Categories
мэдээ нийгэм

“Ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдлаа

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй байдлыг ханган ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.


Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн 6 багийн 24 алба хаагч оролцсон юм. Алба хаагчид дохиогоор автомашиныг тавиулангаас гаргаж тогтоосон зогсоолд байршуулах, автомашины дугуйг лантуугаар цохих заасан цэгт хүргэх,тусгайлан бэлдсэн талбайг тойрч гүйх, галын байлдааны тархалт хийх, онолын мэдлэгийн шалгалт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Тэмцээний дүнгээр хоёрдугаар байрт ахлах ахлагч Б.Чинтулга ахлагчтай Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид, тэргүүн байрт ахлагч Б.Болдсайхан ахлагчтай Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн баг тамирчид шалгарлаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 55 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орж өчигдөр үүдээ нээлээ.

Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэг 14 бүлэгт 59 багш, ажилтантайгаар 446 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум 320 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Рендербау” ХХК барьж гүйцэтгэжээ.

1963 онд 100 хүүхдийн хүчин чадалтай баригдсан тус цэцэрлэгийн хуучин барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 18, 29 дүгээр хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 3,120 хүүхэд байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ын Засаг даргын орлогч Д.Ундармаа, Засаг даргын орлогч н.Оюунчимэг, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Тусламж дуудахаар явсан хойгуур нэг нь сураггүй алга болжээ

Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болжээ.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ. Улмаар 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.

Хүн алга болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гээд нийт 28 хүн, 7 автомашинтайгаар нийт 77 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын эрэлч нохойтой 8 алба хаагч өчигдөр буюу 11.18–нд тухайн газар очиж, “Өлийн даваа” орчимд 100 метрийн радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон байна.

Харин өнөө өглөө 07:10 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1.1 сая тонн өвс хадлан бэлтгэжээ

Ургац хураалтын явцын мэдээгээр энэ сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 397.2 мянган тонн үр тариа, 189.2 мянган тонн төмс, 91.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш бэлтгэжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан төмс 22.6 мянган тонноор буюу 13.5 хувиар, бэлтгэсэн өвс хадлан 16.8 мянган тонноор буюу 1.5 хувиар, бэлтгэсэн гар тэжээл 3.1 мянган тонноор буюу 8.4 хувиар, бэлтгэсэн дарш 0.8 мянган тонноор буюу 16.7 хувиар өссөн үзүүлэлт бол хураасан үр тариа 18.9 мянган тонноор буюу 4.5 хувиар , хүнсний ногоо 3.9 мянган тонноор буюу 4.2 хувиар тус тус буурчээ.

Тодруулбал:

Хураасан үр тариа Баян-Өлгий, Хэнтий, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Увс, Дорнод, Төв аймгуудад өмнөх оны мөн үеэс 5.2 тонноос 11.4 мянган тонноор буюу 1.4-90.1 хувиар өсөж, бусад аймагт 2.1 тонноос 38.1 мянган тонноор буюу 4.9-66.8 хувиар тус тус буурчээ.

Хураасан төмс Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Ховд, Орхон, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Төв аймгуудад 1.5 тонноос 22.7 мянган тонноор буюу 1.4-49.3 хувиар өсөж, бусад аймагт 7.2 тонноос 0.6 мянган тонноор буюу 1.3-53.0 хувиар тус тус буурсан байна.

Хураасан хүнсний ногоо Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон, Архангай, Төв аймгуудад 14.7 тонноос 2.0 мянган тонн буюу 1.2 хувиас 2.5 дахин өсөж, бусад аймагт 35.8 тонноос 3.3 мянган тонноор буюу 5.3-46.3 хувиар буурчээ.

Бэлтгэсэн хадлан Орхон, Дорноговь, Дундговь, Ховд, Говь-Алтай, Архангай, Завхан, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл аймгуудад 9.5-26.0 мянган тонноор буюу 0.1 хувиас 2.8 дахин өсөж, харин бусад 0.2-16.9 мянган тонноор буюу 0.5-66.6 хувиар буурчээ.

Түүнчлэн нийт хураасан үр тарианы 87.9 хувийг Дорнод, Хөвсгөл, Увс, Булган, Төв, Сэлэнгэ аймаг эзэлж байгаа бол хураасан төмсний 81.6 хувийг Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг, хүнсний ногооны ургацын 76.7 хувийг Улаанбаатар хот, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймаг тус тус эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ажлын байр -Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос Европын холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.11.19) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хуульч, судлаач, хүний эрхийг хамгаалагчид, иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм.


“Иргэдээ ажилтай, орлоготой амьдрах нөхцөл, бололцоогоор хангах, хүн бүрийг хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлалаас ангид, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь хөгжил дэвшлийн үндэс байдаг. Нийгмийн хамгийн сайн халамж бол иргэддээ ажлын байр олгох хэмээх үзэл баримтлал бол бидний тууштай баримтлах, дэмжих зарчим мөн. Гэтэл 86 төрлийн халамжид 800 орчим тэрбум төгрөг зарцуулдаг нь буруу тогтолцоо үйлчилж байгаа буюу хөдөлмөрийг биш халамжийг шүтэх иргэдийн хандлагыг нэмэгдүүлж байна. Монгол Улсад нийт хөдөлмөрийн насны 1,3 сая орчим хүн байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 886 мянган иргэн байгаа. Харин 17,800 иргэн сайн дурын даатгалын шимтгэл төлдөг гэж бодохоор хөдөлмөрийн оролцооны хувь туйлын хангалтгүй байна. Монголд хөдөлмөрийн насны 10 хүн тутмын 6 нь ажил эрхэлдэг байхад хөрш орнуудад 10 хүн тутмын 8-9 нь ажил эрхэлдэг. 1924 оноос хойш үе үеийн Үндсэн хуулийг батлахдаа иргэдийнхээ эрх тэгш хөдөлмөрлөх эрхийг тунхаглаж, салбар хуулиудаар нарийвчлан зохицуулсаар иржээ. 1930 онд Хөдөлмөрийн тухай хууль батлагдаснаас хойш өнөөдрийг хүртэл 6 удаа шинэчлэгдсэн боловч 1999 оноос өнөөг хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцааг зохицуулах ямар ч шинэчлэлийг хийгээгүй. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг 2018 онд УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед “Ажлын байр –Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байгаа нь чухал ач холбогдолтой “ гээд хэлэлцүүлгээс гарсан үр дүн дээрх хуулиудад тусгалаа олно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлсэн үгэндээ онцоллоо.

Ажлын байранд иргэдэд олон хэлбэрийн дарамт, доромжлол, ялгаварлан гадуурхалт тулгардаг ч хамгийн ноцтой уршиг, үр дагавартай нь ажлын байран дахь бэлгийн дарамт болохыг олон судалгаанаас харж болно.

Монгол Улс 1981 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцод нэгдэн орсон. Гэсэн ч дотоодын хууль тогтоомжуудаар эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг нэг мөр зохицуулаагүй явсныг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтөөр засахаар ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэллээ.

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвслээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнийг хамруулан судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байранд бэлгийн дарамт их байдаг” гэж мэдүүлжээ. Ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэн эмэгтэйчүүд ажлаасаа гарах, гэр бүл салалт ихсэх, өрх толгойлсон эмэгтэйчүүд олшрох, иргэний нэр төр, алдар хүнд сэвтэх, архидалт, ядуурал даамжрах зэрэг олон сөрөг үзэгдэл гарч байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь ажил олгогч, ажилтны хооронд болдог гэдэг нь хэт өрөөсгөл төдийгүй энэ асуудал их, дээд сургуулийн багш, оюутны хооронд, эмч, өвчтөний хооронд гэх мэт олон хэлбэрээр оршдог байна.


Мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөдөлмөрийн харилцаан дахь ажлын байрны дарамтыг хэрхэн зохицуулах, ажил олгогч, ажилтан нарын эрхийг хэрхэн эрх тэгш хангах талаарх гол өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг цагдан хорьжээ

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг өнгөрөгч баасан гаригт /2019.11.15/ цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглан мөнгө нэхдэг, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаатай цагдан хорьсон юм байна.

Сануулахад, М.Баасандорж нь энэ оны дөрөвдүгээр сард тус газрын байцаагчдаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдож байсан бөгөөд энэ талаар албаны эх сурвалжууд төдийлөн хариулт өгөөгүй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашдондог: “Чингис хаан” одон бол маш том итгэл найдвар, хүндлэл юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Их Эзэн Чингисхааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрИйн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU”хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаа даа баяртай байна” гэсэн юм. “The Hu” хамтлаг хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог-Үүсгэн байгуулагч, продюсер
  2. Ц.Надмидтулга-Менежер
  3. Брэндон Фрайзен-Менежер
  4. Ц.Галбадрах-Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэйч
  5. Г.Нямжанцан-Төмөр хуур, цуур, хөөмэйч
  6. Энхсайхан-Гал морин хуур, хөөмэйч
  7. Н.Тэмүүлэн-Товшуурч
  8. Г.Одбаяр-Бөмбөрчин
  9. А.Жамбалдорж-Соло гитарчин
  10. Б. Батхүү-Басс гитарчин
  11. М.Өнөмөнх-Хэнгэрэг хөгжимчин гэсэн бүр элдэхүүнтэй юм байна.

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ.

“The Hu” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болоод байгаа юм.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглаж байна.

Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхний аялан тоглолтоо амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтоо хийж яваа юм. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг болсон байна.

Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.

“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна. Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм.

Мөн “Энэ жилээс “Чингис хаан” одон олгох журамд өөрчлөлт орж байгууллагад гардуулдаг болж байгаа. Хамтлаг бол байгууллага. “Чингис хаан” одонг үүсгэн байгуулагчид нь зүүж өгөхгүйгээр жаазанд хийж өгнө. Харин хамтлагийн бүх гишүүдэд жижиг тэмдэг зүүж өгнө” хэмээлээ.

“Чингис хаан” одонгоор шагнагдахаар болоод байгаа “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогоос сэтгэгдлийг нь сонслоо.

Гэрэл зургийг mpa.mn

-“The Hu” хамтлаг төрийн тэргүүн зэргийн одонгоор шагнагдахаар болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Манай хамтлагийнхан энэ тухай сонсоод над руу сая ярилаа. Бүгдээрээ маш их баярлачихсан байна билээ. Америкаас наашаа холбогдож ярьсан. “Дөнгөж сая Нью-Йоркт тоглоод бут авчихаад орж ирлээ. Ийм гоё мэдээ сонсоод баярлаж байна” гээд надад баяр хүргэцгээсэн. Бие биедээ баяр хүргэцгээлээ дээ. “Чингис хаан” одон бол маш том итгэл, найдвар. Маш хүндлэл юм аа гэж би харж байна.

-Баярт мэдээг хэзээ дуулсан бэ?

-Өнөөдөр (өчигдөр) л мэдлээ шүү дээ. Өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газраас одонг манай хамтлагт өгөхөөр болсон тухайгаа зарласныхаа дараа над руу залгаж хэлсэн л дээ.

-“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирж одонгоо гардаж авах уу?

-Би өмнөөс нь гардаж авна. Хамтлагийн гишүүд маань төлөвлөгөөний дагуу тоглолтоор явж байгаа болохоор ирж амжихгүй байх аа. Хамтлагийнхан бүгДээрээ мэдэж байгаа, маш их баярлацгаасан байна лээ.

-Ийм нэр хүндтэй шагналыг инженер, эрдэмтэд, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбарт олгох байтал урлаг уран сайханд өглөө гэж шүүмжлэх хүмүүс байна. Гэтэл “Дэлхийд Монголоо сурталчилж байгаа хамтлагт өгөх ёстой” гэж өмөөрөх ч улсууд ч байна. Хүмүүс энэ мэтээр сошиалд өөр өөрсдийн санал бодлоо бичиж байна. Та тэдгээрийг анзаарав уу?

-Би орж харж сонирхсонгүй ээ. Аль алинд нь байх ёстой. Тэгш хүргэх ёстой зүйл. Гэхдээ зөвхөн нэг талыг давамгайлаад байж болохгүй байх гэж бодож байна. Мэдээж эрдэмтэн, мэргэдэд өгөх талаар хүмүүс ганц нэг шүүмж бичсэн л байна билээ. Тэр талаас нь харсан ч, сайн юм хийсэн хүмүүсийг бүгдийг нь гомдоохгүй урамшуулж л байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

“Хү” хамтлаг байгуулагдаад удаагүй ч дэлхийд Монголыг сурталчлах талаараа, Монголыг таниулах тал дээр богино хугацаанд хүчтэй явж чадаж байгаа гэдэг утгаар нь энэ одонг өгч байгаа байх гэж бодож байна.

Мөн цаашдаа ихийг хийгээрэй гэдэг талаас нь өгч байгаа байх гэж бодож байгаа. Жил жилдээ аль ч салбар бай, тэр самбар дотроо маш өндөр, Дэлхийн хэмжээний, Монгол Улсаа дэлхийн хэмжээнд мандуулахаар хэмжээний ч юм уу, том төсөл боловсруулсан, том шинжилгээ судалгааны ажлууд хийчихсэн улсуудаа харамгүй шагнаж байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхины хэрэгт холбогдсон Б.Энхтүвшинг зуун мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрөгч аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд жүжигчин Б.Энхтүвшин болон нэр бүхий иргэдийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан бөгөөд метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авсан.

Түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Б.Энхтүвшинг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар мансуурсан гэж үзэн, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгосон байна.

Categories
мэдээ улс-төр

БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска манай улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Польш Улсад ажлын айлчлал хийх үеэр Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг тус тус гардуулсан юм. Тэгвэл 2019 оны 12 сарын 8-11 хооронд БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Мариа Гошевска манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байгааг элчин сайд онцолсон юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан уг айлчлалыг хийх гэж байгаад талархаж, хоёр орны парламент хооронд хийгдэж байгаагүй дээд хэмжээний айлчлал хэмээн үзэж талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Хоёр орны хамтын ажиллагаа, хөнгөлөлттэй зээл тусламж, худалдаа арилжааны идэвх жил бүр нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд 2019.10.10-ны өдөр Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан юм. Зээлийн хүү жилийн 0.15 хувь бөгөөд хугацаа 28 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, хөнгөлөлтийн түвшин 51.8 хувь юм байна. БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50.0 сая еврогийн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 6 төслийг хэрэгжүүлэхээр тогтсон, одоогоор хоёр төсөл хэрэгжиж эхлээд байна.

Ирэх 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2019 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/338 дугаар тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт эхэллээ.

Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх юм.

Шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж байна.