Categories
мэдээ нийгэм

Зах худалдааны төвүүд хоёр өдөр амарна

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд мөн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 26, 27-нд “Нарантуул” олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Хүчит шонхор зах , Да хүрээ зах нийтэд үйлчлэхгүй амарна.

Харин “Бөмбөгөр” худалдааны төв 09-20 цагт хуваарийн дагуу ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно

Үндсэн хуулийн цэц энэ сарын 29-ний 11.00 цагт хуралдаж, цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товложээ.

ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Д.Одбаярыг өөрийнх нь хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

ҮХЦ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэх, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байна.

Categories
мэдээ нийгэм

“Улсын их дэлгүүр”-ийг шүүхэд өгчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос “Улсын их дэлгүүр” ХК-тай холбоотой нэхэмжлэлийг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэлийг нь тодруулбал:

-“УИД” ХК-ийн 45.000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын “УИД” ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах,

-Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сарыг дуусталх хугацаанд компанид учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УЕПГ-т болж буй “төрийн эргэлт”-ийг Ерөнхийлөгч мэдэж байгаа юу

Маш ноцтой гэж болохоор үйл явдал УЕПГ-т өрнөж байна. Ер нь сүүлийн үед тус газрынхан ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл байгаад байсан. Тодруулбал, сар орчмын өмнөөс Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ажил үүргээс нь холдуулжээ. Тэрээр “Өвчтэй” гээд ажилдаа очихоо больсон байна. Учрыг ухвал Б.Жаргалсайханд УИХ-ын 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүл гэсэн чиглэл очжээ. Түүнийг энэ үүргийг хэрэгжүүлэх хуулийн үндэслэлтэй асуудал гарч ирэхгүй байна гэснээс нь хойш “Өвчтэй” байлгах болсон байгаа юм. Улмаар түүний албан үүргийг Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг гүйцэтгэх болжээ. С.Алиманцэцэг нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хүн гэсэн яриа томилогдох үеэс нь гарч эхэлсэн. Энэ юу ч биш. Маш ноцтой мэдээллийг дуулгая. Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг хэдхэн хоногийн өмнө УЕПГ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудыг цуглуулж байгаад “…Би Ерөнхий прокурор болно. Гансүх намайг дэмжиж байгаа” гэж мэдэгдсэн байна. Тэр ч байтугай энэ хүн 22-нд буюу өнгөрсөн баасан гаригт УЕПГ-т бүтцийн өөрчлөлт хийжээ. Түүнийхээ хүрээнд томоохон хоёр албан тушаалд Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш ойрын нөхдүүдтэй холбоотой гэгддэг хүмүүсийг томилсон байгаа юм. Мөн УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын мэдэлд байдаг боловсон хүчний асуудлыг өөртөө шилжүүлсэн байна. Тиймээс Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарын мэдэлд авто гарааш зэрэг л үлдсэн байна. Үүнд ХЭГ-ын дарга Д.Цогтбаатар ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Ганц тэр ч биш, ер нь УЕПГ-ынхан тэр чигтээ С.Алиманцэцэгийн шийдвэрийг нүд нь орой дээрээ гарах шахаж хүлээж авсан байна. Тиймээс хэд хэдэн албан тушаалтан “…Танд ингэх эрх байхгүй шүү дээ” хэмээн сануулжээ. Тэгэхэд нь “…Би Ерөнхийлөгчийн хүн. Та нар хэн юм бэ” гэж загнаад нам болгосон байгаа юм. Үнэхээр ч Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд оногдсон эрх хэмжээг С.Алиманцэцэг онц ноцтойгоор хэтрүүлэн хэрэглэсэн явдал болж буй аж.

Өөрөөр хэлбэл, УЕПГ-ыг хууль бусаар гартаа оруулж байгаа хэрэг гэдгийг тус газрын дийлэнх прокурор нэгэн дуугаар хэлж байна. Нөгөө талаас, түүний УЕПГ, прокурорын байгууллагад ийн “галзуурч” байгаа үйлдлийн талаар УИХ-ын гишүүд ч 2-3 удаа уулзаж ярилцаад тарсан байна. Хамгийн гол нь С.Алиманцэцэг прокурорын УЕПГ-т хийж буй энэ “төрийн эргэлт” шахуу үйлдлийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Categories
мэдээ нийгэм

Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүргүүдэд хийж, 7 тонн түүхий нүүрс илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Мөн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байгаа талаар хэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 35 өрхийн 86 иргэнээс дуудлага өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв.

Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн агаарт хүхрийн хэмжээ их гарсан ч автомашины утаанаас үүдэлтэй гэдгийг тогтоосон талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллэв.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа аж. Өнгөрсөн шөнийн байдлаар /2019.11.24/ Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсанг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байсанг илрүүлж холбогдох албаныханд шилжүүлсэн байна. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтоод байна

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд болж байна. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин удирдан явуулж байна. Хуралдааны эхэнд цаг агаарын байдал, өвлийн бэлтэлийн талаар мэдээлэл сонсох юм. Ирэх өвөл, хаврын цаг агаарын байдлын талаар УЦУОШГ-ын дарга н. Энхтүвшин мэдээлэл хийв. Тэрбээр:

-Энэ жил зун оройтож эхэлсэн. Есдүгээр сарын дунд үеэс бороо хур их орж, хөрсний чийг багатай намар болж байна. Зуншлагын төсөл байвал наймдугаар сарын дунд үе хүртэл нийт нутгийн 70 орчим хувьд сайн байсан. 11 дүгээр сарын дунд 10 хоногоос огцом хүйтэрч, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтоод байна гэлээ. Зарим нутагт 20-35 см зузаан цастай байгаа аж. Ойрын өдрүүдэд Хөвсгөлийн уулс, Төв аймаг, зүүн аймгийн нутаг, Алтайн салбар уулсаар хүйтний эрч чангарах юм байна.

Хангайн уулархаг нутаг, Хөвсгөлийн нутгаар шөнөдөө -32 хэм хүрч хүйтрэх аж. Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэлтэй байх урьдчилсан мэдээ гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын хоёр алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа

Улс тунхагласаны 95 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1440 дүгээр тушаалаар Онцгой байдлын байгууллагын хоёр алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар хурандаа цол хүртсэн юм.

Хурандаа цолыг өнөөдөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.



Categories
мэдээ улс-төр

Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд өнөөдөр заллаа.

Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал 1400 жилийн тэртээд хамаардаг юм. Тодруулбал, ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед орно.

БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг юм.

Монгол Улсын Засгийн газар энэ оны есдүгээр сарын 25-нд тогтоол гарган Хүйс толгойн бичээсийг “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулжээ. Бичээсийг Төрийн ордонд залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр монгол хэл бичгийн түүхэн баримт, хосгүй үнэт дурсгал гэдгийг тогтоосон бүх хүн, байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл өнө мөнх орших болтугай

“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Өрлөг жанжин Зэлмийн мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Монгол Өв” реалист уран бүтээлчдийн холбоо хамтран “Монгол бахархал: Их эзэн Чингис хаан ба өрлөг жанжид” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм уран бүтээлчид ээ,

Хүндэт зочид оо,

Бүтээл туурвилаа улс үндэснийхээ өв болгохоор санаа, зорилго нэгдсэн “Монгол Өв” реалист уран бүтээлчдийн холбооны уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье.

Төрт ёсны түүх, монголын ард түмний амьдрал уламжлал, ёс, зан заншлын их өв санг Та бүхэн уран бүтээлийнхээ сэдэв болгосон нь чухал ач холбогдолтой юм.

“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” гэж заасан байдаг. Үүнийг хичээнгүйлэн мөрдөж, сахин хэрэгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг байх учиртай.

Эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ойн өдөрт зориулан зохион байгуулж буй “Өв” уран бүтээлийн үзэсгэлэн үндэсний уламжлал, эх түүх, соёлоороо бахархах, эх оронч үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэхийн нэгэн бахархалт дуурайл болж байна.

Ур ухаан, зүрх сэтгэл, оюун билгээ Монголын уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн хүндлэхэд зориулсан бүх уран бүтээлчдэд талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл өнө мөнх орших болтугай.

Баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн 163 өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлалаа

Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид 12201 шуудай шахмал түлшийг зорилтот бүлгийн 163 өрхөд хандивлалаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд шахмал түлш хандивлах сайн үйлсийн аяныг аравдугаар сарын 17-оос эхлүүлэн амжилттай үргэлжлүүлж байна.

“Эко дүүрэг-Утаагүй орчин” сайн үйлсийн аянд Хан-Уул дүүргийн төрийн 11, хувийн хэвшлийн есөн байгууллагын 887 ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн нийт 12201 шуудай, 305 тонн шахмал түлш савлан ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 163 айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хандив өгч ажиллалаа.

Тус аян Хан-Уул дүүрэгт 2020 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм.