Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.14) хуралдаан 78.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулав. Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Улсын Их Хуралд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 30, 09 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 11 дүгээр сарын 13-ны өдрүүдийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24(7) дугаар зүйлийн 24(7).6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт оруулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа, шалгууртай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2 дугаар зүйлийг төслөөс хасах, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба- Очир, О.Содбилэг нар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шиидвэрлэнэ.” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.

Байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн агуулга бүхий 1, 2 дахь өгүүлбэр нэмсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн зүйл нэмэх санал гаргажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Улсын Их Хурлын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19 дэх хэсэгт “Төслийн нэг зүйл, хэсэг, заалтын талаар хоёр буюу түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа зэрэгцээ саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож санал хураалт явуулахгүй.” гэж заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд саналуудыг танилцуулж, эхэнд ирүүлсэн Ажлын хэсгийн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналыг дэмжээгүйд тооцсон байна.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, С.Чинзориг, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан нараас хариулт, тайлбар авав.


Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийг хасахыг хуралдаанд оролцсон 70 гишүүний 60 нь буюу 85.7 хувь, төслийн 3 дугаар зүйлийг хасахыг 84.3 хувийн саналаар, төслийн 4 дүгээр зүйлийг хасахыг 85.7 хувийн саналаар, 5 дугаар зүйлийг хасахыг 87.1 хувийн саналаар тус тус дэмжив. Түүнчлэн “төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн, баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь дэмжлээ. Энэ үеэр хуралдаан даргалагчаас төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа бусад аймгийн төвийг хот болгох, тосгодын асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр оруулж ирэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Үүний дараа “Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн нэмэхийг Улсын Их Хурлын 61 гишүүн дэмжсэн юм. Мөн “төсөлд Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна гэсэн агуулгатай зүйл нэмэх”-ийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Төсөлд “4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэж нэмэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй бөгөөд үүнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь дэмжсэн юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг руу бага оврын онгоц ниснэ

Сэлэнгэ аймаг руу бага оврын онгоц нисэхээр болжээ. Нийт есөн хүний багтаамжтай онгоц долоо хоногт гурван удаа зорчигч тээвэрлэх юм байна. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргилын хэлснээр Улаанбаатар хот хүртэлх авто замын асуудал хүндрэлтэй байгаа тул ийм шийдвэр гаргасан аж. Тэр дундаа эрүүл мэндийн салбарынхантай зөвшилцсөний үндсэн дээр иргэдийн цагийг хэмнэх зорилгоор бага оврын онгоц үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон нь энэ юм байна.

Онгоцыг аймгийн төвд буулгахаар болсон бөгөөд буух талбайг бэлтгэхдээ хуучин онгоц бууж байсан талбайгаа ашиглан зассан бөгөөд хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн хэмжээнд шийдвэрлэжээ.

Ирэх арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс зорчигчдоо хүлээн авч эхлэх онгоцны инженер техникийн асуудлыг ИНЕГ-аас зохион байгуулан ажиллах юм байна. Нислэгийн үнэ тарифын тухайд одоогоор тодорхойгүй ч ИНЕГ-аас тодорхой үнэ тогтоох аж.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлын орлогч Карл Браунертай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ДХБ-ын байранд уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, ДХБ хоорондын хамтын ажиллагаа, олон талт худалдааны тогтолцоо/ДХБ-ын тулгамдсан болон шинэчлэлийн асуудлууд, Монгол Улсын олон талт хэлэлцээн дэх оролцоо, ирэх оны зургаадугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд Нурсултан хотноо болох Сайд нарын ээлжит чуулга уулзалт болон үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Монгол Улс худалдааны хамгаалалтын арга хэмжээний талаар үндэсний хууль, тогтоомжтой болох чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулж, мэргэжлийн туслалцаа авах, сургалт зохион байгуулах асуудлыг тусгайлан хөндөж ярилцлаа.

ДХБ нь 164 гишүүнтэй, олон улсын худалдааг зохицуулагч гол байгууллага бөгөөд Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсон түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн автобус 29 байршлаас гэр, сургууль гэсэн маршрутаар зөөнө

Маргаашнаас эхлэн хүүхэд тээвэрлэх автобус явж эхэлнэ. Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор эхний ээлжинд 29 байршлаас 33 сургуулийн 2-5 дугаар ангийн 3000 гаруй сурагчдыг 2 ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөнө. Сургуулийн автобуснууд дээр байршил тогтоох чиптэй учраас эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой. Нийт 40 автобус хүүхдэд үйлчилнэ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдаанд Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцүүлж, төслийг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь тогтсон. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс уг тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авснаар тус тогтоол хүчингүй болсон. Тиймээс хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх хугацааг УИХ-аас тогтоосон. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Зөвшилцлийн ажлын баг нийт 7 удаа хуралдаж, тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч санал нэгдсэн бөгөөд зарчмын шинжтэй хоёр санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаар, “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх”, “УИХ-ын сонгуулийн олонхын можаритор болон хувь тэнцүүлэх профорциональ тогтолцоог хослуулан явуулж, сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгөх” гэсэн зарчмын хоёр саналыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэдгийг дурдав. Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн тодруулга хийсэн болон найруулга, редакцын шинжтэй нийт 11 саналаар дахин санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнийг танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын багаас асуулт асууж, тодруулга авч байна.

Categories
мэдээ улс-төр

Шүүх энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье

УИХ-ын тогтоолоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийн талаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн шийдвэрийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус түр хороо өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. УИХ-ын түр хорооны дүгнэлт Олон улсын парламентын холбооны парламентчдын Хүний эрхийн хорооны шийдвэртэй 100 хувь санал нэгдсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

ОУПХ Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг албан ёсоор тогтоосон гэдгээ түр хороонд мэдэгдсэн байна. Эрүүдэн шүүснийг тогтоохын тулд 23 албан тушаалтан болон Б.Содномдаржаа, ТЧимгээ, тэдний гэр бүл, өмгөөлөгч нартай хэд хэдэн удаа уулзжээ. Ингэснийхээ дараа энэ хэргийг шийдвэрлэхийн тулд хуурамчаар нотлох баримт цуглуулж, тэдэнд хилс хэрэг хүлээлгэснийг тогтоосон гэжээ. Тиймээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж, тамлуулсны төлөө нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг ОУПХ-ноос гаргасан байна. Энэ шийдвэрийг Түр хороо дэмжиж буй гэнэ.

Энэ асуудлаар түр хорооны гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шүүх энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Энийг нуух юм байхгүй. Засгийн газрын тогтоолоор хэрэг нууцаас гарсан. Гэтэл зарим хүн нууцаас гарга гэсэн шаардлага хүргүүлж, дахиад хугацаа хожих гэж байна. Энэ асуудлыг будилуулсан бүх шүүгч нар албан тушаалдаа хэвээрээ байгаа. Ялангуяа дээд шүүхэд. Ерөнхий шүүгч нь солигдсон ч хуучин ерөнхий шүүгч нь одоог хүртэл ажлаа хийж байгаа. Тэд нар арьсаа хамгаалахын тулд анхан болон давж заалдах шатны шүүх дээр хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байна.

Эрүүдэн шүүсэн бичлэгийг эвлүүлэг байсан гэж ярьж байна. Ямар ч эвлүүлэг байхгүй. Эвлүүлэг хийх ямар ч боломж байхгүй. Хуультай улсад Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг нэг ч цаг алдалгүй суллах ёстой” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн Европын чөлөөт худалдааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хенри Гетазтай өчигдөр Женев хотноо уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ЕЧХХ-ны хооронд 2007 онд байгуулсан Хамтарсан тунхаглалын хэрэгжилтийг хангах хүрээнд Хамтарсан хорооны 3 дугаар уулзалтыг 2020 оны эхээр зохион байгуулах, Монгол Улс, ЕЧХХ-ны хоорондын хамтын ажиллагааг цаашид шат ахиулах зорилтын хүрээнд талуудын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЕЧХХ-ны зүгээс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар ярилцав.

ЕЧХХ 1960 онд байгуулагдсан ба Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштейн гэсэн 4 гишүүнтэй. ЕЧХХ-ны гишүүн орнууд нь эдийн засгийн өндөр чадавхитай, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнууд юм.

ЕЧХХ нь бусад улс орнуудтай Хамтарсан тунхаглал байгуулах, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах хэлэлцээ эхлүүлэх болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх гэсэн 3 үе шаттай худалдааны хамтын ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Женев хотноо төвтэй тус холбоо нь одоогийн байдлаар нийт 29 чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулаад байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ЕСБХБ-ны зөвлөх Жонатан Ависыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа өнөөдөр (2019.11.13) Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Улс төрийн зөвлөх Жонатан Авис болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко нарыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай товч танилцуулсан юм.
Тус банкны Улс төрийн зөвлөх Жонатан Ависын Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаарх асуултад УИХ-ын гишүүн З.Нарантуяа хариулт өглөө. Тэрбээр, Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг болон ярилцаж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Мөн уулзалтаар талууд баруун бүсийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийнхний чадавхыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хил орчмын бүс нутгийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

Categories
мэдээ спорт

Кюүшюү башё дөрөв дэх өдөрөө үргэлжилж байна

Японы Фүкүока хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Окиноүмиг уватэнаге мэхээр давж 3 даваа, нэг унаатай байна.

Энэ башёд 12-оос дээш давбал Озэки цол хүртэх Митакэүми, Дайэйшод ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болж, цаашид унах эрхгүй болж байна. Озэки Такакейшо энэ өдөр Комүсүби Эндог хатакикоми мэхээр давж 3 даваатай болсон бол Озэки Такаясү, Комүсүби Хокүтофүжид ошидаши мэхээр унаж 2 унаатай болов. Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Аойяамад хатакикоми мэхээр унаж даваа, унаа тус бүр 2 болоод байна.

Кюүшюү башёгийн Макүүчи буюу дээд зиндааны барилдаан сумочдод тун халгаатай байгаа бөгөөд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Озэки Гоэйдо, Маэгашира Томоказэ, Ичиножёо А.Ичинноров нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон. Харин энэ өдөр Сэкивакэ Точиношин, Такарафүжиг күбихинэри хэмээх ховор мэхээр ялж, унаа, давааны харьцаа 2:2 болсон ч хүнд гэмтэл авч баруун хавиргаа гэмтээж, 3 долоо хоног эмчлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж хэлэлцэхэд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өнөөдрийн хэлэлцээд байгаа асуудал бол хувь тэнцүүлсэн зарчмыг хэзээ мөрдөж эхлэхийг яриад байна. Бид ард түмнийхээ сонгох эрхэнд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болох ч шинэ санал орж ирж хураагдаад байгаа нь хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ дур зоргийн шинжтэй байж болохгүй. Асуудлаа шийдээгүй байж төгсгөлөөс нь хэлэлцэж байгааг хэлж байгаа юм. Аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж болохгүй гэж байгаа. Яагаад бид АН-ын нам сонгох саналыг хүлээж аваад байгаа юм. Иргэний эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй гэж байгаа. Иргэний сонгох эрхэнд нь халдаж байгаа. Нэр тавина гэж худлаа яриад байж болохгүй. 600 хүний нэртэй саналын хуудас шүүгээд сууж байх уу. Олон сонгогдсон гээд цаашдаа мань мэтэд намын жагсаалтад нэр орох боломж гарах байх. Гэхдээ би тэрийг хүсэхгүй байна. Дураараа дургидаг хүмүүс намын жагсаалтын ард нуугдан гарах гэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ-ын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмаар явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Энэ нь 2012 оных шиг нам дугуйлна гэсэн үг биш. Намыг хэзээ ч дугуйлахгүй гэдэг томъёоллоор зөвшилцөж, ойлголцоод явж байгаа. Намын жагсаалтад нуугдсан зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Одоо мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн гэж заасан. Манай аймгаас жилийн жилд гурван гишүүн сонгогдоод ирсэн. Бүүр 1924 онд 72 гишүүн анхны Үндсэн хууль батлахад ч гурван төлөөлөл сууж байсан. Харин 2012 онд ганц удаа хоёр гишүүн сонгогдсон. Энэ бол үндэсний цөөнхийн сонгох эрх зөрчигдсөн. Манай аймгаа сонгогдсон гурван гишүүн сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид бүх шатанд Баян-Өлгий аймгийн төлөөллийг оруулах зарчмыг барьж ирсэн. Холимог тогтолцоогоор сонгууль явуулахад Баян-Өлгий аймгийн төлөөлөл, казак иргэдийг оруулахгүй гэсэн зүйл биш. Баян-Өлгий аймаг хоёр мандаттай, дээр нь улсын хэмжээний мандаттай орж ирнэ.Ингэснээр Баян-Өлгий аймаг, казак иргэдээс дор хаяж 3-4 нь сонгогдоно гэсэн тооцоогоор байгаа. Энэ нь харшлахгүй. Харин намын нэрийн дор орж ирнэ гэсэн шүүмжлэл байгаа учир тойрог болон жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэдгийг хэлмээр байна.