Categories
мэдээ нийгэм

Мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж дөрвөн хүн хорджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлага өчигдөр 12.40 цагт тус аймгийн онцгой байдлын газарт иржээ.

Энэ дагуу Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай гурван км замыг туулан 12.43 цагт очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргажээ.

Тус үйлдвэрийн 216м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д өнөөдөр хүргүүлнэ. Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан дөрвөн ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баасандорж: Манайх бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн программаа хамгийн олон хэрэглэгчдэд нийлүүлж чадсан


“Эм Эс Пи Ди Ти” ХХК-ийн захирал Ц.Баасандоржтой ярилцлаа.


-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Байгуулагдаад хэр удаж байгаа бол?

-Манайх 2015 оноос эхлэн бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид бөөний худалдаа эрхлэгчдэд зориулсан борлуулалтаа хянах системийг хөгжүүлдэг. Тодруулбал, бөөний худалдааны салбарынхан энэхүү технологийн шинэ дэвшлийг ашиглаад борлуулалтаа хянаж чаддаг болсон гэсэн үг. Биднийг энэхүү системээ нэвтрүүлж байх үед азтай ч гэж болохуйц зүйл тохиолдсон нь төрөөс мэдээллийн технологийн чиглэлээр хоёр үйл ажиллагаа авч хэрэгжүүлсэн явдал байлаа. Энэ хоёр үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр манай компанийн “DManager” программ зах зээлд нэвтрэх, өсөж хөгжихөд чухал дэмжлэг болсон.

“ТАЛХ ЧИХЭР”, “ТЕСО”, “ГАЗАР ШИМ”, “МАКСИМУС”, “СТИМО” ЗЭРЭГ ТОМООХОН КОМПАНИУД МАНАЙ ПРОГРАММЫГ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ БАЙНА

-Төрөөс мэдээллийн технологийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд нь юу байв?

-Нэгдүгээрт, Монгол Улс 2016 оноос эхлэн Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn системийг хэрэгжүүлсэн. Энэ нь улсын төсөв санхүү, татвар хураалтад сайн нөлөө үзүүлэхээс гадна Монголын IT-гийн хөгжилд түлхэц болж, маш том давалгаа үүсгэсэн. Энэ хүрээнд хувь хүн, аж ахуй нэгжийн интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Манайхтай ижил үүлэн технологид суурилсан программууд зах зээлд нэвтрэх боломжтой болсон юм. Бид энэ боломжийг ашиглаж зах зээлд хялбархан нэвтэрсэн. Хоёрдугаарт, 4G технологийн нэвтрэлт чухал нөлөө үзүүлсэн. Хуучин 3G технологитой байх үед мэдээлэл дамжуулах хурд нь удаан, гар утасны цэнэг амархан дуусдаг гэх мэт хүндрэлүүд ч гардаг байсан. Энэ нь манай “DManager” аппликейшныг ашигладаг борлуулалтын ажилтнуудад ч бэрхшээл болдог байв. Харин 4G нэвтэрсэнээр апп дээр гардаг маш олон асуудлыг шийдсэн. Энэ хэрээрээ манай хэрэглэгчийн тоо хурдтайгаар нэмэгдсэн юм.

Энэ хоёр шиг том өөрчлөлт нэг хэсэгтээ гарахгүй учраас шинэ програмуудад гарч ирэхэд хэцүү байх болно. Том өөрчлөлттэй манай үйл ажиллагаа эхлэж таарсныг аз гэж боддог.

-“DManager” аппликейшныг өнөөдөр хичнээн аж ахуй нэгж ашиглаж байна вэ?

-“Талх чихэр”, “Тесо”, “Газар шим”, “Максимус”, “Стимо” зэрэг томоохон компаниуд манай программыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Товчхондоо, манайх бөөний худалдааны борлуулалт, түгээлтийн програмын зах зээлийн хамгийн их хувийг эзэлдэг. Энэхүү программаа хамгийн олон хэрэглэгчдэд нийлүүлж чадсан цорын ганц компани болоод байна. “Эм Эс Пи Ди Ти” ХХК маань ч 40-өөд ажилтантай болж өргөжин тэлсэн байна.

БОРЛУУЛАЛТЫГ ДОР ХАЯЖ 20 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР ӨСГӨДӨГ

-Энэ зах зээлд өөрсдийн байр сууриа хэдийнэ олж, үнэнч хэрэглэгчидтэй болж чаджээ. Ийнхүү онцгойрч чадаж байгаагийн нууц нь юу вэ. Та бүхэн хэрэглэгчдэд ямар давуу талыг бий болгож чадаж байна вэ?

-Бөөний худалдааны байгууллагуудад борлуулалтаа бүрэн удирдах боломжийг олгодог. Жишээ нь бид 50 хүний бүрэлдэхүүнтэй борлуулалтын албанаас асуудаг. Зах зээлийнхээ хэдэн хувийг хамарч, борлуулалт нь үр өгөөжтэй байна уу? гэж. Зарим нь үүнд хариулж чаддаггүй. Зах зээлд хэр хэмжээг эзэлж байгаагаа мэдэхгүй, зах зээлийнхээ 80-аас дээш хувийг хамарч чадахгүй байвал борлуулалтын албанд нь асуудал байна гэж хэлж болно.

Харин манай программыг ашигласнаараа зэх зээлийнхээ хэдэн хувийг хамарч байгаагаа мэдэж чадна. Хаана асуудал байгааг ч бид “оношилж”, алган дээр тавьсан мэт маш тодорхой болгож өгдөг. Дээрээс нь манай системт нэвтэрснээр тухайн компани борлуулалтаа бүрэн хянаж чаддаг. Борлуулалтын ажилтнуудын ажлын гүйцэтгэл, хаана, хэрхэн ажиллаж байгааг удирдлага хаанаас ч хянах боломжтой. Эдгээр нь борлуулалтын үйл ажиллагааг эрс сайжруулж, борлуулалтын дүнг нэмэгдүүлдэг давуу талтай юм. Борлуулалтыг дор хаяж 20 болон түүнээс дээш хувиар өсгөдөг гэдгийг ч онцлох нь зүйтэй байх.

-Тодорхой үр дүн гарсан жишээнүүдээс дурьдахгүй юу?

-Өмнөх хэдэн жилүүдэд эдийн засаг хямарсан. Энэ үед манай программыг ашигладаг дээрх компаниудын борлуулалт байнга өсч байсан. Энэ бол хамгийн том жишээ, үр дүн. Эдийн засаг хямрах үед хүмүүс зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаагаа мэдэхгүй, баримжаагаа алдчихдаг юм билээ. Хямраад байгаа учир борлуулалт буурч байна л гэж ойлгоод байдаг. Яг бодит амьдрал дээр технологийн хөгжлийг ашиглаад өрсөлдөгч нь илүү сайжирч, чангарч, бусад өрсөлдөгчиддөө нөлөөлөөд байгаа хэрэг юм.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ЗАХИАЛСАН БАРААГАА 24 ЦАГИЙН ДОТОР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖОЙ БОЛНО

-Цаашид ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Бөөний худалдааны байгууллагуудын өрсөлдөөн маш ширүүн. Тиймдээ ч тэд зах зээлээ тэлэх, улмаар тэсэж үлдэхийн тулд байнгын шинийг эрэлхийлэгч байдаг. Шинэ технологи, шинэ арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь тэдний өрсөлдөөнт зах зээлд тун чухал. Энэ онцлог нь ч бидэнд үргэлж шинэ технологийг судалж, ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг гарган харилцагчдадаа нийлүүлэхийг шаардаж байдаг юм. Бид программаа тасралтгүй хөгжүүлэхээс гадна шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Энэ нь “ОНЛАЙН ДИСТРИБЮШН” гэх гурван үндсэн үйлчилгээ, бусад нэмэлт боломжуудыг агуулсан цогц систем юм. Эхний үндсэн үйлчилгээ нь жижиглэн худалдаа эрхлэгчид хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр захиалах, захиалсан бараагаа 24 цагийн дотор хүлээн авах боломжийг олгоно. Манай системийг ашиглан онлайнаар захиална гэсэн үг. Энэ нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажлыг хөнгөвчилж, нөөцөө зөв тодорхойлоход нь хөтөч болж чадах юм. Нөгөө талаас бөөний худалдаа эрхлэгчдэд зах зээлийн эргэлтийг мэдээлж, зөв цагтаа, зөв газраа, зөв бараагаа байрлуулах боломжийг олгох давуу талтай.

ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ 14 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ХҮҮ, ШИМТГЭЛГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО

-Тэгвэл хоёр дахь үйлчилгээ нь юу байх вэ?

-Хоёр дахь үндсэн үйлчилгээ нь мөн жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулагдсан. Тодруулбал, жижиглэн худалдаа эрхлэгчид манай системээр дамжуулан худалдан авалт хийвэл байнгын нэг хувийн урамшуулал авах юм. Мөн үнэнч хэрэглэгчдэдээ 14 хоногийн хугацаатай ямар нэгэн хүү, шимтгэлгүй зээл авах боломжийг ч бид олгоно. Бөөний худалдаа эрхлэгчид манай системийг ашиглан бараагаа зээлээр, бэлнээр зарснаасаа үл шалтгаалаад мөнгөө шууд авч болно. Түүндээ ямар нэгэн хүү, шимтгэл төлөхгүй. Үндсэн үйлчилгээний гурав дахь нь жижиглэн худалдаа эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх явдал юм. Компани бүрт харилцагчийн сан бүрдүүлэх ажил хийгддэг. Зарим групп компаниуд охин компаниудынхаа дунд тусгай нэгж байгуулаад, харилцагчдын нэгдсэн сан үүсгэсэн байдаг. Бид энэ үйл ажиллагааг нь хялбарчлаад Монгол Улсад байх бүхий л жижиглэн худалдаа эрхлэгчдийн сан байгуулж, өөрсдөө хариуцаж ажиллая гэж байгаа юм.

“ОНЛАЙН ДИСТРИБЮШН” ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ УЛААНБААТАР ХОТООС АЛСЛАГДСАН 12 АЙМАГТ НЭВТРҮҮЛСЭН

-Энэ систем хэзээ нэвтэрч, жижиглэн худалдаа эрхлэгчид ашиглах боломжтой болох вэ?

-Манай харилцагч нарт нэг онцлог байдаг. Аливаа зүйлийг бөөрөнхийлөхгүйгээр шууд хариугаа хэлчихдэг. Муу шийдэл санал болгоод үгүй гэдэг хариулт авчихвал ахин зөвшөөрүүлэх санал авна гэдэг тун хүнд гэсэн үг. Энэ утгаараа бид үйлчилгээнийхээ давуу талыг харилцагчдадаа мэдрүүлэхийн тулд туршилтын хувилбарыг санал болгосон. Эхлээд “ОНЛАЙН ДИСТРИБЮШН” үйлчилгээгээ Улаанбаатар хотоос алслагдсан 12 аймагт нэвтрүүлсэн юм. Есдүгээр сард 12 хувь, аравдугаар сард 17 хувь өссөн нь чамлахаар үзүүлэлт биш. Арваннэгдүгээр сарын борлуулалт өмнөх сараас 15 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Бидний тооцоолсончлон энэхүү үйлчилгээ маань үр дүнгээ өгч, борлуулалтын дүн нэг сарын хугацаанд гурван тэрбум төгрөгөөс дээш гарч, зах зээлийнхээ нэг орчим хувьд хүрэхэд бид анхны хувилбар гэж нэрлэх болно. Улмаар улс даяар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Шинэ үйлчилгээ маань борлуулалтыг хангалттай өсгөхгүй ч харилцагч нарт шинэ нөхцөлд дасахыг шаардана. Хамгийн гол нь ажилтан очоод ятган борлуулалт хийхгүй учир маркетингийн үйл ажиллагаагаа өөрчлөх боломжийг олгоно. Энэхүү үйлчилгээ нэвтэрсэн аймгуудад бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарах ч боломжтой.

Categories
мэдээ нийгэм улс-төр

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Элейн Конкиевич итгэмжлэх захидлаа гардуулж өгөв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Элейн Конкиевичийг 11 дүгээр сарын 25-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Э.Конкиевич итгэмжлэх захидлаа гардууллаа.

Уулзалт ярианы үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд манай талаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй бодлогыг бэхжүүлэх, ногоон технологийг нэвтрүүлэх, Peacebook форумыг хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хатагтай Э.Конкиевич НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс жендэрийн тэгш байдлын хангах, хүүхэд залуучуудыг чадавхжуулахад эн тэргүүний ач холбогдол өгч ажиллаж буйг дурдаад Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

АНУ-ын иргэн Э.Конкиевич нь 2014 оноос хойш НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Казахстан Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсад томилогдон ирсэн. Тэрбээр НҮБ-ын системээс гадна Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Швейцарын хамтын ажиллагааны HELVETAS зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай ажээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Н.Номтойбаяр: “Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй”

2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр АН-ын дэд дарга Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед төрийн ордонд байсан 200 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед Г.Батхүү агсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орсон гэдэг бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай уулзсан нь үнэн. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй” гэсэн байдаг.

Н.Номтойбаяр тавдугаар сарын 19, 30-нд, зургаадугаар сарын 18-нд нийт гурван удаа гэрчийн мэдүүлэг өгчээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 31-нд тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “Г.Батхүү агсныг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж худал мэдүүлэг өгсөн, тиймээс эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр Прокурорын байгууллагаас таныг сэжигтнээр татаж магадгүй” гэжээ. Тэрээр өөрийн твиттер хуудсандаа ч энэ талаар жиргэжээ. Энэхүү хэргийн талаар хууль хяналтынхан өнөөдрийг хүртэл мөрдлөгийн явцын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуулийн Цэцийн даргыг ирэх даваа гаригт сонгоно

Image result for Цэц

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр /2019.11.29/ хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо. Үндсэн хуулийн Цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон бөгөөд ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 02-ний өдрийн 11.00 цагаас хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.29/ хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох гэсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээ нь 21 зүйлтэй бөгөөд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахаас гадна улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа бизнес, зам тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, түүх соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хороотой зөвшилцөхөөр өргөн мэдүүлээд байна гэж салбарын сайд Д.Цогтбаатар танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар нар асуулт асууж хариулт авав. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Сураггүй алга болсон иргэний цогцсыг арав гаруй хоногийн дараа ар гэрийнхэн нь олжээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар/сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 11.00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогсчээ.

Улмаар 13.00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17.00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болжээ. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 17-ноос 24-ны хооронд эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Гэтэл тус аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны-Ар гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт гурван км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь өчигдөр 17.40 цагт олсон мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурдаад, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв. Түүнчлэн ирэх 2020 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ хүрээнд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах, хоёр талын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгааг тэмдэглэж, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газраас анхаарч ирсэнд талархаж, цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар Элчин сайдын зүгээс хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун хоёр улсын харилцаа, тэр дундаа харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллахаа мэдэгдэв. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байгааг илэрхийлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Ли Ё Хун-д ажлын амжилт хүсч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэв.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн явц болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Уулзалтад СЗХ-ны ГХХАГ-ын дарга В.Энхбаатар, ХШЗГ-ын дарга Б.Долгорсүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай нар оролцов

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Элдэв-Очир: Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлцэл хийж байгаа

УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очиртой ярилцлаа.


-Гурван парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж, Ерөнхийлөгч ёсчиллоо. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?

-Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхэд ард түмний санал асуулгаар оруулах нь зөв гэсэн хатуу байр суурьтай байсан цөөхөн гишүүдийн нэг нь би. Тэр хэмжээнД ард түмний санал асуулгаар баталж чадсангүй.

Гэхдээ УИХ, Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихлаа. Энэ бол маш том дэвшил. Харьцангуй сайжирсан олон заалт орсон. Мэдээж төгс зүйл гэж байхгүй. Улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах хууль байна байх.

-Засгийн газар сүүлийн 20 гаруй жил тогтворгүй ажиллаж ирсэн гэж байгаа. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэх үүднээс Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрхтэй болсон. Нөгөө талаар хэтэрхий хүчтэй Ерөнхий сайдтай болчих вий гэх болгоомжлол байх шиг байна…

-Засгийн газар тогтвортой ажиллах тал дээр нэлээд сайн хуульчлагдчихлаа. Маш сайн заалтууд туссан. 100 хувь давхар дээлгүй байх асуудал яригдаж байсан. Ерөнхий сайд хэтэрхий эрх мэдэлтэй болчих вий гэсэн болгоомжлол бий.

Гэхдээ Их хурлаас Ерөнхийлөгчийг өргөтгөсөн байдлаар сонгодог байя гэсэн асуудлыг оруулаагүй. Учир нь ялсан намын дарга засгаа байгуулдаг. Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Гэтэл Их хурлаасаа Ерөнхийлөгчөө сонгоно гэвэл Ерөнхий сайд нь хэтэрхий их эрх мэдэлтэй хүн болчих гээд байгаа учраас энэ асуудлыг хойшлуулсан. Энэ зөв юм билээ. Ерөнхийлөгчид хамаг эрх мэдэл оччихлоо гэж шүүмжилдэг.

Нөгөө талдаа Ерөнхий сайд нь хэнд ч дийлдэхгүй нөхөр болчих асуудал байгаа учраас Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгож байх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Өөр өөрсдийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж шийдсэн.

-Шүүхийг гол нь улс төрөөс хараат байлгая л гэдэг. Үнэхээр нэмэлт, өөрчлөлтөд шүүх бие даасан байж чадахаар заалтууд тусчихав уу. Та хэрхэн харж байна вэ?

-Шүүх засаглалын хувьд органик хуулиудаар ганц нэг зохицуулалт хийж таарна. Сахилгын хороо яах аргагүй байх ёстой.

Сахилгын хорооны дүрэм журмыг тодорхой болгоод өгчихнө. Ерөнхийлөгч гэдэг хүн хууль хяналтын байгууллагынхныг базчихлаа, хөдөлгөдөггүй гэх шүүмжлэл яваад байдаг. Миний шүүмжлэлтэй хандаж байсан зүйл бол 62 дугаар зүйл дээр бүх шатны шүүгч, ерөнхий шүүгч нарыг томилох, баталгаажуулах эрхийг нь Ерөнхийлөгчид өгчихөж байгаа юм. Энэ бол буруу.

Яагаад гэхээр хуучин хонгилын эзэн болоод байсан Ерөнхийлөгч гэх хүн бүх шатны шүүгчдийг томилно гэдэг гартаа л байлгахын нэр болчихоод байгаа юм. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороон дарга болоод бусад гишүүдтэй зөвлөсөн. Унагаах үедээ хуйвалдааны шинжтэй зүйл өрнөсөн. Нэгэнт УИХ дэгийнхээ дагуу хоёр удаа санал хураагаад уначихсан. Тэгэхээр өөр гаргалгаа юу байна гэхээр органик хуулиар зохицуулах боломжтой юм байна гэж үзсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялагтай холбоотой заалтууд нэлээд шүүмжлэл дагуулж байсан…

-Их л олон талаас нь ярьсан. Энэ асуудал 2/3-оор эргэж орж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон заалт. Байгалийн баялаг ард түмний өмч гээд явах нь зөв. Байгалийн баялаг ашиглахдаа рояалти дээрээ хатуу байр суурьтай байх ёстой.

Оюу толгой шиг 34 хувь гэж явж болохгүй. Хувь эзэмшсэнийхээ төлөө өрөнд ороод явж байгаа. Нэг тэрбум ам.доллар зээллээ гэхэд 340 сая ам.долларын өрөнд Монгол Улс орчихож байгаа юм. Тиймээс Монгол Улс байгалийн баялаг, стратегийн ордууд дээрээ хөрөнгө оруулалт хийхээс гадна, дотны хөрөнгө оруулагчидтай АМНАТ-аа тохироод оруулчих ёстой юм.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үндсэндээ 20 гаруй төрлийн татвар төлдөг. Энэ татваруудаа аваад явахаар 60-70 хувийн өгөөж Монголд байгаа. Хожим хэзээ авах нь мэдэгдэхгүй ногдол ашгийн талаар ярьж байсны оронд энэ шийдэл зүйтэй.

Бид өдөр тутамдаа татвараа авч байхад улсын төсөв тодорхой хэмжээгээр томорч, өгөөжөө өдөр тутамдаа хүртээд явах боломжтой.

-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцсон шийдвэрийг Цэц гаргасан. Үүнд өөрчлөлт оруулж Их хурал баталлаа. Ямар өөрчлөлт орсон бэ?

-Уул уурхай үндэсний ассоциацийнхан надад бичиг өгсөн. Тэд татвараа төлье гэсэн. Гэтэл төлөхгүй гэсэн хэсэг байна. Тэр нөхдүүд экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн дээрээ АМНАТ төлөхгүй гээд дайраад байгаа юм. Ашиглаж байгаа юм чинь төлөх ёстой.

Энэ асуудал нь Цэц дээр очиж, Их хурлын хууль унаад эргэж орж ирж байгаа асуудал дэндүү харамсалтай. Монголын төрөөр ингэж тоглоод байж болохгүй л дээ. Санаа нь уул уурхайн лицензтэй компани уурхайгаас олборлохдоо 2.5 хувиа төлнө. АМНАТ шингэсэн 2.5 хувиа аваад боловсруулаад экспортод гаргахдаа таван хувийн татвар төлөх ёстой. Гэхдээ 2.5 хувь шингэсэн АМНАТ-тай нүүрс авч байгаа учраас таван хувь бус 2.5 хувиа суутгаад явчихна.

-АМНАТ-ыг давхардуулж авч байна гээд байсан шүү дээ.

-Давхардуулж авч байгаа зүйл байхгүй. Хууль дээрээ маш тодорхой зааж өгсөн.

-Цэц дээр унагасан заалтыг дахиад Их хурлаар баталчихсан юм уу?

-Үндсэндээ тийм.

-Цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон хуулийг агуулгаар нь буцааж сэргээвэл дахиад Цэц хүчингүй болгох нөхцөл байдал үүсчих юм биш үү?

-Үгүй. 47.1, 47.1.2, 47.1.3 гэсэн заалтууд байгаа. Урьд нь эдгээрийг үргэлжлүүлээд бичсэн таслалтай байсан бол одоо дээрээс нь доошоо үргэлжлүүлээд биччихсэн заалт орж ирж байна. Үндсэндээ хуучин хуультайгаа адилхан гэсэн үг.

-Цэцийн шийдвэрээс болж 100 тэрбум төгрөг алдлаа гэх зүйл яригдаж байна…

-Хуулийнх нь зохицуулалтаар ямартаа ч нөхөөд авахаар болчихлоо. Экспортыг дэмжихгүй байна, баяжуулсан нүүрсийг хориг болж байна гэх яриа худлаа. Баяжуулаад гаргаж байгаа бол хэн байх нь хамаагүй татвараа төлөх л ёстой.

-Оюу толгойтой холбоотой Их хурлаас тогтоол гаргасан. Оюу толгойн байр суурь ямар байгаа юм бол?

-Би Оюу толгойн гэрээг цуцалж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.

Дубайн ажлын төлөвлөгөөний асуудлыг харин эргэж харах ёстой юм байна лээ. Тухайн үед Их хуралдаа ч мэдүүлэлгүй, тодорхой хэмжээгээр танилцуулалгүйгээр дур мэдээд, хар толгойгоороо хариуцна гээд гэрээ хийчихсэн байна. Энэ хэзээ ч дуусахгүй маргаантай асуудал болно. Их хурлаас Оюу толгойтой хэлцэл хийе гэх чиглэл өгсөн. Миний хувьд нэг санал гаргасан. Ерөөсөө 34 хувиа больчихъё. Үүнийгээ одоо үүссэн өрөндөө Оюу толгойд өгчихье.

Одоо авч буй таван хувийн АМНАТ дээр нэмээд онцгой буюу тусгай АМНАТ гээд таван хувийг авчихад үндсэндээ Монгол Улс өдөр тутамдаа өгөөжөө хүртээд явчих юм. Ямар нэгэн өр зээл ирээдүйд хуримтлагдах зүйл байхгүй.

Ингэсэн тохиолдолд Дубайн гэрээний асуудлыг ярих ч хэрэггүй болно. Өнгөрсөн жил Дамба-Очирыг ЭЗБХ-н дарга байхад Оюу толгойнхон уулзчихаад гэрээн дээр цэг, таслал ч өөрчлөхгүй гэдэг их хатуу байр суурьтай байсан. Одоо Оюу толгой гэрээ хэлцэл хийгээд зөв голдрилд нь оруулаад явуулах нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Тэгэхээр энэ хэлцэл явагдана.

Оюу толгой хэлцэл хийхэд бэлэн гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарчихсан Оюу толгойтой хэлцэл хийж байгаа. Оюу толгойтой хэлцэл хийгээд гэрээний өөрчлөх асуудлаар саналаа Их хуралд танилцуулна. Их хурал танилцаад шийдвэр гаргаж өгөх ёстой. Тэгэхгүй бол өөх ч биш, булчирхай ч биш болгоно. Тиймээс Засгийн газар, Их хурал хоёр шийдвэрээ гаргаад явах ёстой.

-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлтүүд орж байна вэ. Ирэх оны сонгууль ямар сонгуулийн тогтолцоогоор явах бол?

-Намын нэрээр ордог асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсангүй. Монгол Улс тусгаар улс байхын тулд мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байх нь зөв. Мажоритар тогтолцоо дотроо улс нэг том тойрог, жижиг мажоритар, холимог гэх хувилбарууд байгаа.

Ирэх долоо хоногт Л.Энх-Амгалан гишүүний ахалсан ажлын хэсэг хуулийн төслөө өргөн барих байх. Миний бодол жижиг 76 гэдэг дээрээ байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт улс орны эрх ашгийн асуудал. Үүн дээр манай намын дарга гишүүдэд ямар нэг нөлөө үзүүлээгүй. Чиглэл үүрэг даалгавар өгөөгүй. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой гэж үзсэн.

Сонгуулийн хууль бол намын даргын жинхэнэ оролцох ёстой асуудал болно. Нам ялж байж Засаг барих асуудал яригдана. Сонгуулийн зорилго ерөөсөө л тэр шүү дээ. Тиймээс намын даргын байр суурь сонгуулийн тогтолцоо ямар байхад нэлээд голлоно гэж ойлгож байгаа.

Улс орны эрх ашгаа бодсон сонгуулийн тогтолцоог баталгаажуулах шаардлагатай. Сонгуулийн саналыг гараар тоолно гэдэг сонгууль будилуулах л үндэслэл болно. Тиймээс хар машин гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.