Categories
мэдээ цаг-үе

Э.Анхбаяр: Шагнал энгэрт байхад урам зориг өгдөг бас ташуур, даруулга ч болдог юм байна

-МАНАЙ ДУУЛААЧИД ОРГИЛД НЬ ХҮРЭЭГҮЙ ЮМ ГЭХЭД ЯГ ТОМ ЦӨМ РҮҮ НЬХЭДИЙНЭ НЭВТЭРСЭН-

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Анхбаяртай ярилцлаа.


-Монголчуудын хүч чадлыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа нэг төрөл бол яах аргагүй сонгодог урлаг тэр дундаа дуурийн дуулаачид. Тэр хүчийг бий болгоход өөрийн тань оролцоо ч нэн их. Хуучин үеийн уран бүтээлчидтэй харьцуулахад өнөөдөр Монголын дуулаачдыг дэлхийд мэддэг болчихлоо. Та нарт энэ байдал хэр мэдрэгдэж байна вэ?

-Биднийг дөнгөж оюутан болоод орж байхад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, ардын жүжигчин А.Загдсүрэн, Б.Жавзандулам багш гээд манай томчууд гадагшаа явж дуулахыг хараад тэдний мөрөөр тэнд очиж дуулж үзэх юмсан гэж их мөрөөддөг байлаа. Мэдээж ямар ч зүйл өсч, дэвжиж байдаг болохоор одоогийн залуус үзүүлсэн амжилтаараа бас даваад явчихлаа. Одоо ямар ч байсан Монгол гэхээр яах аргагүй мэдэж бас сүрддэг болсон. Тэмцээнд нь монголчууд ирлээ гэхээр л жийрхээд явчихдаг, ялангуяа оросууд хулхи нь буучихдаг болсон доо. Ядаргаатай юмнууд ирчихсэн үү л гэдэг байх. Нэг нь түрүүлээд явлаа гэхэд дараагийн шинэ дуучин гараад ирэх юм л даа. Бид ч үнэндээ Оросын уралдаануудыг дуусгачихлаа. Олон улсад манай дуучдыг “Монгол сайн шүү, монголчууд гоё хоолойтой шүү” гэдгийг ч мэддэг болчихлоо. Гадны дуучин андууд маань “Танай монголчуудын чадалтай хоолойны нууц юу вэ” гэж асуудаг юм. Буриадууд биднийг мах иддэг учраас сайхан дуулдаг гэж ярина. Тэгээд очихоор л “Мах ид, мах ид” гээд дайлдаг юм. Үнэхээр ч монгол дуучдыг мэддэг болчихлоо. Бид энэ салбартаа өөрсдийнхөө чадвар чансааг нэгэнт тамгалж чадсан. Оргилд нь хүрээгүй гэхэд яг том цөм рүү бол нэвтрээд орчихсон гэж хэлнэ ээ. Гэхдээ энэ бол манай үе, үеийн том дуучдын эхэлж гаргасан зам жимээр дагаж, тэднийхээ босгосон суурин дээр, залгамж чанараар бид энэ хэмжээнд хүрсэн гэдгийг онцлохоос аргагүй.

-Өөрийг чинь “Universe best songs”-т анх орж байх үеэс чинь мэдэх юм. Дуурийн ангийн оюутан тийм төрлийн тэмцээнд ороход багш нар чинь хэр хүлээж авч байсан бэ?

-Харин одоо ч намайг тэр тэмцээний оролцогчоор таних хүмүүс олон байдаг юм. Мэргэжлийн хичээлийн хажуугаар тийм уралдаан тэмцээнд ороход багш нар маш дургүй байдаг. Би угаасаа тэгж хол явна гэж бодоогүй зүгээр л ороод үзье гэж бодоод багшдаа ч хэлэлгүй нэг найзтайгаа яваад оччихсон юм. Тэгсэн чинь сүүлийн шатанд үлдээд бараг орой болгон л телевизээр гараад эхэлсэн. Тэгээд баригдсан даа. Би энэ тэмцээнд орсноороо бүр сургуулиасаа хасагдсан. Нэг жил чөлөө аваад гудамжинд лааз өшиглөж явсан түүхтэй. Гэхдээ багшийгаа дуудна гэдгийг мэдэж байсан болохоор хичээлээ бэлдэж явсаар, гурав, дөрөвдүгээр курсээ зэрэг сурч төгсч байлаа. Энэ тэмцээн миний амьдралд бас олон сонин зүйлийг авчирсан. Тухайн үедээ зүгээр ормоор санагдаад л орчихсон юм.

-Багш тань манай нэгэн үеийн алдарт дуучин ардын жүжигчин Б.Жавзандулам. Манай дуурийн томоохон дуучнаас гадна хувь хүнийхээ хувьд амбицгүй, хэнэггүй гэмээр юм уу бас их үнэнээрээ уран бүтээлч санагддаг. Багштайгаа учирсан түүхээ хуучлахгүй юу?

-Миний багштайгаа уулзсан учрал тохиол бас их сонин. Би СУИС-д 2006 онд конкурс өгөөд тэнцээгүй юм. Би багаасаа л дуучин болно гэдэг хүүхэд байлаа. Намайг шалгалт өгөхөд аав, ээж, эмээ, өвөө гээд гэр бүлээрээ намайг дэмжээд очсон. Гэтэл нөгөө хүн нь байхгүй, тэнцээгүй уйлаад суучихсан. Тэгэхэд өвөө маань СУИС-ийн цонхон дээр наасан дуулаачийн сургуульд элсэлт авна гэсэн зарыг хараад шууд залгаж байж билээ. Өвөө маань бас их айхтар хөгшин байсан. Багш нь хэн гэдэг хүн байна гэж асуугаад Б.Жавзандулам гэж сонсоод энэ хүнд шавь ор гээд маргааш нь дагуулаад очиж байлаа. Тэгэхэд багш маань “Опера” гээд хувийн сургуулиа нээгээд хоёр дахь элсэлтээ авч байсан жил юм билээ. Намайг сонсоод “Сайхан ч хоолойтой юм байна. Болно оо болно” гэсэн. Ингэж л анх багштайгаа учирсан даа. Манай багш бас л чанга шүү. Жавтий хүртээх энүүхэнд (инээв).

Гэхдээ би их зодуулаагүй ээ, даалгаж захисныг нь хийгээд, заасныг нь бас түргэн ойлгоод явчихдаг байсан шиг байгаа юм. Багш нарынхаа шахаж зүтгэсний хүчинд манайхаас сайхан дуучид бас төрсөн шүү.

-СУИС-д шалгалтанд хэн хэн сууж байсан юм бэ. Ирээдүйн том дуучныг хараагүй байна шүү…

-Шалгалтад ардын жүжигчин А.Дашпэлжээ, гавьяат жүжигчин Д.Банди, Г.Ганцэцэг багш гурав сууж байсан. Уг нь намайг Д.Банди багш сонирхоод байсан л даа. Гэхдээ би бэлтгэл муу байсан байх. Угаасаа СУИС-д орох хүүхдүүд эртнээс багш аваад бэлтгүүлдэг, сургууль ч тэр хүүхдүүдээ авдаг байсныг мэдэхгүй. Зүгээр л нэг дуучин болно гэсэн дэврүүн хүн. Юу ч мэдэхгүй амьтан байсан л даа. Дор хаяж Хөгжим бүжгийн коллеж дээр дуучин бэлтгэдэг гэдгийг ч мэддэггүй байлаа шүү дээ. Гэхдээ миний дуучин болно гэж зүтгээд байсан учиртай. Би 2004 бил үү 2005 онд С.Жавхлан дуучны зохион байгуулсан “Нутгийн салхи” гэдэг уралдаанд орсон юм. Тэгсэн намайг “Миний дүү дуучин болохгүй хүн байна. Дуугаар яваад дэмий дээ” гэсэн. Уг нь би өөрийгөө аймаар дуулдаг хүн гэж бодоод байдаг миний шүтэж явдаг дуучин маань тэгээд хэлчихдэг. Тэр тусам нь “Би заавал дуучин болно. Түүнээс ч илүү дуулдаг дуучин болно доо” гээд өөртөө бодчихсон хэрэг л дээ. Би чинь С.Жавхлан гавьяатын улаан фэн шүү дээ. Бүхий л сонины хайчилбар, зураг энэ тэрийг нь ханандаа өлгөчихсөн хүүхэд байв.

-Одоо Анхааг ямар дуучин болсныг мэддэг болов уу?

-Намайг гэж яаж мэдэхэв дээ. Тэр олон хүүхэд дундаас. Гэхдээ тэр үг нь намайг заавал сайн дуучин болно доо гэсэн хүсэл зорилготой болгосон юм. Би ч тэр үедээ ч жаахан гомдож байсан үнэхээр дуртай болохоор одоо ч фэн хэвээр(инээв).

-Дуурийн театрт 2012 онд орж байсан юм билээ. Хоор ангиас гоцлол дуучин болж хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бас урт хийгээд хэцүү аялал байдаг юм шиг санагддаг. Өөрөө хэрхэн хүлээн зөвшөөрөгдөв?

-Би сургуулиа төгсөөд Дуурийн театрт орно ч гэж бодсонгүй. Айхтар ланжгарууд тэнд байх юм чинь гэж санаад, багш ч бас тийм утгатай үг хэлж байна. Тэгснээ хоор руу нь нэг орж үзэх юм уу гэхэд нь дотроо яаж ч бодсон хоорын дуучин биш шиг санагдаад. Тэгээд шалгаруулалт болж байна гэхэд нь очоогүй юм. Сургуулиа зургадугаар сард төгсчихөөд зуны гурван сар үргэлжлээд намар ч ажилд оролгүй явлаа. Найз нарынхаа хадлан тарианд туслаад. Тэгтэл Улаан Үдэд Л.Линховойны нэрэмжит уралдаан болно гэж дууллаа. Нэг өдөр хөдөө найзтайгаа тарваганы дошин дээр хэвтэж байхдаа гэнэт л уралдаанд оръё гэж шийдсэн. Зүгээр л хоёр нөхөр дээшээ хараад хэвтэж байгаад л тэр уралдаанд орох уу, орцгооё гэж шийдээд явсан даа. Бас хоёулаа нэг төрөлд орж алалцаад яахав гээд би үндсэн төрөлд, манай найз оюутны төрөлд оролцохоор бүртгүүлж байгаа юм аа. Манай найз Хөгжим бүжгийнх. Тэгээд арваннэгдүгээр сард болсон тэр уралдаанд би гранпри авч, найз маань оюутны төрөлдөө түрүүлчихсэн. Уг нь тэр уралдаанд манай Дуурийн театрын гоцлол дуучдаас ч цөөнгүй хүн явсан. Ингээд сургуулиа төгсөөд ажилд ч ороогүй байсан надад Улаан Үдийн театраас ажиллах санал тавив. Гэхдээ энд багш нар, хүмүүстэй ярилцаад тэнд ажиллахгүй байхаар шийдвэр гаргасан юм. Тэгээд удалгүй арванхоёдугаар сард М.Глинкийн нэрэмжит уралдаанд орохоор шийдээд бүртгүүлчихсэн. Нэг үеэ бодвол тэмцээнд түрүүлчихсэн, Улаан-Үдэд уригдчихсан, бас ганц нэг тоглолтод дуулчихсан. Бас ч зоригтой явлаа. Заримдаа эрсдэлээс айхгүй тэнэг зориг амжилт дагуулдаг юм.

-Гэхдээ ажилд ороогүй хүн зардал мөнгөнөөс эхлээд бас амаргүй байсан биз. Уралдаанд орох сайхан ч гэсэн зардлаа өөрсдөө л хайж олдог биз дээ?

-Ер нь манайхан бүгд л адилхнаас эхэлдэг. Бүгд л болохгүй бүтэхгүйгээс болгож бүтээдэг. Би ч адил байсан. Тэр үедээ хүнээс мөнгө зээлээд тэмцээндээ явж байлаа. Манай Дуурийнхан МИАТ-ээс билетийн хөнгөлөлт энэ тэр ярьчихсан. Би тэрэнд нь багтчихсаан бас. Тасалбараа дөрөв, таван зуун мянгаар авчихлаа. Бас манайхан Төмөр замынхантай ярьж байгаад тэдний байранд орохоор болчихсон, бас тэрэнд нь би багтчихсан. Тэгэхээр надад тэгж их мөнгө хэрэггүй болчихож байгаа юм. Тэгээд ганц тасархай 1000 рубльтэй онгоцонд сууж байлаа. Бүртгэлийн хураамж 3000 рубль хэрэгтэй, тэр л дутуу байлаа. Гэтэл онгоцонд танил ах маань таараад мөнгө өгч, би бүртгэлийн хураамжаа онгоцонд олоод очиж байсан. Бүтэх зүйл цаанаасаа л өөр байдаг.

-М.Глинкийн нэрэмжит уралдаан гэдэг манайд хүршгүй оргил байлаа шүү дээ. Алдарт П.Ганбат агсан анх удаа гуравдугаар байрыг нь хүртсэн гэдэг амжилттай. Тэгэхэд Г.Ариунбаатар түрүүлж, өөрөө хоёрдугаар байрт орсон байх аа?

-Монголчууд М.Глинкийн уралдааныг маш том уралдаан гэж боддог байсан. Үнэхээр ч эндээс дуурийн театрын гол дуучид, энд тэндхийн оюутнууд гээд маш олон хүн ач холбогдол өгч очсон байсан. Бөөндөө очиж ороод сүүлийн тур-д Г.Ариунбаатар бид хоёр үлдээд тэр нэгдүгээр, би хоёрдугаар байрт орлоо. Хоёрдугаар байрт орсон болохоор жаахан сэтгэл дундуур ч шүтдэг дуучин П.Ганбат агсны амжилтыг эвдсэн гэхээр бас гоё ч юм шиг. Тэгээд ирсэн чинь хөөрхий багш маань миний хэдэн дипломыг аваад, шагналыг ууталж аваад Дуурийн театр руу дагуулаад очсон доо. Тэр үед Б.Сэргэлэн дарга хүлээж аваад “За хаагуур яваад одоо ирж байгаа юм” гээд жаахан зэмлэнгүй. Тэгээд шууд гоцлол дуучнаар тушаал гаргаж байлаа. Тиймээс би таны хэлсэн дийлэнх дуучны дамждаг хоор ангиас солист болсон хэцүү бэрхийг ярьж чадахгүй байгаа юм. Олон сайхан уран бүтээлчийн хүчийг сорьж байсан театрт шууд солист болно гэдэг аз завшаантай хэрэг. Тэр дундаа сургуулиа төгсөөд удалгүй гоцлол дуулаач болж, сайхан сайхан дүр бүтээх хувь тавилан над ногдсон.

-Театрт ороод ямар ямар дүрд тоглов. Лав манайх удаан Онегингүй байхад тоглосон санагдаж байна?

-“Кармен” дуурийн Эскамильо, “Богема” дуурийн Марчелло, “Травиатта” дуурийн Жермон, “Дон Жуан” дуурийн Дон Жуан, “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий гээд олон сайхан дүрд тоглосон. Би хоёрдугаар сард ороод тавдугаар сард нь Онегинд тоглох болж байлаа. Онегин бас хөг өндөр дуулагддаг дүр л дээ. Хуучин Болд ах Онегинд дуулдаг байснаа больчихсон байсан. Тэгээд “Ах нь одоо яах юм. Миний хүү дуул” гээд маш гоёор хүлээж авч байсан сан.

-Танай аав ээж Өвөрхангайн Уянга, Бүрдийн улсууд юм билээ. Байгалиас заяасан хоолой, авьяас билэг нутаг усны өгөгдөлтэй гэх нь ч бий. Аав, ээжийнхээ талаар танилцуулаач…

-Аавын аав ээж болох өвөө эмээ хоёулаа Бүрдийн гаралтай хүмүүс. Тэндээ мэндэлж, аж төрж амьдарсан. Нутаг усны энерги, шүншиг гэж айхтар бодож байгаагүй ч гучин нас даваад ирэхээр эрхгүй бодогддог юм байна. Ер нь учиргүй зүйл гэж үгүй. Зүгээр ч нэг санамсаргүй дуучин болоогүй, урьд урьдын олон зүйлийн учрал нөлөөгөөр дуучин болжээ гэж бодох болсон. Нутаг ус, өвгөд, аав ээжийн бас дээрээс нь багш нарынхаа буян, хичээл зүтгэлээр өнөөдөр би дуучин нэр зүүж, хүмүүст үзүүлж хэлэх багахан ч болов зүйлтэй болжээ. Ээж маань сувилагч, аав маань цэргийн сургууль төгссөн хүн ч ерээд оноос хувиараа бизнес хийж, шуудангийн тээвэрт явж байсан хүн. Аавыгаа дагаад тээвэрт хамт явдаг байлаа. Сүүлдээ аавтайгаа “Истана”-тайгаа микроны шугамд их явсан даа. Би кондуктор хийгээд. Би дороо нэг эмэгтэй дүүтэй.

-Микроны кондукторууд холоос чиглэлээ зарлаж, хоолой сайтай байдаг даа. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж боддог гэсэн. Өөр мэргэжилтэй болох тухай бодож байгаагүй гэж үү?

-Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг. Дуучин болно гэж боддог байсан. Сургуульдаа дууны аварга болдог нь ч нөлөөлсөөр байсан байх. Анх хөгжмийн багш Д.Мягмар багш маань намайг “Хүүхэд нас” хамтлагтаа гоцлол дуучин болгож, дараа нь “Улаан бүч” чуулга дээр дагуулж очсон. Тэнд соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг багш маань тосч авсан. Тэндээс дуучин болох эрмэлзэл маань бүр ч нэмэгдэж, болсноор бүр тодорхой болсон. Тэгээд дараа нь Б.Жавзандулам багш дээрээ очсон. Ер нь энэ сайхан эмэгтэйчүүд миний урлагт тэмүүлэх зам мөрийг холбируулж хөдөлгөхгүй авч явсаар өдийг хүргэсэн дээ. Тэдэндээ талархаж явдаг.

-Тарваганы дошин дээр гаргасан шийдвэр үнэхээр зөв шийдвэр байжээ. Тэр цагаас хойш яг ямар ямар уралдаан тэмцээнд ямар амжилт үзүүлэв?

-М.Глинкийн уралдааны дараа 2012 онд Улаан-Үдэд болсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаанд гранпри, Д.Бандийн нэрэмжит ари, романс дуулаачдын уралдаанд гранпри, 2013 онд Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд дэд байр, 2013 онд Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байр, 2014 онд ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр, 2014 онд Казахстанд болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит олон улсын дуурийн уралдааны тэргүүн байр, 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн уралдаанд тэргүүн байр, 2017 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр, арваннэгдүгээр сард Вена хотноо болсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2018 онд Н.Римский-Корсаковын нэрэмжит Б зэрэглэл буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрөлд оролцон, хоёр тэргүүн байр, 2019 онд П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн. Эхэндээ ч байр эзэллээ гээд сүйд болж байдаг сүүлдээ гэрийнхэн ч тоохоо байх янзтай болж байдаг шүү (инээв).

-Өөрөө бол үнэхээр уралдааны одтой уран бүтээлч. Оролцсон уралдаандаа заавал байр эзэлдэг. Үүний нөгөө талд уралдаанд л оролцоод явдаг гэсэн явган яриа гардаг уу?

-Тийм зүйл бас сонстдог юм аа. Мэдэхгүй, ямар хүмүүс нь ч тэгж ярьж явдаг юм. Аль болох нэгэндээ тустай дэмтэй явах чухал гэж боддог.Хүнд айхтар туслаад байж чаддаггүй юм аа гэхэд гай болохгүй амьдрах шиг сайхан зүйл байхгүй. Тийм яриа гаргадаг улсуудыг тэр тэмцээн уралдааны зах зухаас нь мэдрээд үзээсэй гэж боддог. Бас ямрыг нь өөрөө орж үзсэн хүн л мэднэ. Тэгж үзчихээд ярьж байвал хэлэх юм алга.

-М.Глинкийн уралдаанд Г.Ариунбаатар түрүүлж ирээд гавьяат авч байсан. Дэд байр эзэлсэн гээд өөрт чинь өгөөгүй гэхэд цагтаа П.Ганбат агсанд гуравдугаар байр эзлэхэд өгч байсан санагдах юм. Ер нь 2012 оноос хойш олон, олон уралдааны амжилтын дараа гавьяат цол өөрт чинь иржээ…

-Би ганц М.Глинкийн уралдаан биш дээд зэрэглэлийн гурван тэмцээний нэгд нь түрүүлж, хоёрт нь хоёрдугаар байрт орсон л доо. Үнэхээр манайд өгдөг жишгээр бол өгвөл өгчихөөр. Гэвч надад ирэхгүй л байсан. Найзууд маань миний өмнөөс огшоод, баярлаад хөөрөөд байдаг. Би ч сүүлдээ бас юм бодох, найзууддаа туньж ярих маягтай. Сүүлд шагнуулсны дараа найзууд маань тэгэхэд амаргүй байсан шүү гэж л байлаа. Хэдийгээр нас залуудаа төрийн энэ сайхан хишгийг хүртсэн ч би шагналын гол болж аваагүй болохоор бахтай байдаг юм. Хүмүүс шагналын талаар янз бүрийн бодолтой байдаг байх. Миний хувьд энгэр дээр гялалзаад сайхан хүч өгдөг, урам болдог бас ташуур даруулга болдог гэж хэлмээр байна даа.

-Дуурийн ари, романс сонсч байгаа гадны үзэгчдийг харахад соёл, эмоци нь үлгэр авмаар. Та нарт ялгаа нь их мэдрэгдэнэ биз?

-Би саяхан энэ талаар бодож байлаа. Саяхан ах дүү найрамдалт хотуудын соёлын арга хэмжээн дээр очиж дууллаа. Найрамдалт бүхий л хотуудын дарга нар, урлаг соёлын хүмүүс ирсэн тэр арга хэмжээн дээр “Кармен”-ийн Эскамильогийн ариг дуулахад тэр зочдын хүлээн авч байгаа байдал үнэхээр өөр. Дараа нь “Гаруда” шагнал гардуулах ёслол дээр очиход зочид нь монголчууд. Уг нь манай элит давхаргынхан ирсэн гэж ойлгож байсан ч тэнд хүн дуулж байгаа гэж анзаарч байгаа хүн ховор санагдсан. Би тийм муу дуулчихав уу гэхээр яг л дуулдгаараа дуулсан. Ер нь бид өөрсдөө сонгодог урлагаа сайн сурталчлах хэрэгтэй юм байна, илүү сайн таниулах хэрэгтэй юм байна гэж л дотроо бодож байлаа. Үзэгчдээ яг гадны үзэгчид шиг болгох хэрэгтэй.

-Ер нь аливаа амжилтын шалтгаан авьяасаас гадна хөдөлмөр гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Ор тас авьяасгүй хүн мянга хөдөлмөрлөөд гарч ирэхэд хэцүү, бас мянга гоё хоолойтой хүн хөдөлмөрлөхгүй бол гарч ирэхгүй. Тэгэхээр тунг тааруулна гэж маш чухал. Би бол тийм айхтар гоц гойд хоолойтой хүн биш шүү дээ. Би өөрийгөө хөдөлмөрийн үр дүнд бий болсон хүн л гэж боддог. Надад Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар шиг айхтар хоолой байхгүй ч багш нарынхаа заасан номыг сонсч, зөв хүлээж авснаараа тэдэнтэй дүйцэж дуулж яваа л гэж хэлнэ.

-Олон улсын уралдаанд түрүүлэхэд Засгийн газраас шагнал өгдөг биз дээ. Авч байсан уу?

-Хамгийн олон удаа авч байсан хүн би байх аа. Гурав дөрөв ч авчихсан шүү дээ. Тэр бас их урам байдаг юм. Дараагийн уралдаан тэмцээндээ орно. Ахуйдаа бага санаа зовно гэдэг эргээд өндөр амжилт гарахын суурь болдог. Үүнийг “Сэрж Меценат” гээд дуурийн дуучдыг дэмждэг сангийн үйл ажиллагаанаас илүүтэй мэдэрдэг. Монголын дуурийн дуучдыг дэлхийд гаргая гэсэн зорилготой энэ байгууллагын ажлын үр дүн би байна, Ч.Бадрал байна. Нөхөр нь Сергей Опанасенко, эхнэр нь Я.Баярцэцэг гээд хүмүүс энэ сайхан ажлыг хийдэг юм. Намайг өдий зэрэгтэй явахад энэ хүмүүсийн оруулсан тус их.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач…

-Миний ханийг Гомбодоржийн Мичидмаа гэдэг. Манайх хоёр хүүтэй. Манай хүн Анагаахын чиглэлээр суралцаж байгаад чөлөө аваад хүүхдүүдээ асарч байна. Урлагийн хүний ар тал, карьер хөөж байгаа хүний гэр бүл сайн байна гэдэг маш чухал. Цаг завгүй их ажлын минь бат тулгуур ханьдаа маш их баярладаг. Яг л хүсч байсан халуун дулаан амьдралаа би зохиосон. Ээж маань бидэнтэйгээ хамт байна. Хэдийгээр аав маань бурхан болсон ч амжилтынхаа зах зухаас аавдаа харуулж чадсандаа баяртай явдаг. Амжилтын хувьд би илүү том мөрөөдөлтэй. Хүмүүс шоолж магад л юм. Гэхдээ би 50-60 насанд хүрэхдээ дэлхийн алдарт дуулаачдын хэмжээнд оччихсон, дэлхий дахинд Монголын сонгодог урлагийг таниулж, Энхболдын хүү гэж нэрээ тамгалахыг хүсдэг.

-2016 онд тоглолтоо хийж байсан байх аа. Одоо гавьяа шагнал авчихаар бас хүмүүст хүрсэн сайхан тоглолт хийх хүсэл төрнө биз?

-Өмнө нь аав, ээжийн хүү байсан бол одоо Монголын хүү шүү гэсэн үнэлэмж, шагнал өгчихөж байгаа болохоор нэр төртэйхөн сайхан даагаад явах хүсэл төрдөг юм байна. Одоо Монголын ард түмэндээ зориулаад үнэхээр нэг сайхан тоглолт хийчих юмсан гэсэн бодол байна. Хүндэтгэл талархлын тоглолт гэх үү дээ. Зүгээр ч нэг төрийн цол шагналыг хүртээгүй юм шүү гэдгээ түмэн олондоо харуулж, шагнал бол дуртай нэгний иддэг боорцог биш, ийм учраас тэр хишгийг хүртээд явж байгаа шүү гэж батлан харуулахыг хүсч байна. Нэг сайхан сонгодог үдшийг монголчууддаа мэдрүүлэхээр одоо өдөр судраа товлодог дээрээ яригдаад явж байна. Өмнөх тоглолт маань цэвэр сонгодог тоглолт, цомхон хүрээнд болж байлаа. Одоо илүү өргөн хүрээнд, сонгодог урлагаа сурталчлан таниулах ажлыг хийнэ гэж төлөвлөж байна. Би чинь бас ГХЯ-наас итгэл хүлээлгэсэн соёлын элчийн ажлаа ч ингэж нэр төртэй гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Тоглолт маань төлөвлөгдөөд эхний байдлаар сайхан л бэлтгэгдэж байна.

-Шинэ тоглолт, уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Төгсөх хаврын уянга-төрөлх сургуулийн минь 40 жилийн ой

Цэн цэнгийн тогорууд нутгаа орхин одохдоо ижилсэж, дассан нуурандаа эргэн хоргодож, “Гунигийн дуу аялсаар явна уу даа” гэмээр ганганан, гунганасаар гадаад далайг зорьдог. Яг л үүн шиг сурагчийн цэнхэр формоор гоёсон төгсөх хаврын тэр л өдрүүдэд эрдмийн өргөө сургуульдаа, ээнэгшиж дассан найзууддаа, ачит мэргэн багшдаа, анхны хайрын үерхэлдээ, гэнэн томоогүй хүүхэд насандаа хоргодон хоргодсоор өөр, өөрсдийнхөөрөө амьдралын их далайд хөл тавьсан. Тэр л цагаас хойш хэдийнэ арван хоёр жилийг үджээ. Энэ л цаг мөчид ангийн нөхөд та бүхнийг дурсан санан сууна, би.

Манай ангийнхан 33-уулаа. Уул өргөх 16 хөвгүүн, утас сүлбэх 17 охинтой. Бид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын есөн жилийн дунд сургуулийг 2007 онд төгссөн 9 “А” ангийнхан. Ангийн багш минь, Ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Юмжирдулам. Бид 1998 онд Д.Хишигжаргал багштай “А” бүлэг , Р.Мөнхсүрэн багштай “Б” бүлэгт элсэн орсон. Бага ангиасаа л манай “А” бүлэг олон “аваргатай” байв. Багш минь үймж, шуугьсан хөвгүүдээ ийн хэлдэг юм. Харин “Б” бүлэг олон охинтой байлаа. Ангийн даргын үүргийг Г.Нармандах миний бие гүйцэтгэдэг байв. Манай ангиас Г.Баасансүрэн, Г.Нармандах, М.Сод-Эрдэнэ, Шинэбаяр нар онц сурлагатан, нөгөө ангиас мөн ангийн дарга Б.Бадамхатан болон Б.Мандухай, Г.Оюунзул, З.Отгонбаяр нарын охид онц сурдаг байлаа. Харин манай үеийн овгор Цогтбаатар нөгөө ангид сурдаг байв. Цогоо хоёр ангиа бараг л “атгадаг” гэж хэлж болно. Үеийн хоёр анги хичээл сурлага, урлаг спорт, тэр бүү хэл хөвгүүд нь зодооноороо хүртэл үргэлж өрсөлддөг байлаа. Улмаар 2005 онд буюу зургадугаар ангид орох жилдээ хүүхдийн тоо цөөхөн гэсэн шалтгаанаар хоёр анги нийлж 6 “А” ангийн хамт болсон юм. Анги нийлсэн эхэн үедээ хоёр ангиараа хуваагдах шинжтэй, хөндий явсан нь ч бий. Гэлээ ч ухаант багшийнхаа сургаалиар төд удалгүй биесээ хүндэлж, хайрласан. Бүр хичээл, сурлага, урлаг спортоор сургуулиа манлайлсан шилдэг анги болох замдаа орсон юм.

Би хөдөөний хүүхэд. Аав, ээж минь сумын төвтэйгөө ойрхон хөдөө малаа малладаг. Тиймдээ ч би сумын төвд авга эгчийнхээсээ хичээлдээ явдаг байлаа. Аав минь морь сайхан уяна. Хар багаасаа л хүлгийн нуруун дээр өссөн надад хурдан морины найзууд минь бас байдаг байлаа. Тэд минь манай ангийн Шарков, Зоригоо, Жагаа, Даймаа, Бөмбөө, Бондоохой буюу Б.Түвшинбаяр, Б.Нямзориг, Л.Батжаргал, П.Дамдинсүрэн, Ч.Энхтөр, Б.Баттулга нар минь юм. Багшийн хэлдгээр өнөөх “аваргууд” чинь. Бид сургуулийн төмөр хашаанаас морио уячихаад дээл, бакалтайгаа ч сургууль дээгүүр таваргаж, вокзалын шатан дээгүүр морьтойгоо манаргаж, ташуур далайн хэнхэлзэж хөөрхий багшийнхаа чихнээс мөн ч их хонх уясан даа.

Би байрны хүүхэд. Авга эгчийнх минь сумын төвийн төв хэсэг болох “Долоон байшин” хэмээх 12 айлын хоёр давхар, долоон байшингийн нэгд амьдардаг байлаа. Манай ангиас долоод гэртэй хүүхэд олон байсан. Мандухай, Оюучка, Содоо, Бааска, Одбаяр, Оогий, Ээгий, Цогтоо, Ариука , Бадамаа, Энхбат буюу Б.Мандухай, Г.Оюунзул, М.Сод-Эрдэнэ, Г.Баасансүрэн, Г.Нармандах, О.Одбаяр, З.Отгонбаяр, Н.Эрдэнэ, Э.Цогтбаатар , Э.Ариунтуяа, Б.Бадамхатан гээд олуулаа. Яагаад ч юм, долоод байсан хүүхдүүд ангийнхаа өндрүүд нь байв. Тиймдээ ч голдуу өндрүүд нийлчихсэн байсан. Үүнээс нь болоод өөрсдийгөө томууд, ангийнхаа бусдыг нь жижгүүд гээд нэрлэчихсэн. Бид хамтдаа хичээлээ хийж, тоглоцгооно. Орой долоон байшингийнхаа дундах саравчинд харанхуй болтол буу халан сууцгаадаг байлаа. Өдөржин хамт байж гэр гэртээ оронгуутаа гэрийнхээ телефон утсаар /үнэгүй/ хоорондоо хэдэн цагаар ч хамаагүй ярьцгаадагсан. Бид тийм л сайхан найзууд байлаа.

Бид хэдийгээр “А”, “Б” анги, жижгүүд ба томууд гэж хуваагддаг байсан ч үргэлж багшийнхаа сургаалийг сонсдог, нэгнээ хүндлэн хайрладаг нэг ангийн хамт олон байсан юм. Анги нийлсэн жилээ бид ангиараа төмс хураалтад явлаа. Хоёр хоногоор явсан ажил хүнд ч, инээд хөөр цалгисан дурсамжаар дүүрэн энэ л өдрүүд биднийг улам л дотносуулж, бид биенээ ойлгож хайрлацгаадаг болсон доо. Манай ангид “манай аваргуудаас” гадна Көвөн, Амраа, Бамбар буюу Г.Гантөмөр, Б.Амаржаргал, Б.Баасан гээд ачааны хүндийг үүрсэн ажлын мангасууд бас байсан. Охидуудаас ажилсаг, авьяаслаг хэрнээ даруухан, анги хамт олныхоо, багшийнхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн Б.Нямжаргал, Б.Мөнхзул, Б.Ариунжаргал, Б.Ариунцэцэг, П.Мэндбаяр, Ч.Оюундарь, Н.Аззаяа, Б.Гантуяа, С.Урангоо, Б.Юмжирдулам гээд мундаг хүүхдүүд байлаа. Манай ангид дунд сургуульдаа тайлан тоглолтоо хийж байсан дуучин Сод-Эрдэнэ, аймаг бүсийн олимпиадын аварга Баасансүрэн, сум сургуулийн шилдэг сурагч Бадамхатан, урлагийн авьяастан Оюунзул, сургуулийн бөхийн аварга Түвшинбаяр нарын шилдгүүд ч байсан юм. Ийм л шилдгүүдээр дүүрэн сургуулийнхаа шилдэг анги, хамт олон байлаа.

Түүх, газарзүйн ухааны нэвтэрхий толь болсон мэдлэгийн уурхай ачит багшийнхаа сургаалиар бид өдий зэрэгтэй явна. Намуухан, дөлгөөхөн хэрнээ цаанаасаа л хайр хүндлэл татсан багшийн минь хэлж байсан сургаалиуд, зааж байсан хичээлүүд одоо ч сэтгэлд ойрхон. Багш минь түүхийн ухаанаас гадна амьдралын ухааныг бидэнд сургажээ. Бид багшдаа хайртай.

Өнөөдөр 2019 оны арваннэгдүгээр сарын 8 –ны өдөр. Энэ цаг мөчид төрөлх сургууль минь түүхт 40 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа. Сургуулийнхаа 28 дахь төгсөлтийн төлөөлөл миний бие хонхон дуу, цэцэгсийн баглаа, баяр хөөр, гунигийн нулимс дагуулан төгссөнөөс хойш 12 жилийн дараа ангийн нөхдөө, ачит багшаа, төрөлх сургуулиа санагалзан энэхүү дурсамжийг бичиж сууна.

“...Эрдмийг сураад буцна гэхээр

Аюулхай цээжиндээ дүүрэн гунигтай

Эргээд ангидаа суухгүй гэхээр

Алаг нүдэндээ сувдан нулимстай”… бид өөр, өөрсдийн зам мөр, ажил амьдралын эрхээр холдон одсон ч сурагч ахуйн гэгээн бүхэн сэтгэл дотор минь тэр л хэвээрээ. Та нар минь ч хүүхэд зангаараа тодхон байдаг юм. Ангийн найзууддаа, багш нартаа, үе үеийн төгсөгч та бүхэндээ эрдмийн өргөө сургуулийнхаа 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Сэлэнгэ аймгийн, Орхонтуул сумын нэгдүгээр баг, Рашаант. Ерөнхий боловсролын сургууль, Л.Юмжирдулам багштай 28 дахь төгсөлт, 9 “А” ангийн сурагч Г.НАРМАНДАХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна” хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы п баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Дэлхийн чихрийн
шижинтэй тэмцэх өдөр өчигдөр
тохиолоо. АШУИС-ийн Дотоод
шүүрэл судлалын багш,
доктор, профессор
Ж.Сувдаас энэ өвчний тухай зарим зүйлийг
тодрууллаа, нэг болон 17дугаар нүүрнээс уншаарай.

Өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт,
өөрчлөлт батлагдсан түүхэн үйл явдал балж өнгөрлөө. УИХ-ын чуулганы хуралдааныг нэг, тав, наймдугаар нүүрнээм дэлгэрүүлэн унших боломжтой.

Хөдөлмөр нийгмийн
хамгааллын сайд
С.Чинзоригтой хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс, мөрийтэй тоглосон
асуудалд холбогдоод буй Гаалийн ерөнхий газрын
дэд дарга Ё.Бат-Эрдэнийн яриаг нэг, долдугаар нүүрэнд нийтэллээ.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Буцчихаж магадгүй болсон бэрд
үнээ тугал нийлэх хамаагүй юм байна” нийтлэл хэвлэгдлээ.

Хэнтий аймгийн зарим суманд баавгаг дроноор хянаж байгаа тухай 15 дугаар нүүрнээс, БНЧУ-аас
Монгол Улсад суугаа
Элчин сайд
Ийржи Бродскийн бичвэрийг 19 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Түүнчлэн уламжлалт “Нэг ангийнхан”, “Ном ярьж өгье”, “Залуусын ертөнц” булангуудаа баасан гарагийн шинэхэн дугаараасаа уншиж сонирхоорой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзий төгс сайхан болно

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 15, Сугар гариг. Билгийн тооллын 18, улаан луу өдөр. Өдрийн наран 07:57 цагт мандан 17:15 цагт жаргана. Энэ өдөр ном айлтгаж, заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлөг тавих зэрэгт сайн. Онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах зэрэгт харш. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзий төгс сайхан болно.

Categories
мэдээ нийгэм

“Монголын үндэсний фронт” нэгдэлд шаардлага хүргүүлжээ

Image result for ТЕГ

Тагнуулын ерөнхий газраас “Монголын үндэсний фронт” нэгдэлд шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад:

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ШААРДЛАГА

2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар 08 Улаанбаатар хот

“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ” ГЭХ НЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЭГДЭЛД

“Монголын үндэсний фронт” гэх нэрийн дор 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх иргэн П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдпийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.

Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:

  1. “Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;
  2. Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;
  3. Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;

Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.

ДАРГА Д.ГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Маргааш 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 100 хувийн саналаар баталлаа

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн зүйл заалт бүрийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцсон бөгөөд саналыг гар өргөж баталгаажуулсан юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан учраас төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох юм.

Categories
мэдээ улс-төр

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны ерөнхийлөгч Сэр Сума Чакрабартиг хүлээн авч уулзлаа.

Тус банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгож, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжиж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, 2024 он хүртэл Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг боловсруулах, тэргүүлэх хамтын ажиллагааны салбарыг тодорхойлох асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Ноён Чакрабарти Монгол Улстай хамтран ажиллах явцдаа жилд 1-2 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жилийн санхүүжилтэд 200-250 сая евро зарцуулах төлөвлөгөөтэй байгаа талаараа танилцуулж, энэ нь түлхүү хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ буюу автозам, эрчим хүч, нийтийн тээврийн хөгжил, цэвэр, бохир усны систем зэрэгт зарцуулагдах төлөвтэй байгаа гэсэн юм. Мөн сүүлийн үед Монгол Улсад өрнөж буй автозам, төмөр замын бүтээн байгуулалт нь банкны зорилго, зорилттой нийцэж байгааг дурдаад хөдөө аж ахуйн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлалын бодлого зэрэг хэрэгжиж эхэлсэн болон ТЭЗҮ-г бэлтгэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, ноён Чакрабартид ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2019 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч сулрах боловч энэ сарын 16-17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

Иймд халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.

Арваннэгдүгээр сарын 16-наас 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.