Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай охин өндрөөс унаж амиа алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхоны 12 давхрын цонхноос 16 настай хүүхэд унаж амь насаа алджээ.

Тодруулбал “Хүүхэд байшин дээрээс унах гэж байна” гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16:03 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.

Онцгой байдлын аврагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын дуучид Идонезийн тайзан дээр тоглов

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал (СТА), дуурийн дуучин Д.Дуйнхоржав (СТА), дуучин Н.Наранбаатар (СТА) нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, түүнчлэн “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болсон.

“Монгол дуурийн үдэш” арга хэмжээг БНИУ-ын Засгийн газар, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өргөнөөр үзэн сонирхсон бөгөөд бөгөөд энэхүү тоглолтыг Индонезийн хэвлэлд “Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолж байлаа.

Монгол Улсын Өргөмжит консул Чандра Мидхарта Гозали уг арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид эрчим хүч, боловсрол, худалдаа, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд байгааг дурдаж, “Монголын дуурийн үдэш” нь соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүчин чармайлт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

“Монгол дуурийн үдэш” арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түншүүдийн нэг болох Индонезтэй бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, соёлын харилцаа нь хоёр орны ард түмнүүдийг харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв. Түүнчлэн дуулах нь нүүдэлчин ард түмний амьдралын чухал хэсэг бөгөөд энэ нь монгол хүн бүрийн цусанд шингэсэн соёл юм гэж онцлов.

Дэд сайд Б.Батцэцэг уг арга хэмжээг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн Индонез Улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдтэйгээ уулзаж, “Монгол дуурийн үдэш”-ийг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн Индонез дах Монгол Улсын Өргөмжит консулын газрын ажилтан Ч.Нямдоржид талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрийн флотацаас гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажлыг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1,45 сая юаниар санхүүжүүлэхээр болсон байна. Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группын лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн харьяа есөн дүүргийн Засаг даргын Тамгын газруудад 09:00-17:00 цагийн хооронд зохион явагдана.

Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийг 4000 нээлттэй ажлын байранд бүртгэж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ), Манлайлагч хүний нөөцийн менежрүүдийн клуб хамтран МҮЭСТО-нд “Нэг өрх-Нэг ажлын байр” өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгт “Говь”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Таванбагд фүүдс” зэрэг 31 аж ахуйн нэгж оролцож, иргэдийг худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх 2000 гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байна. Нийслэлийн НХЭГ, Цагийн хөдөлмөрийн бирж 2000 гаруй ажлын байранд бүртгэж байгаа аж. Иргэд өдөрлөгт оролцсоноор нээлттэй ажлын байранд бүртгүүлэхээс гадна “Карьер хөгжлийн төв”-ийн хамт олноос мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох талаар, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар зөвлөгөө авах боломжтой юм.

Түүнчлэн Дэлхийн банкны Цогц хөгжлийн сургалтад бүртгүүлэх боломжтой. Уг сургалтад бүртгүүлснээр барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, оёмол бүтээгдэхүүн, мах, сүү, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, эсгий ноос, ноолуур боловсруулах анхан шатны ажилтан, зочид буудлын өрөөний үйчлэгч мэргэжлээр сургалтад сууж, улмаар ажлын байранд зуучлуулах боломжтой аж.

Өдөрлөг 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин О.Есүгэн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 57 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн энэ сарын 10-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд 20 орны 200 гаруй тамирчин оролцож, төрөл тус бүрээр аваргуудаа шалгаруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад Ё.Баатарбилэг оролцож байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.

Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулагдаж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, соёлын өв, бүтээлч үйлдвэрлэл, нийгэмд үзүүлэх соёлын нөлөөллийн талаар хэлэлцүүлэг хийлээ.

Сайд Ё.Баатарбилэг Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож буй Андорра, Армени, Катар зэрэг улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын залуучуудын ногоон наадмын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон


УИX-ын гишүүн X.Болорчулуунтай ярилцлаа.


-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгээс ч Дубайн гэрээг хүчингүй болгох дүгнэлт гаргасан. Дубайн гэрээг хүчингүй болгох уу. Энэ нь зөв шийдвэр мөн үү?

-Оюу толгойн гэрээг шалгах арваад хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын хэсэг гарч олон cap ажилласан. Оюу толгойтой холбоотой гэрээнүүд Монголын хууль тогтоомжуудыг илт зөрчиж хийгдсэн гэдгийг тодорхойлсон.

Тэр дундаа Дубайн гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг хохироосон гэрээ болсон гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдээд байгаа. “Муу нэртэй, луу данстай” ч С.Баярцогтын үед хийсэн гэрээний дагуу Монгол Улс 2023 оноос эхлэн ашгаа авах тооцоотой байсныг Дубайн гэрээ гэгчээр 2038 он болгож хойшлуулсан юм.

2023 оноос цэвэр ашгаа хүртэх ёстой байсныг бүр 2048 он болгочихож. Магадгүй 2048 оноос ч ашиг хүртэхгүй байж мэднэ. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болох уу. Тун ноцтой асуудал шүү дээ. Үүнийг эрх мэдэлтэнгүүд мэдэхгүй, туршлагагүйдээ хийчихсэн юм биш ээ. Үүнийг авлига нэвт үнэртсэн гэрээ гэж олон нийт дүгнэдэг.

Тэр ч бүү хэл Австралийн парламентын гишүүн Скотт Лудлам гэгч Оюу толгойн гэрээ байгуулагдах үед Монголын улстөрчдөд тэрбум ам.доллар зарцуулсан гэж хэлсэн нь анхаарал татдаг.

Дубайн гэрээг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын эрх мэдлээ хэтрүүлж хийсэн. Засгийн газрын кабинетаараа ч хэлэлцүүлэлгүй “Би хариуцна” гэсээр дур мэдэн хийлгэсэн. Үүний цаана Ц.Элбэгдорж гэж хүн байсан нь мэдээж. Энэ хүмүүс үндсэндээ эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвасан хүмүүс юм.

Өнөөдөр Оюу толгой компанид 7,000 гаруй хүн ажиллаж байна. Татварт 300 гаруй тэрбум төгрөг оруулдаг. Гэтэл нийт орж ирж байгаа татвараасаа илүү өр манай улсад үүсэж байна.

Зөвхөн 34 хувиа худалдаж авсан зээлийн хүү нь л гэхэд жилдээ 100 гаруй сая ам.доллар. Энэ нь өнөөдрийн жилд орж байгаа татвараас илүү. 2019 оны байдлаар Оюу толгой дээр 11 миллиард ам.долларын өр зээл үүсчихсэн. Энэ өр цаашдаа жил ирэх тусам геометрийн прогрессоор нэмэгдэнэ. Үүний цаана өр төлүүлж байгаад Монголын баялгийг үнэгүй авах бодлого явж байгаа юм. Үүгээр зогсохгүй зардал гаргах тусмаа гадныханд ашигтай байх болно.

Зардлаас зургаан хувийн менежментийн төлбөр авна.

-Оюу толгой, Дубайн гэрээг цуцлах гэхээсээ илүү сайжруулах нь зүйтэй юм биш үү. Та бүхэн гарц, гаргалгааг нь юу гэж харж байгаа юм бэ?

-Мэдээж хэлэлцээрийн ширээний ард сууж, Монголын эрх ашгийн төлөө гэрээг засаж, сайжруулах ёстой. “Өөрчлөх хэрэггүй. Үүнийг бүү хөнд, битгий ярь” гэдэг хүмүүс энэ гэрээтэй холбоотойгоор авлига авсан байх магадлалтай. Тэд одоо айн чичирч байгаа. С.Баярцогтын офшорын асуудлыг ил гаргасан явдал бусдад нь сануулга болсон байгаа юм.

Оюу толгойн болон Дубайн гэрээг олон гишүүд, сайд нар хамгаалж байдаг. Тэдний нэг нь Ц.Нямдорж сайд. Тэрбээр Оюу толгойн муу гэрээг байгуулах үед мөн л Хууль зүйн сайд, эрх мэдэлтэй байсан хүн. Оюу толгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Гэтэл 40-хөн хоногийн өмнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулсан.

Уг хуульд алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нэрээр Оюу толгой, гадны хөрөнгө оруулагчдад маш таатай нөхцөл байдлыг бүрдүүлж, Монголын хүртэх ашгийг багасгаж, хугацааг хойшлуулсан.

Тэр битгий хэл 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмж оруулаад Монгол Улс 34 хувиа үнэгүй авах боломж байсныг худалдаж авах зүйл заалт болгон оруулсан. Гэх мэтчилэн гэрээ байгуулахын өмнө хуулийг өөрчилж, засаж Монголын эрх ашгийг хохироосон юм.

-Яг ямар зүйл, заалт оруулсан юм бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтаар тодорхойлно” гэх заалтыг оруулсан. Иймээс үнэгүй авах хувиа өр тавьж, худалдан авч, хүү төлж байна.

Энэ заалтыг тэр хүмүүс мэдээгүй байна гэж үү. Харин ч мэдэхийн дээдээр мэдэж, оруулсан гэдэг нь тодорхой. Т иймдээ ч өөрсдийн хийсэн муу муухайгаа дарахын тулд өнөөдөр хаацайлж, айж, эмээж байгааг нь ойлгож байна.

С.Баярцогтын нууц данснуудын асуудал бол мөсөн уулын орой нь юм. Үүний дор МАНАН бүлэглэлийнхэн нуугдаж байгаа. MAH, АН хоёр хөнжил дотроо орж, 2009 онд MAHAH-1-ээр Оюу толгойн гэрээ байгуулагдсан.

Мөн энэ хоёрын хамтарсан Засгийн газрын үед буюу MAHAH-2-ын үед Дубайн гэрээ хийгдсэн юм. Хамгийн харамсалтай нь ард түмнийг хуурч, эрх мэдэлд хүрмэгцээ улс эх орон, том эрх ашгийнхаа төлөө байж чадахгүй гишүүд, сайд нар байгаа нь эмгэнэлтэй. Миний хувьд ийм муу гэрээг илт хамгаалагч хүмүүст өөрийн байр сууриа шууд илэрхийлэх болно.

-Таныг зарим хэвлэлээр Дубайн гэрээний асуудлаас болж Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой ам мурийж, хоолойг нь боосон гэсэн байна лээ. Энэ үнэн үү?

-Бид хоёр бүлгийн хурал дээр яг энэ Оюу толгойн гэрээний асуудлаар хурц маргасан нь үнэн. Зарим нэг нь давсалж ярьж, бичээ байлгүй дээ.

Намын бүлгийн хурал Оюу толгой, Дубайн гэрээний асуудлаар хэлэлцэх үед хажуунаас хашхираад байснаас болж маргалдсан хэрэг. Олон арван жил сайд, гишүүн хийж, Монголын нийгмийг өнөөдрийн хүнд байдалд хүргэсэн ийм л хүмүүс гадаад 30 миллиард ам.долларын өрийг хариуцах ёстой биш үү.

-УИХ-аар Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт зэргийг хэзээ авч хэлэлцэх вэ?

-Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гаргасан тогтоолыг УИХ-д оруулах тогтоолын төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тэрхүү ажлын хэсэгт багтаж байгаа. Үүнийг УИХ-аар оруулж, батлуулахгүй гэж хэсэг бүлэг хүмүүс маш их зүтгэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар дээр ярилцаж байж болъё гэх зүйлүүдийг ч ярьж байгаа юм.

Угтаа УИХ-ын тогтоол шийдвэрийг хэнбугай нь ч хориглох ёсгүй. Бид долоон зүйл заалттай Оюу толгой, Дубайн гэрээг засаж, сайжруулах зүйл, заалт бүхий Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан тогтоолын төслийг УИХ-аар оруулна.

-Засгийн газар Оюу толгой компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж чадах уу?

-Хэлэлцээрийн ширээний ард зайлшгүй суух шаардлагатай. УИХ-ын гаргасан тогтоол шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлж чадах эсэхийг хэлж мэдэхгүй юм. Учир нь У.Хүрэлсүх өөрөө засъя гэж бодсон ч кабинет дахь Оюу толгойг хамгаалдаг хэдэн сайд нар нь дэмжихгүй байх магадлалтай.

Энэ Засгийн газрын үед Оюу толгойн асуудлууд эерэг, сайнаар шийдэгдчихнэ гэж итгэл төгс хэлж чадахгүй. Гэхдээ нэгэнт УИХ-аас шийдвэр нь гарчихсан байхад энэ Засгийн газар биш ч дараагийнх нь, өнөөдөр биш ч маргааш засаж таарна. Засагдах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Ц.Зоригийг чөлөөлөх тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг чөлөөлөх тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Түүний өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ШЕЗ-өөс чөлөөлөх тогтоол гарган, Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Тэрбээр 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.

Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын шийдвэрээр Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Б.Сарантуяа нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм. Түүнээс хойш тухайн үеийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой гэрээ байгуулан Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч гэх албан тушаал хашиж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн малчид өвөлжилтийн бэлтгэлээ 94 хувь хангажээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өчигдөр Завхан аймагт ажиллаж, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

Завхан аймаг 24 сум, 116 багийн 9.1 мянган малчин өрхөд 3.8 сая мал өвөлжиж, хаваржих бөгөөд малчид өвөлжилтийн бэлтгэлээ 93.9 хувьтай хангажээ.

Аймгийн Онцгой байдлын газар Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 39, 43, 57 дугаар анги, Эрэн хайх аврах бүлэг, Улсын нөөцийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 2019 онд аюулт үзэгдэл, ослын нийт 79, гал түймрийн 25 удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчдын хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг байгуулж, дөрвөн багш, 30 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2012-2019 онд нийт 17 алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангасан, тухайлбал, цэцэрлэгийн багшаар хоёр алба хаагчийн гэр бүл ажилладаг байна.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2016 онд 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан. Мөн алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцлийг сайжруулах, таатай уур амьсгалыг бүрдүүлэх чиглэлээр алба хаагчдын дотоод нөөц, бололцоог дайчлан тохижилтыг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Онцгой байдлын газрыг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, тус аймгаас төрөн гарсан дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.

Сонгино сум дахь шатахууны цэгийг түшиглэн Шатахуун түгээх станц, Аврах бүлгийн байр барих санхүүжилтыг шийдвэрлүүлсэн байна.

Аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийсэн байна. Судалгааны дүнд аймгийн гамшгийн эрсдэлийн түвшин 48,8 буюу “дунд” эрсдэлтэй гарчээ.

Уул уурхай болон авто зам угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал тйүмрийн улсын хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажилласан байна.

Сурагчдыг эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд сургах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль бүр дээр “Гамшгаас хамгаалах танхим”ыг байгуулахаар ажиллаж байгаа аж.

Ирэх жил тус аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, гал унтраах сайн дурын хэсгүүдийг чадахижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцлийг сайжруулах, автомашины гаражаар ашиглаж байсан тавиулангийн байрыг спорт заал болгон тохижуулж засварлах, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна юм.