Түрүүч нь №229(6330) дугаарт
Философийн ухааны доктор Б.Батчулуунтай ярилцлаа.
-Хүн төрөлхтний түүхэнд эергээр нөлөөлсөн философич таныхаар хэн бэ?
-Локкийг нэрлэнэ. Философи маш олон салбартай. Энэ дундаас танин мэдэхүйн гэх мэт онолоор явсан нь нэг их алдаршдаггүй онцлогтой.
Уг нь нь мундаг философичид л доо. Хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн гэвэл эдний нэр тод сонсогддоггүй.
Харин нийгэм улс төрийн философиор занималддаг байсан хүмүүс хүн төрөлхтний түүхэнд алдаршиж үлдсэн.
Жан Жак Руссо, Маркс гэх мэтээр дурдвал олон хүн бий. Хүн төрөлхтний түүхэнд эерэг нөлөө үзүүлсэн нь гэвэл гарцаа байхгүй Жон Локк л доо.
-Жон Локк яг ямар үзэл хандлагаараа хүний түүхэнд сайн нөлөө үзүүлсэн бол?
-Амьдарч буй нийгмийн орчиндоо бол хүний санаанд оромгүй зүйл сэдэж гаргаж ирсэн хүн байгаа юм. Тухайн үед улс орны удирдлага гэхээр хаан гэж байлаа.
Хаан бол тэнгэрлэг гаралтай гэж нийтээрээ үзэж хүндэтгэж биширч, дагаж явсан цаг.
Тэр хүнд бултаараа захирагдах ёстой гэсэн үзэл хандлага нийгэм даяараа байсан үе шүү дээ.
Тийм цагт л “Бүгдээрээ захирах хүнээ өөрсдөө сонгодог болъё, сонгохдоо хязгааргүй цаг хугацаатайгаар сонгохгүй. Хугацаатайгаар эрх мэдэл өгье.
Ийм ийм хүмүүс сонголтод оролцох ёстой” гэсэн санааг гаргасан хун. Өнөөдрийн тухайд бол үүн шиг жирийн санаа байхгүй. Харин Локкийн үед бол энэ санаанд оромгүй зүйл байсан.
Локк хүн эхээс мэндлэхдээ л, улаан нялзрай юм эхийн хэвлийгээс унаж энэ дэлхийд ирэхдээ л гурван зүйлтэйгээ ирсэн гэж үзсэн. Хуульд заасан заагааг>0 хамаагүй, төрөлхийн, салшгүй гурван эрхтэйгээ энэ орчлонд ирдэг хэмээсэн.
Амьдрах, өмчтэй байх, эрх чөлөө гэсэн гурван эрх л хүнд төрөлхийн байх ёстой гэж тунхагласан.
Яг өнөөгийн, бидний амьдарч яваа нийгэмд хүн бүр хэлсээр байгаад энэ гурван эрхийн цаад утгыг нь ойлгож ухахаа больчихсон нь харамсалтай санагддаг.
Дэлхий дээр хамгийн эрх чөлөөтэй улс Үндсэн хуулиа Локкийн тунхагласан энэ гурван эрхээр эхэлсэн байдаг.
-Америкийг хэлж байна уу?
-Тийм ээ, Америкийг байгуулсан хүмүүсийн түүх их энгийн шүү дээ. Европчууд Америкийг зорьсон нь шалтгаантай.
Хамжлага гэх мэт элдэв шалтгаанаар дарлагдсан, шахагдсан хүмүүс эрх чөлөөг эрж Америкт очоод эрх чөлөөт анхны улсыг байгуулсан түүхийг дэлхий мэднэ.
Тийм учраас Үндсэн хуульдаа асуух ёсгүй, эргэлзэж болохгүй гурван зүйлийг тусгасан нь Локкийн гаргаж ирсэн зүйл.
АНУ-ын Үндсэн хууль миний сая онцолсон төрмөл гурван эрхээр эхэлдэг юм. Ингээд харахаар Локкийг мундаг сэтгэгч гэхээс аргагүй. Либертари онолын үндэслэгчдийн нэг л дээ.
Эдийн засгийн талаас нь Адам Смит, философи талаас нь Жон Локк либертари үзлийг бий болгосон, бүтээсэн гэж дэлхий үнэлдэг. Жон Стюарт Милль бас сайхан нөлөө үзүүлсэн. Эрх чөлөө гэдгийг маш олон үндэслэлтэйгээр тайлбарласан хүн.
Миллийн үзэл хүн ямар нэг зүйл хийхэд ямар нэгэн саад байх ёсгүй гэж эхлэх жишээний. Тийм үед л хүний үйл ажиллагаа эрх чөлөөтэй байна гэдгийг гаргаж ирсэн философич.
Хуулийн саад байх ёсгүй. Байгалийн саад байх учиргүй. Хүний саад ч байх ёсгүй. Ямар саад байх ёстой вэ гээд ахиулаад ухахаар “Яг өөр шигээ эрх чөлөөнд дурладаг хүнд хор хохирол учруулж болохгүй” гээд хэлчихсэн.
Хэрвээ хор хохирол учруулбал таны эрх чөлөөг хасаж болно гэчихсэн. Гэх мэтчилэнгээр яривал олон зүйл бий л дээ.
-Философи гэж үүнийг хэлнэ гэсэн тодорхойлолт өчнөөнөөрөө бий байх. Таны санаанд шууд буусан, үнэхээр үүнийг л философи гэнэ дээ гэж дуу алдуулсан тодорхойлолт байна биз?
-Байлгүй яахав. Германы нэг философичийн “Философич бол үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан гэсэн үг бий. Би энэ үгийг уншаад л дуу алдсан.
-Өрнийн философийн түүх бол ойлгомжтой. Дорнын философичид гэвэл дэлхийн ямар хүмүүсийг онцолдог вэ?
-Дэлхийн философийн түүх нэртэйгээр баруунд хэвлэгдсэн номнуудыгхарахад гарцаа байхгүй ордог хүмүүс гэвэл Сиддхарта, Күнз, Минз, Лаозы нар. Зарим номд Богд Зонховыг дурдсан нь бий.
-Буддын гүн ухаанаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?
-Буддизмыг философийн ухааны талаас харахад шууд философи гэхэд хэцүү. Баахан ёс суртахууны сургаалууд байх жишээний. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-ийг төвөдөөр уншаад хэр ойлгогддогийг мэдэхгүй.
Лав кирил үсэгт буулгасан нь ойлгогддоггүй. Харин англи руу буулгасан нь хачин ойлгомжтой.
“Гэгээрэлд хүрэх зам” гэсэн утгаар орчуулсан байдаг юм. Англиар орчуулсныг нь уншихаар философийн зарим элементүүд харагддаг шүү.
Мэдлэгийн харьцангуй шинж, туйлын шинж гэх мэт асуудал ярьж байх жишээтэй. Мэдэрч таньж мэдэхүй болон сэтгэж танин мэдэхүйн асуудлыг хөндсөн байх жишээний.
Гэхдээ энэ нь хэт шашинлаг болсон учраас уншаад харах гэхээр философи харагдахаасаа өмнө теософи давамгайлж харагдаад байдаг. Теос гэдэг чинь бурхан гэсэн үг шүү Дээ.
-Монголчуудад сайн тал бий ч муухай чанаруудыг нь жагсаавал багагүй урт жагсаалт гарна. Амиа бодсон, шуугиан дагаж бодлогогүйгээр шуугьж ханардаг, ёс зүйгүй гээд олон чанар анзаарагддаг. Энэ бүхний суурь шалтгаан нь мэдлэггүй, философи уншдаггүй, ойлгохыг хичээдэггүй, цэгцтэй сэтгэдэггүйтэй холбоотой гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
-Таны хэлсэнд үнэний ор байна. Байгаа байдлынхаа талаар нухацтай боддоггүй тал их тод анзаарагддаг.
“Чиний тэр үйлдлийн талаар хүмүүс ингэж дүгнэдэг шүү”, “Энэ хандлагыг чинь Аристотель ингэж дүгнэсэн” ч гэдэг юм уу, ийм агуулгатай яриа хөөрөө өрнүүлэх чадвар тун тааруу.
Хүний араншинтай нэлээд ойрхон холбогдох философийн салбар бол этик. Сократ этикийн асуудлаар маш их ярьж байсан. Аристотель ч гэсэн.
“Никомахын этик” гэж мундагтом зохиол бичсэн хүн. Никомах нь Аристотелийн аав байгаа юм.
Ер нь бидний сайн муугийн талаарх ойлголт тун бүдүүлэг шүү дээ. Бид их тархай, бутархай аж төрж ирсэн онцлог хэв маягтай үндэстэн.
Суурин амьдралд тун хожуу орсон. Суурин амьдралд хүний мөн чанар их тод илэрдэг. Суурин улсын амьдралын хэв маяг л хүний мөн чанарыг ил гаргадаг.
Өөрөөр хэлбэл, суурин амьдралд хүний жинхэнэ чанар илэрдэг. Нэг зүйлийг онцолмоор байна. Жишээ нь, сайн гэсэн ойлголт маш гүнзгий агуулгатай.
Зүгээр л хүн рүү харж инээчхээд явдаг хүнийг сайн гэхэд хэцүү. Зөвлөлтийн сансрын нисгэгчид олноороо хагас жил хүртэлх хугацаагаар сансарт хамт явдаг байсан.
Хоёулхнаа хагас жилийн хугацаанд сансарт байх үед хажуугийн хүнээ илүү тод таньж мэддэг. Тийм жишээ олон бий. Ийм нөхцөлд орохгүй байгаа учраас хүмүүс өөрийнхөө аутентик мөн чанарыг нуугаад байж чаддаг.
-Бид саяхныг хүртэл нүүдэлчин ахуйгаасаа салаагүй байсан нь үнэн л дээ. Тэгэхээр таны ярианаас анзаарахад мөн чанараа нуусаар ирсэн ард түмэн болж таарах нь. Монголчуудыг зовлон үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн гэх мэтээр тодотгодог. Муухай монгол араншинд энэ онцлог маань хэр нөлөөлдөг бол?
-Гарцаа байхгүй нөлөөлж байна. Өөрийгөө хэн бэ гэдгийг бодож байгаагүй, тийм сэхээ чөлөөгүй аж төсвөөр ирсэн үндэстэн шүү дээ.
Зүй нь “би” гэдэг ойлголтын талаар бодох л хэрэгтэй. Би гэдэг бие махбод, ёс суртахуун, боловсрол цугаараа багтана. Ингэхээр яах аргагүй философи руу орохоос аргагүй болдог л доо.
Жон Стюарт Миллийн аавынх нь найз Жереми Бентам гэж хүн “Сайн нь өчнөөн олон зэрэглэлтэй” гэсэн байдаг Мундаг боловсруулсан хэрэг шүү дээ.
Ютилитари үзэлд “Аль болох олон хүнд аль болох их хишиг өгвөл сайн” гэнгүүт өнөө онолыг эсэргүүцэгчид нь “Олон хүний төлөө нэг хүнийг золигт гаргаж болох нь ээ дээ” гэж сөргөх жишээний.
Эндээс философи харагдаж байгаа юм. Анагаахын этик их сонирхолтой. Үр хөндөлт зөв буруу эсэх, хүнд өвчтөнийг өөрийнх нь хүслээр үхүүлж болох эсэх гээд ухвал маш олон талаас нь харж тайлбарласан байдаг.
– Төрийн соёрхол хүртсэн инженер залуу Ерөнхий сайдыг насаар нь сольж болохгүй, соливол улстөрчдийн хавиргыг хугална гэж хэлээд сууж байна. Энэ мэт жишээ хэлбэл ганц хоёроор тогтохгүй л дээ. Уншдаггүй, сэтгэдэггүй, ухдаггүй, товчхондоо философийн наад захын ойлголтгүй иргэдтэй улсаас л харж болох жишээ мөн үү?
-Философитой холбож харж болно. Учир нь философич, философийн талаар ойлголт ухагдахуунтай хүн хэр барагтайд ухас хийдэгггүй. Юу хамаагүй зүйл ярьдаггүй. Төрийн соёрхол автлаа зүтгэнэ гэдэг өндөр боловсрол эзэмшсэн гэсэн үг.
Тэр дундаа инженер хүн гээд та төсөөл дөө. Сэтгэн бодох чадвар шаардсан мэргэжил шүү дээ. Гэтэл яах аргагүй үзэл бодол нь тиймэрхүү байгаад байна л даа. Ер нь монголчууд хөнгөн хийсвэрдүү хүмүүс.
Хашир биш. Энэ хандлага нь соёлын хүмүүжилтэй ч холбогдоно. Нэг эмоцилж байснаа хэсэг хугацааны дараа дарагдаад нам жим болчхож байгаа дүр зураг маш тод харагддаг.
Нэг юм тархинд нь тусангуут үзэн яддаг, эсвэл хайр зарладаг байж таарахгүй л дээ. Харах, анзаарах хэрэгтэй. Үйлдлийг нь үгтэй нь холбож ойлгох хэрэгтэй. Ажиглах ёстой.
Суурьшсан ард түмний амьдралын хэв маягийн түүх нь мянганаар яригдаж байгаа. Гэтэл бид суурин иргэншилд шилжээд цөөхөн жил болсон улс. Амьдралын хэв маяг нь мянганаар тоологдох хүмүүстэй өөрсдийгөө харьцуулахад хэцүү.
-Түргэн аашилж, бодлогогүй үйлдэл хийдэг чанар суурин иргэншилд шилжээд удаагүй холбоотой гэсэн үг үү. Тэгэхээр өнөөгийн нийгмийн асуудлууд нүүдлийн ахуйгаас суурин соёл руу орж байгаа шилжилтийн хямралын үетэй холбоотой гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Хамгийн том шалтгаан нь байх магадлалтай.
-Асуудлуудаа шийдэх бас нэг том гаргалгаа нь философийг дунд сургуулийн хөтөлбөрт системтэйгээр тусгах юм байна даа..?
-Санал нэг байна. Сургалтын хөтөлбөрт шингээж тусгаж өгөх хэрэгтэй.
Наад зах нь гэхэд логик бодлогууд бодуулдаг байх учиртай. Философийн олон салбар дундаас этикийн салбар, логик хоёрын элементүүдийг хүүхдүүдийн насны онцлогт тохируулж тусгаж өгөх хэрэгтэй.