-ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НУТГААР 7800 КМ ХЭРЖ АЯЛСАН МИНЬ-
Таянгийн нуруун дээрээс
ТӨГРӨГ СУМ
Сум руу явж байтал өвөл нь мөсөн толио тогтдог Мааньтын хөндийд замынхан нарийхан гүүр тавьж байна. Өргөн, чанартай гүүр хийчихвэл тэд ажилгүй болно. Төгрөгийн хад сумаас холгүй. Сумын төвийн төлөвлөлт нь маш мундаг. Одоо ч хийчихсэн юм биш. Бүр 1989 онд Дарви нутгийн хүү Даян нэгдлийн дарга байхдаа цэгцэлсэн гэнэ ээ. Эднийхэн ноосны хос зогдорт тэмээгээ ихэд бахадна. Ингэний айраг нь ч тансаг. Тэд сүү, айраг хоёрыг нийлүүлж бүлээд “Хөөрцөг” хэмээх ундаа гарган авна. Төгрөгийнхөн ер нь их бүлсэг. Айлууд нь хаяа хаяагаа бараадаж, усаа дагаж хотлон бууна. Дор хаяхад, 3-5 гэр нэг дор айлсана. Нэг нэгнээ хазан хэмлэж, хажиглан тууна гэж ер үгүй. Буурал хайрхан, Цагаан хайрхан уулын дунд оршдог тул өөрсдийгөө цагаан сэтгэлтэй гэж гүн бат итгэнэ. Төгрөгийнхөн сүүлийн хэдэн илжгээ 2017 онд Алтай сум руу заржээ. Одоо тэд илжиггүй. Хос зогдорт тэмээтэй. Уул цахираас нь Өвөр говийн ганц жалгыг эс тооцвол алт гараагүй. Саяхан болтол Шаргын говьд нь хавтгай байлаа. Мөн сүрэг сүрэг хулантай байж. Хулангийн сүрэг нь нэг өдөр онгоц дагаад баруун тийш явчихсан гэнэ. Дээхнэ бөхөн шороон түмээрээ байж. Эвэр нь хунз цайны үнэд хүрнэ. 2017 онд Малайзын мялзан өвчнөөр цөм үхжээ (хээрээр хор цацаж явдаг гадна дотныхон байдаг ч байж магад).Нарийнтсан хүнийг бозлог оготнын махаар анагаана. Тэр оготно нь бидний мэдэх үлийн цагаан, үхэр огдой, хөх өлзий, орог зусаг зэргээс хахь өөр. Бозлог нь энэ суманд элбэг.
Цагаан хайрхныг нь аймгаас тахина. Арслангийн шинжит уулын оройд Намсрай бурхан заларна. Далд хүрхрээ шуугина. Буурал хайрхан нь хүн байтугай амьтан ч авирч асахааргүй цагаан цахир. Лужуу гэж ээжтэйгээ цуг аж төрдөг ганц цагаан тэмээтэй хүн байж. Тэмээгээ хадны богтогоор ацтай модоор түлхэж гаргаад л яваад өгдөг байж. Богтого гэдэг нь хад хясааны нарийн онь, жим юм аа. Мөн дөрвөн мөчөөр нь дөрвөн догшин адуунд зүүхэд мөч нь тасрах байтугай тэднийг огт хөдөлгөхгүй байсан Бурман арслан гэж лут бөх байж. Түүний өргөсөн том цагаан чулуу одоо ч хэвээрээ. Даржаа гуайн сарлагийн сүрэгт буга нийлээд хоёр жил болсон байна. Нэг нөхөр 2016 онд хөөрхий бугын бодийг хөтөлчихөж.
Цагаан хайрханд гантиг олдворлоно гээд солонгосчууд 150 сая ам.долларын үнэтэй өрмийн алмаазан хошуугаа газрын гүнд хугалаад, гасалж гийнан Хавчиг цохоос буцжээ.
ШАРГА СУМ
Амаараа холбооны утсыг тас зуугаад амиа алдсан Улсын баатар Магсарын Жанчивын төрсөн тоонот. Шарга бол Монгол дахь хүрхрээний “музей” юм. Гурван Богд дахь 87 метрийн өндрөөс унах Шататын хүрхрээ (Монголдоо номер нэг), 20 гаруй метрээс унах Цагаан хүнхийн хүрхрээ, долоон метрээс унах Талын хүрхрээ цөм энд бий. Сондуулт багаар хэсэг аяллаа. Үнэхээр зэрлэг нутаг юм. Цахиурт гантиг, ялтсан хүрэм, боржин чулуулаг бүхий эвгүй хавцал гуунууд сэтгэлд айдас овоолно. Нэг гүн гуу руу өнгийтөл юу харсан гэж санана. Том том “Хово” машин, экскаватор, ремень дамжлагатай шороо шигшигч машин, нүхэн болон цацар оромж. Яг л дайны хориглолтод бэлдэж буй мэт эр, эм язганасан улс. Нэг бүдүүн авгай хад царилдаад зогсож байх юм. Тэд нэг нөхрийн өвөлжөөг засаж өгнө гээд жалгыг нь ухах зөвшөөрөл авсан гэнэ. Том оврын машин, хүн хүч Хөх толгойд ганц шөнийн дотор иржээ. Олны улайрал улангасал юунд хөтөлнө вэ. Хэдэн жилийн өмнө Шинэ Зеландаас хоёр Баагий металл хайгчтай ирээд эндээс соокны шил дүүрэн алт аваад арилжээ. Захын малчны авгай гадныханд “Тэр хөндийд…” гээд л хуруугаараа заагаад өгчихжээ. Социализмын үед нэг хүүхэн чулуу өшиглөж явсан уу, мал хариулж явсан юм уу бүү мэд, жалгаас хуруун чинээ цул алт олоод, сумынхаа музейд өгсөн гэдэг. Шарга гэж шар алтны орон аж. Шаргынхан Балаг модоо гайхуулна. Тэр нь Монголд хоёрхон газар ургадаг гэнэ. Нутгийнхан тайрахгүй, мал нь хөл, хэлээрээ хугалахгүй. Гаднаас нь харахад үлд өвс, мэхээрийг санагдуулам улаан булцуутай сонин мод. Өндөр нь заримдаа гурван метр ч хүрнэ. Энэ сум хамгийн олон генералтай гэгддэг. Сүүлийн үед Чингай балгас нь Монголд сайн таниулж өгсөн. Чингис хааны шадар сайд Чингай 1212 онд цэргийн хотыг “Халзан ширэг”-т байгуулжээ. Энэ нь монгол цэргийн түшиц хот байлаа. Төв Ази, Монголын өндөрлөгийг холбох “Талын торгоны зам”-ын гол суурин байсныг Чанчун бумба дурсжээ. Тэрбээр Чингис хаантай уулзахаар тус хотыг дайран өнгөрчээ.
ДАРВИ СУМ
Дарви суманд, тэр дундаа Бага Дарвийн хээр талд бид бөхөн хатирахыг анх удаа олж харлаа. Суманд очих зам тийм сайхан биш. Төв нь их сүрлэг гоё харагддаг юм билээ. Эднийхэн ОХУ-аас цахилгаан авдаг. Айлууд нь гэр хорооллын гудамжиндаа морины уяатай. Тэндээ хурдны морио ч уяж мэднэ. Эргэн тойрон нуур устай бяцхан суурин. Өөрөөр хэлбэл, арал дунд байдаг Алтайн ганц сум гэж хэлж болно. Саяхан тус суманд яам, тамгын газраас “Усны тооллого явуулж байна” хэмээн бүлэг этгээд очжээ. Тэднийг яваад нэг их удсангүй газар доороос гарч ирсэн мэт баахан нинжа нар, ус бараадан бууцгааж газар шороог нь орвонгоор нь эргүүлжээ. Элдэв тооллогын мэдээ сүүлдээ маш эвгүй эргэдэг бололтой хэмээн малчид өгүүлэх. Хэдэн жилийн өмнө хиргисүүр, булшны тооллого явуулж байна хэмээн ШУА-иас яваа гэх сахал, шарваартай баахан нөхөд ирээд буцсаны дараахан бүр ч эвгүй хүмүүс ирж, булш бунханд металл хайгч тавьж ухаж төнхөөд сүйд хийжээ. Тэр ч бүү хэл, сүүлийн үеийн оршуулгыг сүйтгэсэн нь хүмүүсийг алмайруулжээ. ШУА-ийн Бямбаа гэдэг доктор хэсэг хүмүүс дагуулж ирээд гурван жил эндхийн нэг ууланд үл мэдэх зүйл хийжээ. Судалгаа явуулж байна гээд малчдыг ч ойртуулдаггүй байж. Тэгээд л алга болсон. Төд удалгүй “Үлэг гүрвэлийн араг яс алга боллоо” гэж билээ. Аягүй бол манай Эрээнийх ч байж мэднэ хэмээн нэг эр шогшрох. Гурван Эрээн уул нь археологийн дурсгалт газар. Аймгийн хамгийн том нуур болох Ихэс нуур нь сумын төвийн дэргэд оршино. Энд нэг төрлийн маш ховор хавч байгаа гээд Байгаль орчны яамны бичигтэй нэг хужаа хэдэн монгол хүн дагуулчихсан тууж явсан байгаа юм.
ТОНХИЛ СУМ
Анх хөл тавихад Шинжаан-Уйгарын ч юм уу, Афганы нэг тосгон руу яваад орчих мэт сэтгэгдэл төрнө. Зүүн хороо нь тэр чигтээ эртний шавар тагзнууд. Голын баруун эргээр нь сүм хийдийн туурь. Шавар хотын бунхан. Ер нь Тонхилын шар шавар, хөх тоосго баруун нутагтаа их алдартай. Шавар нь шаазангийн үйлдвэрийн гол түүхий эд. Хувьсгалаас өмнө энд Хятадын 10 пүүс, Оросын нэг пүүс монголчуудыг хүүлдэг байж. Цоохор Далайн пүүснээс авахуулаад хэд хэдэн байр одоо ч бий. Хаалга, цонх, сүрэл, хулсан дээвэр, ханз үсэг бүхий чимэглэлүүд нь тэр л хэвээрээ. Бараг л 300 гаруй жилийн нүүр үзэж буй. Шавар амбааруудын урт насжилт шавардлагатай холбоотой. Хятадууд хонины ноосыг шар шавартай хольж барилгын ажилд ашигласан нь “бат бөх цемент” болжээ. Санаа аваарай, барилгынхаан. Цөвүүн цагийн салхи сэвэлзэхийн өмнө эндэхийн Усан зүйлийн хүрээ /1763-1938/-нд амьдрал буцалж байлаа. Гучаад онд цөм үгүй болж, 28-тайдаа цаазлуулсан Пэрэнлэй хувилгааны сүм л цор ганцаар торойн үлджээ.
Цаст Богд /Сутай/-д аманд хүлхэхэд хайлдаг чулуу, хэн ч мэддэггүй галт цэцэг байдаг. Жингэнээ уулын хар солир үгээр хэлшгүй. Сумын төв дундуур харгилах Зүйлийн гол дээгүүр хоёрын хоёр лут чулуун гүүр тавьжээ. Гүүрнээс болж Засаг даргаа шоронд илгээчих дөхсөн. Учир нь матаасаар Авлигатай тэмцэх газраас “Чи 320 сая төгрөгийн ажлыг яахаараа 16 саяар хийв” хэмээн сэрдээд аюул болжээ. Төв цэцэрлэгт нь яруу найрагч Т.Очирхүүгийн хөшөө, Сутайн бор морины хөшөө нүднээ яруу тод. Тонхилын гайхуулга нь гоё үнэртэй арц. Энэ нутаг аргаль, угалзын эх орон байлаа. Цөлжилт, анчид үгүй болгожээ. Амьд үлдсэн нь Мянган угалзатын нуруу руу зугтжээ. Одоо Баянцагаан ууланд үзье гэсэн ч аргалийн ганц хурга ч байхгүй. Эндээс Шведийн анчин 172 см урт даргил эвэртэй угалз агнасан нь түүх болжээ. Тонхилчууд аргаль хонио дурсан хэдэн хөшөө босгожээ. Ер нь Тонхилын төв хөшөө дурсгал, эртний балгадаар алдартай. Суурингийн төвд камер тавьсан нь чөлөөтэй наргих боломжгүй болгожээ. Үүнд олон хүний дургүй, зэвүү зэрэг хүрсэн байна. Мянгат малчны жилийн орлого нь 30 сая давна. Тэд үр хүүхдээ гэрлэхэд хоёр талаас 500, 500 хонь тасалж өгөөд л нутагт нь гэр, хотод байр аваад өгчихнө. Хасгууд адууг 900 мянгаар аваад, чанаад идчихнэ. Тонхилчууд гадны хүнд их найрсаг зочломтгой улс. Энэ чанар нь бусад сумдаас эрс ялгарч байлаа. Тэд уулын давст нуураар сумаа нэрлэжээ. Тонхил гэдэг нь “хөлдүү” гэсэн утгатай үг аж. 200 гаруй мянган малтай, хоёр мянга хүрэхтэй үгүй хүнтэй сум ганц “Ланд-80”, хоёр “УАЗ-469” машинтай. Нийслэлд орон сууц аваагүй Тонхилын айл гэж үгүй.
ХӨХМОРЬТ СУМ
Завханаас 1954 онд Говь-Алтайд тасарч орсон, элсэн дунд байдаг сум. Хүйсийн говийг гэтлэн байж хүрлээ. Хүн байгаа юм уу гэмээр эл хуль суурин. Хөх морь, малын хөшөө байна. Монгол бөхөнд зориулсан цорын ганц хөшөө энд бий. Хүмүүс суль түүхээр тэр аяараа их элс рүү оджээ. Сулиар гурил хийгээд, өрөм, шар тостой иднэ. Харин цульхирыг намар түүдэг. Шар будаа шиг үрээр нь гурил хийнэ. Гурил нэг кг нь 20 мянга ч хүрнэ. Цагаан түнгийн хужир ямар ч угаалгын бодисоос дээр. Энэ хавийн айлууд хулхины саван, угаалгын нунтаг дэлгүүрээс авах шаардлагагүй.
Сүүлийн үед элсний чоно үржээд, малчид малаа манхан руу оруулахаас халгадаг болсон аж. Хөтөч маань “Найрагч аа, говь говь л гэнэ. Яг үнэндээ элсний хүч энд л хуралдана шүү дээ” гэж билээ. Хөхморьт уулаар сумаа нэрлэжээ. Дэргэд нь Сангийн далай нуур мэлтэрнэ. Сумынхан элсэн дотроо юугаар ч явна. Тэд их элсэнд морь, тэмээнээс гадна хийг нь сулласан дугуйтай машин, мотоциклиороо саагиулна. Төвийнхөн ч тэр, малчид ч тэр, цөм сав л хийвэл архи ууна. Эртний тэнгис, хул бархад, элсний нуурууд Хөхморьтын гайхуулга. Таван жил дамнасан ган, зудаар энэ нутагт мал, малчин хоёр их цөөрсөн.
Учир битүүлэг хоёр хужаа Сангийн далайн хөвөөнд хэд хоножээ. Тэднийг явсны дараа нуурын шувууд далавчаараа газар алгадан үхээд эхэлжээ. Бүр 4000 гаруй шувуу үхсэн байгаа юм. Хужаа нарыг хэн ч газарчилж ирээгүй гэнэ. Тэд гартаа газрын зураг хуйлчихсан явж байсан аж. Юу туршсан нь одоо ч оньсого. Сумын төвд цонх, хаалгагүй барилгууд зөндөө. Акталсан гэнэ. Жаахан тордоход л тохилог сууцнууд болно. Даанч сэтгэл дутжээ.
Нуур могойн хүрээ энд бий. 160-аад жилийн тэртээ Буурал хамба бариулжээ. Цагаантны генерал Казанцовын цэргүүд 1921 онд Баатарвангийн хүрээг “Магсаржавын хүрээ” гэж андууран хүн амьтныг нь алж, бурхан тахилыг нь аваад галдан шатаасан. Хувьсгалын дараа хийд сэргэж 17 жил ном хурж байгаад 1938 онд зүйл дуусаж, 1990 онд гурав дахиа сэргэжээ.
БАЯН-УУЛ СУМ
Уугуул иргэд нь хониныхоо ноосоор өвлийн оймс, бойтог хийнэ. Энэ нь тэдний брэнд бүтээгдэхүүн гэж хэлж болно. За тэгээд, алагдаахайн сүүлээр бийр урлаж зураг зурдаг “Цагаан” Жамбал гэдэг эр эндхийнх. Завханаас тасарч, Говь-Алтайд харьяалагдах болсон дөрвөн сумын нэг нь Баян-Уул. Нэр нь бараг сонсогддоггүй сум. Сумын төвд нь босгосон В.И.Ленин багшийн хөшөө он жилийн уртад улам өнгө зүс оржээ. Эндээс нэг үг цээжилж авсан маань “нулиа” байлаа. Энэ мяраалаг нялх хүүхэд болон тарган хүний суга, цавины нуралтыг хэлдэг аж. Тэд энэ үгийг байгаль дээр ч хэрэглэдэг. Байгаль гэснээс, сумын төвөөс холгүй байгалийн 14 өнгийн зос солонгорсон Ганган шанд хэмээх газар бий. Алдарт зураач “Марзан” Шарав эндээс зос авч байсан гэдэг. Баян-Уулчууд Ловонгийн нуруу, Баян Богд чандмань хайрхандаа зам мөрөө даатгана. Эднийхэн Өртөө цахирын энгэрт туурь нь байгаа Нуур могойн хүрээгээ их дурсана.
Арга ч үгүй дээ, хагас мянган ламтай номын орон байсан газар. Яруу найрагч Л.Мягмарсүрэнг эс тооцвоос суутан, цуутан огт төрөөгүй. Харин жалгын атамаанууд цөөнгүй байж. Эндхийн шилийн хулгайч нар агуй, элсэндээ адуу шахаж явсан хууч ярианууд үлджээ. Элсний арын “Ишиг” Намхай ч энэ сумынх. Баян-Уулын малчдаас “Бөхөнгийн мах амттай юу” гэхэд машид зэвүүцсэн байдалтай “Түй, түүний махыг монгол хүн идэх байтугай нохой ч шиншлэхгүй. Нэл гуур (булчирхай). Оох, балиар” гэдэг байгаа. Сумаас буцахдаа нэг айлаар зам асуух гэж ортол их эвгүй дүр төрхтэй эхнэр нөхөр хоёр сууж байлаа. Хүүхдүүд нь ч тэр. Нурууны шар үс босож, бушуухан зам мөр буруулсан.
ЖАРГАЛАН СУМ
Өглөө үүрээр өрхөө бүтээсэн айлууд угтлаа. Аймаар ч юм шиг. Гудамжаар нь золбин ноход гүйлдэнэ. Энэ бол Жаргалан сумын төв. Хажуугаар нь Завхан гол урсана. Дуунд мөнхөрсөн Эрээн нуур нь цалгайрч, үгийг нь зохиосон найрагч Хасагт хайрхандаа алхаж явна. Манайхан Цахиуртын нүүрсний уурхайгаар нь Жаргаланг гадарлана. Гадна дотныхон ухах гээд хэтэрхий их зардал гарах гээд байсан учир орхижээ. Уул нь 200 жилийн нөөцтэй гэнэм. Сумын нэрийн хуудас нь Ж.Батсуурь (бөх) аварга. Бас нэг хүрэл морь бий. Үүнийг булшнаас олсон аж. Ур хийцийн хувьд Ордосын булшны морь, Өмнөд Сибирийн Минусын хонхроос олдсон янгирын дүрстэй төстэй. Төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ III-VII зуунд хамаарагдах уг хосгүй дурсгалыг 1965 онд сан хөмрөгт авсан ч гучин жилийн дараа ард олонд сайтар танигдан Монголын түүх, соёлын “сүлд” болон хувирсан юм. 2005 онд Монголын музейн шилдэг үзмэр болсон. Орон нутгийн судлах танхим нь гоё.
Гадны анчид тэх агнахаар зундаа байнга ирнэ. Тэд нутгийн залуусыг хөлслөн мориор ууланд мацаж, тэхээ унагадаг байна. Баян-Өлгийд л байдаг гэх нэн ховор ахууна шувуу энэ суманд бас бий. Зах зээлийн эхэн үед энэ сумынхан их бужигнасан даа. Махранз хамгаалалттай Гүүтийн булшийг хоёр дүүрчихсэн нөхөр 2000 он гаргаад тэсэлгүй ухсан байгаа юм. Төд удалгүй нэг нь цагаан талд мотоцикльтой онхолдон эрсдэж, нөгөө нь гэртээ ирээд өөрийгөө буудсан эмгэнэлт түүхтэй. Бас нэг инээдэмтэй хийгээд эмгэнэлт явдал энд болсныг зарим уншигч маань гадарлах буй за. Хасагт хайрхан ууланд ан хийж явсан дөрвөн залуу ар араасаа тэврэлдээд цасан дээгүүр гулган наадаад бэлд нь хүрэхээр шийджээ. Харамсалтай нь тэд цасанд нуугдсан халил том хясааг тооцоолсонгүй. Үхэн үхтэлээ гоё гулгаж байна хэмээн бодсоор л байсан байх даа. Алдарт Хүнхэрийн амралт нь төрийн мэдэлд байгаа учраас дампуурчээ. Нэг ор хоног нь 25 мянга учир хүмүүс хээр юм уу, уулын орой дээр буй хувийн буудалд хоног төөрүүлнэ. Очих зам нь үер усанд идүүлсэн учир хүмүүс явганаар км шахам алхаж хүрнэ.
ТАЙШИР СУМ
Сум тэр аяараа хүн алга. Багийн наадамд бүгд оджээ. Тайширын төв Хөхморьтоос ч долоон дор балгас. Үүнийг нь хэлэхээр “Та буруу замаар сум руу ороод ирсэн байна” гэх. Уул нь улс даяар хамгийн их нэр нь сонсогддог сум шүү дээ. Цэнхэр ууланд алт гарсан сургаар хэн хүнгүй очоод ухтал баахан сумны зэв гарчээ. Наробанчингийн тууриас ч баахан сум, буу олдсон. Сум ихтэй л сум бололтой. Сумнуудаа музейд хадгалжээ. Алдарт зураач “Марзан” Шаравын төрсөн нутаг. Улаан сармис Тайширын брэнд юмсанж. Завханчууд манайх гээд булаачихаж. Нарованчин гэгээн Б.Пүрэвжав, Диловхутагт Б.Жамсранжав нарын сүм балгас энд бий. Хийдийн тууринд гол сүмийн хана л үлджээ. Хээтэй, хээгүй ваар шаазан, тоосго хөглөрнө. Зэс аяга, тахилын цөгц, чимэглэл зүйлс ч элбэг. Мөн төвөд, монгол бичээст хаднууд, бясалгалын агуй байна. Агуйд эрдэнэс байгаа гээд ухаж сүйтгэжээ. Бас нэг туурь нь 1741 онд шаваа тавьсан Арын хүрээ. 1922 онд арваад жас, мянгаад ламтай байж. Тэгээд л 1937 онд “ниад”. Ойр орчмын хадаар нь суусар элбэг. Түүнийг адууны мах, шар тосоор агнадаг аж. Гоёмсог сортой, өхөөрдөм хөөрхөн эл амьтан их гэнэн. Дуртай юмыг нь тавиад дэргэд нь хавх урхи тавьчихаар цуварч ирээд л ороод байдаг гэх.
Төвийн дэргэдэх Номгон ууланд гарч үзсэн хүн үгүй. Сумынхан чөтгөртэй гэнэ. Тэд зуны шөнө төв талбайн гэрэл дор цээж, гуя нүцгэн суусаар үүр цайлгана. Нэг л учир байдаг байх. Тайширын Усан цахилгаан станц суманд падгүй. Аймгийн мэдэлд буй. Завхан голыг далангаар боож том нуур үүсгэжээ. Түүнийг “Гэгээн нуур” гэх. Наробанчин хувилгаан “Эндээс нарны буман гэрэл цацарна” хэмээн айлдсан аж. Ийн 130 метр өндөр хавцалд 50 метр өндөр, 200-гаад метр урт далан босгож, лусыг их зовоожээ. Үүсгэсэн нуурандаа ангийн нөөц тогтоож байна гээд моторт завь тавиад эхэлчихэж. Эрэг дээрх “Алтай-Тайшир”-ын ус цэвэрлэх байгууламж дээр хятадууд язганана. Монголчууд чадахгүй юу гэхээр “Чадахгүй” гэв. Цементийн найрлагад хужаа нар мундаг аж. Дөчөөд км үргэлжлэх уян ширмэн хоолойг дөрвөн метрийн гүнд булах ажил хаданд тулаад л паг. Угсралт дуусахаар Алтай хотынхон Завхан голын эрдэст усаар ундаална. Ус муу болохоор Говь-Алтайчууд элгээр үхээд байгаа аж. Тайшир бол ховор металлын эх орон. Эндхийн никель төмрийн (соронзон гүр) хүдрийн орд, тунамал фосфоритын орд их гай дуудах вий. Сумын бахархал нь “Өвөр цагаан толгой”-н хөшөө, Бэрх уулын бичээс, Овоон харын зураг, Харандаан хад.
ДЭЛГЭР СУМ
Гуулин бол Завхан голын хөвөөнд оршдог цэмцгэр тосгон. Социализмын үед Малын тэжээлийн үйлдвэр, Мод үржүүлгийн газрууд энд жинхэнэ хүчээ авч байлаа. Төрийн шагналт, эрдэмтэн Д.Содномдорж энд төрсөн байх шүү.
Энд саяхан Ерөнхийлөгчийн Тамгын дарга З.Энхболд “Гаалийн” Ш.Адъшаатай сугадалцан очсон байгаа юм. Гуулинд тэд их том Махны үйлдвэр барихаар болж, шууд л босгоод эхэлж. Нутгийн залуус хийх ажилтай болжээ. Биднийг тосгонд очиход дунд сургуулийн техник, хөдөлмөрийн танхимын барилга шатаж байлаа. Хаанаас ч юм, “Камаз” машин, уулын чулуу хусдаг аварга трактор гарч ирээд л байшинг няц дайраад галыг унтраачихав. Нийслэл, аймгийн төвд биш, сумын төвд ч биш, алслагдсан бяцхан сууринд үүнийг харлаа. Гуулинд ач гучаа харсан хөгшид л байдаг гэдэг нь худал аж. Энд харин А-92 бензин байдаггүй юм билээ шүү. Нутгийн айлууд Завхан голыг бараг өмчилчихсөн мэт нэг нэгнээ хажиглан хөөж тууж, манай хаваржаа, танай намаржаа гэх маргаан нь буу шийдэмдээ тулах нь холгүй болдог гэнэ. Гуулин тосгоноос урагшаа жаахан ухасхийгээд Дэлгэр сумын төв орно. Сумын төв, Тайгам нуур, Мянганы зам гурав жаахан тааруу дүр зурагтай. Сэтгэл гутам новшрол. Харин сумын төвөөс нарны цацраг мэт тал тал тийш зурайсан хээрийн зам үнэхээр догь. Ёстой торго шиг хэмээн хэлж болно. Дэлгэр сумын ойр хавьцаа хагалахад дотроос нь “оранж” зос гардаг Баянбууралын самрын яс шиг чулуу, Завхан голын хөвөөнд байдаг цонж хэрмийг эс тооцвол үзэж харах юм юу ч байхгүй.
ХАЛИУН СУМ
Эндэхийн хүмүүс хужаа нарыг нэг нүдээр үзэхгүй. Ногоо тарих төслөөр ирсэн хоёр хужаа нохой шиг хөөгдөөд буцжээ. Сумын төвөөс холгүй чацарганын төгөлтэй. Бас болоогүй, хөх тариа, арвай тарина. Ямар ч учиртай юм, Халиун хэмээх бяцхан толгойн нэрээр сум нь нэрлэгджээ. Төв нь бараг цөлийн бүсэд байдаг гэхэд их цэмцгэр харагдана шүү. Сумаас төрсөн зохиолчдынхоо тэрлэсэн эх орны шүлгүүдийг алтан хуудсан дээр сийлэн, соёмбын доор залжээ. Эндээс зургаан генерал төрсөн ч жинхэнэ нь хэд байдаг юм бол доо. Нөгөө Улсын начинд хөшөө босгож дуулиан тариад байдаг чинь энэ сум юм байна. Халиун бол жинхэнэ ирвэсний нутаг. Дээрээс нь, саатай шорооны нутаг. Залиугийн бэлийн шороог хувцсандаа үрэхэд нүд гялбам гялалзана. Хар Азаргын нуруу, Бурхан буудай уул, Хантайширын их уулс эл нутгийн бахархал. Сумын удирдлагууд их зохиолч, гүүш М.Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг” найргийн наадмыг зохион байгуулсан нь хүмүүний сэтгэл оюунд гэрэл нэмжээ. Нутгийн уугуул иргэд сүсэг ихтэй. Тэд заримдаа мэдрэл муутай юм шиг аашлах авч цаанаа их цайлган гэгээн. Халиун сум, худаг гардаггүй. Германчууд бараг 400 метр өрөмдөөд бараагүй. Сумын төвийнхөн ундны усаа долоон км-ийн цаанаас зөөдөг. Хад асгатай ууланд нь ямаа их битүүждэг гэх. Битүүжнэ гэдэг хаданд түгжигдэн хаашаа ч үгүй болохыг хэлнэ. Битүүжсэн ямаа нь нэг сар гаруй өвс, усгүй гүрийсний эцэст нисэж үхдэг аж. Тэгэхээр ямаа гэдэг тэмээнээс ч тэсвэртэй мал бололтой.
Авгаржин Жа.Баяраа
/Улаанбатар-Төв-Булган-Өвөрхангай-Баянхонгор-Говь-Алтай/
2019.06.29-2019.08.31