Categories
мэдээ нийгэм

АТГ: Багш, эмч, эрх зүйч бэлтгэдэг их сургуулиудад ёс зүйн тандалт судалгаа хийв

Image result for атг

Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа”-ны ажлыг хийж байна.

Багш, эмч, эрх зүйч зэрэг иргэдэд нийтлэг үйлчилгээ үзүүлдэг ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн ёс зүйн орчин, ёс зүйн хичээлийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид сургалтын хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү судалгааг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Монгол Улс дахь авлигын шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа олон хүчин зүйлийн дотор иргэдийн сэтгэлгээ, ухамсрын түвшин, ёс зүйгүй байдал тодорхой хувийг эзэлж байгааг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй судалгаанд оролцогч төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, шинжээч зэрэг респондентууд онцолж байна. Иймд их, дээд сургуульд шударга ёс, ёс суртахууны төлөвшил, ёс зүйн чиг хандлага олгож буй байдал, сургуулийн орчин, ёс зүйн хичээлийн хөтөлбөрийн агуулга, эзлэх хувь, сургалтаар олж авч буй мэдлэг нь бодит байдал дээр ямар түвшинд байгааг тодорхойлохоор дээрх мэргэжилтнүүдийг бэлтгэдэг 3 их сургууль буюу Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн багш, профессор, албан хаагч, оюутны төлөөллөөс бэлтгэсэн асуулгын дагуу мэдээлэл цуглуулах, сургалтын хөтөлбөр, үүн дотор ёс зүйн хичээлийн агуулга, цаг, үр өгөөж зэрэгт шинжилгээ хийх зорилгоор энэхүү судалгааг зохион байгуулав.

Өнөөдрийн байдлаар 843 оюутан, 110 багш, албан хаагчаас анкетын судалгаа авч, дээрх 3 сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж тайланг боловсруулах шатанд ажиллаж байна. Улмаар судалгааны үр дүнтэй холбогдуулан боловсролын салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Авлигын эсрэг хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахаар заасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймаг Увс аймагтай хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавьсан Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэд Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, замын аж лыг гүйцэтгэсэн компаний удирдлагууд, замчид, холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Энэхүү зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сумын 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд, Ховд аймгийн хойд сумд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж зорчигчдын аюулгүй байдал, ая тух, ачаа тээвэрлэх үр ашиг нэмэгдэж аялал жуулчлалын бүс хөгжих боломж бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр даваа гаригт мэдээлэл хийх бололтой

Image result for д.одбаяр

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр ирэх даваа гаригт буюу 18-ны өдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр өнөөдөр “МИАТ” компанийн онгоцоор Улаанбаатарт иржээ. Д.Одбаяр БНСУ-д 10 хоног хилийн хоригтой байсан бөгөөд долоон сая воны торгууль төлж эх орондоо ирж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд

Image result for Шндсэн хууль

2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар баталсан юм. .

ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Өмнөх хувилбар: 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

Шинэ хувилбар: 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Өмнөх хувилбар: 27.2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

Шинэ хувилбар: 27.2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаадалан таваас доошгүйажлын өдөр чуулна.

Өмнөх хувилбар: 27.6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

Шинэ хувилбар: 27.6. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар хуулийг эцэслэн батална.

+27.7. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

Өмнөх хувилбар: 29.3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Шинэ хувилбар: 29.3. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Өмнөх хувилбар: 22.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

Шинэ хувилбар: 22.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

+22.3. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

+22.4. Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

Өмнөх хувилбар: 25.1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Шинэ хувилбар: 25.1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

Өмнөх хувилбар: 28.2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

Шинэ хувилбар: 28.2. Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Өмнөх хувилбар: 21.4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Шинэ хувилбар: 21.4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Өмнөх хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

Шинэ хувилбар: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

Өмнөх хувилбар: 25.16. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

Шинэ хувилбар: 25.1.6. Ерөнхий сайд хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

Өмнөх хувилбар: 25.1.16. Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;

Шинэ хувилбар: 25.1.16. Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөдийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;

+191.1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

+191.2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.

+191.3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Өмнөх хувилбар: 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

Шинэ хувилбар: 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно

Өмнөх хувилбар: 39.2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Шинэ хувилбар: 39.2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

Өмнөх хувилбар: 39.3. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Шинэ хувилбар: 39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

+39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий айд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Өмнөх хувилбар: 43.1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Шинэ хувилбар: 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Өмнөх хувилбар: 43.2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Шинэ хувилбар: 43.2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Өмнөх хувилбар: 44.1. Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

Шинэ хувилбар: 44.1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

+44.2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Өмнөх хувилбар: 30.2. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Шинэ хувилбар: 30.2. Ерөнхийлөгчөөртавиннасхүрсэн,сүүлийнтаваас доошгүйжилэх орондоо байнга оршин суусан, МонголУлсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаасонгоно.

Өмнөх хувилбар: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Шинэ хувилбар: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Өмнөх хувилбар: 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Шинэ хувилбар: 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

+49.6. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

Өмнөх хувилбар: 48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

Шинэ хувилбар: 48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

НУТГИЙН УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Өмнөх хувилбар: 57.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Шинэ хувилбар: 57.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Өмнөх хувилбар: 57.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Шинэ хувилбар: 57.3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Өмнөх хувилбар: 59.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

Шинэ хувилбар: 59.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Бат-Эрдэнэ: Ёртой юм шиг “Казино ороод үзчих юмсан” гэдэг бодол төрдөг байсан

-ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАНДАА НИЙТ ГААЛЬЧДААСАА УУЧЛАЛТ ГУЙЯ-

Төрийн албан хаагчид мөрийтэй тоглосон гэх асуудал өнгөрсөн долоо хоногт дэгдэж, Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулан хэлэлцэж, холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй. Мөрийтэй тоглосон асуудалд холбогдсон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Таныг мөрийтэй тоглосон асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаад байна. Тэр үед та томилолтоор явж байсан гэв үү. Шийдвэрийг яаж хүлээж авав?

-Юуны өмнө энэ бол ёс зүйн хувьд алдаа. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасан даа, намайг ажил төрөлд томилж, өдий болтол дэмжиж ирсэн, надтай хамтран ажиллаж байсан бүх хүмүүс, тэр тусмаа гаалийн байгууллагынхаа хамт олон, нийт гаальчдаасаа уучлалт гуйя.

Болсон процессын хувьд бол ОХУ-ын Холбооны гаалийн албаны дэд даргатай бид жилд нэг удаа харилцан нэгнийхээ нутагт уулзаж, гаалийн зөрчилтэй тэмцэх ажлын талаар хэлэлцдэг уламжлалтай.

Энэ удаагийн уулзалт ОХУ-ын Владивосток хотод болох байсан учраас би ОХУ руу томилолтоор явсан. Томилолтоор явах замд онгоцны рейс тэгж таараад Солонгост нэг хоносон юм. Шөнө очоод өглөө нь явсан хэрэг.

Казиногийн хажуугийн буудалд бууж таарсан. Манайд чинь Казиногийн хуулийн Ажлын хэсэг гэж байдаг шүү дээ. Би дэд ажлын хэсгийн гишүүн. Хууль дээр ажиллаж байхдаа ёртой юм шиг “Тийшээ ороод үзчих юмсан” гэдэг бодол төрдөг байсан. Тиймээс хажууд нь буусных яваад орчихсон.

Шөнө нэг, хоёр цагийн үед орсон байх. Ороод 100 доллар солиод жаахан суусан. Уг нь бол мань мэтийн хүний тоглох ч газар биш байсан. Жаахан сууж байгаад гарсан. Өглөө нь нисээд Владивосток хотод оччихоод оросуудтайгаа уулзалт хийгээд сууж байтал мэдээ ирсэн.

“Засгийн газрын хуралдаанаар өөрийн чинь асуудал орж байна” гэж. Нэгэнтээ уулзалт хийж байсан болохоор ажлаа хийж дуусгаад өнгөрсөн бямба гаригт Монголд ирлээ. Иймэрхүү л үйл явдал боллоо.

-Хууль хяналтынхан танаас мэдүүлэг, байцаалт авсан уу?

-Энэ чинь өөрөө хуулийн байгууллага дуудаад байцаалт авах хэрэг биш. Энэ бол ёс зүйн хувьд буруу. Гэхдээ гэмт хэрэг биш. Би хулгай дээрэм хийсэнгүй, авлига авсангүй, албан тушаалаа урвуулан ашигласангүй. Тийм учраас хуулийн байгууллага дуудахгүй байх гэж бодож байна.

-Ямар хуулийн зүйл заалтаар таныг албан тушаалаас чөлөөлж байна гэсэн бэ?

-Яг хуулийн зүйл заалт гэхээр хэцүү. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газраас баталдаг. Тэр дүрмийн дагуу буруутгаж байх шиг байна. Нарийн сайн мэдэхгүй байна.

Ямартаа ч энэ хуулиар буруутгаж байгаа гэж ойлгосон. Төрийн албаны тухай хуульд ёс зүйн асуудлыг хоёр хуваадаг. Улс төрийн алба, төрийн тусгай албаны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.

Харин төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газраас тоСгооно гэсэн зохицуулалт байгаа. Би төрийн тусгай албан хаагч. Гаалийн улсын байцаагч өөрөө төрийн тусгай албан хаагч байдаг. Тэгэхээр тэр дүрмийн дагуу гэхээр бас их авцалдахгүй байх шиг.

Одоогийн байдлаар ний нуугүй хэлэхэд төрийн тусгай албан хаагч, улс төрийн албан хаагчийг энэ дүрмээр казинод орж болохгүй, орвол ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байхгүй гэж ойлгоод байгаа юм. Гэхдээ энэ бол казинод орсноо зөвтгөж байгаа хэрэг биш шүү. Ийм заалт байхгүй гээд далимдуулаад тийшээ ороод тоглоод байх нь буруу.

Тиймээс би өөрийгөө зөвтгөж ярьж байгаа зүйл биш гэдгийг ойлгоорой. Өөрөө хуулийн зүйлт заалт гэж асуусан учраас хэлж байна. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

-3ГXЭГ-ын дaргa, Сангийн сайдтай уулзсан уу. Юу гэж байх юм?

-Сангийн сайдтайгаа уулзсан. Уучлалтаа гуйгаад үнэнээ хэлсэн. “Юуг нь нуух вэ, 100 доллар солиод суусан” гэдгээ хэлсэн. Сайд бол “Болчимгүй юм хийлээ дээ, та” гэж байсан. Сүүлийн хоёр жил байгууллага маань ачаалалтай, ажил ихтэй байснаас би ээлжийн амралтаа аваагүй байсан юм. Тиймээс “Шийдвэр гартал амралтаа авч болох уу” гэж сайдаас хүссэн. Тэр хүрээндээ одоогоор амарсан байдалтай байна даа.

-Засгийн газрын шийдвэрийг улс төртэй холбох хүмүүс ч байна. Мэдээж таны хэлснээр энэ бол буруу асуудал. Гэхдээ урьд өдөр нь хилийн чанадад болсон асуудлыг маргааш нь Засгийн газар хэлэлцсэн гэхээр их л шуурхай явчихаж. Танд юу гэж бодогдох юм?

-Миний тухайд бол би өөрөө улс төрийн хүрээний хүн биш. Хуучны хэллэгээр би зүгээр л төрийн хар хүн. Төрд зүтгэж ирсэн. Улс төрөөр явж байгаагүй. Аль ч намын үед ажиллаж байсан. Тийм болохоор миний энэ асуудал улс төртэй холбоогүй байх гэж бодож байна.

Харин хууль хяналтын байгууллагууд ажиллагаа явуулж байхад л таарчихав уу даа гэж бодож байгаа. Би энэ албанд Засгийн газраас томилогдсон хүн. Тийм болохоор томилсон хүнийхээ асуудлыг Засгийн газар хэлэлцсэн байх.

Харин шуурхайгийн хувьд нотлох баримтаар нотлогдсон гээд шийдсэн байх даа. Одоогоор “Чамайг тэглээ” гэсэн албан ёсны шийдвэр гар дээрээ аваагүй байна.

-Тантай хамт МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан халагдах шийдвэр сонссон. С.Баатарцогттой хамт казино орсон хэрэг үү?

-Үгүй, би тэр хүнийг огт танихгүй. Тэнд байсан ч юм уу, мэдэхгүй. Би тэнд ганцаараа л орсон. Томилолтоор цуг явсан хүмүүс амарсны дараа би гараад өөрөө яваад орчихсон хэрэг. Тийм болохоор би тэр хүнийг танихгүй, хэн нэгэн хүн намайг уруу татаагүй.

-Солонгосын казинод монголчууд их тоглодог гэдэг.Тантай монголчууд таарсан уу?

-Мэдэхгүй. Ялгагдахгүй юм билээ. Аль нь монгол гэдэг нь. Монгол хүнтэй ч тааралдаагүй.

-Олон нийтэд ил болсон зургаас харахад таны өмнөөс авсан зураг байсан. Хэн авсныг тодруулж үзсэн үү?

-Лав л монгол хүн авсан байж таараа. Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдэлд ард түмний зүгээс ирсэн мэдээллийн дагуу гэж байсан. Уг нь би тийм их нэр алдартай, олны танил хүн биш. Намайг хүн танихгүй. Надтай гаалийн шугамаар харьцдаг нь ч тэр бүр надтай уулздаггүй. Хэрвээ таньдаг хүн байсан бол хүрээд ирэх байсан байлгүй дээ.

-Таныг казинод ганцаараа орсон гэхээр нэг л үнэмшилгүй сонсогдож байна. Хэн нэгнийг хамгаалж, нуугаад байгаа юм биш биз дээ?

-Яалаа гэж. Хэн хүн андахааргүй том ч газар. Ороод тойрч үзсэн. Янз бүрийн машинууд байсан. Рулет, покер гэх мэт есөн шидийн юм байсан. Миний ганц мэдэх нь покер. Гэвч покерын ширээ дүүрчихсэн байсан. Өнгөрч явтал нэг суудал гарлаа гэхээр суучихсан. Ёстой нэг мэнгэ нь голлосон өдөр байж.

-Өмнө нь мөрийтэй тоглож байсан байж таарах нь ээ?

-Үгүй. Түрүүн хэлсэн шүү дээ. Ажлын хэсэгт байхдаа л ёртой юм шиг орж үзье гэж бодогдоод байсан. Сая яг хувьсгалын тохироо бүрдэнэ гэгч юм боллоо л доо. Хажууд нь буудаллаж таарлаа. Покер дээр л очиж суусан. Доод талдаа 100 доллар сольчиход суулгачихдаг юм байна. Тэгээд л суусан. Уг нь бал жигтэйхэн өндөр “юм”-тай хүмүүс суудаг юм байна лээ. Жаахан суусан, явахгүй ч юм билээ.

-Казиногийн хуулийн ажлын дэд хэсгийн гишүүний хувьд тоглож үзэхийг боддог байсан гэлээ. Ажлын хэсгийнхэн энэ тухай ярилцаж байв уу?

-Тоглоом шоглоомоор “Туршлага судалъя” гэх зэргээр ярьж л байдаг. Би л ёр юм шиг болчихлоо.

-Байгууллагын нэг, хоёрдугаар удирдлагын албан тушаал хүн бүрийн анхааралд байх нь бий. Тэдний суудал ганхах шалтгаан дотроосоо эхэлдэг нь манайд хэвшил болсон. Таны асуудал ч бас ийм технологиор явчихав уу?

-Манай ерөнхий газрын удирдлагын баг сайн хамтарч ажилладаг. Ямар нэгэн зөрчил байдаггүй. Үүнийг сольчихъё, явуулчихъя гэсэн зүйл байхгүй. Би үүнд итгэлтэй байна.

Хоёрдугаарт, мэдээж би өнгөрсөн хугацаанд удирдах албан тушаал цөөнгүй хашиж ирсэн. Гаалийн хяналт бүрдүүлэлт, эрсдэлийн удирдлага, лаборатори гээд гаалийн үндсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг хариуцаж ирсэн хүн. Тийм учраас байцаагч нартаа арга хэмжээ авах тохиолдол ч бий. Зэмлэж буруушаах ч үе байдаг. Магтаж сайшаах нь ч гарна.

Ажлын шугамаар байнга тохиолддог асуудал. Тэр байтугай гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй ч сайдаж муудах асуудал гардаг. Ийм л замаар зарчимч шударга байхыг хичээж 26 жил энэ албанд ажиллалаа. Тиймээс үүнээс болоод намайг ингэлээ гэсэн бодол алга. Тэр тусмаа хамт олондоо өчүүхэн ч хар санахгүй байна.

Нэг зүйлийг энэ далимд хэлэхэд миний гаргасан энэ ёс зүйн зөрчлийг гаалийн байгууллагын ажил үйлстэй битгий хутгаасай. Хамт олны маань ажлыг битгий харлуулаасай гэж хүсэж байгаа. Гаалийн байгууллагын ажил маш сайн явж байгаа.

-Гаалийн байгууллагад та хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Дэд даргын албанд хэзээ ямар шалгуураар орж байв?

-Би ОХУ-д Эрхүүгийн их сургуулийг химич мэргэжлээр төгссөн. Дараа нь Монголоос анх удаа хоёр нөхрийнхөө хамт ОХУ-ын Гаалийн академийг гаалийн менежер мэргэжлээр 1999 онд төгсөж байлаа. Өмнө нь би Төв аймгийн Захиргаанд ажиллаж байсан. Ажилтнаас эхлээд хэлтсийн дарга ч хийж байсан.

Тэр үед Худалдаа үйлдвэрийн яамны Лицензийн товчооны салбарыг Төв аймагт байгуулах шийдвэр 1993 онд гараад, аймгийн Засаг дарга Гончиг намайг “Чи үүнийг хариуцаад ажиллуулаад яв” гэснээр Лицензийн товчооны төлөөлөгч гэдэг ажил хийж эхэлсэн.

Тун удалгүй Лицензийн товчоо гаалийн байгууллагын харьяанд шилжсэн. Тэгээд л гааль руу анх орсон доо. Тэгээд Төв аймагт анх удаа Гүний гааль гэж байгуулагдаад эхлээд би шалгагчаар ажилласан. Манайх тийм журамтай. Дараа нь Төв аймгийнхаа Гаалийн байгууллагын даргаар томилогдоод ажиллаж байтал Гаалийн ерөнхий газраас дуудаад Сэлэнгийн Гаалийн орлогч даргаар томилно гэсэн.

Би чинь олон хүүхэдтэй айлын том нь. Ээж дүү нар маань Төв аймагт байгаа гээд “Хол явж чадахгүй” гэлээ. Тамгын дарга маань “Чи сайн бодоорой”, гээд явуулсан. Найз нөхдөдөө хэллээ.

“Чи юу ярьж байгаа юм бэ. Дандаа Төв аймагтаа байна гэж юу байх вэ” гэснээр Сэлэнгийн Гаалийн орлогчоор томилогдож байлаа. Тэр бол гаалийн алба руу гүнзгий орсны эхлэл байсан. Түүний дараа Гаалийн лабораторийн эрхлэгчээр томилогдсон. Дараа нь Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын албыг хашлаа. Гаалийн ерөнхий газартаа бүх нэгжид ажиллаж үзсэн байна.

Шалгагчаас нь эхлээд Гаалийн ерөнхий газрын дэд дарга хүртлээ ажилласан. Дэд даргаар 2016 оны наймдугаар сард томилогдсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байлаа.

-20 гаруй жил ажилласан салбартаа эхлүүлсэн, үр дүнг нь үзэхийг хүсэж байгаа олон ажил байгаа болов уу?

-Болдог бол эндээ ажиллалгүй яах вэ. Төлөвлөсөн ажил ч их байсан. Хийх юм ч их байна. Зохих хэмжээний мэдлэг туршлага байна. Гэхдээ түүнийг би шийдэх биш. 26 жил ажиллачихаад ингээд явна гэдэг бол харамсалтай байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийгдэж байна

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит хийгдэж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр олон улсын стандартын баталгаажилтын I шатны аудитын шалгалтад хамрагдаж байна. Баталгаажилтын аудитыг “Эс Эф Си Эс” ХХК-ын тэргүүлэх аудитор Ж.Хашбат, аудитор Г.Дашдаваа нар явуулж байна.

Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвар, хуулийн болон стандартын зохицуулалтын шаардлагад нийцсэн, хэрэглэгчийн хүлээлтийг хангах боломжийг олгох, байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудад чиглэсэн арга хэмжээ авах боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Америкт Төгсөгчдийн Үндэсний Бага Хурал залуусын хөгжил, нийгмийн оролцоог дэмжинэ

Image result for USA

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооноос тав дахь удаагийн Америкт Төгсөгчдийн Үндэсний Бага Хурлыг 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах юм. 2019 оныг Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Залуучуудын Жил болгон тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан залуусын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр уг бага хурлыг зохион байгуулж байна. Хурлыг нээж АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески үг хэлэх юм байна.

Тус бага хурлын үеэр дараах сэдвүүдээр хэлэлцэх аж.

– Залуучуудын хөгжил, нийгмийн оролцоо ба төгсөгчид

– Төгсөгчид, төгсөгчдийн холбоодын ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөө

– GoMASA жижиг төслийн уралдааны ялагчдыг зарлах

Хурлын үеэр Америкийн Засгийн газрын урт болон богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нартай танилцаж, туршлагаас нь хуваалцах, Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Америкт төгсөгчдийн холбоонуудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. Уг арга хэмжээ Сэтгүүлчдэд нээлттэй болно.

АНУ-ын Төрийн департаментын тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд нь хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилготой ба эдгээр хөтөлбөрүүдийн төгсөгчид АНУ-д эзэмшсэн мэдлэг, туршлагаа Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө зориулсаар ирсэн билээ.

Хэзээ: 2019 оны 11-р сарын 16-ны Бямба гарагт 12:30 цагаас

Хаана: Новотэл Улаанбаатар зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд (Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд)

Юу: Америкт Төгсөгчдийн Үндэсний Бага Хурал

Categories
мэдээ нийгэм

Академич Б.Чадраа агсны ойд зориулж дурсгалын хөшөө босголоо

Академич Б.Чадраа агсны ойд зориулж дурсгалын хөшөө босголоо

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд өчигдөр /11.14/ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхим нээх ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ШУА-иас энэхүү ойг угтаж шат дараалалтай ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь Б.Чадраа гуайн ажиллаж байсан, удирдаж байсан ФТХ-нд нэрэмжит танхим, дурсгалын хөшөө байрлуулах энэ ажил юм. Б.Чадраа гуайн амьдрал үйл ажиллагааг мэддэг хүмүүс өнөөдөр энд цугласан байна. Гэсэн хэдий ч би өнөөдөр Б.Чадраа гуайн тухай зарим зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Бид хоёр хамтарч ажиллаад 42 жил болж байна. 1977 онд Монгол улсад ФТХ-ийн дэргэд Сансар судлалын тасаг байгуулахад тэр тасагт би ирж, тэр цагаас хойш нэг байгууллагад хамтарч ажилласан. Энэ хүний тухай, 80 жилийн ойн баримтат кино удахгүй гарна. Тэнд миний бие дэлгэрэнгүй дурсамж ярьсан байгаа. ШУА 1961 онд байгуулагдсанаас хойш академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн 2 хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй авч дараагийн үетэй золгуулсан. Энэ бол яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч судалгаа шинжилгээний ажлыг боломжийн хэрээр санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг байгаа. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын коммисын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах коммиссын даргаар ажиллаж ирсэн. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан хүн. Ийм эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж энэхүү дурсгалын хөшөөг нээж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Б.Чадраа гуай 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарын наймдахь хүү болон мэндэлсэн байдаг. 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн “Монел” үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм

08.30 цагт МУИС-ийн Номын санд “Дэлхийд данслагдсан Монгол өв: Монгол наадгайн соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88008781

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Татварын хуулийн шинэчлэл” семинар болно. Утас: 80230148, 70128109

09.30 цагт Засгийн газрын XI байранд Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын санхүү, бизнес, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлаарх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шилдэг илтгэгчид шагнал гардуулна. Утас: 80881000

10.00 цагт Сангийн яамны гадна талбайд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүүд цуглаан зохион байгуулна. Утас: 99027019, 88007709

11.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн байранд академич Б.Чадраа агсны 80 насны ойд зориулсан хос боть ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99717977

11.00 цагт “Лавай” худалдааны төвд “Хөдөө аж ахуйн хоршоо-2019” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 10 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

14.00 цагт СУИС-ийн Оюутан театрт “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2019” болно.

14.00 цагт СТӨ-нд ШУТИС-ийн 1000 оюутны “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн болно. Утас: 99148148

17.00 цагт “Mongol art gallery”-д Монгол, АНУ-ын хүүхдүүдийн хамтарсан “Тэмүүлэл” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Насанбилэг: Намуудад бие биенээ ойлгож, хүндэлдэг улс төрийн соёл бий болгохыг туйлын их хүсч байна

“Зүй ёс” намын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа.


-“Зүй ёс” намыг ямар үзэл санаанд нэгдэж байгуулсан юм бэ?

-Би Япон улсад 1998-2008 он хүртэл сурч, ажиллаж байсан. Тухайн үед Япон дахь Монгол оюутны холбоо гэж байсан. Бид тэрхүү холбоонд гишүүнээр, зарим нь тэргүүнээр нь ажиллаж байлаа. Мөн Монголд Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг гэж бий. Миний хувьд уг нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж байна. Японд сургууль төгсөгчид хоорондоо харилцаа холбоогоо бэхжүүлье, Япон Монголын харилцаанд хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой юм. Япон улсад хууль жинхэнэ ёсоор хэрэгждэг. Тэнд суралцаад, төлөвшөөд ирсэн хүмүүсийн хувьд бид шударга ёс, хариуцлагын тогтолцоог Монголдоо нэвтрүүлэхийг маш их эрмэлздэг байсан. Энэ хүрээнд бид 2018 оны гуравдугаар сараас ярьж эхлэн нам байгуулахаар шийдсэн. Өөр бусад нам руу орвол яасан юм бэ гэх асуудлууд яригдаж байсан. Гэхдээ хүмүүс нэгдэхийн тулд үнэт зүйл, үзэл баримтлал нь адилхан байх ёстой. Бид бусад намуудаа таньж мэдэж амжаагүй байсан учир шинээр нам байгуулахаар болсон юм.

2019 оны зургадугаар сард бид үүсгэн байгуулагдах хурлаа зохион байгуулсан. Энэ үед бид 1510 хүний гарын үсэг цуглуулаад байсан. Улмаар Дээд шүүхэд материалаа өгч, энэ жилийн есдүгээр сард албан ёсоор Монгол Улсын 35 дахь нам болсон.

Хамгийн отгон нам ч гэж хэлж болно. Тэр утгаараа бидэнд улс төрийн акц хийх туршлага байхгүй. Санхүүжилтийн асуудал ч хүнд байгаа. Гэхдээ улс төрийн нам гэдэг ард түмний амьдралд эерэг өөрчлөлтийг авчрахын тулд өөрсдөө хүчтэй, чадалтай, төлөвшилтэй байх ёстой. Иймд бид намаа яаж төлөвшүүлэх вэ, хүмүүсээ яаж зохион байгуулалттай бүтцэд оруулж ажиллуулах вэ, дээрээс нь ирэх жилийн сонгуулиар бид ямар бодлоготой орох вэ гэдэг асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр явж байна.

-Таны хувьд ямар бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж харж байгаа вэ?

-Ардчиллын замаар яваад бид 30 жил болчихлоо. Энэ хугацаанд бидэнд маш олон асуудлууд үүсээд байна. Үүнийг тоочих юм бол тоолж барагдахгүй. Хууль хэрэгжихгүй, хүний эрх хангагдахгүй, төр төвтэй амьдрал бий болчихоод байна. Төрөөс айдаг, хүнд суртал нь их учир төрөөс гуйдаг. Төр нь их мөнгөтэй, ард иргэд нь ядуу амьдрал л үүсчихсэн. Энэ нь тогтолцоо, системээсээ болж байгаа гэдгийг судлаачид, улс төрчид хэлдэг. Тиймдээ ч бид үүн дээр төвлөрч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Бид эв эеийг хичээж, улс эх орноо, ард иргэдээ сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол системийг хэрхэн өөрчлөхөө бодож, бусадтайгаа санаа бодлоо хуваалцах, ярилцах хэрэгтэй. Улс төр гэдэг бие биенээ харлуулах явдал биш. Улс төрийн намын тэргүүнүүд маш хариуцлагатай байж, өөрсдийгөө бус ард түмнийг бодож зөвшилцөж, бие биенээ ойлгож, хүндэлж чаддаг байх ёстой юм. Ийм улс төрийн соёл бий болгохыг туйлын их хүсч байна л даа. Үүнийг ч тэд ойлгож байгаа байх гэж бодож байна. Хэрэв энэ чигээрээ явбал Монгол Улс үнэхээр дампуурах гээд байна гэдгийг л онцлох нь зүйтэй болов уу.

-Эрх баригчид нийгэмд үүссэн гажуудлыг засахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж буй. “Зүй ёс” нам энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Мэдээж 100 хувь дэмжиж байна уу гэвэл үгүй. Маш олон хүний санаа бодол нийлж боловсруулагдсан дундын хувилбар учраас тэр бүрт сэтгэл хангалуун байна гэдэг хэцүү. Миний ойлгосноор сонгуулийн тогтолцоонд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байгаа. Энэ нь зөв хандлага гэж үзэж байгаа. Тиймдээ ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь дэмжиж байгаа юм. Үндсэн хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудын хоорондын эрх мэдлийн хуваарилалт зөв байх ёстой. Тиймдээ ч энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөлт хийж байгаа. Ялангуяа шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, гүйцэтгэх засаглалын чадавхыг дээшлүүлж, хариуцлагын тогтолцоог нэмж байгаа. Үүнийг зөв хандлага гэж харж байна.

-Элдэв хөдөлгөөнүүд гарч ирэн жагсаал, цуглаан хийж байгаа. Тухайлбал, Монголын үндэсний фронтоос тун саяхан жагсаал хийсэн. Тэдний илэрхийлж буй саналуудыг та бүхэн хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ярьж байгаа зүйлүүдийг нь сонсоход УИХ-ыг тараая, төрийн эрх мэдлийг ард түмэнд өгье гэж байна л даа. Дээрээс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж байх шиг байна. Хүн болгон янз бүрийн бодолтой л байх. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ бидэнд хүлээх ёстой үүрэг гэж бий. Нэгдүгээрт, хуулиа биелүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулиа хүндлэх ёстой. Аливаа хүчирхийлэл байх нь буруу. Нөгөө талаасаа Монголын үндэсний фронт гэсэн маш том жагсаал боллоо. Энэ нь ард түмэн ямар их бухимдсан байгааг төр засгийнханд харуулж чадсан. Ард түмэн бухимдлаа илэрхийлэх боломж байх ёстой юм. Монголчууд бид цөөхүүлээ. Бие биенээ хүндэлдэг, хайрладаг, эе эвийг эрхэмлэдэг байх нь тун чухал. Тиймээс зөвшилцлийн аргаар аливаа асуудлыг шийдээд яваасай л гэж хүсч байгаа.

Монголчууд бидэнд би гэх үзэл давамгайлчихсан. Энэ буруу зүйл биш л дээ. Гэхдээ сүүлийн үед ажиглаж байхад би гэх үзлээсээ болоод эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа нь илт байна. Боловсролтой, боловсролгүй, аль салбар гэдгээсээ үл хамаараад нэгдэж чадахгүй, хагаралдаж байна. Зарим газраа би-гээ түр орхих хэрэгтэй. “Ойрхон бөгөөд хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв” гэсэн үг байдаг шүү дээ.

-Намдаа “Зүй ёс” гэх нэрийг өгөх болсон нь ямар учиртай юм бэ?

-“Зүй ёс” дотор хүн ёс, хууль ёс, шударга ёс, ёс суртахуун гээд энэ бүхэн агуулагдаж байдаг. Өргөн бөгөөд гүн гүнзгий утга учиртай болохоор энэхүү нэрийг өгсөн. Бидний сэтгэлд байх, хийхийг хүсч буй бүх зүйлийг нэр маань илэрхийлж байгаа учраас энэ нэрийг сонгосон хэрэг. Нөгөөтэйгүүр энэ бүхэн Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Бид зүй ёсыг дэлгэрүүлэхийн төлөө л явна.