Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН”-ын зөвлөл хуралдана.

Монголын Үндэсний музейд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдийн “Эх дэлхийгээ хайрлая” гар урлал, уран зургийн бүтээлийн үзэсгэлэн эхэлнэ.

09.00 цагт ЭХЭМҮТ-ийн сургалтын танхимд “Томуу томуу төст өвчны үеийн оношилгоо эмчилгээний менежмент, сүүлийн үеийн чиг хандлага” сургалт болно. Утас: 99179899, 86885060

09.00 цагт “Чингис” зочид буудлын их танхимд “Умайн хүзүүны өмөнгийн оношилгоо эмчилгээний удирдамжийг шинэчлэх нь” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99179899, 86885060

09.00 цагт НҮБ-ын байранд “Баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, түүний хүртээмж” сургалт болно.

09.00 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Хүүхдийн сүрье өвчнийг эрт илрүүлэх, ялган оношлох нь” сургалт болно.

09.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Хариуцлагатай бичил уурхай” форум болно. Утас: 99109723

10.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.00 цагт Үндэсний номын санд “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-г номын сангуудад бэлэглэх ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зѳвлѳлийн тэргүүн Б.Эрдэнэ “Монгол Улс аюултай хог хаягдлыг булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлнэ.

11.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ, НЭМҮТ-өөс “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн талаар мэдээлнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүннү бичээс тайлагч “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ -аас Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлалын холбоо буруу тайлсан талаар мэдээлнэ. Утас: 88821168

12.00 цагт Монголын Уран зургийн галерейд Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал С. Цацралтын “Атар60” үзэсгэлэнгийн нээлт болно.

13.30 цагт Монголын Театрын музейд Монгол, Солонгосын гэрэл зурагчдын хамтарсан “Autumn Festivals” үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт “Сити” цамхагт “Эерэг өөрчлөлт-залуучуудын оролцоо” уралдааны шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно. Утас: 88098294

14.00 цагт МУИС-ийн Номын санд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэлэлцүүлэг болно.

Categories
мэдээ цаг-үе

Олимпод оролцох сагсчдын бэлтгэлийн нэг өдөр

Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпийн их наадамд монголчууд анх удаагаа багийн спортын төрлөөр оролцох болзол биелүүлснийг олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ сарын 1-нд зарласан. Бид 3х3-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн нэг өдрийн бэлтгэлийн үйл явцаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.


Шигшээ багийнхан бэлтгэлээ бидний нэрлэж заншсанаар 64-т байрлах “Орчлон” сургуулийн ойролцоох зааланд хийдэг юм байна. Жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх олимпийн наадамд оролцохоор болоод буй эмэгтэйчүүдийн шигшээ баг эрчимжүүлсэн бэлтгэлдээ оржээ. Бэлтгэл 19:00 цагт эхлэхэд баг тамирчид бүрэн жагсжээ. Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Ганзул, спортын мастер Э.Чимэддолгор, спортын мастер Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, П.Цэрэнлхам, Б.Нандинцэцэг, Г.Минжин шигшээ багт дуудагдаад байгаа юм байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Тулга “3х3-ын сагсан бөмбөг 2017 онд олимпийн хөтөлбөрт багтсан. Энэ цагаас хойш л сагст дур сонирхолтой хүүхдүүдийг цуглуулаад л багийн спортоор олимпод оролцох том зорилго өмнөө тавиад хамтдаа зүтгэсэн. 160 гаруй багаас шилдэг найман багт шалгарч олимпод оролцох болно гэдэг биелэгдэхэд хэцүү л санагдаж байсан. Гарч болох эрсдэлүүдийг зөв тооцоолж бодлогоо зөв тодорхойлж байж энд ирлээ. Одоо олимпод амжилт гаргах зорилго өмнөө тавиад явж байна” гэв.

Тэд дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг ОХУ, АНУ, Серби зэрэг хүчирхэг багуудын эсрэг хэрхэн тоглох, бид тэднээс ямар чанараар давуу болохоо зөвлөлдөж сууна. Багийн ахлагчаар спортын мастер Д.Ганзул ажиллаж байгаа юм байна. Тэрбээр “Энэ жил тамирчны замналд нөлөөлөх олон чухал тэмцээнтэй байсан. Тэр ч утгаараа багийнхан маань бүгд ажлаасаа гарч зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарсан. Давхар ажил хийдэг байхад амжилт ахихгүй байсан. Ажлын ачааллаа больж бэлтгэлээ хийснээр амжилт эрс ахисан. Бие сэтгэл зүйд ч өөрчлөлт ордог юм билээ. Багийн тоглогчид ч бие биенээ илүү сайн ойлгож, гар нийлдэг болсон” гэв. Сагсан бөмбөгийн спортоор 10 орчим жил хичээллэж буй тэрбээр Хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж байжээ. “Гэр бүлийн хүн маань БНСУ-д ажиллаж байгаа. Харин охиныг минь Дарханд аав, ээж маань хардаг юм. Манай гэр бүл гурван талд л амьдарч байна. Спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн маань үргэлж дэмждэг” гэж Д.Ганзул ярилаа.

Сүүлд 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг наймд шалгарсан багийн гишүүд зааланд цуглажээ. Эдгээр охид бүгд оюутан аж. Хэдий хичээлтэй ч бэлтгэлээс минут ч хожигдолгүй ирцгээжээ. Тэд нэг баг, нэг гэр болсон нь харилцаанаас нь ажиглагдана. Бөмбөг чадварлаг эзэмшиж, багийнхаа довтолгооныг найруулах намхан охин бол Ганбатын Минжин. Шигшээ багийн хамгийн залуу тамирчин тэрбээр МУИС-ийн оюутан юм байна. Мэргэжлийн сагсан бөмбөгч болохоор сэтгэл шулуудсан түүнийг гэр бүлийнхэн нь ч дэмждэг юм билээ. Түүний хувьд энэ оны 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы эсрэг хожлын шидэлт амжилттай болгож монголчуудыг огшоож байсан гавьяатай охин.

Таяг тулж, зүүн хөлөө зузаанаар боосон охин багийнхаа бэлтгэлийг анхааралтай үзэж суусан нь 23 хүртэлх насны шигшээ багийн гишүүн П.Цэрэнлхам ажээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлний зөөлөн эдээ бэртээсэн нь илааршиж байгаа гэнэ. Гэмтэлтэй байгаа ч хэрэгжүүлж буй хувилбар комбинацыг нь харж, суралцах нь залуу тамирчны цаашдын хөгжилд нь хэрэгтэй талаар багийн эгч нар нь хэлж байв. П.Цэрэнлхамын тухайд Тайваньд сагсан бөмбөгийн боловсрол эзэмшжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд шалгарсан хөвгүүдийн 18 хүртэлх насны шигшээ багийнхан эмэгтэй шигшээ багийн бэлтгэлийг хангаж өгч байгаа юм байна. Олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрчихсэн залуусын эсрэг эмэгтэй шигшээ багийнхан ч бэлтгэл дээр ширүүн өрсөлдөөн үзүүлж байна лээ. Энэ нь эмэгтэй шигшээ багийн тамирчдын тэвчээр болоод эрэгтэйчүүдийн шигшээ багийн залгамж халааг бэлтгэхэд ач тустай талаар дасгалжуулагч С.Тулга ярьж байна. 18 хүртэлх насны шигшээ багт газар газрын залуус байдаг юм байна. Жил гаруйн өмнө нь Завханд хонио хариулаад явж байсан Авирмэд гэж хүү 3х3-ын өсвөрийн шигшээ багийн гол тамирчин, салшгүй хэсэг нь болжээ.


ШИГШЭЭ БАГ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Манайд спортын сэтгэл зүйчийн үүргийг лам бөө нар гүйцэтгэдэг гэх яриа тамирчдын дунд байдаг. Тамирчдын сэтгэл зүй тааруу байдаг нь ч олон улсын тэмцээний үеэр анзаарагддаг. Эцсийн шүгэл дуугараагүй байхад баярлаж медалийн үзүүрээс атгаад алдсан жишээ манайханд хэд хэд бий.

Харин 3х3-ын шигшээ багийн тамирчид спортын сэтгэл зүйч Б.Золзаяатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Түүний хувьд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяатай хамтарч ажиллаж олимпийн мөнгөн медальд хөтөлж байсан туршлагатай нэгэн юм.

Тэрбээр “Спортын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчид нэг түвшинд ирсэн өнөө үед сэтгэл зүйн асуудал чухал. Нэг техник, нэг тактик бэлтгэхдээ сэтгэл зүйг хамтад нь суулгаж өгснөөр богино хугацаанд илүү сайн үр дүн гардаг. Өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаа тамирчдад айдас байх ёсгүй. Ийм байж өрсөлдөгчөө, сэтгэл зүйн дайн тулааныг давж гарна. Миний хувьд энэ талаар зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Багийн сэтгэл зүйч тамирчдад хандаж өдрийн тэмдэглэл тогтмол хөтлөх, гар утасны хэрэглээгээ хязгаарлах, сайн нойртой байх, гадуур хоол идэхгүй байх, хүнсээ өөрсдөө бэлтгэж байх зэрэг зөвлөмж өгч байсан юм. Үүнээс гадна чөлөөт цагаараа хүнтэй улзаж явахыг хориглож байв. Шигшээ багийн тамирчдыг хамт амьдруулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Леброн Жеймс, Коби Брайнт гэх мэт алдартай тамирчид ямар замаар явж өндөрлөгт хүрсэн талаар шигшээ багийнханд лекц уншдаг юм билээ.

Шигшээ багт монгол арга барил хэрэгжүүлж энэ амжилтад хүргэсэн талаар дасгалжуулагч С.Тулга хэлж байна.

Тэрбээр “Шигшээ багтаа хувь тамирчдын онцлогт тохирсон хувилбарыг хэрэгжүүлж энэ амжилтад хүрсэн. Гадны тамирчид өндөр нуруу, булчингийн массаар илүү байдаг ч манайхан хурдаараа үүнийгээ нөхөж чаддаг. Мөн тэнцвэрээ хадгалахдаа манайхан илүү. Энэ чадварт тулгуурласан хувилбаруудыг хэрэгжүүлдэг. Бэлтгэл дээр хэдэн мянга давтана. Манайхан ч талбайд гараад харцаараа л ойлголцдог болсон. Магадгүй эмэгтэй шигшээ баг олимпод орсон шилдэг найман багийн хамгийн доогуур чансаатай нь байх. Гэхдээ жилийн дараа юу болох нь уу харъя. Бид хичээж байгаа” гэж хэллээ.

Монгол арга барилыг 5х5-ын шигшээ багт ч хэрэгжүүлж Азийн хэмжээнд өрсөлдөх боломж байгаа талаар ярьж байна. Тэрбээр 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан оюутны олимпийн наадамд залуучуудын шигшээ багийг дасгалжуулж амжилттай оролцож байсан юм. Сагсан бөмбөгийн холбоодын хэл амнаас шалтгаалж дасгалжуулахгүй байгаа талаар хэлж байлаа. Одоогоор олимпийн эрх аваад буй шигшээ багт гол анхаарлаа хандуулаад байгаа гэнэ.

3х3-ын сагсан бөмбөгийн холбооноос тус спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Сум бүрт хэд хэдэн удаагийн давтамжтай тэмцээн зохион байгуулж, дотоод өрсөлдөөнийг бий болгосноор нэг шат ахина гэж харж байгаа юм байна. Мөн үндэсний хэмжээний томоохон пүүс компаниуд сагсан бөмбөгийг дэмжээд эхэлжээ. “МСS” групп болон “Энержи ресурс” компаниуд тамирчдын тэмцээн уралдаанд оролцоход бүх талаар дэмжиж ажилладаг гэнэ. Шигшээ багийн тамирчид “Гадагшаа тэмцээнд явахаар болоход байгууллагуудын үүд сахиж мөнгө гуйгаад явж байсан удаа олон байгаа. Тэр цаг өнөөдөр ард хоцорсон. Монголд зөвхөн сагс тоглоод аж амьдралаа залгуулаад явах боломж бүрдээд байгаа” гэж байлаа.

“МСS” группийн захирал Л.Мягмаржавын тухайд 3х3-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. 3х3-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн тухайд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медаль, дэлхийн цуврал тэмцээнүүдээс алт мөнгө хүрэл медаль хүртэж байсан. Гэсэн ч төр засгаас, дорвитойхон дэмждэггүйд нь тамирчид сэтгэл дундуур явдаг юм билээ.


ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Улаанбаатар Энержи ресурс баг олимпийн эрх авсан ч зохион байгуулагч Японы баг давуу талаа ашиглаж шууд оролцохоор болжээ. Ингэснээр эрх олгох тэмцээнүүдэд оролцож байж олимпийн эрх авах юм байна. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нарын бүрэлдэхүүнтэй Улаанбаатар Энержи ресурс багийн залуус ч бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Хагас жил орчим талбайд гараад Г.Цэнгүүнбаярын бэртэл илааршиж багтайгаа нэгджээ.

Бид олимпийн дэвжээнд бөхчүүдийн тулаан, барилдааныг харж баясдаг. Тэгвэл ирэх онд Японд зохион байгуулагдах олимпийн наадамд чадварлаг сагсчдынхаа уран гоё тоглолтыг харж баясах нь ээ.


Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнэ-Өрнөх: Сангийн яам, Засгийн газар ирэх онуудад төлөх бондын өр төлбөрийг барагдуулах бодитой ажил хийсэнгүй

Төв банкны мэдээллээс харахад манай улс 2020-2024 онуудад нийт 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хүлээлттэй байгаа аж. Энэ бол манай улсын 3-4 жилийн төсөвтэй дүйх хэмжээний асар их хэмжээний мөнгө. Уг нь Засгийн газраас өмнө нь өр төлбөр барагдуулах стратегийг боловсруулсан боловч мөрдөөгүй. Тэгвэл бидэнд одоо ямар гарц гаргалгаа байгаа талаар эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөхтэй ярилцлаа.


-Ганц, хоёр жилийн дараагаас төлж эхлэх бондын өр төлбөрийг хэрхэн барагдуулах вэ гэсэн асуулт чухлаар тавигдаж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь манай гадаад өрийг төсвийн нэмэгдсэн буюу давсан орлогоор төлөх учиртай. Мэдээж төсвийн орлогыг татварын орлого, дээрээс нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ногдол ашиг, бусад орлого зэрэг олон хүчин зүйл бүрдүүлэх ёстой шүү дээ. Үүний тулд дээрх орлогод өсөлт гарах ёстой. Энэ талаасаа харахаар орлогын өсөлтийг бий болгож өрөө төлнө гэдэг эргэлзээтэй байна.

Өнөөгийн байдлаар Засгийн газрын нийт өр долоон тэрбум гаруй ам.доллар байна. Үүнд дээр төв банкны өрийг нэмэхээр есөн тэрбум ам.долларын өр байна. Энэ их өрийг бид 2021 оноос төлж эхэлнэ. Жишээ нь, тус онд 500 сая ам.доллар төлнө. Цаашлаад 1.2, 1.5 тэрбум ам.доллар гэх зэргээр төлөх өрүүд хүлээгдэж байгаа. Ийм их төлбөрүүдийг хэрхэн төлөх вэ гэсэн асуулт гарна. Бидэнд хэрэглэж байсан аргууд бий. Тухайлбал, зээлсэн талуудтай бондынхоо өр төлбөрийн хугацааг сунгах, хүүг бууруулах зэргээр төлбөрийн нөхцөлүүдийг сайжруулах чиглэл юм. Нөгөө талдаа, төсвийн давсан орлогоор бүрэн төлөх боломж байж болно. Гэвч нэг асуудал байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөд манай төсвийн орлого нэмэгддэг. Эдийн засгийн мөчлөгийн таатай үед төсвийн орлого нэмэгдэж байгаа юм. Тэгтэл манай Засгийн газар төсвийн орлого өсөхөд зардлаа дагаад нэмдэг. Өөрөөр хэлбэл, манай төсөв нэг тэрбум ам.долларын алдагдалтай байна шүү дээ. Эрх баригчдын зүгээс 250 сая ам.доллар хэмнэж байна гэсэн мэдээлэл гаргасан. Би үнэхээр хэмнэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл зардлын төрөл дотроо л шилжүүлэлт хийсэн байгаа юм. Яг нийт дүнгээр 250 сая ам.доллараар зардал буураагүй. Эндээс эрдэс бүтээгдэхүүний үнэ таатай байж, үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдэх үед бид хэмнэлт хийж хуримтлалтай болоод түүнийгээ эдийн засгийн мөчлөг буурч, төсвийн орлого багасах үед нөөц орлогоосоо ашиглах, эсвэл гадаад өр төлбөрөө төлөхөд зориулж хуримтлуулах зарчим хэрэгжихгүй байгааг харж болно. Тухайлбал, бид Хятадтай хоёр тэрбум орчим ам.долларын своп хэлэлцээр хийсэн. Мөнгийг нь ашиглаж байна. Үүнийг төсвийн хөрөнгөөр төлнө. Гэтэл хэрхэн төлөх ямар нэг бэлэн төлөвлөгөө алга.

-Уг нь Сангийн яам, Засгийн газраас өр төлбөрийг барагдуулах стратеги боловсруулсан шүү дээ?

-2009-2022 оны хооронд гадаад өр төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэг стратеги боловсруулсан л даа. Гэвч Засгийн газар энэ хөтөлбөрийн дагуу ажиллаж чадахгүй байна. Нөгөө талаас Олон улсын валютын сан(ОУВС)-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн санхүүжилт орж ирээгүй байгаа. Яагаад гэвэл тодорхой амлалтуудыг Монголын Засгийн газар биелүүлээгүй. Засгийн газар бизнесийн орчинг хамгийн тогтвортой байлгах субьект шүү дээ. Энэ үүднээс татварын орчинг тогтвортой байлгах зэрэг бүх зүйлийг Засгийн газар хийх ёстой. Нөгөө талаас Засгийн газар ОУВС болон бусад байгууллагуудад өгсөн амлалтдаа хүрэх ёстой. Ингэж байж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагийн мөнгөнүүд орж ирнэ. Түүнчлэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурахгүй байх ёстой. Гэтэл энэ талаасаа бидэнд хийж байгаа зүйл гэхээр төвөгтэй харагдаж байна.

-Өр барагдуулах стратеги баталсан ч хэрэгжүүлээгүйгээс болж агуулгаа алдсан байна?

-Гол нь үүнд төсвийн зардлын хязгаарлалтуудыг хийх, төсвийг аль болох үр өгөөжтэй болгох асуудлыг тусгасан. Мэдээж боловсрол, эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж удаан гардаг. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ипотек, тариалан эрхлэлтийн зэрэг олон тусгай сангуудаас гаргаж байгаа хөрөнгө оруулалтын зардлууд эргээд богино, дунд хугацаанд өгөөжөө өгөх ёстой. Харамсалтай нь энэ тал дээр дутагдалтай байна. Хамгийн гол нь Засгийн газар бизнес эрхлэгч биш. Засгийн газрын хөрөнгө оруулалт үр өгөөжтэй байх ёстой. Тэгж байж гадны зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төсөл, хөрөнгө оруулалтын ажлуудын үр өгөөжөөр зээлээ эргүүлж төлнө. Өмнө нь гаргасан “Чингис”, “Самурай” ч байна уу оруулж ирсэн том мөнгөнүүд замхараад алга болчихоогүй байгаа шүү дээ. Ямар нэг байдлаар байгаа. Иймд өмнө нь зарцуулсан бондуудын өр төлбөрүүдийг авсан байгууллагуудаар нь төлүүлэх арга хэмжээ авах учиртай. Нөгөө талаар, Сангийн яам Засгийн газрын зардлыг бууруулахад анхаарч өр төлөхөд зориулсан хуримтлалыг бий болгох хэрэгтэй байсан. Ялангуяа, богино хугацаанд төсвийн давсан орлогоор үүнийг санхүүжүүлж нөхнө гэсэн. Дээрх стартеги нь хэзээ ч өрийг өрөөр даръя гэсэн баримт бичиг биш байхгүй юу. Гэтэл Засгийн газар, Сангийн яам нэг талдаа зардлыг нэмсээр ирсэн. Өнгөрсөн жил 3.6 их наяд, энэ жил 2.1 их наяд төгрөг боллоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зардлыг тасралтгүй өсгөөд байна. Тэгэхээр тэр стратегид төсвийн давсан орлого, хоёрдугаарт өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн орлогоос төлнө гэж тусгасан байсан. Гэвч стратегиа алдчихсан гэсэн үг.

-Засгийн газар стратегиа хэрэгжүүлж чадахгүй болохоор дахиж зээл авч өмнөх зээлээ дарах байдлаар яваад байна. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй өрийн хуримтлал л бий болгоод байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Энэ их төвөгтэй байгаа. Мэдээж хоёр жилийн өмнө Засгийн газраас дахиж нэмж зээл авах юм уу, эсвэл ОУВС-ын хөтөлбөрийг оруулж ирэх юм уу гээд бөөн маргаан болсон. ОУВС орж ирсэн. Тус сан төсвийн зардал дээр хяналттай байх, нөгөө талаас төсвийн зөвлөл гэдгийг байгуулж ажиллая гээд явсан. Гэвч зардал бууруулах ажил хийгдээгүй. Төсвийн зөвлөл байгуулагдсан. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн таамаглал хийх, оновчтой төлөвлөлт хийх зорилготой зөвлөл. Гэвч энэ зөвлөлд мэргэжлийн бус хүмүүс орсон. Мэргэжлийн бус ажил хийж байгаа. Ингээд ОУВС-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Өр төлбөрөө төлөхөд гадны хөрөнгө оруулалт маш чухал. Ялангуяа, Монголд хөрөнгө оруулаад ашиг олж болох уул уурхай зэрэг төслүүд том нөлөө үзүүлж байгаа. Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүч зэрэг хэдхэн салбарт орж ирсэн. Ингээд хэдийгээр ОУВС орж ирсэн ч манайх амлалтаа биелүүлээгүй учир дараагийн шатны санхүүжилт хүлээгдэж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид дараагийн сонгууль хүртэл хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж хүлээж байна гэсэн үг.

Эндээс харахад манай Засгийн газар өрийг өрөөр дарах л арга ядсан ажлыг хийж байна. Гэтэл бидэнд хоёр үндсэн сонголт байна. Нэгдүгээрт нь төсвийн зардлыг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах. Үүний цаана төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Миний мэдэж байгаагаар төрийн өмчит гурван компани л ашигтай ажиллаж байна. Нэгдүгээрт “Эрдэнэт үйлдвэр”. Хоёрдугаарт “Эрдэнэс Таван толгой”. Мөн орон нутгийн өмчит Таван толгой байна. Хэчнээн олон төрийн өмчит компани Монголд байгаа билээ. Бараг 99 хувь нь ашиггүй ажиллаж байна. Ингэхээр чинь яаж гадны өр төлбөрийг төлөх боломжит эх үүсвэр бүрдэх юм бэ. Энэ чиглэлд Сангийн яам, Засгийн газар ажил хийсэнгүй.

-Манайх эрдэс бүтээгдэхүүний экспортод хамаг итгэл найдвараа даатгаж байж мэднэ. Гэтэл нүүрсний ханш ирэх оноос унаж магадгүй гэсэн мөчлөг сонсогдох боллоо?

-2021-2022 оноос дэлхийн эдийн засгийн мөчлөгийн уналтын үе эхэлнэ. Ингэхээр одоогийн нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг эрдэс бүтээгдэхүүнээс олж байгаа орлого багасаад ирнэ. Гэтэл нөгөө талд гадаад өр хүлээгдэж байгаа. Энэ үед яаж өрөө төлөх вэ гэдэг хамгийн том асуудал. Өрийг өрөөр юм уу, эсвэл өрийн нөхцөлийг сайжруулаад сунгаад яваад байсан тохиолдол бий. Жишээ нь Грек тасралтгүй сунгаж явсан. 15-16 жил манайх шиг сунгаж явж ирсэн. Сүүлдээ яасныг бүгд мэднэ. Дампуурлаа зарласан. Европын холбоо Гректэй ярилцсаар байгаад манайх шиг баахан нийгмийн халамж хэрэгжүүлдэг, зардлаа өсгөдөг байдлаа засаад бүсээ чангалаад арай гайгүй болж байна. ОУВС ч гэлтгүй манай мэргэжилтнүүд бүгд л зөвлөдөг шүү дээ. Төсвийн зардлаа бууруул гэдэг. Энэ олон хэрэггүй байж болох хөрөнгө оруулалтуудаа зогсоо гэдэг. Тариалан эрхлэлтийн сан, мах зэрэгт 60 орчим тэрбум төгрөг төсөвлөчихсөн явж байна. Ашиг нь харагддаггүй хэрнээ төр оролцоод хөрөнгө оруулалт хийгээд яваад байдаг зүйлээсээ гармаар байна. Жишээ нь нярав, нягтлан, цэвэрлэгч гээд энэ бүхэн чинь тухайн байгууллагынхаа бүтцийн багш ажилчдаас гадна 50 хувийг бүрдүүлж байна. Гэтэл нэг дүүргийн бүх сургуулийн цэвэрлэгээг нэг компани хариуцдаг, эсвэл нэг нягтлан дааж авч болно. Энэ мэтээр зохион байгуулалтуудад оруулж хэмнэлт гаргах хэрэгтэй байна. Ирэх жил гэхэд зөвхөн Хууль зүйн яаман дээр 950 шинэ ажлын байр бий болж байна. Төрийн аппарат улам нүсэр болоод байна. Зардал яагаад өсөөд байгаа шалтгаан энэ шүү дээ.

-Төр том бүтэцтэй болж эргээд эдийн засгаа хорлоод байгааг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх. Гагцхүү бууруулах сонирхол алга. Улс төрийн нөхцөл байдал нөлөөлдөг үү, эсвэл хариуцлага, хяналтын систем байхгүйтэй холбоотой юм уу. Ялангуяа, ирэх онд сонгуулийн жил. Тиймээс гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татсан байдлаар харагдахын тулд төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлээд байх шиг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Төсвийн зардлыг бууруулж байж бид гадаадын өр төлбөрөө төлнө. Гэтэл жишээ нь нийт аймаг орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 17 хувь нь нэг аймаг руу л явж байна. Төр ингээд хөрөнгө оруулалт хийчихлээ. Тэгвэл аялал жуулчлал нь хөгжөөд хэзээ анхны мөнгө нь орж ирэх юм бэ. Хариулж байгаа хүн алга. Гэтэл Өмнөговьд байгаа нүүрсний замууд, эсвэл боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийвэл ажил дуусаад л үр ашиг нь орж ирнэ шүү дээ. Ингэж төсөв үр ашиг гэдэг зүйл дээр түшиж явдаг гэдгийг ойлгохгүй. Зүгээр л нэг амбиц, дахин сонгогдох сонирхолд хөтлөгдөөд байна. Жишээ нь, Сангийн сайдын өөрийнх нь тойрог дээр буюу Увс аймгийн 10 гаруй суман дээр төсөвлөсөн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 37 тэрбум төгрөг байсан. 76 гишүүнтэй. Тэгэхээр төсвийн хөрөнгийг талын нэг тарааж байна. Уг нь манай ДНБ өнгөрсөн жил 13 тэрбум ам.долларт анх удаа хүрсэн шүү дээ. Өсөлт гараад байгаа ч зардлаа нэмж, үрээд байна. Бид гадаад өр төлбөр төлөх боломжит хугацаагаа алдаад байна.

Жишээ нь, нефтийн үйлдвэр барьж байна. Гэхдээ энэ үйлдвэрийг бичигдсэн, хэвлэгдсэн, олон нийтэд танилцуулагдсан ТЭЗҮ байхгүй. Энэ үйлдвэр хаанаас түүхий эдээ авах, хэрхэн зөөвөрлөх юм, нийлүүлэгч талтай хэлцлээ хийсэн үү зэрэг олон асуулт хариултгүй. Тэгсэн атал үйлдвэрлээд гарах бүтээгдэхүүнийхээ үнийг мэдээд байх шиг байгаа юм. Ерөөсөө ойлгохгүй байна. Үүнд бид маш хариуцлагагүй хандаж байгаа юм. Цаанаа ахиад л Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөрөнгийг үр ашиггүй зүйл рүү оруулчихсан байх вий гэж санаа зовж байна.

-Уг нь дэлхий дахинд байгаа технологи хамгийн багадаа нэг жилд 2 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай байдаг гэдэг. Ингэж байж эдийн засгийн үр ашигтай байна гэж үздэг юм билээ. Гэтэл одоогийн үйлдвэрийн хувьд технологийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа нь сонирхол татдаг. Нөгөө талаас “Петро Чайна Дачин тамсаг”-ийн олборлож байгаа газрын тосны хэмжээ 2015, 2016 онд оргилдоо хүрээд одоо буурч эхэлсэн. Магадгүй энэ байдлаар явбал үйлдвэр ашиглалтад орох үед 500-600 сая тоннд хүрэх эрсдэл бий. Тэгэхээр үйлдвэрийг түүхий эдийн нөөцөөр хэрхэн хангах нь тодорхойгүй санагддаг.Энэ бүхэнд хариулт шаардлагатай байна?

-Тийм.

-Анх бондын хөрөнгө оруулалт орж ирж байхад манайх бараг юунд зарцуулахаа мэдэхгүй бэлэн төсөлгүй сууж байсан. Ингээд ямар ч байсан хөрөнгө оруулалтууд хийсэн. Гэтэл энэ бүхний өгөөж яаж гарч ирж байгаа нь тодорхойгүй байна. Хөгжлийн банктай холбоотой хэрэг хуулийн байгууллагуудаар шалгагдаж, зарим дарга нар нь АТГ-т байцаагдаж байх жишээтэй. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хаагдсан хүмүүс ч бий. Эцсийн дүндээ хариуцлагагүй байдал биднийг сүйрүүлээд байна шүү дээ?

-Монполимет, Мак, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ч гэдэг юм уу эд нарт өгсөн юм шиг байна лээ. Би эндээс үр дүн гарна гэж боддог. Бусдаар бол тэр үед 888 гэх зэргээр төслүүдэд үр ашиггүй хандсан юм шиг санагддаг. Мэргэжлийн үүднээс үр ашгийг нь тооцоод нарийн төлөвлөлттэй яваагүй юм байна гэж хардаг.

-2021 оноос эдийн засгийн мөчлөг уруудна. Ингэснээр бидний уул уурхайн салбараас олох орлого багасах магадлалтай. Нөгөө талд өр төлөх стратеги хэрэгжсэнгүй. Өөрөөр хэлбэл, төсвөөс давсан орлого бүрдүүлэх бус зардлаа нэмэгдүүлж харин ч алдагдалтай байна. Гэтэл бондын өр хаашаа ч явахгүй. Хүлээж байгаа. Ямар гарц байна вэ?

-Хамгийн түрүүнд Монголын зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Moodys-ээс гаргаж байгаа зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байхад чиглэсэн ажлыг хийх ёстой. Энэ цаанаа Монголд бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тэгж байж бид том төслүүдэд хөрөнгө оруулалт татаж чадна. Энэ бол бидний байнга бодож байх ёстой гарц. Зөвхөн монголчууд бүтээж чадна гэж бодож болохгүй шүү дээ. Иймэрхүү л зүйл байна. Бусдаар тодорхой гарц хэлэхэд хэцүү байна. Үнэхээр эдийн засгийн мөчлөг буурна. Тэр үед зээл төлөлтийн оргил үе давхцаж байгаа нь үнэн.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Миний ээж хайр нь дотроо, хал нь гаднаа хүн

Орчлон хорвоод хүмүүн биеийг төрүүлж өсгөсөн эцэг, эхээс илүүтэй ачлал, буянтан нь юусан билээ. Сэтгүүлч би бээр мөн ч олон жил цаас цоохорлож, мөн ч олон янзын сэдвээр, тэр бүхнээ сэтгүүл зүйн бичлэгийн бүхий л төрлийг хамруулан бичих гэж оролдсон байх юм. Гэтэл хамгийн хайртай аав, ээж хоёрынхоо тухайд намтраас нь цааш олигтой гараагүй ч бас чиг Монголын хөгжмийн зохиолчдын томоохон төлөөлөл, Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, Н.Мэндбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, яруу найрагч, ая зохиогч О.Сэрээнэн, ая зохиогч Б.Пүрэвсүрэн нарын зэрэг цөөнгүй зохиолчидтой “Дэлхийн энтэй аав минь”, “Уянга дууны ээж”, “Зүүдэнд тодрох ээж минь”, “Бодолд уяатай аав минь”, “Сүүн сэтгэлт ээж” зэрэг цөөнгүй дуу бичсэнээрээ бяцхан омгорхдог юм. Энэ нь миний хувьд эд баялаг, имэрдэг хэдэн борын тусламж үзүүлэхээс илүүтэй бахархалт ажил минь билээ.

Ийнхүү энэ мэт зүйлийг нуршин тоочихоо цэглээд ухаант буурал ээжийнхээ тухайд цөөн хэдэн өгүүлбэр хэлхэхийг зорилоо.

Бидний ээж С.Цээхүү 1928 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг “Модон” гэдэг газар малчин ард Санжаажамцын хоёр дахь охин болж хорвоод мэндэлжээ. Энэ сум, энэ нутаг орон бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Бадарч нарыг алтан хэвлийдээ өлгийдсөн шүншигтэй сайхан нутаг юм. Ээж маань бага насаа тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил эгч С.Цэрэнбадам, дүү С.Шаравдорж нарын хамт хурга, ишигтэй хөөцөлдөн өнгөрөөж, 1936 онд Ардын сургуулийн алтан босгыг алхсан байна.

Багын юм юманд овсгоотой, сэргэлэн, цовоо зан нь аливааг сурч мэдэхэд нь дөхөмтэй байж, сурлагаар хэний ч дор оролгүй байсаар долдугаар ангиа “Онц” дүнтэй төгсгөөд Багш нарыг бэлтгэх сургуульд суралцахаар нийслэл хотноо ирсэн нь 1943 оны намар байв. Багшийн сургуулийн шалгалт, шүүлгийг ч мөн л төвөггүйхэн давж, гурван хаврыг үдээд Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар хотын дөрөвдүгээр сургуульд багшаар томилогджээ. Тэр сургууль нь одоогийн Соёлын төв өргөөний орчимд байсан бөгөөд тийн багшилж байхдаа бидний эцэг Сахъяагийн Гомботой танилцаж гэр бүл болсон байна. Дөрвөн жил гаруй багшлаад жирэмсний амралтаа аваад дахин багшлаагүй аж. Харин Дотоод явдлын Яамны харьяа Одон тэмдэгт “Тусгай хороо”нд тал бичээчээр ажиллажээ. Бидний эцэг С.Гомбо мөн тус хороонд хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан болохоор гэр бүлийнхээ хүнийг төвөггүйхэн шилжүүлэн авсан юм билээ. Тус хороонд гурван жил орчим ажиллаж байтал аавын маань бие хүндээр өвчилж, Айргийн сувилал зэрэг олон газраар явж эмчлүүлсэн боловч засрал авалгүй байсаар цэргээс бэлтгэл ахмад цолтой халагдаж, улмаар орон нутагтаа очиж амьдрах болсон аж. Тийнхүү 1950 онд ээж маань ээнэгшин дассан ажил алба, найз нөхдөө орхиод аавыг даган Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумыг зорьсноос хойш тэр л нутагт өөрийн төрж, өссөн нутгаасаа илүүтэйгээр идээшин дасаж, одоо нийслэл хотноо үр хүүхдүүдийнхээ хайр, халамжинд “өлгийдүүлэн” сайн сайхан амьдарч байна. Улиран одсон он жилүүдэд хайрт ээж минь үр хүүхдүүдээ зөв боловсон өсгөж хүмүүжүүлэх хариуцлагатай үүргийг нуруундаа үүрсэн билээ. Бидний аав Монгол Улсын Хилийн цэргийн бэлтгэл ахмад С.Гомбо төрж өссөн нутаг, усандаа хориод жил багийн агентаар нэр төртэй ажиллаж байгаад 1969 онд хүнд өвчний учир насан өөд болсон юм. Тэр үед ээж минь дөнгөж дөчин нэгхэн настай байсан бөгөөд бидний отгон дүү Г.Батсайханыг ханиасаа хагацсанаас хойш арван хэдхэн хоногийн дараа төрүүлж байлаа. Ээжээс арван хүүхэд төрсний эхний хоёр нь хүн болж чадаагүй юм билээ.

Ингэж цэл залуухнаараа түшигт ханиа алдаж үлдсэн ээж маань ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар биднийг өлсгөж, цангуулалгүй, мөр бүтэн өсгөж өдий зэрэгт хүргэсэн ачтан. Чухамдаа манай ээжийг “Хайр нь дотроо, хал нь гаднаа хүн” гэж хэлж болно. Ер нь бид ээжээсээ л айдаг байсан санагдана. Аав бол уурлаж, уцаарлах байтугай хүүхдүүддээ барагтайд гар хүрдэггүй хүн байсан. Харин ээж бол нарийхан сур аваад л ороолгох. Ямартаа л миний бие бүр зургаа, долоо орчим настайдаа өөрөө өөрийгөө орны хөлөөс уячихдаг хүүхэд байх вэ дээ. Энэ нь манай ээж биднийг нэлээд хатуухан гараар хүмүүжүүлсний нэг тод жишээ гэж хэлж болох. Ямар сумын төв биш, хэдхэн айлтай бөглүүд бригадын төвд хаа л холдох билээ. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад гэр хүмүүжлийн томоохон сургалт давхар явагддаг байсныг ухаарах юун. Ер нь хүүхдийг аливаа зүйлээс хорьж цагдсанаар буруутах юм гэж огт байхгүй дээ.

Бид өнөөдрийг хүртэл ээжийнхээ чихийг элдэв муу зүйлээр халууцуулаагүй яваа нь тэр л суурь хүмүүжлийн үр өгөөж билээ. Өөрөө бага залуудаа эрдэм, номын мөр хөөсөн учраас хүүхдүүдээ мэргэжил боловсролтой хүн болгохын төлөө ихээхэн анхаардаг байж. Хуучин монгол бичгээр үнэндээ гаргууд сайн уншиж, бичихийн зэрэгцээ гитар, мандолин хөгжим таарвал муугүй ая тоглочихно. Бас “Катюша” зэрэг орос дууг ч эвлэгхэн нь аргагүй дуулчихна. Хол газар суурьшсан бид жилдээ ганц удаа амралтаа аваад ээжийгээ зорино. Хот суурин газраас ирсэн биднээс өөрийн оронд болж байгаа болон дэлхий дахины үйл явдлуудаас асууж бяцхан “Конкурс” авч мад тавьдагсан. Түүнчлэн хүнд тусархаг, ихээхэн өглөгч хүн гэдгийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхан, тэр дундаа “Баян” багийнхан андахгүй. Ер нь манай гэрийн зуух, тогоо өглөөнөөс аваад үдшийн бүрий нөмөртөл сална гэж бараг байдаггүй байсан даа. Нутаг, усны болон адуу, мал эрж хайсан явуулын хүмүүсийг ирэх бүрийд л цай, хоол бэлтгэнэ. Яагаад ч юм бэ, огт таньж мэдэхгүй хүмүүс ч гэсэн манайд л бууж хоол, ундаар дайлуулаад холын замдаа шуудардаг байсныг сайн санаж байна. За тэгээд нэг хот айл, саахалтын хүүхэд, шуухадыг орж ирэх бүрийд л гарынх нь алгыг дээш нь харуулж байх. Тэглээ гээд муу юм ер болоогүй ээ. Одоо ч тэр зан нь яг л хэвээрээ ерэн гурван нас сүүдэртэй зэрэгцэж байна. Биднийг бага байхад төрж, өссөн Хэнтий аймгийн Баянхутаг сумаас төрсөн дүү С.Шаравдорж нь өөр дээрээ татаж авах гэж хэд хэдэн удаа ирээд амжилт ололгүй буцаж байсныг сайн санаж байна. Бид ч ах, дүүсээ бараадсангүй гэж дотроо бол зэмлэж л байсан байх. Хожим ухаан суусан хойноо эргэцүүлэн бодох нь ээ, “Хайрт ханиа хөдөөлүүлсэн дэлгэр тэнүүн толгод, дэндүү дотно дассан нутгийн зон олноо орхиод явчих сэтгэл яаж төрөх вэ” гэдэгтэй яах аргагүй санал нийлсэн юм. Ээж минь ийм л ухаантай буурал билээ. Үзэг, цаас нийлүүлдэг хүү миний хувьд аав, ээж хоёртоо зориулж хэд хэдэн дуу зохиосон гэж дээр дурдсан даа. Тэр бүхнээс нэгийг жишээ болгоход, ерээд оны эхэн үед нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар” сонины “Танин мэдэхүйн хэлтэс”-т сурвалжлагчаар ажиллаж байхдаа маргаашийн сонины материалтай зууралдаж байгаад нэлээд оройтож, Ленин клубийн Автобусны буудлаас суух агшинд цас малгайлан орж, юу юугүй нүүр, нүдгүй цасан шуурга балбаж эхлэв. Яг тэр агшинд алс тэртээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян багийн “Эхэнэ ус”нд өвөлжиж байсан ээж, дүү хоёроо санагалзаж, улмаар багагүй санаа зовж билээ. Тэгээд тэр шөнөдөө зүүдэндээ орж ирсэн мөртийг яаран тэмдэглэж авснаар:

Аагтай шаргал цайгаан өргөсөн

Аядуу буурал ээж минь

Алагхан үрийнхээ зүүдэнд

Аяндаа харагдах нь юуных вэ

Даамай сэтгэлт ээжийгээ

Дандаа л боддогийнх байлгүй дээ… гэсэн үгтэй “Зүүдэнд тодрох ээж минь” дууны шүлэг бүтэж, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү эсгэлэн сайхан аялгуу зохиосон болохыг дашрамд тэмдэглэхэд таатай байна.

Одоо үр хүүхдүүдийнхээ ач, гуч, зээ нарыг үзэн тэнхэлүүн амьдарч байгаа хайрт буурал ээждээ хүү миний бие үгийн хишиг өргөсөн нь энэ. Ээждээ “Зуу насалж, зургаадай таяг тулах”-ын ерөөл өргөе.

Зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Онцгой байдлын 18 алба хаагчдад орон сууцны түлхүүр гардуулав

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хэмжээнд 2018-2019 онд нийт 520 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдыг орон сууцаар хангаад байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдад түхүүрийг нь гардууллаа.

Орон сууцны барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн төв Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм. Барилгын гүйцэтгэгчээр “Хатан түнгэл” ХХК ажиллан барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгч байна.

Ховд аймгийн Онцгой байдлын газар өмнө нь буюу 2015 онд 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр 18 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардсан сайхан үйл явдал боллоо. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон сууцанд орсон 18 алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь алба хаагчдыг баярлууллаа.

ОБЕГ-ын дарга, алба хаагчдад хандан “Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлж, сайхан амьдрахын төлөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй.

Жирийн аврагч хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг олон залууст үлгэр дууриал болгон харуулсан та бүхэнд халуун баяр хүргэе. Аз жаргалтай сайхан амьдраарай” гээд ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, зовуур багассан байна.

Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовуур илрээгүй байна. Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “Холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхнийг Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Говь-Алтай аймагт ажиллалаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Говь-Алтай аймагт ажиллалаа. Говь-Алтай аймаг 18 сум, 2 тосгонтой, нийт 58 мянган хүн амтай. Онцгой байдлын газрын хамт олон аймгийн хэмжээнд энэ жил гал түймрийн 65, цас болон шаварт суусан дуудлага 15, эрэн хайх, аврах ажиллагааны 5, мөнгөн ус алдагдсан 1 дуудлагаар ажиллаж, 125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 225 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

2019 онд Алтай, Есөнбулаг сумдад 3,5 магнитудын хүчтэй 3 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгджээ. Онцгой байдлын газрын хамт олон иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг сайжруулан ажиллаж байгаа нь сайшаалтай байлаа. Тус газрын хамт олон байгууллагын гадна орчны өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж, хүндэтгэлийн өргөө, албаны музей байгуулан бялдаржуулах танхим, сургалтын танхим, цэргийн амрах байрыг засварлан тохижуулжээ.

Мөн шуурхай албаны автомашины бэлэн байдлыг хангах зорилгоор тавиулангийн шалны цутгалтыг шинээр хийж, зөөврийн хөдөлгөөнт эргүүлийн байр, нохойн байр барьж, цэвэр усны шугамны засварын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.



Categories
мэдээ нийгэм

Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” автомашин хөшөө болон сүндэрлэлээ

Анх 1976 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гадна талбайд хөшөө болон сүндэрлэлээ.

Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги 50 жилийн ойтойгоо золгож байгаа бол “Зил-130 АЦ 40” автомашины 1976-2016 онд буюу албанд зүтгэсэний 40 жилийн ой давхцаж байгаа юм. Алба хаагчид ангийнхаа 50 жилийн ойд зориулан албандаа өнөөг хүртэл хамтдаа зүтгэсэн улаан машиндаа техникийн бүрэн үйлчилгээг хийж, өнгө үзэмжийг сэргээн засварлан хөшөө босгосон нь Гал түймэр, унтраах 48 дугаар ангийн төдийгүй Ховд хотын хөшөө, дурсгал, түүхийн нэгэн гэрч болон мөнхөрч байна.

Хөшөөний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр /2019.11.17/ болно. Тохирлыг Боловсрол суваг телевизээр 18.40 цагт орон даяар шууд дамжуулах юм.

Иргэд аравдугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.

Энэ удаагийн тохирлоор 90 сая төгрөгийн супер шагналын эзнийг тодруулах юм байна.