Categories
мэдээ улс-төр

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Тогтоолын төслийн талаарх хууль хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав.

Одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байв.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.

Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хууль санаачлагч гишүүн Х.Болорчулуун Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр түр хойшлууллаа

Categories
мэдээ улс-төр

Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2019.11.19) “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохин байгууллаа.

Ажлын байранд хэн нэгнийг гоочлох, ялгаварлан гадуурхах асуудал нь хамт ажилладаг хүндээ зүгээр нэг нэр хоч өгч, хошигнохоос хамаагүй ноцтой, том асуудал. Ажлын байранд ямарваа нэгэн хэлбэрээр дарамт үзүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

Ажлын байрны дарамт нь хувь хүн, эсхүл ажилчдын бүлэгт чиглэсэн бие махбод, сэтгэл санааны шинжтэй, шударга бус, байнгын сөрөг довтолгоо байдаг. Ихэвчлэн айлган сүрдүүлэх, бүлэглэн дээрэлхэх зэргээр түрэмгий үйлдлээр илэрдэг.

Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлаж харахгүй байхыг сануулж байлаа. Учир нь ажлын байрны дарамтад эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өртдөг. Гэр бүлийн байдал, төрсөн нутаг, үндэс угсаа, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, ажлын үзүүлэлтийг шударга бусаар үнэлэх, цалин урамшууллыг нь хасах, үндэслэлгүйгээр ажлаас халах, сүрдүүлэх зэргээр бүх талын дарамт шахалтыг үзүүлснээр ажилтнаар халагдах өргөдлийг нь бичүүлдэг явдал байсаар байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад ажлын байрны дарамт гэдгийг өргөн хүрээнд оновчтой тодорхойлох шаардлагатай гэлээ.

Мөн хохирогчдын нэр хүндийг хэрхэн хамгаалах, дарамтад байх үедээ ямар байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах, хохирлыг тооцох аргачлал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага ямар байх зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй талаар санал бодлоо илэрхийлж байлаа.

Манай улс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 ондЖендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт байдаггүй.

“Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг хүсээгүй байхад нь үг хэл, бие, бусад хэлбэрээр бэлгийн сэдлээ илэрхийлсэн, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, үүний улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, айлган сүрдүүлж тулган шаардсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж дээрх хуульд заасан. Судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг байна.

“2016 оны Эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байсан. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг. Гэхдээ энэ нь бусад салбарт байхгүй гэсэн үг биш.

Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг.

Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллагад дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л таслан зогсоогдохгүй байгаа” хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын боловсрол судалгааны хэлтсийн ахлах референт Ц.Адьяахишиг илтгэлдээ танилцууллаа.

Төрийн албаны тухай шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай. Харин улс төрийн болон тусгай, үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улстөр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна. Түүнчлэн өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна.

Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл хэлсэн юм.

Ажлын байрны бэлгийн дарамтад 3 эмэгтэй тутмын нэг нь өртөж байгаа талаар“Ажлын байрны бэлгийн дарамтлалын эсрэг авах арга хэмжээний талаарх олон нийтийн хандлага” 2016 оны судалгааны тайланд дурджээ. Харин энэ төрлийн дарамт үйлдэгчдийн 42.8 хувь нь төрийн албан хаагч байгаагаас 97.5 хувь нь эрэгтэй, 2.5 хувь нь эмэгтэй гэсэн дүн ч гарсан байна.

Хохирогчдыг нэмж буруутгах хандлага нийгэмд байсаар байна. Нийгмийн хандлагыг эерэгээр өөрчилж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас эхлэх талаар төрөөс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж ярилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь “Ажлын байр – Дарамтгүй орчин” хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, холбогдох Байнгын хороо, Засгийн газарт хүргүүлж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол батлагдлаа

Өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улс санаачлан хоёр жил тутам хэлэлцүүлдэг “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав.

Энэ удаагийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүх бүлгийг чадавхжуулах, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт хөдөөгийн эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг анхаарах, жендэрийн мэдрэмжтэй сургалтын тогтолцоо хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлийн онцлогийг хангасан, үр дүнтэй, чанарын баталгаатай, хүн төвтэй, нотолгоонд суурилсан үйлчилгээ үзүүлэх, нийтийн аюулгүй орчны бүрдүүлж, нийтийн тээврийн систем, дэд бүтцийг сайжруулах, хөдөөгийн хөгжилд бүрэн тэгш оролцуулах, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрх, үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн үүргийг дэмжих зэрэг олон шинэлэг асуудлыг тусгасан.

Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 105 орон хамтран зохиогчоор нэгдэн орлоо.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хуралд оролцсон 19 иргэнээс холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргав

Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ.

Дээрхи хүмүүсд 6, 48, 72 цагаар холер өвчний шинжилгээ хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм. Өнөөдөр 12:00 цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс гаргалаа.

Categories
мэдээ спорт

шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Найм дахь удаагаа болох тус тэмцээний талаар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газрын Хуул, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн жил улсын хэмжээнд 6600 гаруй шатар сонирхогчид тус тэмцээнд оролцсон. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна. УИХ-ын даргын ивээл дор УИХ-ын Тамгын газраас энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг нь шатрын спортыг орон даяар жигд хөгжүүлэх, иргэдийг идэвхтэй оролцуулах гол зорилготой. Энэ зорилго жилээс жилд биелэгдэж, сүүлийн гурван жилд оролцогчдын тоо нэмэгдэн, цар хүрээ нь улам өргөжиж байна гэлээ.

Дараа нь Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаатар, оюуны спортын оргил болсон шатрын спортын тэмцээнийг өөрийн ивээл дор зохион байгуулж байсан үе үеийн УИХ-ын дарга нар, УИХ-ын Тамгын газарт нийт шатарчид, шатар сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд найм дахь удаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Монгол Улсад хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, есөн дүүргийг хамруулан хамгийн өргөн хүрээнд зохион байгуулдаг. Тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлж, гадаад улсуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд ирж оролцдог болсноос гадна энэ жилээс манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцох хүсэлтээ ирүүлжээ.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын аваргуудад шатрын спортын дэд мастерийн зэрэг цол олгохоос гадна Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг нь дааж оролцуулдаг уламжлал тогтсон юм.

Тэмцээн гурван үе шаттай болно.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар 2019 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд, харин аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тухайн орон нутагт нь зохион байгуулна.

Шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцох боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2017 онд УИХ-д шатрын спортыг дэмжих лообий бүлэг байгуулагдсан бөгөөд тус лообий бүлэг оюуны энэүү спортыг өндөр түвшинд хөгжүүлэхийг зорьдог юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгохыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулах, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай хэмээн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тиймээс энэ онд тохиож буй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.

Уг тогтоолыг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ташрамд дурдахад Ардчилсан хувьсгалын санаачилсан, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнаж байв.

Categories
мэдээ цаг-үе

Удам дамжсан эмчийнх

Энэ удаа өнжсөн айлын маань эзэгтэй хүүхдийн чих хамар хоолойн эмч, нөхөр нь хөлбөмбөгийн спортод хориод жил зүтгэсэн эрхэм. Б.Дэлгэрмаа эмчийг чих хамар хоолойн гэдгээр нь эрүүл мэндийн салбарынхан анддаггүй юм билээ. Харин Д.Ганбатыг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлын албыг олон жил хашсан гэхээр спортод дурлагчид мэдэх байх. Эдний том охин нь бас олны танил. Дэлхийн мисст Монголоо төлөөлж анх удаа оролцож байсан Хонгорзул. Гэрийн эзэгтэйн утас руу залгатал уриалгахан нь аргагүй “Хүрээд ир ээ” л гэж байна. Товлосон цагтаа Зайсангийн “Оргил” супермаркетийн цаахна байрлах есөн давхар байранд нь яваад очлоо. Эзэгтэй хаалгаа тайлж өгөх зуураа “Цай даргилж байхад орж ирлээ шүү” гэж инээмсэглэн хэлээд ширээнээ урив. Буйдан дээрээ ном уншиж суусан гэрийн эзэн “Манай зээ хүү ирчихсэн бужигнуулж байна. Бид хоёрын амь даа” гээд зээгийнхээ толгойг илэв. Хонгорзулын том хүү юм байна. Зургаан настай Тайшир хүү хөлбөмбөгт жигтэйхэн дуртай гэнэ. Өвөөгийнхөө хөл бөмбөгийг өрөө дамжин хөөж гүйгээд гүйцэгдэх янзгүй жирийлгэнэ. Эзэгтэй “Миний зээ чинь өвөөгийнхөө хөлбөмбөг тоглож явсан он цагийг үргэлжлүүлэх хүү дээ” гэж хэлээд өхөөрдөн харав. Өвөө, эмээгийн амины зээ амралтын өдрөө ирдэг аж. Гал тогооны шүүгээний дээд талын хананд жирийтэл өлгөсөн дэлхийн улс, нийслэлийн нэртэй дурсгалын тавагнууд эднийд ирсэн хэний ч харааг татахаар содон юм. Дэлгэрмаа эмч “Бид хоёр их азтай. Манай нөхөр Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж явсан учраас ажлынхаа шугамаар олон улсад очиж байсан. Би ч гэсэн эмнэлгийнхээ шугамаар өчнөөн оронд очсон. Европын бүх улсад очсон байх шүү. Очсон газар бүрээсээ ийм таваг авдаг юм. Би ЭХЭМҮТ-дөө их өртэй хүн. Тэр сайхан газарт хүүхдээ төрүүлсэн, хань минь тэнд намайг анх олж харсан гээд яривал олон сайхан дурсамж бий” гэж байна.

Гэрийн эзэн ярианд оролцож “Манай хүн иймэрхүү зүйл яриад хоёр дахин өндөр цалин амлаад байхад өөр газарт очдоггүй хүн дээ” хэмээн жуумалзав.

Бууз жигнэх зуур эзэгтэйтэй хууч хөөрөлдөв. Эзэгтэйн өвөг дээдэс үе дамжин Баянхонгорт аж төрж байж. Аав, ээж нь хоёулаа эмч гэнэ. Дэлгэрмаа эмч бидэнд цай аягалангаа “Миний аавыг Батаахүү гэдэг юм. Баянхонгорынхон андахгүй. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Ээжийн минь алдар Цэрмаа. Энх тунх үр ачаа тойруулаад жаргаж суугаа сайхан буурал бий” хэмээв. Аавынх нь талд эмч нар олон гэж сонирхуулав. Ээжийнх нь уг удмын түүх тун сонирхолтой юм. Богд хаанаас төрийн дууч цол хүртэж байсан хошуу ноёны туслагч Дандардорж эмээгийнх нь аав гэнэ. Эзэгтэйн эмээ өдгөө 104 настай буурай хажуугийнх нь байранд амьдардаг юм байна. Саявтар аавынхаа хэлмэгдсэний мөнгөн тэтгэмжийг авчээ. Эмээгийнх нь аав Дандардорж Богд хаанаас төрийн дууч цол хүртэж байжээ. Гурван өдөр тасралтгүй дуулахдаа нэг ч дууг давтан дуулаагүй гэсэн хууч яриаг эдний удмынхан өөр зуураа бахархан ярьцгаадаг юм байна. 1939 оны хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдаж яваад эргэж ирээгүй гэнэ.

Эзэгтэйн өвөө Халх голд байлдаж явжээ. Цусан гавьяаны улаан тугийн одон авч явсан хүн аж. Гэрийн эзэн эхнэрийнхээ эмээгийн удам судрын талаар ном бичиж эхэлжээ. Удам судрын тухай хөөрөлдөх үеэр Д.Ганбат ярианд оролцлоо. Гэрийн эзэн “Миний ханийн удам судар үүх түүх ихтэй. Цагаан сараас өмнө номоо дуусгачих санаатай үзээд л байна. Дандардорж гэж мундаг хүн хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдахдаа тавь дөхөж байсан юм билээ. Хошуу засаглаж явсан тэр хүний оюунлаг, сэхээлгийг, авьяасыг нь бахдаж барамгүй юм аа. Наад зах нь гэхэд л Богд хаанаас төрийн дууч цол авч байсан талаар манай хүн сая ярилаа. Бичгийн эрдэм соёл нь бүр гайхмаар. Манж, төвд, орос, хятад хэлтэй, оточ маарамбын ухаанд суралцсан хүн байж. Тухайн үеийн эрдэмтэй хүмүүс ямар мундаг боловсорсон байсныг харуулсан тод жишээ шүү. 11 хүүхэдтэй хүн байсан юм билээ. Баригдаад явахад нь 1921 оноос өмнө төрсөн долоон хүүхдийг нь шунахай феодалын хүүхэд гээд сургуульд сургаагүй хяхаж хавчсан эмгэнэлтэй түүх байна. Үр удмаар нь хэлмэгдүүлнэ гэдэг асар эмгэнэлтэй. Гэсэн ч сайн хүний үрс мөн чанараа гээдэггүйн үлгэр манай хүний удмаас харагддаг юм” хэмээн хууч хөөрөв.

Гэрийн эзэн нийслэлд төрсөн ч уг гарлаараа Өвөрхангайн Төгрөг сумынх гэнэ. Аав нь жолооч, ээж нь оёдолчин байж. Эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм амьдралынхаа хорь гаруй жилийг хөлбөмбөгт зориулсан тухай сурвалжлагын эхэнд онцолсон. Багаасаа л хөлбөмбөг хөөж гүйдэг хүү байж. Их сургуулийнхаа шигшээд тоглож, хөл бөмбөгийн спортоор хичээллэж байсан залуу сургуулиа төгсөөд Дарханд ажиллахдаа ч Хөлбөмбөгийн холбооны Дархан дахь салбар зөвлөлийн даргын албыг давхар хашиж явжээ. Нийслэлд ирсэн хойноо ч холбоондоо идэвхтэй явсаар сүүлдээ холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлынх нь албыг хашсан гэнэ. “Хөлбөмбөгөөр дэлхийд амжилт гаргахын тулд бид яах ёстой вэ. Тийм цаг хэзээ ирэх бол” гэж сонирхоход “Хөлбөмбөг тоглох дургүй хүн гэж үгүй. Хүүхэд байхаас нь спортын дөр суулгах ёстой юм билээ л дээ. Ер нь хөдөлгөөний эвсэл эзэмшүүлчихвэл хүүхдийн бие бялдар ямар ч спорт руу ороход бэлэн болдог. Үүнийг нь биеийн тамирын хичээлийнх нь агуулгад суулгаад өгчих хэрэгтэй. Энэ спортод дуртай хүмүүс нь байхад заах чиглүүлэх арга хэмжээг систем, дэс дараатай зохион байгуулахад хөгжихгүй юм гэж үгүй. Бид ингэж явсаар өнөөдөр дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод орж, дараагийн шат руугаа дэвшээд орох шинэ амжилт гаргаад эхэлчихсэн. Энэ бол олон жилийн хөдөлмөрийн шим. Өмнө нь бид хөлбөмбөгийн спортоо хөгжилтэй орнуудтай харьцуулж дор хаяж 100 жилээр хоцорч яваа гэдэг байсан. Сүүлдээ араас нь хөөгөөд гүйцэхгүйгээ мэдэрч, алгасч хөгжих төлөвлөгөө боловсруулах ёстой гэсэн шийдэлд хүрсэн л дээ. Тэгээд хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байгаад стратеги төлөвлөгөө боловсруулсан. Эцэст нь Азийн 48 орон дотроо стратеги төлөвлөгөө боловсруулах ажлаараа ялгарч чадсан шүү. Хоцронгуй хөгжиж байсан улсуудаасаа түрүүлээд хийчихсэн юм. Ийм шалтгаанаар Азийн хөлбөмбөгийн холбоо дээд шагнал болох Алтан од-оо надад өгч байсан түүхтэй” гэж ярилаа. Гэрийн эзэн Катарт очиж хүлээж авсан “Алтан од” шагналаа зочны өрөөндөө хүндэтгэлтэй байрлуулжээ. “Япончууд 2050 онд дэлхийн аварга болно гэсэн төлөвлөгөө гаргасан ч хамаагүй өмнө буюу 2010 он гараад л эмэгтэйчүүд нь дэлхийн аварга болсон” гэж ярих гэрийн эзэн хөлбөмбөгийн спортын ирээдүйд огтхон ч эргэлздэггүй гэнэ.

Гэрийн эзэн одоо зээ хүүтэйгээ гэртээ хөлбөмбөг “тоглож”, ном орчуулаад завгүй суудаг болжээ. Эзэгтэйн зав чөлөөтэй үеэр ууланд алхах, машинаараа хаа нэг тийш цэвэр агаарт гарангаа аялах, волейбол тоглох гээд идэвхтэй амрахыг илүүд үздэг аж. Эдний том охин нь тусдаа гарсан бол хоёр хүү нь Австралид сурдаг юм байна. Харүмофүжигийн “Шинэ Монгол” сургуулийн аравдугаар ангид сурдаг бага охин Индра нь бидэнд төгөлдөр хуур тоглож сонирхуулав.

Ганбат “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлж оролцсон охиныхоо тухай “Эцсийн шалгаруулалт нь Соёлын төв өргөөнд болоход нь л очиж байлаа шүү дээ. Охиноороо гуйлган байж очсон юм. Үзээд сууж байтал эхний гурав руу орох шинжтэй болчихлоо шүү. Дэд байр баараггүй нь дээ гэж бодоод сууж байтал түрүүлчихдэг байгаа. Маш сонин, гайхалтай мэдрэмжид эзлүүлж хэсэг сууснаа мартдаггүй юм” гэж дурссан бол эзэгтэй “Охинтойгоо тэр том арга хэмжээнд очоод Ази тивийнхээ охидоор бахархсан шүү. Ази тивдээ манай улсын охид бие хаагаараа онцгой. Монгол охид дэлхийн мисс болоход ойрхон гэж боддог” хэмээлээ.

Эзэгтэй яриа үүсгэх бүрдээ мэргэжлээрээ бахархсан үг унагах юм. Багаасаа хүссэн мэргэжил учраас эмчийнхээ мэргэжилд хайртай гэнэ. Онц сурдаг сурагч охин хамгийн сайн байсан химийн шалгалтдаа бүдэрч, конкурсдээ азгүйтэн Анагаахын дундын хуваарь авсан, аавынхаа ятгалгаар сувилагчийн мэргэжлээр суралцах болсон, сувилагчаар сурсан жилүүддээ шөнийн 22 цаг хүртэл номын санд сууж Анагаахын дээдэд урилгаар элссэн, төгсөөд гуравхан хоногийн дараа Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сэхээний эмчээр ажилласан гэж ирээд өчнөөн яриа хөврөв. Гэрийн эзэгтэй сэхээний эмч хийж байгаад Эх нялхсын төвд Чих хамар хоолойн тасагт эмчээр ажилд орсноосоо хойш өнөөг хүртэл ЭХЭМҮТ-д ажиллаж яваа гэнэ. Дэлгэрмаа эмч насаараа ажилласан төвийнхөө Хүүхдийн чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгчээр ажилладаг аж.

Хүүхдүүд чих хамар хоолойн өвчлөлд илүү өртөмхий байдаг гэнэ. Дэлгэрмаа эмч ногоон салат таваглах зуураа Манай зөвлөх поликлиникийн статистикийг харахад хамгийн их өвчлөлтэй нь чих хамар хоолой, мэдрэл, уушгины тасаг байдаг юм. Сүүлийн үед ээж, аавуудад нэг алдаа анзаарагдаж байна. Хүүхдийнх нь хоолой өвдөнгүүт дур мэдээд антибиотик өгчихдөг. Эдгээд дахиад өвдөхөд нь дахиад антибиотик өгдөг. Саяхан Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн захирал Баясгалан эмч анхаарахаар сэдэв хөндсөн харагдсан. Антибиотикийн эмх замбараагүй хэрэглээний нөлөө хэдэн жилийн дараа антибиотикт дарагдахгүй өвчин болж гарч ирнэ гэсэн утгатай үг хэлсэн байна лээ. Үнэхээр үнэн үг” гэж байна.

Хаана ч явсан чихэвч зүүж яваа хүүхэд залууст хамаатай яриа ч бидний дунд өрнөв. Хүний сонсох босго хэмжээ 20-30 децибел байх ёстой гэнэ. ДЭМБ өндөр децибелтэй хөгжим сонсохыг хориглодог юм байна. 40 децибелийг сонслоо гэхэд хагас цагаас хэтрүүлж болохгүй гэсэн зөвлөмж хүртэл гаргачихаж. Удаан хугацаанд чанга дуу сонсоод байвал чихний мэдрэлийн эсийг сөнөрөлд хүргэдэг аж. Өнөөдөр чихэвчээр чанга дуу сонсч яваа хүүхэд, залуус хэдэн жилийн дараа сонсголын эмгэгтэй болох магадлал маш өндөр гэж Дэлгэрмаа эмч ярилаа. Дэлгэрмаа эмчийг 1990-ээд онд Солонгост очиход нэг доктор гудамжинд чихэвч сонсон яваа өсвөр насны хүүг заагаад “Ирээдүйн өвчтөн маань энд явж байна” гэж хэлж байж. Тэр доктор хожим 2013-2018 онд Дэлхийн чих хамар хоолойн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилласан гэнэ.

“Шүдний өвчлөл хоолойн өвчлөлд нөлөөлдөг гэж сонссон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ” гэж сонирхоход Дэлгэрмаа эмч “Гүйлсэн булчирхайн үрэвслийг үүсгэдэг стрептококк гэж бактери бий. Энэ бол шүдийг хорхойтуулдаг бактери. Шүд хорхойтой бол гүйлсэн булчирхайд заавал нөлөөлдөг. Гүйлсэн булчирхайг үрэвсүүлдэг, архаг үрэвсэлд хүргэдэг. Тэгэхээр амны хөндий эрүүл байж гүйлсэн булчирхайн үрэвсэл тусахгүй. Шүд хорхойтой бол чих хамар хоолойн үрэвслээс гадна хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл шүд хөтөлбөр хэрэгжээд эхэлчихлээ, хоёр, гуравхан жилийн дараагаас үр дүн нь мэдрэгдээд л эхэлнэ. Манай улс чинь их гоё. Зөв зүйл эхлүүлчихвэл үр дүн нь тэр дороо гардаг” гэв.

Жар, далаад онд эмч нарыг сандаргаж байсан стафилоккокоор үүсгэгддэг буглаа сүүлийн нэг хоёр жилд мэдрэгдэхүйцээр өссөнийг гэрийн эзэгтэйтэй яриа дэлгэж суухдаа сонсов. ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын эмч нар өдөрт энд тэнд гарсан 20-30 буглаа нээж байгаа гэнэ. Дэлгэрмаа эмчийн “Чих хамар хоолойн тасагт ингэж ирэх хүүхдийн тоо сүүлийн нэг жилд ихэссэн. Хоолойг нь дутуу эмчилдэг, хорхойтой шүдтэй, антибиотикийн буруу хэрэглээнээс болж гүйлсэн булчирхайнуудад буглаа үүсдэг. Тэрнээс болж хүүхдүүд амаа ч ангайж чадахгүй, хордлогод ороод хүнд байдалтай ирж байна. Гүйлс орчмын буглаа үүсч эмнэлэгт ирэх хандлага сүүлийн жилд ихэсчихлээ. Долоо хоногт тогтмол таваас зургаан тохиолдол ажиглагдаж байна. Стафилоккок бол маш хоруу чанартай. Идээ буглаа үүсгэдэг. Ерээд оноос хойш бараг ажиглагдахаа байсан буглаа эрс нэмэгдэх болсон нь ерөөсөө л эрүүл мэндийн боловсролтой холбоотой” гэсэн үг аав, ээжүүдэд хүргэмээр өнцөг санагдав.

Хүүхдүүддээ нафазолин хэрэглэж, тэр нь наркоман буюу донтолт болж хувирч байна гэсэн мэдээлэл цацагддаг. Бидний ярианы нэг сэдэв энэ байсан юм. Нярай хүүхдэд физиологийн битүүрэл гэж байдгийг мэдэхгүйгээсээ болж олон ээж хүүхдийнхээ хамрыг ухаж, цэвэрлэж, элдэв дусаалга хэрэглэж үрэвсүүлж гэмтээдэг гэнэ. Дэлгэрмаа эмч ээжүүдэд “Эхийнхээ хэвлийд усанд бойжиж байгаад гарч ирсэн хүүхэд хуурай орчинд гарахаараа маш их хэмжээний салст ялгаруулж эхэлдэг. Аливаа эрхтэн дасан зохицох, хамгаалах чадвартай учраас ийм шинж ажиглагдаж байгаа юм. Тэр үед хамрыг нь цэвэрлэж, дусаалга дусааж цочроож болохгүй. Наад талыг нь арчиж цэвэрлэж, 50-60 хувийн чийгшилтэй орчинд байлгаж, 0.65 хувийн салин гэж уусмал дусаахад л болно” гэж зөвлөв. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд Европын чих хамар хоолойн нийгэмлэгийнхэн “Ээжүүдийн хэт анхаарах хам шинж”-үүдийг жагсаачихаж. Эхэнд жагссан хам шинж нь хүүхдийнхээ хамрыг битүү гээд ухсаар байгаад үрэвслүүлдэг ээжүүдтэй холбоотой юм байна. Бас нэг сонин мэдээллийг Дэлгэрмаа эмчээс сонслоо. Шилжилтийн насны хүүхдүүд, жирэмсэн бүсгүйчүүдэд гормоны гаралтай хамрын битүүрэл гэж байдаг гэнэ. Ийм онцлогийг мэдэхгүйгээс болж шилжилтийн насныхан хамрын дусаалга их хэрэглэж, сүүлдээ наркоман буюу донтолтын хэлбэрт ордог болжээ. Бэлгийн хоёрдогч шинж илрэхэд гормон ихэсч, тэр нь хамарт нөлөөлдөг юм байна. Дэлгэрмаа эмч “Хамрын гормонтой дусаалга гэж бий. Гэхдээ мэргэжлийн эмч нарын зөвлөмжөөр л хэрэглэх ёстой. Хамрын судас агшаах дусаалга гэж байгаа. Хамар битүүрэлтийг архаг, хурц, харшлын гаралтай үрэвсэл гэх мэтээр ангилдаг. Сүүлийн үед эмийн гаралтай хамрын битүүрэл ихэссэн. Эмийг долоо хоногоос илүү дусааж болохгүй” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Хүүхдийг дөнгөж төрөнгүүт хараа, сонсгол, түнх, бодисын солилцооных нь шинжилгээг хийж ямар нэг эмгэгтэй эсэхийг шууд тодорхойлох боломжтой болсон тухай гэрийн эзэгтэйгээс сонсов. Түнхний мултралыг дөнгөж төрөхөд нь оношилдог болсноос хойш энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүд гэмтлийн эмнэлэгт очихоо больж. Хараа, сонсголын хувьд ч гэсэн дөнгөж төрөхөд нь шинжлэхэд гайхмаар үр дүнтэй эмчилж болдог гэнэ. Сонсгол нь асуудалтай нярайг гурав, зургаан сартайд нь давтан үзлэгт оруулаад сонсголгүй нь тогтоогдвол дунгийн суулгацын мэс засал хийгээд сонсголтой болгоод эхэлчихэж. 2009 оноос хувийн эмнэлгүүдэд хийж эхэлсэн энэ хагалгааг улсын эмнэлэгт даатгалын мөнгөөр хийдэг болсон гэнэ. 30-40 саяар үнэлэгддэг дунгийн суулгацын аппаратны үнийн 25 хувийг нь аав, ээж, 75 хувийг төсвөөс гаргадаг юм байна. Дэлгэрмаа эмч “ Бид хоёр нас дөрвөн сартайд хүүхдэд дунгийн суулгацын хагалгаа хийж байсан. Хагалгаа хийснээс нэг сарын дараа аппаратыг нь асаахад хүүхэд цочино, гайхна. Ээжийнхээ дуунд хариу үйлдэл үзүүлнэ. Таг сонсголгүй хүүхдийнхээ сонсож байгааг харсан аав, ээжүүд ямар их баярладаг гэж санана. Уйлна, баярласнаа илэрхийлнэ, бүр баярласандаа хагалгаа хийсэн багийнханд мөргөж байсан ээж бий. Хүн урмын амьтан. Мэргэжилдээ дурлаж өдий хүртэл цаг завгүй ажиллаж яваа эмч нар яг энэ агшинд урам авч, юугаар ч илэрхийлэх аргагүй кайф мэдэрдэг. Гэнэт юм сонсч эхэлсэн тэр жаахан амьтны харц, инээд, ер үйлдэл бүхэн нь ямар их кайф мэдрүүлдэгийг зүйрлэж хэлэх үг олдохгүй байна. Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлж байгаа аав, ээжүүдээс маш том урам авдаг. Юу ч сонсдоггүй байсан хүүхэд сонсдог болж, гадаад орчинтойгоо харилцаж, ээждээ хөтлүүлээд инээгээд ороод ирэх агшныг харах хамгийн сайхан” гэж хэлээд инээмсэглэлээ. Чих нь төрөлхийн битүү төрсөн хүүхдүүдэд ч сонсгол бэлэглэх асуудалгүй болж. Долоон сартай бяцханы духанд чичиргээнд аппарат зүүж өгөнгүүт л сонсч эхэлсэн сэтгэл хөдлөм түүхийг эзэгтэйгээс сонсов. Алга ташихаар ийш тийш харж хариу үйлдэл үзүүлсэн хүүхдээ ээж нь хараад баярласандаа нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Энэ мэт олон сайхан түүх сонсч хэсэг суулаа. Битүү чихтэй хүүхдэд багад нь ийм аппарат зүүж, зургаа долоон настайд нь суваг хийж өгч, 15 хүрэхээс нь өмнө хавирганы мөгөөрснөөс нь аваад дэлбэн хийж өгөхөд л эв эрүүл болчих юм байна.

Сав л хийвэл эмнэлгээ, ажлаа ярих гэрийн эзэгтэй ярианыхаа төгсгөлд “Гадаадад эмч нарыг маш их үнэлдэг. Төлөвлөгөөт хагалгаа гээд хагалгаанд орох хугацааг нь хэлэхэд хүн бүр хүндэтгэн хүлээж авдаг. Гэтэл манайхан нэг өдөр ч хүлээх дургүй, элдэв шүүмжлэл хэлдэг. Би социализмын үед эмч хүний хүүхэд байсан. Тэр үед эмч нарыг гойд хүндэлдэг байсныг та ч мэдэх байх. Зориод ирж байгаа хүүхдүүдийн аав, ээж, ойр дотны хүмүүсийн хандлагыг анзаарах нь ээ талархах сэтгэл багасч дээ гэсэн гутранги бодол төрдөг шүү. Уг нь монголчууд найрсаг, налгар ард түмэн. Шилжилтийн үетэй л холбоотой үзэгдэл шиг байна” гэж хэлсэн юм.


Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргаа, удирдлагын багийнхан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын үзэглэсэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсаар байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ удаад 31 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хот дахь Захиргааны багийнхан хүрэлцэн ирж, захиргаа, хүний нөөц, маркетингийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагаас судаллаа. Мэдлэг мэдээллээ харилцан солилцож, шилдэг арга туршлагаасаа хуваалцаж байгаа эдгээр уулзалтын эцсийн зорилго нь Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэрээс мэргэжлийнхээ хүрээнд туршлага судлахаас гадна орон нутагт спорт, соёл урлаг, эрүүл мэнд, зөөлөн оёдлын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн цехүүдийг цогцоор нь авч яваа тэргүүн туршлагыг олж харах, үзэж танилцах нь цаашдын хэрэгжүүлэх ажлуудад үнэтэй санаа өгснийг зочид онцлон хэлж байлаа.

Categories
мэдээ улс-төр

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Шувуу барихтай холбоотой автомашины тоонд хязгаарлалт тавьж байгаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Байгаль орчны багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Дараагаар нь байнгын хорооны гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Шонхор шувууг барих асуудлаар байгаль орчны зөвшөөрлийг яаж олгодог вэ? Энэ жил манай тойргийн сумдаар оготоно маш их байснаас шонхор шувуу ч их байсан. Гэтэл шонхор шувууг барих гэж бөөн машинтай хүмүүс ирсэн. Нэг сум, багийн нутгаар 70-80 машин орох юм. Шонхор шувууг бид хориглоод, төрийн бахархалт шувуу болгоогүй бил үү. Эд бэлчээр талхлаад байна. Хаанаас зөвшөөрлийг нь өгөөд байна. Ойн цэвэрлэгээний ажлыг яаж зохион байгуулж байна вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Шонхор шувууг бахархалт шувуу болгосноос хойш Арабын хойгийн орнуудад бэлэглэлийн шугамаар олгодог. Бэлчээрийн даац 10 гаруй жил хэтэрсэн. Цаашдаа бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд судалгаа хийсэн. Шувуу барихтай холбоотой автомашины тоонд хязгаарлалт тавьж байгаа. Хууль дүрэм, журмыг хүлээдэг.

Сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах дээр байгалийн хуулийнхаа эсрэг ажиллаж ирсэн. Бүх мэргэжлийн байгууллагаа татан буулгасан. Ойн цэвэрлэгээ алдагдсан. Тиймээс ойн цэвэрлэгээ хийж, баялгаа үр бүтээлтэй ашиглах талаар ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хуулиудын хоорондын хийдэл их байдаг. Засгийн газраас орж ирж байгаа хуулиуд заримдаа чанар муутай орж ирдэг. Орж ирж байгаа ажлын хэсэг болон УИХ дээр гишүүд уялдаагүй хууль оруулж ирдэг. Үүнийг засч 115 давхардалж 177 зөрчил, 180 хийдэл байхаар хуулиуд яаж хэрэгжих вэ? Монголын газар нутаг дээр урсаад хил рүү гарч байгаа гол мөрний талаар хуулинд зохицуулалт хийж болох уу. Ой хамгаалалтын чиглэлээр ямар өөрчлөлт туссан бэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Гадаргын усыг ашиглах талаар бид яриад байдаг. Гадаргын усны чиглэлээр томоохон хууль, төсөл хөтөлбөр байдаггүй. Бүс нутгийн төсөл яриад эхлэхээр уул уурхайг хангах гэж байна гээд эсэргүүцдэг. Цаашдаа Усны агентлагтай болж байна. Экологийн урсацыг өөрчлөхгүй усыг ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Хөх морь гэж гадаргын усыг ашиглах төслөө бэлэн болгосон. Ингэснээр Орхон, Онгийг сэргээж, говийн бүсийн усан хангамжийг сайжруулна. Ойг хамгаалах асуудлаар тодорхой ажил хийгдэнэ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах талаар 2017 онд УИХ-ын даргын захирамж гарсан. Туул гол Улаанбаатар хотын хүн амыг тэжээдэг. Нөхцөл байдал маш хүнд. Туул голыг жорлон болгосон. Уул уурхай, голын бургас хяддаг. Бусармаг үйл ажиллагаа зогсохгүй байгаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Туул гол цэвэрлэх байгууламжтай холбоотой 50 орчим км-т бохирдол их байгаа. Туул гол усны сав газар, онцгой бүс, энгийн гэсэн ангилалтай. Гэвч шат шатны Засаг дарга нар ажлаа хийхгүй байна. Засгийн газраас чиглэл өгөөд 50 км-т байгаа цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохирдлыг бууруул гэсэн. Үүнтэй холбоотой тунгаагуур хийж байгаа. Энд хийгдэх ажлын хөрөнгө оруулалт, мөнгөн дээр анхаарах хэрэгтэй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Categories
мэдээ улс-төр

​“Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулган болж байна

“Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулган Улаанбаатар хотноо болж байна. Тус чуулганыг ЗГХЭГ- аас Конрад Аденауэрын сантай хамтран зохион байгуулж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд, 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг хамруулж байна. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Үндэсний чуулганыг нээж үг хэлэв.

Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй байлгах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж 2008 онд туршилтын журмаар хэрэгжүүлж байжээ.

Иймд эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ажлын хэсэг томилж найман сарын хугацаанд Төрийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлсэн чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлсэн байдлын судалгааг хийж өнөөдөр танилцуулав. Зарим агентлаг, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг, улсын хэмжээнд нэг суманд MNS ISO 18091:2019, MNS PD/TS 900252019 стандартыг хэрэгжүүлж тодорхой үр дүнг харуулж, ажилчдын ажлын байран дахь цаг ашиглалт нэмэгдэж, ажилчид, тэднээр үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамжийн индекс 1,1-1,3 функтээр өссөн үзүүлэлт гарсан байна.

Конрад Аденауэрын сангаас хүн амын тоо, хөгжлийн хурд, газар нутгийн байршлын хувьд харилцан адилгүй байдал нь аймаг, сумдад нэгдсэн стандарт нэвтрүүлж, мөрдүүлж хэвшүүлэхэд гол саад бэрхшээл болж байна гэв. Гэхдээ зарим улс орнуудтай харьцуулахад дэлхийн техник технологийн хөгжлийн хурдаас хоцрохгүй байгаа нь төрийн захиргаанычанарын удирдлагын стандартыг богино хугацаанд нэвтрүүлж үр дүнд хүрэх өөдрөг төсөөлөл ажиглагдаж байгааг онцлон танилцуулж байв.

Чуулганд оролцогчид судалгааны дүнтэй танилцаж, цаашид Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандартыг нэгдсэн журмаар нэвтрүүлэх эсэхээ тодорхойлох юм.