Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн малчдын III зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдыг “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хосолсон бүс” нутаг болгосон.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг газар тариалантай зөв хослуулж эрчимжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү хууль тогтоомжийг танилцуулах, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн хамтдаа шийдвэрлэх гарцыг олох үүднээс Дарханы малчид төр захиргааныхаа байгууллагуудтай хамтран малчдын зөвлөгөөнөө 3 дахь жилдээ Шарын гол суманд зохион явууллаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн Прокурорын газар, “Дархан арьс ширний цогцолборын гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон 1400 гаруй малчдын төлөөлөл болсон 300 орчим малчин оролцлоо.

Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг ханган малын тоо, толгойг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, мал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчдын амьжиргааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эдгээрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн чиглэлийн зургаан заалтыг тусган оруулж хэрэгжилтийг хангахын зэрэгцээ Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

3 дахь жилдээ явагдаж байгаа малчдын зөвлөгөөний үеэр малчид өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болоод төр засагт хандан өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хариултаа ч мөн авсан юм.

Энэ өдрийн зөвлөгөөний үр дүнд цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар явуулах, Бэлчээрийг зохистой ашиглах, сайжруулах, бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, малын үржил селекцийн ажлыг эрчимжүүлэх, зохиомол хээлтүүлгээр үр суулгах, технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд малчид мал бүхий иргэдтэй хамтран ажиллах зэрэг 6 заалт бүхий зөвлөмжийг хамтдаа баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

46 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын техник хөнгөлөлттэй зээлээр авна

“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийт 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэх гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Беларусь Улсын Борисов хот дахь “ПОЖСНАБ” ХХК-ийн захирал Дерябин Олег Александрович нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд шийдвэрлэсэн юм.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээний ялагчаар Б.Лхамсүрэн шалгарлаа

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний II тэмцээн өчигдөр болж ялагчаа тодрууллаа. Тэмцээний үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарлаа.

Тэмцээний үеэр нийт таван номинац шалгаруулснаас:

  1. Авъяаслаг сайхан бүсгүйгээр Х.Соёлдэлгэр
  2. Оюунлаг сайхан бүсгүйгээр Б.Бадамханд
  3. Олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр Т.Урантөгс
  4. Хүмүүнлэгийн илч сайхан бүсгүйгээр Ч.Тунгалагтуяа нар шалгарчээ.

Энэхүү арга хэмжээг Монголд анх удаа “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь 2014 онд зохион байгуулж байсан бол энэ удаа 5 жилийнхээ ойн хүрээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа.

Тэмцээний онцлог нь Үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзэн 2020 оны 3 дугаар сард Франц улсад болох Олон улсын Тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцох эрхийг авч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

БСШУСЯ, ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Оросын холбооны улсын Суурь судалгааны сангийн зөвлөлийн дарга В.Я.Панченкотой уулзалт хийв.

БСШУСЯ болон ОХУ-ын Суурь судалгааны сангийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан суурь судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ уулзалтын үеэр “Шинжлэх ухааны суурь судалгааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичиг болон 2020 онд хэрэгжүүлэх хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай хэлэлцээрийг байгууллаа.

Хэлэлцээр болон санамж бичгийн хүрээнд 25 хүртэл хамтарсан төсөлд хоёр талаас санхүүжилт олгоно.

Сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Шинжлэх ухааны академи болон Суурь судалгааны сантай хамтран цаашид хэрэгжүүлж болох төслүүдийн талаар саналаа хэлж, хоёр тал судалгааны хүрээг өргөжүүлэх, эрчимжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

“Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг сайжруулах үүрэг, чиглэл өгөв

“Сургуулийн автобус” төслийг өнгөрөгч баасан гараг буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2,900 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.

Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж байгаа юм. Иймээс тус ажлыг амжилттай хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа 09.00 цагт “Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж буй нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэл технологийн газар болон нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд оролцсон шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа.

Тодруулбал, Хүүхдүүдийг автобуснаас хоцруулахгүй цагт нь ирүүлэхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчид руу нь чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулж, тогтмол ажиллуулах, тодорхой шалгуур, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулж ажиллах, сургуулийн автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, сургуулийн автобусны аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх чипийг боловсронгуй болгон, эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх апликейшнийг яаралтай нэвтрүүлэх, ухаалаг чипийг нэгийг автобусанд, нэгийг сургуульд нь байршуулах, ингэснээр хүүхдүүд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгааждаг байх ажлуудыг хийхийг даалгажээ.

Мөн тус хурлаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн М.Эрдэнэжаргал даргаар ахлуулан ажлын хэсэг 14 хоногт 1 удаа тогтмол хуралдаж байх, холбогдох ЕБС-иудаас мэдээлэл авч ажиллаж байхыг үүрэг болгов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүнлэгийн ухааны их сургууль 40 жилийн Ойгоо тэмдэглэлээ

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хамт олон, төгсөгчид, тус сургуульд ажиллаж байсан ахмадууд төрөлх сургуулийнхаа 40 жилийн Ойг энэ сарын 15-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойд зориулсан “Дээд боловсрол: хөгжлийн хандлага, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг үдээс өмнө зохион байгуулж аж үйлдвэрийн IV хувьсгалын үед дээд боловсролын салбарт гарах өөрчлөлт, тулгамдсан асуудлын талаар гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэд, судлаачид хэлэлцлээ.

Мөн энэ өдөр 40 жилийн ойн хүндэтгэлийн концерт “The Corporate Convetion Centre”-т болов. Бүтэн хоёр цаг үргэлжилсэн ойн тоглолтод тус сургуулийн 130 гаруй оюутан оролцож авьяас чадвараа харууллаа. Сар гаруйн хугацаанд бэлтгэлээ базаасан ойн тоглолтын найруулга болоод Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудын авьяас чадвар мэргэжлийн түвшинд байсныг ирсэн зочид онцолж байв.

Энэхүү хүндэтгэлийн концертод Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, ажилтан, оюутнууд, үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчид мөн төр засгийн удирдлага, хамтран ажиллагч их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөлөл 1300 гаруй хүн оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн нь тус сургуулийн хамт олон болоод оюутнуудад ихээхэн урам зориг өгсөн юм. Мөн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нараас Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан ирүүлсэн мэндчилгээг холбогдох өндөр албан тушаалтнууд уншиж танилцуулан захирал академич Б.Чулуундоржид гардууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Хятадын тал своп хэлцлийн хугацааг сунгах асуудлаар очсон төлөөлөгчдийг хүлээж авсангүй

БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа ирэх онд дуусна. 5.8 их наяд төгрөг буюу манай улсын төсвийн талаас илүүтэй тэнцэх энэ мөнгийг төлөхүйц чадал манай эдийн засагт хараахан суугаагүй. Манайхны хүсэлтийн дагуу своп хэлцлийн хугацааг дахин гурван жилээр сунгах албан ёсны хэлэлцээр эхлүүлэхээр уулзалт товлосон ч Хятадын тал Монголын төлөөлөгчдийг хүлээж авалгүйбуцаасан гэсэн мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

Монголбанк БНХАУ-ын Ардын банктай анх 2011 онд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг гурван жилийн хугацаатай, таван тэрбум юанийн дүнтэйгээр байгуулсан бөгөөд уг хэлцлийн мөнгөн дүнг 2012 онд хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. 2014 онд своп хэлцлийн хугацаа дуусахад гурван жилээр сунгаж, дахиад таван тэрбум юань нэмэн, 15 тэрбумд хүргэсэн юм. 2017 онд уг хэлцлийн хугацаа дуусах үед БНХАУ-ын зүгээс хугацааг дахин сунгахгүй гэдгээ мэдэгдсэн ч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсноор своп хэлцлийг 2020 оны долдугаар cap хүртэл үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн юм.

Сангийн яам, Монголбанк ирэх онд БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн хугацааг сунгана гэж төлөвлөн, 960 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлехөөр тооцож, эх үүсвэрийг төсөвт суулгасан. Хэрэв Хятадын тал своп хэлцлийн хугацааг сунгахаас татгалзвал Монгол Улс ирэх онд огт тооцоолоогүй их хэмжээний өрөнд унах юм.

Categories
мэдээ улс-төр

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон батлах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэрээнд 2019.09.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ.

Хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх ажээ.

Хууль батлагдсаны дараа хоёр тал соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Байгаль хамгаалагчид дэлхийн байгаль хамгаалагчдын чуулганд оролцлоо

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид Непал улсын Саураха хотноо зохион байгуулагдсан Дэлхийн байгаль хамгаалагчдын есдүгээр чуулганд амжилттай оролцлоо. Олон улсын Байгаль хамгаалагчдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг тус чуулган нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх, ололтыг түгээх, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой бөгөөд энэ жил анх удаа Ази тивд зохион байгуулагдсанаараа мөн хамгийн олон улсын буюу 70 орны 550 байгаль хамгаалагчид оролцсоноороо онцлог байв.

Нийт байгаль хамгаалагчдын 82% нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажиллаж байгаа ба 2009-2019 онд нийтдээ 1,027 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байна.Олон улсын хэмжээнд хууль бус мод бэлтгэл, хууль бус ан, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт өнөө хир явагдсаар байгаа тул эдгээртэй тэмцэхийн тулд 2019 оны чуулганаар байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ажиллах нөхцөлийг сайжруулах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн 7 сэдвийг хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганы оролцогчдын 40 гаруй хувийг эмэгтэй байгаль хамгаалагчид эзэлж байв.Зохион байгуулагч Непал улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд ховор, нэн ховор амьтны хууль бус антай амжилттай тэмцэж, 2011 оноос хойш хирс, заан, бар зэрэг амьтдын хууль бус ангийн тоог тэглэж чадсан нь тус чуулганыг зохион байгуулах орноор сонгогдох зүй ёсны үндэслэл болжээ.Чуулганы үеэр болсон онцлох үйл явдлын нэг нь Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн Олон улсын Байгаль хамгаалагчдын Кампус сантай хамтран Улаанбаатар хотод бэлтгэсэн цахим сургалтын модулийн нээлт байлаа. Цахим сургалтын материалуудыг олон улсын байгаль хамгаалагчдын сургалтад үндсэн гарын авлага болгон ашиглах юм.

Categories
мэдээ нийгэм

Мал төхөөрөх үйлдвэрүүдэд шалгалт хийж 499 зөрчил илрүүлжээ


МХЕГ-ын даргын баталсан 01/102 тоот удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх 96 үйлдвэр цех, мах махан бүтээгдэхүүний 144 аж ахуйн нэгж буюу нийт 240 объектыг хамруулан хяналт шалгалт хийв.

18 аймгийн 23 сум, нийслэлийн 4 дүүрэгт үйлдвэрийн аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэрийн хүчин чадлыг авч үзвэл жилд 9.712.560 бог, 1.900.800 бод, нийт 11.613.360 мал төхөөрөх боломжтой байна.

Мал төхөөрөх үйлдвэрүүдийн барилга байгууламжийн 40-50% нь 20-30 жилийн өмнө мал төхөөрөх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан байгууламжийг засварлаж, тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байгаа бол сүүлийн жилүүдэд байгуулагдсан үйлдвэрүүдийн ихэнх нь сэндвичин барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн, 306 буюу 61.3%-ийг арилгуулах арга хэмжээ авав. Илэрсэн зөрчлийн дийлэнх буюу 67.6%-89.0% хувийг бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, машин халдваргүйтгэх ваннгүй, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторигүй, мал эмнэлгийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчлүүд эзэлж байна. Аж ахуйн нэгжүүдийн 59% нь үйлдвэр цехдээ ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй ч хөргөлтийн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, 52% нь тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийдэггүй байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 73 аж ахуй нэгж буюу 48% үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй, өргөтгөж шинэчлээгүй, аймаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө аж ахуйн аргаар барьж байгуулсан нь технологийн үйл ажиллагаа дамжин бохирдох нөхцөлийг бүрдүүлжээ.

Шалгагдсан үйлдвэр, цехүүдээс 13 аж ахуй нэгж, тухайлбал БГД-ийн “Номт монгол”, ЧД-ийн “Цэнгэг айс”, Баян-Өлгий аймгийн Айбарлы арыстан, Достых, Дорнод аймгийн “Энх” хиамын, Говь-Алтайн “Баярт-Олон” зэрэг 11.6% нь мах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг тус тусдаа хадгалах агуулахгүй, технологийн урсгал зөрчигдсөн, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, БГД-ийн “Жэй Экс Си Эс”, “Хэлти фүүдс”, Булган аймгийн “Баяндөш хайрхан” зэрэг 16 аж ахуй нэгж буюу 10.5% нь махны үйлдвэрлэлд хүнсний зориулалтын бус зэврэлттэй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэж байв.

Шалгагдсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн (бууз, банш, хиам, ангилсан мах г.м) 65 буюу 43.0% нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаггүй, хаана нийлүүлдэг нь тодорхойгүй, бүртгэл тэмдэглэлгүй, гэрээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр цехүүдийн 36 буюу 23.8% нь бүтээгдэхүүний шошгонд цувралын дугаар, гаж нөлөө, Е тэмдэглэгээ, хориглох заалт зэрэг хаяг шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Монгол улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр экспорт хийхгүй байна.

Мал төхөөрөх 30 үйлдвэрийн байршил, хоногт төхөөрөх малын тоо, бэлтгэх мах, дайвар бүтээгдэхүүн, хөргөлтийн хүчин чадлыг шалгалтын дүнгээр тогтоолоо.

Улсын хэмжээнд 11 аймгийн 14 сум, нийслэлийн 4 дүүрэгт мал төхөөрөх, мах экспортлох 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж жилд 4128000 бог, 902880 бод, нийт 5030800 мал төхөөрөх хүчин чадалтай.

Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн 306 буюу 61.3%-ийг мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг түр зогсох, хугацаатай албан шаардлага хүргүүлэх, гүйцэтгэлийн шалгалт хийх, торгууль хүлээлгэх зэрэг арга хэмжээ авч ажиллав. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар 244 аж ахуй нэгжийн 290 удирдах ажилтан, 849 технологийн ажилчинд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан байна. 74 аж ахуйн нэгж, иргэнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 503 заалт бүхий хамтарсан албан шаардлага өгсөн албан шаардлагын биелэлт 47.9 хувьтай байна.

Мал төхөөрөх үйлдвэрүүд улирлын чанартай ажилладгаас зөвхөн экспортын зориулалтаар гаргах махыг мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэдэг, хүн амын дотоодын хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа мах, түүхий эд, бүтээгдэхүүн нь дулааны улиралд нийслэл, аймгуудын дэргэдэх уламжлалт аргаар мал төхөөрөх цехүүдэд, хүйтний улиралд хээрийн нядалгаа буюу малчны хотонд эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй орчинд төхөөрч, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн нийлүүлэгдэж байгаа нь хүн амын хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл үүссэн байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгож байгаа махны квотын хэмжээг махны үйлдвэргүй аж ахуй нэгжид өгөх эсвэл мах экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадалд тохируулан олгоогүйгээс үүдэж экспортлох эрхгүй аж ахуйн нэгжүүдээр махаа бэлтгүүлэх, урьдчилан махаа чанаж их хэмжээгээр боловсруулж, нөөцлөх зэрэг сөрөг үр дагаврууд нь улс хооронд мах экспортлохоор байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколд тусгагдсан заалтууд зөрчигдөх, махны экспорт зогсох улмаар Нийслэлийн хүн амын хүнсэнд нийлүүлэгдэх махны хэмжээ буурч, махны хомстол, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлд хүрч байна.