Categories
мэдээ улс-төр

Чуулганаар ирэх долоо хоногт дараах 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг, байнгын болон хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

НЭГ. УИХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 11-ний Даваа гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

11 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Улсын Их Хурлын даргын 2019 оны 199 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан /Цаг, танхимыг жич зарлана/.

11 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт:

  • Хүний эрхийн комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

11 дүгээр сарын 14-ний Пүрэв гарагт:

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:

1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2019.10.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох/.

3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

11 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт:

1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2019.10.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2019.10.29-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/;
  • Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2019.10.11-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/.

ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт 15.00 цагаас:

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолтой холбогдуулан, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26 -ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

11 дүгээр сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал;
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудал;
  • Ерөнхий сайдын мэдээлэл сонсох.
Categories
гадаад мэдээ

В.Путин, Т.Эрдоган нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар утсаар ярилцах үеэрээ Сирийн асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“Аравдугаар сарын 22-нд Сочид болсон өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээний дүнд баталсан ОХУ, Турк хоорондын харилцан ойлголцлын тухай санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, эв нэгдлийн зарчмуудыг чанд баримталж тус улсын зүүн хойд нутагт нөхцөл байдлыг тогтворжуулах алхмуудаа үргэлжлүүлэн уялдуулах нь чухал болохыг цохон тэмдэглэв” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Удирдагчид Идлибийн бүс дэх нөхцөл байдлаар санал бодлоо солилцож, ОХУ Туркийн 2018 онд хүрсэн хэлэлцээг хэрэгжүүлэхэд цаашид хамтран хүчин чармайлт тавихын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хар чавганаас ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж илэрчээ

Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээтэй хяналтын явцад гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр шаардлага хангаагүй “Хар чавга” (орос, хятад гэх, ястай, ясгүй, задгай, кг)-нуудаас сонгон 8 удаагийн дээж авч шинжилжээ.

Хими, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулахад лабораторийн сорилтын дүнгээр тус дээжийн 75%-д ургамлын амьд хачиг, хөнөөлт шавьж (Phytonemus pallidus) өндөг үржсэн, өнгө хувирсан зөрчил илэрсэн байна.

image

Иймд ХЭРЭГЛЭГЧ ТА! Зөвшөөрөгдсөн газраас өөр ил задгай шаардлага хангаагүй газар буюу хувь хүний гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаажилтгүй, хэвийн өнгө, үнэр төлөв байдал өөрчлөгдсөн шинж тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

image

Таны сонгон худалдан авсан хүнсний бараа, бүтээгдэхүүн стандарт шаардлагыг хангахгүй байх тохиолдолд буцаах, хариуцлага тооцох хаягтай байх ёстойг анхааруулъя. Эрүүл аюулгүйн хүнсний хэрэглээ Таны сонголтоос шалтгаална.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбусаар үйлчилж байна

Image result for рэйлбус"

Долоо хоногийн даваа, лхагва, пүрэв, баасан, бямба, ням гаригуудад Улаанбаатар-Дарханы чиглэлд рэйлбус аялж эхэлжээ. №301 дугаартай рэйлбус Улаанбаатараас 09.00 цагт хөдөлж Зүүнхараад 11.50 цагт, Баруунхараад 12.19 цагт зогсож, Дарханд 13.30 цагт очино. №302 дугаарын рэйлбус Дарханаас 14.00 цагт хөдөлж, Баруунхараад 15.11, Зүүнхараад 15.55, Баянбууралд 17.11-д зогсож, Улаанбаатарт 19.00 цагт ирэх юм. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр зорчих аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Банзрагч: Дүү үймүүлээд хичээлийг минь хийлгэхгүй болохоор эмээ рүү явуулсан байх


Гэрэл зургийг Г.БАТЗОРИГ

Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн 1д ангийн сурагч Б.Банзрагчтай гийгүүлэгч үсэг бичээд тунчиг завгүй байхад нь багшаас нь багахан завсарлага авч цөөн хором ярилцлаа.


-Ямар үсэг үзэж байна, хичээл хийх хэцүү байна уу?

-Эгшиг долоо, тэгээд хоёр гийгүүлэгчээ үзсэн байгаа. Хичээл хийх гоё. Өглөө босоод цайгаа уучихаад жоохон байж байгаад үсэгнүүдээ уншаад хичээлдээ явдаг.

-Тоглох зав гарч байна уу?

-Зав гарахгүй байгаа. Шөнө хичээлээ хийчихээд жаахан тоглочихоод унтдаг. Цэцэрлэгүүдийн тоглоом гоё ш дээ, ах аа.

-Тийм үү. Цэцэрлэгт орж тогломоор санагддаг юм биш биз дээ?

-Үгүй ээ. Сурагч болно гэдэг чинь том болсон гэсэн үг. Гэрт эвлүүлдэг тоглоом, шоо гээд зөндөө тоглоом байгаа л даа. Бас дүүгийн нэг машин бий. Түүгээр тоглодог.

-Дүү чинь хэдтэй вэ?

-Дүү маань гурван настай. Эрдэнэтэд эмээтэй хамт байгаа. Нэг удаа үймүүлээд хичээл хийлгэхгүй байсан юм. Ээж болиоч гээд дүүд хэлсэн тоогоогүй. Тэгээд бараг дүүг үймүүлээд хичээл хийлгэхгүй болохоор эмээ рүү явуулсан байх. Би ээж, аав, Сайханаа аниатайгаа амьдардаг.

-Хамгийн сүүлд ямар дүн авсан бэ?

-Заримдаа монгол хэл дээр сайн дүн авдаг. Сүүлд онц авсан. Ер нь өдөр болгон онц авч байгаа л даа. Ээждээ загнуулсаар байгаад гоё бичдэг болсон.

-Харин тийм байх. Багш чинь чамайг гоё бичдэг гэж байна лээ?

-Тийм үү. Багш өөрөө гоё бичихийг заадаг ш дээ. Бас ээж хичээл хийлгэдэг. Буруу бичихээр загнахгүй. Гоё бичээрэй л гэдэг. Сүүлдээ бүр буруу бичээд байвал жаахан загначихдаг.

-Ээж нь даалгавраа хийж байхад нь юу гэж хэлдэг вэ?

-Ээж хурдан бичээрэй гэдэг. Гоё бичээрэй гэдэг. Хурдан гоё бичих жаахан хэцүү л дээ. Гэхдээ манай ангийнхан бүгд мундаг. Би ч бас хичээдэг.

-Ангийнхантайгаа найзууд болж байна уу?

-Бүх хүүхэдтэй найзалдаг. Гэхдээ бүх найзынхаа нэрийг цээжилж амжаагүй. Найзуудтайгаа хичээлээ ярьдаг. Тэгээд хүүхэлдэйн кино жаахан ярина. Би хоолны газар сууж байхдаа зурагтаар хар хүн аалз үзсэн. Тэрэнд дуртай болоод байгаа. Миний хажууд суудаг охиныг Цэцэнгүнж гэдэг.

-Гоё нэртэй юм байна?

-Тийм байна лээ.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Инженер, зураач болно. Зургийн дугуйланд явж байгаа. Багшийг маань Цэгмэд гэдэг. Муур, монгол гэр хамгийн гоё зурдаг.

-Юунд хамгийн их инээдэг вэ?

-Миний дүү багаасаа хоол идсээр байгаад хацар нь том болоод бумбайчихсан. Харахаар инээд хүрээд байдаг. Бас гэрийнхэн, багш, ангийнхаа найзуудад бүгдэд нь хайртай.

-Төрсөн өдөр чинь хэзээ болох вэ?

-Мэдэхгүй. Ээж л хэлж өгдөг. Би мэлхий нинжад дуртай. Бас аав жинхэнэ гитар авч өгнө гэсэн. Би том болоод өөрийнхөө мөнгөөр морин хуур авна.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Таван секундээс удаан хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно гэж заасан

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуульд 100 мянган төгрөгөөр торгохоор болсон нь энэ төрлийн гэмт хэрэг үгүй болсон гэж үзсэнийх үү. Эсвэл хохирогчдыг нь хохироод үлдэг гэсэн басамжлал уу?

-Ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг л байна. Мэдээж ажил дээрээ ямагт дарамтанд орж байгаа хүмүүс тэр бүр энэ асуудлаа ил зарлаад байх боломж нөхцөл өнөөдрийн нийгэмд алга. Гэлээ гээд ажилтан, албан хаагчаа элдэвлэдэг албан тушаалтнуудыг 100 мянган төгрөгөөр торгоод толгойг нь илээд байж болохгүй. Хохирогчдын тоог цаашид нэмэхгүй, эл чимээгүй тахлыг дарах үүднээс зохих хуульд өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Тиймээс бид 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд Төрийн ордонд “Ажлын байр-Аюулгүй орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Европын холбоо энэхүү хэлэлцүүлэгт ач холбогдол өгч хамтран ажиллаж байгаа. ХЗДХЯ, ХЭҮК, Хүний эрхийн дэд хороо болон төрийн бус байгууллагууд оролцоно. НҮБ, АНУ, Австрали, Унгар, Франц, Герман зэрэг улсын Элчин сайд нар хэлэлцүүлэгт урилгаар оролцоно. Бид олны хүчээр нийгэмд эерэг хандлага түгээж, бэлгийн дарамтын бүх хэлбэрийг утсгахаар далайцтай ажил хийхээр зорьж байна.

-Ямар, ямар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох” заалтын хүрээнд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож тусгахаар ажиллаж байна.

-Дэлхийн 130 гаруй улс ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Манай улсын хувьд байдаг л зүйл мэт үл тоож байна л даа. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг ямар хуулиар зохицуулах ёстой байдаг юм бэ?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар энэ асуудлыг зохицуулж ирсэн. Гэхдээ байгууллагууд хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод асуудал даамжирч байгааг анхаарах ёстой болов уу. Яамд, аймаг, сумдын ЗДТГ, төрийн байгууллагууд хуульд заасны дагуу байгууллагын дотоод журмандаа энэ талаар зааж бэлгийн дарамт учруулахыг хориглож өгөх ёстой. Энэ ажил явдаггүй дээ. Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 онд ажил олгогчид хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн талаар дүн шинжилгээ хийсэн байдаг. 21 аймгаас асуулга авахад Дорноговь, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймаг хариу ирүүлээгүй байх жишээний. Хууль байгаад хэрэгжүүлэхгүй бол яах юм бэ. Олон талт асуудал байгаа биз дээ. Хууль гаргаад л, шат шатны байгууллагууд нь мөрдөж, хэрэгжүүлэхгүй бол батлаад яах юм бэ. Манай улсад хариуцлагын тогтолцоо ямар байгааг энэхүү жишээнээс харчихаж болно.

-Ажлын байран дахь бэлгийн дарамтыг зогсоохын тулд байгууллагын дотоод журмыг гаргаж мөрдөх ёстой юу?

-Яг зөв. Байгууллагын дотоод журам гаргаад түүнийг зөрчиж ажилтандаа хохирол учруулсан, ажиллах боломж нөхцөлөөр барьцаалан дарамталсан бол дор нь хариуцлага тооцдог болцгооё. Байгууллага, ажил олгогч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хэм хэмжээг дотоод журмандаа тусгаад өгчихөөсэй. Хэрэв хэрэгжүүлээгүй, эсвэл журмаа зөрчсөн тохиолдолд ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчид тооцох хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж зөвхөн 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг болмооргүй л байна. Ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэдгийг амьдрал дээр гарч байгаа кэйсээс харж болно. Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдод сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх, ажлын байрны баталгааг нь хангах, хохирогчийг хамгаалах зохицуулалтыг зохих хууль тогтоомжид тусгах ёстой зэргээр хийх ажил бас их байна. Төрийн албаны тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийн болон 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн заалт зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчид хамаарахаар ялгамжтай тусгасныг өөрчилж төрийн улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийг мөн адил хамааруулж хуульчлах ёстой.

-Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаанд “Гурван хүн тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хэн нэгнийг мэддэг”, “Таван эмэгтэйн нэг нь өөрөө хохирогч болсон” гэж дурьдагдсан байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг манай улсад чимээгүй тахал болчихсон юм биш үү?

-Тэгж хэлж болно. Хуулийн хүрээнд асуудлыг шийдэх боломж өнөөдөртөө лав алга. Гадаад улс оронд бэлгийн дарамт учруулсан албан тушаалтыг ямархуу журмаар шийдвэрлэж байгааг манайхан харж байгаа байх. Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн өргөдөл, гомдлуудыг харж байхад үнэхээр яах вэ гэсэн арга барагдмаар зүйлүүд ч гарч ирж байна.

-Хохирогчид ичиж, ажилгүй болохоос эмээж байгаа нь нэг талдаа хуулийн зохицуулалт, нөгөө талдаа ядаж л гэр бүлийнхэн нь ойлгохгүй байх вий гэдгээс түгшиж ил гаргадаггүй, эсэргүүцдэггүй сул тал бий. Ийм тохиолдол гарч байсан уу?

-ХЭҮК-д гаргасан өргөдөл, гомдлууд дунд ийм жишээ олон бий. “Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй гэснээ сүүлдээ “Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас ХУ намын хулгайч нарын хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй…” гэх зэргээр 46 мессэжийг дарга С удаа дараа илгээж, хүсэл нь бүтэхгүй болонгуут нь орон тоог нь цомхотгон ажилгүй болгох жишээтэй. Эмэгтэй хүнийг элдэвлээд ажлаас нь халаад зогсохгүй гэр бүлээр нь оролдож муудалцуулж, цагдаагаар дарамтлуулан шалгуулсан ч тохиолдол байна. Хууль, хүчний байгууллагын эмэгтэй ажилтнуудыг арай л дэндүү доромжилж, элдэвлэж байна. Аргаа барсан ганц нэг хүн ажлаасаа гараад явчихдаг юм байна. Нэрийг нь энэ удаа дурдаад яахав. Тэдгээр байгууллагын дарга нарт албан бичиг явуулсан.

-Хурандаа нар охидод бэлгийн дарамт учруулдаг байсан гэж та хэлсэн. Ер нь энэ төрлийн маш олон кэйс байдаг байх…

-Мэдээллээ нуудаг болохоор тэр бүр энэ төрлийн гэмт хэргийг шийдэх боломж тааруу. Хүчний нэг байгууллага дээр бүр 28 эмэгтэй бэлгийн дарамтад ямар нэг байдлаар өртсөн тоон мэдээ, өргөдөл, гомдолтойгоо бий. Арга хэмжээ аваад даргыг ажлаас нь халахаар удахгүй өнөө бэлгийн дарамт үзүүлэгч этгээд өөр газрын дарга болчихсон явж байгаа эмгэнэлтэй тохиолдол байна. “…даргатайгаа хэзээ уулзах юм. Санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг. Ойлгооч муу даргыгаа. Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм. Чамайг гурван жил хүлээж байна…” гэх зэргээр олон удаа мессэж бичиж ажилтнаа гурван жил дарамталсан тохиолдол байна. Түүний хүслээр бэлгийн сонирхлыг нь дагахгүй бол нэр төрийг нь гутаана, ажлаар дарж орой үдэш толгой тархиа бариулж, архиар шахаж, ширээний хүүхэн болгож адаг сүүлдээ нөхөртэй нь муудуулж цагдаад барьж өгөх наад захын хэрэг болсон. Ажлын байрны бэлгийн дарамт жирийн үзэгдэл болсны жишээ энэ. Даргын хүслийг хүлээж авахгүй бол элдэв яриа, цуурхал тараана гэх мэтээр сэтгэл санаагаар тухайн хүн хэчнээн хүнд байдалд байдгийг хамт олон нь ч гэсэн ойлгож эерэг хандлагатай болох цаг иржээ. Өөрийн биеэр хүрч ирж учраа ол гэж шаардана. Байгууллагын даргадаа энэ талаар гомдол гаргахаар “Та хоёр хайр сэтгэл, ор хөнжлийн асуудлаа өөрсдөө шийд” гэж хариулдаг юм байна, цаана чинь. Ийм хүмүүст одоо уучлаарай, та ажлаа өгнө үү гэдэг шаардлага хүргүүлдэг болцгооё. Боловсрол, соёл урлаг, спортын байгууллагад ч бэлгийн дарамт зөндөө байна. Залуу тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй боох, эсвэл гадаадад тэмцээнд авч явахдаа өвгөн багш, дасгалжуулагчид нь охидыг оролдож хүчиндэхээр завдах муухай зүйлүүд мэр, сэр гарсаар л байна. Энэ бүх дарамтаа гэр бүлийнхээ хүрээнд л яриад хүнд битгий хэлээрэй гээд хаачихдаг. Цагдаа, хуулийн байгууллага гээд явахаар аль муугаа үздэг юм байна.

-Таван секунд ширтвэл ажлын байрны бэлгийн дарамт гэж үзнэ гэдгийг тодруулахгүй юу?

-Засгийн газрын 6-ны өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуульчлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Төрийн албан хаагч ёс зүйн дүрмээ зөрчсөн тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Төрийн албан хаагч бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, тэр дундаа ажлын байранд бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулах, жишээлбэл, таван секундээс удаан хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно гэж заасан юм билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хэлгүй өвчтөн

(Алекс Михаэлидэс)

Зохиолын гол дүр Алиша Беренсон өсөн дэвжиж яваа загварын зурагчин эртэй гэрлэж, Лондонгийн үнэтэй бүс болох цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо том цонхтой, сайхан байшинд аж төрдөг. Хувийн урлантай, галерейтэй найзтайгаа хамтарч ажилладаг, бүтээлүүд нь тодорхой хэмжээнд танигдсан чамгүй зураач юм. Нөхөртөө маш их хайртайн дээр амьдралаас олж хүртсэн хамгийн сайхан зүйл бол нөхөр минь юм хэмээн боддог. Ээж нь Алишаг багад амиа хорлож, архинд донтсон уцаартай аав, хэрцгий догшин авга эгч болон үеэл дүүтэйгээ хамт хүүхэд насаа өнгөрөөсөн. Аавыгаа нас барсны дараа Алиша амиа хорлох оролдлого хийж, сэтгэл заслын эмчилгээнд хүртэл явж байжээ. Гэсэн ч өмнөх амьдралынхаа хар бараан дурсамжаас нөхөр Габриелийнхээ ачаар ангижирч, аз жаргалтайгаар үргэлжлүүлэн амьдрах болно. Лондонд олон жилийн дундажтай харьцуулахад хамгийн их халсан нэгэн зун түүний амьдрал орвонгоороо эргэдэг. Зуны нэгэн бүгчим орой нөхрийгөө ажлаа тараад ирэхэд өөрийнх нь буугаар тархинд нь тавантаа буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтах нь битгий хэл алхам ч холдолгүй алмайрч зогсож байгаад цагдаа нарт баригдана. Баривчлагдсан мөчөөсөө хойш ганц ч үг ганхийлгүй явсаар түүнийг сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй, хариуцлага хүлээх чадамжгүй хэмээн үзэж Гровын сэтгэцийн эмнэлэгт хүргэдэг. Аймшигтай аллага үйлдсэн, үүнийхээ төлөө нэг ч үг хэлээгүй учир битүүлэг байдал нь түүний нэр хүндийг өсгөж, нийгэм даяар томоохон шуугиан дэгдэнэ. Үүнийг дагаад бүтээлүүд нь маш өндөр үнэд хүрж, үзэсгэлэнгээ гаргадаг байсан зураач найзынх нь галерей сониуч олны хөлд дарагдана.

Зургаан жил амаа нээлгүй Гровт “хоригдсон” түүнийг Тео Фабер хэмээх сэтгэл судлаач, эмч залуу сонирхон судалж явсаар нэгэн тохиолоор түүний хэвтэж буй эмнэлэгт эмчлэгч эмчээр томилогдон ирнэ. Ингээд Алишаг эмчлэх, ерөнхийдөө бол дуу гаргах, үг хэлүүлэхээр шаргуу оролдох явцдаа Алишагийн эр нөхрөө хөнөөсөн тэр бүгчим зун руу эргэж очин, ойр харьцаатай байсан бүх хүнтэй уулзаж, мэдээлэл цуглуулдаг. Ингэж явахдаа тэрээр зураач эмэгтэйн амьдралын сонирхолтой түүхийг илрүүлэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, яагаад тэр цагаас хойш “хэлгүй” болсон гээд бүх л нарийн ширийн зүйлсийг олж мэднэ. Зохиолын төгсгөлд сэтгэл заслын эмч залуу өөрөө энэ бүх тайлагдашгүй хэргийн эхлэлийг тавьсан, гурван хүний амьдралаар тоглосон, Алишагийн одоо ийм байдалтай байгаа нь түүнээс болсон гэдэг нь тодорхой болж ирдэг. Тео нууцлагдсан фактуудыг давхарга давхаргаар нь хуулсаар Алишагийн сэтгэлийн гүн дэх харанхуй хэсгийг илчлэн гаргаж ирснээр зохиолын ээдрээ тайлагддаг. Нэг талд хэргээр Гровын сэтгэцийн эмнэлэгт ирж, Алишатай ойртож бүх хүнийг хууран мэхэлж байгаа Тео, нөгөө талд Теогийн башир аргыг мэдсэн боловч мэдээгүй царайлж маш нарийн төлөвлөгөөтэйгөөр хариу арга хэмжээг авах Алиша хоёрын сэтгэл зүйн тэмцэл хурцдаж эцэст нь маш таагүй үр дүн дүнг авчирдаг. Алиша Беренсоны энэ нууцлагдмал түүхийг зохиолч эртний Грекийн домгийн эмгэнэлт дүр Алкесттай уран нарийн аргаар холбон үзүүлжээ.

Сэтгэл зүйн маш их сөргөлдөөн, айдас, ганцаардлаар дүүрэн энэ ном нь зохиолч Алекс Михаэлидэсийн анхны роман. Грек, Киприйн эрлийз уг зохиолч Холливүүдийн хоёр ч кино зохиол бичиж байсан. “Хэлгүй өвчтөн” буюу “The silent patient” нь сэтгэл зүйн триллер зохиолын төрөлд ангилагддаг юм билээ. Гэхдээ уншигч минийхээр бол сэтгэл судлалын бүтээл шиг санагдсан. Хэдийгээр гэмт хэргийн шинжтэй, триллер зохиол гэдэг нь техникийн хувьд үнэн боловч ховсдомтгой шинж чанараас нь болж ингэж дүгнэсэн ч байж магадгүй. Гэхдээ энэ нь миний л бодол тул уншигч та өөрөө уншиж үзээд мэдрэх нь чухал билээ.

Илэрхийлээгүй сэтгэл хөдлөл хэзээ ч замхарч оддоггүй. Амьдаараа булшлагдаж, хожим илүү муу муухайгаар гарч ирдэг. (Зигмунд Фройд)

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Монголын археологи ганц Монголын биш Ази, Европын түүхийг өөрөөр харах боломж олгоно

-ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

Сүүлийн үед Монгол судлалыг идэвхтэй хөгжүүлж, Хойд Америкийн Монгол судлалын нэг томоохон төв болоод буй Пэннсилваниагийн их сургуулийн Археологи Антропологийн музей, Зүүн Ази судлалын Төвөөс хамтран аравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Дунд үеийн Монголын археологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Хурлын гол зорилго нь Монголын археологийн судалгаа, олдвор, шинэ ололтыг дэлхийн Монгол судлалын томоохон төвүүд хэрхэн үзэж буйг харилцан дүгнэх, жишин ярилцах, санал солилцох, судалгааны ертөнцөд танилцуулахад оршиж байсан учраас зохион байгуулагчид Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, ХБНГУ-аас нэр заан, судлаачдыг урин ирүүлсэн юм. Пэннсилваниагийн их сургуулийн Зүүн Азийн урлаг судлалын профессор Нанси Стэйнхардт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монголын археологийн судалгаа амжилттай хөгжиж буй нь зөвхөн Монгол судлалд таатай хэрэг төдийгүй, ерөөс Монголын, цаашилбал Япон, Солонгос, Хятадын, бүр Европын түүхийг өөрөөр харах боломжийг олгож байна” хэмээсэн юм.

Хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлсний тул Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд, доктор Ё.Отгонбаяр биеэр оролцож, судлаач эрдэмтдэд мэндчилгээ дамжуулан, үг хэлэв. Элчин сайд “Олон улсын хамтарсан судалгаа шинжилгээ чухал ач холбогдолтой, ялангуяа археологи, палеонтологийн олдворыг Монгол Улсад буцаан өгч буй нь сайшаалтай хэрэг” хэмээгээд долоо хоногийн өмнө Канзас мужид ажлын айлчлал хийсэн, тэр үеэр Канзасын их сургуулиас Монголын хоёр үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэн өгснийг үлгэр жишээ болгон дурдлаа.

Пэннсилваниагийн их сургуулийн Монгол судлалын багш Кристофэр Этвүд Түүх- Археологийн харилцааны тухай онолуудыг нэгтгэн дүгнэж, археологийн дурсгалаар тооцоолоход Чингис хааны үеэс өмнө монгол хэлтнүүд хаагуур нутаглаж байсан газрын зургийг 800-1200 он хүртэл, 800 он хүртэл гэсэн ангиллаар гаргаснаас сонирхуулав.

Монгол Улсаас уригдан ирж илтгэсэн археологич Лхагвасүрэнгийн Эрдэнэболд Уйгарын үед хамаарах булшнуудын бүтэц, онцлог, газар зүйн байршил, түүхэн холбогдол зэргийг тайлбарлан ярив. ОХУ-ын Владивосток хотоос ирсэн судлаач Николай Крадин Есүнгэ ханд хамаарах гурван булшны малтлагын талаарх дэлгэрэнгүй тайланг тавив. Энэ өдрийн сүүлийн илтгэлийг БНХАУ-ын Ардын их сургуулийн судлаач Вэй Жияан тавьж, Талын гурван хэрэм, Айргийн гозгор дахь булшнуудын талаарх Монгол-Хятадын хамтарсан багийн дүгнэлт, өөрийн санаа оноог сонсгов.

Йэлийн их сургуулийн профессор Валерие Хансэн, монгол судлаач Никола ди Космо нар бүх илтгэлийг нягтлан сонсож, албан ёсны хэлэлцүүлэг хөтөллөө. Хэлэлцүүлгийн үеэр 3-6 дугаар зууны үед юу болсон, яагаад олдвор гардаггүй тухай, тонуулчид дандаа эдийн засгийн зорилготой бус, өөр сэдлээр тонодог байсан тухай зэрэг олон сонин сэдвээр санал бодлоо солилцлоо. Мөн судлаач багш нар БНХАУ-ын эрдэмтэн Монголын газар усны бүх нэрийг хятад хэлээр орчуулан ярьж байсныг, гавлын ясаар нь баримжаалан нас барагчийг монгол эхнэртэй хятад хүн гэж шууд дүгнэснийг шүүмжилж байв.

Маргааш нь буюу аравдугаар дугаар сарын 27-ны үдээс өмнө Бонны их сургуулийн археологич Ян Бэмманн, БНСУ-ын судлаач Канг Ин Ук, Хофстрагийн их сургуулийн багш Александер Наймарк нар илтгэв. Үдээс хойших хуралдаан дээр Германы Людвиг Максимиллианы их сургуулийн судлаач Анние Чан, БНСУ-ын Сүкмюны их сургуулийн багш А-Рим Парк, Америкийн монголч Брайн Миллэр, ОХУ-ын монгол судлаач Петя Андреева нар илтгэл тавилаа.


ПЭННСИЛВАНИАГИЙН ИХ СУРГУУЛИЙН МУЗЕЙН МОНГОЛЫН ХОЛБОГДОЛТ ҮЗМЭР, ЦУГЛУУЛГА

Хурлын завсарлагаар төлөөлөгчдөд музейд хадгалагдаж буй Монголын холбогдолт үзмэрүүдийг тусгай өрөөнд оруулан танилцуулав. Тусгай өрөөнд хэмээсний учир нь уг үзмэрүүд музейн нийтийн танхимд тавигдаагүй, далд хадгалагддаг ажээ. Монгол модон барын ном, модон барын сайтар хадгалсан хэв, хүрлийн үеийн ан амьтны өвөрмөц дүр, урлал, Балба, Түвдийн малгай, бурхан зэрэг олон сонирхолтой үзмэр байв.

Уг эдлэлүүдийн гарал үүсэл, хэний цуглуулга хаанаас ирснийг ихэд сонирхож, сурвалжлан үзтэл 1930-аад онд Хятадад амьдарч байсан Уиллиам Мэйеэр, Изабэл Инграм нарын цуглуулга ийнхүү өдгөө Пэннсилваниагийн их сургуулийн музейн үнэт үзмэр болоод буй ажээ. Изабэл Инграм нь 1902 онд Бээжинд Америкийн шашин номлогчийн охин болон төржээ. Америктаа суралцаж, коллеж төгсөөд Бээжинд эргэн ирэхдээ Манжийн сүүлчийн хаан Пу И-гийн хатны багш болсон байна. Чухам хатны багшаар ажиллаж, Хориотой хотод аж төрж байхдаа Инграм эртний урлаг, эд ахуйн зүйлд сонирхолтой болжээ. Ордонд тэрбээр хаантай уулзахаар ирсэн Рабиндранат Таагүр зэрэг соён гэгээрүүлэгч нартай байнга уулзаж байв.

1930 онд Изабэл Бээжинд Америкийн армийн офицер Мэйеэртэй гэрлэтэл нөхөр нь хүрэл эдлэл сонирхдог, цуглуулдаг хүн байж таарчээ. Өөрөө ч урлагийн бүтээл сонирхдогийн тул залуу хосын санал хобби яв цав нийлж, Хятадын хойд хил орчмоос, ялангуяа Ордос нутаг, Хөх хот, Хаалган хотоос хүрэл эдлэл худалдан авч цуглуулгаа баяжуулж эхэлсэн байна. 1941 онд Мэйеэрийн цуглуулгыг Пэннсилваниагийн их сургууль худалдан авахад нийт 464 хүрэл эдлэл байсан, түүнээс бидэнд 20 гаруйг дээжлэн үзүүлсэн нь тэр юм байна.

Адуу, шувууны дүрийг урласан хүрэл халбага, улаан бух бүхий бүсний зэс толь, дөрвөн янгир хээ, давхар гурван морь зэрэг нь нэн сонирхолтой, уран ажээ.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн салбарт нэг үеийн төлөөлөл болсон нэг ангийнхан

Инженер гэж техникийн асуудлуудыг шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол, ухаан зэргийг ашиглан шийдвэрлэдэг, инженерчлэлийн боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтэнг хэлнэ. Инженерүүд амьдралд хэрэгжих боломж, аюулгүй, зардал зэргийг тооцонгоо материал, бүтэц, технологи, нээлт, машин болон системүүдийн загварыг гаргадаг хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, улс орон инженерүүдийн бүтээлч байдал, шаргуу хөдөлмөрийн үрээр хөгжих гол сууриа засдаг гэсэн үг. Иймээс энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологийн 2011 оны төгсөлтийг урилаа. Тус анги 170 хүүхэдтэй. Бүгд нэг танхимд сууж хичээллэхгүй. Сонгосон хичээлүүдийнхээ дагуу лекцэнд сууна. Тиймээс мэргэжлийн ангийн кодыг нь харж нэг анги юм байна хэмээн бие биенээ таньдаг байсан тухай ярив. Уг ангийн залуус сургуулиа төгсөөд Монголын бүхий л томоохон уул уурхайн компаниудад ажиллахын сацуу хувийн аж ахуйн нэгж байгуулж амжилттай явж буй олон хүн байгаа аж. Тухайлбал, “Багануур” компанийн уулын хоёрдугаар хэсэгт ангийн гурван анд 2012 оноос хойш хамт ажиллаж байна. Тэд бол эксковаторын туслах машинч Д.Соёмбо, Э.Эрдэнэбаясах, ээлжийн мастер Ч.Чинбаяр нар юм. Мөн мэргэжлээрээ “Эрдэнэс Таван толгой” компанид ажиллаж буй Д.Мөнхжаргал нар цуглаж анги хамт олныхоо тухай хөөрөлдсөн юм.

170 хүүхэдтэй анги тул аливаа арга хэмжээ зохион байгуулахад бүрэн цугларах нь ховор. Ихэвчлэн хэсэг бүлгээрээ нийлдэг байсан аж. Харин танилцах дадлагаар бүгд хамтдаа явжээ. Энэ үеэр “Хүрз барьсан бахим гарт минь уул уурхайн аргыг заасан Ж.Ижилмаа багшдаа бид баярлалаа, балчирхан бид чинь инженерүүд боллоо” хэмээн ангийн сүлд дуу болгон дуулж явсан нь одоо ч сэтгэлд олон сайхан дурсамж үлдээсэн тухай тэд ярьсан юм. Тус анги сургуулийнхаа шилдэг ангиар 2011 онд шалгарч байжээ. Ер нь сахилга баттай, хичээлдээ хичээнгүй, төлөв төвшин оюутнууд байсан хэмээн тэд өөрсдийгөө “дөвийлгөсөн”. Амьхандаа хэвлэлд ангийнхныхаа “паян”-г ярихгүй гэж цээжээрээ хамгаалж байгаа хэрэг л дээ. Тус анги зургаан охин, 160 гаруй хөвгүүдтэй байжээ. Уул уурхайн ашиглалтын инженер гэдэг хүнд хатуу мэргэжил. Тиймээс охид тэр бүр сонгож суралцдаггүй байна.

“Авьяаслаг монголчууд” шоунд тун амжилттай оролцсон “Бөртэ чонын үрс” хамтлагийг анх ангийн анд Түвшинбаяр байгуулсан аж. Тухайн үед ангийнхан нь уг хамтлагт орж бүжиглэдэг байжээ. Мөн Монгол Улсын мэргэн Б.Ёндон энэ ангийн залуу. Үүнээс гадна сагсан бөмбөгийн дээд лигт тоглож байгаа Мөнхсайхан зэрэг олон авьяаслаг залуус тус ангийнхан аж. Ангийн дарга Ням-Очир байжээ. Тус ангийн андууд фэйсбүүкт ангийн групп үүсгэн хамт олныхоо тухай бичихээс гадна салбарынхаа тухай мэдээлэл солилцож, энд тийм инженер авна гэнэ, манайх ийм мэргэжилтэн хайж байна гэх зэргээр нэгнийгээ ажилд зуучлах, мэдээлэл өгөх байдлаар группээ үр өгөөжтэй ашигладаг байна. Ангийн багш Ж.Ижилмаа одоо ч оюутнуудаа уриалж, нэгдэн нийлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байдаг аж. Тус ангиас хос төрсөн нь Төгөлдөр, Анхбаяр нар юм. Тэд гэрлэж, охинтой болж аз жаргалтай сайхан амьдарч байгаад ангийн нөхөд нь баярлаж явдаг юм билээ. Мөн мэргэжлээрээ “Өсөх зоос” компанид ажиллаж буй ангийн охин Батгэрэлээр бахархаж явдаг тухайгаа дурдсан. Тус компанид ангийн хөвгүүд болох Эрдэнэбаяр, Дамдинсүрэн нар ажилладаг аж. Ер нь Монголын уул уурхайн бүхий л томоохон компанид манай ангийнхны төлөөлөл бий хэмээн тэд хэлж байлаа.

“Багануур” компанийн эксковаторын туслах машинч Д.Соёмбо “Цаашид уул уурхай хөгжих юм байна гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон. Улс орон уул уурхайгаа дагаад хөгжинө. Тиймээс улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ийм сайхан мэргэжил сонгож, уг салбарт нэг үеийн төлөөлөл болж яваадаа баяртай байдаг. Манай ангийнхан ер нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа. Зах зээлд эрэлттэй сайхан мэргэжил тул ажиллахаас ч аргагүй юм” хэмээв. Мөн ээлжийн мастер Ч.Чинбаяр “Би Хэнтий аймгийн Дадал сумын хүн. Манай аав хөдөө аж ахуйн инженерийн мэргэжилтэй. Бид гурав сургуулиа төгсөөд Багануурын уурхайн уулын хоёрдугаар хэсэгт хамт ажиллаж байгаа нь сайхан. Манай “Багануур” компани арван хэсэгтэй. Тэгвэл оюутны ширээний араас ажлын талбарт гарч нэг компани, бүр нэг хэсэгт хамт ажиллана гэдэг аз завшаан. Бие биеэ сайн ойлгоно” гэсэн юм. Мөн тэрбээр “Уурхайн ашиглалтын технологи гэдэг мэргэжлийг хүнээр зүйрлэвэл уурхайн толгой гэж ойлгож болно. Манай мэргэжил уг салбарыг базаж явдаг. Ямар технологиор хүдрийн биетийг хэрхэн олборлох уу гэж бодож, төлөвлөж технологио боловсруулна. Энэ бүхний үр дүнд хүний хүчийг хамгийн зөв хуваарилж, эдийн засгийн хамгийн үр ашигтай олборлолтыг явуулдаг. Тиймээс мэргэжлээрээ бахархаж явдаг. Мөн “Багануур” компанийн хамт олон нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх эрхэм үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна. Иймд хамт олондоо баяр хүргэх нь зүйтэй юм” гэв. Түүнчлэн, Э.Эрдэнэбаясах “Манай аав уурхайчин хүн. “Багануур” компанид анхны илгээлтээр ирж 37 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Аавыгаа дагаад уурхайчин болсон доо. Манай анги зургаахан охинтой байлаа. Бусад нь дандаа харчууд. Би ангийнхаа 4-5 хүүхэдтэй оюутны байранд байсан юм. Өлсөж цангана. Нэгнийхээ хоолыг “буудна”. Оюутан цагийн олон хөгжилтэй зүйл бий. Эргээд бодоход хамгийн сайхан үеийн нэг бол яах аргагүй оюутан цаг юм” хэмээн ярилаа.

Ярилцлагын үеэр тэднээс уулын ашиглалтын инженер мэргэжлийн хэцүү нь юу вэ гэхэд “Нэгэнт эзэмшсэн, дур сонирхолтой тул хүнд хэцүү гэж бодохоос илүү ажлаараа бахархаж, улам шимтдэг. Багануур хэмээх нэгэн хамт олны дунд багтаж, Улаанбаатар хотыг гал алдуулахгүйн тулд өөрийн хувь нэмрээ оруулж яваа нь сайхан санагддаг” хэмээцгээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ улс-төр

​ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр иржээ

Image result for Д.Одбаяр

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр 15.45 цагт “Korean air”-ийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Тэрээр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт нэр холбогдож, БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шалгагдсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын талаас түүнд арав хоногийн хилийн хориг тавьсан юм. Харин түүнийг гадаадын иргэн, өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүйг харгалзан түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон. Энэ нь эрүүгийн хүнд гэмт хэрэг биш учир торгууль төлөх ба Д.Одбаяр торгуулиа төлбөл хилийн хоригоо цуцлуулах боломжтой болсон юм.