Categories
мэдээ нийгэм

Багш, эмч, эрх зүйч бэлтгэдэг их сургуулиудад ёсзүйн судалгаа хийв

Авлигатай тэмцэх газраас “Дээд боловсролын салбар, орчин дахь ёс зүйн тандалт судалгаа”-ны ажлыг хийж байна. Багш, эмч, эрх зүйч зэрэг иргэдэд нийтлэг үйлчилгээ үзүүлдэг ёс зүйн өндөр хэм хэмжээг өдөр тутам чанд сахин мөрдөх шаардлагатай мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийн ёс зүйн орчин, ёс зүйн хичээлийн хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид сургалтын хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү судалгааг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Монгол Улс дахь авлигын шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа олон хүчин зүйлийн дотор иргэдийн сэтгэлгээ, ухамсрын түвшин, ёс зүйгүй байдал тодорхой хувийг эзэлж байгааг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй судалгаанд оролцогч төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, шинжээч зэрэг респондентууд онцолж байна. Иймд их, дээд сургуульд шударга ёс, ёс суртахууны төлөвшил, ёс зүйн чиг хандлага олгож буй байдал, сургуулийн орчин, ёс зүйн хичээлийн хөтөлбөрийн агуулга, эзлэх хувь, сургалтаар олж авч буй мэдлэг нь бодит байдал дээр ямар түвшинд байгааг тодорхойлохоор дээрх мэргэжилтнүүдийг бэлтгэдэг 3 их сургууль буюу Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн багш, профессор, албан хаагч, оюутны төлөөллөөс бэлтгэсэн асуулгын дагуу мэдээлэл цуглуулах, сургалтын хөтөлбөр, үүн дотор ёс зүйн хичээлийн агуулга, цаг, үр өгөөж зэрэгт шинжилгээ хийх зорилгоор энэхүү судалгааг зохион байгуулав.

Өнөөдрийн байдлаар 843 оюутан, 110 багш, албан хаагчаас анкетын судалгаа авч, дээрх 3 сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж тайланг боловсруулах шатанд ажиллаж байна. Улмаар судалгааны үр дүнтэй холбогдуулан боловсролын салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Авлигын эсрэг хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахаар заасан билээ.

Categories
мэдээ нийгэм

​Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, Дүн шинжилгээ хийх чадварыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Аймаг, Нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэд www.csc.gov.mn цахим хуудсанд орж ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ цэснээс хэдэн цагт шалгалт өгөхөө нягтална уу .

Мөн өөрийн эрхээр нэвтрэн “баталгаажилтын хуудас” дээр даран орж уг хуудсыг хэвлэж, шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхний хамт авч ирэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ТОЗ-8 маркийн буугаар өөрийгөө буудаж хөнөөжээ

Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр Архангай аймагт өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Хангай сумын нутагт оршин суух хаягтай иргэн 37 настай эрэгтэй А нь ТОЗ-8 маркийн буугаар өөрийнхөө толгойн тус газарт нэг удаа буудаж газар дээрээ нас баржээ. Талийгаач гэртээ ганцаараа байхдаа өөрийн эзэмшлийн буугаар ийнхүү буудсан байжээ.

Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

ДОХ-оор өвчлөгсдийн тоо 281-д хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын судалгааг танилцуулах үеэр Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын шинэ тохиолдол бүртгэгдсэнийг дурдлаа. Ингэснээр улсын хэмжээнд ДОХ-оор өвчлөгсдийн тоо 281 хүрээд байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, салхин цэцгээр өвчлөгчид 2395 (41.4%), тэмбүүгээр өвчлөгчид 503 (10%), Мөөгөнцрөөр өвчлөгчид 73 (5.3%), Сүрьеэгээр өвчлөгчид 128 (4.2%), Гонококкт халдвараар өвчлөгчид 110 (2.5%) –аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145 (42.3%)-аар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкны зөвлөх Х.Р.Альбертыг хүлээн авч уулзлаа

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийхэд мэдээллийн олон эх үүсвэрийг ашиглах нь” төслийн багийн ахлагч Андрью Флатт, “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгох чиглэлээр ажиллаж буй Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Х.Р.Альберт, Үндэсний зөвлөх Б.Бадамцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгох ажлын хүрээнд хийгдэж буй олон хэмжээст үзүүлэлтүүдийг сонгох, түүний хүрээнд зохион байгуулагдсан туршилтын судалгаанаас гарсан хувилбар тооцоонуудын үр дүнгийн талаар ярилцав. Үндэсний хэмжээний ОХЯИ-ийг бий болгосноор Тогтвортой хөгжлийн зорилгын 1.2.2. Үндэсний тодорхойлолтоор ядуурлын бүх хэлбэрт амьдарч байгаа бүх насны хүн ам (эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд)-ын эзлэх хувь үзүүлэлтийг бий болгох боломжтой болох юм.

Categories
гадаад мэдээ

Хамгийн дур булаам эрээр Жон Леженд тодорчээ

“People” сэтгүүл энэ удаагийн дугаартаа хамгийн дур булаам эрэгтэйгээр Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Жон Лежендийг тодруулжээ. “All of Me”, “Love Me Now”, “Start a Fire”, “One Woman Man” болон “Preach” зэрэг дуу нь хамгийн алдартай нь. Ж.Леженд Грэмми шагналыг 10 удаа хүртсэн нэгэн юм. 2015 онд Сельма киноны “Glory” дуугаараа Алтан бөмбөрцөг, мөн Оскар хүртэж байжээ. Өнгөрсөн жил хамгийн дур булаам эрэгтэйгээр Их Британийн кино, телевизийн жүжигчин Идрис Эльба шалгарч байв.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

928 шүдний эмч амилуулах тусламжийн сургалтад хамрагдлаа

НМХГ, ЭХЭМҮТ, УНТЭ-ийн санаачилгаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан нараар батлуулсан удирдамжийн дагуу шүдний эмч нарт зориулсан “Амилуулах тусламж” сэдэвт сургалт 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 14-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-д амжилттай явагдаж дууслаа.

Сургалтыг НМХГ, Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Монголын Шүдний мэргэжилтнүүдийн холбоо зохион байгуулан, ЭХЭМҮТ, УНТЭ, Монголын ЯТН-ийн эмч, багш нар удирдан явуулав. Сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 335 шүдний эмнэлэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл зэрэг есөн аймгийн шүдний эмнэлэг, нийт 344 шүдний эмнэлгийн 928 эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар оролцов.

image

Тус сургалт нь ЭМС-ын 2019 оны А/293 тоот тушаал “Журам, заавар батлах тухай”-д заасан эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журмын хэрэгжилтийг хангуулахын тулд эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын амилуулах тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн үед зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухай мэдлэг, ашиглах чадварыг нэмэгдүүлэх, тэдгээрийн бэлэн байдлыг хангахын ач холбогдлыг ойлгуулах үндсэн зорилгодоо хүрлээ. Сургалтыг амжилттай явуулсан ЭХЭМҮТ, УНТЭ, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоонд эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт хэрэгжүүлэх, эрсдэл бууруулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж, НМХГ-аас “ТАЛАРХАЛ” гардуулав.

Categories
мэдээ спорт

“Талын хөх чононууд”-ын эсрэг “Азийн арслангууд”

Монголын үндэсний шигшээ багынхан ДАШТ-ний 2-р шатны тоглолтоо маргааш буюу 11-р сарын 16-ны өдөр Мьянмар Улсын шигшээ багтай хийх гэж байна.

Энэхүү тоглолт нь Мьянмарын талбайд нь тоглох ба шигшээ багийн залуучууд маань өчигдөр Камбож Улсын шигшээ багтай нутагт нь нөхөрсөг тоглолт хийж 1:1-ийн харьцаатай тэнцсэн.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс хэлэхдээ:

Мьянмар Улсад зочлон тоглох тоглолт чухал ач холбогдолтой. Учир нь одоогоор Монголд -20 хэмийн хүйтэн байгаа учир халуун, дулаан уур амьсгалд дасан зохицох гээд олон асуудлууд тамирчдад маань тулгарч байгаа мөн Камбож Улсад хийж байгаа энэхүү бэлтгэл болон тоглолт нь дараа дараагийн улсуудад хийх тоглолтуудад дасан зохицох, бүрэн хүчээ дайчлан тоглоход маш их тус болж байна. Иймээс “Камбож Улсын Хөлбөмбөгийн холбоо болон Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудад юун түрүүнд энэхүү боломжийг олгосонд талархлаа илэрхийлэн маргаашийн тоглолтдоо бүх чадлаа дайчлан тоглохоо илэрхийлж байлаа.

Мөн саяхан буюу 2019 оны 11-р сарын 01 – нд арилжааны ууган банк болох ХХБанк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон. Хамтын ажиллагааны хүрээнд ХХБанк Монгол улсад баригдсан хамгийн том хэмжээтэй буюу 73 харьцах 115 метрийн Хөл бөмбөгийн талбайн тохижилт, тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдээр хангах гэх мэт хөл бөмбөгийн спортын хөгжилд томоохон түлхэц болохуйц үйл явдал болсныг дуулгахад таатай байна .

Алтан соёмбот төрийн далбаагаа Азийн тавцанд нэр төртэй намируулж яваа Монгол Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн залуустаа амжилт хүсье.

Categories
гадаад мэдээ

Израиль, Палестины талууд галаа түр зогсоов

Израил болон “Лалын жихад” бүлэглэлийн төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай AFP агентлаг өчигдөр мэдээлжээ. Өнгөрсөн мягмар гаригаас эхлэн пүрэв гариг хүртэл Газын зурвасаас Израилийг чиглүүлэн нийт 360 удаа пуужин харвасан байна. Харин Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас дахь “Исламын жихад” бүлэглэлийн цэргийн объект руу хариу цохилт өгчээ. Энэ үеэр 32 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархаджээ. Израилийн талын мэдээлснээр Египет улсын зуучлалтайгаар Газын зурваст гал зогсоох талаар талууд тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, Египетийн нийслэл Каир хотноо лхагва гаригийн орой Израиль, Палестины төлөөллүүд уулзаж, хэлэлцээ хийжээ. Үүнээс өмнө Ойрхи-Дорнодын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Н.Младенов Израиль-Палестины хэлэлцээнд оролцохоор Тель-Авиваас Египетийг зорьсон тухай мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

Сургууль орчимд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчлийг илрүүллээ

Мэргэжлийн хяналтын газраас иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Өлгий сумын ерөнхий боловсролын V дугаар ахлах сургуулийн орчимын хүнсний дэлгүүрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дэлгүүрүүдэд хямд үнэтэй гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй, сургууль орчимд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлж, улсын байцаагчийн албан шаардлагаар зөрчил арилгуулах, зөрчлийг таслан зогсоох үүрэг даалгавар өгөгдлөө.