Categories
мэдээ цаг-үе

У.Пүрэвсүрэн: “Цэнхэр тэнгэрийн орон” дууны ая, шүлгийг Б.Пүрэвсүрэн бид хоёр 10 минут л бичсэн

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа, СТА У.Пүрэвсүрэнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрээр тун удахгүй “Цэнхэр тэнгэрийн орон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа юм.


-Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Цэнхэр тэнгэрийн орон” хэмээх сайхан уран бүтээлийг Монголын ард түмэн андахгүй. Энэ дуу сонин түүхээс бүтсэн гэдэг. Дууны шүлгийг та хэрхэн бичив?

-Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэн гэж уран бүтээлч залуу бий. Бид хоёр уран бүтээлийн сайхан найзууд, 10 гаруй дуу хамтран зохиосон байдаг. Бид хоёр нэгнийхээ их хурцална аа. Нэг өдөр найзынхаа студи дээр яваад очсон юм. Уран бүтээлээ ярилцаад сууж байтал У.Пүрэвсүрэн “Хоёулаа олон дуу бүтээхдээ нутгийн тухай дуу хийгээгүй юм байна. Би ч өчнөөн дуунд аялгуу хийлээ” гээд манай хүн онгирлоо. Ер нь жаахан онгироо талдаа. Би ч бас 13-тайдаа анх шүлэг бичсэн хүн, өдгөө хүртэл 500 гаруй шүлэг бичиж, 40, 50 орчим дууны аялгуу хийгээд, нэг кино зохиол, нэг жүжгийн зохиол, нэг дуурийн цомнол, 10 орчим баримтат киноны зохиол бичсэн гээд хоёулаа бие биендээ жаахан онгирохгүй юу. “Тэгвэл нутгийн тухай бүтээл чи яаж хийдэг юм, би ингэж хийдэг” гэдэгтээ туллаа. Би “Бал цаас аваад ир” гэж байгаад “Цэнхэр тэнгэрийн орон” дууны шүлгийг газар дээр нь дөрвөн бадгийг дахилттай нь бичээд “За би таван минутад бичлээ шүү” гээд өглөө. Манай хүн авангуутаа утасныхаа дуу хураагуур дээр тавьж байгаад “Сүрлэг хархираан торгон салхи” гээд шууд аялсан. Ингэж л энэ дуу маань 10 минутын дотор бүтсэн. Хоёр уран бүтээлчийн сэтгэлийнх нь бие биенээ хурцалсан хурцлал, омогшил, хүчтэй сэтгэлгээн дээрээс бүтсэн болохоор энэ бүтээл тэр амиараа Монголын ард түмний дуулах дуртай дуу болсон болов уу. Тэр жил манай нутгийн 90 жилийн ой тохиож, С.Жавхлан анд маань энэ дууг сонсонгуутаа “Энэ дууг би дуулах ёстой юм байна. Өгөгдлөөр та хоёр зохиожээ” хэмээн бэлгэшээж авч дуулсан түүхтэй.

-Дууны шүлгийн мөртүүд, аялгуу аль, аль нь нь тансаг. Та шүлэгтээ юуг дүрслэхийг зорив?

-Надад нэг ийм бодол явдаг байсан юм. Хэзээ билээ нэг жил Увс аймгийн Засаг даргын тушаалаар “Увс нуур” дууг аймгийн сүлд дуу болгосон. Яахав, уран бүтээлчийг цаг хугацаа төрүүлдэг. Уран бүтээлч өөрөө цаг хугацаандаа уран бүтээл төрүүлдэг. “Увс нуур” дууг үнэхээр манай ард түмэн бүгдээрээ дуулдаг сайхан бүтээл. Гэхдээ Увс аймаг өөрөө олон ястны өлгий, өөрсдийн зан заншил ихтэй. Ачит, Айраг, Үүрэг, Хяргас, Увс гээд маш олон нууртай. Хархираа, Түргэн, Ханхөхий, Цагаан шувуут гээд олон сүрлэг уулстай. Хотон, дөрвөд, халх, баяд ястнуудтай. Энэ бүхнийг шингээсэн уран бүтээл яагаад өнгөрсөн хугацаанд төрөөгүй, ганцхан нуурынхаа тухай дууг сүлд дуу болгосон юм бол гэж уран бүтээлч хүний хувьд эрэл хайгуул тархинд минь байсан юм. Хоёрдугаарт, аав минь надад хэлдэг байсан. Миний хүү өндөр уулын орой харж яваарай. Бодол нь уудам байдаг, өргөн их нуурынхаа цаад үзүүрийг харахыг хичээгээрэй, сэтгэл чинь тэр хэрээр цалгиатай байдаг гэдэг байлаа. Тэр л сэтгэлээр би “…Аргалын утаа уугиж л байдаг тэнд гэр минь бий

Алтайн уулс нь дүнхийж л байдаг тэнд бодол минь бий

Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий

Сарьдаг хөхийн уулсын ширхэг чулуу зүрхэнд минь бий” гэсэн энэ дөрвөн мөрөнд нутаг амьтай, эх нутгаа хайрлах хүний гүн гүнзгий бодрол дунд нь оршсон байж магадгүй ээ гэж боддог. Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий… гэдэг мөртөөр энэ дуу маань найрын дуу болоосой гэж мөрөөдөж бичсэн юм. Сарьдаг хөхийн уулсын ширхэг чулуу зүрхэнд минь бий…гэж. Үнэхээр нутгийн ширхэг чулуу хүртэл амины үнэтэй шүү дээ. Энэ дуу маань дөрвөн бадагтай бичигдсэн. Гэтэл дууны стандарт гэж бий. Зохиолын дууны стандарт таван минутаас илүүгүй байхад зохимжтой байдаг. Тийм болохоор нэг бадгийг хасъя гэхээр хайран санагдаад дахилтын үеэр би өөрөө уншдаг. Хүмүүс ч сайхан хүлээж авсан. Дуулахдаа хүртэл шүлгийн бадгийг давхар уншдаг юм билээ. Тэр үед

Мандах наран дор нутаг минь байдаг юм

Маргах юмгүй тэнд дулаахан байдаг… гэдэг дуу тэр үед гарч ирж байсан даа. Тэгэхэд би мандах наран зүгт Сүхбаатарын нутаг байдаг бол миний нутаг наран шингэх нутагт шүү дээ гэж бодсоор “Намар намартаа найрын дуу намдаж үзээгүй

Наран шингэх нутагт минь төлийн дуу тасраагүй… гэсэн мөрүүд тэр бодрол дээрээс орж ирсэн.

-Та бас Ю.Цэндэнбал даргын тухай “Буурал даргын нутаг” хэмээх дууны шүлгийг бичсэн. Монгол Улсыг 40 жил удирдсан энэ эрхэм хүний тухай кино бүтээгдэж байна. Дээр нь бас сайхан дуу мэндэлжээ?

-Аав маань Увс аймгийн Давст сумын уугуул. Ээж маань сүрлэг Хархираан цаагуур Гурван булаг гэж газраар нутагтай эмэгтэй байсан юм. Аав маань 17 настайдаа ижийд сэтгэлтэй болж ханилан суугаад Хархираан нутгаар нутаглаад явчихсан. Аавыг минь Пунцагийн Уртнасан, ижийг минь Түвшингийн Жавзан гэдэг байв. Хоёр жилийн өмнө нутагтаа очоод байхад аймгийн Засаг даргын орлогч Нямсамбуу гэж хүн надад “Чи нутагтаа ирчихсэн байгаа юм чинь Давст сумаар яваад ир. Ирэхдээ Давстын тухай сайхан шүлэг бичиж ирээч” гэсэн. Ингээд би ижийнхээ хамт аавынхаа нутгаар явлаа. Давст руу яваад оронгуут л бороо орж угтсан. Буцахдаа Увс нуурын хөвөөн дээр очлоо, бас бороо орлоо. Увс нуурын захад Бор талын овоо гэж байдаг. Өвөөгийн маань шүтдэг овоо тэр байж. Би тэр овоонынхоо дэргэд сууж байгаад “Буурал даргын нутаг” дууныхаа шүлгийг бичсэн юм даа. Хоёр жилийн дараа У.Пүрэвсүрэн маань аяыг нь хийж гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж ард түмэнд хүртээл болсон доо.

-Таныг анх 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн гэсэн. Олон жил бичсэн шүлгийн дэвтрээ хаяснаас болж нэг хэсэг үзэг, цаас бариагүй гэдэг?

-Аав маань жинчин хүн байлаа. Тэмээн жингээр Увсаас Хөвсгөлийн Ханх Хатгалын зүгэт зун, намрын зургаан сар явдаг байсан юм. Аав маань намайг зургаан настай байхад жингээсээ буцаж ирж байгаад гэнэт бие нь муудаж тал цус харвасан. Ингээд зургаан жил таягтай, хэвтэрт байсаар бурхны оронд буцсан даа. Эцэггүй хүний сэтгэл эмтрэнгүй, эрэмдэг, эмзэг байдаг. Аавгүй орон зай гэдэг бол хүний сэтгэлд ямар их хоосрол, ганцаардал авч ирэх нь ойлгомжтой. Нэг удаа сургуулийн хүүхдүүтэй багахан зодоон үүсгээд, нэгнийх нь аав ирж өмөөрсөн юм. Хоёр ч удаа ийм зүйл болсон. Тэгэхэд л аавгүй орон зай ямар хэцүү юм бэ. Очоод хэлье гэхэд аав байхгүй, үнэхээр их ганцаардсан. Тэр үед 13-тай байлаа. Тэгээд нэг шүлэг бичсэн юм. Аавыгаа хөдөөлүүлэх их хагацлын тухай шүлэг.

Арц хүж ханхалж зулын гэрэл сүүмийсэн

Аврал энхийг ерөөж маанийн уншлага задарсан

Ахан дүүс садан төрлөөрөө хагацлын нулимс бөмбөрүүлсэн

Аймшигт тэр өдөр одоо ч зүрхэнд уяатай

Үүрийн цагаан гэгээ манхайн цайх агшинд

Үдшийн сарны гэрэл мэлтийн тусах мөчид

Ахын машины нуруун дээр цагаан даавуугаар ороосон

Аавын минь эрдэнэт цогцсыг зөөлхөн байрлуулж байлаа….гэсэн мөртүүдтэй шүлгийг сургуулийнхаа тэмцээнд орж түрүүлж байлаа. Тэр үед надад нэг бодол төрсөн. Сэтгэлдээ байгаа бүхнийг асгаж болох том талбар бол цаас юм байна. Гаргаж болох орон зай бол үзэг юм байна гээд 13 настайгаас хойш үзэг цаас хоёртой нөхөрлөж эхэлсэн. Ингээд СУИС-д ороод хоёрдугаар курс хүртлээ би тасралтгүй шүлгээ бичсэн. Бараг 200 гаруй шүлэг тэрлэсэн дэвтэртэй байлаа. II курст нэг удаа шүлэг биччихээд дэрнийхээ завсар дэвтрээ хийчихсэн байсан юм. Нэг сэрээд хартал дэвтэр маань алга. Тэр үед оюутнууд байрандаа цуглаад гитардаж дуулаад би шүлгээ уншдаг сайхан он цаг байсан. Миний шүлгэнд дурласан хүүхдүүд олон ч байлаа. Тэд нарын маань нэг л авсан болов уу гэж боддог. Тэр шүлгийн дэвтрээ алдахад би яг аавыгаа алдсан юм шиг мэдрэмж авсан. Үнэхээр урам хугарна гэдэг тэр л байх. Хоёр жил гаруй дахиж юм бичээгүй. Сургуулиа төгсөөд Увсын театрт найруулагчаар очоод байхад нэг шавь маань надад бор дэвтэр бэлэглэлээ. Хавтсан дээрээ маш сайхан урмын үгтэй байлаа. Үгийн хүч гэдэг гайхалтай. Шавийнхаа тэр үгэн дээр сайхан сэргэлт авч эргээд шүлгээ бичиж эхэлснээс хойш өдгөө 500 гаруй шүлэг бичээд байна.

-Танай гэр бүлийн хүн бас урлагийн хүн байдаг гэсэн үү?

-Миний хань Ц.Алтантуул гэж уран нугараач бүсгүй бий. Увс аймгийн Хөгжимт драмын театрт аравдугаар ангиа төгсөөд бүжигчнээр орж байсан. Дараа нь СУИС-д надтай хамт кино драмын чиглэлээр төгссөн. Надад Хилийн цэргээс ажлын санал ирэхэд намайг дагаж Монгол Улсын хилээр явсаар өдгөө Уртнасангийн Пүрэвсүрэн гэдэг хүнийг бүтээх гэж өөрийнхөө мөрөөдөл, авьяас билгээ орхиж миний төлөө амьдралаа золиосолсон сайхан ханьтай хүн. Мэдээж яруу найрагч, шүлэг бичдэг хүний хань байна гэдэг амаргүй. Миний арын албыг нуруундаа бат үүрч явдаг. Цэргийн хүмүүс “Та хурандаа бол таны эхнэр генерал” гэж ярьдаг. Би дэд хурандаа, миний ард нэг хурандаа сайхан бүсгүй бий дээ.

-Тун удахгүй “Цэнхэр тэнгэрийн орон” уран бүтээлийг тоглолтоо хийх гэж байгааг дууллаа. Тоглолтын бэлтгэл хангагдсан уу?

-Миний “Цэнхэр тэнгэрийн орон” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн тоглолт маань ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ тоглолтыг маань “Хамаг Монгол” төслийнхөн санаачлан зохион байгуулж байгаа. С.Жавхлан гишүүн бид хоёр арван жилийн нэг анги, СУИС-ийн нэг төгсөлтийн хоёр. Бүр багын найзууд. “Хамаг Монгол” төслийг санаачлан зохион байгуулахад би эхнээс нь дуустал гар бие оролцож хамгийн сүүлд Чингис хааны талбайд хаалтын тоглолтоо хийхэд тайзны найруулагчаар ажиллах хувь тохиосон юм. Үүний дараагаас У.Пүрэвсүрэнгийнхээ тоглолтыг зохион байгуулж өгье гэсэн санал санаачилга “Хамаг Монгол”-ынхон гаргасан. Миний хувьд маш их баяр талархалтайгаар хүлээж авч бэлтгэл ажилдаа ороод байна.

Тоглолтынхоо нэрийг “Цэнхэр тэнгэрийн орон” гэж өгсөн нь учиртай. Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан дууны нэрээр нэрлэсэн тоглолт биш юм. Учир юу вэ гэвэл би 2003 онд СУИС-ийг төгсөөд хоёр жилийн хугацаанд Увс аймгийн Ойрад хөгжимт драмын театрт найруулагчаар ажилласан. Үүний дараа Хилийн цэргээс надад ажлын санал тавьсан юм. Түүний дагуу Сэлэнгэ аймагт Хилийн 0243 дугаар ангид цэргийн сэтгэл зүйч чиглэлээр офицер болж таван жил Монгол Улсын хил дээр ажилласан. 2010 оноос өнөөдрийг хүртэл ХЦДБЧ гэдэг энэ их айлд анхны ерөнхий найруулагчаар томилогдон ажиллаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай чуулга Монгол Улсын хэмжээнд байдаг ганц нүүдэлчин чуулга. Манай чуулгын үндсэн үүрэг дөрвөн зүг найман зовхист Монгол Улсын хилийг амгалан тайван байлгахын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа хилчид, тэдний гэр бүл, хил орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үндсэн үүрэгтэй. Гэхдээ хоёр жилд нэг удаа улсын хилийг бүтэн тойрох ёстой. Тэгэхээр энэ хугацаанд уран бүтээлчид маань хилийг хэдэн удаа тойрсон байх вэ гэдэг их том агуулга. Одоогоос дөрвөн жилийн өмнө би 45 хоногийн ансамбль аваад хил рүү гарсан юм. Говь-Алтайгаас эхлээд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан гэсэн маршрутаар явах болсон. Мэдээж Говь-Алтай бол говь алтай хосолсон нутаг. Бор шаргалдуу өнгөтэй. Баян-Өлгийн нутаг ч бас тийм. Ингэж 20 гаруй хоног явчихаад Баян-Өлгийгөөс Увс руу даваад ороход Үүрэг нүүр, Цагаан шувуут уул маань цэнхэртээд яалт ч үгүй “Цэнхэр тэнгэрийн орон” гэж уулга алдаж байсан. Тэр нэг мэдрэмж. Хоёрдугаарт, гадагшаа явахад хүний нутгийн тэнгэр нэг өөр, өөрийн нутгийн тэнгэр нэг өөр санагддаг. Монгол бол цэнхэр тэнгэрийн орон юм байна гэж боддог байсан. Тийм учраас тоглолтынхоо нэрийг би “Цэнхэр тэнгэрийн орон” гэж нэрлэсэн юм шүү.

-Танд одоо бичихийг хүсдэг ямар сэдэв, уран бүтээл байдаг вэ?

-Энэ орчлонгоос шүүрдье гэвэл сэдэв мундахгүй юм. Хүмүүний амьдрал гэдэг ганцхан жил шиг цаг хугацаа. Хавар мэт ургаад зун мэт цэцэглээд намар мэт гандаад өвөл мэт нойрсоно. Энэ цаг хугацаанд яаж багтаж амьдрах вэ. Яаж өөрийнхөө мөрийг үлдээх вэ. Хүүхдүүддээ яаж зөв үлгэрлэл болох вэ. Яаж Монгол Улсын хилийн хэмжээнд хилчдийнхээ түүчээ болж амьдрах вэ. Тэр хүмүүст яаж хөг аялгуу нэмэх вэ гэх мэтчилэн хийе, зорьё гэсэн бодол олон байна. Гэхдээ үүн дотроос Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон тухай туульсын дуулалт жүжиг тавьчих юмсан гэж мөрөөдөж явдаг. Ялгуун баатар Сумьяа Бээс гэж алдартай хилчин хүн байж. Шинжаанаас нүүж Богд хаант Монгол Улсын үед Алтан булагийн хилээр орж ирсэн. Тэр үед Богд хаан тэр хүнд хойд хилийг хариуцуулж үлдээсэн. Ялгуун баатар Сумьяа Бээс бол маш алдартай дайнч тулаанч хүн байсан. Тэр хүнээс сэдэл авч Ялгуун баатар Сумьяа Бээс хэмээх дуурийн цомнол бичсэн. Тэр цомнолоо дуурь болгоод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхаа алтан тайзан дээр тавих юмсан гэсэн мөрөөдөл бий.

-Тэр мөрөөдөл тань биелэх болтугай…

-Баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

“Монголын сонин бичиг” дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгэсэн нь буюу Сандо амбаныг мөрдөн сурвалжилсан нь

Хаант Оросын засгийн газраас санхүүжүүлж, 1909 оноос Харбин хотноо гаргаж эхэлсэн “Монголын сонин бичиг” сэтгүүл нь урд этгээдэд хэвлэгдэж байсан “Монгол үгийн бодрол”, “Монгол ер үгийн сэтгүүл”-тэй өрсөлдөх, ард олны улс төрийн үзэл бодлыг хойт зүгт татах гол зорилготой байлаа. Сэтгүүл арваад жил тогтмол гарч, тухайн үеийн монгол ноёд, том лам нар хийгээд сэхээтнүүдийн дунд нэр хүндтэй байсны шалтгаан нь Ар, Өвөр, Буриад Монголын шинэлэг үзэлт, дэвшилтэт сэхээтнүүдийг редакцидаа авч ажиллуулсанд оршино. Тухайлбал, бүр анхны дугаараас нь эхлэн эрхлэгчээр нь Агын буриад Цэдэвийн Цэдэн-Иш, сурвалжлагчаар нь алдарт Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, Бадрах баатар, Хайсан гүн, Алмас-Очир нар ажиллаж байжээ.

“Монголын сонин бичиг”-ийн талаар манай сэтгүүл зүйн эрдэмтэд тусгайлан судалсан тул энэхүү өгүүлэлд ерөнхий бодлого сэлтийг авч үзэхгүй, гагцхүү дөрөв дэх засаглалын үүргээ сайтар гүйцэтгэж, мэдээллийг үнэн зөв хүргэх, аль нэг талыг эс баримтлах сэтгүүл зүйн суурь зарчмыг чандлан баримталж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг анхлан хөгжүүлж байсныг нь Сандо амбаныг байцаан сурвалжилсан хэдэн жишээгээр үзүүлсү. Түүх судлаач нарт мэдээлэл нь хэрэг болох магадтай.

“Монголын сонин бичиг” нь Сандо амбаныг сүр жавхлантайгаар ирснээс гутамшигтайгаар хөөгдөх хүртэл нь бараг дугаар бүрдээ шийдвэр тушаал, үйл ажиллагааг нь сурвалжлан, шүүмжлэн хэлэлцэж байжээ. Үүнээс цөөн хэдийг жишээлэн авч үзье.(Конгрессын Номын Санд тус сэтгүүлийн 8-28, 34 болон хожим сонины форматаар хэвлэгдсэн 131, 151 дугаарууд хадгалагдаж буй)

Хэвт ёсны хоёрдугаар он, Хоёр сарын 25 #16(1910 оны 2 сарын 25)

ДА ХҮРЭЭНЭЭ, ШИНЭ ТУШААЛЫН ИХ САЙДЫГ УГТСАН

Шинэ тушаалын хэрэг шийтгэгч их түшмэл Сандова Цагаан сарын 26-ны өглөө найман цагт Хүрээнээ хүрч ирэхүйд хуучин тушаалын их сайд Жаний Монгол сайд, ван, бэйс ноёнтон, манж, монгол олон түшмэд жинстэн цэргүүдийг авч, цөм Хүрээний өмнө барьсан буудалд хүрч угтав. Бас Оросын морьт анги, Оросын Консул яамны олон түшмэд бүрнээ хамт одож угтан, маш хөөртэй болов хэмээмүй.

Хуучин тушаалын их сайд Жаний хоёр сарын шинийн нэгний луу цагт тамга ба албан хэргээ тушаан төгсөөд, мөн өдрийн бичин цагт Хүрээнээс мордож, Нийслэлд эгэв хэмээмү. Шинэ тушаалын сайд Сандова тушаал хүлээсний хожим түүний татвар сүйхэд сууж, шоргоолж мэт олон дагагсадтай хүрч ирэв. Мөн өдрөө шинэ сайд хятад үг мэдэх арван долоо найман нас хүрсэн зүс өнгө тэгш сайхан хүүхнийг гурав зарлан авчирсан нь юу хийхийг мэдэхгүй тул олон хүмүүн нарын шүүмжлэн хэлэлцэх нь: Харьяат их түшмэл захын хэргийн зовуурийг бодохгүй, харин онц охидын өнгө, хас торгонд дуртай нь үнэхээрийн жигтэй болов хэлэлцэв гэнэ.

Энэ мэдээнд Сандо амбан арван долоо найман настай өнгө зүс тэгш гурван сайхан охиныг дагуулан ирснийг шууд шүүмжлэн өгүүлсэн байна. Бас нөгөө талаар Орос, монгол, манж түшмэд түүнийг сүр жавхлантай угтсаныг нь бас орхигдуулсангүй, мэдээллийн тэнцвэрийг хадгалж, болсон явдлыг чухам болсон янзаар нь дамжуулан мэдээлжээ.

Хэвт ёсны хоёрдугаар он, Гурван сарын 10 #17

ДА ХҮРЭЭНЭЭ ШИНЭ ИХ САЙД САНДОВА ҮНЭН АЖИЙГ ХҮНДЭТГЭСЭН

Хүрээний хэрэг шийтгэгч их сайд Сандова өнөөхөн нэгэн битүүмжит эвхмэл айлтгасныг сурвалжилбаас, учир нь: Монголын бодос аж маш баялаг, гагцхүү тэр хүн эс тохиолдсоноор олох ашиг маш бага, үнэн аж бадруулах нь өдгөөгийн чухал явдал мөн тул үнэн ажийг дөрөв хувааж шийтгэсүгэй. Нэг нь зоорийн явдлыг тэгшитгэн засмуй. Хоёрт үйлдвэр дархныг арвитгамуй. Гутгаарт шохойн ажийг шийтгэх гүнси (компани гэсэн утгатай хятад үг М. С.)байгуулмуй. Дөрөвт адуу мал адгуулах чанс (үйлдвэр, хороо гэсэн утгатай хятад үг. М. С.) байгуулмуй. Эдгээр зүйл тулгуур олмогц даруй дэс дараалан өргөн шийтгэсүгэй гэв хэмээжээ.

Энд Сандо амбаныг буруутгахыг зорьсонгүй, Монголын аж ахуйг хөгжүүлэх зорилго тавьж, хичээнгүйлэн ажилласныг нь үнэн зөвөөр мэдээлжээ. Нөгөө талаас нь үзвэл “Сандова өнөөхөн нэгэн битүүмжит эвхмэл айлтгасныг сурвалжилбаас…” гэдгээс харахад энэ мэтээр Сандо амбаны төв рүү илгээсэн “битүүмжит эвхмэл”-ийг цаг тухайд нь сурвалжлан мэдэж нийтэлж байсан нь тодорхой бөгөөд энэ нь “Монголын сонин бичиг” Монголын журганд өөрийн гэсэн хүнтэй, түүгээрээ дамжуулан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргээ чадамгай гүйцэтгэж байсныг өгүүлнэ. “Битүүмжит” хэмээх нь нэг талаар нууцын зэрэглэл мөн.

Хэвт ёсны хоёрдугаар он, Дөрвөн сарын 26 #19

ДА ХҮРЭЭНЭЭ СУУГАА ИХ САЙД ОЛОН ХУВРАГУУДЫГ ЭГЭЛ БОЛГОЖ, ЦЭРЭГ СУРГАХ САНААГ ӨВӨРТӨЛСӨН НЬ ЭС БҮТЭЖ, ГЭДРЭГ ОЛНЫГ ҮЙМҮҮЛСЭН

Ойроос Да Хүрээнээс их худалдаачны томоотой хүмүүн нарын ирж хэлэлцэх нь: Шинэ сайд Сандова тушаалд ирснээс өмнөх сайдын гарын явдлыг олонх буруушааж, түүний шинэ хувилгаж халсугай хэмээсэн санаа нь өдгөө Баруун Зуугийн явдал нэгэнт бэрхтэй болж, алдагдахад хүрэв. Одоо түргэнээ монголчуудыг эртээс халж хувилган дарангуйлахгүй бол даган дуурайхыг үгүй болгохуйяа бэрх хэмээх ба…хуврагуудын тавин наснаас дээшийг сая сүмд суулгамуй. Тавин наснаас дорогшийг ямрыг ч хамаагүй, нэгэн адил цэрэг болгож сургамуй хэмээхээр тэргүүлэн нийт арван таван зүйл жагсаан айлтгасныг зарлигаар тогтоож, даруйд дэс дараалан өргөн шийтгэтүгэй хэмээснийг манай хороо нэгэнт өмнөх дэвтэрт бичиж гаргасан бөлгөө. Өдгөө их сайд Сандова үүнийг баримтлан, адбиш Да Хүрээний

Гандан хийд, Хүрээний хийдийн хэдэн түмэн хуврагуудыг урьдаар тийнхүү шийтгэмүй хэмээн эрдэм тэнхээгээ хэмнэн үл бодож, Хүрээний аливаа хэргийг Эрдэнэ Шанзодва ноён лугаа үл зөвлөн, шууд өөрийн дураар түшмэл цэрэг дагуулан, хийд сүмийн газарт сүр тавин айлгаж байцаан, Богд эзний зарлиг бошго, суудал атал хичээнгүйлэхгүй,

Богдын жаяг сургаал атал хүндлэхгүй, санаан таваар аймшигтайгаар шажинд хорлохыг завдан, дарлаж явахыг хоёр хийдийн олон хуврагууд түүний ямар ухааныг ч эс мэдэж, харин асуун сонсож мэдээд дагаж явсугай хэмээн шударгуудан атал Сандова санаагаа мөн тодорхой хэлэхгүй, өөрийн санаагаар хүний тоо ба хуврагуудын нөхцөл хөрөнгө, барааг биеэр байцаан зовоосон…

Далай ламыг муушаан гачигдуулж… ховлон муушааж, нүүр олсугай хэмээн завдаж, цахилгаан утсаар айлтгаж, Да хүрээний лам нар урвасан тул даруй цэрэг буулган, хядан арилгамуй хэмээснийг

Дээрээс түүний шажинд хорлох хорт санааг хэдийнэ айлдаж, олон хуврагуудыг сайнаар тохинуул, дэмий таваар цэрэг хөдөлгөж болохгүй хэмээн түүний санаагаар эс болгожээ. Үүнд Сандова аргагүй нүүр алдаж, сонсвоос одоо олон хуврагуудыг цухалдуулан, энэ мэт шинэ засгийг танай хуврагуудын дургүй нь тэргүүлэгч хэн хүмүүн буй хэмээн гачигдуулж, нэр авмуй гэж буй хэмээмүй. Түүний хорт санаа нь олонд хорлож, нэр алдар олж эс чадавч Да Хүрээний газарт тэргүүлэгч гэгч нэгэн хэдэн нэрийг олж, чанга цаазаар шууд шийтгээд, чимэглэн айлтгаж, өмнөх айлтгасан үгээ үнэн болгож, түр агшны нэр нүүрээ бүртгэсүгэй гэнэм хэмээмүй. Нэгэнтэйгүүр басхүү олон Хятад сонин бичигт Да Хүрээний олон хуврагуудыг гүтгэн бичүүлж,

Далай ламын илгээсэн мунхруулах үгсийг сонсож үймэх санаатай хэмээж эрхгүй санаагаа гүйцэтгэсүгэй гэж буй гэнэм хэмээмүй.

Энд Сандо амбаны үйл ажиллагаа, монгол лам нарыг цэрэгт татах, хөрөнгө зоорийг нь тандан мэдэх, Далай ламыг буруушаах, эргээд Монгол лам нарыг гүтгэн дарах гэсэн бусармаг явуулгыг шүүмжлэхдээ их худалдаачин, томоотой хүмүүсийн өгүүлэх байдлаар буюу “гэнэм, хэмээмүй, хэмээсэн” гэх дамжуулах үгээр нарийн илэрхийлсэн байна.

Энэ мэтээр Сандо амбаны явдал суудал бүрийг сайнтай муутай нь дугаар бүрдээ нарийн тод мэдээлж байсан учраас Манжийн засгаас сэрэмжлэн, битүүмжит захиа сэлтийг Монголын журганаар дамжуулахгүй шууд авч байхаар болжээ. Энэ тухай “Монголын сонин бичиг”-ийн 1911 оны 3 сарын 7-ны дугаар өгүүлсэн нь: “Цэргийн тухайн сайд Да Хүрээний их сайд Сандовад цахилгаан мэдээгээр илгээсэн нь: Үүнээс хойшид Хүрээний аливаа холбогдсон чухал хэргийг шууд, цахилгаан утсаар Засгийн яамнаа явуул. Монголын журганаар уламжлуулах хэрэггүй хэмээжээ.”

Ямар ч байсан Сандо амбаны үнэн үйлийг ийнхүү сурвалжлан өгүүлсээр байсны тул тусгаар тогтнох цагаагчин гахай жилийн хувьсгал эхлэхэд Монголын, ялангуяа Хүрээний ард түмэн мэдээлэл сайтай байж, ноёд, лам нарынхаа хамтаар нэгэн хүчээр зориглон хөдөлж, Манжийн амбаныг хөөн явуулсан билээ. Үүнд л “Монголын сонин бичиг”-ийн нэг гол ач холбогдол оршино.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 10 сая гаруй мал отроор өвөлжинө

2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 3.2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт отор нүүдэл хийж байна. Зуншлага муу, гантай байсан аймгуудын малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэн, Хөх дэл, Малах, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт оруулж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр хэлсэн.

2019-2020 онд аймаг дундын отрын есөн бүс нутагт 11 аймаг, Улаанбаатар хотоос 600 орчим мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэжээ. Малчид өвс, тэжээл, сүрэл, дарш, давс, хужрынхаа 90 гаруй хувийг бэлтгэсэн дүн гарсан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 70 хувьтай байгааг гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, анхааруулгаар энэ жил Азийн бүс нутагт томуугийн А хүрээний H1N1 H3N2 хүрээний 2 вирус мөн B хүрээний 2 вирусын халдвар түгээмэл тархах хандлагатай байна. Тиймээс эдгээр төрлийн томуугийн эсрэг дархлаажуулалтыг нийт хүн амд хийх нь чухал юм.

Томуу үүсгэгч вирус нь хүйтэнд тэсвэртэй тул өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн дунд тархаж, өвчин хүндэрч уушигны хатгалгаа болж хүндрэх эрсдэл өндөр байдаг байна. Учир нь 5 хүртлэх насны хүүхдийн дархлалын тогтолцоо, халдвар эсэргүүцэх чадвар сул байдгаас томуу болон томуу төст вирусийн халдвар авах нь элбэг. Харамсалтай нь томуугийн вирус жил бүр хувирч өөрчлөгддөгөөс насан туршийн дархлаа тогтох боломжгүй байгаа юм.

Тиймээс томуугийн вакцин хийлгэхийг дэлхийн бүх улсад ДЭМБ уриалдаг. Харин манай улс өнгөрсөн 2018 онд 125000 иргэнийг дархлаажуулсан бол өнөө жилийн энэ 11 сарын байдлаар 150 мянган хүн/тун вакцинаар иргэдээ дархлаажуулаад байна. Уг нь олон улсын байгууллагын зөвлөмжөөр томуугийн эсрэг дархлаажуулалтыг хамгийн багадаа хүн амынхаа 40%-ийг хамруулснаар томуугийн дэгдэлтийг бууруулна гэж үздэг. Үүнээс харвал томуугийн дэгдэлтийн саруудад 1.4 сая хүн/тун дархлаажуулалт хийгдэх учиртай юм. Хэдийгээр бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд дархлаажуулалтад хамруулдаг ч өөрсдийгөө орхигдуулдаг нь хамгийн буруу гэж мэргэжлийн эмч нар хэлж байна. Жишээ нь эцэг эхчүүдийн дунд манай хүүхэд гэртээ байгаа хэрнээ л ханиад хүрээд хүндэрчихлээ гэх нь элбэг. Энэ нь эцэг эхчүүд томуугийн халдвар аваад хүүхэддээ халдааж байгаа үйл явц. Яагаад эцэг эхчүүд биш хүүхдүүд өвчилдөг нь дээр дурьдсан бага насны хүүхдийн дархлалын тогтолцоо бэхжээгүй, сул байгаатай холбоотой юм байна. Тиймээс хүүхдээ хамгаалахын тулд насанд хүрэгчид томуугийн дархлаажуулалтад хамрагдах нь нэн чухал.

Эцэг эхчүүд томуугийн халдварын үед дур мэдэн өөрсдөө эмчилгээ хийж, өвчнийг хүндрүүлэх нь элбэг байдаг учраас дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

  • Нус гоожих
  • Толгой өвдөх
  • Хоолой өвдөх
  • Ядарч сульдах
  • Халуурах
  • Бие шархирч, булчингаар өвдөх

Эдгээр шинж илэрч голдуу 3-5 хоног үргэлжилнэ.

Томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн үр дүнтэй

-Сармис, нохойн хошуу аньсны навны ханд буцалгаж уух, уураар утах

-Чацаргана, аньсны халуун шүүс уух

– Нимбэгний шүүсийг халуун усанд шахаж зөгийн балаар амталж өдөрт 3-5 удаа уух

-Хөлөө халуун бүлээн усанд өвдөг хүртлээ дүрж 15 минут суух

-Алим, цагаан гааны шүүс / тал алимыг хэрчиж, 5-6 хэрчим цагаан гааны хамт 150 мл усанд буцалгана/өдөрт 3-4 удаа уух

-Адууны махны тосгүй шөлийг сармистай, эсвэл аарцтай уух

-Хонины махны битүү шөлийг сармис перецтэй уухын зэрэгцээ

  • даарч хөрөхгүй байх
  • илчлэг, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх
  • гараа савандаж угаах
  • олон нийтийн газар маск зүүх
  • сода царван давсны уусмалаар амаа зайлах
  • сайтар унтаж амрахыг эмч зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хү” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулав

XVII жарны Шарагчин гахай жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн нэгний шар луу хэмээх энэ өдөр, Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олгохоор болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргасныг цугласан олонд уншиж сонордуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “ХҮ” ХАМТЛАГИЙГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН – “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНАХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж, рок хөгжмийн “Хү” хамтлагийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон -“Чингис хаан” одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг “Хү” хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ХҮ” ХАМТЛАГТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОН – “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛАХ БОЛСОН ТАЛААРАА:

Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяарт тархан суурьшсан монголчууд аа,

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийн халуун дотно мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Он цагийн урсгалд олон түүхэн хүмүүс, түүхт үйл явдлууд бүдгэрэн, мартагдан алсарч байхад Их Эзэн Чингис хааны маань алдар гавьяаг хүмүүн төрөлхтөн улам бүр тодруулан, онцолсоор байгаа билээ. Германы аугаа философич Георг Хэгель 1837 онд бичсэн “Түүхэн философи” бүтээлдээ “Хүн төрөлхтний түүх монголчуудтай хамт эхэлсэн юм. Чухамдаа монголчууд түүхэн дэх анхны хууль цаазат хүчит төрийн суурийг байгуулж чадсан үндэстэн бөгөөд тэдний үзэл санааны дор өнөөгийн бүхий л их гүрнүүд, дэлхийн үндэстнүүд замнаж яваа…” хэмээн дүгнэн бичиж байжээ. Гайхамшигтай.

Гүн ухаантан Г.Хэгелийн дурдсан хүчирхэг төр нь Их Эзэн Чингис хааны маань “Алд бие минь алжааваас алжааг” хэмээн зүтгэж босгосон “Аху төр – Монгол төр” байсан. Гэм буруутанд таарах хариуцлагыг ногдуулах, гавьяатанд зохих шагналыг олгох нь Төрийн нэгэн чухал үүрэг хэмээн Чингис хаан үздэг байжээ.

Монголын төр өнөөдөр гавьяатнуудаа шагнан алдаршуулж байна.

Монголчууд аа,

Суут Богд дээдсийн мэндэлсэн-Монгол бахархлын энэ өдөр Их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа “Хүннү рок” хэмээх шинэ рок барилыг үүсгэн, гялалзаж буй “Хү” хамтлагт олгохоор шийдвэрлэлээ!

Бид Та нараар бахархаж байна. Монгол түмэн Та нараар омогшин баясаж байна. Их найрагч Р.Чойномын “Миний Монгол” найраглалд өгүүлсэнчлэн Монголын дуу бол моторын чимээ биш, морьтон ардын сэтгэлийн уянга болохыг дэлхий дахинд нотлон харуулсанд чинь баярлалаа.

Энэ бол нүүдэлчин удмын монгол залуусын хамтын хүч, хамтын зүтгэл, хамтын амжилт юм. Ерөнхий продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондог тэргүүтэй “Хү” хамтлаг. Гишүүд болох Цэндбаатарын Галбадрах, Батсайханы Энхсайхан, Галсанжамцын Нямжанцан, Наранбаатарын Тэмүүлэн, Гантөмөрийн Одбаяр, Аюушжавын Жамбалдорж, Маралхүүгийн Өнөмөнх, Батбаярын Батхүү, Цэндбаатарын Надмидтулга, Брэндон Фрайзен Та бүхэнд Их Эзэн Чингис хааны одонг монгол түмний нэрийн өмнөөс гардуулж байна. Дахин баяр хүргэе.

“Хү” хамтлагийнхан эхний цомгоо “Гэрэгэ”-ээр нэрлэсэн нь үнэхээр оножээ. Та бүхний уран бүтээл Их Эзэн Чингис хаанаас соёрхсон “Алтан гэрэгэ” адил дэлхий даяар Монголын нэрийг түгээн, хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн би ихэд бэлгэшээн, итгэж байна.

Монголын “Хүннү рок” – “Хү” хамтлагийн анхны дуу интернэт орчинд нэг жилийн дотор 26 сая сонсогчид хүрч, өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байна. 2019 оны 6 дугаар сараас тус хамтлаг Европын 13 орны 23 наадмаар аялан тоглолт хийжээ. Одоо Америкийн Нэгдсэн Улс, мөн Канад Улсаар тойрон 60 орчим бие даасан тоглолт хийгээд явж байгаа юм байна. Амжилт хүсье.

Та бүхэнд энэ хүндэт шагналыг олгох мөчид надад 1965 оны 5 дугаар сард алдарт “Битлз” хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд орж байна. Английн Хатан хаан “Битлз” хамтлагт шагнал олгох болсон шалтгаанаа “Британийн нэр хүндийг дэлхий даяарт өсгөсний төлөө” хэмээн тайлбарлаж байсан. Өнөөдөр Монголын төр Та бүхнийг төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнахдаа үүнтэй ижил шалтгааныг дурдахад таатай байна. Та бүхэнд амжилт хүсэж, аз жаргал сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол бидний хийморь бахархал Дээд тэнгэрээс заяат төрсөн Их Эзэн Чингис хааныхаа суу билигт бишрэн мөргөцгөөе. Таны үүсгэн байгуулсан Монгол төр, Таны сүлд хийморь үр хойчис биднийгээ үргэлжид ивээх болтугай!

Мөнх тэнгэр биднийг ивээг!” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулжээ

Ерөнхийлөгч өнгөрсөн зургадугаар сард нэр бүхий 17 шүүгчйн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан билээ. Тэдний нэг болох Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбат тэр сардаа АНУ руу гэр бүлийнхнийхээ хамт явсан байдаг.

Тэгвэл АТГ-аас АНУ-ын хуулин байгууллагууд руу хандсанаар С.Төмөрбатыг саатуулжээ. Улмаар удахгүй Монголд авч ирэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэрнэ

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар Увс аймгийн Баруунтуруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэлмэн, Цагаанчулуут, Тэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Их-Уул, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Бугат, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Гурванбаян, Өмнөдэлгэр, Дадал, Сүхбаатарын Түмэнцогт суманд 11-20 см цас тогтжээ.

Хэнтийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумын нутагт 6-10 см, Төв, Сүхбаатар аймгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сум 1-5 см цастай байна. Ирэх сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, төвийн нутгийн өмнөд, говийн бүсийн нутгаар бага зэргийн дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөв гарчээ.

2020 оны нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залав. Есөн шарга морьт цэрэг Их тугийг цэнгүүлэн Төрийн ордныг нар зөв гороолов. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.

Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их Монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. Есөн хөлт цагаан тугийг Монгол орны өнцөг булан бүрийн адуун сүргийг манлайн дэл сүүлээр хийсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл чухал

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2019.11.26) “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцийг Тусгаар тогтнолын ордонд уншлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг XVII жарны шаргачин гахай жилийн намрын адаг сарын 30-ны өдрийн морин цагт буюу Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажуулж, Төрийн тамгаа дарсан юм.

“Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцэд төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, Зөвлөлдөх санал асуулгад оролцож байсан төлөөлөгчид, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 800 гаруй хүн оролцов.

Лекцийнхээ эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрбээр, “1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулиараа Монголчууд төрт ёс оршин тогтнохын үндэс болсон Тусгаар тогтнолоо зарлан тунхаглахын зэрэгцээ ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан. Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээр хууль бүрт тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж байсан. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ ч бид түүхэн уламжлалаа хадгалсан гэдгээ онцлон тэмдэглэмээр байна.

Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Энэ зүйл заалт бүр эрүүл нийгэм, шударга төр, хариуцлагатай засаглалын хөгжингүй эдийн засаг руу та биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн тав дахь хувьсгалын эхний томоохон алхмыг хийсэн гэж үзэж байна.

Бид хамтдаа өөрчлөлт, шинэчлэлээ эхлүүлж чадлаа. Одоо үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх чухал ажил хүлээж байна. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Та бүхнээр уламжлан нийт ард түмэндээ шинэ сайхан ирээдүйг бүтээх, төрөө цэгцлэх түмнээ амаржуулах, бүтээх итгэл дүүрэн баяр түвшин жаргалыг хүсэн ерөөе” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахын тулд Ажлын хэсгийнхэн эрдэмтэн судлаачдын санал зөвлөгөөг авсан. Миний бие бичгээр гаргасан саналдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах, “Давхар дээл”-ийг тайлах, шүүх засаглалыг бэхжүүлэх талаар тусгасан. Энэ удаагийн парламент сайн өөрчлөлтийг хийж чадлаа. Одоо “амьдруулах” хэрэгтэй. Өндөр ёс суртахуун, шударга ёс, нэр төр, жудаг, үндэсний эв нэгдэл, эс шунахайрал, үүрэг хариуцлагатай байх нь Монгол Улсын Үндсэн хуулийг “амьдруулах” чухал зүйл гэдгийг цохон тэмдэглэмээр байна” гээд тусгаар тогтносон, бие даасан Үндсэн хуультай ард түмэн гэдгээрээ бахархаж байхыг уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ цаг-үе

Д.Цолмон: “Салхитын мөнгөний орд” гэх хэрэгт би ямар ч хамааралгүй, хууль ёс байгаа гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа. Тэднийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт буруутгаж байгаа юм. Тэдний нэг Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Д.Цолмонтой ярилцлаа.


-Одоогоос нэлээд хэдэн сарын өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг мандаж, түүнд шүүгчид холбоотой гэх мэдээлэл тарсан нь олон нийтийн дунд дуулиан болсон. Үүнээс үүдэж Ерөнхийлөгч зарлиг гарган 17 шүүгчийг түдгэлзүүлээд байна. Тэдний нэг та. Анх энэ хэрэг яаж эхэлсэн талаар ярилцаж эхлэх үү?

-2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн захирамж гарсныг тэр өдрийн өглөө босоод би цахим сайтаас уншиж мэдсэн. Зарлиг гарах үе нь өмнө Улсын дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан болж байсантай давхацсан. Бүрэн эрх түдгэлзүүлсэн нэрс дотор өөрийнхөө нэрийг байна гэж төсөөлөө ч үгүй. Би ихэд цочирдож хүлээж авсан. Ер нь энэ хэргийн тухай 2019 он гараад Сар шинийн дараагаас сайтуудаар гарч эхэлсэн юм байна лээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдсэн шүүх бүрэлдэхүүн гээд шүүгчдийн нэрсийг зурагтай нь сайтуудаар тавьсан. Би энэ хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон гэдгийг хяналтын шатны шүүхийн тогтоолоос үзэж байж л мэдсэн. Учир нь дээд шүүх жилдээ 1600 гаруй иргэний хэрэг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд шүүгч нар дор хаяхад 80 хувьд нь бүрэлдэхүүний шүүгчээр ажилладаг.

Иймээс өчигдөр, уржигдрын шийдвэрлэсэн хэрэг шиг бүрэлдэхүүнд байсан эсэхээ санах боломжгүй. Энэ асуудлыг би хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл нь үндэслэлгүй гэж ихэд бухимдсан. Тэгээд ч би шүүгч нартаа хэлсэн

“…Бүгдээрээ хэвлэлийнхэнд хандъя. Нэр төрөө сэргээлгэе. Ингэж дайрч давшилж болохгүй. Шүүхэд хандъя” гэхэд “…Угаасаа ингэж шүүх рүү дайрдаг юм. Нэг хэсэг ингэж байгаад чимээгүй болчихдог.

Чи шинэ хүн болохоор цочирдож байгаа байлгүй. Тэгээд ч шүүгч өөрөө шүүхэд хандах нь зохимжтой биш” гэсэн. Нээрээ ч тэгээд хэвлэлээр яваад байсан мэдээллүүд дахиж гарахаа больчихсон. Гэтэл нэг л өглөө Ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан байсан. Ийм л юм болсон.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн хуралдаж, Ерөнхийлөгчийн захирамж гарснаар энэ хэрэгт шүүгчид холбоотой, тэд мөнгө авсан байх гэж олон нийт ойлгож байгаа. Таныг ямар үйлдлээр буруутгадаг юм бэ. Уг нь анх гэрчээр татагдсан байдаг байх аа?

-Ерөнхийлөгчийн захирамжийг сайтаас олж уншсаны нөгөөдөр АТГ-аас прокурорын тогтоол танилцуулаад намайг ажил дээрээс авч яван манай гэрт нэгжлэг хийсэн. Гурван хүн ирсэн, нэгжлэг хийж байгаагаа бичлэгээр баримтжуулдаг юм билээ. Анх удаа л ийм зүйлтэй нүүр тулсан. Тэд миний гэртээ ажлаа хийдэг нөүтбүүк, утасны сим, банкны карт, бичиж дуусаагүй тогтоол зэргийг авч явсан. Нэгжлэг хийх явцдаа мөрдөгчид манайхыг ямар ч их номтой айл вэ гэсэн. Үнэхээр надад маш их ном л байгаа. Ингээд гэрчээр хоёр удаа мэдүүлэг авсан. Тэгэхдээ хуучин хамт ажиллаж байсан хүний нэрийг хэлээд “Таних уу” гэсэн. Би таньдаг учраас “Танина” гэсэн. “Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ” гэсэн. Түүнд нь хариулсан. Ямар харилцаа холбоотой байсан бэ гэхэд “Хамт ажиллаж байсан” гэдгээ хэлсэн. Асуусан асуултад нь өөрийнхөө мэдэх хэмжээнд л хариулсан. Угаасаа би тэр хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй учраас бүр тайвширсан. Би ойлгохдоо тэр хэргийн бүрэлдэхүүнд байгаа учраас намайг түдгэлзүүлсэн байна. Гэхдээ яагаад тэр хүнийг “Таньдаг уу” гэж асуусан юм бол гэж бас тэрүүхэндээ гайхсан. Би бодохдоо шүүгч Бямбаа агсны тухай л асуух юм болов уу гэж бодож байсан. Бямбаа агсныг танихгүй шүүгч гэж байхгүй байх. Гэхдээ би тэр хүнтэй хамт ажиллаж байгаагүй.

-Дараа нь яллагдагч болчихсон. Үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?

-Энгийнээр хэлэхэд олны танил алдартай хүмүүсийн нэр барьж залилан хийдэгтэй л адилхан. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаал дээр байгаа, эсвэл олны танил хүнийг таньдаг гэж хэлээд мөнгө авах, итгэл үнэмшил төрүүлэхээр утсаар ярих үйлдэл л хийгдсэн, иймэрхүү үйлдэл надаас гадуур болсон байна. Хэн нэгэн хүн энэ хэргийг шийдээд өгөөч, ийм тийм юм өгье гэсэн ямар ч яриа болоогүй, би бусдын нөлөөнд автаж хэрэг шийдвэрлэх хүн биш.

-Иргэний танхим Салхитын мөнгөний ордын хэргийг хэлэлцэх байх явцад шүүгчид нэгэндээ нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон үйл явдал байдаг уу?

-Үнэнээ хэлэхэд би энэ хэргийн талаар мэдэхгүй. Шүүхийн тогтоолд Салхитын мөнгөний орд гэдэг үг ч байдаггүй юм билээ. Хятад, монгол хоёр хүний хооронд үүссэн хувьцааны маргаан байдаг. Тогтоолыг үзэхэд энэ бол иргэний хэргийн шүүхийн байнга л шийдвэрлэж л байдаг маргааны нэг. Энэ хэргийн хувьд би илтгэгч шүүгч биш. Бүрэлдэхүүнд орсон шүүгч. Илтгэгч шүүгч бусад шүүгч нартаа хэргийн материалыг танилцуулдаг. Илтгэгч шүүгч нь Амарсайхан байсан. Амарсайхан шүүгч бол маш туршлагатай, олон жил шүүгч байсан хүн. Бичсэн тогтоолыг нь харахад өөртөө итгэлтэй, маш сайн бичигдсэн байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд хэргийн нөхцөл байдлаа танилцуулсан л гэсэн үг.

-АТГ-аас хэргийг шалгаж дуусаад прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн гэж мэдээлсэн. Үүнээс харахад энэ хэрэг шийдэгдэх нь, холбогдсон хүмүүс хэрэг үйлдсэн нь тодорхой юм байна гэдэг ойлголт бий болоод байна. Харин та бол өөр зүйл ярьж байна?

-Би түрүүн хэлсэн. Гэрчээр хоёр удаа асуусан. Гурав дахь удаагаа дуудахдаа яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Би тогтоолыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, бүх газарт гомдол гаргасан. Яллагдагчаар татсан тогтоолд анх гэрчээр асуухад “Таньдаг уу” гэж асуусан хүнээс “Мөнгө авсан байна. Энэ нь баримтаар тогтоогдсон” гэж надад хилс хэрэг тулгасан. “Тэр хүн мөнгө авсан юм чинь өгсөн байж таараа” гэж. Ерөөсөө энэ. Тэр хүн мэдүүлэгтээ “Надад өгсөн” гэж хэлээгүй. “Би өөрөө аваад зарцуулсан” гэсэн байдаг. Нэг хүн авсан бол нөгөө хүндээ өгсөн л байж таараа гэсэн муйхар хандлагаар, үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан. Үүнд үнэхээр их гомдож байна. Би барагтай л нулимс унагаах дургүй. Гэтэл энэ удаа бол нулимс аяндаа асгардаг юм байна. Анх түдгэлзүүлэх захирамж гарахад цочирдсон хэдий ч би хүлээцтэй хандсан. Яагаад гэвэл нэгдүгээрт, төрийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсан. Хоёрдугаарт, би өөртөө итгэлтэй. Би хэзээ ч ийм хууль бус буруу зүйл хийгээгүй. Хийх ч үгүй. Ийм учраас үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байсан. Гуравдугаарт, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч гэсэн би шүүгч хэвээрээ байгаа. Ингэснээр шүүгчийн ёс зүйн дүрэмд захирагдах ёстой. Шүүгчийн ёс зүйн дүрэм маш хатуу. Тиймээс би шүүгч хэвээрээ байгаа учраас ёс зүйдээ захирагдсан. Дөрөвт, нийгэм тэртэй тэргүй бужигнаж байгаа үед би ажлаа хийж байгаа хүмүүст саад болох вий. Бодит үнэнийг тогтооход саад учруулах вий гэдэг үүднээс би олон нийтэд хандаагүй, байр сууриа илэрхийлээгүй.

-Та хэргийг прокурорт шилжихээс өмнө хэрэгсэхгүй болох ёстой байсан гэж үзэж байжээ?

-Тийм ээ. Намайг яллагдагчаар татаад нэг л удаа мэдүүлэг авсан. Тэгээд л хэргийг шалгаад дуусчихлаа гэж байна. Мэдүүлэг авсны дараа би өөрөө тайлбар гаргаж өгсөн. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Миний бүрдүүлж өгсөн баримт тэр мөрдөгчдийн цуглуулсан баримтаас их байгаа. Дараа нь хэргийг чинь боочихлоо, ирж танилц гэлээ. Би өмгөөлөгчөө дагуулаад гүйгээд л очлоо. Өөртөө хамааралтай, надтай нэр холбогдсон хүнтэй холбоотой хэсгийг үзээд л тайван байсан. Үзчихлээ, одоо яах билээ гэхэд “Таны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар явуулж байна” гэлээ. Би үнэхээр тэсэрсэн. Би бодохдоо “За Цолмон шүүгч ээ, тантай холбоотой зүйлийг шалгаж дууслаа. Гэхдээ танд хамаарах юм байхгүй юм байна” гэсэн хариултыг хүлээж байтал шал эсрэгээрээ. Би хэлсэн. “Та нар шударга бусын хонгилоор намайг чирэх гэж байна” гэж хэлсэн. Би хууль мэддэггүй хүн байсан бол өөр. Гэтэл би хуульч, багш. Тэр тусмаа зүгээр нэг дунд сурдаг хуульч байгаагүй. Би өнөөдрийг хүртэл байнга тархиа цэнэглэж, юм уншиж, ном сурах бичиг хэвлүүлдэг, мэдлэгтэй хуульч, багш, Дээд шүүхийн шүүгч хүн. МУИС-ийг Сүхбаатарын цалинтай улаан дипломтойгоор төгссөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга анхны дарга Г.Совд багшаар эрүүгийн эрх зүйн хичээл заалгасан хүн. Миний үзэж байсан тэр онол ном одоо үгүй болсон юм уу гэж үзээд сүүлийн үед гарсан ном, сурах бичгүүдийг судаллаа. Онол, зарчим хэвээрээ л байна. Гэмт хэрэг чинь субьект, субьектив тал, объект объектив тал гэсэн дөрвөн үндсэн шалгуур хангаж байж бүрэлдэхүүнтэй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч гэмт хэрэг хийснийг нотлох зарчмыг тусгайлсан тогтоосон байгаа. Процессын тухай хуулийн 16 дугаар зүйл дээр заасан нөхцөл надад яаж нотлогдоод байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа юм. Намайг буруутгасан үйлдлийг нотолсон ямар ч баримт байхгүй, би буруу зөрүү юм хийгээгүй тул ийм баримт гарах ч үгүй. Гэтэл мөрдөгч болон прокурорууд таамгаар “Тэр мөнгө авсан юм чинь чамд өгсөн байж таарна” гэж байгаа нь үнэхээр хууль ёс, ном журам нь хаана алга болчихвоо гэж бодоход хүргэж байна. Зарим хүмүүс дээр зураг, дүрс гэх мэт баримт байдаг л гэсэн. Миний тухайд би ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй болохоор баримт байх боломжгүй. Иймээс таамгаар надад ял тулгаж хэргийг шийдэх гэж байна. Би бусадтай үгсэн хуйвалдаж, авлига авах, хэн нэгэн хүний дохио зангаагаар ажиллах хүн биш гэдгийг мэдэх хүмүүс их байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Монголын хууль, шүүхийн байгууллагыг сүүлийн үед шударга бусын хонгил гэж нэрлэх болсон. Та бол жинхэнэ фронт дунд ажиллаж байсан хүн. Одоо гаднаас нь эрхээ хамгаалахаар явж байна. Монголын хууль хяналтын байгууллагуудын хэрэг шалгах процесс хүний эрхийг хэрхэн хангадаг юм байна. Энгийн хүн дүгнэх өөр. Мэргэжлийн хуульч хүн юу гэж үзэж байгаа нь сонин байна?

-Хувь иргэн, шүүгч хүнийхээ хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг уншдаг. Би 2013 оны дөрөвдүгээр сард шүүгчээр томилогдсон. Үнэндээ энэ системд шинэ хүн. Шударга бусын хонгил гэх мэт нэрлэсэн янз бүрийн нэвтрүүлэг, нийтлэл, мэдээлэл явж л байдаг. Би арай ч тийм биш гэж боддог байсан. Бид чинь хууль дээдлэх зарчимтай, ардчилсан Үндсэн хуультай нийгэмд амьдарч байна.Хичээл заахдаа ч оюутнууддаа хууль дээдлэх зарчмыг хамгийн түрүүнд ойлгуулахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч бол ганцхан хэлтэй байх ёстой, тэр нь хууль, хуулиар л ярьдаг байх ёстой гэж. Миний оюутнуудаас асуугаарай. Тиймээс тангараг өргөсөн хуульч нар ажиллаж байгаа учраас би нэг их ач холбогдол өгч байгаагүй, улс төрчдийн л “Попрох” арга гэж үзэж байсан. Үүнийг би нуухгүй. Гэтэл өнөөдөр миний шударга ёсны баталгаанд найдах найдлага дуусч байна. Би өчигдөр өөрийнхөө тухай “нүүр ном”-ынхоо постонд товч танилцуулсан байгаа. Миний араас хөөцөлдөөд явах хүчтэй нэгэн байхгүй. Мэдээж ах дүүс маань байгаа. Гэхдээ надад таньдаг улстөрч, ямар нэг том бизнесмэн байхгүй. Гэр хороололд амьдардаг ах руугаа өглөө бүр утасддаг, угаартсан мэдээлэл их гарч байна шүү дээ. Намайг яаж амьдардаг, ямар хүн бэ гэдгийг мэдэх хүн олон байгаа. Яг үнэндээ би одоо шударга ёсонд итгэл алдарч байна. Хууль ёс ном журмаараа шалгаад надад энэ хэрэг хамааралгүй, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хууль зүйн бүрэн итгэлтэй байхад “яллах дүгнэлт” үйлдэх гэж байгаад одоо ч итгэхгүй, заримдаа ямар нэгэн кинонд тоглоод ч байгаа юм шиг … ийм л байна. “Хий үзэгдэл Европоор тэнэж явна” гэдэг шиг саяхан нэг яриа сонслоо. Чамаар туг тахих гэж байна, золионд явуулах гэж байна гэдэг үгийг би хүнээс сонссон. Би өчигдөр шөнө унтаж чадаагүй. Би хүмүүсийн зохион байгуулсан аймаар, урдаас төлөвлөсөн тоглолтын золиос болох гэж байна гэсэн бодол төрөөд, шударга үнэнг ганцаар биш олуулаа хайх хэрэгтэй юм байна гэж бодож эхлээд байна. Үнэхээр их гомдолтой байна.

-Шүүгч нар дансандаа сая доллартай, хэдэн тэрбумын хөрөнгөтэй гэх мэтээр ярьдаг. Та хэдэн төгрөгийн цалинтай байв. Өөрийн хөрөнгө ямар вэ?

-Биднийг чинь тэрбумтан шүүгч энэ тэр гээд бичээд байгаа шүү дээ. Анх шүүгчээр томилогдохоос өмнө урьдчилаад “ХОМ” өгдөг юм билээ. Шүүгч болсны дараа бас өгнө. Би 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд шүүгч болохдоо анхны ХОМ-ээ өгч байсан. Өнөөдөр миний тэр мэдүүлэгт бараг өөрчлөлт ороогүй. Цалингийн хэмжээ, зарим хадгаламжийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж, хасагдсан л байгаа. Энэ талаар ХАСХОМ дээр ил байгаа. Хэн ч ороод үзэх боломжтой. АТГ-аас ч энэ 2018 оны намар хөрөнгийн мэдүүлэгтэй холбоотой бүх баримтыг гаргуулж авсан. Би Удирдлагын академийн багш нарын байр, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргийн байшин гээд гурван байшинтай гээд их хөрөнгөтэй харагдаж болох байх. Гэхдээ энэ хөрөнгүүд бүгд шүүгч болохоос өмнө бий болсон, хамгийн сүүлийнх нь 2008 онд Академийнхаа багш нарын орон сууцны хөтөлбөрт хамрагдаад авсан байшин. Бүх хөрөнгө дандаа шүүгчээр ажиллахаас хамаагүй өмнө бий болсон. Би шүүгч болохдоо нэг жийп машинтай байсан. Тэр жийп одоо байхгүй, зарсан. Харин нэмэгдсэн хөрөнгө гэвэл “Приус-20” л байгаа. Би цалингийн зээл авдаг, зээлээ төлдөг. Би ном бичдэг, төслүүд дээр ажилладаг, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд багшлах болон судалгааны ажил хийдэг.

-Та өмнө нь ямар ажил хийж байв. Улсын дээд шүүхэд ямар шалгуураар орсон юм бэ?

-Би 1987 онд 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Тухайн үед МУИС-ийн нийгмийн ухааны факультетэд улаан шугам татахад эхнээсээ наймд орж байсан. Би төгсөнгүүтээ хуучнаар Намын дээд сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд ороод ахлах багш хүртлээ ажилласан. Би 1992 оноос өнөөдрийг хүртэл би багшилсаар байгаа. Өмгөөлөгч, Нэгдүгээр төв эмнэлэгт хуулийн зөвлөх хийж байсан. 2013 оноос арбитрч байсан. Мөн 1999-2003 онд хуульчдыг давтан сургах багш, 2003-2009 оны хооронд Хууль зүйн үндэсний төвд секторын эрхлэгчээр ажиллаж байсан. Би олон тооны ном сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл гаргаж байсан, би CV -гээ танд өгсөн. Тэнд миний туурвисан бүтээлийн жагсаалт байгаа.

“Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” гэсэн энэ өгүүлбэр миний амьдралын зарчим. Нэр хугарахаар яс хугар, нэг нэр хоёр хоч гэх зэрэг ардын зүйр цэцэн үгийг сонсч өсч, хүмүүжсэн хүн. 2013 онд Шүүхийн тухай хууль шинэчлэгдээд шүүх өөрчлөгдөнө, шүүхийн цалин хангамж нэмэгдэнэ гэж байсан. Тэр үед шүүгчийн сонгон шалгаруулалтын зар явж эхэлсэн. Багш нар маань ч надад хэлдэг байсан. “Чи шүүгчээр ажиллах цаг болсон” гэж байсан. Би ч бодож л байсан. Тэгээд хуулийн өөрчлөлтийг судлаад бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. Шалгалтанд хамгийн өндөр оноо авсан, дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гаруй гишүүний бүрэлдэхүүнээс хамгийн олон хүний санал авсан гэдэг.

-Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсон. Үүнийг шүүгчийн эрх зүйн байдалд хөндлөнгөөс халдаж байна, Үндсэн хууль зөрчиж байна гэж олон хуульчид эсэргүүцсэн. НҮБ-аас ч зөвлөмж ирүүлж байсан. Та энэ хуулийн өөрчлөлтийг юу гэж үздэг вэ?

-Тухайн үед энэ өөрчлөлтийг Үндсэн хууль болон олон улсын гэрээнд нийцээгүй, шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж олон улсын байгууллага болон хуульч, судлаачдаас маш ихээр эсэргүүцсэн. Энэ асуудлаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болсон. Ингээд Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой юм байна. Яавч Үндсэн хуульд нийцэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан шүүгчдийн нэг. Гэтэл хууль зүйн буруу зохицуулалтын золиос болчихоод байна. Хуульч, онолын хүний хувьд үзэхэд энэ бол шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хуулийн буруу зохицуулалт орсон гэж үздэг.

Ингээд харахад энэ хэрэгт гэм буруутай хүн байгааг үгүйсгэхгүй. Би хэн гэдгийг нь тогтоох эрх мэдэлтэй биш. Мэдээж энэ хэрэгт тодорхой баримт нотолгоотой хүмүүс байгаа л байх. Гол нь буруутай буруугүйг нь ялга. Нийгэмд үүсгэсэн энэ их дуулиан шуугианаа дарахын тулд, улстөрчдийн “Шударга ёсыг тогтооно” гэсэн амлалтаа биелүүлсэн гэж харагдахын төлөө, “муухай шүүгч нар”-ыг цааш явуулж байна, “нийгмийн захиалга” гэсэн “попорсон” үзэгдлийнхээ золиосонд “доргисон эвэр” дотор орсон гэмгүй хүмүүсээ битгий ингэж хэлмэгдүүлээч. Би надад үүсгэсэн энэ асуудал ерөөсөө мөрдөн байцаалтын шатанд хүрнэ гэж бодоогүй. Гэтэл мөрдөн байцаалт явагдсан. Энэ дуусаад хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг бүрэн итгэлтэй байтал хууль зүйн үндэслэлгүйгээр шүүхэд шилжүүлэх гэж байгаа бол энэ нь Хууль ёсыг уландаа гишгэсэн, шударга бус байдлыг хөхүүлэн дэмжсэн үйлдэл юм. Тиймээс эрхэм мөрдөгч болон прокурорууд Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёс, Эрүүгийн хуулиа, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа, нотлох зарчмаа, хуульд захирагдах зарчимдаа захирагдаач. Хуульчийнхаа өргөсөн тангарагт үнэнч байгаач гэж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд, Төрийн алтан аргамжаа нь бат байгаа, Төрийн хууль ёс хэвээрээ байгаа тул шударга ёс, хууль дээдлэх зарчимдаа үнэнч байж, хэрэгт огтхон ч хамааралгүй надад үүсгэсэн энэ хэргээ нэн даруй хэрэгсэхгүй болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Б.ЭНХЗАЯА