Categories
мэдээ нийгэм

Өчигдөр дулааны шугам сүлжээний худгаас халуун ус алдагдаж, хоёр хүн амиа алджээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь 2 хүн байна гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 19.32 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 13 алба хаагч 19.42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах ямар ч боломжгүй байсан учраас Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг ирүүлжээ.

Тухайн дулааны шугамыг 20.05 цагт хааж 1.5 метрийн гүнтэй халуун усыг соруулсан ч 21.30 цагт нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-тай шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Михаил Михайлович Котюковтой уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр талын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Ё.Баатарбилэг ОХУ-д суралцан төгсөж байгаа монгол оюутнуудын дипломын хавсралтын үнэлгээг Болоны конвенцийн дагуу кредитээр тооцож олгодог болгох, суралцах хугацаанд монгол оюутнуудад тулгардаг зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын талаас тавьсан хамтарсан дээд сургууль байгуулах саналыг хоёр талаас судалж, ажил хэрэг болгох зэрэг асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд хамтарсан бүс нутгийн төслийг түүх, соёл, археологийн чиглэлээр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаагаа илэрхийллээ.

Сайд М.М.Котюков манай талаас тавьсан саналуудыг анхааралтай судлан үзэх, салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашипг малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөлд дээрх хоёр зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс өмнөх хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилж, АМНАТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна

Сүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал, БНСУ, Япон, АНУ, БНУУ, БНПУ, БНЧУ болон бусад орнуудад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар БНСУ, Япон улсад албан ёсоор иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучилж байгаа болно. Ингэхдээ БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, БНСУ-ын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Япон улсын хувьд 2017 онд байгуулсан “Ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаархи санамж бичиг”, 2019 онд байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан. Санамж бичгүүдийн хүрээнд ур чадвартай ажилтан /үндсэн ажилтан/ болон ур чадварын дадлагажигч илгээх хоёр тогтолцоо зэрэг хэрэгжиж байна.

Ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага иргэнийг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг. Тиймээс иргэдэд ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг Япон улстай байгуулсан Санамж бичгийн дагуу зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан гүйцэтгэх тул энэ үйл ажиллагаанд иргэн, япон хэлний сургалтын төвүүд, яамнаас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд оролцохгүй болохыг онцгой анхааруулж байна.

Сүүлийн үед иргэн, байгууллага, хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг газрууд Японд үндсэн ажилтнаар зуучилна гэх зар мэдээллийг олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр өргөн хүрээтэй зарлаж, үүндээ орон нутагт төрийн байгууллагуудыг татан оролцуулах байдал гарч болзошгүй байгаа тул Та бүхэнд энэ мэдээллийг хүргэн сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн тус яамнаас АНУ, Чех, Унгар, Польш болон бусад оронд Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгуулага байхгүй болохыг мэдэгдье.

Хэрэв зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмж хүлээлгэн өглөө

ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарт “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Энх-Амгалан мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг танилцуулж, нийлүүлэгч “Би-Эм-Ди” компани дөрвөн жилийн турш баталгаат үйлчилгээг хариуцаж ажиллахыг мэдээлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь манай байгууллагатай олон жил хамтран ажиллаж байгаа. Өмнө нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн 2014” системийн сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн. Шүүхийг цахимжуулах, мэдээллийн технологийг үйлчилгээндээ ашиглах бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалах тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж байгаад баяртай байна” гэв.

“Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд хүлээлгэж өгсөн АНУ-ын “IMPERVA” брэндийн цогц төхөөрөмж нь мэдээллийн аюулгүй байдлын VII түвшний хамгаалалт бий болгодог бөгөөд олон улсын банк, үүрэн холбооны оператор компаниуд ашигладаг.

Өндөр хүчин чадал бүхий уг цогц төхөөрөмж нь Монгол Улсын шүүхийг цахимжуулах хөтөлбөрийн нэг чухал алхам бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын баталгаа болно.

Categories
мэдээ улс-төр

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгох тогтоолыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооний өнөөдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж дэмжлээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар, өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгөөр олгох юм.

Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Categories
мэдээ улс-төр

Алтан гадас одонгоор Ургамал, газар тариалангийн хүрээлэнг шагнав

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын байгаль, цаг уурын онцлогт тохирсон, хөдөө аж ахуйн таримлын арвин ургацтай сорт бий болгох, шалгаруулах ажлыг эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн өндөр түвшинд явуулж, хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулах арга замыг боловсруулах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг тус байгууллагын туганд зүүн өгч, баяр хүргэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрдэмтэд, судлаачид аа,

Тариаланчид аа,

Монголчууд Атар газрыг шинжлэх ухааны үндэстэйгээр, өргөнөөр эзэмшиж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан газар тариаланд шинжлэх ухаанч арга барилыг нэвтрүүлэх, Монгол орны нөхцөлд тохирсон тариалалтын арга зүйг боловсруулах, шинэ сорт гаргах үйлсэд олон жил амжилттайгаар ажиллаж, олон зуун эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг төрүүлсэн Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байна.

Тус хүрээлэн анх 1948 онд “Хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станц” нэрээр Бургалтайд эх үүсвэр нь тавигдсанаас хойш тариалангийн ургамлуудыг Монголын хөрс, цаг уурын нөхцөлд хэрхэн тарих, арчлах ургуулах арга зүйг судлан амьдралд нэвтрүүлж ирсэн юм. Монгол Улсын хэмжээнд тариалагдаж байгаа үр тарианы 30 хувь, төмсний 80 хувь, хүнсний ногооны 80 хувь, жимс жимсгэнийн 70 хувь нь тус хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын ажлын үр дүнд үүссэн, нутагшуулсан сорт, тэдний боловсруулсан арга зүйгээр тариалсан ажээ.

Ургамал, газар тариалангийн хүрээлэн орчин үеийн шаардлагад нийцүүлэн үр тариа, төмс хүнсний ногооны шинэ сортын үр үйлдвэрлэх, туршилт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэгтэй улаан буудайн үр үйлдвэрлэлийн “Гарааны Дархан-Элит”, төмсний үр үйлдвэрлэлийн “Гарааны бичил булцуу”, био бордооны “Гарааны Био-Ундарга“ компаниудыг байгуулан ажиллуулж байгаа. Цаашид ч хүнс, тэжээлийн таримлын үр үйлдвэрлэлийн чиглэлээр гарааны компаниудыг байгуулахаар зорин ажиллаж байгаад нь баяртай байна.

Монголын тариаланчид дотоодын буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 50 хувь хангаж байгаа үзүүлэлтийг цаашид улам ахиулж, хүнснийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болох үйлсэд Та бүхний судалгаа, шинжилгээ чухал үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гүнээ ухамсарлаж, хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүнс хангалттай, хүнс эрүүл, хүнс аюулгүй бол иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрахын баталгаа байдаг. Та бүхэнд ажлын амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.Одбаярыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ

Цэцийн гишүүдийн хуралдаанаар Д.Одбаяр чөлөөллөө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцсэн. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдан явуулжээ. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон нийт есөн гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ.Хуралдаанд Д.Одбаяр өөрийн биеэр оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв.

Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.

Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.

Үүнд:

Цэгийн нэр

дүүрэг

байршил

1

Цайз

Баянзүрх

19 дүгээр хороо Цайз захын зүүн талд

2

Америк элчин

Баянзүрх

2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд

3

Хангай

Сонгинохайрхан

10 дугаар хороо Хангай зах дотор

4

Тахилт

Сонгинохайрхан

22 дугаар хороо Тахилт

5

Дөлгөөн нуур 1

Сүхбаатар

9 дүгээр хороо Алтайн 10 тоот

6

Дөлгөөн нуур 2

Сүхбаатар

9 дүгээр хоро Алтайн 9 тоот

7

Дөлгөөн нуур 3

Сүхбаатар

9 дүгээр хороо 100 айл

8

Энканто

Хан-Уул

6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд

Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Утааны эсрэг миний оролцоо” аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Image result for Б.Лхагвасүрэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Б.Баярсайхан нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо.