Categories
мэдээ нийгэм улс-төр

Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг гэр хорооллийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно

Image result for Цэрэнбат

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.

Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн музей байсан газарт 22 давхар барилга баригдана

БНМАУ-ын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 оны хооронд амьдарч байсан байшинд эдүгээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей” үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэх тодотголтой Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг.

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбат “Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. 1930-аад онд баригдсан модон байшин учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчихож байна. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн. Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан. Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн” хэмээн ярилаа.

Тэгвэл ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй бөгөөд уг байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна:

Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшинг нь хураасан байдаг. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндуламын санаачилгаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг байгуулсан. 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн. 2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг. Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа.

Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр:

1. П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно.

3. Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийэ байна.

Иймд, сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгүй байхыг хүсье. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхөд хүндэтгэх,хойч үедээ уламжлуулан үлдээхийн төлөө энэхүү сэргээн засварлах төслийг эхлүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Үүнтэй холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлэл хийлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Золжаргал: Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 3,895 орчим орон сууцны барилга байдаг. Тэдгээрээс насжилт өндөртэй 629 орон сууц ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгахад 234 нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан тохиолдолд оршин суугчдаас буулгах талаар санал авч, 80 хувь нь дэмжсэн тохиолдолд буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 162 барилгыг дахин барих шийдвэр гараад байна” хэмээх мэдээллийг өглөө.

Мөн шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архетиктур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан” хэмээн хэллээ.

М.Болор-Оюун

Categories
мэдээ нийгэм

Цас орж, эрс сэрүүснэ

Маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа зарим газраар бага зэргийн цас орж, эрс сэрүүсэн, салхи шуургатай байхыг анхаарна уу!

2019 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

– 10, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

-12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,

-13-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгов

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн. Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бол прокурорын байгууллагаас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Тэгвэл өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшээр галлаж байсан айлын зуух дэлбэрчээ

Өчигдөр орой 18 цагийн орчимд Баянзүрх дүүргиийн 27 дугаар хороонд оршин суух айлын нам даралтын зуух дэлбэрчээ.

Хэргийг тодруулбал, тус айл сайжруулсан шахмал түлшээр галлаж байсан аж. Зуух үүдний өрөөнд байрлаж байсан тул дэлбэрэлтийн үеэр хүн өртөөгүй байна. Харин тухайн айлын хаалга болон зуух байрлаж байсан байшингийн хэсэг эвдэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Баавгай буудсан малчныг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна

Хүрэн баавгай айлын мал барьсан тохиолдол Дорнод аймагт хэд, хэдэн удаа гарсан бол хүн рүү дайрсан тохиолдол гараагүй ажээ. Гэтэл тус аймагт хүрэн баавгайг буудаж, алсан тохиолдол гарсан байна.

Хуулиар хүний амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц тохиолдол үүсээгүй үед ховор амьтан агнасан этгээдэд хариуцлага хүлээлгэх заалттай учир баавгай буудсан малчныг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.




Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар 2019 оны 10 дугаар сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын төрийн дээд удирдлагад бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байна

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар дөрвөн ажлын хэсэг байгуулж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн. Ажлын хэсэг зун гантай, гандуу байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий аймгуудад томилотоор ажиллаж ХАА-н салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 285 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаад байна.

Өнөөдрийн байдлаар 21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай үргэлжилж байна. Тухайлбал Баян-Өлгий аймаг, хадлан тэжээлээ бүрэн, Ховд аймаг 98.7 хувьтай, Архангай 89 хувьтай, Хэнтий, 87.7 хувьтай, Хөвсгөл 85.6 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүхэлд нь сайтар хангаж байгаа аймгуудыг дурдвал Баян-Өлгий 95 хувь, Хөвсгөл 90 хувь, Ховд 80 хувь, Дархан -Уул 80 хувьтай байна. Бусад аймгийн хувьд 50- 70 хувьтай бэлтгэлээ хангаж байна. Ихэнх аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна.

Манай улсын хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын сүүлийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 нийт 84.2 сая мал бэлчээрлэж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн дээрх тоон мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж үзэхэд бэлчээрт байгаа 84.2 сая толгой малаас 16.5 саяыг хэрэгцээлж 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.

Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байгаад анхаарч яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын бэлтгэлийг 10 дугаар сарын сүүлч гэхэд бүрэн хангуулах зорилт тавьж ажиллаж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дөрвийн дөрвөн хүн үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй

Сайжруулсан түлшний угаарт хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ний орой Хордлогын төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч харамсалтай нь дөрвөн иргэн амиа алдлаа. Үүгээр зогсолгүй өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг нэг өрхийн гурван хүн угаарын хийнд бас дахин хордож 28 настай, эмэгтэй Ц нас барсан байна. Цааш ч үргэлжлэх бололтой. Угаарт хордсон иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 70 хол гарчээ. Ер нь бол есдүгээр сард л сайжруулсан түлшинд угаартсан мэдээлэл дуулдаж эхэлсэн юм. Арай амь насаа алдсандаа хүрээгүй байсан. Ийм аюул нүүрлэхийг урьдчилж мэдсэн эрх баригчид, хотын удирдлагууд нүхээ ухаж, “Сайжруулсан түлшний талаар муугаар бичвэл тагнуул, цагдаагаар шалгуулна” хэмээн давилуунтаж байсан юм байна. Ямар муухай зөнтэй дарга нар вэ. Хүүхдүүд угаартаж нас барахыг мэдээд хүчнийхнээр сүрдүүлж байдаг.

Нийгэм ийм аюултай байдалд хүрч, дөрвийн дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй. Дуугарч л таарна. Угаарын асуудал босонгуут л эрх баригчид хэвлэл мэдээллийн удирдлагууд руу есөн шидийн сувгаар ярьж, учир нь олдтол мэдээлэхгүй байхыг хүсч байна. Тэгдэггүй юм, дарга нар аа. Энэ бол үнэхээр үндэсний хэмжээний эмгэнэл. Үүнд хэвлэл мэдээллийнхэн ухаалаг хандах хэрэгтэй. Алдаа нь яг хаанаа байна. Үнэндээ хаа хаанаа асуудал бий. Ямар ч байсан хүмүүс нас барсан нь факт мөн. Угаартаж нас барсан хүний тоо нэмэгдэх шинжтэй болсон нь бүр аюултай баримт. Үүний эсрэг төр засаг юу хийх ёстой, юу хийж байна. Асуудлын гол нь үүндээ байна. “Бид шалгалаа, сайжруулсан түлшинд асуудал алга, 30 мянган өрх түлсний нэг хувьд л ийм асуудал үүслээ, тийм болохоор хориглохгүй…” гэхчлэн эрх баригчид яриад мэтгээд байгаа нь үнэндээ тэнэглэл мөн. Гэхдээ эдгээр тэнэгүүдийн дотроос нэг ухаалаг нь гарч ирээд асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

Хүний амь наснаас илүү үнэтэй юм гэж хаана ч байхгүй. Амиа алдсан иргэддээ эмгэнэж байна. Бидний амьдралаас хол байгаа аюул биш шүү дээ. Бидний яг дэргэд байгаа аюул. Орон сууцанд байдаг биднээс хол гэсэн өчүүхэн санаагаа ингэж ил харуулж болохгүй, дарга нар аа. Далд бүр ч харуулж болохгүй.

Монголд болж буй хэрэг явдалтай зэрэгцээд Финландын зүүн бүсийн Куопио хотын нэгэн сургуульд хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж нэг хүнийг хөнөөж, 10 хүн шархдуулсан хэрэг гарлаа. Тус улсын зүгээс тэр дор нь Онц байдал зарлаж, хэргийн учрыг мухарлахаар улс орон даяараа хөдөлж байна. Манай улстай тун төстэй, 5.4 сая хүнтэй энэ улсад иргэн нь цаг бусаар амиа алдахад ингэж Үндэсний хэмжээний аюулын хэмжээнд авч үзэж байна. Манайд таван ч иргэн маань зуурдаар амь насаа алдчихаад байна. Бидний байгаа царайг хар. Хоёр нялх хүүхэд, ах дүүсээрээ амиа алдчихаад байхад эрх баригчид нь “Бидний бэлдсэн түлшнээс л лав болоогүй байна шүү” гэж хэлчихээд гэртээ очоод хэвтчихэж байгааг. Байшингийн загвар муу хийлээ гэж Монголоор нэг аашилж загнадаг Ерөнхий сайд нь хаана явна. Байшинг чинь нурааж л таараа гээд бахирч байдаг хотын дарга нь гарч ирээд эмгэнэл илэрхийлчихэж чадахгүй л байна. Сайд, дарга бүхэн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байна. Монголчуудыг айдаст автуулж буй энэ хэрэг явдал дээр чинь л жинхэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь яаралтай хуралдаж, анхаарлаа хандуулдаггүй юм уу.

Сайжруулсан түлш үнэхээр хортой, хоргүйг цаг алдалгүй тогтоох хэрэгтэй байна. Хоргүй юм бол яаж түлэхийг нь бас цаг алдалгүй айл өрх бүрийн хаалгаар орж тайлбарлаж таниулах хэрэгтэй байна. Айл бүрт хүрч утаагүй түлшийг хэрхэн зөв хэрэглэхийг заахгүй өөр ямар ажил тэгээд хийх гэсэн юм бэ, та нар. Өөр хийх ажил та нарт байгаа юм уу. Ард түмэн чинь дэлхийд байхгүй хүйтнийг хэрхэн давах асуудал та нарын хамгийн чухал ажил биш үү. Үүнийг л хийгээдэх гэж ард түмэн та нарыг наад суудал дээр чинь залсан юм байгаа биз дээ. Гэтэл хариуцсан том дарга нь юу гэнэ вэ, “Би айл бүрээр орж сайжруулсан түлш хэрхэн түлэхийг заах юм уу, чадахгүй” гээд сууж байна. Гэр хорооллын 200 мянган өрхийн өөдөөс салаавч өгч буй эрх баригч гэж энэ. Өнөө 200 мянган өрхийн дийлэнх нь тэдэнд саналаа өгсөн нь сонгуулийн статистикаас харагддаг шүү дээ. Нийслэлчүүд бид бүхэн чинь ямар юмнуудаа төрд сонгочихсон юм бэ.

АН-ын зүгээс өчигдөр мэдэгдэл гаргасан. Нийслэлийн удирдлагуудыг авчирч УИХ-д сонсгол хийлгэе гэж. Энэ нь хамгийн зөв. Улсын эрхийг барих хамгийн дээд байгууллага УИХ дээр энэхүү эмгэнэлт асуудлыг ярилцаж шийд. Тэгэхгүй бол тэр доод шатны дарга нар чинь “Айл бүрээр орж гал түлэхийг заах юм уу” гээд суугаад байна. Ард түмний шууд сонгон байгуулсан төр бол УИХ. Та нар доогуур байгаа дарга нараа томилсон. Тэдэнтэйгээ хариуцлага тооц. Төрийн бүх шатны байгууллагыг, бүтцийг ажилд нь оруулж, гэр хороолол, түлшний үйлдвэр, цэгүүдэд жижүүрлүүл. Дүүрэг, хороо, гудамж, талбай, айл өрх бүрт тэднийг очуул. Хамт хоно, гал түлүүл, гэр хорооллоос ажилд нь явуул. Муулаад байдаг соц нийгмийн үед ажил нь унаад байгаа аймгуудад Төв хорооноос В.Бүнчин гэж даргыг нэр цохон томилж ажиллуулдаг байсан бодит түүх бий. В.Бүнчин дарга ажил нь унасан газар бүрт цэргүүдээ дагуулж очин тодорхой хугацаанд амьдардаг байсан гэдэг. Малчныд хонож, галчтай нь хамт уурын зууханд ажиллаж, жолоочтой нь хамт бүхээгт нь явж, зам тавьж байгаа газарт өглөө үүрээр ажилчных нь хувцас өмсчихсөн зогсож байдаг байсан гэдэг. Яг л ийм амьдралын гүнд, хэрэгтэй газарт нь, хэрэгтэй цагт нь, асуудлыг нь шийдэж, ажлыг нь хийлгээд зогсож байдаг удирдлага өнөөдрийн төр засагт нэг ч алга. Ялангуяа аж ахуйн ажил дийлэнх нь байдаг нийслэлд цагаан цамц, зангиатай, гял цял болсон баахан дарга нар, ард нь амьдрал нь нурсан 200 мянган өрх. Ийм байхад элэнцгийн чинь эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт вэ… Та нарыг сонгосон ард түмэн цаана чинь үхэж байна. Та нар сайн ажилласан бол иргэд ингэж олноороо үхэхгүй байсан. Үхэл хагацал хэдүй болтол үргэлжлэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй болчихоод байгаад л аюул оршин байна шүү.

Уг нь бол утаагүй түлш нь ахиц дэвшил хэмээн бид өөдрөг сайнаар бичсээр байгаа. Гэвч харамсалтай нь сайжруулсан түлшний эргэн тойронд хэрэг явдал өрнөөд байна. Үүнд хэвлэл мэдээллийнхэн маш сонор соргог байх ёстой. Бодит үнэнийг мэдээлэх ёстой. Үнэнийг мэдээлэхэд хамгийн их түлхэц өгөх нь төр засгийн шат шатны байгууллагууд юм. Төрөөс л хэвлэл мэдээллийнхныг бодитой мэдээллээр, цаг алдалгүй хангаад өгвөл бид хамтраад үнэнийг нийгэмд ойлгуулж чадна. Гэтэл төрийн зүгээс зуларч, нууцалж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн арьсаа хамгаалсан мэдээлэл хийгээд байвал сайжруулсан түлш нэг мөсөн сөнөнө. Хүн үхлээ, сонгууль дөхлөө гээд зогсох л юм бол дахиад Улаанбаатарыг утаанаас салгах тухай хэн ч зориглохгүй. Эрсдэл ирлээ. Эрсдэлийг ухаалгаар зохицуулахын оронд дээрх хоёр шалтгаанаар унтарвал өнөөдрийнхөөс ч тэнэг хэрэг болно. Яг нарийндаа бол угаартахаа хүрвэл аргалын утаанд ч угаартана. Түүн шиг түлшийг буруу хэрэглэвэл олон хүн үхэх бололтой. Мэргэжлийн болоод, мэргэжлийн бус хүмүүс сайжруулсан түлшний талаар мэргэжлийн үг хэллэгээр зөв буруу ойлголтыг нийгэмд өгсөөр байна. Миний ойлгосноор иргэд маань шаталт муутай нүүрсэнд хэрэглэдэг хуучин аргаа шаталт өндөртэй шинэ түлшинд хэрэглэж эхэлсэн нь алдаа болох шиг боллоо. Өнөөдрийн эрх баригчид энэхүү шинэ түвшний түлшийг хэрэглэх зааварчилгааг иргэдэд үнэхээр сайн зааж сурталчилсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Өнгөрсөн хавраас эхлээд бараг бүтэн жил шахуу зөвхөн энэ талын зааварчилгааг ард түмэнд заах байлаа. Даанч тэгсэнгүй дээ. Эцэст нь өнөөдөр ямар байдалд хүрэв!!!

Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд утаагүй түлшинд угаартаж үхэх үү. Эсвэл түлэхгүйгээр хөлдөж үхэх үү гэсэн прадокстой тулгарч байгаа бололтой …


Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны хураалт 75.9 хувьтай байна

2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан.

Өчигдрийн байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 42.3 хувь, хүнсний ногооны хураалт 75.9 хувь, төмсний хураалт 86.6 хувийн явцтай байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай (га)

Хураасан талбай (га)

Хувь

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

350307

148035

42.3

13.0

192439

2

Төмс

14856

12916

86.6

122.8

158628

3

Хүнсний ногоо

8042

6106

75.9

112.1

68446

4

Тэжээл

45567

19911

43.6

22.3

44472

5

Тосны ургамал

78213

10790

13.8

6.1

6643