Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.12) хуралдаан 10 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.3-т “гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна” хэмээн заасан байдаг. Төслийн эцсийн хувилбартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Ж.Батзандан, Д.Оюунхорол нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Орлого, зарлагын хэмжээгээр түүхэн төсөв болсныг Б.Баттөмөр гишүүн хэлээд ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд олон тооны эрсдэл байгааг санууллаа. Мөн тэрбээр орлогоосоо давсан зарлага төлөвлөөд байгааг анхааруулж, судалгаа хийн төсвийн тэнцвэрийг зөв олох шаардлагатай талаар санал хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсвийн төсөлтэй холбоотой шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд, Завхан, Увс, Улаанбаатарт баригдах цэцэрлэгийн төсөвт өртгийн зөрүүг шүүмжлэв. Мөн төсвийн зарим ерөнхийлөн захирагч нарын өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын зарцуулалт тодорхойгүй байгааг тодруулах, задаргаатай нь танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Батзандан нар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж буй асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 2018 оноос эхлэн нэмэгдүүлсээр өнөөдрийн байдлаар 3 хувиар нэмэгдүүлээд байгаа бөгөөд ирэх оны эхээр дахин хоёр хувь нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр тусч буй нөхцөл байдлын талаар хэлэв.
Ийнхүү Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хийлээ.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төслийн 1-д заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох тухай 2.1 дэх дэд заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү санал хураалт явуулсны дараа Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар нийт сумдыг шилэн кабелиар өндөр хурдны интернэтэд холбох асуудлыг хийж гүйцэтгэх шаардлагатайг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Байнгын хорооны даргаас зарим асуудлаар тодруулга хийсэн. Ингээд төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасны дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулсан байна. Б.Чойжилсүрэн даргын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцлүүлгийг хийв
“Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаанд үргэлжилсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19-д “Шаардлагатай гэж үзвэл төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно” хэмээн заасны дагуу дээрх төслийг боловсруулсан болохыг Б.Чойжилсүрэн дарга танилцуулав. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Б.Чойжилсүрэн гишүүн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай зөвшилцөв
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв. Гэрээний төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгөгдсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох бэлтгэл ажил хангагдаад байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд хэллээ. Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн орж, эдгээр байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагуудыг Засгийн газраас боловсруулсан татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлсний Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан юм. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэх юм байна.
Тус конвенц 6 бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулсан гэлээ. Конвенцид нэгдсэн орсноор манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна.
Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.