын түүхэнд бий л дээ. Гэхдээ Их Монголын сүр яаж бөхлөө. Хувийн жаргал, алдар нөлөөгөө хөөсөн алтан ургийн хаад ноёдын хоёр, гурван зуун жилийн толхилцоон монголчуудыг өөдийн нар харуулаагүй. Дэлхийг байлдан дагуулсан их гүрэн ингэж задарна гэдэг азгүй түүх мөнөөсөө мөн. За тэгээд Галдангийн дайн, Манжийн эрхшээлд орсон он цагууд байна. Шалтгаан нь Их Монголын мөхлөөс нэг их ялгараад байх юмгүй. Ихэс ноёдын тэмцэл, зөрчилдөөнөөр монголчууд Манжийн эрхшээлд зуун дамнан гундуу аж төрцгөөсөн. Азгүйгээр барах уу гунигтай түүх. Тэгж байтал Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж овоо сэхэх нь үү гэтэл мөн л азгүй түүх үргэлжилсэн. Өмнөд Монгол, урианхайн хязгаараа алдсан он жилүүдийг азгүй гэхээс өөр яаж тодотгохов. Нэн шинэ түүх гээд яривал Оросын нөлөөнд аж төрсөн дал гаруй жил бий. Төдийгөөс өдий хүртэлх түүхэндээ бусдын нөлөөнд аж төрөөгүй он цаг их л бага харагдаж байгаа биз. Ийм түүхтэй ард түмэн колонийн сэтгэлгээтэй болдог гэж эрдэмтэн судлаачид онцолсон нь олонтаа. Колонийн сэтгэлгээтэй үндэстэн өөрсдөө юм хийх дургүй, бусдын хийснийг гоё сайхан гэж биширдэг онцлогтой.
Яг нарийндаа колонийн дарангуйлал, боолын нийгмийг колоничлогдож, боолчлогдож явсан нөхөд унагаагүй, өндөр боловсролтой цөөн сэхээтнүүд нэгдэж байж унагасан байдаг. Дэлхийн түүхийг сөхөөд харахад бодит үнэн нь ерөөсөө л энэ. Сэхээтнүүд тэмцэж байж боолын нийгмийг унагах үед харин боолчууд “Тэгээд бид юу хийх юм бэ” гэж бухимдацгааж байсан нь хүн төрөлхтний түүхийн гашуун үнэний нэг. Колонийн сэтгэлгээ гэж энэ л дээ. Ядуу эдийн засагт өссөн үеийнхэн амьдралаа боломжтой болгох арга замыг жижиг үйлдвэрлэл эрхлэх биш, өндөр цалинтай төрийн албаар төсөөлдөг гээд байгаагийн углуурга шалтгаан нь энэ.
Колонийн сэтгэлгээнд орчихсон үндэстэнд ажиглагддаг өөр нэг тод шинж тэмдэг бидэнд хачин тод байна аа. Тэр шинжийг нь судлаачид хошин шогийн хандлага, сэтгэхүй гэж тодотгодог юм билээ. Дарлалаа мартагнаж, зовлонгоо нимгэлэхийн тулд ийм сэтгэхүй нь түлхүү ажилладаг гэнэ л дээ. Хошин шогийн хандлага гэдгийг нь илүү тодруулж тайлбарлая. Хэр баргийн асуудлыг тоодоггүй, чухалд авч үздэггүй, маазруулаад өнгөрөөдөг хандлага, сэтгэхүйг колоничлолоос улбаатай гэж тодотгоод байгаа юм. Захын жишээ гэхэд л саарал жагсаалтад орсон энэ өдрүүдэд “Хар жагсаалтад ч орж магадгүй юм биш үү” гэх мэт мааздуу сэтгэгдэл коммент сошиал талбарт хөвөрч байгаа. Япончуудад улс нь саарал жагсаалтад орлоо гэсэн мэдээ яаж тусах бол. Лав л бидэн шиг маазрахгүй. Бидэнтэй цуг саарал жагсаалтад орсон Исланд, Пакистанд гэхэд иргэд нь хариуцлага алдсан улстөрчдөдөө шахалт шаардлага үзүүлээд эхэлсэн талаарх мэдээг дэлхийн мэдээллийн агентлагууд онцолж байна. Гэтэл манайд хариуцлага алдсан улстөрчдөөсөө ял нэхэх нь бүү хэл сошиал орчинд маазарсан шигээ сууцгааж буй нь колоничлогдож, дарлагдаж, бусдаас хамаатай амьдарсаар ирсэн он жилүүдээс улбаатай болж таарах нь.
Давтаад онцлоход бусдын хараа, нөлөөн дор аж төрсөн он жилүүд монголчуудад өндөр цалинтай төрийн алба руу зүтгэх хандлагыг бий болгочихож. Зүгээр сууж байгаад дажгүй цалинтай ажил хийх цагаан гартнууд олширсон нь цаанаа ийм учиртай. Дэлхийн хөгжилтэй улсуудын туулж ирсэн зам, түрийвч зузаан, нөлөө, алдартай хүмүүсийн амьдарч ирсэн он жилүүдийг харахаар хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж, бүтээж байж өндөрлөгт хүрсэн байдаг. Ер нь хөгжлийн жам нь тийм. Үйлдвэрлэж хөдөлмөрлөсөн улс л хөгждөг бичигдээгүй хууль хүн төрөлхтний өнгөрсөн өнөөгийн түүхэнд үйлчилсээр ирсэн. Энэ хууль цаашид ч үргэлжилнэ.
Яг нарийндаа мал маллах ч хөдөлмөр. Гэхдээ өглөө хашаанаас нь тууж гаргаад орой хашихыг хөдөлмөр гэж ойлгоход хэцүү. Мал аж ахуй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулж байж л хөдөлмөр шингэсэн эдийн засаг болно. Мал аж ахуйгаас гарсан сүү, арьс гээд бүх түүхий эдээ үйлдвэрлэлд шилжүүлж чадвал Орос, Хятад гэж “өлсгөлөн”, аварга зах зээл хоёр талд маань байна. Махаа, сүүгээ, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн болгоод гаргавал хөдөө аж ахуйн салбарт нөлөөгөөрөө уул уурхайн дараа жагсах өндөр боломж бий. Ингэхийн тулд хөдөлмөрлөхөөс өөр сонголт бидэнд байхгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж байж улсаараа боссон түүх манай тивд гэхэд Япон, Солонгос байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өнөөхөндөө эсгий таавчигаар л хэмжигдэж явааг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ нэг үеэ бодвол гоо сайхны бүтээгдэхүүн, жимсний шүүс гэх мэтээр нэр төрөл нь өсч эхэлсэн олзуурхал бий. Шинжлэх ухааны академийн аль хүрээлэнгийн билээ эрдэмтэд литигээр цагны зай хийлээ гэж дуулдсан. Ийм түвшинд хүрээд ханаад зогсох биш дэлхийн брэнд үйлдвэрлэгчдэд зай нийлүүлэх боломжийг судалж хайгаад төсөл хэрэгжүүлэхэд болохгүй юмгүй. Манайханд ийм амбиц дутагдаад байгаа нь тод анзаарагддаг. Геологийн тогтцоороо газрын ховор элементийн хэд хэдэн том орд нээгдэх боломжтой, Монгол Улсын эрдэмтэд ийм амбицтайгаар төсөл хэрэгжүүлээд эхэлбэл дэлхий лав чихээ дэлдийлгэж, нүдээ бүлтийлгэхгүй. Боломжоо олж хараад хөдөлж эхэлсэн ухаалаг нөхдүүд л гэж харна.
Эцэст нь хэлэхэд ядуурлын эдийн засагт өсч төрж амьдарч яваа, колоничлолын сэтгэлгээтэй иргэдтэй улс үндэстэнд нэг том зовлон бий. Төр засгийнх нь эрх мэдлийг зөв улстөрчид атгадаггүй, поп улстөрчид бүхний дээр залардаг гэсэн зовлон. Бүр тодруулж хэлбэл, өнөө маргаашаа аргацаасан хандлагатай, зүгээр сууж, маазарч яваад өндөр цалин авах сонирхолтой колонийн сэтгэлгээтэй сонгогчид хөгжлийн гарц ярьсан, хөдөлмөрлөж байж хөгжил ирдгийг ухуулсан зөв хүмүүсийг УИХд сонгодоггүй. Цалинг чинь өсгөнө, халамжийг чинь нэмнэ, баячуудын хөрөнгийг хурааж өрийг чинь дарж өгнө, Оюу толгойгоос олж байгаа мөнгөний төчнөөн хувийг хувь хишиг болгож тараана гэсэн поп улстөрчдийг сонгосоор ирсэн нь ийм учиртай. Поп улстөрчдийг сонгосны балаг их. Сүүлийн жишээ гэхэд л улсаараа саарал жагсаалтад орчихлоо.
Учир мэдэх нэг эрхэм “Монголчууд муу хүмүүс биш. Мэдлэг мэдээлэл хомс, чанаргүй хүмүүс. Мэдлэг, мэдээлэлтэй цөөнх нь баг болж нэгдэж чадвал нийгэм урагшилж, хөгжих боломж уг нь бий” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Магадгүй, үндэстнээ колонийн сэтгэлгээнээс гаргах ганц түлхүүр энэ байх. Энэ шийдлийг ухаж сэтгэвэл ирэх сонгуульд элит хэсгийнхэн нэгдэж нийлж, нэг баг болж, хүчтэй нөлөөтэй ажиллаж чадвал бага ч гэсэн эерэг үр дүн гарч мэдэх л юм.
09.00 цагт Монголын нутгийн удирдлагын холбоонд “Төлөөлөгчийн ёс зүй” хэлэлцүүлэг болно. Утас: 99174577
09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88008781
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт ХААИС-ийн Эрдэм шинжилгээний хурлын танхимд “Хот суурин газрын ландшафтын архитектур 2019” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99287297
10.30 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээний шагнал гардуулах ёслол болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Шилэн нам” түншлэлээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.
11.00 цагт Төрийн ордонд “Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулна.
13.00 цагт “Зайсан хилл” цогцолборт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 95 жилийн ойн баярын ёслол болно. Утас: 95109111
13.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийн сэжигтэн Нигерийн иргэдийн шүүх хурал болно.
14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Жүжигчний дуу хоолой, ярианы сургалт судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал болно.
16.30 цагт Монголын уран зургийн галерейд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “ХҮННҮ АТИЛЛАГИЙН УДАМ УГСАА” үзэсгэлэн нээнэ. Утас: 99072224
18.00 цагт “MN art gallerei”-д зураач Р.Сэнгүм өвөө Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан бие даасан үзэсгэлэнгээ нээнэ. Утас: 99858870
“Уул уурхайн эрх зүйн судалгаа” төрийн бус байгууллагын судлаач Г.Сурахбаяртай ярилцлаа.
-Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрээс болж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ гэх хуулийн ойлголт өнөөхөндөө хэрэгжих боломжгүй болчихлоо. Төсөвт төвлөрөх ёстой их наяд гаруй төгрөг тасрах нь, АМНАТ авах аргагүй боллоо гэж шуугьцгааж байна. Энэ асуудлаар Цэцэд хандсан иргэний үндэслэл, шалтгаанаас ярилцлагаа эхэлье?
-Өнгөрсөн хавар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараа Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гомдол гаргах тухай журмын тухай хуулийн дагуу иргэн өргөдөл гаргасан байдаг. Тэр иргэн өргөдөл гаргахдаа бизнесийн эрх чөлөө баталгааг хангах үүрэг төрд бий, Үндсэн хуульд заасан тэр эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл зөрчиж байна гэсэн агуулгатай үндэслэл гаргасан гэж ойлгосон.
47дугаар зүйлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, энэ төлбөртэй хамаатай харилцааг зохицуулсан зохицуулалтууд бий. Иргэн маргаан үүсгэснээс хойш хэдэн сарын дараа, зургадугаар сарын 28 шиг санаж байна, Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчжээ гэж үзээд УИХ-д дүгнэлт хүргүүлсэн юм. Тэр дүгнэлтийг нь УИХ өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд хүлээж аваагүй. Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бол Цэц их суудлынхаа хуралдаанаар дахиж хэлэлцээд хүчингүй болгочихдог. Их суудлын хуралдаан гэдэг чинь Дээд шүүх гэсэн үг. Дээд шүүхийн шийд эцсийнх байдаг шиг Их суудлын дүгнэлт эцсийнх.
-Уул уурхайн компаниуд АМНАТ төлөхгүйн тулд ийм арга хэрэглэлээ гэсэн шүүмжлэл дуулдаж байна. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?
-Цэцэд ямар нэг компани маргаан үүсгээгүй. Нэгэн иргэний үүсгэсэн маргаан. Үндсэн хуультай холбоотой гомдол маргаан, өргөдлийг аж ахуйн нэгж гаргах эрхгүй. Монгол Улсын иргэн хүн иргэнийхээ эрхийг эдэлж мэдээлэл гаргадаг юм. “Захиалгаар хэн нэгэн ажиллаад байна” гэж нийгэм хараад байх шиг. Тэрийг бол би хэлж мэдэхгүй. Эрүүлээр харвал иргэн хүн эрхээ л эдэлсэн. Ер нь Цэцэд мэргэжил арга зүйн туршлагатай хүн л гомдол өргөдөл гаргахгүй бол захын иргэн Үндсэн хууль, тэр дундаа Ашигт малтмалын хуулийг гүйцэд нарийн ойлгоход хэцүү шүү дээ. Салбарын судлаачийн хувьд хэлэхэд Үндсэн хуулийн Цэцийн тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу жирийн иргэний гаргасан процессийн үйл ажиллагаа л явагдсан.
-АМНАТ-ийн харилцааг зохицуулсан зүйлийн яг ямар заалт нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн юм бол. Маргаан үүсгэсэн иргэний тавьсан үндэслэлийг энгийнээр тайлбарлаач?
-47.5-ын 11, 12, 13 дээр маргаан үүсгэсэн болов уу гэж ойлгосон. 11 нь боловсруулаагүй нүүрс, 12 нь угаасан нүүрс, 13 нь кокст хамаарна. Нэг төрлийн татвар давхардаад байна гэсэн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. Бүр энгийнээр хэлбэл нэг компани нөгөө компанидаа олборлосон түүхий нүүрсээ зарлаа гэж бодъё. Тухайн компани нүүрс олборлосон учраас АМНАТ төлнө. Тэр нүүрсийг нь худалдаж авч угааж баяжуулсан компани бас АМНАТ төлж байгаа. Нэг татварыг хоёр дахин аваад байна гэсэн гомдол гарсан шалтгаан нь энэ л дээ.
-Тэгэхээр нүүрсний салбарынхны эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн үг үү?
-Нүүрснээс гадна жонш байх боломжтой. Өөрөө лиценз эзэмшдэггүй мөртлөө бусдаас олборлосон ашигт малтмалыг нь худалдаж аваад боловсруулж баяжуулдаг үйлдвэрүүд бий. Энэ тохиолдолд угаах үйлдвэртэй нөхөд давхар татвар төлөх тухай асуудал яригдаж байна гэж ойлгосон.
-Цэц Үндсэн хуулиа барьж асуудалд хандаж чадсан уу?
-Цэцийн тухайд Үндсэн хуулийн институцийн байгууллага учраас Үндсэн хуулиа барьж асуудалд хандсан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийг буруутгахаас илүү зарчимд нь анхаарах хэрэгтэй. Баялагтай, нөөц ихтэй, уул уурхайгаа түшиж амьдардаг улс орны УИХ хариуцлагагүй байхаар яадаг вэ гэдгийн маш тод жишээ боллоо.
-Үндсэн хуулийн Цэцэд Ашигт малтмалын хуулийн зөвхөн 47.5.11, 12, 13-ыг тасдаж аваад шийдвэр гаргах боломж байсан уу. 47-гийн 1, 3, 5-тай нь бүгдийг нь түдгэлзүүлснээс болж том асуудал дэгдчих шиг боллоо?
-47-гийн 1, 3, 47-гийн 5-ын 11, 12, 13 гэсэн бүлэг заалтуудыг ярьсан учраас хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудал ярихаар бүхлээрээ хүчингүй болчихсон хэрэг л дээ. 47-гийн 1 бол АМНАТ авдаг малгай заалт. Тэр заалт түдгэлзчихээр АМНАТ гэсэн ойлголт алга болчихож байгаа юм. Ийм зүйлийг АМНАТ гэж тооцно, худалдсан, ачуулсан тохиолдолд төлнө гэсэн агуулгатай заалт. Өмнө нь олборлосон тохиолдолд авна гэсэн заалт байсан юм. Олборлочихоод төлөхгүй тохиолдол гарсан учраас худалдсан үед нь авах зорилгоор нэмж өөрчилсөн.
-Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ ийм эрсдэл үүсэхийг урьдчилж тооцоолоогүй юм байх даа?
-Ийм зүйлд хүргэхгүй байх боломж УИХ-д байсан. Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт ороод ирэнгүүт авч үзэж, ойлгож, хүлээж аваад хугацаа алдалгүй маневр хийсэн бол өнөөдрийнх шиг асуудал үүсэхгүй.Тухайн үед Цэц хуулийг хүчингүй болгоогүй. Зөрчсөн байна, зас гэсэн зөвлөмж л хүргүүлсэн. Гэтэл УИХ тэр мессэжийг нь ойлголгүй, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ гоомой хандаж “АМНАТ бүх юман дээр байх ёстой, бид татвар авах ёстой” гэсэн ерөнхий итгэл үнэмшил, хийрхлээр дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж аваагүй.
-Цэц Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой заалтуудыг түдгэлзүүлсэн. Гэтэл сошиал орчинд уул уурхайн компаниуд татвар төлөхгүйгээр зэс, нүүрс гаргах нь, Монголын баялгийг ямар ч татваргүйгээр зарж ашиг хийх нь гэсэн утгатай сэтгэгдлүүд их харагдаад байна л даа. Энэ тал дээр бодитой тайлбар өгөх үү, хууль талаас нь?
-Цэцийн шийдвэрээс болж Монголын ард түмэн баялгаа алдаж байна гэдэг буруу ойлголт. Ямар ч баялаг татвар төлөхгүйгээр хилээр гарахгүй. Тодруулж хэлбэл, АМНАТ төлөөгүй, хилийн бичиг баримт бүрдээгүй учраас ямар ч ашигт малтмал хилээр гарахгүй. УИХ-ыг алдаагаа зассаны дараа компаниуд татвараа төлөөд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлнэ. Тэгэхээр татваргүйгээр бүтээгдэхүүн гаргана гэсэн ойлголт угаасаа байхгүй. Гэхдээ үүний цаадхи эдийн засгийнх нь үр дагаврыг ярихгүй орхиж болохгүй. АМНАТ-тай холбоотой хуулийн заалтуудыг түдгэлзүүлчихээр ашигт малтмалын бүтээгдэхүүн зарагдахгүй шууд зогсчихож байгаагаас ялгаагүй. Уул уурхайн компаниуд яах вэ, ачилт тээвэр хэрхэх бол, татвар хураамжийг яаж шийдэх вэ гэсэн асуултууд гараад ирж байгаа юм. Эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд бусаар хор хохиролтой зүйл болчихлоо. Эдийн засаг нь уул уурхайдаа түшиглэдэг улс орны хувьд одоо өрнөж буй үйл явцын сөрөг үр дагавар нь дэндүү их. Улсын эмнэлэг, хилийн цэрэг нэг хоног ч амарч болдоггүй шиг уул уурхайн салбарын экспортод зогсох эрх байхгүй. Дахиад хэлье, бидэнд ийм л эрсдэл тулгарч байгаа болохоос монголчууд баялгаа алдаж, уул уурхайн компаниуд тэр баялгийг нь татваргүйгээр зарах асуудал огтхон ч байхгүй. Эцэст нь давтан онцлоход нөөц баялаг ихтэй, эдийн засаг нь уул уурхай дээр тулгуурласан орны Их хурал гаргаж болох хамгийн сүүлийн айхавтар алдаагаа гаргалаа. Энэ бол хамгийн том алдаа. Зах зээлийн эдийн засагт шилжээд 28 жил болоход Монголын төр олон алдаа гаргасан. 2010 оны лиценз зогсоосон шийдвэр, 2012 оны хөрөнгө оруулалтыг гацаасан хууль, саяхны лиценз хомроголон цуцлалт гэж ирээд яривал багагүй жагсаалт гарна. Гэхдээ энэ удаагийн алдаа бол зарчмын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй алдаа. Учир нь Үндсэн хуулийн 6.1, 6.2-оор тодорхойлсон ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг, төрийн өмч болсон ард түмний баялаг нөөц ашигласны төлбөртэй байх ёстой. Энэ бол амин судас болсон зарчим. УИХ-ын гаргасан алдаанаас болж ард түмэн баялгийнхаа нөөцийг ашиглуулсны төлбөрийн өгөөжийг хүртэж чадахгүй болох хуулийн хайрцганд орчихлоо. Бусад алдааг нь хүлээн зөвшөөрье гэж бодоход ард түний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ алдааг хүлээн зөвшөөрөх арга байхгүй. УИХ-ын гаргаж болох алдааны хамгийн дээд хязгаар нь энэ байгаасай гэж л найдъя даа.
-УИХ-д одоо гаргасан алдаагаа цаг алдалгүй засах ажил үлдлээ…?
-Тэгсэн. Гэхдээ яарч сандран зөвхөн 47 дугаар заалтаа засаад өнгөрмөөргүй байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яригдаж байгаа зургаагийн 2-той холбоотой зарчмын асуудал бий. Байгалийн баялгийг ашиглах зарчимтай холбоотой асуудлууд. Гадны улс оронд байгалийн төрөл төрлийн баялгаас хамаарч өөр өөр зарчим үйлчилдэг. Газрын хэвлийн баялгаа ярьж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээхгүйгээр Ашигт малтмалын хуульдаа заалт нэмэх боломж бий. Заавал Үндсэн хуульд аваачиж хийхгүйгээр Ашигт малтмалын хуульдаа шигтгэж өгөх алтан момент таарч байна. Өөрөөр хэлбэл 47-гоо засахаас гадна суурь малгай болсон зарим зүйлээ цаг алдалгүй засах хэрэгтэй.
-Зарчмын асуудлыг Ашигт малтмалын хуульд тусгах шаардлагатай гэсэн үг үү?
-Одоо өрнөж буй асуудлын шалтгаан нь энэ шүү дээ. Ашигт малтмалын хуульд газрын хэвлийн баялгийг хэрхэн ашиглах тухай зарчим байхгүй учраас ийм асуудлууд үүсээд байгаа юм. Ашиглах зарчим байхгүй болохоор Үндсэн хуулийн Цэцийнхэн хязгаарлагдмал хүрээнд, 47 дугаар зүйл гэсэн заалтынх нь хүрээнд асуудлыг шийдчихсэн хэрэг.
-Зарчим гэдгээ тодруулаач. Жишээ нь одоо дэгдээд буй АМНАТ-ийн дуулиантай яаж холбогдоно гэж?
-Тухайлбал, “Газрын хэвлийн баялаг төлбөртэй байна” гэсэн зарчим Ашигт малтмалын тухай хуулийн хоёрдугаар зүйл дээр ч юм уу байсан бол Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргаж чадахгүй. Харамсалтай нь Ашигт малтмалын хуульд ийм зарчим байхгүй. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зургаагийн 2-т үргэлжилсэн үгийн зохиол шиг юм биччихээд байгаа. Миний хувьд 6.2-ыг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй талд зогсч буй хүмүүсийн нэг.
-Ашигт малтмалын хуульд ямар ямар зарчмууд тусгах шаардлагатай гэж та бодож байна?
-Дөрвөөс зургаан зарчим тусгаж өгөх шаардлагатай. Эхнийх нь газрын хэвлийн баялаг төлбөртэй байна гэсэн зарчим. Төлбөр гэдэг татварын нэг төрөл л дөө. Гэхдээ нөхөн сэргээгддэггүй баялаг болох ашигт малтмалын хувьд онцгой төлбөр учраас зарчим болгож тусгах хэрэгтэй. Хоёрдугаарт байгаль орчныг хамгаалахтай холбоотой зарчмыг тусгах ёстой. Гуравдугаарт ил тод байх зарчмыг суулгах шаардлага бий. Канад Америк зэрэг хөгжлийн төвшин, эрх зүйн систем өөр орнуудыг харахаа больё, бидэнтэй ойр, зэргэлдээ, төстэй түүхтэй Азербайжан, Казахстан зэрэг орнуудыг хармаар байгаа юм. Азербайжаны Ашигт малтмалын тухай хуульд туссан тавдугаар зарчмыг бид ч бас хуульдаа тусгах хэрэгтэй юм шиг санагддаг. “Эрдэс баялаг байнга баяжиж байх ёстой” гэсэн зарчмыг Азербайжан хуульдаа тусгаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл геологи хайгуулын ажлуудыг тасралтгүй хийх ёстой гэсэн үг л дээ. Ингэхгүй бол яадгийг бид амьдралаараа туулж байна. Баахан лиценз олгочихоод буцаагаад зогсоочихсон. Газрын хэвлийн баялаг, улсын эрдэс цусны эргэлт шиг байнга эргэлдэж, баяжиж байх ёстой. Уул уурхайн салбарт өнөөдөр үүсээд буй алдаа, завхрал Ашигт малтмалын хуульд энэ мэт зарчмуудыг тусгаж өгөөгүйтэй холбоотой. Уул уурхайн салбарт үүсээд буй завхралын хамгийн том жишээ нь та бид хоёрын ярьж суугаа АМНАТ болж байна.
-УИХ дан ганц 47-д засвар хийгээд таны хэлсэн зарчмуудыг анхаарахгүй бол ямар нэг эрсдэл гарах уу?
-Сонгууль ойртож байна, шинэ он гарах дөхлөө. Бидэнд цаг хугацааны хувьд боломж үлдсэнгүй. Одоо яригдаж байгаа асуудлын хүрээнд бага сага засвар хийлээ гэж бодъё. Зарчимтай суурьтай нь засч өгөхгүй бол магадгүй өнөө иргэн ахиад Цэцэд хандахыг үгүйсгэх аргагүй. Буруу өөрчлөлт хийлээ гээд хандвал яах вэ. Энэ ажил Монголын уул уурхайн буюу салбарын орчин үеийн эрх зүйн шинэтгэлийн эхлэл болох ёстой. Мэдээж үүгээр шинэтгэл зогсохгүй. Хийх олон зүйл бий.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Ашигт малтмалын хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч, улсын төсөвт төвлөрүүлдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц үзлээ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Энэ оны гуравдугаар сарын 26-нд УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг олборлох, борлуулах, боловсруулах шатанд нь нөөцийн татвар авахаар тогтоосон. Тухайн үед энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцэд зарга үүсгэж, улмаар Цэц дунд суудлын хуралдаанаараа уг өөрчлөлтийг буруу байна гэж үзсэн. Энэ шийдвэр зөв.
-Ямар үндэслэлээр Цэцийн шийдвэр зөв гэж?
-Ашигт малтмалын нөөцийн төлбөр гэдэг бол үйлдвэрийн шат бүхэнтэй холбоотой асуудал яав ч биш. Харин газрын хэвлийд хадгалагдаж байгаа Монгол Улсын үндэсний өв баялгийг тухайн эзэмшигчид худалдаж байгаа үнэ юм.
Жишээлбэл, Цюрихийн Бирж дээр унц алт 5900 долларын үнэтэй байна. Нэг грамм алт дунджаар 60-аад доллар гэсэн үг. Тэр 60 доллараас Монгол Улс энэ өв баялгийг хадгалж, хамгаалж ирсэн эзний хувьд ямар үнээр худалдах вэ гэдгээ тогтоож, татвараа авах ёстой. Авах даа газрын гүнээс ухаж гаргаж байгаа этгээдээс л авна. Тэр алтыг боловсруулж, борлуулах асуудал огт хамааралгүй. Нэг ёсондоо ашигт малтмалын нөөцийн төлбөр бол газрын хэвлийгээс гаргаж байгаа аж ахуйн нэгжийн өөрийн өртөг дотор орох зайлшгүй төлбөр. Жишээлбэл, Малчин хүн хотноосоо хонио борлууллаа гэхэд хонь худалдан авч байгаа цаад хүнээсээ нэг удаа л төлбөр авдаг биз дээ. Тэрнээс зарсан хонийг нь чанаж идвэл татвар аваад л, бууз хийвэл дахиж татвар авна гэж ярьдаггүй биз дээ. Үүнтэй яг ижил. Боловсруулах үйлдвэрээс татвар авах нь үйлдвэрлэл эрхлэгчдэд том дарамт болж байна. УИХ, Сангийн яам, УУХҮЯ-нынхны сэтгэлгээ ашигт малтмалын нөөцийн төлбөр гэдэг ойлголтоо ойлгоогүйгээс ийм тодорхойгүй байдал үүссэн.
-Ашигт малтмалын хуулийн дээрх заалт аж ахуй эрхлэгчдэд бодитоор ямар дарамт учруулдаг вэ?
-Энэ шат дараалсан татвар авах хуулийн заалт аливаа түүхий эдийг монголчууд дотооддоо боловсруулах сонирхлыг байхгүй болгож байгаа юм. Нэг ёсондоо олборлосон түүхий эдээ шат ахиулан боловсруулж, ашиг хуримтлал олох боломжийг хааж, үндэстнийхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргачихсан гэсэн үг. Энэ хуулийг зөвхөн улсын төсөв бүрдүүлж, мөнгө ихээр хурааж, үндэстнийхээ баялгийг дур зоргоороо зарцуулах сонирхолтой Сангийн яамны гол санаачилга гэж би ойлгодог.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Цэцийн шийдвэрээс улбаалан улсын төсөв 1.3 их наяд алдагдал хүлээнэ гэсэн. Энэ мөнгийн төсөвт урьдчилаад суулгачихсан байсан юм уу. Төсөв батлахад хоёрхон долоо хоног үлдчихлээ. Цагтаа баталж чадахгүй бол УИХ тарна…
-Наад сайдын чинь мэдэгдлийг би вебсайтуудаас үзсэн. Сангийн сайд маань үнэхээр энэ асуудлыг ойлгохгүй байгаа юм уу, аль эсвэл Монголд боловсруулах үйлдвэр цаашид хөгжих боломжийг хаах бодлогыг зориуд явуулаад байна уу гэдгийг ойлгохгүй байгаа. Цэцийн шийдвэр гарах даа шат дараалан авч байгаа татварыг боль гэсэн болохоос биш Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг байхгүй болго гэж хэлээгүй. Нөөцийн татвар цаашид явах хэрэгтэй. Тэгэхдээ зөв явах нь чухал. Монголын эдийн засгийг бүхэлд нь авч үзвэл жилд гарч байгаа зардлынхаа 43 хувьтай тэнцэх ашиг хуримтлалтай, боловсруулах үйлдвэрүүд нь 22 хувийн ашигтай, Уул, уурхай түүхий эдийг гадагш нь гаргадаг салбар 86 хувийн ашигтай байдаг. Эндээс харахад боловсруулах үйлдвэр рүүгээ хэн ч хөрөнгө оруулалт хийдэггүй, харин ч болж өгвөл газар онгичоод баялгийг нь гадагш нь зөөх сонирхолтой болно шүү дээ. Ийм боломж байхад нөөцийн төлбөрөө байхгүй болгоно гэж ярих нь эдийн засаг, улс төрийн хувьд буруу, маш харамсалтай үйл явдал л даа. Үүнээс болоод улсын төсөв төлөвлөхөд юм уу, тооцоход ямар нэгэн хүндрэл гарах учиргүй. Нөөцийн төлбөрийнхөө хуулийн заалтыг зөв болгох хэрэгтэй. Үүнийг Сангийн яам, УУХҮЯ гоншгонолгүйгээр засах ёстой. Гоншгоноод яваад байж болохгүй.
-Зарим улстөрч Цэцийн шийдвэрийг нэлээн эсэргүүцэж байна…
-Энэ бол эдийн засгийн асуудал. Энд ямар ч улс төр хэрэггүй. Энэ хуулийг тогтоосон байдлыг харахад УУХҮЯ, Сангийн яам, Их хурлынхан ямар ч боловсрол байхгүй гэдэг нь харагдлаа шүү дээ. Мэдлэг ч байхгүй. Хонио ямар үнээр худалдахаа мэддэггүй малчныг юу гэж хэлэх вэ. Тэрэн шиг баялгаа зөв худалдаж чадахгүй төр засгийг хүн юу гэж хэлэх вэ. Энэ асуудалд улс төр ярина гэдэг өөрсдийнхөө бүдүүлэг, харанхуй байгааг л халхалж байгаа хэлбэр. Сангийн сайд энэ асуудалд гоншигонох хэрэггүй, мэргэжлийн бай.
-Монголын эдийн засгийн форум дээр бизнес эрхлэгчид энэ асуудалд нэлээн бухимдаж байсан…
-Түрүүн хэлсэнчлэн боловсруулах салбар үнэхээр хүнд нөхцөлд байгаа. Харин уул, уурхайнхан буюу бүтээгдэхүүнээ ухаж гаргаад, гадагш нь худалддаг компаниуд мөнгөөр хэзээ ч дутаагүй. Бизнеснийнхэн бүгдээрээ бухимдаж байгаа юм биш. Боловсруулах салбарынхан л ингэж ярьж байгаа юм. Тэдэнд үйлдвэрлэлээ явуулах ямар ч боломж гарахгүй байна шүү дээ. Шат бүрт татвар авдгийн гол уршиг нь энэ юм.
-Зарим эдийн засагч таныг Цэцийн шийдвэрийг угтаж, хэн нэгний ятгалгаар Цензургүй яриа, нэвтрүүлэгт орсон гэх юм. Үнэхээр бодит хохирол байна гэж та ярьсан юм уу, эсвэл хэн нэгэн таныг яриад өгөөч гэж гуйсан юм уу?
-Цензургүй яриа нэвтрүүлэгт би хоёр дахь удаагаа орж байна л даа. Энэ нөөцийн татварын тухай асуудлыг олон жил бодож явсан. Манайхан энэ чиглэлд буруу юм хийгээд яваад байна гэж их боддог байлаа. C1 телевиз намайг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төсөвтэй холбоотой асуудлаар ярина гэж нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээд ярилцлага явсаар нөөцийн төлбөрийн асуудал руу гулсаад орчихсон. Хөтлөгч асуултуудаа тавьсан. Нөөцийн төлбөрийн асуудлыг хэвлэлээр ярилцлага өгөхдөө би олон удаа буруутгаж, засах ёстой гэж ярьж байсан шүү дээ.
-Та телевизийн нэвтрүүлэгт орохдоо Монголын төрд гадны хөл гар болсон хүмүүс байна гэсэн. Тэр хүн нь хэн юм бэ?
-Илэрхий байна л даа. Манай улсын хуулиуд гаднын компаниудын захиалгаар батлагддаг нь хэнд ч илэрхий шүү дээ. Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн олон улсын судалгаа хийдэг хүмүүс гэхэд Монголын уул уурхайтай холбоотой хууль өдөр болгон өөрчлөгддөг, учир нь олддоггүй гээд л ярьдаг. Үүнээс болоод Монголд янз бүрийн асуудал үүсч байна л даа. Жишээ нь, Рио Тинто төмрийн хүдрийн уурхайг Чалкод шилжүүлнэ гээд бөөн асуудал үүсч, Австралийн Засгийн газар лиценз шилжүүлж болохгүй гэж хориглочихсон. Гэтэл Монголд лиценз авсан аливаа аж ахуй нэгжүүд гүйж очоод л нөгөөдөө шилжүүлдэг, сүүлдээ ашит малтмалын нөөцийг нь хэн олборлож байгааг ч мэдэх ээ больчихсон сууж байна шүү дээ. Ийм уурхай олон байдаг. Нөгөө талдаа гаднынханд л бууж өгч байвал болдог юм шиг ойлголт Монголын улс төрийнхний хэм хэмжээ болчихож. Монголын төрийн түшээд гадныхны гарыг долоож амьдарч байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Ирэх сарын 8-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо тухай мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?
-Тоглолтын бэлтгэл ажил ид дундаа явж байна. Арваннэгдүгээр сарын 8-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагаас “Klassic night” нэртэй анхны бие даасан сонгодог тоглолтоо тоглоно. Тоглолт маань өвөрмөц сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Урилгаар ОХУ-ын Красноярск хотын дуурь бүжгийн театрын уран сайхны ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин Анатолий Петрович гэж сонгодог урлаг сонирхогч монгол түмний сайн мэдэх алдарт удирдаач ирнэ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү маэстро бас удирдана. Тоглолт маань монгол сонгодог, дэлхийн сонгодог гэсэн хоёр чиг хандлагатай бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Ерөнхийдөө тоглолтод маань дэлхийн том сонгодог бүтээлүүдийн ари, монгол сонгодог бүтээлүүдийн ари, романс, дуу гээд бүгд эрчтэй хүчтэй гранд тоглолт болно. Дуучин хүний авьяас чадвар, хоолойн цар хүрээ, өнгө тембр, техник гээд бүхий л авьяасыг шавхсан томоохон бүтээлүүдийг сонгосон. Үзэгчдээ бодсон ч гэсэн сонгодог урлаг гэхээр уянгын халилтай гэж ойлгохооргүй, уйдахааргүй эрчтэй хүчтэй номеруудыг сонгосон байгаа. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ С.Мөнгөнцэцэг бас оролцоно. Бид хоёр дэлхийн сонгодог бүтээлийн дуэтыг хоршин дуулна. Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, найрал дуучид зэрэг олон бүрэлдэхүүнээр миний тоглолтод оролцоно.
-Таныг унаган хотын хүүхэд. Хөдөө нүүгээд оюутан болохдоо эргэж ирсэн гэж сонссон. Бага насныхаа талаар ярихгүй юу?
-Ер нь бол Улаанбаатар хотод төрсөн. Хүн чинь эцэг эхээрээ нутаг усаа овоглодог шүү дээ. Аав, ээж минь Сүхбаатар аймгийн хүмүүс. Гуравдугаар ангид байхдаа эмээ, өвөө рүүгээ нүүж суурьшаад, хүүхэд нас минь Сүхбаатар аймгийн Уулбаян суманд өнгөрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид элсэн орсон. МУГЖ А.Бүтэд гэж алдартай багшийн удирдлага дор долоон жил сураад Дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.
-Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин байсан үеэ дурсвал?
-Сурч байх хугацаандаа 2003 онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад очиж, шалгалт өгч энэ хамт олонтойгоо долоон жил хамт ажилласан. 2003-2010 он хүртэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллалаа. Энэ хугацаанд олон сайхан цэргийн сэдэвтэй уран бүтээлүүд болон нутаг усаа магтсан уран бүтээлүүдийг хийж үзэгч түмнийхээ хүртээл болгож байсан. Монгол бөхийн өргөөнд “Халх голын өглөө”, “Сүүлчийн тулааны өмнө” гэдэг хоёр томоохон бие даасан тоглолтоо өргөн барьж байлаа.
-Цэргийн дуу бүжгийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт уран бүтээлчээр ажиллах ялгаа нь юу байна?
-Мэдээж мэргэжлийн дуурийн дуучин, мэргэжлийн чиглэлээр төгссөн хүн цэргийн дуу дуулахад түвэг бол байгаагүй. Цэргийн дуу гэдэг марш хэлбэрийн эрчтэй хүчтэй талаараа онцлог. Дуурь бол тэс өөр том бүтээл шүү дээ. 2-3 цаг тоглогдоно. Хөгжмөө сонсоно, удирдаачаа харна. Жүжиглэнэ, дуулна. Дуучин хүнээс гарах бүх л энерги, хүч, авьяас бүгдийг л шаарддаг. Концертийн урлагийн байгууллагууд бол гурван бадаг дуугаа дуулаад л явах жишээний байдаг болохоор ялгаа нь асар өөр л дөө.
Гэхдээ дуучин хүн концертийн урлагийн байгууллагад олон жил ажиллахад дуурь дуулахад бас их дөхөм болдог юм байна. Тайзан дээр орж гарахаас авахуулаад олон удаагийн тоглолт, үзэгчидтэй олон харьцаад, дуулаад дуучин хүний хүрээг тэлж өгдөг юм байна. Дуу гэдэг бас сонин. Дуу дуулах нь маш хэцүү. Ер нь хувь уран бүтээлчээс сэтгэлгээ шаардана. Дууны өнгө, дууг яаж үзэгч түмэндээ хүргэх үү гэдэг тал дээр маш их ажиллагаатай.
-Танай гэр бүлд дуулдаг хүмүүс байдаг уу. Дуулах авьяасыг хэнээс өвлөсөн гэж боддог вэ?
-Удам сударт маань авьяастай өвөг дээдэс байсан л даа. Миний өвөө хуур маш сайхан тоглодог Сүхбаатар аймгийн алдарт уяач Борын Дондог гэж хүн байлаа. МУАЖ Ш.Чимэдцэеэ эгчийг анх дуучин болгож, тайз руу хөтөлж байсан хүн. Ээж минь хөгжмийн их авьяастай. Гитар, ятга, ёочин мандлин гээд олон төрлийн хөгжим тоглоно. Аавын минь талд уртын дууг сайхан дуулдаг олон хүн байсан гэж сонсож байлаа. Манай удамд МУАЖ Ш.Чимэдцэеэ эгч минь бий. Бид хоёр их ойрын хамаатан.
-Та гадаадын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж байсан шүү дээ. Зарим нэгээс нь дурдвал?
-2014 онд ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 25 дахь удаагийн уралдаанд хоёрдугаар байрт орж байлаа. Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, МУАЖ Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг 2012 онд хүртсэн. Төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байрын шагналыг 2012 онд хүртсэн. Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаанд Балганы дүрээр тэргүүн байрт 2016 онд шалгарсан. Ссср-ын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурын дуучдын уралдааны “ГРАН ПРИ” шагналыг 2010 онд хүртсэн. 2018 он уран бүтээлийн олз омог, арвин жил байлаа. Хятадад болсон дэлхийн “А” зэрэглэлийн тэмцээнд 1000 гаруй дуучнаас дэлхийн шилдэг зургаан дуучны нэгээр шалгарлаа. Эрэгтэй, эмэгтэй дуучны “А” зэрэглэлийн тэмцээн өмнө нь тусдаа болдог байсан юм. Энэ жил хамтдаа болсон. Энэ тэмцээнд дэд байр эзэллээ. Мөн өнгөрсөн жил олон улсын дуучдын тэмцээнээс үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн сайхан жил байлаа.
-Манай Монголын масс хэсэг сонгодог урлагийг ерөнхийдөө ойлгодоггүй, үздэггүй юм шиг санагддаг?
-Манай монголчууд их дуунд дуртай ард түмэн шүү дээ. Нийтийн, уртын дууг нийтээрээ сайхан дуулдаг. Сонгодог урлаг гэдэг дэлхийн хүн төрөлхтний ноён оргил урлаг нь юм. Түүнийг сонсохгүй, ойлгохгүй, үзэхгүй бол улс орны нийгэм соёлтой холбоотой асуудал л даа. Үүнийг нэвтрүүлж, дэлхийн урлагтай хөл нийлүүлж, сонсож, мэдэрч байх хэрэгтэй. Дэлхийн хүн төрөлхтний том урлагт хүүхэд багачуудыг багаас нь бэлтгэх ёстой гэж миний хувьд боддог юм.
-Сонгодог урлагийг ойлгохын тулд урлагийн ямар боловсролтой байх хэрэгтэй юм бол оо?
-Хамгийн наад зах нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад хүүхдэд зориулсан хөтөлбөр оруулж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдийг дуурь, балет зэргийг үзүүлж, харуулж байх хэрэгтэй л дээ. Ерөнхий боловсролын сургуульд байхаас нь хүүхдүүдийг бэлтгэх ёстой.
-Энэ чиглэлээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ямар ажлууд хийдэг вэ?
-Дуурь бүжгийн театраас хүүхдэд зориулсан сонгодог уран бүтээлүүдийг хийх шаардлагатай. Манай театраас “Чоно ба долоон ишиг” хүүхдэд зориулсан дуулалт жүжиг, “Баавгай дуулахуй” дуулалт жүжиг тоглогдлоо. Хүүхдүүд маш сайн идэвхтэй үзэж байна. Үндэсний дууриудыг хүүхдүүдэд бас үзүүлж байх хэрэгтэй. Монгол дууриудаа үзүүлж хэний зохиол, хэний хөгжим гэдгийг тайлбарлаж, сонсгож үзэгчдийг бэлтгэж байх хэрэгтэй. Дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт нь бас нэмж оруулж өгөх нь зүйтэй гэж бодож байна.