Categories
мэдээ улс-төр

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ли Ё Хун Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Солонгос улс /БНСУ/-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн ноён Ли Ё Хун өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэв.

Уулзалтаар талууд 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх болоод хоёр орны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгох бизнес зөвлөл байгуулах санал гаргаад энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг Элчин сайд Ли Ё Хунд гардуулан өгсөн юм. Үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Ли Ё Хун халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа, оноог ажил хэрэгтээ тусгахаа илэрхийллээ.


Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэн батлав

Image result for чуулган

Чуулганы хуралдаанаар хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийг батлагдсанаар өрхийн бүртгэлд бүртгэлтэй 0-18 насны хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн олгох бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэн батлав. Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийг барих явцад дотоодод үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжийг экспортлох бөгөөд түүнд төлсөн татварыг 100 хувь буцаан олгох тухай юм. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслийг бүхэлд нь батлах санал гаргаж, хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг батлав.

Categories
мэдээ нийгэм

Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор үзэсгэлэн гаргана

БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна.

Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх гэнэ.

Үзэсгэлэн гарах хугацаа одоогоор тодорхойгүй байгааг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мияконожо хоттой найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ болов

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Байгалмаа нарын төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Япон Улсын Мияконожо хотод зохион байгуулагдсан Улаанбаатар, Мияконожо хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Арга хэмжээний хүрээнд албан уулзалт, хурал, 20 жилийн хамтын ажиллагааны дурсгалын самбарын нээлт, хамтарсан урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Ш.Анхмаа мэндчилгээ дэвшүүлж, нийслэл Улаанбаатар хотын түүх, хөгжлийн талаар илтгэл тавьж, Мияконожо хотын иргэдэд танилцуулга хийсэн юм.

Улаанбаатар, Мияконожо хотууд нь 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон түүхтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд талууд удирдлагуудын харилцан айлчлал, соёл, урлаг, боловсрол, залуучууд солилцоо, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, спорт зэрэг олон салбарт урт хугацааны, бодит найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Мияконожо хот нь хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, цайны ургамал, жимс жимсгэнэ тариалалтаараа улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг байна.

Улаанбаатар, Мияконожо хотуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус хотын дарга Икэда Такахиса, хурлын дарга Эноки Томоюки, Мияконожо Коосэн сургуулийн захирал Иваса Кэнжи, Монгол Мияаконожо найрамдлын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монголд салхин сэнс, сэргээгдэх эрчим хүчийг санаачлан нэвтрүүлсэн Кавасаки Кэйчи нарт нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль гардуулав.

Categories
мэдээ нийгэм

“Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2019.11.28) Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа юм.

Тус хурлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, Монгол Улсын Их Сургууль, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уг хурал нь олон улсын хэмжээнд хийгдэж буй хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал бөгөөд Монгол, Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт албан томилолттой байгаа учир түүний илгээлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уншиж танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлтдээ, “Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол төрийн түүхэн, чухал үйл явдалдтай давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. УИХ 14 хоногийн өмнө 1992 оны ардчилсан Үндсэн хуульд суурь үзэл баримтлалынх нь хүрээнд улс төр, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн нэмэлт, өөрчлөлт орууллаа. Уг нэмэлт, өөрчлөлтийг Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажууллаа.

Ийнхүү Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засан сайжруулах, засаглалын хяналт-тэнцэл, тогтвортой байдлын тогтолцоог бүрдүүлэх, парламентыг хариуцлагажуулж, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлага, засаг захиргааны эрх зүйн үндсийг тогтоох зэрэг чиглэлээр сүүлийн 10 гаруй жил, гурван парламент дамжин өрнөсөн санал санаачилгыг өнөөгийн парламент үндэсний хэмжээний зөвшилцөл ойлголцлын хүрээнд бодит ажил хэрэг болгож чадлаа.

Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж байсан хэд хэдэн төсөл болон эрдэмтэн, судлаачдын дүгнэлт, судалгаа, ард иргэдийн санал бодолд суурилсан. Түүнчлэн Б.Чимид агсан “Улс төрийн явцуу бүлэглэлүүдийн албан тушаал, эрх ямбын өрсөлдөөний золиос болсон өөрчлөлтийг жам ёсны хэмээн андуурч хууртагдан, Үндсэн хуулийн үнэт зүйл болсон гол зарчмаасаа хазайхад хүрүүзэй гэж л болгоомжилмоор байдаг юм” гэж хэлснийг марталгүй санаж, мөрдлөг болгосон. Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хөндөлгүйгээр жам ёсны өөрчлөлт оруулсан гэж үзэж болно. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, дагаж мөрдсөөр даруй 27 жил болоод байна. Ард Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, нарийн бичгийн дарга Б.Чимид агсан Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй, Үндсэн хуулийн агуулга, үзэл санааг тайлбарлан таниулах, түүний дархлааг сахин хамгаалахад нэн чухал хувь нэмэр оруулсан нь та бидний эрхэмлэх учиртай үнэт өв мөн билээ” хэмээн дурджээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энэхүү хуралд зориулан өөрсдийн мэндчилгээг хүргүүлсэн байлаа. Түүнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат үг хэлж, Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан үеийн дуртгалаасаа хуваалцав.

“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт, “Энэхүү эрдэм шинжилгээний хурал түүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготойгоор үр хүүхдүүд бидний санаачилгаар, анд нөхөд, эрдэмтэн шавь нарын дэмжлэгтэйгээр 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Ардчилсан нийгмийн байгууллын үнэт зүйл болох Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн байгууллага, улс төрчид, хууль тогтоогчдод, залуу үеийнхэнд хэвшүүлэх, олон нийтийн энэ чиглэлээр соён гэгээрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Чимид” санг байгуулсан” гэдгээ тэмдэглээд Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, анд нөхөд, шавь нарт нь талархал илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа.


Дашрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Их Хурал 1992 оны Ардчилсан Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог. Тодруулбал,

– Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээр,

– Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлээр,

– Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлээр,

– Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээр,

– Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэ “XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” бүтээлээр тус тус дээрх шагналыг хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар Э.Энхболдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга томилогдсон байна.

Тус хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаасаа түдгэлзүүлэх өргөдлөө өгсөн юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн хошууч Э.Энхболд томилогджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өнгөрсөн долоо хоногт томилсон байна. Э.Энхболд нь Тээврийн цагдаад олон жил ажилласан туршлагатай нэгэн аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

-Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 2017-2018 онд олгоогүй болон 2019 онд дутагдаж байгаа хөрөнгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны зардлаас санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбатад даалгав.

-Дорнод аймгийн Халх гол сумын шинэ төвийн төсвийн байгууллагуудын тохижилт, сумын Ахмадын хорооны ажлыг дэмжихэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. “Шинэ сум” төслийн хүрээнд тус суманд Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэргийг барьж ашиглалтад оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн тусламж үзүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн /2019.11.28/ хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3-т заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргад “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн эрх” олголоо.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар Архангай аймгийн 1000 өрхийн 388,3 мянган мал, Булган аймгийн 1630 өрхийн 482,7 мянган мал, Дундговь аймгийн 1000 өрхийн 780,000 мал, Өвөрхангай аймгийн 1440 өрхийн 1,2 сая мал, Төв аймгийн 600 өрхийн 425,0 мянган мал буюу нийт 5670 өрхийн 3,2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг бусад аймгуудад отор нүүдэл хийж байна.

Үүнтэй холбогдуулан Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж дээрх аймаг тус бүрт 50 сая нийт 350 сая төгрөгийг,

Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцөөс үнэгүй олгох 1710 тонн өвс, үнийг нь 50 хувь хямдруулан олгох 1370 тонн тэжээл, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 954,7 сая төгрөгийг,

Мөн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын малчид, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын нөөцөөс “Шуурхай албаны автомашин” олгох, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад өвс, тэжээлгүйн улмаас өлдөж, доройтсон малд хүчит тэжээл, малын эм биобэлдмэл өгөх, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 410,3 сая төгрөг буюу 1,7 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд Ё.Баатарбилэг Увс аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 27-ны өдөр Увс аймагт ажиллалаа.

Тэрбээр Увс аймагт ажиллах хугацаандаа боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтан, албан хаагчид болон ард иргэдтэй уулзаж, салбарынхаа үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Мөн Увс аймгийн боловсрол, соёл, урлаг, спортын салбарынхны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Улаангом сумын Нархан 3-р цэцэрлэгийн засвар, Тариалан сумын сургуулийн дотор тоног төхөөрөмж, ёс заншлын өргөөний тохижилт, Биеийн тамир спортын газрын засвар зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм.

Ё.Баатарбилэг сайд Тариалан суманд мөн ажиллаж, тус сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, хүүхдийн цэцэрлэгээр орж хөдөө орон нутагт салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилт, хүүхэд багачуудын суралцах орчин нөхцөл ямар байгаатай биечлэн танилцлаа. Мөн тухайн сумын боловсролын салбарын ажилтнууд, ард иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм.

Сүүлийн дөрвөн жилд Увс аймгийн Боловсрол, соёл, урлаг, спортын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт оруулж, томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийсэн бөгөөд энэ бүхэнтэй танилцахаар салбарын сайд ирсэнд Увсынхан баяртай байж, халуун дотноор угтаж авсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Нянгийн тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санхүүжилтээр энэ сарын 18-наас 24-нд “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд “Нянгийн тэсвэржилтийг бууруулахад эм зүйчдийн үүрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, эм найруулагч зэрэг нийт 80 хүн хамрагдсан тус сургалтад ЭМЯ, НЭМГ, МХЕГ, НМХГ, ЭМХТ, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо”-ны холбогдох мэргэжилтнүүд нянгийн тэсвэржилтийн талаар ДЭМБ-аас өгч буй мэдээлэл, нянгийн эсрэг эмийг жороор олгож буй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, эмийн сангийн тайлан, эмийн бүртгэлийн өнөөгийн байдал, бүртгэлийн шинэчилсэн журмын тухай, эмийн гаж нөлөө, зохистой хэрэглээ, шинэ эмийн мэдээллийг хүргэсэн юм.

Энэхүү сургалт нь эм зүйч, эм найруулагч нарт антибиотикийг хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэснээс үүдэн хүн болон амьтны эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг үүсгэх, нян антибиотикт тэсвэртэй болох, эмчилгээ үр дүнгээ өгч чадахгүйд хүрэх, эмчилгээний хугацаа уртсах зэрэг олон аюулыг дагуулж байгаа өнөө үед иргэд төдийгүй эм зүйчдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх тун чухал алхам болж байна.

Нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг, эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик эзэлж байгаа манай улсын хувьд антибиотикийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг дэмжих, тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулахад эдгээр ажлууд нь чухал ач холбогдолтой юм.