Categories
мэдээ нийгэм

ҮХЦэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдан хийлгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 17,5 км автозамыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж дууслаа.

ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс орон нутагт ажиллаж хүлээн авч байнгын ашиглалтанд орууллаа.

Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн 2 үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологийг нэвтрүүлж, нутагшуулсан. Энэхүү замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг зөөхөд ямар ч заадгүй, эвдрэл гэмтэлгүй ашиглагдах боломжтой юм.

Мөн орон нутгийн чанартай автозам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын замыг барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна.

Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах 240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат: С.Зориг агсны хэрэгт захиалагчийн тухайд тагнуулынхан “Бидэнд хангалттай баримт байгаа” гэдэг

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрэг шалгах явцад эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын есөн хүн буруутгагдсан. Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад буй.

Эрүү шүүлтийн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булган хохирогчоор оролцсон юм. Тус хэргийн эргэн тойронд ямар нөхцөл байдал өрнөж байгаа талаар Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбаттай ярилцлаа.


-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарыг эрүү шүүлтийн хэргээр шүүснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ямар нөхцөл байдал өрнөж байна вэ?

-Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцээгүй шийдвэр гаргасан.

Энэ нь хэргийг сунжруулах нэг нөхцөлийг бүрдүүлсэн. Уг нь хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх ёстой. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ямар асуудлыг хэлэлцэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой байгаа.

Нэр бүхий есөн шүүгдэгч өмгөөлөгч нарын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэдэг хүсэлт гаргаж байсан. Шүүх тэр хүсэлтийг хүлээж аваагүй, цааш үргэлжлүүлсэн. Ингээд тав, зургаан хоног үргэлжилсэн шүүх хурал болсон шүү дээ. Шүүх бүрэлдэхүүн зөвхөн тэр есөн хүн гэм буруутай юу, гэм буруугүй юу гэдэг хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой байлаа.

Хэрэв гэм буруутай гэж үзэх юм бол ялын асуудал яригдана. Гэм буруугүй гэж үзвэл тэр хүмүүсийг цагаатгах асуудал яригдана. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн учраас прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн байдаг. Хохирогч нарын зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцсон. Мэдээж анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүх дээр очоод унах нь ойлгомжтой. Тэгээд унасан.

Унаад энэ хэргийг дахиж анхан шатны шүүхээр хэлэлцүүлье гэсэн магадлал гарсан. Одоо ямар байдалтай байна вэ гэвэл уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг прокурорт буцаасан асуудалтай холбогдуулаад зөвхөн прокурор эсэргүүцэл бичнэ. Ингэж,энэ асуудал шийдэгдэх ёстой.

-Улсын дээд шүүхэд. гомдол гаргах хугацаа дуусаж байгаа байх аа. Цаашид энэ хэрэг хэрхэн үргэлжлэх бол?

-Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхтэйгээр магадлал гарсан шүү дээ. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдлоо гаргаж байгаа гэж сонссон.

Гомдлыг хуульд заасны дагуу магадлалаа гардаж аваад 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гаргана. Дээд шүүх энэ хэргийг дахин 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй. 30, 30 хоног гээд яваад өгнө. Хэрэв Улсын дээд шүүхийн гаргасан тогтоол нэр бүхий есөн шүүгдэгчид таалагдахгүй бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь бий. Дахиад 30 хоног. Ингээд гурав, дөрвөн 30 хоног яригдаад байгаа биз.

Бараг дөрвөн сарын асуудал яригдах гээд байна. Ингэснээр 2020 оны дунд хүртэл хугацаа сунжрахаар байна. Гэтэл энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны есдүгээр сард дуусна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусах юм бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй болно.

-Хохирогчдын хувьд ашиггүй, ээдрээтэй нөхцөл байдал үүсэх нь ээ?

-Хохирогчдын хувьд асуудлаа шийдүүлэхэд хугацаа маш богино байна. Хохирогч нар янз бүрийн ашиг хонжоо хараагүй. Энэ хэргийг мөрдөх шалгах шийдвэрлэх хугацаанд хүний эрх ноцтой зөрчигдсөн байна гээд ХЭҮК нь дүгнэлтээ гаргачихсан. Олон улсын парламентын холбоо хэд, хэдэн удаа дүгнэлт гаргаад байгаа.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах ёстой гэж Олон улсын парламентын холбоо, манай Хууль зүй дотоод хэргийн сайд хүртэл хэдэнтээ мэдэгдсэн. Гэтэл тэр хүмүүс гурван шатны шүүхээс ял сонсчихсон. Хэрэв тэднийг суллах ёстой гэж үзвэл гурван шатны шүүх ямар хэрэг шийдсэн болж таарах вэ?

-Олон улсын парламентын холбоо энэ хэрэгтэй холбогдуулж дүгнэлтээ гаргаад Монгол Улсын холбогдох байгууллагууд руу дүгнэлтээ явуулсан байдаг. Тэр асуудлыг УИХ-ын Түр хороо хүлээж аваад өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж байна лээ.

Ер нь энэ хэрэг явах юм уу, үгүй юм уу. Хугацаа алдаж байна гэж байсан. Тэр бол үнэн. Хугацаа алдах магадлал маш өндөр.

Олон улсын парламентын холбооны мэдэгдлээр бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг яаралтай суллаач гэдэг асуудал яригдаад байгаа. Гэтэл гурван шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байна. Олон улсын парламентын холбоо, Монгол Улсын ХЭҮК дүгнэлтүүдээр гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа хүмүүсийг шууд суллаж гаргах боломжгүй юм. Учир нь Монгол Улсын шүүх засаглалын хараат бус байдалд нөлөөлөх болно.

-С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын дахь Түр хороо өчигдөр хуралдсан. Хурлаар юу яригдсан бэ?

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шууд суллах боломжийн талаар Түр хорооны сонсгол уулзалт болсон. Тэнд тагнуулын байгууллага, улсын ерөнхий прокурорын орлогч, нийслэлийн прокурорын орлогч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ХЭҮК, Түр хорооны гишүүд гэх мэт төлөөлөл оролцлоо. Үүн дээр хууль зүйн хувьд боломж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэх боломжтой. Энэ нь гэм буруугүй этгээдэд ял оногдуулахад хүргэсэн нөхцөл байдал бий болбол үүнтэй холбоотой хүсэлтээ хохирогч нарын өмгөөлөгч прокурорт гаргаад, прокурор дүгнэлтээ гаргаад Улсын дээд шүүх рүү явуулна.

Улсын дээд шүүх “Тийм байна. Гэм буруугүй хүмүүст ял оногдуулах нөхцөл байдал бий болсон байна” гэж үзвэл өмнөх гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгоод хэргийг прокурорт буцаана, нэг бол анхан шатны шүүх руу дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой.

Энэ тохиолдолд нэгэнт өмнөх шийдвэрүүд хүчингүй болсон учраас хохирогчдын таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж энэ асуудлыг шийдэж болно.

-Гэм буруугүй хүмүүст ял оногдуулах нөхцөл байдал бий болсон байна гэдгийг тайлбарлахгүй юу. Эрүү шүүлтийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад ингэж үзэх боломжтой юу. Эсвэл өөр нөхцөл байдал илэрсэн хэрэг үү?

-Өмнөх гурван шатны шүүх дээр хохирогч нар “Биднийг эрүүдэн шүүсэн, зодож цохисон асуудал гарсан” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнийг шүүх “Эрүүдэн шүүсэн нь нотлогдохгүй байна”гээд шүүхийн процесс үргэлжлээд явсан.

Гэтэл сүүлд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэж байгаа бичлэгүүд олон нийтэд ил боллоо. Бичлэгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжлээд ямар нэгэн эвлүүлэг биш байна гэсэн дүгнэлтээ гаргалаа. Тийм учраас тэр бичлэг өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл болно. Учир нь өмнөх хэргийг шийдсэн гурван шатны шүүх тэр бичлэгийг үзээгүй. Энэ бичлэгийг мэдэж байсан хүмүүс шүүх дээр гаргаж өгөөгүй.

Дарж хэвтсээр байгаад тэр асуудал шийдэгдсэн. Нөгөө талаар Б.Булганыг анх барьж хорихдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа, д.Амгаланбаатар гуравтай бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Жилийн дараа сулласан.

Мөрдөн шалгаад Б.Булганы хувьд энэ хүмүүстэй нийлж гэмт хэрэг үйлджээ гэдэг нь тогтоогдоогүй. Тогтоогдох ямар ч боломж байхгүй. Тийм учраас тухайн үед хэрэгт хяналт тавьж байсан прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хэргийг хэрэгсэхгүй болоод нэг жилийн хугацаа өнгөрсний дараа буюу Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар нарын хэргийг Улсын дээд шүүхээр шийдэж дууссаны дараа Б.Булганыг буцаагаад захиалагчтай холбоотой хэрэгт яллагдагчаар татах оролдлого хийгээд чадаагүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журам зөрчигдөөд байсан.

-Б. Содномдаржаа нарын асуудал хэрхэн шийдэгдэхээс Б.Булганы эрх яригдана. Тийм үү?

-Б.Булган Б. Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгах боломжтой мэдүүлэг өгөх байсан учраас шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдсэн. Б.Булган гуайн хувьд мэдээж энэ асуудалд, энэ хүмүүст санаа зовж байгаа.

Учир нь хүмүүс хэлмэгдэх гээд байна шүү дээ. Түүгээр зогсохгүй Б.Булган гуайн хувьд өмнөх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Дээрээс нь эрүүдэн шүүгдсэн. Энэ талаар ХЭҮК, Олон улсын парламентын холбоо зохих дүгнэлтүүдээ гаргаж байсан.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүйцэтгэсэн гэх хүмүүс гурван шатны шүүхээс ял сонсчихлоо. Одоо захиалагчийн асуудал юу болов гэж олон нийт хүлээж байна. Та бүхэн энэ талаар асууж тодруулж байна уу?

-Б.Булган гуайг анх хорих үеэс эхлээд д хэрэгт хяналт тавьж байсан прокурор, тагнуулынхан өмгөөлөгчийн хувьд би ярилцдаг байсан. Тагнуулынхан нэг л зүйлийг хэлдэг. “Нотлох баримт хангалттай” гэдэг. Би хариуд нь “Үнэхээр нотлох баримт хангалттай байгаа юм бол яагаад шүүх рүү шилжүүлдэггүй юм бэ. Яг одоо шилжүүлчих. Шүүхээр шийдүүлчихье” гэдэг.

Хариуд нь “Тэгнэ, өнөө маргаашгүй шүүх рүү шилжүүлнэ” гэж ярьсаар таван жил боллоо. Бодвол баримт байхгүй учраас шүүх рүү шилжүүлж чадахгүй байгаа.

-Б.Хурц нарыг шүүсэн зургаан хоногийн шүүх хурлын процессыг харахад хэргийг шийдвэрлэх боломж байсан уу?

-Шийдвэрлэх боломжтой байсан. Нэг бол гэм буруутай гэж үзэх, нэг бол цагаадах гэсэн ийм л хоёр шийдвэрийн аль нэгийг шүүх гаргах байсан.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ улс-төр

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна.

Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ.

Дээрх томилгоонуудыг маргааш холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэх юм байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Амарзаяа: Зарлагын өсөлтөөс хоёр хувийг орон нутгийн хөгжилд зарцуулахаар байгаа нь харамсалтай

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсвийн хуулийг батлагдлаа. Та 2020 оны төсөв дээр хамгийн их шүүмжлэлтэй хандаж байсан гишүүн. Ер нь таны бодлоор орон нутгийн төсвийн бодлогод нааштай, дорвитой өөрчлөлт байна уу?

-Төсвийн нийт зарлага нь 13.8 их наяд төгрөг болж 2.2 их наядаар өссөн. Урсгал зарлага 9.9 их наяд төгрөг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ. Бодоод үзье л дээ. Хотод сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Харин хөдөөд нэг ээлжээр хичээллэдэг. Гурван ээлжийг хоёр ээлж болгож нийгмийн дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт чиглэсээр л байна. Хөдөө эзгүйрсээр, хүн ам цөөрсөөр, аймаг хот руу шилжиж төвлөрөл ихэссээр. 2014 онд төсвийн орлого 4.7 их наяд, зарлага 5.6 их наяд, 2017 онд төсвийн зарлага 7.7 их наяд, зарлага 2014 оноос 8.2 их наядаар өссөн байна. Гэтэл орон нутгийн төсвийн суурь орлого, орон нутгийн хөгжлийн санд зарим нэмэлт орлогыг тусгаж орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага ДНБ-д 8.11 хувийг эзэлж байна. Орон нутгийн хөгжлийн санг өнгөрсөн жилийнхээс 45 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. 2.2 их наяд төгрөгийн зарлагын өсөлтөөс зөвхөн хоёр хувийг орон нутгийн хөгжил рүү зарцуулж байна гэхээр харамсалтай тоо. Улсын хэмжээнд эдийн засгийн бодит сектор томоохон бүтээн байгуулалт хийх чиг бодлого тодорхойгүй байгаа юм чинь төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг хангах, сумдаа жигд хөгжүүлэх, орон нутгийн бие даасан хөгжлийн бодлогыг дэмжих чиг хандлага ч бүр тодорхойгүй байгаа юм байна.

-Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Уул уурхай дагасан бүтээн байгуулалтаа яаралтай хийх хэрэгтэй. Тухайлбал зам, ус, цахилгаан гэх мэтээр орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн бодит дэмжлэггүй учраас нутгийн иргэдийн шүүмжлэл ихэссээр. Иймээс 2020 оны төсвийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ер нь эдийн засгийн гол түшиц салбар болон бүс нутгаа төрийн бодлогоор дэмжиж байж эдийн засгийн бааз суурь нэмэгдэх нь төсвийг боловсруулж байгаа төрийнхний харах хамгийн чухал өнцөг байсан л даа, үүнийг ойлгохгүй байна. Төрийн болон төсвийн бодлогоор л зохицуулалт хийх нь үгүйлэгдэж байна.Үнэхээр боломжгүй төсөв байсан бол би үүнийг ойлгоно.

-2019 оны төсөв нэлээн тогтворжилттой байлаа. 2020 онд төсөв тогтворжилтоо хэрхэн хадгалагдах бол?

-2020 онд төсвийн орлогын өсөлтөд гол нөлөөг хил гаалийн нэвтрүүлэх чадвар тоног төхөөрөмжийг эрс сайжруулах замаар гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлж татварыг бүрэн хураах, татварын шинэчлэлийн үр дүнд татварын бааз суурь өснө гэж үзсэн байна. Би үүнд шүүмжлэлтэй байгаа. Сангийн сайдын мэдээлснээр Гашуунсухайт зэрэг хэд хэдэн боомтуудыг сайжруулах талаар ярьсан. Гэхдээ эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй хилийн боомтуудаа жигд хөгжүүлэх асуудал чухал, энэ сүүлийн хоёр жил хийгдэж байна, цаашид ч дунд хугацаанд хийгдэнэ.

-Өмнөговь аймгийн хувьд асуудал хэр байна…

-Манай аймаг хоёр хилийн боомттой. Шивээхүрэн хилийн боомт дээр шинэчлэл хийгдэхгүй удаашралтай байна. Ер нь усгүй, тоггүй, замгүй, тохижилт муу, хил дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах, амьдрах нөхцөл муу байна. Ийм байхад Цагаан дэл гээд гурав дахь хилийн боомтыг шинээр нээнэ гэдэг асуудлыг нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байгаа.

-Тогтворжилт хангахгүй байгаагаас хүнд нөхцөл байдлууд үүсч байна шүү дээ…

-Манай улсын улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны увайгүй байдлаас шалтгаалан саарал жагсаалтад орсон явдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах, дотогшлох хөрөнгийн урсгал багасах сөрөг, үр дагавар бий болох эрсдэлтэй боллоо. Мөн Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн АМНАТ-ийн хууль эрх зүйн орчны асуудал бүрхэг байна, Сангийн яам, Уул уурхайн яам ойлголцлын зөрүүтэй мэдээлэл өгсөөр байна. Санхүүгийн хямралтай холбоотой Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр 2017 онд Нмйгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр өсөхөөр хуульчилсан, энэ нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч байна. Ажил олгогчдоо төрийн бодлогоор дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой жигд хөгжүүлэх, дотоодын үйлдвэрүүдээ дэмжих бодлого орхигдож байна. 2020 оны төсөвт ЖДҮ-ийн санд нэг ч төгрөг хуваарилсангүй. Мөн саарал жагсаалттай холбоотойгоор манай улсын гадаад эдийн засгийн орчин эрсдэлтэй болсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Төсвийн байнгын хороо төсвийн алдагдал дээр ажиллаж чадсан уу?

-Төсвийн алдагдал хоёр их наяд болж өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн. Төсөв ч урт дунд хугацаанд ачааллаа дийлж чадахгүй хэмжээнд хүрч байна даа. Засгийн газрын өргөн барьсан төсвөөс урсгал зардлыг бууруулснаар алдагдлыг нэг их наядаар бууруулах боломжийн талаар яригдсан. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийж чадаагүй.

-Гадаад зээл тусламжийн талаар таны байр суурь, ер нь таны бодлоор энэ оны төсвийг хэрхэн батлагдлаа гэж дүгнэж байна…

-2020 онд нийт гадаад зээл тусламж 1.446.6 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 1.296.3 тэрбум төгрөг нь гадаад улсууд, олон улсын байгууллагаас авч ашиглах зээл байна. Эдгээр зээлийн өр төлбөрийн асуудал тодорхойгүй, төслийн зээлийг байгаль орчныг хамгаалах, цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх зориулалтаар ашиглана. Нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжилд нийт зээл тусламжийн 35 хувийг зарцуулах юм. Эдгээрээс үзэхэд тус улсын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийн арга хэмжээ үндсэндээ гадаадын төслийн зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж байна. Энэ нь манай үндэсний санхүүгийн зах зээл бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрт оролцож чадахгүй байгааг харуулж байна. Үүгээрээ 2020 оны төсвийг муу төсөв боллоо гэж үзэж дэмжээгүй.

-Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг ямар түвшинд харж байгаа вэ?

-2020 онд нэгдсэн төсвийн орлого 12.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 31.71 хувийг эзэлж байна. Төсвийн орлого 2019 оны батлагдсан хэмжээнээс 16.6 хувиар буюу 1.8 их наяд төгрөгөөр өсгөж төлөвлөсөн байна. 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.3 болсон, нүүрс, төмрийн хүдэр, алтны экспорт нэмэгдсэнээс шалтгаалан экспортын хэмжээ гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. 2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гадаад худалдааны эргэлт 13.9 тэрбум ам доллар, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам доллар болохоор байна. Гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаагаас урсгал тэнцэн улмаар төлбөрийн тэнцэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр ашигтай гарах төлөвтэй. 2019 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн зэргээс үзэхэд 2019 он бол тус улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд харьцангуй тогтвортой жил болжээ гэж харагдаж байна.

-Дубайн гэрээний асуудал УИХ-д орж ирж байна. Та Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. Энэ талаар ярихгүй юу?

-Дубайн гэрээний талаар ярихад хараахан эрт байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Буцчихаж магадгүй болсон бэрд үнээ тугал нийлэх хамаагүй юм байна

“Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн ардын зүйр үг бий. Нүүдэлчин ахуйгаас ургасан энэ үгийг эрх баригчдад дайх гээд байна л даа. Бичих сэдэвтэйгээ уяж тайлбал буцах нь тодорхой эрх баригчдад улсын эдийн засаг хамаагүй болоод удаж байна. Нүүдэлчдийн хувьд үнээ тугал бол өрхийнх нь эдийн засаг. Цорын ганц амьжиргаа нь. Мал сүргээсээ сааль сүү, идэш махаа базааж, хүнсээ залгуулдаг онцлог аж амьдралтай ард түмний дундаас “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэсэн зүйр үг төрж, тэр үгийг нь өнөө үед буулгаж жишсэн нь цаанаа өргөн утгатай. Буцах нь тодорхой болчихсон эрх баригчдын хүнийрхүү хандлага ирэх оны төсвөөс тод харагдаж байна.

Ирэх он бол сонгуулийн жил. Ер нь сонгуулийн жилийн өмнөх төсвүүд зардал нь данхайсан, гишүүдийн тойрогтоо хуваарилах мөнгө нь эрх ямба, нөлөө сууриар эрэмбэлэгдсэн, товчхондоо улсын эдийн засаг гэхээс илүү хувь улстөрчийн дахин сонгогдох гэсэн сонирхол хүсэл нэвт ханхалсан төсөв болдог. Өнөө жилийн төсөв ч ялгаа алга. Ерөнхий сайд, Сангийн сайд тэргүүтэй мөнгө, эрх мэдэл атгасан улстөрчдийн тойрогт бусдаас нь илүү мөнгө төсөвлөгдсөн бол ирэх жил нэр дэвшихгүй нь тодорхой улстөрчдийн цөөн хэдэн тойрог айлын шоовдор хүүхэд мэт төсвийн гадна шахуу үлдэв. Улсын хэмжээнд харсан бодлого, аймгуудын онцлогт тохирсон-шийдэл энэ тэр мөн л тойргийн гадна хоцров. Хэзээнээсээ тийм байсан, МАН-ын засаг барьсан сүүлийн дөрвөн жилд ч өнгө нь өөрчлөгдсөнгүй. Товчхондоо 2020 оны төсөв ямар байх нь МАН-д хамаагүй гээд хэлчихлээ, эрх баригчид. Эрх нь дуусаад явж байгаа учраас улсынхаа ирэх жилийн төсөвт хэт хүнийрхүү хандсаныг УИХ-ын хоёр өдрийн өмнө баталсан 2020 оны төсвөөс харчихаж болно.

Тодруулж хэлэхэд алдагдал нь хэдэн зуун тэрбумаар биш, хэдэн их наядаар хэмжигдсэн төсөв батлагдаад байна. Төсвийн зардлыг нь задлаад харахаар ичмээр хөгийн зураг харагдана. Манай сонин өмнө нь гүйцэтгэх засаглалын тэргүүний тойрогт төсвийн хөрөнгө оруулалтын дөрөвний нэг шахуу нь явчихаж байна гэж шүүмжилж бичсэн удаатай. Тойргийн хуваарилалтаас халиад харахаар сум бүрд соёлын төв барина, нэг сумынх нь улаан булан тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэсэн бодит кейс бий. Улаан булан, улсын театр шинэчилнэ гэсэн тодотгол дор 700 тэрбум төгрөг зарцуулна гэдэг шуудхан хэлэхэд ядарсан эдийн засагтай жижигхэн Монголд хэтэрхий том тансаглал. Сайнаар хэлбэл тансаглал, саараар хэлбэл тэнэглэл л дээ. Улаан булан, Драмын театрын хэдэн барилга ирэх жилдээ баригдаад дуусдаг бол хамаа алга. Ядаж л театр нь хэдэн жуулчин татаж, аялал жуулчлалын салбарт орж ирэх долларын хэмжээ бага ч гэсэн хувиар өсөх байх. Харамсалтай нь ирэх жилийн төсөвт мөнгө нь туссан соёл урлаг чигийн барилгууд 2020 ондоо ашиглалтад орохгүй. Дутуу хугас барьсан болоод зардал нь дараа жилдээ шилжинэ. Шуудхан хэлэхэд 2021 оны төсөвт нэрмээс болж, төвөг удна. Улаан булан, театрын шинэхэн барилга эдийн засагт таван төгрөгийн нэмэргүй гэсэн хатуу үнэн бий. Ийм дэмий барилга үйлдвэрлэхийн оронд үйлдвэрлэл барьсан бол хамаа алга. Үйлдвэр баривал ажлын байр бий болно, татварын орлого өснө, хувийн хэвшил хүчирхэгжинэ, эдийн засаг тэлнэ гэсэн давуу тал бий. Улаан булан, театрын барилга ашиг олохгүйгээс гадна илүү зардал нэмнэ. Жилдээ цагаан сар, шинэ жилээр л иргэд нь цуглаж дуу хуур болох сумын шинэхэн клубт гэхэд адаглаад манаач авах хэрэг гарна. Халаалтын мөнгөний зардал үүснэ. Товчхондоо тэрбум төгрөг зарлагадаж босгосон сумын улаан булан дэмий зардал үйлдвэрлэсэн объект болж хувирна. Эдийн засагт нэмэр болохоосоо нэрмээс болно гэсэн үг. Ямартаа ч ирэх жилийн төсөвт соёлын төв барина гэж нэр заагдсан сумдад 2020 оны гуравдугаар сараас барилгын ажил эхлэх байх. Сонгуулиас хэдхэн сарын өмнө болох учраас сумын соёлын төвийн барилгын ажил сүртэй нээлттэй эхлэх нь ойлгомжтой.

Цаг хугацааг цаашлуулаад харъя. Сумандаа улаан булангийн тэрбум төгрөг тусгуулсан гишүүн ирэх сонгуульд өрсөлдөөд ялагдлаа гэж бодъё. Ирэх хавраас бүтээн байгуулалт нь эхэлсэн улаан булангийн барилгын ажил долдугаар сард нам зогсох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой үнэн. Ялагдсан намын аль нэг гишүүний санаачилсан ажил явж өгдөггүй нийтлэг зовлон бий. Өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхвөл ийм жишээ өчнөөнөөрөө гараад ирнэ. Товчхондоо сүртэй нээлттэй эхэлсэн соёлын төвийн барилга үхмэл хөрөнгө болоод дуусна. Өөдрөгөөр харах гээд үзье. МАН ирэх сонгуульд яллаа гэж бодъё. Хатуухан хэлэхэд МАН ялаад бүтээн байгуулалт үргэлжлэхгүй. Эдийн засгийн бодит байдлыг эрүүлээр хардаг хэн ч ингэж хэлнэ. Төсөв хэцүүхэн байгаа учраас тодотгол хийхээс аргагүй гээд сумын төвийн улаан булангуудын ажлыг царцааж орхино. Тэгээд дөрвөн жилийн дараа засгийн эрхээс буухаасаа өмнө мөнгө төсөвлөж барилгын ажлыг нь дуусгах байх. Мэргэн түргэндээ ингэж бичээд байгаа юм биш л дээ. Өнгөрсөн хорь, гучин жил бид яг ийм замаар явсаар өнөөдөртэй золгосон.

Ирэх жил эдийн засаг хэцүүхэн байна гэсэн таамаг яагаад гараад буйг хар үгээр, ганцхан жишээгээр тайлбарлая. Доллар олдог цөөхөн бүтээгдэхүүний маань дийлэнх зэс, нүүрсэн дээр төвлөрдөг. Ирэх онд нүүрсний үнэ уруудах таамаг голлож байгаа. Зэсийн хувьд ханш нь өндөр байх таамаг давамгайлж буй ч Оюу толгой дээрээ улстөржиж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг уях эрсдэл хэвээрээ байгааг мартаж болохгүй. Сонгууль дөхсөн ийм үед улстөрчдөөс ямар ч авир гарч мэднэ. Уул уурхайтай байлдсан гишүүд эх орончийн дүрээр харагдаж, олонхид таалагдах магадлал өндөр байгаа нь булзах аргагүй үнэн. Өмнөх сонгуулиудаар ийм дүр эсгэсэн нөхөд санал аваад парламентад ороод ирсэн учраас шаргал ордонд суугаа хэд Оюу толгой дээр ямар ч жүжиг тавьж мэдэх эрсдэлтэй. Хэрвээ Оюу толгойн эсрэг попролт хүчээ авбал зэсээс ахиу доллар олно гэсэн төлөвлөгөө нурж мэднэ. Зэсийн экспорт төлөвлөснөөрөө үргэлжиллээ гэхэд өнөөхөндөө гадаадын хөрөнгө оруулалтын ганц урсгал шахуу болчихсон яваа Оюу толгойн бүтээн байгуулалт зогсвол гаднаас доллар орж ирэхээ болих өндөр эрсдэл бий.

Одоо гол өнцөг рүүгээ оръё. Ирэх онд эдийн засаг эмзэг байх магадлал өндөр гэж болгоомжлоод яваа шалтгаан нь зэс, нүүрс, Оюу толгой биш. Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамаатай нэг том асуудал байна. Өнгөрсөн жил зээл 26 хувиар өссөн. Харин энэ жилийн эцэст гурав, дөрөвхөн хувийн өсөлттэй гарах магадлал өндөр гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. Өнгөрсөн есөн сарын байдлаар есөн хувийн өсөлттэй байсан зээл оны сүүлээр өмнө хэлсэнчлэн гурван хувь руу уруудах нь тодорхой болчихож. Түрүү жилийн сүүлийн улиралд цалин, хэрэглээний зээл их хэмжээгээр гарч байсныг өнгөрсөн оны статистикаас харчихаж болно. Харин энэ жилийн хувьд ийм төрлийн зээл гарахгүй. Эдийн засагчид зээлийн өсөлтийг гурван хувь руу уруудуулж таамаглаад байгаагийн цаад шалтгаан нь энэ. Зээл хумигдах тусам компаниудын үйл ажиллагаа хумигдаж ашиг нь багасна, компаниудын орлого багасах хэрээр төсөвт төлөх татварын хэмжээ буурна. Төсөвт төлөх татварын хэмжээ багасахаар өмнө онцолсон улаан булангуудын барилгын ажил царцах магадлал өндөрсөөд ирнэ.

За тэгээд худалдааны дайн, Брексит, Ойрхи дорнодын асуудал гээд дэлхий тайван биш гэсэн том өнцөг бий. 2008 оных шиг, магадгүй тэр үеийнхээс ч айхавтар хямрал ирэх жил тохиож магадгүй гэсэн таамгийг цэнхэр гаригийн шинжээчид ам уралдуулан хэлж суугаа. Гадна талд ийм том асуудлууд байна. Дотоод байдал ч аятай биш байгааг өмнө дурдсан. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр саарал жагсаалт гэсэн том зовлон бас бий. Ийм нөхцөлд төсвийг хэдэн их наядын алдагдалтай баталчихаж байгаа парламент, Засгийн газар, эрх баригчдыг буцах бэртэй жишихээс өөр арга алга. МАН-ын хувьд сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг анзаарах нь ээ ирэх сонгуулиар ялагдах магадлал өндөр харагдаж байгаа. Нэгэнт ялагдах юм чинь яасан ч яах вэ гэсэн хандлагаа сая төсвийн хуулиар баталчихлаа. Эрх баригчид улсынхаа эдийн засгийг бодсон бол өнөө жилийн төсөв арай өөр өнгө зурагтайгаар батлагдах байсан юм. Наад зах нь л бид 2021 оноос бондын том төлбөрүүдээ төлж эхэлнэ.


Categories
мэдээ нийгэм

11 дүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ” чуулган эхэлнэ. Утас: 91910031, 99153766

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болно. Утас: 70119921

10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Философийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99717977

10.00 цагт Архивын ерөнхий газарт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор А.Очирын хувийн сан хөмрөгийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99055680

11.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд болон мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “Тавантолгой түлш” компанид ажиллах иргэдийг бүртгэх талаар мэдээлнэ. Утас: 91915825, 98000059

12.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт “Job coach” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт дадлагажуулагч багш нарт сертфикат гардуулна. Утас: 99931551

13.00 цагт “Их хуралдай” оффист ирээдүй хойч үедээ эртний өв уламжлалаа өвлүүлэх “Боржгон дайлан урлал” сургалт болно. Утас: 88033373

13.00 цагт “Корпорейт” зочид буудалд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярын хурал болно.

16.00 цагт “Mongol art gallery”-д СТА Б.Сайханбаярын “1900” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Blue Sky” зочид буудалд

08.45 цагт “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтын нэмэгдүүлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг болно.

10.30 цагт “Статистикийн мэдээллийн үнэ цэн” сургалт болно.

13.00 цагт “Монгол улсад Нийгмийн Эгэх Хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн 14 дэд төслийн үр дүнгийн уулзалтын хаалтын ёслол болно. Утас: 99778587, 99007360

15.00 цагт Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран орон нутгийнхаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн туршлагаа танилцуулна. Утас: 88919395

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Үндэсний эрх ашгийн төлөө хөдөлгөөнөөс Монгол Улсын шатахууны импорт гадаадын нэг компаниас хараат болж байгаа талаар мэдээлнэ.

12.00 цагт Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооноос сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах хандивын тоглолтын тухай мэдээлнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Image result for чуулган

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар”, УИХ-ын гишүүн гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нараас “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Нямдорж: ҮАБЗ Оюу толгойн төслийг зогсоож болохгүй гэдэгт санал нэгдсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ асуудлаас үүдэж УИХ-ын гишүүн Болорчулуун та хоёр маргалдсан мэдээлэл байна. Та Захиргааний хэргийн шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?

-Эхлээд УИХ-ын гишүүдийн эрх үүргийн тухай асуудал. Гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ хуулийн хүрээнд үнэн юм ярих хэрэгтэй. Их хурлын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийдэггүй л учиртай юм. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Оюу толгой гэрээний талаар хов жив, хардлага гүтгэлэг тараах ажлыг ард нийт, сэтгүүчид бус Их хурлын гишүүд хийж байна. Үүнээс үүдэлтэй яриа хөөрөөнүүд гарч байна. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээний хувьд 2009 онд Их хурал 57 дугаар тогтоол гаргаад Засгийн газарт зөвшөөрөл өгсөн. Зөвшөөрлийн хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр сайд байсан. Энэ гэрээ бол барууны орнуудын Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй, хожим нь дахиад үл хийгдэх анхны том гэрээ. Зөвхөн ганц үйлдвэрийн асуудал биш. Үүнийг дагасан улсын аюулгүй байдал, бүрэн эрхт тусгаар тогтнол, улсын гадаад харилцаа зэрэг олон үр дагавартай гэрээ болсон. Гэрээг байгуулаад 10 жил болж байна. Энэ хугацаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогийн байдлаар ес орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, Монгол Улсын ДНБ-ний жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг гаргалгүй энэ үйлдвэр боссон. Одоо далд уурхайн ажил ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг газар доор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд Рио Тинто компани, Дубайн төлөвлөгөөгөөр гадаадын 15 банк дотор ОУВС, Дэлхийн банк, Европын сэргээн бослогын банк зэрэг оролцож далд уурхайн ажил хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тэнд 15 мянган хүн ажиллаж байна. 95 хувь нь монголчууд байгаа. Энэ төслийг тойрсон 20 гаруй мянган аж ахуйн нэгж ямар нэгэн байдлаар бизнесийн үйл ажиллагаа тэнд эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна. 2017 онд намайг буцаж хууль зүйн яамд очсоноос хойш Оюу толгой компани Монгол Улсын Засгийн газар хооронд гурван асуудал яригдаж байсан.

-Ямар асуудлууд яригдаж байсан бэ?

-Нэгдүгээрт, танай Их хурал Оюу толгойн гэрээг зогсоох шийдвэр гаргах гэж байна. Гишүүд чинь тийм зүйл ярьж байна. Ажлын хэсэг байгуулагдаад олон удаа шалгаж байна. Энэ танай улсын байр суурь мөн үү. Хоёрдугаарт, танай захиргааны хэргийн шүүх дээр Дубайн гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байгаа. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү. Гуравдугаарт, Татварын шалгалт орж акт тавигдсан. Татварын маргаантай асуудлыг гэрээндээ зааснаар эвийн шугамаар шийдье. Арбитрын шүүхээр шүүхдэлцмээргүй байна гэх санал тавьсан. Манайх албан ёсны хариулт өгөөгүй байсан. Ийм байдалтай бараг хоёр жил болсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх хуралдаад Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Тэр гэрээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө Оюу толгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан. Монголд ирж болох эрсдэл, цаашид Монгол ямар замаар явах, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг асуудал ҮАБЗ-өөр яригдсан. Их хурал дээр дахиж ярьж байгаад эцсийн хариугаа өгөх байх.

Энэ компанийн хувьд хоёр талаас маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна. Энэ гэрээг хүчингүй болгоно гэдэг. Нөгөө талд хөрөнгө оруулагчид бид Монголд ес орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Эргээд бидэнд юу өгөв гэж хоёр талын шахаасанд орсон талаар төлөөлөгчид нь танилцуулж байна лээ. Би энэ төслийг цаашаа үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Монгол Улс тэр чигээрээ хөдлөөд энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австрали, ОУВС болон дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах гэж байгаа учраас би санаа зовоод байгаа юм. Түүнчлэн үүнийг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Энэ маргаанд ялагдах магадлал маш өндөр. Маргаанд ялагдаад маргааны зардал, хөрөнгө оруулалтыг буцааж төлж үйлдвэрийг зогсоогоод энэ үйлдвэрийн хувь заяа цаашаа хэрхэх нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд орно. Мөн ирээдүйд хүртэх байсан ашгаа хүртэл нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Ийм хууль зүйн үр дагавар яригдаад байгаа учраас улсыг хүнд байдалд оруулж болохгүй гэж үзэж байгаа.

-Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийг та юу гэж харж байна вэ?

-Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Төлөвлөгөөг шүүмжлээд байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ Ч.Сайханбилэг гэдэг хүн тэр төлөвлөгөөг батлах үедээ Монгол Улсын Ерөнхий сайд байсан нь үнэн. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд захирамж гаргаад энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг Б.Бямбасайхан, Д.Ганболд хүнд өгсөн нь үнэн. Тэр төлөвлөгөөгөөр 15 банк хөрөнгө босгож, дөрөв орчим тэр бум ам.долларын хөрөнгө оруулалтыг далд уурхайд хийчихээд байгаа нь ч үнэн. Хүний юм авчихаад аваагүй гэж зугталтай нь биш, бид. Ёстой л нөгөө бандан тас гэдэг юм 2015 онд болсон. 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Ийм байдал бий болчихоод байгаа учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хуралдаан болж, энэ төслийг цаашаа явуулах уу, үгүй юү гэдэг асуудал тавигдчихаад байна. Ийм асуудал ярих гэж байхад нь Монголын захиргааны шүүх Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгоод Их хурал нь зогсоох хүртэл арга хэмжээ ав гээд шийдвэр гаргачихвал энэ төсөл ямар эрсдэлд орох вэ. Лондонгийн шүүх дээр ялагдаад энэ улс дааж давшгүй өрөнд ороод дуусвал юу болох вэ. Хэн хожих вэ гэдэг асуудал байгаа. Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. Хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж байгаа учраас болгоомжлох ёстой.

-Бүлгийн хурал дээр маргалдсан шалтгааны тухайд?

-Оюу толгойг тойрсон хардлага сэрдлэг байж болох бүх хэмжээнээс давсан. Бүлгийн хурал дээр хурцадсан шалтгаан бол 200 сая ам.долларын хахууль авч энэ гэрээг байгуулсан гэх зүйл яригдсан. УИХ-ын гишүүн 200 сая ам.долларын хахууль ярьж байгаа бол одоо баримтыг нь гаргаж өг л гэдэг асуудал яригдсан. ҮАБЗ дээр энэ асуудлыг ярьсан. Аюулгүйн зөвлөлийн гишүүд энэ төслийг зогсоож болохгүй. Монгол Улсын эрх ашигт дааж давшгүй хохирол дагуулахаас гадна Монгол ганцаардаж, их гүрнүүдийн хайчинд хэрчигдэх аюул нүүрлэнэ гэдэгт санал нэгдсэн. Саарал жагсаалтад оруулахад Австрали, Англи, Канад гурав маш эрчимтэй ажилласан. Саарал жагсаалтад орох асуудал үүнтэй холбоотой байсан. Оюу толгойг зогсоох гээд байсан учраас сануулга өгч байгаа юм. Энэ төлөвлөгөөн доторх хамгийн ноцтой үг бол энэ төлөвлөгөөнд зөвхөн энд гарын үсэг зурсан талууд 100 санал нэгдэж өөрчлөлт оруулж болно гээд гарын үсэг зурчихсан.

-Гэрээг шинэчлэх талаар Засгийн газар санал тавьсан уу?

-Яриад л байгаа. Би гурван удаа уулзахдаа гэрээгээ шинэчил ээ гэж ярьсан. Энэ гэрээг Монголын ард түмэн ерөөсөө ойлгохгүй байгаа. Тал талаасаа ойлголцоод гэрээн дээр ажиллая гээд явж байгаа.

-Гэрээнд өөрчлөлт оруулах боломж байгаа гэж үзэх үү?

-Хоёр талаасаа тохиролцож чадвал хөрөнгө оруулалтын гэрээнд, төлөвлөгөөнд ч өөрчлөлт оруулах бололцоотой. Түүнээс гадна хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж зүйл байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ сүүлд өөр журмаар батлагдсан Их хурлаар ороогүй. Одоо энэ төсөл ТЭЗҮ-гүй юм шиг зарим хүмүүс яриад байна. ТЭЗҮ-тэй байж үйлдвэр босдог юм ш дээ.

-Засгийн газраас тавьж байгаа саналыг Рио тинто яаж хүлээж авч байгаа бол?

-Рио Тинто жаахан зөөлрөх талдаа байгаа гэж би ойлгоод байна.

-Таныг Оюу толгойн гэрээг хамгаалсаар ирсэн гэх шүүмжлэл явж байна…

-Би хамгаалж байгаа нь үнэн. Энэ үйлдвэрийг зогсоож болохгүй. Шүүхийн маргаанд ялагдаж Монголыг дахин хорлож болохгүй. Энэ чинь зүгээр л хорлол. Ийм зүйл яриад байгаа хүмүүс сонгуульд ялагддаг ч юм уу, өөр өөрсдийн замаараа явна. 15 мянган хүн ажилгүй болбол эд нар төлөх үү, есөн тэрбум ам.долларын өрөнд орвол эд нар төлөх юм уу. Үгүй шүү дээ. Монгол Улс төлнө. Ард түмэн хохироод үлдэнэ. 250 сая ам.долларын хахууль авсан сайдынхаа нэрийг нь баримттай зарлаад АТГ-т өг өө. Ийм зүйл яриад гүйгээд байгаа гишүүд. 250 сая ам.доллар аваад эх орноо худалдсан сайд хэн бэ. С.Баяр, С.Баярцогт, Ц.Нямдорж юм уу хэн нь юм. Юм ярьж гүйгээд байгаа гишүүдээс нэрийг нь хэл гэж шаардана. Ингэж гүтгэж болохгүй. Монголын ирээдүйн хувь заяаг авч явах үйлдвэр шүү. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусаад бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлбэл Эрдэнэт үйлдвэрээс зургаа дахин том үйлдвэр болно.

-Энэхүү төслийг зогсооно гээд байгаа хүмүүст ямар ашиг сонирхол байгаа юм бол?

-Төслийг зогсоочихоод яах юм гэхээр ямар ч хариулт хэлдэггүй. Шүүх дээр очоод ялагдаад бид асар их төлбөрт унана гэхээр болчихно оо л гээд байгаа юм. Яаж болгох гээд байгаагаа хэлэхгүй байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд данстай тамирчдын анги

“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн 2015 оны төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буланд онцолж байна. Онцлохын учир нь энэ ангиас дэлхийн хошой аварга Б.Бадралаас авахуулаад тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай олс таталтын олон улсын хэмжээний мастер Т.Дүгэрдорж, Э.Сумъяабат, Ч.Энхмөнх нарын шилдэг тамирчид төрж гарсан юм.

2012 он. Улсын арслан Б.Ганбат улсын наадамд түрүүлж байсан үе. Аралтай арслангийн ид хавыг харж бахархсан олон хүүхэд бөх болохоор зориг шулуудаж зодог өмсөж байв даа. Үндэсний бөхийн шинэ үеийн шилдгүүд төрж гарсан “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн үндэсний бөхийн ангид Увс, Архангай, Булган, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорнод, Хэнтий гээд эх орны өнцөг булан бүрээс цугласан 30 гаруй залуус элсэж байж, тэр жил. Сум орныхоо дов дошинд тодорчихсон хүүхдүүд том бөх болох зорилго өвөртөлж гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүд шавь орсон нь энэ ажээ.

Зарим нь бөх болох дүрээ олж ядаж яваа, хэсэг нь ч барилдах эв дүй хараахан сууж амжаагүй хүүхдүүдээр эхлээд уян хатан чанар суулгах, тэвчээрийн дасгал түлхүү хийлгэнэ. Ирээдүйд бэртэл гэмтэл авахаас нь сэргийлсэн багшийнх нь ухаан энэ байж. Эд дээд курсийн ах нартайгаа бэлтгэл хийнэ. Улсын аварга Э.Оюунболд, аймгийн хурц арслан Э.Номиндалай, аймгийн арслан Л.Жамбал нарын шилдгүүдтэй гэсэн үг шүү дээ. Эхэндээ ч гарыг нь ч нугалж чадахгүй өнхрөөд өгнө. Аажимдаа бас чиг дугтрахад нь тохойлдчихооргүй хэмжээнд хүрсэн байна. Алсуураа чангарч байсан нь тэр байж. Сумын цолтнуудын барилдаанд хаа нэг гарна. Эв нь таарвал ганц нэг давчихдаг болжээ.

Ганц нэг давсан хүүхдүүд амжилтандаа урамшина. Барилдаан бүрийг хүлээнэ. Харамсалтай нь хөдөө орон нутгийн тарчигхан оюутнуудад автобусны мөнгө тэр бүр олдохгүй. Бөхийн өргөө орж барилдахын тулд “Аварга” лицей сургуулийн доод ангийнхныхаа автобусны картыг авна. Ингээд л цүнхээ үүрээд Бөхийн өргөө рүү явдаг байж. Нэг удаа эдний ангийнхан доод ангийнхныхаа картыг аваад л автобусанд сууж л дээ. Алтангэрэл гэж Архангайн сумын заан залуу картаа уншуулахад “Хүүхэд” гэж дуугарахад нь жолооч “Сахал үс болчихоод яахлаараа хүүхдийн картаар яваад байдаг юм” гэж уцаарлаад хөөгөөд буулгаж байсан удаатай гэнэ. Өнөөх нь ч нөхдийнхөө араас алхаж очоод шаггүй сайн барилдаад байныхаа мөнгөөр зардал хийгээд нүүр бардам харьж байж байсан удаатай гэнэ.

Эдний ангийнхны ихэнх нь дотуур байранд амьдардаг байж. Дотуур байрны хүүхдүүдэд хоногийн хоолоо залгуулах гэж амаргүй ажил бий. Барилдаж ноцолдоод байнд авсан таван төгрөгөөрөө хоол аваад хуваагаад идчихнэ. Харин хоёрдугаар курсийнхээ намар Багануурын тийш жуулчны баазад өндөр байтай барилдаан болох сураг дуулдаж л дээ. Эдний ангийн Ч.Энхмөнх, Б.Бадрал, Э.Сумъяабат, Э.Алтангэрэл нар чимээгүйхэн байж байгаад л барилдаан дөхөнгүүт гараад явчихаж. Ангийн дөрөв ч үзсээр байгаад л их шөвөгт ч шалгарч. Сүүлдээ Энхмөнх нь түрүүлж Бадрал нь үзүүрлэсэн байна. Байнд ирсэн дугтуйнуудаа нээгээд хартал тус бүрт нь 100 доллар хийчихсэн байжээ. Өнөө хэд тэр дор нь “Барс” зах орж өвлийн идшээ базааж гэдэс цатгалан онд орж байсан гэнэ.

Дэлхийн хошой аварга Б.Бадрал багш Ш.Наранбатын хамт

Хоёрдугаар курст анги удирдсан багш Б.Адьяахүү шавь нарыгаа олс таталтын спортоор давхар хичээллүүлжээ. Т.Дүгэрдорж, Э.Сумъяабат, Ч.Энхмөнх, Э.Цэнд-Аюуш, Ц.Чинзориг нарын баг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлчихэж. Ингэснээр эх орноо төлөөлж тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Монгол орноо төлөөлж тивийн дэвжээнд өрсөлдсөн залуус гялалзаж хэсэгтээ ур чадвараа олон улсад гайхагддаг Тайванийн багийг хожиж шуугиан тарьжээ. Тайванийн багийн тухайд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн Азидаа л ноёрхдог байжээ. Харин байнд авсан мөнгөөрөө өвлийн идшээ зохицуулдаг монгол оюутнуудад ховх татуулж хулхи нь бууж байжээ. Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж төрийн далбаагаа Тайванийн тэнгэрт мандуулж байсан түүх эдний ангийнханд бий. Өнөө хэд дараа жил нь тивийн аварга шалгаруулах тэмцээнд дахин оролцож амжилтаа бататгажээ. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд мандуулсан залуусыг олон улсын хэмжээний мастер цолоор шагнасан байна. Гартаа бүлтэй, шуундаа бяртай хүн сайн бөх болдог гэх хууччуулын яриа байдаг. Энэхүү ангийнхан энэ цагт сайн барилдаж байгаа нь үүнтэй холбоотой байдаг биз. Олс таталт нь гарын атгалт, тэнцвэр бас тэвчээр шаарддаг спортын төрөл юм.

Ангийнхны Азийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг сийрүүлэхэд ийм. Харин Дорноговь аймгийн харьяат Баасандоржийн Бадрал гэж залуу сумо бөхөөр дэлхийн хошой аварга болж том гавьяа байгуулж байсан. Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2015 онд Улаанбаатарт зохион байгуулагдахад дөрөвдүгээр курсийн оюутан Б.Бадрал аварга болохыг зорьж барилдсан ч санасандаа хараахан хүрсэнгүй, хүрэл медаль хүртжээ. Харин 2017 онд Польш улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад олон орны шилдэг тамирчдаас говийн хүчтэн онцгойрч дэлхийн аварга болж дутуугаа гүйцээсэн байна. Аварга хүүгээ нутаг орныхон ч хүлээн авч найр наадмыг нь өргөн дэлгэр тэмдэглэжээ. Ангийн нөхөд нь ч бүгд очиж найзынхаа баярыг хуваалцсан байна. Тэрбээр энэ онд сумо бөхийн эх орон Японд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахад мөн л түрүүлж амжилтаа бататгажээ. Б.Бадралын хувьд сонирхогчдын сумо бөхөөр дэлхийд танигдсан бол үндэсний бөхөөр ч шаггүй сайн барилддаг нэгэн. Улс аймгийн цолтнуудын нэгэн барилдааны үеэр улсын арслан П.Бүрэнтөгс дунд зэргийн нуруутай зассан шагай шиг биетэй залуутай оноолт таарав. Арслан шилдээд дугтрахад нь давхар хамаад зассан шагай шиг залуу тугны зүг гүйж байсан нь дэлхийн хошой аварга Баасандоржийн Бадрал байсан юм. Арслан ч инээд алдаж, толгой сэгсрээд элэг бүсээ тайлж байсныг бөхийн хорхойтнууд санаж байгаа байх. Тэр зунаа Дорноговьд болсон томоохон барилдааны гурвын даваанд Бүрэнтөгс арслан өнөөх залуугаа дахиад амлах нь тэр. Бадрал хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг ганц мэхээ даалгаад нутгийн олныхоо уухайн түрлэг дор туг тойрч байсан удаа бий. Тэрбээр өнгөрсөн зун аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн билээ.

ХОС АРСЛАНТАЙ БОЛОВ

Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумъяабат 2018 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн нь ангийнхны тухайд аз өм нь нээгдсэн хэрэг байжээ. Үүний дараа 2019 оны бүх цэргийн наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат Т.Дүгэрдорж Өвөрхангайн Б.Цэдэнсодномоор найм даван түрүүлж цэргийн арслан цол хүртсэн юм. Мөн өнгөрсөн зун Чулуунтөмөрийн Энхмөнх төрөлх нутаг Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна.

Аварга сургуулийн үндэсний бөхийн энэ ангийн хамт олон анх “Аймгийн цолыг бол авчихна. Амьдралаа зориулж зүтгэж байгаагийнх улсын цолтой л бөх болно” гэж өөр хоорондоо ярилцдаг байжээ. Өнөөдөр Баян-Өлгийн Б.Бейбит, Баянхонгорын Цэрэндорж, Дорноговийн Б.Бадрал нар аймгийн харцага, Завханы Д.Баярбат аймгийн начин цолд тус тус хүрээд байна. Харин Хэнтий аймгийн харьяат Ц.Чинзориг аймгийнхаа наадамд хоёр ч удаа дөрөв давжээ. Харин сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж манлай сумын заан болсон байна. Тэрбээр энэ оны аравдугаар сарын сумын цолтнуудын барилдаанд үзүүрлэсэн юм.

Эдний ангийнханд дутуу зүйл нь улсын цолтон л байна. Булган аймгийн Биеийн тамирын дунд сургуулиас “Аварга” сургууль руу элсэн суралцаж төгссөн Энхбатын Сумъяабат гэж элдсэн сур шиг хийцтэй арсланг улсын том цолд хүрнэ гэж ангийн нөхөд нь итгэл хүлээлгэдэг юм билээ. Сумъяабатын тухайд өнгөрсөн наадмаар гурав даваад улсын аварга С.Мөнхбатад тахим өгсөн. Шуурхай барилдаантай арсланг удахгүй том бөх болно гэж багш дасгалжуулагчид үнэлдэг юм билээ. Т.Дүгэрдорж, Д.Баярбат, Ч.Энхмөнх нараас өгсүүлээд том цолд хүрэх ирээдүйтэй залуус энэ ангийн төгсөгчид дунд олон байна. Тэд том цолд хүрсэн цагт Б.Адьяахүү багшийн хөдөлмөр үнэлэгдэж ардын багш болох цаг тийм холгүй л санагдах.

О.ДАШНЯМ