Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанкны 300-н номын сан тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжилж байна

ХХБанк хүүхэд, залуучуудынхаа төлөө хийх ажлуудаа улам эрчимжүүлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан хэрэгжүүлж Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажиллаж байгаагийн томоохон төлөөл нь 300-н номын сан тохижуулах, номоор баяжуулах төсөл билээ.

Энэхүү төслийн хүрээнд жилдээ 40,000 гаруй хүүхэд, багш, эцэг эхчүүдийг хүлээн авдаг Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын номын санг тохижуулан номын фондын хэрэгцээтэй номуудаар баяжуулж албан ёсоор хүлээлгэж өглөө.

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь Монголын төдийгүй олон улсын хүүхдийн төлөө зүтгэсэн 40 жилийн түүхэндээ үе үеийн хүүхэд багачуудыг гэгээлэг дурсамжаар нэгтгэсээр ирсэн учраас ХХБанк цаашид ч хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Хөгжил дэвшилд хамтдаа
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Эрх зүйт төр Үндсэн хуулиасаа эхэлж төлөвшинө

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэхээр төлөвлөжээ. Ардчилсан намтай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгох уу?

-Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол болохгүй нь гэдэг асуудал бүр 2008 оноос л яригдсан зүйл шүү дээ. Гурван парламент дамжин яригдаж, олон янзын төсөл боловсруулагдаж, эцэст нь эцэг хуулиа илүү сайжруулж байж төрийн түгжээ гацааг арилгах юм байна гэдэг дээр бүгдээрээ санал нэгдсэн. Тэр тусмаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн төслийг бүхэл бүтэн хоёр жилийн турш ард нийтээр хэлэлцүүлж, үг саналыг нь авч, маш их тооцоо судалгаа хийж, усыг нь шахаж, хийг нь гаргачихаад одоо ингээд орхичихвол дэндүү хайран.

Ингэвэл бид дор хаяж дахин найман жил Үндсэн хуулийн өөрчлөлт ярихгүй байх хуулийн заалттай. Тэр тохиолдолд бид олон жил хөгжихгүй байгаа шалтгаанаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаагаа, УИХ-д барьцаалагдсан тогтворгүй гүйцэтгэх засаглалаа, төсвийн хяналтгүй үрэлгэн байдлаа, хараат бус нэртэй ч ачир дээрээ хараат болчихоод байгаа шүүхээ халаглан ярьсаар л байх болно. Дахиад л “Давхар дээл”-ийг шүүмжилж, нийтийн өмч эрх мэдэлтэй, мэдээлэлтэй цөөхөн хүний хоол болж буйд бухимдаж, Улаанбаатараас бусад нь хот болон хөгжих боломжгүйд харуусаж, хариуцлага дээрээсээ эхлэхгүй байгаад эгдүүцэн дороо хий эргэсээр л байх болно.

Тийм болохоор Ардчилсан намтай ч, Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөлд хүрч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцэн батлах нь зөв гэж үзсэн. Одоо хэлэлцээд явж байгаа Үндсэн хуулийн энэ төсөлд Ардчилсан нам эрх барьж байх үед боловсруулсан Үндсэн хуулийн төслийн үзэл санааны дал, наян хувь нь орчихсон явж байгаа. Тэгэхээр үүнээс хойш сууж, ойрын зайн улс төр хийх нь хэнд хэрэгтэй гэж. Улс гэрийнхээ нийтлэг том эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа улам үнэ цэнэтэй, хүчтэй, хийдэлгүй болгох түүхэн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ард түмний итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүн бүрийн хувьд хамгийн чухал, эн тэргүүнд хийх ажил гэж би ойлгож байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэдийд эцэслэн батлагдах бол?

-Яг тэдэнд гээд хугацаа хэлэхэд арай л эрт байна. 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавьсан. Энэ хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурал хүлээн авсан. Ингэснээр Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар батлах Улсын Их Хурлын шийдвэр хүчингүй болж, улмаар ард нийтийн санал асуулгад оруулах эх хүчингүй болсон гэсэн үг. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараахь УлсынИх Хурлын 57 гишүүний дэмжлэг авсан нийт 19 зүйлийн 35 заалт бүхий төсөл гурав дахь хэлэлцүүлэгт орохоор байгаа гэдгийг тодотгож хэлье. Зарим нэг улстөрчид үүнийг мушгин гуйвуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь буруу гэж ярьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Энэ бол өөрт ашигтай улс төрийн тоглолт хийх гэсэн санаархал төдий зүйл.

-Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах санал гаргасан.Энэ зохицуулалт орсноор ямар давуу тал бий болох вэ?

-Маш зүйтэй асуулт. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар олон жил ярьсан. Одоо л үүнийгээ жинхэнэ ажил хэрэг болгох цаг хугацаа ирчихээд байна. Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралын үндэс нь хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх эрх мэдэлдээ хутгалдсан, гүйцэтгэх засаглал нь УИХ, Ерөнхийлөгчдөө барьцаалагдсан явдал гэдгийг би дандаа хэлдэг. Засгийн газрынхаа хөлийг нь тушчихаад ташуурдаад байж болохгүй гэдэг үгийг мөн ч олон хэлсэн дээ. 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд 17 Засгийн газар ажиллаж байна. Дөрвөн жил насалдаг Засгийн газар гэж байхгүй болсон. 10 Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорсон байна. Гүйцэтгэх засаглалын энэ тогтворгүй байдлаас болж улс орны эрх ашиг хохирч, хөгжлийн бодлого бүү хэл Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж чадахгүй болчихоод байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ зарим бүрэн эрхээсээ зоригтой татгалзах ёстой гэж үзсэн. Эн тэргүүнд УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзах хэрэгтэй байгаа юм. Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох асуудлыг 52 гишүүн дэмжиж санал өгсөн ч харамсалтай нь 57 гишүүний босгод аваагүй тул энэ санал унасан. Одоо Зөвшилцлийн ажлын хэсгийн саналын томьёололд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэсэн агуулгаар орсон. Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдлийг өгөхгүйгээр түүнээс зоримог шийдэл, бүрэн хариуцлага нэхэх нь утгагүй л дээ. Ингэж байж л Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж сая бүрдэнэ.

-Тэгвэл АН-ын холимог тогтолцоог бий болгох нь зүйтэй гэх саналын тухайд юу хэлэх вэ?

-УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулахтай холбоотой АН-ын санал хоёр дахь хэлэлцүүлгээр унасан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тухайд бол Сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн заалт л бий. Одоо Зөвшилцлийн ажлын хэсэг дээр “Улсын Их Хурлын сонгуулийг олонхыг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг тэнцүү хослуулан явуулна” гэсэн байдлаар яригдаж байна. Хөгжиж буй орнуудад сонгуулийн ийм тогтолцоог илүү хэрэглэж байгаа жишээ бий. Чухам аль тогтолцоог сонгох вэ гэдэг хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой болно.

-2020 оны сонгууль дөхсөн. Үүнээс өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барихад бэлэн болжээ. Хуульд орж буй гол зохицуулалтаас дурдахгүй юу?

-Мэдээж хэрэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрхэн батлагдахаас Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэг илүү тодорхой болно. Энэ арваннэгдүгээр сард багтаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл батлагдчихвал дагаад Сонгуулийн тухай хууль орж ирж таарна байх. Тэр үед л илүү тодорхой ярих боломж бүрдэх биз.

-Иргэдийн саналыг гараар тоолох зохицуулалт орж байгаа юу. Гараар тоолох нь баталгаатай биш гэх үндэслэлээр машинаар тоолохоор шийдвэр гаргаж байсан. Буцаад гараар тоолохоор болж байгаа нь ямар учиртай вэ. Нөгөөтэйгүүр машинаар тоолох нь мөн л иргэдийн эргэлзээг төрүүлдэг. АНУ-д ч энэ нь нотлогдсон учир халсан байдаг. Энэ тухайд та байр сууриа илэрхийлээч?

-Өнгөрсөн хугацаанд сонгогчдын саналыг машинаар тоолох нь эргэлзээгүй юм байна гэдгийг бүгдээрээ ойлгосон. Тийм болохоор үүнийг өөрчлөх, гараар тоолох гэж зүтгээд байх нь утгагүй. Өмнөх сонгуулиудын адил машинаар тоолсон саналыг санамсаргүй сонголтоор зарим хэсгийн хороонд хяналтын байдлаар гараар тоолох зарчмаараа л явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр буцаад бүх саналыг гараар тоолдог болох гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл.

-АМНАТ-ийн хуультай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнээс үүдэн татвар хуримтлуулах, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих гэсэн хоёр байр суурь дээр хуваагдчихсан мэт харагдаж байна. Таны хувьд юу гэж харж байгаа вэ?

-Энэ асуудал дээр маш болгоомжтой хянуур хандах учиртай. ҮХЦ нэгэнт шийдвэрээ гаргасан учраас бид ойрын хугацаанд нэг талаар татварын орлогоо тасалдуулахгүй байх, нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогынхоо алтан тэнцвэрийг олох учиртай. Түүнээс үүнийг улс төрийн оноо авах сэдэв болгож болохгүй. Өндийж байгаа эдийн засгаа нураачихаж болохгүй. Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг хурдан зөвшилцөлд хүрч энэ долоо хоногт багтаан зөв шийдэлд хүрч хуулийн гаргалгааг олох хэрэгтэй болж байна. Уг нь Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ч нэгдсэн ойлголтод яаралтай хүрэхгүйгээр энэ хууль батлагдаж чадахгүй.

-АМНАТ-өөс болж үнэхээр төсөвт хүндрэл үүсэх үү?

-Хэрвээ энэ асуудлыг зөв зүйтэй шийдэж чадахгүй бол ирэх оны төсөвт хүндрэл үүсэх нөхцөл бүрдчихээд байгаа нь үнэн. Сангийн сайд ч энэ талаар байр сууриа удаа дараа илэрхийлж байна билээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтаа маш ойлгомжтой хийх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтаа буруу хийчих юм бол Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ буурч, дахиад л далд эдийн засаг үүсгэх эрсдэл бий. Зөвхөн алт гэлтгүй нүүрс, зэс, төмрийн хүдэр , цайр гээд бусад ашигтмалтмалын экспортод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ нь эргээд төсвийн орлого тасалдахад хүргэх учраас маш чамбай хандах л ёстой болж таарч байна.

-Энэ жилийн төсвийг “Сонгуулийн төсөв боллоо, гишүүд тойргоо услахад чиглэгджээ” гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгуулийн жилийн өмнө төсөв хэлэлцэх бүрт л ийм шүүмжлэл гардаг. Энэ ярианд үнэний хувь ч бий. Зарим талаар улс төрийн зорилгоор хэт дэгсдүүлсэн зүйл ч бий. Энэ бүхний цаад учир шалтгаан явж, явж мөнөөх л сонгуулийн тогтолцоондоо хамаг учир байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа. Нэгэнт тойргоос сонгогдсон гишүүн тухайн тойргийн иргэдийн өмнө хүссэн ч, хүсээгүй ч үүрэг хүлээж таарна. Тэнд сургууль , цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй болно. Түүнийг төсвийн хөрөнгө оруулалтаар л шийднэ шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг засахад миний яриад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том агуулга чиглэгдэж байгаа биз. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үед төсвийн зардлыг дураараа нэмдэг эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлаж өгч байгаа юм. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол нь өөрчилж, тамтаггүй их зардал бий болгодог гажуудлыг засах л гэж зориод байгаа хэрэг. Сонгуулийн холимог тогтолцооны тухайд ч хөгжлийн бодлого дан ганц тойрог тойрсон жижиг асуудал болон хувирдаг алдаанаас ангижирч, улс орны холыг харсан томоохон бодлогын төлөө явдаг, дуугардаг УИХ-тай, Засгийн газартай байхад чиглэгдэж байгааг ойлгох ёстой. Сонгуулийн ямар ч тогтолцоонд ололттой хийгээд дутагдалтай зүйл бий. Харин яавал ололт нь дутагдлаасаа илүү жин дарах вэ гэдгийг олж харах нь зөв байгаа юм.

-Цэцийн даргын үйлдэлд та юу хэлэх вэ. Таныхаар төрийн албан хаагч ямар ёс зүй, зарчимтай байх ёстой бол?

-Цэцийн даргын гаргасан гэх үйлдэлд би та нартай л адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Үнэн худал нь эцэслэгдээгүй шалгагдаж байгаа асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэх нь зохисгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх асуудалд багагүй анхаарал хандуулж ажилласан. Үүний нэг жишээ бол УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан явдал мөн. Үр дүнд нь гишүүд биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болсон. Бусдын өмнөөс кноп дардаг асуудал эцэс болсон. Ирц бүрдээгүй байхад хэдхэн гишүүн сууж байгаад хууль баталдаг гажуудал арилсан.

Энэ хэрээр УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирц илт сайжирч, гишүүдийн хариуцлага дээшилсэн гэж үзэж байгаа. Одоо үүнийгээ Үндсэн хуулиар улам баталгаажуулж асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангах заалт дэмжигдээд явж байна. Тухайлбал “…Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж төсөлд тусгасан. “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална” гэж хуульчлахаар зорьж байна. Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухайд 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн хариуцлагын тов тодорхой заалт оруулаад байгаа.

Ёс зүй дээрээсээ эхэлж төлөвшиж байж нийгэм эрүүлжинэ. Мод ургамал үндэс нь эрүүл байж цэцэглэдэг шиг эрх зүйт төр Үндсэн хуулиасаа эхэлж төлөвшинө.


Categories
мэдээ цаг-үе

Хошууч генерал Б.Баярмагнай: Цолгүй байсан ч би Монголын ард түмэнд “Генерал Баярмагнай” гэдгээрээ л үлдэнэ

Түрүүч нь 225(6326) дугаарт

Монголын Үндэсний фронтын тэргүүн, бэлтгэл хошууч Генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Монголын үндэсний фронт байгуулагдаж, тэргүүнээр нь таныг сонгогджээ гэдгийг дуулаад хүмүүс сэрдхийж байна. Дарамт шахалт ирж байна уу, эсвэл янз бүрийн санал ирдэг юм байна уу?

-Монголын үндэсний фронтын ард Монголын жирийн ард түмэн л байгаа. Өөр хэн ч байхгүй. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэй, мөнгө санхүүтэй хүн, харийнхан байхгүй. Жирийн ард түмэн байгаа. Ард иргэдийн зүгээс эмх замбараагүй байдал үүсгэх асуудал байхгүй ээ. Монголын ард түмэн айдасгүй байж болно. Харин эрх мэдэлтнүүдэд бүх юм байгаа, тэдэнд мөнгө байгаа. Тэд эрх мэдлээ алдахгүйн тулд юу ч хийж магадгүй учраас тэднээс л айх ёстой, бид. Тэдэнд бүх юм байгаа. Гэтэл ард түмэнд өнөөдөр юу байгаа юм бэ. Ард түмэнд сэтгэл зүрх л байна. Ард түмний нуруун дээр маш их ачаа, дарамт, шахалт, өр, зээл байна. Монголын ард түмний ядуурал, зовлон зүдгүүр нь туйлдаа хүрчихсэн л юм бол бид тэрнийг нь салгаж өгөхийн төлөө явж байна. Бидний уриа ч тийм байгаа. Бид хэд хэдэн уриа дэвшүүлж байгаа. Задарсан хулгайч, луйварчдын хөрөнгийг хурааж сан бүрдүүлээд зовсон ард түмнийхээ өрийг нэг удаа яагаад дарж болдоггүй юм.

Эрх баригчдын зүгээс бидний зориг зүрхийг мохоох гэсэн олон талын арга хэмжээ авах байх. Түрүүчээсээ эхэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр биднийг харлуулж байна, гутаан доромжилж байна. “Тагнуулынхан шалгаж, тархинд нь сануулга өг, мөрдөн мөшгө” гэж УИХ-ын гишүүд нь тагнуулын байгууллагыг турхирч байна. Ингэлээ гээд бидний зориг, зүрхийг мохоохоосоо өнгөрсөн шүү дээ. Яаж мохох юм бэ. Эзэн Чингисээсээ улбаатай Монголын ард түмэн маань өмч хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хэдхэн хүнээс айж чичрэхгүй. Биднийг удирдаж явсан мундаг лидерийнхээ эсрэг биш төрийн өмч хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан төрд шургалсан хулгайч нарын эсрэг л босч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс тэдний талд орох уу, ард түмэнтэйгээ хамт тэмцэх үү гэдгийг өөрсдөө л шийдэх ёстой. Биднийг Монгол даяар эсэргүүцээд байгаа юм ерөөсөө байхгүй. Хэн нэгэн санал тавиад энэ ээ, тэр ээ гэвэл бид хүлээж авахгүй ээ. Бид хууртагддаг үеэ өнгөрөөсөн.

Би л гэхэд эрх мэдэл, албан тушаал гээд бүх юмаа өгчихөөд гараад ирсэн хүн. Дахиад тийм юм хүсээд яах юм бэ. Надад дутуу юм алга. Би мөнгөгүй хүн байсан бол, би цол хэргэмд дуртай хүн байсан бол өөр хэрэг. Гэтэл би хэдийнэ гавьяагаа байгуулчихсан хүн шүү дээ.

-Та энхийг сахиулах ажиллагааны салхийг хагалсан хүн биз дээ?

-Энхийг сахиулах ажиллагааны үндэс суурийг нь тавьсан. Миний араас 17 мянган энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэчихсэн байна шүү дээ. Эрх баригчид биш, энэ 17 мянган энхийг сахиулагч цэрэг, дайчид надад зориулж хэзээ ч хөшөө бариад өгчих гавьяаг байгуулчихсан учраас би бардам. “Энэ яасан том дуугардаг юм бэ, цолыг нь хураа!” гэж дарамталбал намайг цолоо алдахаас айж магадгүй гэж бодоод байна шүү дээ. Үгүй ээ, миний цолыг аваг л дээ. Шударга ард, шударга иргэн, шударга Ерөнхийлөгч нь гарч ирээд буцаагаад л өгчихнө шүү дээ. Цаг хугацааны л асуудал байхгүй юу. Тэрэнд айгаад байх юм байхгүй. Цолгүй байсан ч би Монголын ард түмэнд “Генерал Баярмагнай” гэдгээрээ л үлдэнэ. Яах вэ, ард үлдэж байгаа амьдралаа умартаж байгаа учраас хохирч байгаа юм бий. Гэхдээ Монголын ард түмний сайн сайхны төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын төлөө явж байгаа учраас зорилго нь ариун, сэтгэл нь цагаан учраас энэ үйлс бүтнэ гэдэгт итгэж байгаа. Тийм учраас ард түмэнтэйгээ нэг эгнээнд зогсож, энийг уриалж, толгойлж, удирдаж явж байгаагийнхаа хувьд айх, эмээх зүйл байхгүй. Харин ч миний ард бүхэл бүтэн Монголын ард түмэн байгаа учраас зоригтой дуугарч байна. Биднийг мохоох гэж оролдож байгаа зүйл их байна.

-Барагтай бол жагсаал цуглаанаас хол байдаг залуус хүртэл энэ сарын 7-нд болох Үндэсний фронтын жагсаалд очно гэж байна шүү. Ард түмэн яах аргагүй бухимдалтай, бухимдал нь дээд цэгтээ тулсан гэдэг нь энэ л дээ. Хөдөө орон нутаг, хязгаар газруудаас хүртэл хүмүүс нийслэл рүү ирж байгаа гэж дууллаа?

-Сонирхолтой зүйл ярья л даа. Би Жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаан удаа жагсаал зохион байгуулсан байгаа юм. Ингэж ярихаар хүмүүс гайхаж магадгүй (инээв). Монгол Улсын Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалыг зургаан удаа командалсан. Энэ талбайд зургаан жил парад командалсан хүн байхгүй юу би. 2200 цэргийн парад болдог юм. 2011 онд тэгш ойтой байсан учраас 88 морь, 34 техник оролцсон том парадыг командалж байлаа. Би ард түмнээ уриалаад бүх нийтийг хамарсан жагсаал командлаад зогсоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй (инээв). Сонин л юм. Хүмүүс жагсаал болгоны үеэр тоо гаргадаг шүү дээ. 30 мянга, 40 мянган хүн ирлээ гээд. Би 2200 цэрэг өмнөө зогсоочихсон байхад талбай бараг дүүрчих гээд байдаг шүү дээ. 2200 цэрэг шүү, зайг нь шахаад зэрэгц командаар зогсоочихсон байхад шүү. Тэгэхээр 10 мянган хүн багтах уу гэмээр талбай байхад л 30, 40 мянган хүн цугларлаа гэж хөөсрүүлж яриад байдаг. Харин жинхэнээсээ 30 мянган хүн ирэхэд энэ талбайд багтах нь уу, үгүй юу гэдгийг харъя. Би фронтынхондоо “Жагсаал зохион байгуулах гэж байгаа бол бид эхлээд Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа бид 100 мянгуулаа болъё. Дараа нь 200 мянгуулаа болъё. Дараа нь 500 мянгуулаа болъё. Тэр өдөр энэ төр засаг юу гэж хэлэхийг харъя” л гэж хэлсэн. Бид мэдэгдлээ 10 мянган хүн ирэх байх гэсэн тооцоотойгоор өгсөн байгаа. Монголын ард түмэн идэвхтэй ч байна.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг цааш нь цацахгүй байгаад гол учир нь байна. Мэдээлэхгүй байгаад, харлуулж байгаад учир байна. Гэхдээ Монголын ард түмэн ойлгохтойгоо болсоон. Өмнө нь тархи угаадаг байсан бол одоо өнгөрсөн.

Яагаад вэ гэвэл дээр байгаа хүмүүс хоорондоо дайсагналцаад, хоорондоо нэг нэгнийхээ булхайг илчлэх явцдаа Монголын ард түмний итгэлийг алдчихсан байхгүй юу. Эд чинь хоорондоо нэгдэж эвсээд Эвслийн Засгийн газар байгуулж байхдаа хоорондоо юмаа нууж байхдаа ард түмэнд асар хортой байсан. Одоо бол хоорондоо жинхэнэ толхилцоод нам дотроо гурав, дөрөв хуваагдаад, АН нь зургаан лидерийнхээ талд зургаа хуваагдаад, МАН нь гурав хуваагдчихсан яваа энэ үед ард түмэн жинхэнэ бодит үнэнийг нь харчихсан. “Одоо та нарт хууртагдахгүй ээ” гээд сууж байхад тархийг нь угаагаад нэг их амжилтад хүрэхгүй л болов уу. Ард түмэн юмыг ойлгодог болсон, ялангуяа нийслэлийнхэн. Хөдөө орон нутагт амьдрал хэцүү байгаа. Тархи угаалт хөдөөгүүр, сумдад хүчтэй байгаа. Гэхдээ ард түмэн ойлгохтойгоо болсон учраас биднийг дэмжих байх гэж бодож байгаа.

-Жагсаалын дараа юу болох вэ. Жагсаалын үеэр УИХ-ыг тараах шаардлагаа хүргүүлэх байх. Тэр шаардлагыг хүлээж авахгүй нь ойлгомжтой л доо?

-Бид нар шаардлага хүргүүлнэ. Шаардлагад заасан тулгалтыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бид жагсана. Хүлээж авах байх гэж найдаж байгаа учраас шаардлагыг өгч байгаа. Бид хууль бус юм шаардаагүй. Биднийг чинь гадуур “Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна”, “Баярмагнай генерал цэргийн хувцастайгаа гүйж байна. Төрийн эргэлт гаргах гэж байна гэнэ” гээд л зүсэн бүрээр харлуулах гэж оролдоод байгаа байхгүй юу. Харин ч төрийн эрх мэдлийг хууль бусаар авч хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн далбаан дор эрх баригчид юу хийж байна вэ. Өөрсдөө жинхэнэ хууль бус ажиллагаа явуулаад байна. Төрийн дээр нам гарсан нь хууль бус ажиллагаа. Төрийн алба гэдэг зүйлд нам орсон бол хууль бус. 1990 оноос хойш хоёр албыг л ард түмэнд өгсөн шүү дээ. Төрийн үйлчилгээний, Тусгай алба хоёрыг л ард түмэнд өгсөн. Ард түмэн тэрнээс дээш явдаггүй. Нам дагасан цүнх баригчид, намыг дагаж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүс төрийн захиргааны буюу газар, хэлтэс түүнээс дээш агентлагийн дарга, яамны сайдын албан тушаалыг авдаг. Төрийн улс төрийн албыг УИХ-ын гишүүд нь хувааж авдаг. УИХ-даа хэмжээгүй их эрх мэдэл олгочихсон учраас Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг. Эрх мэдэлд хэтэрхий их шунаж, мөнгө төгрөг авахын тулд төрд төвлөрсөн тэр их мөнгийг хүртэхийн тулд давхар дээлтэй ч хамаагүй Засгийн газрын гишүүн болдог. Энэ чинь тэр чигээрээ хууль бус. Энэ чинь л жинхэнэ хууль бус ажиллагаа байхгүй юу. Тэгтэл биднийг хууль бус ажиллагаа явуулах гэж байна гэж хардаад байх шаардлагагүй. Хуулиа батлахдаа хүртэл хууль бус. Үндсэн хуульд, ард түмэнд ээлтэй хууль батал гэсэн болохоос биш ард түмний эсрэг хууль батал гэж заагаагүй шүү дээ. Бид нарыг жагсах болохоор айж чичрээд “Эргэлт хийх гээд байна, бушуу бариад хорьчих”, “Тагнуулынхан ажлаа хий” гэж шаардаад. Бид нарын гар утсыг хүртэл чагнаад байна. Манай Монголын үндэсний фронтын пэйж хуудасны мэдээлэл түгээх, шейрлэх тохиргоог арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хүртэл хаачихсан байгаа байхгүй юу. Арваннэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал шүү. 7-ны өдөр нь бид жагсаалтай. Маргааш орой нь хүртэл хааж байна. Манай дэмжигчдийн хамгийн олон дагагчтай пэйж хуудсуудыг шууд хакердаж хааж байна. Энд хэн оролцох вэ. Хэн үүнийг хийгээд байгаа вэ.

-Хэн гэдэг нь ойлгомжтой байна л даа?

-Америкаас оролцоод байна уу, Америкаас Facebook компани үүнийг хийгээд байна уу. Үгүй шүү дээ. Facebook компанийнхан Монголд ирээд “Эд нар жагсаал хийх гэж байна. Эд нарын пэйж хуудсуудыг хаая” гэх үү. Үгүй шүү дээ. Үндсэн дамнасан томоохон гэмт хэргүүд дээр л манайхтай хамтарч ажиллаж, тодорхой хэмжээний эрх өгөхөөс биш, ард түмнийхээ төлөө яваа гэнэн цайлган тэмцэгчийн фэйсбүүк хуудсыг хаагаарай гэж тэр эрхийг өгөөгүй байхгүй юу. Энэ бол төр засаг эрх мэдэл, хүчээ далайлгаж байгаагийн нэг шинж.

-Танай фронтын ард Ерөнхийлөгчийг байгаа тухай яриа гараад байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн шүү дээ?

-Мэдэгдэл хийсэн байна билээ. Би яагаад зоригтой дуугарч Ерөнхийлөгчийн нэрийг дурдсан бэ гэхээр Ерөнхийлөгчтэй уулзсан болохоор хэлж байгаа юм. Монголын үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчтэй уулзсан. “Ерөнхийлөгч өө! Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд бодит аюул занал бий болчихсон байна, Үндэсний аюулгүй байдлын үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлдог дотоод, гадаад хүчин зүйлүүдийг судалж үзэхэд дотоод хүчин зүйлийн 35 хүчин зүйлийн 25 нь зөрчигдчихсөн, гадаад хүчин зүйлийн 55 хүчин зүйлийн 47 нь зөрчигдсөн гэсэн ийм өндөр тоо гарч байна аа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж энэ асуудлыг шийднэ үү” гэж хүссэн. Хоёрдугаарт, төрийн дээр улс төрийн намууд гарчихсан байна. Үүнээс болж төрийн үйл ажиллагаа гажуудаж, мухардал, гацаанд орчихоод байна. Тиймээс улс төрийн намуудыг татан буулгаач. Эсвэл гишүүнчлэлийг нь байхгүй болгоно уу. Мөн дээрээс нь УИХ-ыг тараах шаардлага тавьсан. Ийм судалгаан дээр үндэслэсэн, бодит баримт дээр тулгуурласан шаардлагыг хүргүүлсэн. Шаардлагуудаа гардуулж өгөөд учрыг нь тайлбарласан. Ерөнхийлөгч үүнийг хүлээж авсан учраас Ерөнхийлөгч бидний саналыг хүлээж авсан, Монголын үндэсний фронтын байгаа гэдгийг илэрхийлсэн гэж үзсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж, янз бүрээр ташаа тайлбарласан. Ингэж л ард түмнийг ард түмний эсрэг турхирч байгаа байхгүй юу. Эд нар тэгж ашиг хонжоо олж байгаа юм. Тэгэхээр нам дагаад явчихсан хэсэг бүлэг иргэд байгаа шүү дээ. Маш хорлонтой бүлэглэлүүд байна. Сонгуулиар хамгийн болох бүтэхгүй хар пиар хийдэг хүмүүс байна. Дэлхий дээр хамгийн муу юм хийх арга, тактик олъё гэвэл Монголоос л олно. Хамгийн сайн юм хийе гэвэл Монголоос олдохгүй. Гадаад орноос л хайж олно доо. Би АНУ-д сурч байхад Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болж таарлаа. Жорж Бушийн 18 настайдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд автомашин жолоодоод цагдаад журамлагдаж байсан асуудлыг Ардчилсан намаас нь дэлгэчихсэн. Тэгтэл тэр асуудал улс орон даяар скандал болж байсан байхгүй юу. Жинхэнэ шуугиан болж билээ.

Тэгтэл манайд энэ бол юу ч биш. Хүн алахаас буцахгүй, хамгийн хорлонтой үйл ажиллагааг хийж байна шүү дээ. Ийм айхавтар юмыг хэн хийж байгаа юм бэ. Тэр худалдагдчихсан хэсэг бүлэг, нам дагасан хүмүүс л хийж байгаа. Төрийн мөнгийг идэж хулгайлсан, оффшор дансан дахь мөнгөөр л энэ хэсэг бүлэг хүмүүсийг чинь худалдаж аваад жирийн иргэдийнх нь эсрэг турхирч байгаа юм шүү дээ. 1990 он хүртэл үед намын гишүүн буюу намын доод бүрэлдэхүүнээ хэзээ ч нэгнийгээ алаад хядаадах гэдэг үйл ажиллагаанд бэлтгэж байгаагүй. Тэднээр юу хийлгэдэг байсан бэ гэхээр намын дүрмийг ягштал уншуулна, намын бүгд хурлын тэмдэглэлийг хөтлүүлнэ, Марксизм, Ленинизмийн онолыг судална, Лениний 35 ботийг уншиж товчлол хийнэ. Марксийн “Капитал”-ыг уншиж товчлол хийнэ. Одоогийн намын гишүүд, дэмжигч үүнийг сонсоод инээд нь хүрэх байх. Гэхдээ тэд чинь хүн алах л юм хийлгээгүй. Гэтэл 1990 оноос хойш нам дагасан, цүнх баригч нөхдөөр намынхан нь юу хийлгэж байна вэ.

-Юуг бол юуг л хийлгэдэг бололтой?

-“За, тэрийг очоод алаадах”, “Тэрийг сошиалаар будаа болгоодох”, “Тэрийг сошиалаар балбаад өг”, “Тэрийг замд нь амдаад бичлэг хийгээд хорлоодох” гэж тушаал өгдөг. Ийм юм хийгээд яваад байгаа тэр хүн чинь яваандаа Монгол Улсын төр барина шүү дээ. Одоо түрүүчээсээ УИХ-д орчихсон байна шүү дээ, нөгөө бэлтгэгдсэн улсууд. М.Энхболдынхоо араас хутга шаачихаад У.Хүрэлсүхээ дагаад явж байна шүү дээ. Энэ улсууд юу ч хийхээс буцахгүй. Одоо эргээд У.Хүрэлсүхээ алга болгоод дараагийн хүнийг дагана, эсвэл өөрсдөө гарч ирнэ. Тийм аймшигтай улсууд болчихсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм аймшигтай улсууд чинь юу ч хийж мэднэ.

Тиймээс Монголын ард түмэн эрх барьж байгаа улсууд, нам дагасан энэ нөхдүүдээс айна уу гэхээс жирийн ард иргэдээс айгаад юу хийх вэ. Гэхдээ бидний айлгах арга нь эсэргүүцлээ илэрхийлээд бүгд гудманд гарах ёстой. Жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд хүрч ирэх ёстой. 10 мянган хүн багтдаг тэр талбайд багтахгүй бол өөр багтдаг талбай хэрэгтэй болно. Ард иргэд бүгдээрээ гараад зогсчихвол энэ төр засаг яах юм байгаа юм. Ямар ч байсан хууль баталтал нь бид хараад суучихъя. Тэд өлсөхгүй бол ард түмэн өлсөхгүй. Тэд нар хоолгүй бол бид нар хоолгүй. Ингээд бие биенээ хараад зогсож байя. Хэн нь ялах нь уу харъя. Ийм байдлаар тэмцэх гэж байна.


Categories
мэдээ цаг-үе

Г.Одонцэцэг: 108 мөргөснөөр хүний дархлаа сайжирдаг

Шинжлэх ухаанд мөргөлийг хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан гэжээ. Энэ нь цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилж, биеийн галбир сайхан болдгийг нотолсон байна. Эмч нар сүүлийн үед өдөрт 108 удаа сунаж мөргөхийг зөвлөх болжээ. Учир нь, турах хүсэлтэй эмэгтэйчүүд хоолны дэглэм, өндөр үнэтэй фитнессээс илүү, YouTube болон бусад сайтуудаас үнэгүй сурах боломжтой юм. Дундаж хурдаар хийхэд 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг. Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ. Мөргөлөөр эрүүлжих тухай сонирхолтой ном бичиж, олны хүртээл болгосон Очирваань дуганын тэргүүн, мөргөлч лам Ч.Эрдэнэбаатартай ярихдаа “Мөргөл ном минь тав дахь бүтээл. Ерөнхийдөө эрүүл мэнд, танин мэдэхүй, буян үйлдэхүй гэсэн сэдэвтэй. Мөргөлийн тухай хүмүүс маш сайн мэддэг. Харин яаж зөв мөргөх вэ, ямар заавар аргачлалтай байдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Цаашилбал, мөргөлийг өдөр бүр, тодорхой цагт хэвшүүлэн хэрэгжүүлж чаддаггүйд гол асуудал байгаа юм. Миний хувьд ч гэсэн мөргөлийг өмнө нь үйлдэж байсан боловч залхуурах, шантрах шалтгаангүйгээр хойш тавьж үр дүнг нь гаргаж хэрэгжүүлж чадахгүй байсан. Гэвч хэзээ нэгэн цагт сунах мөргөлийг буман тоонд хүргэнэ гэсэн хүсэл зорилгыг сэтгэлдээ үргэлж тээж явсан. “Сэтгэл үүсгэ, Бага сэтгэл чинь их сэтгэл болно. Их сэтгэл чинь илүү амжилт олгоно” гэж үг бий. Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд суурин иргэншилд шилжиж дэвшиж, дээшилж байгаа мэт харагдавч үндэсний хэв шинжээ алдаж, хөдөлгөөний дутагдалд орж өвчлөлт байгааг сүүлийн үед ярьж бичих болсон. Харин яаж хамгаалж, сэргийлэх талаар илүү анхаарах нь зөв гэж бодож байна. Энэ үүднээс бурхны шашны нэг төрөл, зан үйл болох мөргөлийг амьдралд хэвшүүлж хэрэгжүүлж хүнд тустай болох талаас нь судалж, ном болгож түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм байна гэсэн санаагаар “Мөргөл” номыг бичсэн. Ингэхдээ юуны өмнө өөр дээрээ туршин хэрэгжүүлж сунах мөргөлийг буман тоонд хүргэх явцдаа номоо бүтээсэн. Бум гэдэг нь зуун мянган тоонд хүргэсэн гэсэн үг юм. 108 сунах мөргөлийг хийхэд хүн болгоны зарцуулах хугацаа адилгүй байх. Хамгийн гол нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай хүмүүс мөргөхөд мэдээж бэрхшээлтэй. Миний хувьд эхэндээ 108 сунах мөргөлийг нэг цаг гаруй хугацаанд хийдэг байв. Биеэ дайчилж хичээх тусам түргэн болно. Одоо 108 сунах мөргөлийг хийхэд 30 минутын хугацаа зарцуулдаг болсон. Өдөр бүр 108 сунах мөргөлийг алдалгүй хийвээс буман тоонд хүргэхэд гурван жилийн хугацаа орно. Нэг дэх бэрхшээлийг давахгүй бол хоёр дахь саадыг яаж давах вэ. Мөргөл үйлдэхэд биеийн хүч их орохгүй сэтгэлийн хүч илүү шаарддаг. Миний хувьд 108 мөргөлийг өдөрт 2 – 3 удаа хийдэг байсан. Жил зургаан сарын хугацаанд зуун мянган мөргөлийг туулж тоонд нь хүргэж чадсан. Мөргөлийн ач тус хэмжээлшгүй их гэдгийг мэдэрч ойлгож биширч шүтсэн” гэв.

Энэ тухай Манба Дацан уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.


-Та 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдлыг нэлээд зөвлөдөг. 108 мөргөхөд хүний дархлаа сайжирдаг гэсэн. Үнэн үү?

-108 мөргөхөд ханиад ч хүрдэггүйн гол учир нь хүний дархлаа сайжирчихдаг. Хий, шар бадганын тэнцвэр болон галын илч сайжирна. Бодисын солилцоо идэвхиждэг учраас өтлөлт, хөгшрөлтийн үйл явц удааширна. Сэтгэл санаа ч дагаад өргөгдөнө. Нөгөө талаар нүглээ бараад буянаа арвидуулж байгаа хэрэг юм.

108 мөргөнө гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Тодорхой хэмжээгээр зовлон мэдрүүлдэг. Ингэж тодорхой хувиар хэцүү бэрхийг туулангуут араас нь сайн зүйлүүд ирдэг. Хүн нүглийнхээ үрийг, хэцүү бэрхийг ямар нэгэн өвчнөөр даван туулах байсан бол түүнийгээ мөргөл үйлдэж хөлс гаргаснаар хаачихаж байгаа юм. Тэгэхээр зовлонгоо барж байна гэдэг жаахан зовлонгоор их зовлонгийн үүдийг хааж байгаа хэрэг. Дээр нь буянаа арвидуулна. Энэ нь цаагуураа бие, сэтгэл эрүүл болоод ирэхээр сайн сайхан зүйлийн үүд хаалга нээгдэнэ гэсэн үг.


-Залбирал, мөргөл, маани мэгзэм унших, зул өргөх зэрэг шашны зан үйлүүд хүний эрүүл мэнд, наслалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Маш их нөлөөтэй. Хэрэв учир шалтгаанаар нь тайлбарлах юм бол маш их зүйлийг ярих шаардлагатай болно. Гэхдээ номтой хүмүүс юу гэдэг вэ гэхээр, ойлгохгүй ч гэсэн баталгаа, нотолгоотойгоор, эргэлзээ байхгүйгээр хүнд тусалдаг зүйл бол тарни гэдэг. Номтой хүмүүс бол хүүхдүүддээ автоматаар цээжлүүлээд уншуулчихдаг. Тэгэхээр янз бүрийн муу муухай зүйлийн үүдийг хааж, сайн сайхны үүд хаалгыг нээж байдаг.

Тарнийн ач тус үүнээс ч их. Тэр бол баталгааатай. Гэхдээ мэдээж, тарнийн тооны хүч гэж маш чухал зүйл бий. 3, 7, 21 удаа тарни уншчихаад л “Энэ надад нөлөөлөхгүй байна” гэж болохгүй. Яагаад гэхээр, тарни өөрийн гэсэн нөлөөллийн хүчний хөрөнгө, тоотой байдаг. Тараг бүрэхэд хөрөнгө байж байж бүрдэгтэй адилхан тийм хөрөнгийг бий болгодог. Жишээлбэл, Манла бурхны тарнийг 800 мянган удаа уншиж байж тухайн хүнд хөрөнгө бий болно гэж байгаа юм. Өдөрт энэ тарнийг нэг эрхиэр буюу 108 удаа уншихад 800 мянга хүргэхийн тулд бараг 17 жил болно гэсэн үг. Харин өдөрт 108 тоотой эрхиэрээ 3, 5, 7 удаа уншаад байвал илүү түргэн хугацаанд тарнийн хүч бий болно.

Тарнийн тооны хүчнээс гадна адис тидийн хүч, бясалгалын хүч гэж бий. Хүний нас богинохон л гээд байдаг. Тэгтэл зөв ашиглах юм бол бидэнд тарнийн бүтээл гээд олон сайн сайхан зүйлийг хийх цаг бас ч гэж хангалттай байгаад байдаг. Хэрэв хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг буруу, дэмий байдлаар үрж, хамаг насаа барчихаад үхэхээ болохоор хашгичиж, уйлж орилоон чарлаан болдог. Буддизмын сургаалд хүнийг үхэл болон мөнх бусын талаар байнга бодож, түүнийг хүлээн зөвшөөрч, үхэлд бэлтгэлтэй байх талаар зааж сургадаг. Тиймээс үхэлтэй нүүр тулах үедээ тайван, уужуу, амьдралдаа харамсах зүйлгүйгээр, үхлийг сайхан тайвнаар хүлээж авах ёс зүйд хүртэл хүн суралцах л хэрэгтэй. Мөн амьдран байх хугацаандаа амьсгалын тоо, агшин бүрийн үнэ цэнийг мэдэрч, зөв зүйтэй өнгөрөөхөд хичээх нь чухал юм.


Categories
мэдээ нийгэм

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Бор-Овооны давст” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын 46 зорчигчтой /43 том хүн, 3 хүүхэд/ автобус, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Ослын тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 6 алба хаагч, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн 3 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 автомашинтай 45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирч байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-аас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

Энэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа. Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүн амын сан эх нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ-д суугаа Суурин төлөөлөгч, Монголыг хариуцсан захирал Бабатундэ Ахонсиг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ТНБД Д.Даваасүрэн уулзалтын үеэр Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд НҮБ-ын Хүн амын сангаас манай улсын хүн амын хөгжил, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхэд залуучуудыг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж буйд талархал илэрхийлсэн байна.

Др. Бабатундэ Ахонси Монгол Улсын Засгийн газрын зүгээс НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, эх нярайн эндэгдлийг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг арилгах зэрэг тодорхой чиглэлээр үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Др. Бабатундэ Ахонси нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-д Суугаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголыг хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрбээр Нигери Улсын иргэн бөгөөд Лагосын Их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр дүүргэж, Эдийн засгийн болон улс төрийн шинжлэх ухааны Лондонгийн сургуульд Хүн ам судлалаар докторын зэрэг хамгаалсан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Хууль зүйн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооныхэлэлцүүлэг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10.00 цагаас Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой өнөөдөр тохиож байна

Статистикийн өдөр, Монгол Улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан “Статистикийн салбарын ололт, амжилт” хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Баярын хурлыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа үг хэлсэн. Мөн тус хурлын нээлтийн үеэр ҮСГ-ын дарга асан Ч.Даваасүрэн, ҮСХ-ны дэд дарга асан Б.Батмөнх, Б.Эрдэнэсүрэн, ҮСХ-ны Ерөнхий менежер асан Б.Ганбат нар хүндэт зочиноор уригдаж, үг хэлэв.

Улсын анхдугаар Үндсэн хуульд заасны дагуу 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний орон тоотой байгуулснаар статистикийн байгууллагын суурь тавигдсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдан Тоо бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж, 1964 оноос албан ёсоор Статистикийн байгууллага гэж нэрлэгдэх болсон.

Үндэсний статистикийн хороо болон 21 аймаг, 9 дүүрэгт статистикийн хэлтэст, Нийслэлийн статистикийн газарт нийтдээ 320 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хүүхдийн байгууллагын эмч нартай хамтарна

Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хүүхдийн байгууллагын эмч нартай хамтарна

Сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэн ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучууд руу чиглэсэн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Сүрьеэгийн эрт илрүүлэг, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд хүүхдийн байгууллагын эмч нарын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд Ерөнхий боловсролын сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерын зохицуулагч, сүрьеэгийн асуудал хариуцсан тархвар судлаач, нарыг хамруулсан юм.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд болон хүүхдийн байгууллагад бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөл, уг өвчлөлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ЕБС-ийн эмчийн оролцоог хэлэлцэж, хавьтал илрүүлгийг зохион хэрхэн байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх талаар чиглэл өгчээ.

Мөн томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүүхдийн байгууллагын өвчлөл, цаашид хэрхэн сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна.

Энэхүү сургалтыг хийснээр сурьеэгийн тусламж, үйлчилгээнд мөрдөгдөж буй хөтөлбөр, стандарт, удирдамжийн хэрэгжилт сайжирч, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, идэвхитэй эрт илрүүлэг, эмчилгээний хамралт нэмэгдэх төдийгүй хүүхдийн байгууллагын халдварын тархалт буурах юм.

Мөн сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хүүхдийн байгууллагын оролцоо нэн чухал болохыг онцолж, цаашид эрүүл мэндийн байгуулагатай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна.