Categories
мэдээ улс-төр

Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Н.Учрал даргална

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаа 12 цаг 01 минутад 57. 9 хувийн ирцтэй эхэлж, “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга эмнэлгийн чөлөөтэй байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав даргалсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох, сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцохыг зөвшөөрөх, сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор уг тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх асуудал нь олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг учраас Ерөнхий хяналтын сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ажиглагчдыг оролцуулах боломжийг хангах үүднээс Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний фронт генералуудаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгожээ

Монголын үндэсний фронт хөдөлгөөний тэргүүн генерал Б.Баярмагнай тэмцлээ зогсоож буйгаа мэдэгдсэн. Тэрбээр цаашид фронтын тэргүүнээр ажиллахгүй хэмээн тамга тэмдгийг нь хүлээлгэн өгчээ. Мөн түүний араас хошууч генерал З.Болдбаатар үндэсний фронтын үйл ажиллагаанаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тиймээс үндэсний фронтын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тодорхой шийдвэр гаргажээ. Энэ талаараа өнөөдөр (2019.11.12) Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Генералуудын мэдэгдлийг үндэсний фронтынхон цочирдон хүлээж авснаа мэдээллийн эхэнд хэллээ. “Фронт байгуулагдахад 11 хүн хэзээ ч ухрахгүй гэсэн андгай тангараг өргөсөн. Гэтэл хоёр генерал нь шууд гарчихлаа. Ингэж гутаан доромжилж болох уу. Тиймээс хуралдаж, шийдвэр гаргасан. Ингэхдээ Б.Баярмагнай, З.Болдбаатар нарыг Монголын үндэсний фронтын удирдах зөвлөлөөс хөөсөн. Тэд нарт Монголын төрд орох нүүр байхгүй. Монголчууд урвагч нарт дургүй. Энэ хэдэн хүнийг хаяад явж болохгүй” гэдгийг фронтын удирдах зөвлөлийн гишүүн Мөнхбат мэдэгдлээ.

Генералуудаа хөөсөн фронт дараагийн тэргүүнээрээ олон улсын тоймч Ш.Гантулгыг сонгосон байна. Шинэ тэргүүн Ш.Гантулга үндэсний фронт хагарч, задраагүй гэдгийг хэллээ. Тэрбээр “Аймхай хулчгар амьтад нь зугтааж, үнэнч шударга зоригтой хүмүүс нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдсэн гэж ойлго. Би Монголын ард түмний төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ. 11 дүгээр сарын 15-нд зарласан жагсаалыг хийх болно” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 2019 оны эхний арван сард 152 улстай худалдаа хийжээ

ГЕГ, СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Монгол улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортолж, 150 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.

ЭКСПОРТ

Экспорт 6528.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 583.9 сая ам.доллараар буюу 9.8 хувиар өссөн байна.

График 1

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 368.1 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.6 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 23.5 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Хүснэгт 1

Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзэлж байна.

Хүснэгт 2

Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт

2019 оны эхний 10 сард 2747.7 сая ам.долларын 32.3 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний 10 сард 1174.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.5 мянган тонноор бага байна. 2018 оны эхний 10 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1668.9 сая ам.доллар байсан бол тайлант сард 1541.0 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт 6699.5 мянган тонн буюу 459.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 651.1 мянган тонноор, үнийн дүн нь 185.0 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 5428.2 мянган баррель буюу 302.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 460.2 мянган баррелаар их болов ч үнийн дүнгээр 23.7 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.

2019 оны эхний 10 сард 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 135.9 мянган тонноор, үнийн дүнгээр 29.9 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 305.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 ам.доллараар буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 25.1 хувь ОХУ-д, 74.7 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Цайрын баяжмал: 2019 оны эхний 10 сард 109.2 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1425.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 202.3 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 155.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 11.9 сая ам.доллараар буурчээ.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 41.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8215.7ам.доллараас 8769.9 ам.долларт хүрч, 554.2 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 10 сард 4732.7 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 147.4 тонноор бага байна. Молибдены баяжмалын 68.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт

2019 оны эхний 10 сард 7464.5 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9 ам.доллар байсан бол энэ онд 46121.4ам.доллар болж 4016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

2019 оны эхний 10 сард 16.9 мян.тн адууны мах, 2.6 мян.тн хонь, ямааны мах, 1.5 мян.тн малын дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.

Экспортын бүтцийг 10-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 84.3 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 5.3хувь алтны экспортод, 6.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.

ИМПОРТ

Импорт 5064.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 189.0 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн байна.

График 2

Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 11 хэсгийн барааны импорт өсч, 10 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 32.9 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 171.9 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 36.6 сая ам.доллараар, чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 28.5 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.4 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 24.5 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1120.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 32.9 сая ам.доллараар буюу 3.0 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2019 оны эхний 10 сард 945.5 сая ам.долларын 1502.0 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 196.4 мянган тонноор, үнийн дүнгээр 39.0 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.7 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.4 хувийг автобензин, 67.6 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Хүснэгт 3

Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар

2019 оны эхний 10 сард 426.6 мянган тонн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.4мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 706.0 ам.доллар байсан бол 2019 оны эхний 10 сард 600.4 ам.доллар болж 15.0 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 891.2 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 197.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 10 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 662.9 ам.доллар байсан бол энэ онд 616.3 ам.долларт хүрч 46.6 ам.доллар буюу 7.0 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.3 сая ам.доллараар нэмэгджээ.

Бусад барааны импорт

2019 оны эхний 10 сард 1047.9 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд ангиимпортолсон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 5.9 сая ам.доллараар буюу 0.6 хувиар буурсан байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 924.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 171.9сая ам.доллараар өсчээ. Тайлант хугацаанд суудлын автомашин 61069, ачааны автомашин 19931 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8225-аар, ачааны автомашины импорт 1288-аар тус тус нэмэгдсэн байна.

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нэлээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 3 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 127.9 мян.ам доллараас 3562.2мян ам доллараар өсч, 11 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 46.6 мян.ам доллараас 9599.1 мян ам доллараар буурсан байна. 2019 оны эхний 10 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр хуурай сүүний импорт 127.9 мянган ам.доллараар, алим лийрийн импорт 3562.2 мянган ам.доллараар, шар будааны импорт 312.1 мянган ам.доллараар тус тус өссөн байна. Харин цагаан будааны импорт 3439.2 мянган ам.доллараар; элсэн чихрийн импорт 9599.1 мянган ам.доллараар, ургамлын тосны импорт 3478.2 мянган ам.доллараар тус тус буурсан байна.

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 10 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 2789.2 тонноор, сонгино сармисны импорт 9893.7 тонноор, элсэн чихрийн импорт 17268.7 тонноор тус тус буурсан байна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэд харуулав. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 665.1 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 816.0 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 73.2ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 206.2 ам.доллараар тус тус буурсан байна.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 77.6 хувийг эзэлж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.1 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 20.7 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 18.3 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.1 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.4 хувийг тус тус эзэлж байна.

Categories
мэдээ спорт

Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Их аварга Хакүхо Дайэйшод уналаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Маэгаширагийн зүүн жигүүрийн манлай бөх Дайэйшод барьцгүй түлхүүлэн дэвжээнээс гарч унаснаар 1 даваа, 1 унаатай болов.

Дайэйшо есдүгээр сарын тэмцээний зургаа дахь өдөр Их аварга Какүрюү М.Анандыг давсан юм. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Маэгаширагийн зүүн жигүүрийн гурав дахь бөх Такарафүжиг окуридаши мэхээр унагаж, хоёр даваатай боллоо.

Энэ өдөр Дайшёохо Ч.Шижирбаяр, Маэгаширагийн зүүн жигүүрийн 16 дахь бөх Вакатакакагэд окуридаши мэхээр ялагдаж, хоёр унаатай болсон бол Озэки Такакейшо, Асаноямад ватэташинаге мэхээр ойчлоо. Мөн Озэки Такаясү, Абид ошидаши мэхээр, Митакэүми, Хокүтофүжид цукиотоши мэхээр тус тус уналаа.

Өнөөдөр Дайшёохо Ч.Шижирбаяр, Маэгашира Тэрүцүёошитой, Тамаваши Б.Мөнх-Оргил, Маэгашира Котоюүкитэй, Их аварга Хакүхо М.Даваажаргал, Комүсүби Асанояматай тус тус барилдана.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа. Өчигдөр орсон цасны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай цасанд дарагдаж, халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрджээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсэхээс урьчилан сэргийлж, давс, бодис цацах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн журам бий.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрийн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчныхоо 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх үүргээ хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 22 иргэн угаарын хийнд хорджээ

Өнгөрсөн шөнийн байдлаар буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний 18.00 цагаас 12-ны 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хордсон гэх есөн дуудлага иржээ. Үүнээс 17 том хүн, таван хүүхэд дуудлага өгсөн бөгөөд өглөөний 09.00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй хэмээн мэдээллээ.

Дээрх иргэдэд эмнэлгийн туслалцаа үзүүлэн, гэрээр эмчлүүлэх зөвлөгөө бичиж өгжээ. Хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг албаныхны зүгээс иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг 57,3 тонн давс, бодис цацлаа

Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн нойтон цас орж халтираа гулгаа ихээр үүссэн. Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-1,2,3,4 ОНӨААТҮГазрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаан хуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Баян Монгол” чуулга 50 жилийн ойн тоглолт болно

Монгол Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тэгвэл тус ойн баярын концерт энэ сарын 30-нд 16:00 цагт “Корпорейт” центрийн концертын танхимд болох аж.

Түүнчлэн уг тоглолтод “Баян Монгол” чуулга, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Б.Ганбат, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, соёлын тэргүүний ажилтан С.Саруул-Од, дуучин, соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян, Б.Дэлгэрбаяр, дуучин Б.Солонго оролцох аж.

Түүнчлэн “Баян Монгол” чуулгын ойн баярт урилгаар “Харанга”, “Никитон” хамтлаг, гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Н.Оюунчимэг, Б.Хонгор болон дуучин Ж.Ариунжаргал нар оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар өөрийгөө сөнөөх шийдвэр нэгээр нэмэх гээд байна уу

У.Хүрэлсүхийн Засгийн газар гурван хүнд таалагдах поп шийдвэр гаргаж 3000 хүний дургүйг хүргэж байгаагаа мэдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Удахгүй бас л олон мянган хүний хоолоор оролдсон асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж магадгүй нь бололтой. Тэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яамнаас санал болгож буй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг цуцлах асуудал юм. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор бичил уурхай эрхлэгчдийг журамласан нь үр дүнгээ өгч эхэлсэн юм. Тэгвэл тус тогтоолыг Засгийн газар цуцалж өөрсөндөө 110 000 “дайсан” бэлдэх нь бололтой. Хэдхэн сарын дараа болох сонгуулиа хардаггүй юм болов уу. Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийн хувьд хамгийн чухал, номер нэгдүгээр асуудал нь ирэх сонгууль шүү дээ. Бодит байдал дээрээ уул ус онгичиж, байгаль орчин сүйтгээд байна гэж гол нь харлаад байгаа нийслэлийн иргэн, аймгийн төвийн сонгогч байгаа юм уу. Сошиалд нэр бүхий хэдэн хүн л “Байгаль орчин сүйрлээ” гэж чарлаад байхаас бус нийгэмд падлийгүй байгаа сэдэв. Хамгийн идэвхтэй сонгуулийн насныхан бол “Монгол Улсад мөнгө л хэрэгтэй байна. Мөнгө олж байгаа бүхнээ дэмжье” гэсэн үзэл бодолтой болчихсон. Тэгвэл мөнгө олж, улс орныхоо валютын нөөцийн чамгүй хувийг бүрдүүлж байгаа нийгмийн тодорхой хэсэг бол яах аргагүй бичил уурхайчид юм. Эдгээр бичил уурхай эрхлэгчид нийтдээ 350 га талбайг л ашигладаг. Ийм бага зайд үйл ажиллагаа явуулж буй хэрнээ үүнээс ч их 450 га-д нөхөн сэргээлт хийчихсэн байх жишээтэй. Тэдний гэрээт талбай ийм жаахан байхад Архангайн Цэнхэрт Ц.Мянганбаярын эзэмшил талбай 8700 га шүү дээ. Ер нь бол уул уурхайн компаниудын ашигладаг талбайн дундаж дүн мянга мянган га-аар хэмжигдэнэ. 10-20 мянган га талбайтай нэр бүхий компаниуд цөөнгүй бий. Лиценз нь цуцлагдсан компаниудын нийт ажиллагсдын тоо 1200 орчим юм билээ. Тэгвэл дээрх журам цуцлагдвал 9500 орчим бичил уурхайчин шууд ажилгүй болно. Ар гэрийнхнийг нь оруулбал хэдэн мянга болох уу. Энэхүү 9500 гэсэн тоо бол “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо” ТББ-аас гаргасан албан ёсны тоо. Цаашлаад энэ тоог албажуулаад явбал 60 000 хүрнэ. Бод доо, үндсэндээ нийт 350 га-д 10000 орчим бичил уурхайчид ажиллаж байна. Харин 1000 хүрэхгүй ажиллагсадтай, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн компаниудын ашиглалалтын талбай хэдэн мянгаар тоологдоно. Нэг талд нь хэдэн зуун хүнийг ажлын байраар хангадаг ч хичнээн том талбайд олборлолт явуулан, татвараа төлөхгүй байж байгаад өршөөлийн гэх мэт хууль захиалан Монголын баялгийг цөлмөдөг компаниуд, нөгөө талд нь багахан талбайд олон мянган хүнийг амьжиргаатай нь залгуулж буй бичил уурхайн байгуулагууд. Үнэн ийм л байгаа.

Одоо улс орны эдийн засагт хэн нь ямар хэмжээний нэмэр тустай явдгийг тоогоор хэлье. Өнгөрсөн онд алт олборлогчид нийт 21,8 тн алтыг Монголбанкинд тушаасан. Энэхүү алтны дийлэнхийг буюу 12,5 тонныг 175 иргэн тушаасан нь бичил уурхай эрхлэгчид. Монголбанкны валютын нөөц 4 тэрбумд хүрсэн нь том үзүүлэлт. Монголын санхүүгийн баталгаа. Гэтэл энэхүү валютын нөөцийн дийлэнхийг бүрдүүлэгч, чамлахааргүй хувийг эзэлдэг бичил уурхай эрхлэгчдийнхээ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар журмыг нь цуцалж “сөнөөгөөд хаячихъя“ гэж байна. Энэ эрүүл оюун ухаан мөн үү. Ухаалаг улс төрчдийн хийдэг ажил мөн үү. Бичил уурхай эрхлэгчдийг нинжа гэж ойлгоод, тэднийг устгаад хаячихвал ард түмэнд бид янзтай сайхан таалагдана гэж эргүүтээд суугаа нь энэ юм уу. Алтны роялтийг 5 хувь болгох УИХ-ын шийдвэр алт тушаалтад ямар айхавтар сөргөөр нөлөөлж байгааг нийгэм даяар мэдэх боллоо. Алт тушаалт эрс буурч, хил гаалиар хууль бусаар алт их гарах болсныг, бүр хил гааль дамнасан мафи сүлжээ ажлаа эрчимжүүлэх болсныг бүгд мэдэх болж. Гэвч яаж ч чадахгүй байна. Нөхцөл байдал ийм хүндэрч байхад нэрмээс болж улс орондоо алтаа шударгаар тушааж байгаа бичил уурхай эрхлэгчдийг устгана гэж байгаа энэ төр засаг үнэхээр чадваргүй, сохор, зөвхөн сошиалын цуу үгээр ажлаа хийдэг, амьдрал мэдэхгүй байгаагийн тод жишээ юм.

Гэхдээ ийм шийдвэр гаргахгүй байх гэдэгт ард түмэн итгэж байгаа бололтой. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болчих вий гэж ч бас санаа зовцгоож байна. Учир нь Засгийн газар, салбарын яамдууд нь “Энэ журмыг чинь бид ингэж сайжруулж байгаа юм” гээд худлаа ярьдаг жишиг Монголд бий болчихсон. Журам нь амьдралд хэрэгжээд эхлэхээр ярьж байснаас нь тэс өөр, жинхэнэдээ тэр салбарыг хорлон сүйтгэсэн дүрэм, журам баталсан байдаг. Бодит амьдрал дээр бол 2017 оны 151 дүгээр тогтоолоор бичил уурхай эрхлэгчид мөрдөх журмыг баталсан нь сайн ажил болсныг эхэнд хэлсэн. Эзэнгүйдсэн байсан, зарим нэршлээр нинжа нэр авсан хэсэг бүлэг хүмүүсийг албан ёсны хуулийн этгээдүүд болгож, хууль журмын дагуу ажилладаг болсон нь өнөөдрийн байдлаар 9000 орчим бичил уурхай эрхлэгчид болсон байна. Бичил уурхай гэдэг бол нинжа биш юм. Учир нь бичил уурхай нь нөхөн сэргээлт хийдэг, албан ёсны гэрээт газруудтай, Монголбанкинд алтаа тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг хүмүүс. Тийм ч учраас Монгол Улс Азидаа цорын ганцаар бичил уурхайн стандартыг Олон улсын түвшинд хангасан гэж үнэлэгдэж, албан ёсоор зарлагдсан улс юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхай эрхэлж байна. 200-300 жилийн түүхтэй. Зарим улсад зөв төлөвшүүлсэн байдаг бол зарим улсын төр засгийн буруу бодлогоос болж иргэний дайнд хүргэсэн практик ч бий. Тэгэхээр Монголын төр 2005 оноос хойш боломжийн ухаалаг бодлого хэрэгжүүлж ирсэнээ цаашид үргэлжлүүлэх ёстойгоос биш зарим шийдвэр гаргагчид шиг унтаж босч ирээд юм уу, утсаараа шар мэдээлэл авангуутаа шийдвэр гаргахаар ухасхийдэг байдлаар хандаж болохгүй юм. Цаана чинь 110 000 иргэний хоолтой ярьж буй асуудал шүү. Нийгмийн сэтгэл зүй юун дээр цочмог босдог вэ гэвэл хоолоор нь оролдоод эхлэхээр яах ийхийн зуургүй босдог. Эрх чөлөөг нь илэрхий хасаад эхлэхээр шууд зэвсэг ярьдгийг дэлхийгээс бид харж байна.

Монголын эдгээр олон мянган иргэд төр засгийн зөв бодлогын үрээр ажилтай, орлоготой, нийгмийн баталгаатай байсан бол ингэж газар ухаад явахгүй нь тодорхой шүү дээ. Тэднээс маш олон хүнийг бусад салбар руу, бусад ажлын байр руу аажмаар шилжүүлэх ажил эрчимтэй хэрэгжиж байна. Өнгөрсөн жил гэхэд хамгийн олон бичил уурхай эрхлэгчидтэй Заамарт 15 хүнийг МСҮТ-д ойжуулагч, нөхөн сэргээлтийн мэргэжлээр сургасан байна. Энэ жил мөн өдий тооны хүнийг сургаж байгаа юм билээ. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 60 бичил уурхайчныг хүнд машин механизмын оператор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үсчин, гоо сайханч, цэцэрлэгийн туслах багш зэргээр сургахаар болжээ. Энэхүү сургалтын эхлэл болгож 36 хүнийг дээрх мэргэжлээр сургаж, мэргэжлийн үнэмлэхийг нь олгож, бичил уурхайгаас өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан байна. Энэ чиглэлд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо /МБУНДХ/ асар хариуцлагатай ажиллаж байна. Тус ТББ нь одоогоор 15 аймаг, 55 суманд салбараа байгуулжээ. Төр засгаас илүү нийгэмд, амьдралын гүнд хүрч, хууль ёсыг хэрэгжүүлж, маш бага нутаг дэвсгэрт, олон мянган бичил уурхай эрхлэгчдийг хариуцлагатай ажиллуулж чадаж байгаа МБУНДХолбоо шиг газруудад төрийн эрх үүргийн зарим хэсгийг өгөх цаг одоо болсон. Дэлхийн жишиг нь өөрөө тийм юм. Төрийн ачаанаас ТББ-ууддаа үүрүүлдэг. Жишээ нь, Монголын барилгын үндэсний ассоциаци (МБҮА) гэж ТББ-д барилгын тусгай зөвшөөрөл өгдөг төрийн мэдлийн эрх мэдлийг шилжүүлснээр тэр салбарт авлига, албан тушаалын хүнд суртал… хууль бус маш олон ажил цэгцэрч, эрүүлжиж, барилгын компаниудад ямар амар, сайхан болсныг барилгын салбарынхан ярьж байна шүү дээ. Хөгжсөн орны төр засгийн байгууллагууд өөрсдийнхөө эрх үүргээс ТББ-ууддаа шилжүүлж, өөрсдийнхөө ачаанаас хөнгөлдөг, хууль бус байдлаас сэргийлдэг, ингэснээр төрийг эрүүлжүүлдэг сайн жишгийг одоо Монголд хэрэгжүүлье. Тэдгээр ТББ-ууд нь маш хариуцлагатай, ажил хэрэгч, амьдралд бодитой хэрэгжих санал, бодлогын бичиг баримтуудыг төр засагтаа хүргүүлж, төртэйгөө хамтран хэлэлцүүлгүүдийг үр дүнтэй зохион байгуулж чаддаг байх ёстой. Үүнд Монголын төр засаг итгэл үзүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголд салбар бүрт сайн ажиллаж байгаа ТББ-ууд цөөнгүй бий. Тухайлбал, МБУНДХ шиг дотооддоо, мөн ОУ-ын байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажилладаг.

Бид амьдралыг бодитой харах хэрэгтэй. Байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд хэр хүрч байгаа юм. Үнэндээ эх орныхоо байгалийн баялгаас хүртээд байгаа монгол хүн байхгүйтэй адил. Хамгийн бодитойгоор, хуулийн хүрээнд байгалийн баялгаасаа тэгш хүртэж буй хүмүүс бол бичил уурхай эрхлэгчид. Нэгэн үе хувь хувьдаа металл хайгч, ногоон түмпэн бариад дайрч байсан иргэдийг мянга мянгаар нь албажуулж, хариуцлагажуулж, хууль ёсны болгож, эрүүл салбар руу оруулж, Монголын валютын нөөцийн гол цөмийг бүрдүүлэгчдийн эгнээнд шилжүүлж, тийш нь өдөр өдрөөр нүүлгэсээр байгаа МБУНДХ шиг ийм ТББ-уудыг улам олон болгомоор байна. Гэтэл юу гэнэ вэ, бодлогын бичиг баримт, хууль цааз нь болж, үр дүнгээ өгч байгаа “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар оруулж цуцална гэнэ үү. Өөрчлөлт оруулна гэнэ үү. Өөрчлөлт хийнэ гэсэн өөх ч биш булчирхай ч биш юм ярьж саармагжуулахын оронд бараг цуцлаад сонгуульд орохгүй юу даа, эрх баригчид. Өнгөрсөн Их хурлын сонгуулиар Өмнөговийн Засаг дарга Бадраа, “Ажнай” Бат-Эрдэнэ хоёр шиг өндөр рейтингтэй, мөнгөтэй, хөлтэй, нөлөөтэй нэр дэвшигч бараг байгаагүй. Нөхдүүд нэг их сүртэй уриа дэвшүүлсэн нь “Өмнөговь аймгийг бичил уурхайгүй аймаг болгоно” гэсэн лоозон. Өөрсдийгөө ч ёстой сөнөөсөн дөө. Одоо чинь утас интернэт гэж асар хурдтай мэдээллийн сүлжээ үүсчихсэн. Мэдээлэл авсан хэдэн зуун бичил уурхайчин сум, аймгийн төвүүд рүү давхин орж, санал өгөх насны ах дүү, амраг садан, найз нөхдөө энэ хоёрын эсрэг босгосон байдаг юм. Үнэндээ аймаг сум бүрт байгаа бичил уурхайн байгууллагын тэргүүнүүд нь сум орон, жалга дов бүрдээ хамгийн нөлөөтэй нөхдүүд байдгийг эрхэм хоёр дарга даан ч нэг тооцолгүй алдсан даа. Оронд нь хэн ч танихгүй Амарзаяа, Энхболд гэсэн хүмүүс сүнхийгээд гараад ирсэн. Бичил уурхай эрхлэгчдийг уулын мухарт юу ч мэдэхгүй сууж байдаг хүмүүс гэж бодож байна уу. Тэгвэл зөвхөн Өмнөговь аймагт гэхэд орон нутгийнх нь телевизээр “Бичил уурхайн үнэн дүр төрх” нэртэй 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн цахим орчинд тавьсан даруй нэг цагийн дотор 43500 хүн үзэж хэдэн мянган сэтгэгдэл бичсэн байдаг юм. Бичил уурхайчид гэж нийгмийн ийм нэг том масс бий болчихоод байгаа юм. Гэтэл Засгийн газар тэднийг хоолноос нь салгана гэнэ. 2020 онд хоолойнд чинь тээглэсэн яс болж мэднэ шүү.

П.ЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

Цагаан өндөр хайлуур жоншны уурхайгаас хүний цогцос олджээ

Энэ сарын 7-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт Дундговь аймгийн Өндөршил сумаас дуудлага ирж, цагдаагийн мөрдөн байцаагч очиход тус сумын нутагт орших Цагаан өндөр хайлуур жоншны уурхайгаас хүний цогцос олджээ.

Цогцос нэлээд харласан байдалтай, хэзээ нас барсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд уурхайн хамгаалагч байсан хэмээн таамаглаж байгаа аж.

Жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Эф И” ХХК тус лицензтэй талбайд Жонш баяжуулах үйлдвэр барихаар судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа бөгөөд 2019 оны есдүгээр сараас жонш ялгах талбай болон ажилчдын түр байр барих, барилгын материал буулгах талбайн суурийн ажил хийж байсан байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй энэхүү жоншны газар нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Энэ хэргийг одоо аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ.