Түрүүч нь №233(6334) дугаарт
НУУЦ НҮҮР
Б.Цэнддоогийн шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна. Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлжээ.
ЛООХУУЗ БА ЗАНГИЛАА
…Тийм, гэхдээ үгүй гэдэг нь ийм учиртай. Тэртээ 1990-ээд оны эхээр “Соцдек намын байр” буюу Соёлын төв өргөөний шилэн хүзүүвчинд, социализмын үеийн амьд домог болсон “эсэргүү” Ц.Лоохууз гуай үе үе ирж, хууч дэлгэдэг байлаа. Тэрээр ХХ зууны дал наяад оны “үндэсний нууц баатар”-уудын нэгэн байлаа. Нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал даргыг зориглон шүүмжлээд ажлаасаа халагдан, нутаг заагдсан, улмаар бүх нийтээрээ өмчгүй ядуу байх дүрэмтэй нийгмийн зарчмыг зөрчин хөрөнгөжсөн шалтгаанаар шоронд хоригдсон Лоохуузыг хүмүүс домог мэт хэлэлцэнэ. Нам төрийн алдаа дутагдлыг заасан ганц нэг амин яриаг “Лоохууз тэгж хэлээд буруутсан гэж байгаа. Хүнд битгий хэлээрэй” хэмээн итгэсэн нэгэндээ дуулгах энүүхэнд. Тэрээр авторитар дэглэмийн золиос болон цөлөгдсөн ч “Цэдэнбалын эрин үе” дууссаныг тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийг удирдан батлалцах ер бусын хувь заяатай нэгэн.
-Ю.Цэдэнбалыг шүүмжилж, цөлөгдөж байх үедээ би юун ардчилал, яасны чинь чөлөөт зах зээлийн тухай бодох билээ? Түүнийг төсөөлөхтэй манатай байсан. Бидний үеийн сэхээтнүүдэд Зөвлөлтийг давуулж харах, Марксизмыг шүүн тунгаах сэтгэлгээний боломж гараагүй байсан цаг шүү дээ. Социализмаа л илүү шударга, сайн болгох гэж бодож мөрөөдөж явлаа гэж хуучлах түүний яриа итгэл төрүүлдэг байсан юм. Түүний үе тэнгийн зарим зүтгэлтнүүд, 1990-ээд оны эхээр чөлөөт зах зээлд шилжиж эхэлсэн Монголын төр засгийг дуртайяа удирдалцан, “Би чинь, социализм байгуулангаа нууцаар зах зээлийн эдийн засаг судалж байлаа” гэж хүртэл ярилцлага өгдөг байсны хажууд өвгөн Лоохуузын үг үнэн болоод шударга сонсдоно.
Тэрээр нэгэнтээ,
-Суурин иргэд, нүүдэлчин хоёрын хандлага уяа зангилаан дээр хүртэл харагддаг. Орос хүн байшин барихдаа “Энэ байшинд би насаараа амьдарна, аягүй бол үр ач маань ч суухыг хэн байг гэх вэ” хэмээн бодож, хадаас, углуургаа бөхөлнө. Харин гэр барьж байгаа монгол хүн оосор бүчийг “Хэд хоноод нүүх гэтэл тайлагдахгүй чивчрээд түвэг удах вий” хэмээн болгоомжилж, алдуурахад амархан, хөвөрхий зангидна. Энэ хоёр хандлага бидний ажил хэрэгт, бүтээн босголтын чанарыг тодорхойлдог. Тиймээс ч орос хүний барьсан барилга, монгол хүний босгосон байшин хоёр ялгаатай болдог гэж ярьж билээ.
Нүүдэлчид уяа зангилааг “Хөвөрхий” ба “Үхүүт(үхлүүт)” гэж ангилдаг. Эдгээрийн ялгааг, агшин зуур алдуурч тайлагдах ба удах тусам хөвчрөн чангарч, батжих уяа гээд ойлгож болно. Хөвөрхий зангилааны оргил нь бод мал, гол төлөв адуунд хэрэглэдэг “Тооно туших”, бог малд хамаатай “Хонин холбоо” юм. Алин ч гэсэн ганц л үзүүрээс татахад тушаатай морь суларч, олон арваар нь холбосон хонь чөлөөлөгдөх боломжтой.
Ерөөсөө ч гэр ахуйн зүйлсийн болон малын тоног хэрэгслийн уяаг тайлахад амархан, ганц үзүүрээс татахад л бүгдээр хөврөн тайлагдахаар зангиддаг. Жишээлэхэд, цулбуурын үзүүрээр туших бол морийг түр зуур маш найдвартай уях арга. Мал руу нь чоно дайрах юм уу, гэнэт довтолсон дайсны бараанаар агшин зуур мориндоо мордох хэрэг гарлаа гэж бодъё. Монгол хүн ухасхийн босч, мориныхоо нуруунд алавхийн гарангаа, цулбуурын үзүүрээс татан тушааг тайлаад агшин зуур давхин одох боломжтой.Харин, морио тушихдаа “үхүүт” зангидсан бол чоно хэрхэн малыг нь барихыг дэмий л ажиглан харах, довтлон ирэх дайсныг “намайг зовоолгүй шиг алаасай” гэж залбирахдаа л тулна.
Иймээс “Хөвөрхий зангилааны онол” нүүдэлчин монгол хүний амьдралын философи байв. Нүүдэл бол маневр. Гэр орон, аж төрөл, амьжиргаа нь цаг ямагт маневр хийхэд бэлэн байх ёстой. “Монголын нууц товчоо”-нд бичсэнээр бол суурин иргэд “Шавар гэртээ шавааралдан суух” тул ямар ч маневр хийх чадваргүй, эзлэн устгахад амархан аж. Өөрөөр хэлбэл, тэдэнд хөвөрхий зангилаа байхгүй, аж төрөл ёс суртал нь “үхүүт зангилаа”-гаар бэхлэгдсэн хэрэг. (Гэтэл, ёс суртахууны нийтлэг, амь наснаас давсан нэр төр ба үзэл санаа нь мөнөөх “шавар гэрт” л соёлсон ургамал ажгуу)
Хөвөрхий зангилаа нь монголчуудын төрийн байгуулал, нийтлэг үзэл санаа, үнэт зүйл бүрдэх явцад ч нөлөөлсөн байж болох талтай. Бүдүүвчлэн хэлбэл, нэг уяаг нь тайлахад бүрэн хөрвөх боломжтой улс төрийн байгуулал, айн???
Саяхны түүх. 1990 оны 1 сарын 21-нд болсон Ардчиллын талынхны жагсаал “Коммунизмын эцгийн нэг В.И.Лениний нас барсан өдөр”-тэй таарсан юм. Жагсаал цуглаан зохион байгуулагчдын уриалгаар, хурсан олон В.Лениний дурсгалыг хүндэтгэн хөхөө өвлийн хүйтэнд малгайгаа авцгааж, ердөө маргаашаас нь “их багш”-ийнхаа суртлыг нураалцах нигууртай 50.000 толгой цан хүүрэг савсуулж байлаа. Үнэхээр ч хэдхэн хоногийн дараа монголчуудын социалист гэрийн бүслүүрийн нэг хөвөрхий үзүүр татагдаад нуран унасан билээ. Хэн ч гайхсангүй, эргэлзсэнгүй. Ердөө л жирийн нэг нүүдэл хийсэн айлын ёсоор капитализмын шинэ бууцанд гэрээ барьж эхлэвэй.
Амьдрал нь маневр болсон нүүдэлчид нэг үзэл санаа (ёс суртахуун, нийтлэг үнэт зүйлс бүрдэх), нэгэн хэвийн үргэлжлэх тогтоц (социалист дэглэм, эсвэл ардчилал) сэлтэд дасах дургүй болсон юм биш биз? Тэд хотшил, нийгмийн тогтоц, төрийн системээ нэг л өглөө хөвөрхий үзүүрээс нь татан буулгаад нүүн одоход бэлэн, гагцхүү зохистой цагийг хүлээн суух учиртай гэсэн итгэл үнэмшилтэй хэвээрээ бол яах вэ?
ҮЗЭЛ САНААНЫ УЛИРАЛ
Тийм ээ, хээр тал нутаг үенгийн өнгийг тодорхойлсон шигээ нүүдэлч монголчуудын зан суртал, үзэл санааг бүтээлцсэн билээ. Тал нутгийн дөрвөн улирлын эрхээр үен үснийхээ өнгийг сольдог бол монгол хүн аж төрлийнхөө хэлбэрийг өөрчилнө. Өвлийн цагт тундрын уугуулуудаас эгээ үл ялгагдана.
Гэхдээ, хүйтний асуудлыг шийдэх нь малчны зорилт биш. Харин хүйтнийг даван туулах нь гол зорилго. Шийдэх, аргалаад өнгөрөх хоёр бол шал өөр сэтгэлгээ бөгөөд өөр өөр сэдэл өгч, тус тусдаа шийдэл төрүүлдэг. Гэрийг зөвхөн өвөлд зориулан дулаалж болохгүй, учир нь хавар, зун хүлээж байгаа. Иймээс үүрдийн дулаан гэр бүтээсэнд орвол, түр зуурын хүйтнийг даадаг, маш амархан хувиргаад халуун дулаан тохиромжтой сэрүүн ордон болон хувирдаг байх нь чухал.
Зуны монгол хүнийг харвал аз жаргалдаа умбасан, найр наадам хэссэн, сайхан “шоучин гар” харагдана. Монгол орон их далайгаас ангид боловч “зугаа-парти”-ны сэтгэгдлээрээ Газрын дундад тэнгисийн цэнгээнт эрэг, элсэн хаялгын уур амьсгалтай болчихно. Хээр тал үенгийн арьсыг зуны өнгөнд зохицуулсан шигээ монгол хүний амьдралын хэмнэлийг зугаа цэнгэлийн мөчлөгт татан оруулна.
Монгол хүний амьдралд хандах хандлага ямар байхыг Монголын байгаль л шийджээ.Нүүдэлчдэд сэтгэл зүрхээ өгч судалсан эрдэмтэн, ажигч гярхай Г.Рамстедт хүртэл “Зуданд мал нь үхээд байхад монголчууд ямар ч арга хэмжээ авдаггүй. Зүгээр л харсаар байгаад үхүүлдэг” хэмээн гайхширсан байдаг. Энэ мэтээс уламжлаад, “нүүдэлчид залхуу учраас малдаа хадлан өвс бэлтгэдэггүй” тухай номлолыг суурин иргэдээс гаргажээ.
ХХ зуунд тал нутгийн социализм байгуулагчид энэхүү дутагдлыг бут ниргэхээр шийдсэн байдаг. Ингээд улс даяараа өвс хадлан бэлтгэх кампанит ажил өрнүүлж, улсад хураан авсан мал сүргийг өвөлжин тэжээх болжээ. Хадлан тэжээл бэлдэх мэргэжлийн байгууллага болох Мал аж ахуйн машинт станцаас эхлээд тэжээлийн аж ахуйгаар дагнасан “сум-аж ахуй” хэмээх засаг захиргааны нэгж хүртэл бий болов. Ингэж тэжээгээд байтал нэгдлийн мал 24 сая толгойгоос дээш гаралгүй гучин жил болж, социализм нурав.
Малын тэжээл, хадлан төрийн бодлого байхаа больсноос хойш харин ч мал сүрэг өсч, 60 орчим сая толгойд хүрчээ. Философи нь “юманд бэлдээд дэмий”, бүүр нарийвчилбал “хуримтлал хэрэггүй” гэсэн логик. Ийм болоод л монгол айлын ч, Монголын засгийн газрын ч философи нь: “хуримтлуулахдаа биш хэрэглэхдээ”, “олдсон дээр нь идээд дуусгахгүй бол нохойн хоол болно”, “хэрэглэж амжаагүй бол хайран юмаа хаяад нүүдэг юм шүү, хүү минь” гэсэн өгүүлбэрүүдэд л багтаж байгаад гайхах хэрэггүй. Саяхны (2010 аад оны) эдийн засгийн түр сэргэлтийн жилүүдэд олсноо хувааж ядахдаа “эр хүн болж үзэж авгай авсны мялаалга”, “Монгол Улсын иргэн болсны шан” болгон үрээд дууссан нь яг л ачаа бараагаа бушуухан хөнгөлж байгаа малчны араншин бөлгөө. Олсноо бушуухан хэрэглэж дуусах аргаа олж ядсан дээрх ажлын нэр нь арай боловсронгуй “Шинэ гэр бүлийн тэтгэмж, хүүхдийн мөнгө” гэхчлэнгийн соёлч боловсон байгаа л даа. Гэхдээ л яг логик дээр нь очих юм бол “тогтмол секс хийдэг болсны, улмаар тогтмол сексийн үр дүн гарсны л урамшуулал” л даа.
За, энэ ч яахав, өвс хадлан ярьж яваад нөхөн үржихүй рүү орчихож. Өвс бэлтгэх кампанит ажлын үнэн төрхийг илтгэсэн нэгэн хэллэг монгол хэлний үгсийн санд үлдсэн нь “Өвс зулгаах”, “өвс түүх” бөлгөө. Түүх, зулгаах гэхээр ширхэглэн хуримтлуулах, нэг нэгээр цуглуулах талын юм бодогдож байгаа бол зөв өө.
Орхон, Сэлэнгийн бэлчир хавийн нутгийг эс тооцвол, хээр талын өвс нэн тачир, техникээр байтугай гар хадуураар хадах ургац маш ховор. Иймээс хадны завсар, довны оройгоор ургасан өвсийг бараг л нэг нэгээр нь зулгааж, түүсээр хадлан бэлтгэх төлөвлөгөө биелүүлнэ. Малчин иргэд, сурагч, оюутнууд намар болгон нэг шуудайгаас доошгүй хэмжээний өвс зулгаан тушаах үүрэг хүлээх болсон нь энэнтэй холбоотой.
Зүгээр л хэллэгээр нь төсөөлөөд үз л дээ, үсийг авдаг, сахлыг зулгаадаг. Өвс зулгаах үнэн ярвигтай, хэрвээ таныг , ялангуяа монголчууд шиг ургацгүй эрүүтэй хүний сахлыг зулгаасаар нэг шуудай дүүргэнэ гэвэл ямар байх бол?Иймээс, нүүдэлчид мянганы турш өвс зулгаан түүхээс хол хөндий иржээ. Энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь юм.
Нөгөө талаасаа, ургац ихтэй нуга хөндий олдоод маш их хадлан авчээ гэж бодъё. Гэтэл өнтэй жил болоод түүнээ хэрэглэхгүй өгөршүүлээд хаявал хайран хөдөлмөр болно. Бүүр “харын зуд” буюу цас бага унаснаас мал усгүйдэх аюул нүүрлэж өвс хураасан өвөлжөө байтугай нутгаа орхин нүүж отор хийж болно. Угаасаа монгол хүн өвлийг давах гэж байгаагаас бус өвлийн асуудлыг шийдэх гэж байгаа юм биш. Иймээс өвлийг хуурах хэрэгтэй. Тийм ээ, асуудлыг хуурах замаар давах…
ХХ зууны эхэн дунд үеийн монголчууд хувьсгалт аллага, өмч хөрөнгийг нь булаан хураасан хүчирхийллийг яг ингэж харсан юм. Бүгдтэй түр зохицоод, аргалаад ард нь гарах ёстой. Ямар ч хатуу өвлийн цаана урин хавар, залгаад дэлгэр зун хүлээж байдаг. Дулаан дээлээ өмсөж аваад давах л ёстой, тэрнээс биш өөрийн зам, өөрийн араншинтай өвөл, хүйтэн хоёрыг шийдвэрлэх гэж мугуйдлах хэрэггүй. Угаасаа, байнгын өвөлтэй газар амьдрах ч гэж байгаа биш.
Яг түүн шиг хувьсгалт хүчирхийлэл, социализм байгуулалт хоёрыг монголчууд улаан дээл өмсөөд гэтлэхээрээ шийдсэн юм. Тал нутагт үнэн хэрэгтээ тууштай марксист, үнэнч коммунист үнэндээ байсангүй. Тэнд зүгээр л, марксизмаар эсгэсэн нэхий дээл өмсөөд коммунизмын зудтай өвлийг гэтэлж яваа нүүдэлчид байлаа.
Харин 1990 онд дэлхийн социалист систем нуран унаж, Монгол орон хувь зохиолын эрхээр ардчилал, чөлөөт зах зээлийн замд орлоо. Монголчууд Марксизмын улаан өвөл нэгэнт өнгөрснийг хараад, урин хавартай золгосон нүүдэлчний зангаар марксист дээл тайлан чулуудлаа.
Тэдний дотор ясны марксист байтугай, даян дэлхийн хувьсгалд гэнэхнээр итгэж явсан гэхээр хүн ч бараг харагдсангүй. Тал нутгийн нүүдэлчид төрөлхийн эрх чөлөөнд дурлагчид, эхээс төрөхийн ардчилагчид байсан байж таарав. За энэ ч яахав гэтэл…
За энэ ч яахав гэтэл, ардчиллаар замнах, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцаа мөн л улирлын байдал мэт үнэлж эхлэв. Түүгээр ч барахгүй “хэзээ ардчилж дуусах”, “нэг л өдөр зун дуусч, өвлийн улирал эргээд л ирдэг шиг, ардчилал хаахна дуусч, дэглэм хэдийд эргэн ирэхийг сонирхож” эхлэх нь тэр.
Тал нутгийн дөрвөн улирлын аль нэг нь урт үргэлжилбэл мал аж ахуйд хортой байдаг. Зун хэтэрхий сунавал намар шахагдаж богиносоод, малын тарга тогтох үе багасч хохирно. Намар хэтэрхий уртасвал намаржааны бэлчээр хомсдоно, өвөлжөө нь усгүйдэх нүүж очих аргагүй болно гэх мэт. За, хахир хатуу, урт хавар бол ярих ч юм биш. Ийнхүү, улирал бүрт сунах, уртсахын хор хөнөөл бий.
“Яг түүн шиг” хэмээх телевизийн шоуны нэр санаанд ордог нь нүүдэлчид маань ардчилал, зах зээлийн тогтоцыг яг л жилийн улирал шиг санаж, түүнд дасан зохицохын оронд даван туулаад цаана нь гарахыг хүлээж байгаа юм биш байгаа? Ардчилал, эрх чөлөө сайхан уу гэвэл сайхаан. Гэхдээ л сайхан зун ч гэсэн хэтэрхий урт үргэлжилбэл яадаг билээ дээ, хүүхээ!
ТИЙМ, БАС ҮГҮЙ ГЭДЭГ НЬ
“Нууц товчоо”-нд өгүүлснээс үзвэл, монголчуудад гэмт хэрэгтнийг ял эдлүүлэх шорон байтугай, сэжигтнийг түр саатуулах байр гэж байсангүй. Иймээс, Таргудай бээр олзлон авчирсан Тэмүүжинг айл айлд нэг хоног хадгалуулан саатуулдаг. Монгол гэр нь өвөл зуны универсаль сууц, агуулах, төлийн байр болохоос гадна хэрэгтэй цагт шорон болон хувирдаг айхавтар хөрвөх чадвартай эд ажгуу. Эзэд нь ч бас агшин зуур хуяг харгалзагч болон өөрчлөгдөнө. Гэвч хэтэрхий олон функцтэй багаж эвдрэх нь амархан байдгийн нэгэн адил гэр нь шоронгийн үүрэг гүйцэтгэх боловч найдвар муутай эд аж, ялангуяа эзнийх нь сэтгэл хоёрдмол бол. Ингээд Тэмүүжин гэр-шоронгоос эзнийх нь оролцоотойгоор оргон зайлна.
Энэнээсээ болоод хэдхэн төрлийн ял шийтгэл байсан нь толгойг авах, эсвэл зодох ташуурдах зэргээр газар дээр нь ял шийтгэл эдлүүлээд тавьж явуулах байв. Гэм зэм хоёр таарах нь ч байдаг л байх, гэхдээ нэг бол ял завшуулна, эсвэл хэлмэгдүүлнэ.Уртаашаа хоёрхон ял шийтгэл дээр хууль цааз, ёс суртахууны цогцлол бүрдэх хэцүү.
Ялсан тал дүрмээ тулгах учраас нийтийн үзэл суртал, ёс суртахууны нийтлэгийн тухай яриад яах билээ. Чингис хаан хараахан болоогүй явсан Тэмүжин хүү ердөө “хоол хүнс булаалдсан” гэх шалтгаанаар эцэг нэгтэй дүүгээ харван ална. Тангарагт анд Жамуха, өнчин явахад нь эцгийг нь орлосон ачит Ван хаан бүгд түүний гарт амиа алдана. Ийм нутагт ёс суртал бус, сэлэм жад л ноёлно.
Оройлон захирагч нартаа албат цэргүүд үнэнч байдаг нь ёс суртахуунаас арай өвөрмөц агуулгатай. Талын дайчид илүү их олз омог цуглуулан хуваарилж чадах нэгнээ бараадаж, зүтгэл оролцооныхоо хэрээр дайны хишиг хүртэнэ. Бизнес сонирхол нь үнэнч байдалд хөтөлж байгаа юм биш үү?
Тийм ч учраас орчин үеийн судлаачид Чингис хаан ба түүний байлдан дагуулалтыг цэрэг дайны утгаас илүүтэйгээр бизнес менежмэнтийн арга талаас нь судлах болсон билээ. Үнэхээр ч тэрээр, байлдан дагууллаа өөрийн жанждаас эхлээд жирийн цэрэг, холбоотон хамтрагчдад хүртэл ашиг унацтай бизнес болгон хөгжүүлж байсан нь энд ярих сэдэв биш юм.
Дайны хууль дүрэм голлосон тал нутагт ёс суртахууны өвөрмөц хууль үйлчлэх нь дамжиггүй. Овог аймгаа, гэр бүлээ ямар ч хамаагүй үнээр авч үлдэх нь тал нутгийн оршихуйн гол дүрэм байлаа.
Үргэлжлэл бий