Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26, 27-нд хилийн боомтууд ажиллахгүй

11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 11 дүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож, эдгээр өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд эдгээр өдрүүдэд хилийн боомтууд амрах юм.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Categories
мэдээ спорт

Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга боллоо

Пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 17-23-нд болж байна.

Тус тэмцээнд 37 орны 234 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний 105 кг-ын жинд 23 орны хүчтэн оролцсоноос Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Тэрбээр Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анхны таван медальтай тамирчин болж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг буцаалаа

Image result for чуулган

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн хуралдааны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаар гишүүд асуулт, тодруулга авсан учраас санал хураалт явууллаа. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаалаа.

Categories
мэдээ нийгэм

Усчин аврагчдын сургалт зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна.

Усчин аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмших юм.

Нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангиудын 32 алба хаагч хамрагдаж байгаа тус сургалт сарын хугацаанд үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ

ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.22) хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж байгаа гэв. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой заасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэж хэлсэн. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв. Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ,ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа аж.

Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар нөхөн томилуулах талаарх Улсын Их Хурлын даргын саналыг дэмжив. Иймд энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа. Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар ТӨ4 зэрэглэлийн төрийн тусгай албан тушаалтан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч юм. Уг албан тушаалтныг томилох асуудлыг тусгайлсан хуулиар буюу Улсын Их Хурлын тухай, Төв банкны тухай хуулиар тус тус зохицуулдаг.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 ондМонголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.

Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувийн саналаар Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулах Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвлөгөөнийг нээлээ

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.

Энэ жилийн “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн дэлхийн 7 хоног”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХХААХҮЯ, ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) –ын хамтарсан салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлэв.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ “Энэ зөвлөгөөний зорилго нь төр, засгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хүн, мал эмнэлгийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, цаашид хэрэгжүүлэх зорилтыг хангуулах хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд оршино” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Гарамжав: Бусад орны иргэд тэтгэврийн мөнгөөрөө аялж байхад Монголын ахмадуудын тэтгэвэр сарынхаа хүнсийг ч авахад хүрэлцэхгүй байна

Уул уурхайн түүхий эдийн ханшийн уналттай давхацсан АН-ын бодлогын алдааны улмаас Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Парламентын 2016 оны сонгуулиар сөргүүлэн УИХ-д үнэмлэхүй олонхын суудал авсан МАН монголчуудын итгэлийг хүлээхдээ татвар нэмэхгүй, хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулна гэдэг амлалт өгч байлаа. Эдгээрээс иргэдийн амьжиргаа болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хамгийн хүндээр нөлөөлөх болсон нь Нийгмийн даатгалын шимтгэл. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх болж, орлогын албан татварын хамтаар ирэх онд иргэдийн гар дээр ирж буй цалингийн 26 хувьтай тэнцэх болоод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

-Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэх боллоо. УИХ-ын гишүүд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэдийн зүгээс хамгийн их санал хүсэлтээ ирүүлж буй асуудал бол энэ. Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амьжиргаа дээшлэх ёстой. Өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой гэж бид ярьдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэддээ ижил тэнцүү хүртээж чадсан уу гэдэг асуудал гарч ирж байна. Тайлан судалгаанаас харахад, өнгөрсөн гурван жилд дундаж цалин өсөж, өрхийн орлого нэмэгдсэн байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 онд дундаж цалин 942 мянган төгрөг байсан бол энэ онд 1.1 сая төгрөг болжээ. Энэ бол өсөлт. Үүнийг дагаад өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг болсон ч зарлагадаа хүрэхгүй байгаа урвуу статистик гарсан байна лээ. Цалин нэмэгдэхийн хэрээр шимтгэл, татвар дагаад өсөж байгаа нь иргэдэд очих хүртээмжийг бууруулж буйтай санал нэг байна. Гишүүдийн хувьд ч санал нэг байгаа гэдгээ хэлэх болсон. Хэрэв энэ хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл хураамж өсөөгүй бол өрхийн орлого зарлагаасаа давах боломжтой байсан нь үүнээс харагдана.

-Улс 2016-2017 онд төсөв мөнгөний хүндрэлтэй байсан учраас иргэдийн хувьд татвар нэмж буйг хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдөр эдийн засаг харьцангуй тогтворжсон болохыг олон тоон үзүүлэлт илтгэж байгаа. Тиймээс иргэдийн бодит орлогод ногдуулж буй шимтгэл, татварын хувь хэмжээг одоогийнхоос бууруулахгүй юмаа гэхэд тогтворжуулах боломжтой юу?

-2016 онд агшсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувиар өсөөд байна. Улсын төсөв ч ашигтай гарах боллоо. Тиймээс ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийн оронд одоогийн түвшиндээ хадгалаад, дараагийн дөрвөн жилд тэтгэврийн тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн ихэнх оронд иргэдийг нийгмийн даатгалын байгууллагаа сонгох боломжийг нь төрөөс хуулиар зохицуулж өгсөн сайн жишээнүүд бий. Тэтгэврийн даатгалын төрөл аль болох олон сонголттой байснаар амьжиргааны түвшин буурах эрсдэлд өртдөггүйг олон улсын туршлагаар баталсан. Төрөөс тусламж хүсэгч, бага орлоготой иргэдийн тоо буурч, төсвийн дарамт багасдаг нийтлэг туршлага байдаг. Харин манайд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байна. Хэрвээ тэр хүмүүс шимтгэл төлөхөө больчихвол, улс тэтгэврээ тавьж чадахаа болих хүндрэл бий. Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс жилдээ 600 тэрбум төгрөгийн татаас авч ирсэн. Одоогийн тогтолцоогоор бол ирээдүйд их наяд төгрөгөөр хэмжигдэх татаас авч байж алдагдалгүй ажиллах юм билээ. Тэгэхээр Монгол Улс тэтгэврийн тогтолцоогоо зайлшгүй эргэж харах шаардлагатай.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн нэг болзол нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах байсан шүү дээ?

-2017 онд ОУВС-тай тохиролцсоноор Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэхээр хуульчилсан. Улмаар 2018-2020 онд үе шаттай нэмэхээр тохиролцсон. Ирэх онд ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувь буюу нийтдээ 26 хувийн шимтгэл төлөхөөр байгаа. Монгол Улс олон улсын байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Гэхдээ аливаа гэрээг цаг үетэйгээ уялдуулан өөрчилж болдог. Энэ чиглэлээр арга хэмжээ авах бүрэн боломжтой гэж харж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа нь дан ганц ажилтан төдийгүй бизнесийн салбарт ч сөргөөр нөлөөлж байгаа. Татварын бодлогоо эргэж харахыг үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид аль аль талаасаа хэлэх болсон. Энэ талаар санал ирж байна уу?

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайланд өнгөрсөн хоёрдугаар улирлын байдлаар 41.9 мянган аж ахуйн нэгжийн 675.9 мянган ажилтан бүртгэгдсэн байгаа юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 180 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 орчим мянга нь тогтвортой ажиллаж байна. Тэгэхээр ажилтнуудаа нийгмийн даатгалд хамруулдаг аж ахуйн нэгж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын тоо хооронд том зөрүүтэй байгаа биз. Үүн дээр дүгнэлт хийхэд, Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжүүдэд том дарамт болж байгааг харж болно. Ажилтантайгаа тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар аль болох бага шимтгэл төлөхийг эрмэлзэж буйгаа хэлдэг. Энэ нь өөрөө далд эдийн засгийг дэмжих хөшүүрэг болсон. Саяхан нэг жишээ явж байсан даа. Сарын 900 мянган төгрөгийн цалинтай ажилтан Нийгмийн даатгалын шимтгэлд орлогынхоо 12.5 хувийг буюу 112.500 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлнө гэсэн тооцоо. Нийгмийн даатгалын шимтгэл 2017-2020 онд сэмхэн нэмэгдсээр нийтдээ дөрвөн хувиар өсөхөөр байна. Ажилтны цалин өсөх тусам төлөх дүн нэмэгдэж, аж ахуйн нэгжээс төдий чинээ зардал гарна. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд энэ бол хамгийн том дарамт болдог. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 90 орчим мянган аж ахуйн нэгжийн 90 хувь нь 1-9 ажилтантай байдаг. Тэдэнд ийм дарамт үүсгэснээр бизнесээ тэлэх боломж нь хумигдаж байгаа. Эсвэл үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ энэ өртгийг шингээнэ. Тэр өртөг худалдан авагч иргэдийн нуруун дээр ирдэг. Нөгөө талаар эдийн засгийн өсөлтийг төр биш хувийн хэвшил бий болгож байгаа. Тиймээс эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлнө гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэн ажлын байрныхаа тоог өсгөж үйл ажиллагаагаа тэлэхийг зорьдог. Гэвч энэ бололцоог татвар, шимтгэлийн өсөлт хязгаарлаж байгаа. Ялангуяа сүүлийн таван жилд Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний хэмжээ олон улсын дунджид дөхөж очиж чадахгүй байгаа нь татвар, шимтгэлийн хэмжээ байнга нэмэгдэж ирсэнтэй холбоотой.

-Нийгмийн даатгалын сангаа дампууруулахгүй, иргэдийн нуруун дээр ирэх ачааг хөнгөлөх ойрын хугацааны шийдэл байна уу?

-Жишээлбэл, Эрүүл мэндийн даатгалын сан 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалтай байгаа. Энэ сангийн хөрөнгийг зөв зүйтэй зүйлд нь зарцуулахгүйгээр аль нэг банканд байлгаж байгаад алдвал харамсалтай биз дээ. Тооцоо судалгаагүй төсөл хөтөлбөрүүдэд ороод алга болсон тохиолдлууд ч байдаг. Энэ хоёр санг салгасан асуудлыг анхандаа зөв зүйтэй гэж харж байсан ч тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоогоо үндсээр нь өөрчлөөгүй нөхцөлд хүндрэлтэй болох нь одоо илэрч байна. Нийгмийн даатгалын санд 600 тэрбум татаас авч байхад, Эрүүл мэндийн даатгалын сан 600 орчим тэрбумын хуримтлалтай сууж байх жишээтэй.

-Нийгмийн даатгалын сан 30 орчим жил алдагдалтай байж ирлээ. Угаасаа хөрөнгө мөнгө тааруу байв уу, эсвэл асуудал нь удирдаж буй хүмүүстэй байсан уу?

-Ерөөсөө тогтолцооны гажиг. Бусад улс оронд нийгмийн даатгал олон төрөл байдаг. Зөвхөн улс бүгдийг төвлөрүүлснээр маш их алдагдал хүлээж байгаа. Иргэд насаараа хөдөлмөрлөж, өндөр шимтгэл төллөө гээд гавьяаны амралтаа авахдаа цалингийнхаа талд ч хүрэхгүй тэтгэвэр авч байгаа нь эрүүл тогтолцоо биш. Үр хүүхэд нь сайн л явахгүй бол өндөр настнууд эмзэг давхарга руу шилжих гол шалтгаан бол энэ. Бусад орны өндөр настнууд тэтгэврээрээ аялж байхад монголчуудын тэтгэвэр сарынхаа хүнсээ авахад ч хүрэлцдэггүй жишээ зөвхөн манай тойрогт л гэхэд маш олон бий. Өнөөдөр дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн байхад нийт тэтгэвэр авч буй иргэдийн 80 хувь нь 300 мянган хүртэлх тэтгэвэртэй. Ийм тогтолцооны улмаас залуу насаа улсдаа зориулсан олон мянган ахмад настан хохирч байгаа. Энэ тогтолцоон дээр дулдуйдан сангийн мөнгийг үрэн таран хийсэн тохиолдлууд ч цөөнгүй байх. Зөвхөн нэг арилжааны банк дампуурснаас болж 400 тэрбум төгрөгөө алдчихаад сууж байгаа шүү дээ. Иргэдийн зүгээс эргэж харахыг шаарддаг өөр нэг зүйл тэтгэврийн нас. Монголчуудын дундаж наслалт 70 болж нэмэгдсэн гэж байгаа боловч эрчүүдийнх 66 байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлж байгаа нь хэтэрхий хатуу шийдвэр. Насаараа хөдөлмөрлөсөн иргэн гавьяаны амралтад гараад нэг ч төгрөг авч чадалгүй бурхны оронд одож байгаа нь эрүүл тогтолцоо биш.

-МАН-ын 2016 оны сонгуулиар татвар нэмэхгүй гэдэг амлалт өгч байсан байх аа?

-Монгол Ардын нам 2016-2020 онд баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлаа 2016 оны зургадугаар сард дэмжигч, сонгогчдоороо батлуулсан гэж ойлгож байгаа. Зарим улс төрийн хүчний алдаатай бодлогын улмаас эдийн засаг хямарч, өрхийн орлого буураад байсан үед сонгогчид хэн нэгэн улстөрчийг бус 100 жилийн түүхтэй МАН-д итгэл хүлээлгэсэн гэж ойлгож явдаг. Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн Дорж нэр дэвшигч Гарамжав бус манай намын мөрийн хөтөлбөрт саналаа өгснийг би хувьдаа хүндэтгэдэг. Гэтэл бид төрийн түшээ болохоосоо өмнө ард түмэндээ өгсөн амлалтаа зөрчиж болохгүй биз дээ. Сонгогчид бидэнд зөв зүйтэй бодлого хэрэгжүүлнэ гэж итгээд үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэл ийм хэмжээнд хүрэх зайлшгүй шалтгаан 2016 оны хүндрэлийн үед байсан. Тэгвэл одоо өнгөрсөн хугацаанд иргэддээ үүрүүлсэн дарамтаа өөрсдийнхөө нуруун дээр үүрэх үе ирээд байна. Үүний оронд төр зардлаа бууруулах замаар хүндрэлээ шийдвэрлэж болно гэж харж байгаа. Ингэж аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

Философийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

ШУА-ийн Философийн хүрээлэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж буй үндсэн зорилго нь хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, хэтийн зорилт болон 2019 онд шинээр гарсан бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах, оюутан залууст эрдэм шинжилгээний ажлын онцлог, ач холбогдлыг сурталчлан таниулахад чиглэжээ.

Өдөрлөгийн үеэр Философийн хүрээлэнгийн салбар бүр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, судалгааны чиглэл болон бүтэц зохион байгуулалтынхаа талаар товч танилцуулахаас гадна хүрээлэнгийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, ном бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна. Мөн хүрээлэнгийн залуу эрдэм шинжилгээний ажилтнууд өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн оюутан залууст өөрсдийн судалгаа шинжилгээний ажлын онцлогийг тусгасан лекц унших ажээ.

Философийн хүрээлэн анх ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн харьяанд “Философи, төр эрхийн тасаг” нэртэйгээр 1967 онд байгуулагдаж эрхлэгчээр нь нэрт эрдэмтэн, академич Ч.Жүгдэр 1967-1971 онд ажиллаж байв. Мөн хүрээлэнд “Буддын судлалын сектор” 1969 онд байгуулагджээ. Эдгээр нэгжийн үндэс суурин дээр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1972 оны долдугаар сарын 15-ны өдрийн 192 дугаар тогтоолоор Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулах шийдвэр гарч тэр дагуу 1974 оны гуравдугаар сард философи, социологи, төр эрхийн хэлтэстэйгээр албан ёсоор байгуулагдаж ажиллажээ. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний анхны ажилтнууд нь Х.Нямбуу, Б.Самбуу, Ш.Түдэв, Д.Тунгалаг, Ц.Төрбилэг, зааварлагч Ю.Санжаагончиг нар байв.

Хүрээлэнгийн анхны захирлаар академич Ч.Жүгдэр ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган, хүрээлэнгийн бэхжилт, хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Түүнээс хойших хугацаанд академич С.Норовсамбуу, доктор (Ph.D) Г.Лодой, доктор (Sc.D) Д.Дашпүрэв, академич Г.Чулуунбаатар, академич Ж.Амарсанаа, доктор (Sc.D)Ш.Ариунаа нар захирлаар ажиллаж иржээ.

ШУА-ийн Философийн хүрээлэн нь Философи, Улс төр, эрхзүй, Социологи нийгмийн сэтгэл зүй, Шашин судлалын салбар болон Баян-Өлгий аймаг дахь салбар гэсэн нийт таван салбар, 45 эрдэм шинжилгээний ажилтантайгаар өрнө дорнын философи, социологи, улс төр судлал, шашин судлал, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн явуулж байгаа юм байна. Тус хүрээлэн 2000 оны дунд үеэс өдгөө хүртэл 40 гаруй суурь судалгааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд суурь судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Философийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон гадаад дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ харилцан солилцох замаар олон улсын эрдэм шинжилгээ хурал,симпоуизм зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд ОХУ, БНХАУ, Чех, Польш, Унгар, Турк, зэрэг орнуудын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Теннис: Ч.Маралгоо аваргын цом, зургаан мянган ам.долларын шагнал хүртжээ

Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав

Бангладеш улсын Шех Расселлийн нэрэмжит олон улсын клубуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-18-ны хооронд Бангладеш улсын Кхулна хотод болж, 18 улсын 64 теннисчин өрсөлдлөө. Монгол Улсаас Б.Идэр ахлагчтай гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо тэргүүн байр эзэлж аваргын цом, зургаан мянган ам.долларын шагнал хүртжээ. Харин эрэгтэй төрөлд өрсөлдсөн тамирчид шагналт байранд оржээ. Ийнхүү Ч.Маралгоо нь Монголын теннисний түүхэн дэх өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин болжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас таван хүүхэд бэртжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.18-21-ний өдрүүдэд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өссөн бол гэмтсэн хүний тоо 36 хувиар, ноцтой зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон хүн алга байна.

Нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулж байна.