Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ. Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарснаас халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж, хээр гадаа осгож, хөлдөх эрсдэлтэйг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, баруун аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул,Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,зарм үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтний эрч чангарч 19-21 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас, 19, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 18-19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сагсан бөмбөгийн “Холбон тоглогчид”-ын намтар

Энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуучуудын заавал унших ёстой “Холбон тоглогчид” номыг онцолж байна. Орчуулагч Н.Энхбаярын бүтээл болох тус ном нь түүний сагсан бөмбөг болон хөлбөмбөгтэй холбоотой ес дэх ном. “Холбон тоглогчид” ном нь Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн хамгийн шилдэг холбон тоглогчдын талаар өгүүлдэг. Өнөөгийн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг 10 багийн гол тоглогч эсвэл лигийн шилдэг 10 тоглогчийн дийлэнх нь холбон тоглогч гэдэгтэй спорт сонирхогчид санал нийлэх биз ээ. Багийнхаа тоглолтыг удирдах, довтолгоо зохион байгуулах үүрэгтэй байсан холбон тоглогчид эдүгээ олон талт тоглолтоороо бүхнийг гайхшируулж байгаа билээ. Тэдгээр шилдгүүдээс энэ номонд долоог нь сонгож, намтар түүхийг нь уншигчдад танилцуулснаараа онцлогтой юм. Тодруулбал, Кайри Ирвинг, Энтони Паркер, Дэмиан Лиллард, Кристофер Пол, Айзайя Томас, Жонатан Уолл, Расселл Уэстбрук нар юм.

Номонд тухайн тоглогчийн үүх түүхийг төрөхөөс нь эхлээд нуршин өгүүлэхийг хичээсэнгүй. Харин үүний оронд өдий зэргийн амжилт, өндөрлөгт хүрэхэд нь юу нөлөөлснийг, яагаад ийм мундаг тоглогч болсныг нь ойлгуулах хамгийн сонирхолтой, өмнө нь олны сонорт хүрч байгаагүй нийтлэл, эсээг сонгон номдоо оруулжээ. Жишээ нь, К.Ирвингийн бага нас, дунд сургуулийн амжилт, хувь хүний төлөвшил, түүнд хамгаас их нөлөөлсөн хүн болох аавынх нь тухай нийтлэл бий. Орчин цагийн сагсан бөмбөгчдийн өнгө төрх, чанар чансаа, авьяас чадварыг тодорхойлж буй тоглогчийн тухай энэхүү ном таны таалалд нийцнэ байх. Байж боломгүй үсрэлт, тэсрэлт, бие махбодьтой Рассэл Вэстбрүүкийн гайхамшигт бие махбодийн нууцийг энэ номонд мөн задалжээ. Жонатон Уолл буюу “галзуу жэй” хочит гудамжны дээрэнгүй, дээрэмчин залуу хэрхэн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогч болсон. Тэрээр хэрхэн ядуусын хорооллын тэдгээр харанхуй өдрүүдийг даван туулж, жилийн 40 сая ам.долларын орлоготой тоглогч болж чадсан бэ гэх мэт олон асуултын хариулт энэ номонд буй. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн шилдэг тоглогчид ихэвчлэн хар бараан амьдралаас өндөрлөгт хүрсэн байдаг. Тони Паркер гэх Франц залуу Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг гэх энэ том хаалганы өмнө ирээд хэрхэн хүнд бэрхийг даван туулсан, яаж дөрвөн удаагийн аварга болж, үнэ цэнэтэй тоглогч болсон түүхийн талаар ч мөн өгүүлжээ. Түүнчлэн өөрөөс дор хаяж 15 см өндөр залуустай тоглодог жижиг Айзайя Томасын түүх хамгийн гайхалтай нь. Сагсан бөмбөгийг зүрх сэтгэлээрээ хэрхэн тоглодог болохыг тэрээр өөрийн амжилтаараа харуулж чадсан юм. Түүнчлэн намхан нуруутай залуус сагсан бөмбөгт хэрхэн амжилтад хүрч болохыг тэрээр өөрийн гайхамшигт түүхээрээ баталж чадсан. Мөн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн хамгийн шилдэг сэтгэл зүйтэй тоглогчдын нэг Дэмиан Лиллард, хамгийн өндөр IQ-тэй тоглогч Кристофер Пол нарын түүхийг энэ номноос уншаарай.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, хамрах хүрээг нь өргөжүүлнэ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх гэж байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Анх тухайн үеийн Засгийн газар олон улсын валютын сантай санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хууль УИХ-д өргөн барьсан. Тус хууль 2017 оны дөрөвдүгээр сард батлагдаж байлаа. Энэ хууль өдгөө хүчин төгөлдөр хэрэгжээд явж байна. 2020 онд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх хувь хэмжээ тус бүр нэг хувиар нэмэгдэнэ. Ингэснээр даатгуулагчийн төлөх хувь хэмжээ 13.5-аас 15 хувь болно. Хувь хүний төлөх хэмжээ 14.5 хувь болж байгаа. Сайн дурын даатгалд шимтгэл төлж байгаа иргэдийн хувьд 12.5 хувь болно. Даатгалын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулсан, валютын сантай хамтарч өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулсан хуульд иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэл гарч байна. Нөгөө талаас амьдрал дээр хэрэгжихэд үндэслэл муутай гэж өөрчлөлт оруулсныг мэдэж байгаа байх. Тухайлбал, нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орсон хуулиар тэтгэврийн насыг жил тутам зургаан сараар нэмэгдүүлж, 65 болгох хууль батлагдсан. Энэ асуудалд үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай манай яам хамтран ажлын хэсэг гаргаж, тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмэгдүүлсэн энэ заалт Монгол орны өнөөгийн нөхцөл байдалд хараахан нийцэхгүй байна гэж өөрчлөлт оруулсан.

Өөрөөр хэлбэл сүүлийн хорин жилийн судалгааг аваад үзэхэд монгол хүний дундаж наслалт жилд 3.5 сараар нэмэгдэж ирсэн байдаг. Тиймээс үүнийг бодит байдлаас давсан хуулийн заалт орсон байна хэмээн жилд тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах тэтгэврийн насыг жилд зургаан сараар биш, гурван сараар нэмэгдүүлэхээр хуулинд өөрчлөлт оруулсан. Тухайн үедээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсгээс нийгмийн даатгалын шимтгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудалд өөрчлөлт оруулах боломжгүй юм байна гээд үлдээсэн. Энэ 2017 онд батлагдсан хууль хэрэгжиж байгаа. Гэхдээ нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулна гээд зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар алдагдлыг бууруулах ёсгүй гэж үзэж байгаа. Нөгөө талдаа даатгалд шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд бид ирэх жилээс сайн дурын даатгалд хамрагдагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа.

-Ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх ийм хууль хэрэгжинэ. Нийтдээ 400 орчим мянган малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд байгаа гэх судалгаа, бий. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 30 гаруй хувь, малчдын хорин хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Харин үлдсэн 70-80 хувь нь нийгмийн даатгалын гадна яваад байгаа юм. Тиймээс энэ нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хуулийг идэвхжүүлснээр нийгмийн даатгалд хамрагдах хүрээ нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Уг нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа, хамрах хүрээг нь өргөтгөж байгаа хоёр бодлогын хүрээнд улсын төсвөөс авах татаас 200 гаруй тэрбум төгрөг буурахаар байгаа. Цаашдаа бид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, хамрах хүрээг нь өргөжүүлж өгнө гэсэн бодлого баримталж байгаа. Цаашдаа бид олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгийг аваад нийгмийн даатгалынхаа одоогийн тогтолцоонд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргат тогтолцоонд оруулж өгье, суурь тэтгэвэр олгодог болъё, хоёр дахь шатны тэтгэврийг улсад ажилласан жил авч байсан цалин төлж байсан шимтгэлээсээ хамаараад нэмэгдэл тэтгэвэр авах, мөн хувийн тэтгэврийн даатгалын системийг оруулж ирье гэдэг чиглэлээр ажиллаж байна. Чадвал УИХ-д ойрын хугацаанд энэ хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа.

-Зөвхөн хуульд өөрчлөлт оруулах нь гарц болж чадах уу?

-Нийгмийн даатгалын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахын зэрэгцээ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аль болох эрсдэлгүй, хөрвөх чадвартай байлгах бодлого хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн лхагва гаригийн УИХ-ын чуулганаар 2020 оны төсөв болоод Нийгмийн даатгалын сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуульдаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд худалдаж авах ба Монголбанкны үнэт цаас худалдаж авдаг байх эрхийг нэмэгдүүлбэл нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн арилжааны банкинд байршуулж, эрсдэлд оруулахаас зайлсхийж Монголбанкны үнэт цаас авдаг байх нөхцөл, боломжийг бүрдүүлж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь “Капитал” банкинд үүссэн өрийг барагдуулах үйл ажиллагаа явуулж байна гэх хардлага зарим хүмүүст байна…

-Тийм зүйл байхгүй. “Капитал” банктай холбоотой асуудал 2019 оны хавар үүссэн асуудал. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хууль чинь өмнөх Засгийн газрын үед буюу 2017 оны дөрөвдүгээр сард батлагдсан хууль шүү дээ. Энэ батлагдсан хууль одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. “Капитал” банктай холбоотой үүссэн асуудал нийгмийн даатгалын сангийн тайлан баланс дээрээ авлага бүртгэгдээд явж байгаа.

-“Капитал” банкнаас авлагаа авч чадсан уу?

-Одоогоор “Капитал” банкны авлага хараахан барагдаагүй байна. Нийгмийн даатгалын сангаас 105 тэрбум төгрөгийн үлдэгдэл “Капитал” банкинд байгаа. Монголбанкны эрх хүлээн авагчдад нэг л зүйлийг бид хэлж байгаа. Нийгмийн даатгал сангийн хөрөнгийг төсвийн хөрөнгө гэж үзэж болохгүй. Иргэд ирээдүйд өөрсдийнхөө нийгмийн хамгаалалтдаа үүсэх эрсдэлээ даатгуулж төлсөн мөнгө. Тиймээс хадгаламж эзэмшигчийн мөнгөтэй адилтган үзэж, төсвийн мөнгөнөөс өр авлага барагдуулахын өмнө буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж, эхний ээлжинд барагдуулах ёстой гэх шаардлагыг тавьж байна.

-Нийгмийн даатгалын сангийн дансны үлдэгдэл хэд байгаа вэ?

-Таван төрлийн сан бий шүү дээ. Тэтгэврийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн ослын сан, Тэтгэмжийн сан, Ажилгүйдлийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан гээд таван сангаас Нийгмийн даатгалын сан бүрддэг. Тэтгэврийн даатгалын сан нь алдагдалтай яваад байгаа учраас улсын төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байна. Бусад дөрвөн сан нь алдагдалгүй явдаг.

-2019 онд нийгмийн даатгалын тэтгэврийн сан улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврийг олгож байна гэсэн. Алдагдалгүй чөлөөт үлдэгдэлтэй сан байж яагаад улсын төсвөөс татаас авдаг юм бэ?

-Өмнө нь нийгмийн даатгалын сангуудын хооронд гүйлгэж зарцуулдаг ийм байдал байсан. Тийм учраас бид нийгмийн даатгалын санг эрсдэлгүй байлгах ёстой гэдэг үүднээс хуульд өөрчлөлт оруулаад сангууд хооронд нь гүйлгэж зарцуулах эрхийг нь хаагаад өгчихсөн юм. Тиймээс тэтгэврийн даатгалын сангууд алдагдалтай, бусад дөрвөн сан нь алдагдалгүй яваад байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл өнөөдрийн байдлаар 50 орчим тэрбум төгрөг.

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-УИХ 2019 онд тогтоол гаргаж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олго гэсэн. Засгийн газар тогтоол гаргаад хэрэгжүүлж байгаа. Энэ оны төсөвт 916 мянган хүүхдэд мөнгө олгохоор байсан. Зургадугаар сард нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа. Ирэх оны төсөвт мөн ингэж тусгасан. Ирэх онд хүүхдийн мөнгө олгох асуудал дээр дутах талтай. ҮСХ-ноос ирэх онд хүүхдийн тоо нэг сая 193 мянгаар болно гэсэн тооцоолол бий. Хэрвээ энэ тогтоол батлагдвал 1.1 сая хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгоно. Өнгөрсөн хугацаанд нийт хүүхдийн 95 хувь нь хүүхдийн мөнгө авч ирсэн. Ингээд тооцохоор нэг сая 130 мянган хүүхдэд олгох болно. Ирэх оны төсөвт нэг сая хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор төсөвлөсөн. Тэгэхээр 130 мянган хүүхдийн 27 тэрбум төгрөгийг олох асуудал үүсэх байх.


Categories
мэдээ цаг-үе

Допингийн шинжилгээний хариуг албан тушаалтнууд нуун дарагдуулж байсан уу?

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын допингийн шинжилгээнд бүдэрсэнтэй холбоотой дуулиан өнөө хэр нь татраагүй байна. Гэхдээ энэ хэрэг илүү өргөн цар хүрээг хамарсан байж болох сэжүүр үүссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн паян нь олонд илчлэгдсэний дараа 2009-2019 оны наадмуудын допингийн шинжилгээний хариуг нийтэд ил болгохыг шаардсан бичгийг Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн байдаг. Тус хорооноос дорвитой шийдвэр гаргаагүй учраас Э.Оюунболд допингийн шинжилгээний ард явагддаг хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Түүний гомдлын мөрөөр АТГ-аас шалгалт явуулж “Допингийн шинжилгээнд гадны нөлөө ордог, шээс сольдог” байж болох ул мөр илэрсэн талаар мэдээлэл цацагдаад байна.

Ямартай ч бусадтайгаа барьцсан залуу аваргын гомдолтой холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Допингийн эсрэг үндэсний төв болон баяр наадам зохион байгуулах комиссын эрх бүхий хэд хэдэн албан тушаалтнуудаас байцаалт аваад эхэлсэн байна. Эдгээр албан тушаалтнууд дунд манайдаа л урдаа барьдаг спортын эмч, анагаах ухааны доктор эмч Н-ыг байцаагаад эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж допингийн шинжилгээг санаатайгаар өөрчилдөг, допингийн шинжилгээгээр шантаажилж бөхчүүдээс мөнгө нэхдэг байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад эхэлсэн бололтой.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас 2009-2019 онуудын допингийн шинжилгээний хариуг шалгаж, дахин нягталж үзэхээр болоод байгаа юм байна. Спортын анагаах ухааны доктор Н-ыг дээрх жилүүдэд бөхчүүдийн шинжилгээг өөрчилсөн байж болзошгүй гэж үзжээ. Тэрбээр хэд хэдэн бөхчүүдээс эхнэрийнхээ дансаар дамжуулж мөнгө авдаг байсан нь ил болоод байгаа гэнэ. Ямартай ч хэд хэдэн улсын том цолтнууд авлига өгч допингийн шинжилгээний хариугаа нуун дарж байсан талаар эх сурвалжууд ярьж байна.

Допингийн шинжилгээг бизнес болгосон гэх барьцгүй яриа ор үндэслэлгүй худлаа зүйл биш бололтой.

Допинг тойрсон асуудлын талаар улсын манлай начингуудын нэгээс тодруулга авлаа.


-Наадмын түрүү бөх допингийн шинжилгээнд бүдэрлээ. Залуу аварга 2009-2019 оны баяр наадмын допингийн шинжилгээг олонд ил болгох хүсэлт гаргасан байна. Допингийн шинжилгээг нуун дарагдуулах, гар хүрэх асуудал байж болох уу?

-Э.Оюунболд аварга ор хоосон зүйлд гомдол гаргаагүй байлгүй дээ. Улс төр, бизнесийн том улсуудын нөлөөллөөр шинжилгээ өөрчлөгддөг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд дөрвөн ч удаа допингийн шинжилгээ өгч байсан. “Таны шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэнгүй” гэж Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдэж байсан удаа байхгүй. Илэрсэн ч юм уу илрээгүй ч юм уу, таг чимээгүй л байдаг. Цаагуураа ямар үйл явц өрнөдгийг сайн мэдэхгүй юм. Уул нь допингийн асуудалд баяр наадам зохион байгуулах комисс энэ тэр гэлгүй Монголын үндэсний бөхийн холбоо хариуцаад ажиллаад явбал зөв зүйтэй юм шиг санагддаг.

-Өнгөрсөн жилүүдийн шинжилгээг дахин нягтлахад асуудал сөхөгдөж болох уу?

-Допингийн шинжилгээ олны нүднээс далд явагддаг. Шинжилгээний хариу сольдог, хүнийг өмнөөсөө шээлгэдэг гээд л янз бүрийн юм дуулдаж л байдаг. Асуудал байж мэдэх л юм. Нэг удаа нягталж шалгаад номонд нь оруулчихвал ичиж зовохгүйгээр хэрэглэдэг хүмүүст том дохио болох байх.

-Монгол бөхчүүд допинг хэрэглэж байгаа нь юутай холбоотой вэ. Та яаж харж байна?

-Олон шалтгаан байна. Монгол бөхийн бай шагнал өндөр болжээ. Ах нараараа дэмжүүлж байгаад улсын цол хүртчихвэл нутгийн зөвлөл нь найран дээр нь байр машины түлхүүр гардуулдаг болсон байна. Өндөр цолонд хүрвэл хэдэн өрөөгөөр нь байр өгнө. Нутаг орны нэрээ дуурсгаж байгаа бөхчүүдийнхээ хөлс хөдөлмөрийг үнэлж байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Гэхдээ бөхчүүд маань амьдралын баталгаатай болохын тулд допинг гэдэг хортой зүйлийг хэмжээ хязгааргүйгээр хэрэглэдэг хандлага бий болжээ. Байр машины төлөө эрүүл мэндээ золиосолж, өрсөлдөгч бөхчүүдийнхээ хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Зарим бөхчүүдийн энэ сонирхолд дөрөөлж хүчний багш дасгалжуулагчид нь бизнес хийдэг болсон. Үүнд хуулийн байгууллагын хараа хяналт хэрэгтэй байна.

-Допинг хэрэглэсэн бөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Барилдахад мэдэгдэх үү?

-Цэцэрлэгийн хүүхдүүдтэй бага ангийн сурагч барилдаж байгаатай адилхан. Допингтой бөхтэй барилдахад чинь мод хад мөргөж байгаа юм шиг мэдрэмж төрнө шүү дээ. Биеэр нь яр шарх гарсан, ууртай нөхдүүдүүдээс халгаад барилдах сонирхол ч буурч байна. Энэ асуудалтай тэмцэж дорвитой арга хэмжээ авах цаг ирээд байна” гэв.

Баяр наадам зохион байгуулах хорооноос улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн юм. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс “Манайд албан ёсоор хүсэлт ирээгүй байна” гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Допингтой холбоотой асуудал хаана ямар шатандаа яваа нь одоогоор тодорхой бус байна. Энэ асуудал шийдэгдэхгүй удсаар ирэх онтой золгох нь бололтой.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхаарууллаа

Кени улсад хуралд оролцоод ирсэн төлөөлөгчдийн нэг холер өвчнөөр өвчилсөн талаар өчигдөр бид мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд:

“Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон.

Тэдний нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан.

Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16-н буюу өчигдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж, хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй. Эрүүл мэндийн яамнаас нислэгийн үед тогтмол мэдээлэл авч, цаг алдалгүй гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, холер өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу шуурхай арга хэмжээг авч, ажиллалаа.

Ташрамд дуулгахад, Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ.

Иймээс ард иргэд та бүхнийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин.

Энэ өвчин Монгол Улсад анх удаа шинээр 1996 онд бүртгэгджээ.

Өвчний эх уурхай нь зөвхөн хүн. Урвах тахлын нянг өвчтөн, балархай хэлбэрийн болон нууц хугацаандаа байгаа өвчтөн ба эрүүл нян тээгч хүмүүс гадаад орчинд тараана. Халдварлах механизм нь өтгөний мөр, халдвартай ус, хоол хүнс ба ахуйн хавьтлын замаар дамжигдана. Бүх насны хүмүүс өвдөх боловч ходоодны шүүс багатай, хоол боловсруулах замын архаг өвчтөй, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, цус багадалттай зэрэг хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.

Өвчний нууц хугацаа хэдэн цагаас дунджаар 2-3 хоног үргэлжлэх бөгөөд өвчин цочмог эхлэх ба гол төлөв шөнийн цагаар бага зэрэг халуурах, гэдсээр эвгүй оргин өвдөж суулгадаг аж.

Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгийн наадмын эргэн тойронд

Манай гэр бүл өнөө зуны амралтаараа Алтай Таван богдоор аялах замдаа олон газраар орж, олон үйл явдалтай учирч явсныг мартахын аргагүй. Тэдний нэг зөвхөн Баян-Өлгийд тааралдсан дөрвөн наадмын эргэн тойронд болсон үйл явдлыг тэрлэхгүй байж чадсангүй.


САГСАЙ СУМЫН БАЯР СЭТГЭЛД ХҮРСЭНГҮЙ

Таван богдын бэлийнх нь чулуунд гар хүрч, төрийн тахилгат овоонд нь ширхэгхэн боловч чулуу нэмэрлэн, уулсын өндөр сүндэрлэж, усны тунгалаг урссан нутгаараа бахархахын сацуу энэ өдөр болох Сагсай сумын 60 жилийн ойн баярт оролцохоор хүлгийн жолоо заллаа. Энэ сум аав, ээжийн минь төрсөн нутаг болохоор очихоос аргагүй. Наадмын зүг яарсан “Жийп”-нүүд үүгээр түүгээр тоос татуулан давхилдан,далан хэлийн шувууд хурдаа сорьё гэсэн юм шиг элин халин уралдаж, агь таанын үнэр хамар цоргин, нутгийн салхи зөөлхөн илбэж, бидний сэтгэлийг эзэмдэнэ. Хэдэн зууны турш өвгөд дээдэс минь энд нутаглаж, энэ л уулсын хоорондуур хөндлөн гулд давхилдаж, дөрвөн улиралд уул, усны шимтэйг нь эрэн нүүдэллэж, мөн ч олон зууныг үдсэн дээ. Монгол үндэстний өвөг Урианхайчууд Богд хаант Монгол Улсын үед Алтайн арван гурван сүвийг сахин хамгаалж, хувьсгалын дараа Ховд аймгийн Чандмань уулын хошуу Жаргалант Сагсай сум болон өөрчлөгдөж, 1940 онд Ховд, Увс аймгийн нутаг дэвсгэрээс тасалж Баян-Өлгий аймгийг байгуулахад газар нутаг, хүн амтайгаа тус аймагт хамрагдсан болсон юм. Хожим 1959 онд энэ сумыг Баян-Өлгий аймгийн тусгаар сум болгоход ”Бэлчирийн баячууд” гэж нэрлэгддэг байсан урианхайн баячууд энэ сумыг байгуулсан гэдгийг түүх мартаагүй, нутгийнхан ч андахгүй. Танил уул нурууд тэртээ холд харагдаж, тунгалаг уст Сагсай гол минь түүхийн шарласан хуудсыг тээн мяралзан урсана. Тарваганы ичээнүүд нь хүртэл танил дотно санагдаж, нутгийн өндөр уулс хүүгээ харуулдсан аавын бараа шиг тодхон харагдана. Буурал өвгөдийн үгийг бурхны зарлиг адил санан нүднээ нулимс хурж, сэтгэл минь хөвөлзсөөр наадмын талбайд очлоо. Нутаг усныхаа тэгш ойн баярт оролцох гэж эх орны аймаг, сум бүрээс олон хүн ирж, өнгө өнгийн торгон дээлээрээ гоёж, цэцгийн хуар шиг алаглажээ. Наадам болдгоороо боллоо. Тэртээ хөндийд хурдны морь унасан хүүхдүүдийн гийнгоо хадаж, эзэн Чингисээс улбаатай эрхий мэргэчүүд нь эвэр нумаа эвшээлгэн татаж, цэц мэргэнээ сорин сайхан наадлаа. Наадамчин олны баяр дээр баяр нэмье гэсэн юм шиг Монгол у.х О.Хангай, у.н Б.Баатарцол, Б.Серик, Ховд аймгийн хурц арслан Б.Баянмөнх, а.а Н.Мустафа зэрэг хүчтэнүүд хот, хүрээнээс иржээ. Энэ наадамд Баян-Өлгийн начин М.Өзгерис баруун зүүнгүй дархан тонгорох мэхээрээ у.н Б.Баатарцол, у.х О.Хангай нарыг дараалан өвдөг шороодуулж, наадамчдын сэтгэлийг баясгалаа. Улсын залуу начин Б.Серик уг наадамд түрүүлж, а.а Н.Мустафа үзүүрлэж сайхан наадлаа. Бөх гэдэг азтай,одтой, хийморьтой ийм л сайхан. Харин бөхийн цол дуудсан хижээлдүү насны казах эр сандарч тэвдээд л, наадамчид ч нирхийтэл инээлдэнэ. Аймгаасаа төрсөн улсын цолтой хоёрхон начины нэг Булган сумын харьяат Б.Баатарцолыг Булган аймгийн хэмээн ташаарч, Монгол Улсын хүчит харцага олны сайн мэдэх О.Хангайг “Монгол Улсын харцага ” гэж цоллохын оронд “Ховд аймгийн Буянт сумын иргэн” хэмээн будилахад нь наадамчин олон хошин шогийн үзүүлбэр үзэж байгаа мэт нирхийтэл инээлдэж, харцага ч гэсэн инээдээ барьж ядан дэвж харагдсан. Бөхийн цол гуншин дуудна гэдэг нь тэр бөхийг олноо зөв танилцуулж, бяр хүч, уран мэхийг нь магтан, хийморь лундааг сэргээдэг болохоос биш, цолыг нь бууруулан инээд тохуу болгоно гэсэн үг биш. Түүгээр ч зогсохгүй уг наадмын дараахан Баян-Өлгий аймгийн төвд болсон “Алтай Таван богд-2019” баруун бүсийн даншиг наадмын үеэр зүүн талын тэргүүн магнайн эрэмбэтэй Монгол Улсын залуу аварга Н.Батсуурийг баруун талын магнай хэмээн үе үе зарлаж, аварга цолыг нь бууруулан арслан хэмээн наадамчдын өмнө дуудаж байгаа нь тун эвгүй санагдсан. Нэг удаа хэлсэн бол яахав, андуураа л биз. Бүхэл бүтэн дөрвөн удаа цол гуншин, эрэмбэ дарааг нь бууруулж дуудна гэдэг нь байж болшгүй зүйл. Энэ мэтээр жижигхэн боловч Монгол бөхийн уламжлалт ёс зүйг эвдсэн аар саар дутагдлыг засахын тулд цол дуудъя гэсэн болгоныг биш, харин цоллоочдыг шалгаруулан зөв сонгож, Монгол төрийн наадмыг хүндэтгэх хэрэгтэй санагдлаа. Наадам гэдэг нь өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн, цаашдын чиг зорилгоо тодорхойлно гэсэн үг. Тэгш ойтой наадам болгонд аймаг сумынхаа үүх түүхийг бичиж, хүн зон нь түүнийгээ сонирхон уншиж, түүхээ эргэн хардаг жамтай.

Монгол Улсын төрийн албаны хэл бол монгол хэл. Гэтэл энэ сумын түүхийг казах хүнээс өөр хэн ч ойлгохгүй казахаар бичиж хэвлүүлжээ.Түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн, Монгол Улсын газрын зурагт монгол нэрээр тодоос тод бичигдэж үлдсэн уул ус, гол мөрөнг Кара көл, Алтын кесе көлшиги, Кара тас өзени, Кобда өзени,Бак карагай гэх мэтээр казахаар орчуулж, бас Аккорым, Шок карагай, Кызыл жал тауы гэх мэтээр казахаар нэрлэж, нэг ч монгол нэршилгүй болгожээ. Газар усны нэрийг хэн нэг нь дураараа орчуулаад, өөрчлөөд бичих уран зохиол биш. Дэлхийн аль ч улсад хүн, газар усны нэр зэрэг оноосон нэрийг орчуулах ёс, журам байдаггүй. Нутгийн уугуул буурлууд хорвоогийн жамаар нураад одсоны хойно магадгүй 20-30 жилийн дараа Баян-Өлгийн газар ус ямархан нэртэй болчих бол. Энэ бүхнийг цагдаа тагнуулын газар анхаарах цаг нэгэнт болжээ. “Саксай тарихы” гэдэг казах нэртэй түүхийн энэ номонд уг сумыг байгуулалцсан өвөг дээдсийн минь нэрний эхний үсэг ч алга. Үгүйсгэнэ үгүйсгэнэ гэхэд ингэж үгүйсгэхдээ яахав. Энэ номонд 113 хүний намтар түүх бичсэнээс зөвхөн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Аймгийн дарга, Намын хорооны дарга, Шүүхийн дарга, шүүгч зэрэг өндөр албан тушаалын 10 монгол хүний намтрыг багахан зайд багтааж, нэр төдий оруулжээ. Сагсай сум байгуулагдсан 60 жилийн хугацаанд уг сумаас Билэгтийн Цээхээ гэдэг ганцхан хөдөлмөрийн баатар төрсөн бипээ. Гэтэл ганц баатрынхаа намтар түүхийг бичих байтугай, номондоо нэрийг нь ч дурсалгүй мартжээ. Баатар маань гэргий, үр хүүхэд, ач зээ нараа дагуулан гурван машин хөлөглөөд, сумынхаа ойд өргөх бэлэг хандиваа аваад баяр хөөр болон очсон байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин Р.Самжид, гавьяат эдийн засагч Н.Равдаа, гавьяат зоотехникч Ж.Рааш, гавьяат жүжигчин М.Бямбасүрэн, Монгол Улсын начин ах дүү бөх Ожаан, Нэмэхбүрэн, Ховдын даншигийн хоёр удаагийн аварга миний өвөг эцэг, том алаг нүдээрээ “Алаг” хэмээн алдаршсан Ө.Дампил, түүний хүү ах дүү бөх аймгийн заан Д.Тогтох, Д.Баакаа, Монгол Улсын түүхэнд тохиолдоогүй хөдөөгийн эгэл малчны хүү “Ах дүү гурван доктор” хэмээгддэг Цэндийн Баатар, Ц.Гантулга, Ц.Баттулга, Монгол Улсын даян мэргэн Т.Лонжид, улсын мэргэн М.Батгэрэл, Ц.Баасанхүү гээд түүхийн шарласан хуудаснаа тодоос тод бичигдэж үлдсэн баатар, гавьяатуудыг нэгийг ч дурссангүй. Алдар цуутай урианхайчуудын талаар бичих алга дарам зай олдоогүй мөртлөө 10-17 хүүхэд төрүүлсэн 24 казах эмэгтэйг ид хав болгон бичсэн нь нэгийг бодогдуулна. Олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээрээ бахархалгүй яахав. Гэхдээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяатууд тэднээс дутуу гэж үү? Түүхийг гуйвуулна, бүдгэрүүлнэ гэдэг юутай харамсалтай вэ? Энэ номыг зохиогч нь Казахстан улсын иргэн Караганд мужид оршин суудаг Б.Зарыккан гэж уг номын 11 дүгээр хуудсанд өөрийн нэрээ тодоос тод бичиж, гарын үсгээ зуржээ. Монголдоо байгаа Сагсай сумын иргэн казахуудаас энэ номыг бичих чадвартай хүн олдсонгүй гэж үү? Өөр улсын иргэн, Монгол нутгаас холдоод олон жил болсон ийм хүнээр түүх бичүүлнэ гэж юу байхав. Монгол Улсын төрийн хэл бол монгол хэл учраас энэ номыг Монголын иргэн хэн ч ойлгож унших боломж олгохын тулд уг номыг монгол хэл дээр хэвлүүлж, газар усыг дахин монголоор нэрлэж, түүхийг бүдгэрүүлж гуйвуулсан уг номын зохиогч, хянасан редакторт хариуцлага тооцож, ард түмний гар дээр байгаа болон тараагдаагүй олон номыг хурааж, монгол газар шороо, түүний тусгаар тогтнолд төр анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Түүхийн номонд нэр нь ч ороогүй монгол иргэд арга ядаад наадмын өмнөхөн “ Жана даур” нэртэй казах сонины монгол хавсралт гаргасан нь номтой харьцуулахад дэндүү жижигхэн боловч “Оргүйгээс охинтой нь дээр” гэгч л болжээ. Зохион байгуулалтын хувьд энэ наадам сайн болсон ч үзэл суртлын хувьд тун тааруухан наадам боллоо. Ийнхүү халуун сэтгэл өвөртлөн очсон нутгийн наадам гайтай номноос болж, сэтгэл зүрхийг минь шархлуулж, баяр наадам үзэх хүсэл сонирхлыг минь унтраан, над шиг сэтгэл эмзэглэсэн хүмүүсийн араас би ч толгой гудайлган буцлаа.

АЛТАЙХАН САЙХАН НААДЛАА

Сагсайн наадамд сэтгэл гутарсан бид энэ наадмыг орхиод хадмын нутгийн наадам үзэхээр Алтай сум руу хөдөллөө. Замд бороо орж, байгаль дэлхий хүртэл хүүг минь гомдоочихов уу гэсэн шиг алтан нараа харамгүй хайрлаж, сэтгэлийг минь онгойлгоно. Хорвоо гэдэг хатуутай, зөөлөнтэй ийм л ажгуу. Хамгийн эхлээд би Алтай сумын түүхийн товчоонтой танилцлаа. Сагсайг бодвол явцууралгүй, монгол, казах хоёр хэл дээр номоо гаргажээ. Баярын нээлтийн театрчилсан тоглолтод урианхайчууд нүүдэллэж яваа казах иргэдтэй монгол заншлаараа цай идээ барин хадагаа дэлгэн золгож, амар мэндээ мэдэлцэж, казахууд нь “дастархан”аа дэлгэн уулзаж, жаргал зовлонгоо уудлан ярилцаж байгаагаар харуулсан нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, наадамчид алга ташин халуун дотно хүлээн авлаа. Зочид гийчдийг сургуулийн шинэхэн дотуур байранд байрлуулж, амт чанар сайтай хоол ундаар үйлчлэн, бие нь жижигхэн ч билчээр нь том сумын Засаг дарга энд тэндгүй гүйж, холоос ирсэн зочдын тав тухыг нь асуун лавлаж, хүний төлөө анхаарлаа чиглүүлсэн сайхан наадам боллоо.Эхний өдөр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болж, энэ сумын уугуул а.а М.Еркебулан түрүүлж, у.х О.Хангай үзүүрлэлээ. Улсын хүчит харцагыг хүүхэд адил ганцхан гуд татан сөхрүүлээд түрүүлж байгаа а.а-гийн барилдааныг харахад үнэн ч юм шиг, инээдтэй ч юм шиг харагдана. Ая тал, нутаг ус харсан иймэрхүү худал барилдаан үзсэн наадамчид бас л гонсгор үлдэв. Худал түрүүлснээс үнэн үзүүрлэсэн нь дээр байдаг. Хүчийг үзэн барилдахын оронд унаж өгдөг ийм муухай барилдаанд үзэгчид дургүйцэж, монгол бөхөд байгаа ийм үйлдлийг мэдэрдэг болжээ. Харин уг барилдааны шөвгийн наймд барьц солилцон удтал барилдсан у.н Б.Серик, Ховд аймгийн хурц арслан Б.Баянмөнх нарын барилдаан тун ширүүн болж, наадамчин олныг баясгаж, арслангийн ялалтаар төгслөө. Унасандаа шаралхсан у.н Серик маш их ундууцаж, цээжээ нүдэн, амандаа п…гэх үгийг байн байн хэлж, суудал дээрээ байж ядан хагас цаг шахам шатаж, уурлаж байсан нь бөх хүний хувьд тун эвгүй харагдсаныг наадамчид хоорондооо нудралцан, жиг жуг шивнэлдэж байлаа. Давж сурсан бөх, бас унаж сурах хэрэгтэй. Баярын сүүлчийн өдөр морь барианы газарт цолгүй бөхчүүдийн барилдаан зохиож,сумын начин, заан цол олгосон нь морь иртэл дэмий сэлгүүцэж, гиюүрч суудаг үзэгчдэд тун зугаатай боллоо

БАЙТЕМИР АГСНЫ МЯЛААЛГЫН НААДАМ НИЖГЭР БОЛЛОО

Аймгийн төвийн ойролцоох “Шар нуур” буюу одоо казахаар нэрлэх болсон “Бай төбе”д Монголд байгаагүй том бооцоотой наадам боллоо. Казахстанд шилжиж хөл дээрээ боссон хувьтай хүүхдүүд нь зохион байгуулж байгаа таван автомашин, 30 мотоциклийн бай шагналтай Ботахара Нура омгийн Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойн наадамд газар газрын бөхчүүд, хурдан хүлгүүд хуран цугларчээ. Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Н.Батзаяа, Д.Анар, улсын начин Б.Баатарцол, Л.Гантулга, Б.Серик, Б.Чимидвандан гээд наадамчдын ойрхоноос харахыг хүсдэг улсын цолтой томчууд олон иржээ. Бөхийн барилдаан өрсөлдөөнтэй сайхан боллоо. Аварга Батсуурь гэнэ алдаж ам мэхэнд, гарьд Гончигдамба, а.а Мустафад худал унаж, наадамчдын сэтгэлийг гонсойлгосныг эс тооцвол барилдаан сайхан боллоо. Уг барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат у.х Б.Бат-Өлзий түрүүлж Тоёота “Ланд Круйзер” Прадо-120 машинаар, үзүүрлэсэн а.а Н.Мустафа Тоёота “Приус 30” авто машинаар шагнагдаж, шөвгийн дөрөвт үлдсэн у.г Б.Гончигдамба, у.х О.Хангай нар тус бүр будаг нь ханхалсан мотоциклээр шагнагдлаа. Хурдан морины уралдаанд Баян-Өлгийн морь түрүүлж, “Alphard” маркийн япон авто машинаар шагнагдлаа. Уг нь энэ морийг эрлийз удмынх учир уралдуулахгүй гэж комисс урьдчилан хассан боловч, эзэн нь машинаар ачиж аваачин уралдуулжээ. Гэтэл нутгийн казах хүний морь түрүүлсэн учир морины комиссынхон ч урьдын шийдвэрээ дорхноо өөрчилж, “Нэгэнт түрүүлж ирсэн болохоор түрүү моринд тооцлоо” гэсэн шийдвэр гаргалаа. “Ноён урваач, нохой шарваач” гэдэг нь энэ буюу. Ер нь монгол адууг эрлийз морьтой хамт уралдуулдаггүй. Энэ журмыг зөрчсөний улмаас том биетэй тоомсог адуутай уралдан түрүүгээ луйвардуулсан Говь-Алтайн Хөх морьтын жижиг биетэй монгол морь л хөөрхий болж үлдлээ. Наадмын анхаарал татсан нэгэн торгон мөч нь “Ас” буюу орчуулбал “Буяны идээ будаа” байлаа. Байтемир агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд нь талийгаачийн буяны үйлд зориулан наадмын талбайд 60 эсгий гэр барьж, 40 адуу төхөөрч, хишиг түгээх явдал байлаа. Хүн амьтан машин тэрэг гэж жигтэйхэн их. Ёстой түм түжигнэж, бум бужигнана гэдэг нь энэ байлгүй. Мань мэтийнхэнд хоол унд олдох юм биш, бүгд л өлссөн тухайгаа хөхрөлдөн ярьж, гэрийн зүг яаран “Баян Болдоо”-гийнд очоод, хүсч байснаасаа илүү тогоо дүүрэн тарган адууны мах зооглож бүгдээрээ гэдэс гарч билээ. Энэ наадам өлссөн болохоос биш, аймгийн наадмаас ч олон хүн цугларсан өргөн дэлгэр наадам болсон юм.

БАРУУН БҮСИЙН ДАНШИГ НААДАМ ТААРУУХАН БОЛОВ

Уг наадмаас хоёр хоногийн дараа “Алтай Таван богд-2019” баруун бүсийн хурдан морины даншиг наадам аймгийн төвд болж, Улаанбаатар хот, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн наадамчид оролцлоо. Газар газрын хурдан хүлгүүд агаарт дэгдэж, үүлэнд умбан алдмаар тэлүүлнэ. Морь болгоныг Монголд байхгүй ханш 100 мянган төгрөгөөр бүртгэж, унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгасан мөртлөө мөнгө байхгүй нэрийдлээр бай шагналыг шөнийн 01.00 цаг хүртэл өгч чадалгүй, хүүхдийг чихрээр хурч байгаа мэтээр “Дараа шилжүүлнэ” хэмээн уяачдын дансыг авч, тэднийг арай чүү тараажээ. Олон сайхан хурдтай хүмүүс бүртгэл даатгалын өндөр хураамжаас болж, морио уралдуулж чадаагүй учир даншиг наадам гэхэд чамламаар цөөн тооны морь уралдсан гэдэг. Бүртгэл, даатгалын тэр их мөнгө хаачив, арай газрын гав руу орчихмооргүйсэн. Нэгэнт шөнө болсон тул наадмын эхний өглөө сүр дуулиан болгон дуулсан төрийн дуулалаа ч эгшиглүүлсэнгүй, цэнхэр тэнгэрт мандсан төрийн далбаагаа ч буулгасангүй. Уг нь ёс төртэй мандуулсан төрийн далбааг ёс журмын дагуу буулгах ёстойсон. Наадмын эхэнд дархалсан иргэ шиг маадайн ширээний хойморт заларч суусан Иргэдийн хурлын дарга Д.Бауыржан нь шаардлагатай үед “Надад хамаагүй” гэсэн шиг сураггүй оджээ. Уралдаанд түрүүлсэн морьдын бай шагнал ч гэж юу шалив гэж. “Аймгийнхаа хурдан морины уралдаан болгоныг мотоциклээр байлж, Баян-Өлгийн 13 суманд хувиасаа хурдан азарга тус бүр нэгийг бэлэглэнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусган аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүн болсон Улаан хус сумын уугуул, Таван толгой компанийн газрын дарга Х. Нурлатын хүрэн морь түрүүлж торгон жолоо өргүүллээ. Ихэнх хүмүүсийн ярьснаар “Нурлати Манлай уяач Ононгийн тамгатай түрүүлсэн хүрэн морийг өөрийн нэр дээр бичүүлж, түрүү авсан нэр зүүн, Монгол Улсын Алдарт уяач болох юм гэнэ” гэсэн мессэж нислээ. Түүгээр ч зогсохгүй нас насанд айрагдсан нэг морийг өөрийн нэр дээр бичүүлж, гурван айраг түрүүний эзэн болжээ гэсэн сенсаци дэгдсэн нь үнэний ортой. Ингэж цол гуншин аваад ч юу хийхэв. Хүний юмаар хүүдэгнэх тийм л сайхан байдаг юм байх даа.

Харин мартсанаас мал мэнд үү гэгчээр бөхийн барилдаан сайхан боллоо. Бөх тайлбарлагч нь аваргын цол гуншинг хэлэхэд будилснаас биш, монголоор цэвэрхэн ярьдаг, хүнгэнэсэн эр хонгор дуутай, мундаг залуу байлаа. Наадмын бай шагнал нь бас л тааруу. Бусад аймагт болсон даншиг наадмууд том том жийпний шагналтай, сүр дуулиантай болсон. Гэтэл Баян-Өлгийн наадам бас л балгаа чирсээр. Даншиг наадмын үндэсний сурын тэмцээнд түрүүлсэн харваач Т.Батмөнх 100 мянга, Алтай сумын 60 жилийн ойн наадамд хоёрдугаар байр эзэлж 1.5 сая төгрөгөөр шагнагдсан Г. Сугар-Эрдэнэ даншиг наадмын Урианхай сурын харваанд түрүүлснийхээ байнд урьдах шагналаасаа 15 дахин бага буюу 100 мянга, энэ наадмын өмнөхөн болсон Налайх, Ховд аймгийн наадмын өсвөрийн харваанд түрүүлж, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнагдсан хүү 32 мянга, Алтай сумын наадамд үзүүрлэж гурван сая төгрөгөөр шагнагдсан у.х О.Хангай энэ даншигийн түрүү бөхийн шагналд дөнгөж нэг сая 900 мянга, хаа холоос байр, хоол, унааны зардал чирэгдэл гарган байж даншигт барилдан хоёр давсан бөхчүүд 14500 төгрөг, гурав давсан а.н Балжинням зэрэг 16 бөх тус бүр 28 мянга, дөрөв давсан хурц арслан Сосорбарам тэргүүтэй найман бөх 57000 төгрөгийн бай авч байгаа нь аймгийн болон бүсийн даншиг наадмыг хамтатган тэмдэглэж байгаа наадмын шагнал гэхэд даанч жулдмаар, ичмээр санагдлаа. Ёстой л “хүүхдэд хусам долоолгосонтой” адил боллоо. Ард түмнээс цугларсан хандив, морины өндөр бүртгэл, төсвийн мөнгийг ингэж зарцуулж байгаадаа аймгийн дарга нар ичмээр юм. Дараа жил болох тус аймгийн 80 жилийн ойд “ичих нүүрэндээ илгэ наагаад” Баян-Өлгийн нэрийг гутаагаад сууж байвуузай, дарга нар аа. Хүнд ичих булчирхай гэж байдаг юм шүү.

Сэтгүүлч Тогтохын ЦЭДЭНЖАВ

Categories
мэдээ цаг-үе

Намсрайжавын Бизъяа: Санаа муутанд олзлуулахгүйн тулд “Нууц тарни” гэсэн


Төв аймгийн уугуул, Гандантэгчэнлин хийдийн Жүд дацангийн тэргүүн лам, хэл бичгийн ухааны доктор Намсрайжавын Бизъяатай ярилцаж байна.


-Хоёул яриагаа нэлээн дээрээс, аав ээжийн нутаг усны амьдралаас эхэлбэл ямар байна?

-Бололгүй яахав. Манайх чинь Төв аймгийн Бүрэн сумын уугуул. Өвөл зунгүй урсаж оргилж байдаг өнөөх Талын-булаг рашаанаараа угааж, ундаалж өссөн хүмүүс. Аав С.Намсрайжав, ээж А.Авирмэд хоёр маань жирийн малчид, одоо хэрнээ нутаг усандаа амар амгалан аж төрж байна. Аав маань их ажилсаг, ямар ч ажлыг босон суун амжуулдаг нутаг усандаа нэртэй хүн. “Бажига” Намсрайжав гэвэл нутаг орныхон мэднэ ээ. Яаруу сандруу юмыг “бажига алдлаа” гэж ярьдаг даа. Аав минь алив юмыг түргэн шуурхай хийж амжуулдаг болохоор нь хүмүүс “Бажига Намсрайжав” гээд нэрлэчихгүй юу.

-Танайхыг удам угсаагаараа “Ламынхан” гэдэг юм билээ. Энэ тухайгаа сонирхуулах уу?

-Аав, ээж хоёр минь тал талаасаа л ламын удам угсаа, их шүтлэгтэй хүмүүс. Ээжийн талд Дамдинсэрээтэр, аавын талд Лувсанцэрэн гэж Богдын хүрээний том гавьж нар байсан юм билээ. Хоёулаа цаазлагдсан. Бас ээжийн талын, бидний бол нагац ах юм даа С.Агваан гэж лам баригдаж тавигдаж явсаар нутагтаа ирээд, жирийн иргэний амьдралаар амьдарч байсан сан. Энэ хүн их соёлтой, эрдэм ухаанд гэгээрсэн хүн байсан учир нутгийн олон ядуу айл эднийхийг хүрээлэн малыг нь маллаж ойр дотно амьдардаг байсан юм билээ. Ингэж Агвааны буян хишгийг хүртэж явсан арваад хот айлын нэг нь манайх. Ардын уран зохиолч Д.Цоодол гуайн аав Дөнгөтийнхөн энэ хүрээ хотод багтаж байсан даа. Нутаг усандаа “Номхон Агваан” хэмээн хүндлэгдсэн энэ хүн нутгийнхаа ядууст хишиг өглөг тараасан сайхан хүн байсан юм.

-Аав, ээж чинь хэр зэрэг шүтлэгтэй хүмүүс вэ?

-Том лам нарын удам угсаа болохоороо шүтлэгтэй. Ээж минь, бүр дээр үеэс л, орой болгон баринтигтай “Алтангэрэл” судар тэврээд амны уншлагаа уншиж гэрээ эргэдэг байсан. Одоо хэрнээ орхиогүй. Аав минь төрийн хар хүн боловч, их уншлагатай, мөргөж залбирч л суудаг хүн дээ.

-Олон гавьж мяндагтны хойч үе, та чинь яаж яваад лам болчихдог билээ?

-Их л сонин учрал болсон доо. Би чинь Бүрэн сумандаа 8 жил, Төв аймгийн Өндөр-ширээт суманд 10 дугаар анги төгсөөд тэр үеийн ЗХУ-ын Узбекистаны техникийн их сургуульд орж суралцан контактын шугам сүлжээний инженер технологич мэргэжлээр төгсгөж байгаа юм. Төгсгөж ирээд Аж үйлдвэрийн яаманд очсон чинь Бага-нуурын уурхайд инженерээр хуваарилагдлаа. Тэндхийн боловсон хүчин намайг түр хүлээж бай гэлээ.

-Энэ чинь хэдий үе билээ?

-1990 он. Ардчилал, зах зээл гээд ид бужигнаж байсан үе. Хэд хоног хүлээж байснаа хотод ороод ирлээ. Толгойтод Н.Нямсүрэн эгчийндээ байж байтал нэг өдөр эгч маань сонин мэдээ дуулгалаа. Төв аймгийн Манзуширын хийдийг сэргээх лам нар Улаанбаатарт ирж, шинийн 15-нд Гандан хийдийн ламаас сахил хүртэх гэж байна гэнэ. Энэ үг сэтгэлд их дотно санагдаж байна. Би чинь өөрөө бага залуугийн шүтлэгтэй, хааяа лам болчих юмсан ч гэж бодогдоно. Тэгээд бодлоо шүү. Нутгийнхаа том хийдийг сэргээлцээд лам болчихвол сайхан юм биш үү, гэж. Тэгтэл Гандан хийдэд манай Бүрэн сумын (гонгий лодой цана мэд) Чадраабал ламын сураг сонсож байснаа саналаа. Энэ хүн уул нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Мишиг гүний хүү юм гэнэлээ. Тэгээд Гандан хүрч очин Чадраабал ламыг сурагласаар оллоо. “Лам болдог юмуу” гэж явна гэсэн чинь ламтан гайхсан байдлаар удаан ширтэж билээ. Тэр үед чинь, тухайлбал 1990-ээд оны үед залуу лам бараг байгаагүй, лам нарыг бэлтгэдэг сургууль ном ч хатуу хяналтад өндөр шалгуурыг хангасан цөөн хэдэн лам нарыг эс тооцвол байгаагүй л дээ. Тэгээд л гайхсан байх. Надаас ямар сургууль төгссөн бэ? гэж асуухаар нь ЗХУ-д техникийн их сургууль төгссөн гэсэн чинь бүр гайхчихсан. Сорьж сонжиж явна л гэж бодсон байх. Нэлээн ярилцаж учир зүйгээ олсны дараа, ламтан миний саналыг дэмжсэн. Удам угсаандаа сайн лам нартай, аав ээж нь шүтлэгтэй, би ч хэдэн тарни цээжилчихсэн, үнэхээр дур сонирхолдоо хөтлөгдөж яваа залуу байна гэж ойлгоод Чадраабал ламтан, Манзушир хийдийн лам нартай хамт сахил хүртэхийг зөвшөөрсөн.

-Сахил хүртэхэд юу хэрэгтэй байдаг гэнэ. Бэлдэв үү?

-Лам болоход эхлээд гэнэн сахил хүртээж байсан юм. Чадраабал ламтан шинийн 15-ны наана бэлдэх бүх зүйлийг хэлж, би бичиж тэмдэглэж авлаа. Тэгээд эгчдээ очиж хэлсэн чинь дэмжиж байна аа. Үсээ авахуулж, номын хувцас өмснө. Их ажил байлаа. Эгч маань явж тэр үед ховор байсан хэдэн метр хүрэн жигүүнэ олж ирээд лам захтай хүрэн дээл, орхимж хийлээ. Гандангийн даамал Жамаа гуайгаас донгог авлаа. Надтай хамт лам болох гэж байгаа Б.Эрдэнэбат гэж андтай хоёул шөнөжин сууж үсээ авлаа. Даахгүй, хуучин муу орос машинаар үс авна гэдэг ч бэрх юм билээ. Тэгээд л үүр гийх үеэр Гандангийн цорж лам (гонгий лодой цана мэд) Осор гуайгаас сахил хүртэж, лам болсон доо.

-Шашны ном үзэж эхлэх үү?

-Тэгэлгүй яахав.Сахил хүртэхээсээ өмнө нь эхлээд төвөд номын 30 үсэг, 4 эгшиг, угтвар дагавар, дахин дагавар, зүүлт, толгойт үсэг зэрэг 123 үсэг цээжлэж, маани мэгзэмийг ч уншиж өгнө шүү дээ.

-Хүмүүс, тэр дундаа таньдаг хүмүүс, үе тэнгийнхэн яаж хандах юм?

-1990-ээд оны үед залуу лам нар бараг байгаагүй дээ. Хүмүүс ч эвэртэй туулай үзсэн юм шиг л болсон. Толгойтын автобусанд суугаад эгчийнх рүүгээ явахад, хүмүүс их шохоорхож, зарим нь ирээд орхимжноос имэрч үзнэ, Зарим настан нь ирж мөргөнө. Адис авах гэнэ. Их хөглүүлсээн. Ганданд гурав хоног хуралд хурж, ном үзээд л Манзушир хийд рүүгээ явсан даа.

-Төв аймгийн Манзуширын хийдийг та нар сэргээжээ дээ?

-Тэгсэн. Найман ханатай модон гэр дээр нэмж хэдэн цагаан гэр бариад ном хурж их буян үйлдсэн дээ. Нутгийн ардууд Манзуширын хийд минь сэргэлээ гээд хандив тусламж үзүүлж, төдхөн л их хөлийн газар болсон. Аймгийн төвд сүм дуган барьж өргөжсөн. Гол удирдсан хүмүүс нь (гонгий лодой цана мэд) Ц.Намжил, Л.Цэрэнпунцаг багш нар маань байлаа. Хамба Найдан, гэсгүй Сэдэд, Унзад Данзан, човомбо Содном, дуганч Шагдарсүрэн гуай нарын удирдлагаар хоёр жил шавилан суугаад Улаанбаатар хот руугаа шилжиж ирсэн.

-Гандантэгчэнлин хийддээ эргээд ирэв үү?

-Үгүй дээ. (гонгий лодой цана мэд) Чадраабал багш маань Зүүн-хүрээ хийдийг сэргээхээр болж бидний залуу лам нарыг дэргэдээ авсан. Зүүн-хүрээ буюу Дашчойлин хийд маань эртний уламжлалтай том хийд байснаа их хэлмэгдүүлэлтийн үед устгагдаад, хоосон гурван дуган нь үлдсэн байлаа. Голын дуган нь Вангай аймгийнх, нөгөө нь Эрхэмээ аймгийнх, гурав дахь нь Богдын хатан “Эх дагиных” гэж байлаа. Ингэж Зүүн-хүрээ хийдээ Чадраабал багш ламын удирдлагаар засч тохижуулаад 1990 оны наймдугаар сард хурал номоо хурж эхлэсэн юм. Энд Нархажид бурхныг тахих, Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууныхан лам нар ирж хурдаг уламжлалтай байсан юм билээ. Тэр ёс жаягаа ч алдаагүй. Тэгж байтал одоогийн энэ хамба лам Ч.Дамбажав гуай хүрч ирээд 20-30 хүүхэд залуучууд аван хийдээ өргөжүүлж яг л хуучин ёс жаягаараа хурал ном хурдаг бурхан шашны том төв болсон юм.

-Та, Зүүн-хүрээ хийддээ л, хурал хураад байв уу?

-Бас л удаагүй. Манай хийд өргөжихийн хэрээр гадаад харилцаа нэлээд хөгжлөө. Жилийн дараа Гүнбүм хийдэд найман лам явуулж суралцуулахаар шалгалт авсан чинь би тэнцчихлээ. Ингээд л үе тэнгийн хэдэн нөхдийн хамт Гүнбүм хийдийг зорьсон доо.

-Тэр чинь шашны дээд сургууль уу?

-Шашны сургууль. Гэхдээ олон зэрэг дэвтэй. Олон янзын дацанд тус бүрийн хичээл сургалт, хурал ном хурна. Биднийг дөрвөн дацанд хоёр хоёроор нь сургасан л даа. Хоёр нь үндэсний номд боловсруулагч Жүд дацанд, хоёр нь гүн ухааны Чойрын дацанд, бас хоёр нь анагаах ухааны Манба дацанд, нөгөө хоёр нь тарнийн үндэсний Дуйнхорын дацанд хуваарилагдан суралцаж байсан юм. Сүрэнрагчаа бид хоёр Жүдийн дацанд нь хуваарилагдсан. Сүрэнрагчаа маань одоо Зүүн-хүрээ Дашчойлин хийдийн ловон лам байгаа. Жүдийн дацанд суралцагчид бусдаасаа арай ондоо. Эхлээд Чойрын дацанд хэдэн сар сууж ном үзээд, шалгалт өгч тэнцвэл Жүдийн дацанд суралцах эрх олж авна. Бид шалгалтаа өгч тэнцээд жүдийн дацанд таван жил хуралд хурж, суралцан ном үзсэн. Нууц тарнийн гүн ухаанд суралцдаг дацан л даа.

-Та, Нууц тарнийн ухааныг судлаад, төгс боловсорчихож байгаа нь энэ үү?

-Үгүй л дээ. Жүдийн дацанд 15-16 жил ном үзэж нууц тарнийн гүн ухааны төгс төгөлдөр мэдлэгтэй болдог. Ер нь 60 нас хүртлээ энэ эрдэм ухаанд суралцаж төгс боловсорно гэдэг юм.

-Та чинь тэгэхээр суралцах ёстой сургууль номоо дутуу орхичихоод ирсэн хүн болж байна аа даа?

Энэ бас учир шалтгаан бий. Таван жил болоод виз сунгах учиртай. Ирж очих, визний асуудлыг гол зохицуулдаг хүн маань тус хийдийн хамба лам Ажа гэгээн. Миний визний хугацаа дуусах үеэр Ажа гэгээн маань АНУ-руу гараад явчихсан. Тухайн үед Хятадын зүгээс удаан хугацаагаар виз сунгахыг татгалзсан хариу өгсөн. Ингээд л арга буюу нутаг буцах болсон доо. Гэхдээ, Жүдийн номоо дутуу хаячихаж байгаа юм биш. Бүх үзэх ном судраа нутагтаа ирээд бие даагаад сурчихаж болно. Программ (хөтөлбөр)-т ном судраа бичүүлж аваад, заавал мэдвэл зохих ном судраа тэндээсээ аваад ирж байгаа юм. Ирсэн хойноо багш нартайгаа байнга холбоотой, ирж очдог, уулзаж учирдаг байлаа. Нууц тарнийн гүн ухаанд холбогдох л судар номыг уншиж судалсан даа.

-Ирээд Зүүн-хүрээндээ ажилласан уу?

-Тэгсэн. Хичээл номыг нь үзээд ирэхээр Монголд Жүд дацан зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсон. Ингээд Гандантэгчэнлин хийдийн их хамба лам Д.Чойжамц гуайдаа хандан энэ саналаа тавьсан. Хамба маань миний саналыг зөвшөөрч, Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгчдийн шийдвэр гарган, Жүдийн дацан байгуулж билээ. Би энэ дацангийн тэргүүнээр томилогдоод одоо хүртэл ажиллаж байна.

-Гандангийн хашаанд “Жүдийн дацан” гэсэн хаягтай хоёр гэр байсан шиг санагдах юм?

-Эхлээд ч орон байрны хувьд хүндхэн байсан л даа. Жижиг дуганд анхныхаа галыг асааж билээ. Нууц тарнийн гүн ухааны сургалтад элсэлт авах зар тараагаад, ажлын хэсэг байгуулсан юм. Энд 13-15 насны 300 гаруй хүүхэд бүртгүүлж билээ. Гандан хийдийн Да лам Х.Баатар удирдаад түвшин тогтоож шалгалт авахад 21 хүүхэд тэнцсэн. Тэдэндээ сахил хүртээгээд нээлтээ хийж байгаа нь энэ. Лам нар уриа дуудлагаа хэлээд, харанга дэлдэж, гандангийн чогчэн хуралтай нэг хашаанд байсан учир шинийн 15-ны дүйцсэн хурлын уриа дун татаж, ганди дэлдэн бүрээ бишгүүрээ үлээн сүртэй нээсэн л дээ. Ингэж Монгол Улс Гандан хийдийнхээ харьяанд Жүдийн дацантай болсон юм. Таны хэлээд байгаа хоёр гэр чинь дараагийн үе. Бид Жүдийн дацан барих газраа товлож аваад тэндээ гэр дуганд хурал номоо үргэлжлүүлж, дуганаа барих бэлтгэл ажлаа хангаж байсан юм.

-Жүдийн дацан барихад Далай ламыг их тусалсан гэдэг?

-Тийм шүү. 2000 онд Далай багш Монголд морилохдоо Жүдийн дацангийн ажил үйлсийг өндөр үнэлээд дацангийн шав тавьж өгсөн юм. Бас туслах багш ирүүлж, Энэтхэгийн Жүмэ дацанд нууц тарнийн гүн ухааны чиглэлээр суралцах 8 хүүхдийг явуулж өгч билээ. Далай багшийнхаа ач тусыг мартахын аргагүй.

-Жүдийн дацан нээлтээ хийсэн, том сайхан дугантай болсон. Энэ тухайгаа сонирхуулах уу?

-Хөрөнгө мөнгөний асуудлаас болж хэдэн жил хойшлогдоод 2015 онд Жүд дацан маань ашиглалтад орсон. Одоо гучаад ламтай, хурал номоо хурж байна. Энэтхэгт арав гаруй хүүхэд суралцаж байгаа. Жүд дацангийн тэргүүнээс гадна гэсгүй, их бага унзад, дуганч, човомбо, бичээч, нярав, үйлчлэгч, тогооч, харуул зэрэг нэлээд хэдэн орон тоотой, олон сайхан уншлагатай ламтай, айлын зэрэгтэй айл болоод байна даа.

-Та саяхан МУИС-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа гэсэн. Энэ тухайгаа тодруулах уу?

-Тийм ээ. “Нууцын хураангуйн үндэс” хэмээх хөлгөн судрын монгол орчуулгын харьцуулсан судалгаа” сэдвээр улсын их сургуульд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Бурхан багшийн айлдсан “Сандуйн жүд” буюу “Нууцын хураангуйн үндэс” хэмээх хөлгөн судрыг монгол орчуулагч нар монгол хэлнийхээ арвин баялаг үгийн сан, ур чадвараар хэрхэн орчуулсныг гадаад улс орнуудын эрдэмтэн мэргэдийн орчуулгатай харьцуулан судалж, нэг сэдэвт зохиол бичсэн юм. Нууц тарнийн гүн ухаан гэдэг чинь бурхан багшийн номлолын дотоод сэтгэлийг судлах ухаан юм. Энэ хөлгөн судрыг XV-XVI зуунд Шагдар-Эрдэнэ хонжин, XVII зуунд Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар олон хүний хөлс хүчээр Бээжинд модон бараар хэвлэсэн монгол Ганжуурын хоёр өөр орчуулга байдаг. Мөн олон арван төвөд барын Ганжуурт буй”Сандуйн жүд”-ийн үг үсгүүдийг харьцуулан тулгаж судалгаандаа оруулсан. Санскрит, төвөд, орос, хятад, англи хэл дээр хэвлэгдсэн судалгааны бүтээл, орчуулгуудыг харьцуулан судалсан гэж болно.

-Бурхан багшийн айлдсан нууц тарнийн гүн ухаан гээд байгаа шүү дээ. Яагаад нууц гэсэн юм бэ?

-Бурхан багш, хүний дотоод сэтгэлийн ил далд бүх чанарыг номлосон. Мэдээж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө л зориулсан номнол. Энэ дотор маш нарийн зүйл олон бий. Санаа муутнуудад түүнийг олзлуулахгүйн тулд “Нууц тарни” гэсэн юм.

-Та одоо ямар бүтээл туурвил дээрээ ажиллаж байна?

-Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Нууц тарнийн гүн ухаан гэдэг маань Монголд их дээрээс уламжлалтай, хөгжиж байсан юм шүү дээ. 1739 онд II Богд Лувсандамбийдомэ 16 насандаа Жүд дацанг буй болгохоор санаачилж, “Судар дандарт суралцах” нэртэй шашны сургууль хичээллүүлж байсан. 1740 онд одоогийн энэ Хүүхдийн урлан бүтээх төв байгаа газарт том дуган барьсан. Ингэж нууц тарнийн ухаан хүчтэй хөгжиж байсныг 1938-1939 онд устгасан байгаа юм. Тэгээд 60 жилийн дараа Жүдийн дацан байгуулагдан ажиллаж эхэлсэн нь ганц миний гавьяа бус, олон зуун лам хувраг, эрдэмтэн мэргэд, сүсэгтэн олны минь гавьяа юм даа.

Энэ агуу их ухаанд өчүүхэн боловч хувь нэмрээ оруулахаар миний бие чадан ядан зүтгэж байна. Тасарсан хурлуудыг нөхөж, Монголын онцлогтой нарийн зан үйлийг дэлгэрүүлэх, мөн өдөр бүр хурал номоо хурж байна. Хажуугаар нь Богд Зонховын зохиосон “Сандуйн жүд”-ийн тайлбарыг төвөд хэлнээс, бас Сэрдэг гэгээний зохиосон “Хавсарсан дөрвөн тайлбар” зэргийг төвөд хэлнээс орчуулан тайлбар хийж шавь нартаа гарын авлага болгож байна. Бусад судалгааны өгүүллүүд бичих, орон нутагт лекц унших зэргээр ажил ихтэй л байх юм.

Багш ламтан Н.Бизъяад сүсэгтэн олноос ирүүлсэн олон захидал хүндэтгэлийн нэгийг дор сийрүүлж ярилцлагаа жаргаая. “Эрхэм хамба лам, доктор багш Н.Бизъяа танаа. Манай “Хөх сувдын орон” Хатгал хотноо зорин ирж “108 өрхийг хишгийн уутаа зөв болгох” аяны үйлд номын их өглөг хишиг хайрласан буянт үйлст тань талархал илэрхийлж “Хүндэтгэл” хадгалуулав. Сайны үр үргэлжид дэлгэрэх болтугай. Хатгал. Эмэгтэйчүүдийн зөвлөл” гэжээ.

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Categories
мэдээ нийгэм

Албаны автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй” хэмээжээ.

Түүнчлэн төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх,төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Үр тарианы хураалт өмнөх жилээс буурчээ

Улсын хэмжээнд 397.2 мянган тонн үр тариа хураад аваад байна. Мөн 189.2 мянган төмс, 91.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш бэлтгэжээ. Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс 22.6 мянган тонн буюу 13.5 хувиар их байгаа бол бэлтгэсэн өвс хадлан 16.8 мянган тонноор, гар тэжээл 3.1 мянган тонноор, дарш 0.8 мянган тонноор өсжээ. Харин хураасан үр тариа 18.9 мянган тонноор, хүнсний ногоо 3.9 мянган тонноор тус тус буурчээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Дорнод, Хөвсгөл, Увс, Булган, Төв, Сэлэнгэ аймгууд нийт хураасан үр тарианы 87.9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгууд нийт хураасан төмсний 81.6 хувийг, Улаанбаатар хот, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгууд нийт хүнсний ногооны ургацын 76.7 хувийг тус тус бүрдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын шигшээ баг ОХУ-ын багийг яллаа

Япон улсын Нарита хотод өнөөдөр /2019.11.16/ эхэлж байгаа чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг манай бүсгүйчүүд амжилтаар эхлүүллээ.

Монгол Улсын эмэгтэй багийн тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа хойд хөршийн бүсгүйчүүдтэй хийж 6:4-өөр буулган авсан талаар МЧБХ-оос мэдээллээ. Тодотговол, ОУХМ Б.Чимгээ, Б.Болортуяа, А.Батцэцэг, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар чухал ялалт байгуулсан байна. Ингэснээр манай тамирчид хэсгийн “В” хэсгийн сүүлийн барилдаанаа 17:00 цагт 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хийнэ. Хэрэв ялбал алт, ялагдвал маргааш хүрэл медалийн төлөө барилдах юм.