Хоол хүнс, эмийн замбараагүй хэрэглээ, орчны бохирдол, уур амьсгалын нөлөөлөл гээд монголчуудын дундах элдэв өвчлөл хүрээгээ тэлсээр. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хоргүй хавдар улам бүр залуужиж, тэр хэрээр эрхтнээсээ салсан бүсгүйчүүдийн тоо ихэссэнийг эмч нар хэлж байна. Хавдрыг төгс эмчлэх нэрээр умай, савыг бүтэн авах хагалгаа ард орхигдож, умайн артераар дамжуулж зангилааг тэжээж буй судсыг бөглөдөг тактик хамгийн дэвшилтэт эмчилгээ болжээ. Харамсалтай нь салбарын бодлого, дэмжлэг бага ч эмч нар өөрсдөө судалгаа шинжилгээ хийж, тодорхой тооны бүсгүйчүүдийн өвчин зовлонг нимгэлсэн туршлага байна. Энэ сэдвээр буюу умайн хоргүй хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээний арга тактикийг судалж, судалгаа эрдмийн ажлынхаа хүрээнд 40 гаруй эмэгтэйг эмчилж, тэн хагаст нь үрийн зулай үнэрлүүлчихээд суугаа Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Р.Уранчимэгтэй ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн өвчлөлөөс зонхилон тохиолддог өвчнүүд нь миом, киста юу. Хоргүй хавдрыг миом гэж нэрлээд байна уу?
-Эмэгтэйчүүдэд дийлэнх тохиолддог нь бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд л дээ. Дараа нь миом (myoma) буюу монголоор умайн хоргүй хавдар орж байна. Мyo- гэдэг нь гөлгөр булчин,ома- гэдэг нь хавдар. Умайн булчингийн хоргүй хавдар буюу гөлгөр булчингийн эдээс гаралтай хавдар юм. Хавдрыг бүрдүүлж байгаа эдийн бүтцэд булчингийн эд, эсвэл холбогч эд давамгайлсан уу гэдгээс хамаараад миом, фибромиом, лейомиом гэх өөр өөр нэршилтэй. Киста бол өндгөвчинд үүсдэг, өндгөвчний уйланхай гэж нэрлэгддэг эмгэг.
-Юунаас болж хоргүй хавдар үүсээд байдаг юм бол?
-Хоргүй хавдар умайн булчингийн эс хурдацтайгаар өсч үржсэн, булчингийн эд зузаарсан, хэсэг газарт голомтолсон ургалт маягтай харагддаг. Яг юунаас үүсдэг, яагаад өвчилдөг зэрэг анхны шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байгаа. Умайн гөлгөр булчингийн нэг ширхэг эсээс буюу хромсомондоо хавдар үүсгэх ген агуулсан өөрчлөлттэй эс (үүдэл эс) үржиж олширсноос булчингийн эд голомтлогоор зузаарч томрон хавдар үүсч байна гэж л ерөнхийд нь үзэж байна. Түүнээс ямар нэг юм очоод наалдаад үүсчихдэг эмгэг биш. Хавдрыг үүсгэх ген агуулсан үүдэл эсийн гарал үүслийг эрдэмтэд удамшил, хромсомын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа.Нөгөөтэйгүүр өөрчлөлттэй эсийг өсч, үржиж томрох явцад гаднаас нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд их. Эрсдэлт хүчин зүйлээс гадна эмэгтэйн бие организмын онцлог, бэлгийн дааврын суурь тогтолцоо, түүний зохицуулга, үйл ажиллагаа нь алдагдах, биеийн дархлаа сулрах зэрэг нь буруу мэдээлэл агуулсан хэрэггүй эсийг устгах өсөлтийг дарангуйлж, организмын өөрөө өөрийгөө цэвэрлэдэг “Эсийн программчилсан үхэл” гэх нэртэй процессыг алдагдуулдаг нь хавдрын эдийн ургалтад том нөлөө үзүүлдэг. Энэ процесст хүний дархлаа маш их нөлөөлдөг.
-Эрсдэлт хүчин зүйлүүдэд юу юу ордог байх нь вэ?
-Бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүд, бэлгийн замын архаг үрэвсэлт өвчин, удаа дараагийн үр хөндөлт, үр зулбаад цэвэрлүүлэх гэх мэт умайд янз бүрийн ажилбар, хагалгаа хийлгэх, мэс засал хийлгэх зэргээс гадна эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг их нөлөөлдөг. Хөдөлгөөн багатай суугаа ажил, илүүдэл жинтэй байх, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх, тэр байтугай кофе ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдэд миом үүсэх эрсдэл өндөр гэж судлаачид үзээд байна. Генийн өөрчлөлттэй хүнс мөн нөлөөлөх гээд байгаа.Стресс байна. Ялангуяа, миомын тархалтыг судалсан эрдэмтдийн судалгаанаас харахад хот суурин газарт, нөхөрт гаралгүй удсан буюу сурах боловсрохын тулд гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохоо хойш тавьсан эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолддог байгаа юм.
-Таргалалт бас нөлөөлдөг гэж үү?
-Таргалалт өөрөө миом үүсэхэд нөлөөлдөг дааврын нийлэгжилтийг ихэсгэдэг учраас илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй олон тохиолдож байна.Мөн артерийн даралт ихсэх эмгэгтэй эмэгтэйчүүдийн дунд тохиолдол олон байгааг эрдэмтэд судалсан байдаг.
-Аль ч насныхан өвчилж мэднэ гэсэн үг байх нь?
-Тийм ээ, аль ч насныхан.Ихэвчлэн 30 наснаас дээш анх оношлогддог гэдэг л дээ.Хамгийн их тохиолдол 35-45 буюу цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийн дунд бүртгэгдсэн байдаг. Сүүлийн үед 25-аас доош 20 насны охид, бүсгүйчүүдэд илэрч, залуужаад байгаа. Залуужаад байгаад нь замбараагүй бэлгийн хавьтал, хүсээгүй жирэмслэлт, аборт, бэлгийн замын өвчлөл нөлөөлж байна.
-Өтгөн хаталт эмэгтэйчүүдийн өвчлөлд нөлөөлдөг юм биш байгаа?
-Яг ингэж судалсан судалгаа байхгүй. Гэхдээ өтгөн хаталт үүснэ гэдэг тухайн хүнд дотор эрхтний ямар нэг эмгэг байж мэдэх шүү дээ. Харин нэгэнт үүссэн миом буюу хоргүй хавдар умайн ар хананаас шулуун гэдэс рүүгээ шахсан, дарсан байрлалтай байвал өтгөн хатах зовиур өгч болох талтай.
-Миом умайн гадна, дотор, булчинлаг хэсэгт гээд өөр өөр байх шиг?
-Үндсэн гурван ургалттай байршилтай байдаг л даа. Умайн булчингаас гадагш хэвлийн хөндий рүү түрсэн, умайн булчин дунд байршсан, булчингаас умайн хөндий рүү чиглэж ургасан гээд. Дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны ангиллаар хавдрын зангилааны долоо, найман нарийвчилсан байршлыг заасан байдаг ч энэ нь эмч нарт эмчилгээний тактик сонгоход зориулагдсан байдаг. Умайн хоргүй хавдар нийт эмэгтэйчүүдийн 20-70 хувьд тохиолддог, гэхдээ эмчид хандсан тохиолдлоор үзэхэд шүү дээ. Сонирхуулахад, АНУ-д тэр дундаа хар арьст эмэгтэйчүүдийн 70 хувьд хоргүй хавдар оношлогддог гэдэг.
-Яагаад?
-Хар арьстан эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын суурь байдлаас гадна Д витамины дутагдал өндөр байдаг юм байна.
-Д витамины дутагдал хоргүй хавдар үүсгэдэг гэж үү?
-Д витамин хүний дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр дархлаа муудаад ирэхээр эсийн өөрөө өөрийгөө устгаж, цэвэрлэдэг процесс алдагдаад дээр хэлсэн эрсдэл рүү орж байгаа хэрэг юм.
-Нэгэнт хавдар үүсчихсэн хүнд Д витамины дутагдал өндөр байвал хавдар хурдацтай томрох эрсдэл бас бий болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Бас нэг эрдэмтний судалгаагаар стресс ихтэй байдал нөлөөлж байна гэж үзсэн байгаа юм.Хар арьстай эмэгтэйчүүдийг арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой стресс өндөр байдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр стресс нь миом өсч үржих явцыг хурдасгадаг гэж үзээд байгаа. Өрх толгойлсон, ганц бие ээж, эмэгтэйчүүдэд миомын тохиолдол өндөр байгааг даавартай холбох гээд байдаг, гэвч үнэн чанартаа стресстэй холбож байж мэдэхээр юм. Гэхдээ батлагдсан зүйл биш шүү дээ.
-Орчны нөлөө байх юм биш байгаа?
-Байна аа. Халуун, чийгтэй уур амьсгал, өндөр уулархаг бүс, эсвэл хуурай тоос шороо ихтэй газарт амьдардаг бүсгүйчүүдийн дундах өвчлөлийн тохиолдол өөр өөр.Замын ойролцоо, тоосонцор ихтэй газарт удаан амьдарсан эмэгтэйчүүдэд төдий чинээгээр миом үүсэх эрсдэл өндөр байдгийг судалсан эрдэмтний судалгаа бий.Судалгаанд PМ2.5 РМ10 тоосонцор нь миом үүсэх нөхцөлийг бий болгодог гэж онцгойлсон байдаг. Тэгэхээр энэ бүх хүчин зүйлүүд чинь дархлаанд төдий хэрээр нөлөөлдөг гэсэн үг шүү дээ.Дархлаа муудах тусам организмын өөрөө өөрийгөө цэвэршүүлэх процесс алдагдаад анхны үүдэл эсээс миом үүсэх процессыг ихэсгээд байгаа хэрэг.
-Нэг үеэ бодвол эмэгтэйчүүд өөртөө анхаарал тавьдаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болсон. Саяхан үзүүлж, шинжилгээ өгөхөд зүгээр байсан хэрнээ учиргүй томорсон хавдар, миом илэрчихлээ гэх нь бий. Ямар учиртай юм бол, оношлогоонд байна уу?
-Нэгдүгээрт, оношлогоо.Эмэгтэйчүүдийн 50-60 хувьд зовиур илрэхгүй болохоор ирдэггүй.Харин өөр шалтгаанаар, тухайлбал, үр хөндүүлэх юмуу, ямар нэг өөр өвчин эмгэг үзүүлэх гэж яваад оношлогдож байгаа. Энэ нь манайд эхо, MRI гэхчлэнгээр оношлогооны тоног төхөөрөмжүүд сайжирсантай холбоотой. Хоёрдугаарт, мөнөөх эрсдэлт хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл залуужсан, ихэссэн. Нөгөөтэйгүүр, миомын зангилаа, тоо ширхгүүд олшроод, хурдацтай томорч буйд шалтгаан бий.
-Аль ч хэлбэр, шалтгаантай байсан эмчилгээний үр дүн хэр байдаг бол?
-Эмчилгээний тактикийг эмэгтэйн нас, мөн төрсөн үү, үгүй юү гэхчлэн нөхөн үржихүйн хэрэгцээ хангагдсан уу, хоёрдугаарт, зовиур, хавдрын зангилааны байршил, тоо ширхэг зэргээс хамаарч сонгодог юм. Ерөнхийдөө эмчилгээний үндсэн хоёр арга бий. Мэс заслын, эмийн гэсэн. Орчин үед судас бөглөх эмчилгээ нэвтэрч эхэлж байна. Гаднаас нь өндөр эрчимтэт долгионоор шарах арга бас бий. Сүүлийн хоёр нь орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм.
Манайд төдийгүй ихэнх улс оронд мэс заслын эмчилгээ давамгайлж байгаа. Ер нь хавдрын зангилааг шулж авах, хавдрыг умайтай нь хамт авах гэсэн мэс заслын хоёр арга байдаг юм. Умайг хавдартай нь авах нь эмчилгээний хамгийн төгс хэлбэр гэж үздэг л дээ. Умайг бүхлээр нь авлаа, өвчин бүрэн эдгэрнэ.Хавдрын зангилааг шулж авахдаа манайд ч, дэлхий дахинд ч дурангаар, эсвэл хэвлий нээж хийж байгаа.
-Үр дүн?
-Үр дүн сайн.Дуран нь хэвлий нээж хийснээс илүү өвчтөндөө шаналгаа бага, хагалгааны дараахь эмнэлэгт хэвтэх ор хоног бага, эдгэрэлт хурднаас гадна бие дэх шарх сорви багатай, хоёр гуравхан жижиг сорви үлддэг.Хэвлий нээхэд наанадаж 7-8 см-ийн зүслэгтэй сорвитой болно.
-Өвчлөлийн 50-60 хувьд зовиур илэрдэггүй байх нь.Тэгвэл оношлуулахын тулд ямар шинжилгээ, үзлэг хийлгэх ёстой вэ?
-Бид хоёрын хөндөж буй умайн хоргүй хавдар, өндгөвчний киста зэрэг чинь эзлэхүүнт үүсвэр шүү дээ. Биед байхгүй юм үүсчихсэн гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. Жилдээ нэг удаа үзүүлчих хэрэгтэй. ЭХО оношлогоо хаа сайгүй хийж байгаа, хамгийн анхны оношлогооны арга нь шүү дээ. Мөн ямар нэг зовиур шаналгаа илрээд байвал хэн нэгнээс асууж, лавлаж цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандчих хэрэгтэй.Миом оношлогдоод өвчний хүнд хөнгөн, явцыг тодруулах шаардлага үүсвэл хэвлийн тодосгогчтой томографи хийлгэнэ, цаашлаад судасжилт, ургалт үзэхийн тулд ангиографи хийнэ дээ.
-Хүнд гэмээр, сонирхолтой бүтэцтэй гэх үү хавдартай өвчтөн тохиолдож байв уу.Анхаарал татмаар тохиолдол байдаг байх?
-Саяхан миомын арван хэдэн ширхэг зангилаа түүсэн. Умай өөрөө 5-6 см хэмжээтэй, лийр хэлбэртэй жижигхээн булчинлаг эрхтэн шүү дээ. Тэгэхэд тэр жижигхэн эрхтнээс гадагшаа болон дотогшоо, булчин дундуураа гэхчлэн 15, 16 ширхэг зангилаан ургалттай эмэгтэй байсан. Огт төрж байгаагүй, 40 нас гарчихсан. Цус алдах эрсдэлээс нь хамгаалаад умайг хавдартай нь хамт авах эмчилгээний тактик тулгараад байдаг. Гэтэл “Би төрөөгүй тул савтайгаа, умайтайгаа баймаар байна.Тэр байтугай хүүхэдтэй болохыг хүсч байна” гээд байдаг.Ингээд эмэгтэйн савыг үлдээх мэс засал хийсэн.Арван хэдэн ширхэг миом түүсэн, хагалгааны дараа сарын тэмдэг нь хэвийн ирсэн. Харин бүсгүйг жирэмслүүлэх, үр хүүхэдтэй болгох тухайд нэлээд шинжилгээ, эмчилгээ хийгдэх байх. Эрхтнээ, нөхөн үржихүйгээ хадгалж үлдэх гэдэг хэдэн настайгаас шалтгаалахгүйгээр бүсгүй хүн бүрийн хүсэл шүү дээ. Савтайгаа, эрхтэнтэйгээ байж байгаад физиологиороо цэвэршихийг бүгд хүсч байна.
-Яаж ийгээд эрхтэнтэй нь үлдээх өөр арга байхгүй гэж үү?
-Байна аа. Гэхдээ манай улсад арай нутагшиж амжаагүй ч бид эхлүүлж чадсан арга бий. Умайн артераар дамжуулж зангилааг тэжээгээд байгаа судсыг бөглөдөг эмчилгээ нэвтрүүлсэн. Эрхтэн хадгалах эмчилгээний хамгийн дэвшилтэт арга болж байгаа.
-Хавдар дахиж ургах уу?
-Ургана аа. Булчин дунд байршсан, хэмжээ нь нэг сантиметрээс дотогшоо хэмжээний жижиг миом үлдчихвэл тэрнээс дахиад ургаж томрохгүй гэх баталгаа байхгүй. Хавдрыг шулж авах мэс заслын дараахь эхний хоёр жилд 15-30 хувьд миом дахин ургадаг, оношлогддог гэсэн судалгаа бий. Харин судас бөглөх эмчилгээний дараахь эхний таван жилд дахин ургах эрсдэл ердөө 10 хувь гэж үздэг. Нэг нь хоёр жил, нөгөө нь таван жил гэж байгаа биз. Судас бөглөх эмчилгээ ийм сайхан үр дүнтэй.
-Энэ эмчилгээгээр та докторын зэрэг хамгаалсан бил үү, саяхан?
-Тэгсэн.
-Тэгэхээр энэ мэс заслыг та өөрөө хийж үзсэн байх нь уу?
-Судсан доторх мэс засал хийдэг тусгай тоноглогдсон өрөөнд, судасны мэс засалч эмч хийдэг юм шүү дээ. Нэгдсэн III эмнэлгийн ангиографийн, судасны мэс засалч эмч нартай хамтарч хийж байгаа. Энэ эмчилгээг өргөн хүрээтэй, практикт нэвтрүүлж, Монголдоо нутагшуулахын тулд эмэгтэйчүүдийн эмчилгээний стандартад оруулах хэрэгтэй. Түүний төлөө ажиллана л гэж бодож яваа даа.
-Судасны эмч нартай хамтарч хийдэг мэс засал юм бол эмэгтэйчүүдийн эмнэлгийн дэргэд дахиад энэ төрлийн эмчилгээгээр дагнасан тасаг, төв ч юм уу хэрэгтэй биш үү?
-Болдог бол төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг буюу төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр ангиогийн аппарат авчраад тавьчихмаар байгаа юм.Рентген мэс заслын өрөөтэй болж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь ажиллавал эмэгтэйчүүдэд бүр амар болмоор.Одоогийн нөхцөлд рентген мэс засал зөвхөн III төв эмнэлэгт бий.Уг нь энэ ажилбар ор хоног цөөтэй, хүндээ ямар ч сорви үлдээдэггүй, зовиур шаналгаа маш бага. Хагалгаа биш, ганц зүүгээр хатгаад л судсан дотуур гуурсаа оруулж хийдэг ажилбар юм. Тэгэхээр өвчтөн маань эмнэлэгт ганц, хоёрхон хоноод гарна, хөдөлмөрийн чадвар алдах хугацаа тун цөөн, үргэлжлүүлээд эмэгтэйчүүдийн эмчдээ хянуулаад явчихна.Тиймээс энэ дэвшилтэт эмчилгээг Эмэгтэйчүүдийн эмнэлгүүддээ албажуулан нэвтрүүлчихвэл бүсгүйчүүдэд маань хэрэгтэй юм даа.
-Ангиографийн аппараттай, мэс заслын өрөөтэй болчихлоо гэхэд эмч нар хэр бэлтгэгдсэн байдаг юм бол?
-Судсан дотуурх мэс засал манайд одоо л амжилттай хөгжиж эхэлж байна. Нэгдсэн III эмнэлэгт Р.Ганбаатар, н.Лхагвасүрэн эмч нар л хийж байна. Зүрхний мэс засалчид мөн хийж байгаа.
-Судас бөглөх энэ ажилбараар умайн хоргүй хавдар бүрэн эдгэрэх үү?
-Шууд бүрэн эдгэрч байгаа гэсэн үг биш л дээ.Умайг бүтэн авч байж бүрэн эдгэрнэ гэж ярина.Энэ ажилбараар зовиурыг маш сайн дарна, цус алдалтыг 90-ээс дээш хувиар багасгадаг талаасаа төгс мэс заслын аргатай адил эмчилгээний арга гэж байгаа юм.
-Умайн хоргүй хавдар дийлэнхдээ зовиур илэрдэггүй гэх ч илэрвэл ямар шинжүүд байна?
-Ихэвчлэн цус алдалт.Эмэгтэйчүүд ийм зовиуртай маш их ирдэг. Мөн өвдөлт, үргүйдлийн шинж тэмдэгтэй. Жирэмслэхгүй байна гээд ирэхэд миомтой байдаг. Хавдрын зангилаа хэмжээгээрээ томорсноос шалтгаалж урагшаа давсгаа дарснаас шээсний талын зовиур, арагш шулуун гэдсээ дарж өтгөн хатах гэх мэт эрхтэн дарагдлын шинжүүд илэрнэ. Хавдрын зангилаанд халдвар орж үрэвсвэл халуурах тохиолдол бий.Зарим тохиолдолд миомтой эмэгтэйчүүд хожуу цэвэршдэг ч энэ нь цус алдалтын нэг хэлбэр байх нь бий. Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 48-50 шүү дээ. Сүүлийн үед цэвэршилтээ хойшлуулна гээд дааврын эм уух нь ихэссэн.
-Цэвэршилтээ хойшлуулж эм уух нь хэр оновчтой юм бол?
-Шаардлагагүй л дээ. Физиологийн юм физиологиороо байх хэрэгтэй гэж үздэг. Дааврын эм уух нь эргээд хямрал үүсэх, хортой хавдар үүсэх эрсдэлийг дагуулдаг.
-Умайн хоргүй хавдрыг судас бөглөх эмчилгээгээр зогсоох гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалж, Монголдоо ч анхны эмчилгээнүүдийг нэвтрүүлээд эхэлж.Цааш нь үргэлжлүүлж судалж, хийхээр хүссэн сэдэв бий юү?
-Судас бөглөх эмчилгээ хийлгэсний дараахь жирэмслэлт болоод уг эмчилгээ нь өндгөвчинд ямар нөлөөтэй вэ гэдэг дээр дэлхийн эрдэмтэд санал хуваагдаж маргаантай байгаа. Ялангуяа жирэмслэлт, төрөлтийн асуудал дээр. Тэр талаарх судалгааны ажлаа нарийвчлан үргэлжлүүлж хийвэл хэрэгтэй юм гэж боддог. Судас бөглөх эмчилгээ жирэмслэлтэд сөрөг нөлөөтэй гэж нэг хэсэг нь үзэж байхад, ихэнх нь муу нөлөөгүй гэж дүгнэсэн байдаг.
-Та юу гэж бодож байна?
-Ямар ч нөлөөгүй, зүгээр гэдэг талд нь бидний хийсэн судалгааны үр дүн гарсан байгаа. Харамсалтай нь, манайд судас бөглөх эмчилгээ стандартад ороогүй байна. Хоёрдугаарт, эмчилгээнд хэрэглэгдэж байгаа материалын үнэ өндөр байгаа. Тиймээс эмч нар 100 хувь зөвлөж чадахгүй байгаа юм.
-Эрдмийн ажлаа хийх явцад хамрагдаж, энэ эмчилгээнд орсон хичнээн эмэгтэй байдаг бол?
-47 эмэгтэйг судалгаандаа хамруулсан. Тэрнээс гадна эмчилгээнд хамрагдсан бүсгүйчүүд минь нийлээд 170 шахам бий.
-Үр дүн нь?
-Бүгд эрхтнээ хадгалж, өөртөө зовиур багатайгаар, сорви үлдээхгүйгээр, эмчилгээний дараа эмнэлэгт хэвтэхгүйгээр, хөдөлмөрийн чадвараа алдахгүйгээр өвчнөөсөө салж байгаа юм.Дурангийн мэс засал гэхэд ерөнхий унтуулгатай ордог бол судас бөглөх ажилбар тэрүүхэн хэсгийн мэдээ алдуулалттай л ордог.Бидний судалгааны ажилд хамрагдаж, судас бөглөх эмчилгээ хийлгэсэн 47 эмэгтэйгээс 19 нь жирэмсэлж, төрсөн байгаа. 35-39 насны гурван эмэгтэй анх удаа жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн сайхан үр дүнтэй. Тэгэхээр цаашид стандартад оруулж, өндөр үнэтэй эмчилгээний жагсаалтад оруулж чадвал олон эмэгтэй өвчин эмгэгээсээ салж, олон айл үртэй болох боломжийг нээж өгөх дэвшилтэт эмчилгээ байгаа юм.