Categories
мэдээ нийгэм

Угаартах эрсдэлтэй өрхийн пийшинг засах баг ажиллаж байна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдээс угаартах эрсдэл ихтэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав, зай завсар зэргийг засах мэргэжлийн баг ажиллуулж эхэлжээ.

Тус багийнхан өчигдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинг засаж үйлчилжээ. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдгаас 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Иймд эрсдэл ихтэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засаж өгч байна.

Мөн дүүргийн айл өрхүүдээр мэргэжлийн хамтарсан баг орж, шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухыг зөв галлах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна гэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс төрийн албаны шалгалт эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2019.11.16/ 09.00 цагт эхлээд байна. Шалгалт 19, 21-нд үргэлжлэх юм.

Энэхүү шалгалтыг гурван чиглэлээр өгөх бөгөөд тус бүртээ босго оноотой аж. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд орох иргэдэд тавих шалгуур, нөхцөл өөрчлөгдсөн учраас төрийн албаны ерөнхий шалгалтыг гурван чиглэлд буюу ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн ур чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг нь шалгах юм. Уг шалгалтад Орхон аймгаас 324 хүн бүртгүүлсэн байна.

Тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгүүлэхээс гадна эрэлттэй байгаа ажил, мэргэжилд орох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялал, зугаалга зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний ирүүлсэн мэдээгээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Зарим голд битүү мөсөн бүрхүүл тогтжээ. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа ч хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий байдлаас онцгойлон сэрэмжлүүлж буй.

Ялангуяа цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуй нэгж байгууллагууд амралт зугаалга зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын супер азтан 90 сая төгрөг хожно

НӨАТ-ын урамшууллын энэ оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол маргааш /2019.11.17/ болно. Тохирлыг Боловсрол телевизээр 18.40 цагт орон даяар шууд дамжуулах юм. Иймд иргэд аравдугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоор 90 саяын супер шагналын эзнийг тодруулна.

Categories
мэдээ нийгэм

2019 оны эхний 9 сард ДНБ 27 их наяд төгрөгт хүрчээ

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804.0 (6.3%) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны аравдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах үеэр мэдээлэв.

ДНБ ийнхүү өсөхөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 (6.9%) тэрбум төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Зураг 1. ДНБ-ий өсөлт, хувиар (үйлдвэрлэлийн аргаар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)

ДНБ, оны үнээр 2019 оны эхний 9 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 (15.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны гуравдугаар улиралд хоёрдугаар улирлын түвшинд буюу өмнөх улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй байгаа аж.

Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 27.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (16.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Зураг 2. ДНБ-ий бүтэц, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар), жил бүрийн эхний 9 сард

ДНБ-д 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 59.8 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 40.1 хувь, цэвэр экспорт 0.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 2.9 пунктээр, хөрөнгийн нийт хуримтлал 0.7 пунктээр буурч, цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Ус нөөцлөх санг зориулалтын бус бодисоор ариутгасан зөрчилд арга хэмжээ авлаа

Иргэнээс “ХУД 11-р хороо, “Blue sky” хотхон хэрэглээний усаа гүний худгаас авдаг , уснаас будаг амтагдаж байна. Шалгалт хийж дүгнэлт гаргаж өгнө үү” гэх утга бүхий гомдол иржээ. Гомдлын дагуу “Blue sky” хотхоны ундны усны чанар аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 22 -ны өдөр гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид нян, хими судлалын шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээний дүнгүүдээр “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS0900:2018 стандартын шаардлагын аюулгүй байдлын шаардлагыг хангаж гарсан.

Тус газар нь ус нөөцлөх санд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр угаалга цэвэрлэгээ халдваргүйтгэлийг хийсэн бөгөөд халдваргүйтгэлийн бодисыг сонгохдоо Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/59, А-45, А/81 хамтарсан тушаалын 4 дүгээр хавсралт В.“Ариутгал, халдваргүйтгэлийн бодис”-т тусгагдсан бодисоор ариутгал хийгээгүй, ус нөөцлөх сангийн дотор тал өнгөр тогтож бохирдсон, гадна тал тоос шороо ихээр буусан байгаа нь Хот суурин ундны ус түгээх цэг (байр)-ийн үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS5775:2014 стандартын 8.1 дэх заалтыг тус тус зөрчиж байна.

Илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар 11 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулж, хэлэлцүүлэв.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу шинээр боловсруулан хэрэгжүүлэх 17 дэд хөтөлбөр, нутгийн захиргааны байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлэх хоёр дэд хөтөлбөр нийт 19 хөтөлбөр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, журмын дагуу батлагдсан. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, цаашид дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай санал санаачилгыг хэлээд, холбогдох албаны хүмүүст хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи шөнөдөө Ховд, Говь-Aлтайн хойд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11-р сарын 15-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/сек. 17 цагт 5-7 хэм, 20 цагт 8-10 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Орхон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 14-19 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун урагш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Дундговийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 10-12 хэм, өдөртөө хүйтэрч 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний фронт хөдөлгөөнд шаардлагынх нь хариуг өгөхөөр уулзлаа

Монгол Улсын Их Хурлын даргад хандаж Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн.

Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр Монголын үндэсний фронт хөдөлгөөн байрлаж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд очиход Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж, хариуг авна гээд шаардлагад хариу өгсөн албан бичгийг хүлээж авахгүй гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурьдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай дурдсан байна.

Түүнчлэн уг хариу бичигт Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ.

Монгол Улсын Их Хурлын даргаас хөдөлгөөний удирдлагын шаардлагад хариу өгсөн албан бичгийг гардуулахаар очсоныхоо дараа Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байгааг хэлээд Үндсэн хуулийн бус хүрээнд өрнөж буй асуудлаар УИХ-ын дарга биечлэн хүлээж авч уулзах нь хууль ёсны мэтээр ойлгогдох, тайлбарлагдах байдал үүсэж болзошгүйг тэмдэглэв.

Тэрбээр мөн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд байх юм бол иргэн хүн эрхээ хамгаалахаар шаардлага тавих, хариуцлага тооцохыг шаардах, эсэргүүцэх, шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх нь хэзээд нээлттэй хэмээн тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 34.4 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд 2019 оны эхний арван сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар буурчээ.

Ингэж буурахад хулгайлах гэмт хэрэг 25.1 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 42.8 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эмэгтэй хүн оролцсон хэрэг 8.9 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2.1 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг дөрвөн хувиар, хүүхэд оролцсон хэрэг 50 хувиар өссөн бол бүлэглэн үйлдсэн хэрэг 0.2 хувиар буурчээ.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 262 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар өссөн байна.

Мөн мал хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 664-өөр буюу 8 хувиар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 76-аар буюу 11.6 хувиар, залилах гэмт хэрэг 56 буюу 1.3 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 64-өөр буюу 12.1 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 35.2 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 34.4 хувиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 38.7 хуюиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8.7 хувар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 173.4 тэрбум төгрөгт хүрсэн бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн үзүүлэлтэй байна.

Эхний арван сард хэргийн улмаас хохирсон хүний тоо 28 мянгад хүрч, 7.4 мянган хүн гэмтэн, 925 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 23.6 хувиар буурч, нас барсан хүний тоо 1.6 хувиар өсжээ. Үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,640 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар үзүүлэлт юм.

Улсын хэмжээгээр 2019 оны эхний арван сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 12.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 20.8 мянгаар, баривчлагдсан хүн 3.1 мянгаар өссөн байна.