Categories
мэдээ нийгэм

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын дурсгал хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ 2012 оны тавдугаар сард Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдад зориулан босгосон “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөнд цэцэг өргөлөө.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Дорнод аймгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, гарын бэлэг гардууллаа.

“Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөө нь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн юм.


Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2019.11.08/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, нэг асуудал хэлэлцэв.

Хуралдаан 14 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй.

Хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хийв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зохицуулалтыг тодорхой тусгаагүйн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна.

Энэ дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг ойлгомжтойгоор нарийвчлан тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэг л удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.

Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Гишүүдийн асуултад хэлэлцэх асуудалтай холбогдуулж хуралдаанд оролцсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр нар хариулт өглөө.


ИнгэснээрАшигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллооор санал хураалт явуулан, гишүүдийн 90.6 хув ньдэмжлээ.

Санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулахаар тогтсоноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Categories
гадаад мэдээ

Видео тоглоом тоглогчдод цагийн хязгаар тогтоожээ

Хятадад өсвөр үеийнхний дунд видео тоглоомд донтох, хамааралтай болох асуудал толгойн өвчин болоод байна. Тус улсын эрх баригчид энэ талаар тодорхой арга хэмжээ авах болсноо мягмар гаригт албан ёсоор зарлажээ. Өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах үүднээс онлайн видео тоглоом тоглох цагт хязгаар тогтоожээ. Тухайлбал, 18 нас хүрээгүй хүүхэд оройн 22.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд тоглохыг хориглох юм. Мөн өдрийн цагаар зөвхөн 90 минут тоглохыг л зөвшөөрчээ. Түүнчлэн амралт болон баярын өдрүүдэд гурван цагаас илүү цагаар тоглох хориотой аж. Үүнээс гадна 8-16 хүртэлх насны хүүхэд сардаа 200 хүртэлх юань, 16-18-насныхан 400 юанийг видео тоглоом тоглоход зарцуулахыг зөвшөөрөх юм. Хэрэв цаг хэтэрсэн бол хариуцлага хүлээлгэхээр болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хэрэглэгчдийн нас зэрэг хувийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч, видео тоглоом хэрэглэгчдийн дунд нэгдсэн сан үүсгэн хянах замаар дээрх шийдвэрийг бодит ажил хэрэг болгох гэнэ. Өнгөрсөн онд тус улсын Засгийн газар шинээр гарч буй онлайн тоглоомуудын тоог хязгаарлах, төлбөр төлөх хугацааг хязгаарлах, насны хязгаарын тогтолцоог бий болгоно гэдгээ мэдэгдэж байжээ. Мөн онд есөн сарын турш хүлээгдсэн шинэ видео тоглоомуудын зөвшөөрлийг зогсоох шийдвэр гаргасан нь эдийн засгийн хамгийн ашигтай гэгдэх тус салбарт томоохон цохилт болсон аж. Дашрамд хэлэхэд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өнгөрсөн онд видео тоглоомонд донтох явдлыг өвчинд тооцсон. “Тоглоомын эмгэг” хэмээх шинэ төрлийн уг өвчин сэтгэцийн өвчний төрөлд багтах талаар албан ёсоор зарлаж байв.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналыг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох санал дэмжигджээ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналдаа

  • Даваа гарагт 1, 6, 3, 8
  • Мягмар гарагт 2, 7, 4, 9
  • Лхагва гарагт 3, 8, 5, 0
  • Пүрэв гарагт 4, 9, 1, 6
  • Баасан гарагт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар саналдаа тусгажээ.

Мөн ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх санал дэмжигдэж, НИТХ-д өргөн барихаар болжээ.

Дээрх хоёр саналыг ажил болгох эсэхийг НИТХ-ын хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордон зохион байгуулагдлаа

Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (МАЭХ), “Улаанбаатар иргэдийн форим” хамтран “Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордон зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэг Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт барилгуудыг хамгаалах, сэргээх, засварлах талаар зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.

Хэлэлцүүлгийг нээж УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Улаанбаатар хотод 1930 оноос барилга эрчимтэй барьж эхэлсэн түүхтэй. Тухайн үеийн төр, засгийн удирдлагууд нийслэлийн өнгө төрхийг нарийн бодолцож, Монголын гэрийн түшиг тулгуур болох баганыг бэлгэдэн хэд хэдэн баганат барилга барьсан. Засгийн газраас Байгалийн түүхий музей, УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барихаар төлөвлөснийг бид эсэргүүцэж байна. Улмаар дээрх дөрвөн барилга болон Соёлын төв өргөө, МУИС-ийн төв байр, Спортын төв ордон, Монголын хөрөнгийн биржийн байрыг “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д оруулах санал хүргүүлсэн” хэмээв.

Харин МАЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, “Дэлхийн улс орнууд соёлын өвөө сэргээн засварлаж, хамгаалдаг. Тиймээс бид Байгалийн түүхийн музей, УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгаж, шинээр барих бус, сэргээн засварлах эсхүл өмнөх өнгө төрхөөр нь дахин барих ёстой хэмээн үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа

Энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцож, урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байраар шалгарчээ. Ингэснээр тэрбээр “Tокио 2020” Олимпийн наадмын эрхээ авлаа.

Ийнхүү Монголын буудлагын тамирчдын олимпийн дөрөв дэх эрхийг Хөдөлмөрийн баатар авчирлаа.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар 2020 оны улсын төсвийн үндсэн чиглэлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Дараагаар нь УИХ дахь АН-ын зөвлөлийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Уг дүгнэлтэд “Улс төрийн нам сонгуульд орохдоо өгсөн амлалтаа жил бүрийн улсын төсөвт тусгаж хэрэгжүүлж байх ёстой. Хэрвээ сонгуулийн амлалтууд жил бүрийн төсвөөр хэрэгжсэн гэж үзвэл 4-3 нь хэрэгжсэн байхаар юм. 2016 оны МАН-ын сонгуулийн амлалтыг эргэн сануулахад “Иргэдээ ядуурлаас аварна, эх орноо өрнөөс гарна” гэжээ. Тэгвэл 2018 онд ҮСХ, ДБ-тай хийсэн судалгаагаар хүн амын ядууруулын түвшин 28,4 хувь байлаа. Тэгвэл Ногоон эдийн засгийн тайланд тусгаснаар энэ үзүүлэлт 29.6 хувьд хүрчээ. Иргэдээ ядуурлаас аврах амлалт хэрэгжсэнгүй.

Төсвийн алдагдал хоёр их наядаас давжээ. 9 төрлийн татварыг шинээр буй болгож, дотоодын үйлдвэрлэлийг шинээр буй болгох замаар хаалгыг нь барихад хүрсэн. Дотоодын 53 үйлдвэр үүд хаалгаа барихад хүрч байна. Энэ бол уршигт “60 тэрбум”-ын үр дагавар татварын бодлогод тусгалаа олсны уршиг юм. Та бүхний амлалт агаарт замхран оджээ. Мөнгө угаах гэмт хэргийн шалгах үйл ажиллагааны талаар юу ч хийгдсэнгүй гэсэн дүгнэлтийг хөндлөнгөөс өглөө. Үүнийг улстөржүүлэлгүй улсаа “саарал жагсаалт”-аас гаргах нь та бүхний үүрэг. Эдийн засгийн өсөлтийг зөв удирдахгүй байгаа нь ядуурал нэмэгдсэн дүн.

Иргэдийн өрийн дарамт нэмэгдсэн. МАН улсаа өрийн дарамтаас чөлөөлөх бус улам шигтгэлээ. Төсвийн орлогыг тооцоо судалгаагүй нэмсэн байна гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна

Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ.

Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

8-9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 07-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсэг, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн баруун өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Хонконгчууд дахин жагсав

Өнгөрсөн бямба гаригт Хонконгт эсэргүүцлийн жагсаал дахин өрнөлөө. Жагсаалын үеэр цагдаа болон тэмцэгчдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Эмх замбараагүй байдал эхлээд Козуэй-бэй хороололд байрлах Виктория цэцэрлэгт хүрээлэнд өрнөж, дараа нь хөрш зэргэлдээх Ванчай, Адмиралти дүүргүүдэд болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр баг зүүсэн хэсэг бүлэг залуус замуудыг хааж, хэв журам сахиулагчид руу чулуу болон тэсрэх шингэнтэй шил шидсэн байна. Тэд Ван Чай дүүрэгт байрлах Хятадын төрийн өмчит Синьхуа агентлагийн байр руу халджээ. Үймээн дэгдээгчид байрны хаалгуудыг эвдэж, гал тавьжээ. Мөн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий ашигласан байна.

Гэмт хэрэгтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн тэмцэл өнгөрсөн зургадугаар сард Хонконгт эхэлсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг эгүүлэн татсан ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Эсэргүүцлийн цуглаан өрнөөд таван сар болж буй энэ хугацаанд 3000 тэмцэгч саатуулагдаад байна.

Эсэргүүцлийн жагсаал өрнөхөөс өмнө тэмцэгчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан Виктория цэнгэлдэх хүрээлэнд цугларах талаар уриалж байв. Хонконгт эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн 3000 цагдааг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан талаар өмнө нь мөн мэдээлж байжээ.

Categories
мэдээ спорт

Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Энэ үдшийн онцлох үйл явдлаар Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” паласт болсон Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааг нэрлэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар тэргүүтэй холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, ахмад тамирчид, шүүгчид, баг тамирчид болон спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид оролцлоо. Үндэсний дээд лигт ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн “Алтайн барс”, “Тэнүүн-Огоо”, “Уурхайчин”, “Эрчим”, “Хос бар”, “Хобби эйс”, “Дархан Сеть”, “Инагурэ”, “Булган” багийн тамирчид, хүндэт зочдыг улаан хивсний ёслолоор угтаж, энэ үдшийн ёслолын үйл ажиллагаа эхэлсэн юм.

image

Тэмцээнийг нээж, Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажиллаж, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, их спортыг дэмжигч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тэрээр “Монгол Волейболын холбоо Үндэсний дээд лигийг 1995 оноос хойш 2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд сүүлийн зургаан жил тасраад байсан тэмцээнийг энэ онд сэргээх шийдвэр гаргасан юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баазад түшиглэн энэ удаагийн тойргийн тоглолтуудыг зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд баг тамирчдаа хөхиүлэн дэмжиж, тэмцээнд оролцож ирсэн Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч, “Эрчим” багийг олон жил удирдан чиглүүлж ирсэн Ц.Баярбаатар танд болон танай багийнханд Зохион байгуулах хороо болон нийт уурхайчид, Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе. Холбоог хөгжүүлэхийн төлөө үе үеийн зүтгэлтнүүд, волейболчид баг болж ажилласны үр дүн өнөөдрийн Волейболын холбооны хөгжил дэвшлийг илтгэж байна. Ахмад үеийнхэн хүрэлцэн ирлээ. Тэд бол ДАШТ-нд баг хамт олноороо оролцож, волейболын хөгжлийн түүхийг зурагласан хүмүүс. Та бүхэндээ талархал дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

image

Уурхайчид бид энэхүү тэмцээнд эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Өнөөгийн Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан бид 1998 онд “Уурхайчин” багийг үүсгэн байгуулсан. “Уурхайчин” клуб 21 дэх жилдээ ажиллахдаа 5-6 үеийн волейболчдыг бэлтгэн гаргаж, өнөөдөр 15-17 насны залуучуудаар шинэчлэгдээд байна. Монголын волейболын ирээдүй болсон залуучууддаа улам их амжилтыг хүсэн ерөөе. “Уурхайчин” багийн тамирчин Үндэсний дээд лигт тоглосны дараа Афины олимпоос мөнгөн медаль хүртсэн сайхан түүх бий. Энэ бол Монголын Волейболын холбооны баг тамирчдын чансааны үзүүлэлт гэж бид ойлгодог. Сайхан тэмцээн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үндэсний дээд лигийн тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөхийн төлөө бид зорьж байна. Эрдэнэт үйлдвэр, Волейболын холбоо, Орхон аймгийн удирдлагуудын ярилцаж шийдвэрлэснээр “Монголын Волейболын холбооны ордон”-г Орхон аймаг, Эрдэнэт хотдоо барьж байгуулан, ирэх онд буюу Олимпийн жил ашиглалтад оруулахаар болсныг волейболчид та бүхэнд дуулгахад таатай байна” хэмээгээд 2019 оны Монголын Волейболын холбооны аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор нээснийг зарлалаа.

image

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өсвөр үеийнхний ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж, ордонтой болгох шийдвэрт гүнээ талархан, лигийн тэмцээнийг Эрдэнэт хотноо зохион байгуулахад хамгийн их үүрэг оролцоотой байсан уурхайчиддаа баярлалаа хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн энэ үеэр Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар холбооны үйл ажиллагааг дэмжин, баг тамирчдыг хөгжүүлэхэд хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчид, Эрдэнэтчүүдэд баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Ахмад тамирчид холбооны удирдлагуудад дурсгалын цом гардуулан, энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар үргэлжлэв. Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 62 жил, волейболын спортыг хөгжүүлсний 92 жилийн ой тохиосон энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн ёслол төгөлдөр эхэлж, тэмцээний цомыг талбайн төв хэсэгт хүндэтгэлтэйгээр залснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

image

image