Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр “Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар гурван уурын зуух барьж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын баатар Л. Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн Халх гол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр нууцын зэрэглэлтэй асуудлыг дэлгэж буйгаа мэдээллийн эхэнд онцоллоо.

БНХАУ-ын 800 иргэнийг хэн Монголд оруулж ирсэн вэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хаалттай хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй уулзсан. 10 дугаар сарын 12-15-нд Хуан гэх хятад иргэн Засгийн газрын Шадар сайдтай уулзсан байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсийн дарга нар тус уулзалтад оролцжээ.

Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Алтанбулаг, Цагаан нуурын чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зорилгоор хятадуудтай уулзаж, туршилт хийх хүсэлтийг тавьсан байна.

Одоогоор 800 хятадыг оруулж ирсэн хэргээр Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн 461 дүгээр ангид хоригдож байна. Нийт 53 халхавч компани байгуулж, ГХЯ, ТЕГ-т хүсэлт гарган, жуулчин нэрээр орж ирсэн байна. Энэ асуудлыг ТЕГ болон ГХЯ анхнаас нь мэдэж байсан. Оруулж ирэхдээ ч, гаргахдаа ч зохион байгуулалттай ажилласан байна” гэсэн мэдээллийг Ж.Батзандан гишүүн өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын урилгыг 16 улсын сайд нарт гардуулжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Олон улсын залуучуудын ногоон наадмын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав.

Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны есдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд зорилго нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг спортоор дамжуулан залуусын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан илүү таниулж мэдүүлэхэд оршино.

Тус наадамд оролцох тамирчид нь 18 хүртэл насныхан байх бөгөөд спортын болон паралимп, тусгай олимп, дифлимпийн төрөл хамт зохиогдох, хүйсийн тэгш оролцоог хангах зэрэг олон онцлогтой наадам юм.

Categories
мэдээ нийгэм

Геодезийн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлиг гаргаж, геодезийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон тэмдгээр шагнаж урамшуулсныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-оор “Аварга геопроект” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Дорлигжавын Оюунцэцэгийг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор “Инженер геодези” ХХК-ийн захирал Чойжилын Цэрэнбат нарыг тус тус шагналаа.



Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Бээжингийн чиглэлд хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна

Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг өнөөдөр ослын буулт хийсэн талаар мэдээлэл гараад байгаа юм.

Энэ талаар МИАТ компаниас тодруулахад “2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар – Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 08:01 цагт хөөрсний дараа агаарын хөлөгт техникийн үзлэг газарт хийх шаардлага гарсан.

Иймд тус нисэх буудалд 08:42 цагт эргэж хэвийн газардсан. Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг ослын буулт хийгээгүй. Энэ бол ослын буулт огт биш.

Одоогоор /13:30 цагийн байдлаар/ тус “Боинг 767″ агаарын хөлөгт техникийн үзлэг хийсэн тул Улаанбаатараас Бээжингийн чиглэлд яг одоо хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Тирлик” захад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, дөрвөн гуанзны үйл ажиллагааг зогсоолоо

Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 04/387 тоот удирдамжийн дагуу “Тирлик” захад үйл ажиллагаа явуулдаг мах худалдан борлуулдаг 9 цэгийн 31 худалдагч, хүнсний ногоо худалдан борлуулдаг 18 дэлгүүр, 10 гуанзны үйл ажиллагаанд холбогдох хяналтын улсын байцаагч нар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар орон байрны өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй, гар угаах нөхцөл бүрдээгүй, орон байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэн 4 гуанзны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, зөрчил гаргасан 5 гуанзны эздийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 700,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.


Мөн шалгалтын явцад зөрчил, дутагдал гаргасан мах, ногоо худалдан борлуулдаг худалдааны 10 дэлгүүрт улсын байцаагчийн хамтарсан 5 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар батлав

Ийнхүү Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд 100%-ийн саналаар буюу чуулганд оролцсон 46 гишүүн бүгд дэмжсэнээр батлагдав.

Уг тогтоолд Оюу толгойн гэрээг сайжруулж, хуульд нийцүүлэх талаар найман зүйлийг багтаасан юм.

“ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ ЗАЛУУСЫГ ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРТ АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛСЭН”

Н.Амарзаяа: ОТ төсөл хэрэгжсэнээр монголын залуус олон улсад төдийгүй дэлхийд, уул уурхайн салбарт удирдаж ажиллах боломжийг бүрдүүлж чадсан. Өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой, 34 хувьтай холбоотой 2009 онд гишүүнээр ажиллаж байсан гишүүд нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна. Тэр үед та бүхэн хэрхэн ажилласан юм бэ? УИХ-ын дарга та ямар байр суурьтай байсан болоод одоо ямар байр суурьтай байна вэ?Г.Занданшатар: 2008 оны арванхоёрдугаар сард УИХ 40-р тогтоолыг баталсан. Энэ тогтоол Монгол Улс 34 хувь эзэмших, бүтээгдэхүүн хуваах зарчим зэрэг олон улсын компанид зальдуулахгүй байх гол зарчмуудыг заасан. Тийм учраас би дэмжсэн. Харин 57-р тогтоолыг батлахад би дэмжээгүй тул оролцоогүй. 57-р тогтоолоор Оюу толгойн гэрээг зөвшөөрөх эрхийг Засгийн газарт өгсөн. Тиймээс бодит бус гэж үзэж би эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралд оролцоогүй. Харин тэр хуралд одоогийн УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нар дэмжиж оролцсон байдаг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох талаар орсон. Энэ заалтыг хатуу баримтлах хэрэгтэй. Энэ тогтоолыг гаргахаас арга байхгүй. Дубайн гэрээг засаж сайжруулах талаар нэн яаралтай хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Гэхдээ Оюутолгойн үйл ажиллагаа үргэлжлэх ёстой гэсэн зарчим хэвээр байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөрөнгө оруулалтын зардал өссөн талаар гишүүдийн асуултад хариулав.

2010 оны ТЭЗҮ-ээр 14.5 тэрбум долларын хөрөнгө зарна гэсэн тооцоо байсан. 2015 оны ТЭЗҮ-ээр 14.5 маань 42.3 болж 27 тэрбум доллароор өссөн. Яагаад гэхээр хөрөнгө оруулалтын дизайн өөрчлөгдсөн гэсэн.

2010 онд 375 сая тонн нөөцтэй байсан бол 499 сая тонн болж 2015 онд 30% нэмэгдсэн. Гэтэл хөрөнгө оруулалт 3 дахин нэмэгдсэн. Энэ тооцоог шалгах, судлах шаардлага үүссэн гэв.

Гэрээ байгуулснаас хойш УИХ анх удаа шийдвэр гаргах гэж байна.2009 онд анх гэрээ байгуулаад, Дубайн гэрээ байгуулаад С.Баяр, Ч.Сайханбилэгийг хуулийн байгууллага шалгаад гэм бурууг тогтоож, яллах дүгнэлт хийсэн. Гэрээ Монголд хохиролтой болсныг хүн бүр хүлээн зөвшөөрч байна. АТГ-ын дүгнэлтэд ч, УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтэд ч Дубайн гэрээ олон улсын гэрээ хэлцэл биш гэж дүгнэсэн. Монгол Улс 34 хувийг үнэгүй эзэмших ёстой байсныг Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, үнэтэй эзэмшсэний төлөө 1.4 тэрбум долларын өртэй болоод байна. 6.2 тэрбум долларын ашгийг Рио Тинто авсан байхад Монгол Улс 0 төгрөг авсан байна. Одоо гэрээг өөрчлөхгүй бол бид хэзээ ч ногдол ашиг авахгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон тохиолдолд л хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр гэрээ байгуулсан ч 6 тэрбум доллароор хөрөнгө оруулалтаа нэмээд 11.1 тэрбум долларт хүргээд байна. Тогтоолын дагуу Ажлын хэсэг байгуулагдах байх. Л.Оюун-Эрдэнэ сайд ахлах байх. Энэ хүнээс бусад хүн ОТ компанийнхантай уулзахыг хориглож, Монгол Улс нэг цонхоор ажиллах ёстой.

Анх гэрээ байгуулах гэж байхад талхны зурагтай сурталчилгаа явсан. Талхны 70% монголчуудад очно гэж байсан. Одоо үүнийг дүгнэх хэрэгтэй.Монголын талын 34 хувийн өр 1.4 тэрбум доллар болжээ. Гэтэл ОТ-н хөрөнгө оруулалт 11.1 тэрбум доллар болсон байна. Бид өдөр бүхэн өр үйлдвэрлэдэг хувьцааны эзэд болсонд гайхаад байна. Анх 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан хэрнээ 11.1 болсон нь ямар учиртай вэ?Хамгийн том татвар төлөгчтэйгөө татварын маргаантай болсон. 3.2 тэрбум долларын санхүүгийн зөрчил гарсан гээд байж байна. Менежментийн үйлчилгээний төлбөрийг тооцоод үзэхээр Монголын талын өгөөжид менежментийн зардал сөрөг нөлөөлж байна. 2041 он гэхэд менежментийн зардал 2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Хөрөнгө оруулалт хэрэв нэмэгдвэл хугацаа улам цаашилна. Иймэрхүү нөхцөл үүссэн тул тодорхой хэлцэлд орж, 34 хувийг яах вэ, цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлага байна. ОТ-н хүлээсэн үүрэг биелээгүй байна. Наад зах нь жилд 130 сая доллар цахилгааны үнэд гадагш төлж байна.Б.Баттөмөр:Авсан зээл 11.1 тэрбум долларын зээлээ бодохоор 2041 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй. -Цахилгаан станц байгуулах заалтаа дунд нь бид нэг хүчингүй болгосон. Одоо тэр заалт хүчинтэй. ОТ компани ЦС байгуулахад 1.3 тэрбум доллараар барихаар байна. Эндээс гарах нэг кВт цахилгааны үнэ дэлхийд байхгүй санал болоод байна. Сэргээгдэх эрчим хүчнийхийг 500 сая доллараар барих санал Монголын консерциумууд өгсөн. Татварын байцаагч шалгахаар бөөн зөрчил илэрдэг. Дубайн гэрээ байгуулахад татварын олон актыг хүчингүй болгосон ийм байдалтай байгаа.

Тиймээс уялдааг сайжруулж, хоёр тал хэл амаа ололцмоор байна.

Ц.Түмэнцогт: 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, мөнгө 2,750 тонноор батлагдсан

Оюутолгой ордын ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан. 2015 онд шинэчлэн баталсан. Ашигт малтмалын хуулийн дагуу 5 жил тутамд батлах ёстой. 31.4 сая тонн зэс, 1,200 тонн алт, мөнгө 2,750 тонноор батлагдсан.

Эрдэнэт үйлдвэрийн төсвийн орлоготой харьцуулж бид бас үздэг. Эрдэнэт үйлдвэр бол АМНАТ төлж байгаа. Зэсийн үнэ 6,000-аас доош байвал 11%, 6,000-аас дээш байвал тонн тутамд 16% төлдөг. “Оюу толгой” АМНАТ 5%-аар төлөхөөр тогтворжуулж гэрээ байгуулсан.

Анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд, ногдол ашгаа хуваарилахад үйлдвэрлэл, экспорт гурав дахин нэмэгдэнэ.

Л.Элдэв-Очир: Засгийн газар гуравдугаар зүйлд анхаараач. Монгол Улс 34 хувиа өрөндөө өгөөд авах ёстой татвар роялтигаа авдаг болбол тухай бүртээ илүү ашиг хүртээд явна. Энэ бол Ашигт малтмалын тухай хуульд байгаа зохицуулалт.ОТ-н гэрээг цуцлах асуудал огт байж болохгүй. Засгийн газраас саналаа оруулж ирээд эцсийн шийдвэрийг УИХ гаргая. Ингэж шийдэхгүй бол алсдаа улам хэрүүл болохоор байна. Шаардлагатай бол Засгийн газар УИХ-аас ажлын хэсэгтээ гишүүд оруулаад шийдмээр байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Нэг цонхны бодлогыг дэмжиж байгаа. Бүтэн 6-7 сарын турш хэлцэл хийх боломжгүй байж ирсэн. Эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газрын төлөөллөөс бусад нэг ч хүн уулзаж болохгүй гэж хязгаарлах ёстой. Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах эрх олгосон 99-р тогтоол, 2015 оны нэгдүгээр сарын 23-нд Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Засгийн газрын шийдвэр тогтоол, шийдвэрээр явж болно. Гэхдээ хөрөнгө шийдэхтэй холбоотой, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээн дээр яамдын санал авч, Засгийн газрын хуралдаанаар албажих ёстой ч энэ процессыг орхисон. 12 хоногийн дараа шүүхийн захирамжийг бичгээр авсны дараа цаашид яахаа шийднэ.

Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюу толгойгоос удирдамж авч ажилладаг

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:ОТ компанийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж гурван гишүүн байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Сүхбаатар, миний бие Түмэнцогт нар ажиллаж байна. Бид ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар Эрдэнэс Оюу толгойгоос удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, зардлын хэтрэлт, өгөөж дээшлүүлэх, хүүг бууруулах талаар ажиллаж эхэлсэн. Өгөөж бол татвар ногдол ашигаар авахаар байгаа. Өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн чухал нь Эрчим хүчийг Монголоос хангуулах. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудал байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар дотроо боловсруулж, цэвэршүүлэх ажил хийгдэнэ. Бэлтгэн нийлүүлэх ажлыг Монгол компаниудаар хийлгэхэд анхаарч байгаа. Төслийн хүрээнд орж ирж байгаа 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авахад зарцуулагдаж байна. Төслийг урт хугацаанд өгөөжийг харсан бодлогыг “Эрдэнэс Монгол” барьж ажиллаж байна. Томоохон асуудлуудыг ЗГХЭГ-тай байнга хамтарч ажиллаж байгаа.УИХ-ын гишүүн А.Сүхбат:Усны талаар үнэн зөв мэдээлэл өгөөч. Уурхайд очиж үзэхэд говийн усыг хайр найргүй ашиглаж байна. Говийн ус нөхөн сэргээгдэхгүй, баялагтай нь адилхан үнэ цэнтэй.Оюутолгой өдөрт 5 сая долларын борлуулалт хийдэг гэсэн. Монголын ард түмэн роялти авах хэрэгтэй. Гэрээг дахин авч үзэн, ширээний ард сууж, монгол ард иргэдэд өгөөжөө өгөх хэрэгтэй.“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт:Говийн бүсийн усны асуудал эмзэг. 2010 оноос хойш ОТ компани усны төлбөрт 16.9 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн. Хамгийн сүүлийн үеийн, ус бага ашигладаг технологи ашиглаж байгаа. Нийт ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг технологи ашигладаг.

Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:Дубайн гэрээ Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн нь үнэн.2009, 2011, оны гэрээ 2008 оны УИХ-ын 40-р тогтоол, 2009 оны 57-р тогтоол энэ болгоныг сайжруулж, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлж сайжруулж, шаардлагатай бол зөвлөх үйлчилгээ авах талаар тогтоолын төсөлд оруулсан. Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал байгаа. Гэхдээ Засгийн газар руу яагаад өгч байгаа гэхээр Засгийн газартай хамтарч, гэрээг сайжруулж, шинэчлэл хийх, зээлийн хүүг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг саналыг Оюу толгойгоос ЗГ-т өгсөн юм билээ. Тиймээс цуцлахаасаа илүүтэй сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

“Рио Тинто” компанийнхан уулзах саналыг маш олон удаа тавьсан. Би нэг ч уулзаагүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: “Эрдэнэс Оюу толгой” ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байнаАжлын хэсэгт орж ажилласнаас хойш “Рио Тинто” компанийнхан уулзах саналыг маш олон удаа тавьсан. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхны бодлоготой байх хэрэгтэй байна. “Эрдэнэс Оюу толгой” ТУЗ-ийн гурван гишүүн маш муу ажиллаж байна. Энэ хүмүүсийн идэвхтэй байр суурь, хүчин чармайлт ажиглагдахгүй байна. Бид 34 хувь эзэмшсэнийхээ төлөө өрөнд орж байна. Шүүх дээр юу болсон талаар Засгийн газрыг төлөөлж орсон хүн хариулт өгөх хэрэгтэй. Монголын эрх ашиг байгаа бол Засгийн газар ярих ёстой.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Уг тогтоолын төслийг яг одоо УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаатар: Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй пиишин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах магадлал өндөр байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүслээ. Тэрбээр “Энэ долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж гурван дуудлага ирсэн. Тухайн дуудлага өгсөн иргэд маань эмнэлгийн тусламж зөвлөгөөг авсан. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байна. Тиймээс иргэдэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөмөөр байна” гэв.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Угаарын хийнд хордсон гэх дуудлага сүүлийн өдрүүдэд эрс багассан нь галлагааны зөвлөмжийг хэвшүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд онцгой анхаарч олон нийтэд хүргэж ажилласны үр дүн. Нийслэлд өдөрт 300-400 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Автомашинаас гарч байгаа хий нь хүний эрүүл мэндэд маш хортой гэж судалгаагаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үүнтэй холбогдуулан зөвлөлийн хурал дээр хар утаа хаяж, агаар орчин бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдийг хотын төвөөр зорчуулахгүй байх үүрэг чиглэл өгсөн байгаа. Тиймээс хар утаа их хаяж агаар орчны бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг бид “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд авч, яаралтай арга хэмжээ авч ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллага дуураймал эртний эдлэл зарж, иргэдийг залилж байсан БНХАУын иргэдийг илрүүлжээ.

Тодруулбал, “БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авсан байна.

Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан бөгөөд хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай, үнэ цэнтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.

Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирэхдээ цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл хэмээн гаальд мэдүүлсэн байна. Тухайн эд зүйлсийг Геологийн төв лаборатори, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох нь тогтоогджээ.

Иймд эртний эдлэл сонирхогчид энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдынхаа цалингаас хууль бус суутгал авч байсан зөрчил илэрлээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэнээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээлэл иржээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай компанийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүлжээ.

Тус компанид зөрчлийн хэрэг нээж шалган ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9,899 юань буюу 3,954,753 төгрөгийг улсын ахлах байцаагчийн 02-06-044/53 дугаар бүхий акт үйлдэж, ажилчдад буцаан олгуулсан байна.

Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж байгаа аж.