Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 514 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 396 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 11 хүн бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс гурван хүүхэд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
  • Зорчигч хэлбэрээр -3 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр 00.30 цагийн орчимд Дундговь аймаг Дэлгэрцогт сум хоёрдугаар баг Төгсийн хонхор гэх газар замд Beiben маркийн ачааны автомашин Hyundai Avante маркийн автомашинтай мөргөлдөж. жолооч 46 настай, эрэгтэй Г нас барсан.
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 01.10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сумын гуравдугаар баг Жигдэний даац гэх газар Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч 56 настай, эрэгтэй Б нас баржээ.
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны 11.10 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан багийн нутаг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн асфальтан замын хажууд 30-35 орчим насны эрэгтэй хүн нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны салбарынханд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

2019 онд Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр чухал ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Хандлагаа өөрчилье” уриан дор амжилттай зохион байгуулж, салбарын цаашдын хөгжлийн шинэ шинэ зорилтыг тодорхойлсон нь тус салбарынхны хувьд түүхэн онцлог жил боллоо.

Тус их хурлаас дэвшүүлсэн зорилт нь шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх замаар салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, улмаар Монгол Улсад мэдлэгт суурилсан нийгэм, эдийн суурийг бий болгоход дорвитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар баримтлах бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, эрдмийн хамт олон болон шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч Та бүхний идэвхтэй хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга, хичээл зүтгэл бүхнээс чухал юм.

Шинжлэх ухааны салбарын хамт олон, бидэнтэй хамтран зүтгэгчид Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх ариун үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Эрдэм номын хур ашид арвижих болтугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдах тохиолдол нэмэгджээ

Мэргэжлийн хяналтын газраас түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, 7 тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа аж. Өнгөрсөн шөнийн байдлаар /2019.11.24/ Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсанг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байсанг илрүүлж холбогдох албаныханд шилжүүлсэн байна.

Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Т.БАТМӨНХ: Цаг зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй…

Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндрэхийн хэрээр жилээс жилд хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга буурч байна. Энэ нөхцөлд тохирсон техник, технологийн шинэчлэлийг инженерүүд эртнээс төлөвлөн хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт биелсээр ирсэн. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болон ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн чиглэлээр алсын хараатай ямар өргөтгөл, шинэчлэл өрнөх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.

-Үйлдвэрлэлийн өнөөгийн онцлог нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай Ил уурхай гүнзгийрэх тусам хүдрийн агуулгаас шалтгаалан эцсийн бүтээгдэхүүний гарцын гурван хувийн бууралт байгалиасаа бий болдог. Нөгөө талаар хүдрийн хатуулаг нэмэгдсээр байдаг. Өөрөөр хэлбэл хатуу хүдэр бутлах, нунтаглах шаардлагатай болж байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжүүдийн цагийн бүтээмж буурах нь тодорхой. Тээрэм цагт 280 тонн хүдэр боловсруулдаг бол 275 болох жишээтэй. Цагийн ачаалал буураад байхад бүтээмжээ яаж нэмэх вэ? гэдэг асуудал үүсдэг. Тиймээс тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлээр бүтээмжийн өсөлтийг хангах бодлого барьж ажилладаг.

-Тухайлбал…?

-Өөрөөр хэлбэл цагт 280 тонн хүдэр боловсруулдаг тээрмийг 290 тонн/цаг болгох шаардлагатай. Цагт 650 тонн хүдэр хүлээн авдаг бутлуурыг 700 тонн/цаг авдаг болгох жишээтэй. Технологийн олон шийдлийг хийх хэрэгтэй. Энд л инженерүүдийн ур чадвар харагддаг. Техникийн болон технологийн уялдаа холбоог сайжруулж явах нь үйлдвэрийн гол бодлого юм. 2015 онд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн гуравдугаар шугамыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ өргөтгөлд Эрдэнэт үйлдвэр маань 170 сая ам.доллар зарцуулсан ч зардлаа 2,5 жилийн дотор бүрэн нөхсөн.

-Жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай энэ өргөтгөлийн бүтээн байгуулалтыг та Баяжуулах фабрикийн дарга байхдаа эхлүүлсэн байхаа. Одоо төслийн хүчин чадалдаа хүрч ажиллаж байна уу?

-Залгаснаас хойш жилдээ 5,2 сая тонн хүдэр боловсруулж байсан. Тус шугамын хувьд техник, технологийн шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ жил анх удаа төслийн хүчин чадалд нь хүргэх боломж бүрдүүлээд байна. Гэтэл ирэх жил уул геологийн нөхцөлөө дагаад хүдрийн хатуулаг 15 квт/тн-оос дээшлэх хандлагатай байна. Бондын индексээр хатуу ангиллын хүдэр боловсруулна. Нэг сөрөг тал энэ. Нөгөөх нь хүдэр дэх металлын агуулга одоо 0,466 хувь байгаа. Ирэх онд 0,459 болж буурна. Мэдээж, үйлдвэрлэж буй баяжмал дахь металлын хэмжээ дагаж буурна. Үүнийг нөхөхийн тулд техникийн бодлого, хөгжлийн үндсэн чиглэл эртээс төлөвлөгдөн хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ оны төгсгөлд Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг 2021 оны хоёрдугаар хагаст амжиж хийхгүй бол 2022 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань эрс буурна.

-Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн хүдэр боловсруулах хүчин чадал хэд байх вэ?

-Гуравдугаар шугамтай ижил, жилийн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байна. Мөн ижил төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдоно. Цаг хэзээ ч зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй. Бүтээмжийн бууралтаа нөхөх шинэчлэлийг цаг алдахгүй хийх нь чухал. 2023 онд Эрдэнэт үйлдвэр жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулна гээд хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан яваа. Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хугацаа нь бүтэн нэг жил шүү дээ. Тэгээд барилга байгууламж барих, ус, дулааны шугам хоолой татах, цахилгаан хангамжаа хийх гээд нүсэр ажил өрнөнө.

-Энэ жил хөрөнгө оруулалтаар техник, технологийн олон шинэчлэл, бүтээн байгуулалт хийлээ. Одоо ч үргэлжилсээр байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх урьтал ажлууд гэж ойлгож болох уу?

-Эрдэнэт үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болохын тулд хийгдэж байгаа бэлтгэл ажлууд гэж ойлгож болно. Одоо манай үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Өнөөдрийн түвшинд үүнээс илүүг чадахгүй. Харин “КСИ”-гийн хүчин чадлыг дахиад зургаан сая тонноор өргөтгөвөл боломжтой. Үүний тулд шинэчлэлийн ажлыг технологийн хамгийн сүүлийн дамжлага буюу Хаягдлын аж ахуйгаас эхэлдэг байхгүй юу. Бид 2010 онд ХАА-н хүчин чадлыг 40 сая тонн материал хүлээж авахаар болгосон юм. Одоо тэнд хийх ёстой чухал ажил бол насосуудын шинэчлэл. 2008 онд 12000 м3 булинга шахдаг насосыг анх удаа суурилуулж байсан бол 2011 онд цагт 15000 м3 булинга шахдаг насос суурилуулсан. Одоо бид 18000 м3 цагийн хүчин чадалтай насосыг дэлхийд анх удаа Эрдэнэт үйлдвэр ирэх онд суурилуулна. Түүнчлэн ирэх онд бид флотацын фронтыг нэмэгдүүлнэ.

-Өргөтгөл хийхэд цахилгаан хангамж хүрэлцэх үү?

-Хүрэлцэхгүй. Бид 25 мВт-ын хоёр трансформатораар Өөрөө нунтаглах хэсгийг цахилгаанаар хангадаг. Тиймээс ирэх онд 63 мВт-ын трансформатор солино. Үйлдвэрлэхэд хагас жилийн хугацаа шаардах учраас энэ жил захиалга өгөөд ирэх онд солино. Нөгөө талаас цэвэр усны асуудал ургана. Эрдэнэт үйлдвэр 65 км-ийн цаанаас 820 мм-ийн голчтой хоёр шугамаар ус татаж хэрэглэдэг. Хамгийн өндөр хүчин чадлаар авахад хоногт 80 000 м3 ус хэрэглэдэг. Бид энэ хэмжээг 120 м3 шахах хүчин чадалтай болгохыг зорьж байна. Мөн Ил уурхайн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажил явагдаж байна.

-Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд чиглэсэн техник, технологийн энэ жилийн шинэчлэлийн зарим шийдлийг тодруулж танилцуулбал?

-Хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гурван шатлал бүхий, жилдээ 20,5 сая тонн хүдэр буталдаг нэгдүгээр шугамын хүчин чадлыг конвейрийн хурдаар нэмэгдүүлж байна. Sew euro driwe компанийн мотор-редукторыг Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р туузан дамжуулгад суурилуулснаар хүдэр дамжуулалтыг хоёр сая тонноор өсгөх боломж бүрдлээ. Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын бутлуурыг Метsо фирмийн МР-800 төрлийн бутлуураар сольж байна. Энэ бутлуур нь бүтээмж болон бутлалтын зэрэг өндөр учраас бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээг бууруулж, улмаар тээрмүүдийн цагийн ачааллыг 10 хүртэл тонн/цагаар нэмэгдүүлэх боломж олгох юм. Нунтаглан баяжуулах хэсэгт Украйн улсын НКМЗ үйлдвэрийн МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийг сольж байна. Дани улсын FLS компанид үйлдвэрлэсэн зэс, молибденыг салгах молибдены баяжуулалтын шинэ шугамыг угсарч, суурилуулан үйлдвэрлэгчийн төлөөллийн хамтаар туршилт тохируулгын ажил гүйцэтгэж байна. Шүүн хатаах хэсэгт мөн FLS компанийн үйлдвэрлэсэн молибдены даралтат шүүлтүүрийн угсралт ид явагдаж байгаа. Ерөнхийдөө тавдугаар сарын нэгэнд нээлт хийсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл дээр төлөвлөгдсөн бүх ажлууд 12-р сарын 14 гэхэд 100 хувь дуусна.

-Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт нь хаягдлын сангийн 4М далан барих, уул сэтэлж холбох суваг байгуулах ажил байлаа.

-Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн хамгаалалт 4М даланг, эргэлтийн усны холбох сувгийн хамт барьж байгуулан ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр үйлдвэрээс гарсан булингын ус худагт хүрэх замыг дөтөлж хугацаа хэмнэнэ, аюулгүй байдлыг хангана. Түүнээс гадна өвлийн ид хүйтний үед усан сангийн хүрэлцээг хангана. Бид өвөл ХАА-н усны түвшинг 11-р худгаар байнга хэмждэг. Энэ усан сангийн маань нөөц одоогоор 21,3 сая м3 байна. Өмнө нь 19 сая м3 болж багассанаас эргэлтийн усан хангамжийн асуудал хүндэрч байсан түүх бий. Усан сангийн нөөцөө Сэлэнгийн усаар нөхөж нуурын түвшинг 3,2 м-ээр өргөж чадсан. Үүний хүчинд өнгөрсөн өвлийг ажирахгүй давсан. Энэ жил эргэлтийн усаараа өвлийг давах бэлтгэл сайн хангаад байна. Ирэх жил 5,5 сая тонн хүдэр хүлээн авдаг хам баяжуулалтын тавдугаар секцийн хүчин чадлыг 12 сая тоннд хүргэж өргөтгөнө. Ер нь инженерчлэлийн тооцоолол хэр зэрэг бодитой байхаас дараагийн шинэчлэлийн үр дүн хамаардаг.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 27 оюутан хүртлээ

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн суралцагчид

1. Б.Базарваань ШУТИС-Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн машин, тоног төхөөрөмж

2. Т.Болор-Эрдэнэ Отгонтэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль Эрх зүй

3. Н.Булгантамир Отготэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль Эрх зүй

4. О.Ганбаяр АШУҮИС-Нүүр, ам судлалын сургууль Шүдний их эмч

5. Г. Ган-Эрдэнэ ДХИС-Эрх зүй, нийгмийн ухааны сургууль Эрх зүй

6. М.Данзанпэрэнлэй Санхүү, эдийн засгийн их сургууль Санхүү

7. Э.Дэлгэрмаа ДХИС-Шинжлэн магадлахуйн институт Шүүх шинжилгээ-Эрх зүй

8. Н.Лхагвабаяр МУИС-Шинжлэх ухааны сургууль Сэтгүүл зүй

9. Г. Мандах МУИС-Бизнесийн сургууль Маркетинг

10. Т. Мөнгөнсаран Сэлэнгэ аймаг дахь МСҮТ Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан

11. Ц.Мөнхцэцэг ХААИС-Агроэкологийн сургууль Ургамал хамгаалал, хорио цээр

12. Б.Мягмардорж ДХИС-Шинжлэн магадлахуйн институт Шүүх шинжилгээ-Эрх зүй

13. С.Мягмарсүрэн МУИС-Хууль зүйн сургууль Эрх зүй

14. Ч.Мягмарсүрэн Дорнод их сургууль Газрын тосны инженер

15. Б.Одончимэг Эм зүйн шинжлэх ухааны их сургууль Уламжлалт анагаах ухааны их эмч

16. Б.Отгонбат Этүгэн их сургууль-Эрүүл мэндийн сургууль Хүний их эмч

17. Б.Пагма ШУТИС-Эрчим хүчний сургууль Цахилгааны инженер

18. О.Сарангуа Мандах их сургууль Нягтлан бодох бүртгэл-Банк

19. Н.Сувд СУИС-Дүрслэх, дизайн урлагийн сургууль Уран зураг

20. О.Сүххуяг Налайх дүүрэг дэх МСҮТ Хүнд машин, механизмын засварчин

21. Б.Улсболд МУИС-Хууль зүйн сургууль Олон улсын эрх зүй

22. А.Хишигтөгс МУИС-Шинжлэх ухааны сургууль Социологи

23. А.Цогжавхлан ҮБХИС-Аюулгүй байдлын сургууль Барилга, инженерийн байгууламж

24. С.Цэвээнжаргал Мандах их сургууль Нягтлан бодох бүртгэл-Аудит

25. Х.Шаравдорж АШУҮИС-Анагаах ухааны сургууль Хүний их эмч

26. Р. Энхзаяа СУИС-Соёлын сургууль Менежмент

27. У.Энхчимэг Сүхбаатар аймаг дахь МСҮТ Барилгын засал чимэглэл

Дээрх суралцагчид:

– Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан

– Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон

– Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн

– Амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байх шалгуурыг хангаснаас гадна “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичсэн байна. Болзол хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт /2019.11.26-27/ Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй тул бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Эдгээр өдрүүдэд бүх нийтээрээ амрахаас гадна автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм спорт

Монгол охин Японд түрүүллээ

Чөлөөт бөхийн Бүх Японы өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр /2019.11.23-24/ болж, Япон улсын 181 сургууль болон клубын 611 тамирчин өрсөлдсөнөөс -58 кг-д өсвөр үеийн УАШТ-ний аварга, ДАШТ, Азийн аваргад оролцож байсан туршлагатай, өдгөө Япон улсын Ичиши клубт хичээллэж буй 15 настай монгол охин Б. Хулан тав ялж , Бүх Японы аварга боллоо. Ингэснээр тэрбээр бүх Японы аваргад хоёр жил дараалан түрүүллээ. Мөн түүний төрсөн дүү Б. Халиун нь энэхүү тэмцээний -54 кг-д шилдэг наймд шалгарчээ.

Түүний хичээллэж буй Ичиши клуб нь олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирдага дор байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн цагдаад гурван жилийн ял оноов

Цагдаагийн алба хаагчаар ажиллаж байхдаа насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн этгээдэд гурван жил хорих ял оноолоо.

Увс аймагт цагдаагаар ажиллаж байсан О.Дөлгөөн нь насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, улмаар жирэмслүүлжээ. Энэ хэргийг арваннэгдүгээр сарын 21-ны өдөр шүүхээр шийдвэрлэж, О.Дөлгөөнд гурван жилийн ял оноолоо. Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

О.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг 14 наснаас дээш 18 насанд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, гурван жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 86 иргэн угаарын хийнд хорджээ

Өнөөдөр нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ. НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн онцгой комисс 24 цагийн шуурхай штабаар ажиллаж байгаа. Нийт гэр хорооллын өрхөд гурван удаа хүрч ажиллаад байна.

Амралтын өдрүүдэд түүхий нүүрсэд тавих хяналт шалгалт нийт 38 хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар, дүүрэг хороодын 865 алба хаагч, шалгалт явуулж долоон тонн түүхийн нүүрс илрүүлэн битүүмжлэн, шахмал түлшний хэрэглээ болон цаашид түүхий нүүрс хэрэглэхгүй байх талаар заавар зөвлөмжийг өгсөн. Өнгөрсөн долоо хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 35 өрхийн 86 иргэн, үүнээс 35 хүүхэд 51 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмж авсан. Эмнэлэгт нэмж хүн хэвтээгүй. Өмнө нь эмчлүүлж байсан нэг хүн хэвтэн эмчлүүлж байна.

Гэр хорооллын өрхүүд шахмал түлшээ хэрэглэж сурч байна. Гэсэн хэдий ч мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг мөрдөж галлах ёстой. Шахмал түлшгийг хэрэглэж хонохдоо савтай ус тавьж хонуулах нь угаарын хийн ууршлыг бууруулдаг ач холбогдолтой юм” гэлээ.

Мөн агаарын чанарын индекс өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал, хүхэрлэг хий стандарт түвшинд, РМ 10 тоосонцор 2.3 дахин бага, РМ 5 тоосонцор 2.2 дахин бага, азотын давхар исэл стандарт түвшинд байсан гэв.

Categories
мэдээ нийгэм

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 7.9 хувиар өслөө

Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 7.9 хувиар өсчээ. Тодруулбал, өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6хувь) мянган төгрөгөөр өслөө.

Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0хувь) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.