Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн захидлыг гардууллаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав.

Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ыг зохион байгуулах санаачилгыг Монгол Улс гаргаж байгааг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв.

Мөн ЮНЕСКО-гийн Соёлын секторын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, Европын Холбооны санхүүжилтээр 1.5 жил хэрэгжих техникийн туслалцааны төсөлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг гаргалаа. Уг төсөл нь соёлын салбарын бодлогыг тодорхойлох, үр дүнд хүргэх хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Categories
гадаад мэдээ

Тамхины иш гудамжинд хаявал 200 ам.доллароор торгоно

Тамхины иш гудамжинд хаявал 200 ам.доллараар торгох гэнэ. Холбогдох журмыг Бельгийн нийслэл Брюссель хотын захиргаанаас гаргажээ. Улмаар шинэ дүрэм журмыг ирэх оны нэгдүгээр сараас мөрдөж эхлэх юм байна. Үүний зэрэгцээ олон нийтийн газруудад 100 гаруй хогийн сав байршуулах ажлыг эхлүүлжээ. Бельги улсад нийтийн газар тамхи татахыг хуулиараа хориглосон байдаг. Зөрчсөн тохиолдолд таван мянган ам.долларын торгууль ногдуулах заалттай. Хэдийгээр хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч шөнийн цэнгээний таван газар тутмын нэгт хууль зөрчигдсөөр байгаа гэнэ.

Брюссель хотын олон нийтийн үйлчилгээний газрын дарга Зоубида Желлаб “Хүмүүс одоо ч гудамжинд тамхины ишээ хаясаар байна. Байнга цэвэрлэх нь амаргүй л дээ. Бид олон нийтийн хандлагыг өөрчлөх үүднээс кампанит ажлыг өрнүүлээд буй.

Энэ ажлын хүрээнд “Тамхины иш хаяж болохгүй” гэх бичээс бүхий зурагт хуудсыг хаа сайгүй түгээж байгаа” гэв. Мөн хотын захиргаа нь уг асуудлаар “WeCircular” гэх дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг старт-аппс компанитай хамтрахаар тохиролцжээ.

Categories
мэдээ спорт

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан Буянт-Ухаа спортын ордонд болно

Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой болон Эзэн чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан 11-р сарын 27-ны 14:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно.

Барилдах бөхчүүдийг 11-р сарын 25, 26-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Categories
гадаад мэдээ

Cerberus Capital Management LP Монгол Улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлжээ

АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “Cerberus Capital Man­agement LP” компани дэлхийн хамгийн эрсдэлтэй зах зээл бүхий орнуудад хөрөнгө оруулдгаараа алдартай. Тус байгууллагаас энэ удаад Монгол улсад хөрөнгө оруулалт хийх санал тавин, яриа хэлэлцээ хийж байгаа тухай мэдээ хөвөрч байна.

Өнгөрсөн зургадугаар сард тус компани MCS группын 25 хувийг 110 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцаж буй талаарх мэдээлэл “Wall Street Journal”-д гарч байв. ”Сеrberus Capital Manage­ment LP” компани 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Deutsche Bank AG” , “Avon Products Inc” зэрэг томоохон компаниудын хувь эзэмшдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус байгууллага Сингапурын “SGI Fronier Capital”-тай гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлж байв. Харин тус салбар нь Монголд хөрөнгө оруулах талаарх асуудлыг хариуцан ажиллаж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ “Cerberus Capital Management LP” компани Монголоос гадна Этиоп, Гүрж улсуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. Сануулахад, Монгол Улсад 2011 онд уул уурхайг дагаад гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.долларт хүрч байв. Түүнээс хойш түүхий эдийн ханшийн сулралаас болж хөрөнгө оруулалт буурсан аж.

Categories
мэдээ нийгэм

Ц.Нямдорж: Оюутолгойн төслийг зогсоож болохгүй

Image result for нямдорж

Дубайн гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Оюутолгойд 15,000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй ААН бизнесийн үйл ажилла эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна. Намайг 2017 онд ХЗДХ-ийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан.

  1. УИХ Оюутолгойн гэрээг зогсоох талаар ярьж байна. Ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү.
  2. Танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа энэ танай засгийн газрын байр суурь мөн үү.
  3. Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайхаас албан ёсны хариулт өгөөгүй байсан.

Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан.

Миний байр суурь бол энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэх хатуу байр суурьтай байдаг. 2009 онд Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. 9 тэрбум долларын өрөнд орвол энэ хүмүүс төлөх юм уу монгол түмэн л төлнө шүү дээ. Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй. гэв.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

ЭЗБХ: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Image result for Эдийн засгийн байнгын хороо

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас томилогдсон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг жил орчмын өмнө дүгнэлтээ гаргасан. Гэвч холбогдох байнгын хороогоор хэлэлцэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс гадна засаж, сайжруулах шаардлагатай зүйлүүдийг анхаарахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахтай холбоотой асуудал хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр автомашины гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно

30 жилийн өмнө энэхүү өдөр НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас Хүүхдийн эрхийн тухай конвенцыг соёрхон баталсан. Уг конвенц батлагдсан өдрийг 2017 оноос Дэлхийн Хүүхдийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Иймд “Дэлхийн Хүүхдийн өдөр”-ийн хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас уриалга гаргажээ. Манай улсаас энэ өдөр хүн бүр хүүхдийн төлөө үүрэг хүлээдэг гэдгээ илэрхийлэн замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр автомашины гэрлээ асааж хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Дараагаар нь 2020 оны Монголбанкны мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ирэх онд ажлын байрыг нэмэгдүүлэх, моргейжийн зээл олголтыг нэмэх асуудлыг хөндөж байлаа. Зээлийн хүүгийн хамгийн доод түвшиндээ хүрсэн байгаа буюу 16.6 хувийн хүүтэй байгаа аж. Ирэх онд моргейжийн зээлийн тухайд энэ жил 60 тэрбум төгрөгийг суулгасан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа өгч байгаа нь ч мэдэгдэхгүй, өгөхгүй байгаа нь мэдэгдэхгүй нөхцөлд байна. “Саарал жагсаалт”-д орсон асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулах үндэсний хөтөлбөр 70 хувийн хэрэгжилттэй байна гэж байна. Тэгвэл үр дүн нь хаана байна.

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

-2020 оны мөнгөний бодлогод багтсан. Өрийн асуудлыг зохицуулахын тулд хуримтлал үүсгэх хэрэгтэй. Инфляцийг тогтвортой барина. “Саарал жагсаалт”-тай холбоотой нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Ирэх оны есдүгээр сард болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаан дээр асуудлаа тавина.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Монголын ипотекийн корпораци гээд цэвэр зуучлалын институци байгаа. Эргэн төлөлт нь нэг компани дээр төвлөрдөг. Энэ хуримтлалын сангаас дотоодын аль нэг арилжааны банкинд хөрөнгө оруулж болох уу?

Монголбанкны Газрын дарга н.Эрдэнэхуяг:

-Одоогийн Банкны тухай хуулиар МИК-иас банкнуудад хөрөнгө оруулах нь хуулийн зөрчил үүснэ. Монголбанкнаас арилжааны банкнуудын дүрмийн санг зохицуулдаг. МИК-ийн хувьд арилжааны банкуудад дүрмийн сан бүрдүүлэх нь хориотой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-МИК арилжааны банкуудад хөрөнгө оруулалт хийж байна. МИК-ийг татан буулгах хэрэгтэй. Арилжааны банкууд руу мөнгө татдаг газар боллоо.

Ийнхүү “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусав.

Categories
мэдээ нийгэм

Гачууртын зам дагуух барилгуудыг дулааны шугамд холбогдоно

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер П.Цэрэнжаргал нар хийв.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2018-2019 онд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөж нийт 23,9 км шугамыг зургаан чиглэлд барьж, Сэлбэ дэд төвд 26,8 МВт-ын чадалтай дулааны эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр Баянхошуу дэд төв, Яармагийн шинэ төв, 1 дүгээр хорооллын арын хэсэг, бичил 7 дугаар хороолол, Гачууртын зам дагуух барилгуудыг дулааны шугамд холбогдоно. Мөн Зайсан орчмын халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох юм байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа “2018-2019 онд 27 халаалтын зуухны 47 барилгыг төвлөрсөн сүлжээнд холбож ажиллалаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвөөр 42000 орчим айл өрхийг 4кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд долоон эх үүсвэрээс хоногт 258900 м3 цэвэр усыг олборлон 17 усан сангаар дамжуулан түгээж байна. Цаашид ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор усан сангууд хоорондын дамжуулах шугамыг шинээр барьж, гэр хороолол болон шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийн бүсэд 4 усан сан, дамжуулах шугамыг барьж байна” гэв.

Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаар Био комбинат, Шувуун фабрик орчимд усны эх үүсвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслөөр төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин цэвэрлэж дулааны цахилгаан станцуудыг технологийн усанд нийлүүлэх аж.

“Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, шинэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Баянхошууд 6,5 км, Сэлбэ дэд төвд 5 км, Шархадад 8,5 км коллекторуудыг барьж ашиглалтад оруулсан. Цаашид төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаас гадна Туул-1 ариутгах татуургын коллекторууд, Яармагийн гэр хорооллын хэсэгчилсэн бүсэд 5-7 км-ийн ариутгах татуургын шугамыг шинээр барих төслийг хэрэгжүүлэх талаар Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 59,5 км үерийн хамгаалалтын суваг барих төлөвлөлттэй ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өчигдөр /11.19/ Польшийн Элчин сайд Кришцетофыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын хувийн хэвшлийнхний харилцаа холбоог сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийслэл хотууд гүүр болох ёстой гэдгийг онцолсон. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамгийн бат бөх харилцаа гэдгийг нийслэлийн ИХТ-ын дарга Р.Дагва мөн онцолж байлаа. Харин Польшийн Элчин сайд Кришцетоф нийслэл хотууд аль ч түвшинд хамтран ажиллах боломжтойг дуулгаад, Польш улсын эдийн засаг 1992 оноос хойш байнгын өсөлттэй байгаа, жил бүр 5-7 хувийн өсөлттэй гарч байгаа гэсэн юм. Иймд Улаанбаатар хоттой эдийн засгийн түвшинд хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар уг асуудлаар удахгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийх Польшийн Парламентийн даргын айлчлалын үеэр дэлгэрэнгүй уулзаж ярилцахаар тохиролцсон юм.

Мөн өнөөдрийн уулзалтын үеэр нийслэл хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотод Варшав хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж байгуулж тохижуулах боломжтойг хэлсэн юм. Түүний энэхүү саналыг Элчин сайд сайшаан хүлээн авч, Польш улсын ерөнхийлөгч агсан Качиньскийн нэрээр нэрлэх санал тавилаа.