Categories
мэдээ нийгэм

Орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019.09.21-22-ны өдөр нийт 566 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 391 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс таван хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.09.20-ны өдрийн 23:10 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сум IV баг “Хөх ус” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч А нас барж, жолооч С гэмтсэн.
  • 2019.09.22-ны өдрийн 23:30 цагийн үед Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Долоон тогооны аараг” гэх газар /Сумын төвөөс урагшаа 35 км/ шороон замд мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч М нас баржээ.
  • 2019.09.22-ны өдрийн 01:10 цагийн орчимд БЗД-ийн 10 дугаар хороо Улиастайн зам, “Баянзүрх” Барилгын материалын төвийн хойд замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б, явган зорчигч Э-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Categories
мэдээ нийгэм

Автомашины төмөр эд ангид дарагдаж 20 настай эрэгтэй амиа алджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багт “Дархан-Ус суваг” ТӨХК-ийн харьяа цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгад шороо зөөж байсан өөрөө буулгагч “Хово” загварын автомашин онхолдсоны улмаас жолооч нь нас баржээ.

Ослын дуудлага өчигдөр /2019.09.22/ өдрийн 10:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын 12 алба хаагч, гурван автомашин, Цагдаагийн газрын зургаан алба хаагч, нэг автомашин, Нэгдсэн эмнэлгийн хоёр эмч, нэг автомашинтай осол гарсан газарт ажиллаж, машины төмөр эд ангид дарагдаж амиа алдсан 20 настай эрэгтэй А-гийн цогцсыг 11:39 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Талийгаач А нь “Реминкон” ХХК-ийн гэрээт ажилтан байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо

Сэлбэ дэд төвд барьж ашиглалтад оруулж буй 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өчигдөр /09.22/ боллоо. Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон албаны хүмүүс оролцов.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Санжат ХХК ажиллаж төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өглөө. Туршилт, тохируулга, угаалга шахалт, тест хийх ажил бэлэн болсон байна. Усан сангийн ойр орчмын айлууд нэг км гаруй газраас ундны усаа зөөдөг байна. Иргэдийн зүгээс ундны усны худагтай болох хүсэлтийг ихээр тавьж байгааг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс хотын захирагчид дуулгаж байв. Хотын захирагчийн зүгээс усан сангаа түшиглээд 2-3 худаг байгуулах ажлыг хийнэ гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хамгийн чухал амин сүнс болсон цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэж, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвийн Цэвэр усны усан санг ашиглалтад оруулж байна. Энэ усан сан ашиглалтад орсноор ойр орчмын айл өрхүүд цаашлаад ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх орлогод нийцсэн орон сууцны үндсэн дэд бүтцүүдийн нэг. Энэ төслүүд хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын барилгажих ажил эрчимтэй үргэлжлэх боломж нь бүрдэж байна. Усан сангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгч байгаа Санжат ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлье” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын бүсийн хурал манай улсад боллоо

Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх сэдэвт бүсийн хурал 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 19-нд Улаанбаатар хотноо боллоо. Тус хуралд Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Филиппин, Шри-Ланка Улсаас тус бүр 5 төлөөлөгч мөн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн албаны Терроризмоос урьдчилан сэргийлэх хэлтэс, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зөвлөл, НҮБ-ын Терроризмтэй тэмцэх алба, АНУ-ын Мидьлибюри Институт зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд уригдан оролцсон юм. Хурлаар НҮБ-ын терроризмын санхүүжүүлэлт болон үй олноор хөнөөх зэвсэгтэй тэмцэх тогтолцоо, холбогдох олон улсын стандарт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан Исламын улсын эсрэг хориг арга хэмжээний тогтоолууд, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйл ажиллагааны санхүүжилттэй тэмцэх тогтолцоо болон холбогдох хөрөнгийн царцаалт зэрэг сэдвээр илтгэл тавигдсан бөгөөд манай улсаас Монголбанк, Санхүү мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурор, Хууль, зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас төлөөлөл оролцож дээрх сэдвүүдийн хүрээнд өөрийн орны талаарх мэдээллийг өгч оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Алтай таван богд”-д авиралт хийхээр явсан АНУ-ын иргэн сураггүй алга болжээ

Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат иргэн /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болжээ.

Аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан 2019.09.21-ний өдрийн 22:11 цагт тухайн жуулчин 2019.09.20-ны өдөр уулнаас буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампд очиж хонож, өнөө өглөө 09:00 цагаас эхлэн эрэн хайх хөдөлгөөнийг үргэлжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Оюу толгойн төсөлтэй холбоотой биднийг хамгийн их зовоож буй асуудал бол 34 хувь


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


-УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан гишүүн “Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн гэрээг хууль бусаар хийсэн. Үүнийг АТГ нотолсон” гэж мэдэгдсэн. Тантай тэр өдөр ярилцлага хийе гэтэл та “Аюурсайхан юун нотолгоо яриад байгааг мэдчихээд ярилцъя” гэсэн. Юун нотолгоо ярьсныг та мэдсэн үү?

-Мэдсэн. Т.Аюурсайхан гартаа нэг хавтас барьчихаад чуулганы хуралдаан дээр сүржин мэдэгдэл хийсэн. Гартаа барьсан зүйл нь надад үүсгэсэн эрүүгийн хэргийн материал юм билээ. Мөрдөн байцаалтын явцад хийсэн шинжээчийн дүгнэлт. Хавтаст хэрэгт байгаа материалыг УИХ-ын гишүүн тэр залуу яаж ч юм олоод авчихсан, чуулганы танхимд дэлгэж үзүүлээд байсан. УИХ-ын чуулганыг шүүх хурал шахуу болгон, намайг яллаад унасан. Шүүх хурал юм бол намайг ингэж “эчнээ” яллах учиргүй. Тэр шүүх хуралд нь би бас оролцож, үгээ хэлэх эрхтэй баймаар. Ерөөс хэргийг шүүхэд биш УИХ-д шилжүүлдэг, тэгээд УИХ-ын аль нэгэн гишүүн хэрэг шүүдэг, ялладаг болж байгаа юм уу. Хууль тогтоогч хуулиа ингэж завхруулж болох уу?

-Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “230 хуудас энэ хавтаст материалыг Монголын төрд дөрвөн хүний нэр дээр ирүүлсэн. Гэтэл энэ дөрвөн хүнээс нэг нь ч энэ тал дээр дуугараагүй. Би энэ хавтаст хэргийн араас явж явж, саяхан олж авсан” гэж байсан. Тэр дөрвөн хүн гэдэг нь хэн хэн юм бол, та мэдэх үү?

-Би яаж мэдэх билээ. За, хэн ч байлаа Аюурсайханыг бодвол, юун дээр дуугарах, эс дуугарахаа мэддэг хүмүүс бололтой. Ер нь бол, мөрдөн шалгаж байгаа хэргийн материалыг ийш тийш илгээдэг, тэрнийг нь олж аваад аль нэг албан тушаалтан элдэв мэдэгдэл хийдэг ийм гаж ёс гэж үгүй. Тэгэх тусмаа “араас нь явж, олж авдаг” хэргийн материал гэж байх учиргүй.

Надад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Асуудал АТГ дээр байгаа. Шалгаж гүйцлээ гэж үзвэл хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх учиртай. Тэрний өмнө надад танилцуулах естой. Би тэрнийг нь үзэж танилцах эрхтэй. Гэтэл энэ материалууд надад биш, аль нэг албан тушаалтан дээр очиж байна. Бүр цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагад хүрч, гүтгэлэгт нийтлэлийн сэдэв болж байна. Ийм байж таарахгүй. Дахин хэлъе. Энэ бол хуулийн завхрал. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулъя, ардчилсан тогтолцоогоо бэхжүүлье гэж яриад байгаа. Гэтэл ардчилсан тогтолцооны суурь нь “хуулийн өмнө бүгд эрх тэгш” гэсэн зарчим юм шүү дээ. Суурь энэ зарчмаа зөрчиж, нулимж байгаа бол ямар ч гоё Үндсэн хууль нэмэр болохгүй.

-Та энэ асуудлаар гомдол гаргасан уу?

-Гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. 29.3 дугаар зүйлд нь “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал”-ын тухай тодорхой заасан. Би энэ заалтын дагуу гомдол, хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргасан. Надад хариу өгөх естой. Хүлээж байна. Хэргийн баримтыг задалж, тарааж байгаад хэн нэгний булайг дуудуулж, муу муухай бүхнийг түүн рүү чихэж байгаад ялладаг арга сүүлийн үед нэвтрээд байна. Энэ бол явуургүй арга, бүтэхгүй оролдлого гэж хэлье.

-Т.Аюурсайхан гишүүний харуулаад байсан тэр материалыг та үзэж танилцсан уу?

-230 гаруй хуудас шинжээчийн дүгнэлттэй мөрдөн байцаагчийн зөвшөөрсний дагуу би танилцсан. Хуулбарлаж авах хүсэлт гаргахад боломжгүй гэсэн тул уншиж зарим зүйлийг нь тэмдэглэсэн. Юм юм хамж бичсэн дүгнэлт байна билээ. Холбогдох хуулиа, байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг буруу, дутуу ойлгож тайлбарласан, дүгнэсэн асуудал цөөнгүй байна гэж би харсан, одоо нарийвчлан судалж байна. Ер нь тэгээд, надтай холбоотой хэргийг сонинд нийтлээд, УИХ-ын чуулган дээрээс зарлаад байгаа юм бол уг материалыг нийтэд бүрмөсөн ил болговол зүгээр юм биш үү? Мэргэжлийн болон сонирхож буй бүх хүмүүс нь үзээд, судлаад өөр өөрийн дүгнэлтээ хийг л дээ. Тэгээд Ерөнхий сайд асан С.Баярыг яг ямар баримтаар, юу гэж яллаад байгааг олон түмэн ойлгож мэднэ биз.

-Т.Аюурсайхан гишүүний ярьснаар “Наад захын хөрөнгө оруулалтын эрсдэлийг даах 50 сая ам.долларын хөрөнгөгүй гадны этгээдүүд, өөрөөр хэлбэл халаас нь хоосон луйварчид хүрч ирээд хэдэн тэрбумаар тооцогдох Оюу толгойн орд газрыг маань авчихсан байна” гэж чуулган дээр хэлсэн. Тийм юм уу?

-Оюу толгойн гэрээг бага ч атугай судалсан хүн бол ийм мангар юм ярьж, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй. Муулахын тулд муулж, үүн дээрээ “тодрох” гэсэн хүмүүст нийтлэг нэг дутагдал бий. Суурь баримт огт уншаагүй, эсвэл уншаад ойлгоогүй хэрнээ элдвийн юм ярьдаг. Т.Аюурсайхан бол тэдний нэг нь. Баримт түшиж ярья. Нэгдүгээрт, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүн ганцаараа дур мэдэн хийсэн юм биш. Энэ гэрээний төслийг Засгийн газар, ҮАБЗ, УИХ-аар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Муу ч, сайн ч Монголын төрийн энэ хэдэн байгууллага нийлээд “халаас хоосон гадны луварчидтай” гэрээ арай хийхгүй, тийм үү. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед буюу 2009 оны аравдугаар сар хүртэл нийтдээ 1.1 тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан гадны хуулийн этгээдтэй бид гэрээ байгуулсан. Хоёрдугаарт, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ энэ байна. Энэ гэрээний 9.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.6-д заасан Техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгасан дөрвөн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын энэ хуваарийг ТЭЗҮ-д тусгана” гэсэн байна. Түүнчлэн, уг гэрээний 3.10-т Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх, санхүүжилт бүрдсэн нөхцөл гэдэгт юуг ойлгох, энэ талаар Засгийн газарт мэдэгдэх, үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлвэл, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэр бий болгосноор Оюу толгой төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон. Гэрээний эдгээр заалт болон ТЭЗҮ-ийн дагуу хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийсээр ирсэн. Нөхцөл байдал, бодит баримт ийм юм. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 10 жил болж байна. Гэтэл гэнэт “бүхнээс ухаантай”, “Монголдоо аймаар их хайртай” нэгэн гарч ирээд “халаас хоосон гадны луварчидтай” гэрээ хийлээ гэх “нээлт хийж”, сүржигнэх нь зөөлөн хэлэхэд утгагүй. Тэгээд ч Т.Аюурсайхан нь одоо жирийн нэг гишүүн биш, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон юм билээ. Ийм том алба хашиж байгаа хүн тэгэх тусмаа ярихаасаа өмнө бодох, яллахаасаа өмнө судлах хэрэгтэй. Хувь гишүүний нэр хүндээс гадна, бүхэл бүтэн парламентын нэр хүнд цаана нь байна гэдгийг ухаарвал таарна.

-Цааш ярихдаа “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед хөрөнгө оруулагч нь хайгуулын зарим талбайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш байсан. Зарим талбайн тусгай зөвшөөрлүүдийн нөөцийн тайлан, ТЭЗҮ батлуулаагүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл” гэж хэлсэн. Энэ талаар та юу гэхсэн бол?

-Бас л нөгөө гэрээг уншаагүй, эсвэл ойлгоогүй хүний яриа. Уул уурхайн том төсөл бол хууль журмын дагуу батлагдсан талбайн нөөц, ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу, дараалсан үе шаттай хэрэгждэг. Оюу толгойн төсөл нэлээд том газар нутаг дээр хэрэгжиж буй бөгөөд энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хэд хэдэн талбайд хуваагдана. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед эдгээр талбайн аль дээр нь ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах эрх нээгдсэн, аль дээр нь ийм эрх нээгдээгүй, эдгээр талбайг гэрээний үйлчлэлд хэрхэн хамруулах, эс хамруулах асуудлыг хоёр тал зааглаж тогтоосон. Ашиглах, олборлох ийм эрх нь нээгдээгүй байгаа талбайн нөөцийн тайлан, ТЭЗҮ-г ямар хугацаанд хүргүүлэх, тэдгээрийг нь ямар хугацаанд хэлэлцэж бүртгэх тухай гэрээнд тодорхой заасан. Хуулинд заасан бүх нөхцөл бүрдсэн талбайг гэрээний үйлчлэлд хамруулж, олборлох, боловсруулахүйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх, мөн тус талбайд Засгийн газар 34 хувийг эзмшихээр тохиролцсон байдаг. Өөр бусад нарийн зохицуулалт ч Хөрөнгө оруулалтын гэрээнд орсон байдаг. 54 хуудас энэ гэрээг Монгол Улсын геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын олон мэргэжилтэн, Засгийн газар, ҮАБЗ болон түүний ажлын алба, УИХ болон түүний байнгын хороод хэлэлцэж дэмжээд, Засгийн газар байгуулсан. Эрхбиш аль нэгэн шинжээч, аль нэгэн гишүүнээс дутахааргүй мэдлэг, туршлага бүхий олон олон байгууллагын хүмүүс хоёр, гурван жил тал талаас нь “нухаж” байгуулсан гэрээ юм шүү дээ.

-Оюу толгой энэ төслөөс болж та юм юм л үзэж байх шиг байна. Энэ төслийг хөдөлгөх нь зөв байсан уу. Огт хөдөлгөхгүй байсан нь дээр байж гэж танд бодогддог уу?

-Хааяа тийм бодол орж ирэх нь ирдэг. Гэтэл энэ төслийг тухайн цагт нь эхлүүлээгүй бол “Алтан сайхан боломжийг С.Баярын Засгийн газар л алдсан. Оюу толгойн гэрээг тухайн цагт нь хийлгүй улсаа хохироосон” гэж одоо байдгаараа зүхүүлээд, хараалгаад сууж байх байсан биз. Зүхэж хараагсдын тэргүүн эгнээнд хэн жагсаж, хэн намайг яллаж байх байсан бол гэж төсөөлж бодохоос инээд хүрэх шиг (инээв).

-Оюу толгойн гэрээний эдийн засгийн болон геополитикийн үр дүн нь юу вэ?

-Би энэ тухай олон удаа ярьж, бичиж байсан учраас одоо товчхон хариулъя. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын “гурав дахь хөршийн” бодлого маань бодитоор хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээ нь (4.2 тэрбум ам.доллар) уламжлалт хоёр хөршийн нийлбэр дүнгээс (3.1 тэрбум ам.доллар) давж гарсан.Энэ бол чиний асуусан геополитик тал нь.

Эдийн засаг талаасаа Монгол Улсын эдийн засаг тэлж, 2001 онтой харьцуулахад 2011 онд 10 дахин томорч, эдийн засаг бизнесийн үсрэнгүй хөгжлийн “бүүм” эхэлсэн. Оюу толгой төслөөс улсын болон орон нутгийн төсөвт 2.1 тэрбум ам.долларыг татвараар хуримтлуулсан. Энэ бол шууд нөлөө. Оюу толгой төслийн дам нөлөө гэж бас байна. Энэ төсөлд ханган нийлүүлэгчээр манай 700 орчим аж ахуйн нэгж ажиллаж, өнгөрсөн 10 жилд нийлүүлсэн бараа, үйлчилгээнийхээ төлбөрт 3.2 тэрбум ам.доллар авчээ. Тэрнээсээ улсад төлсөн татвар нь хэд болсныг би хэлж мэдэхгүй байна. Түүнчлэн Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар гэх үзүүлэлтүүд үлэмж сайжирсан. Манай улсаас нэг ч төгрөг зараагүй төсөл гээд цааш яривал зөндөө юм бий ч ингээд зогсъё.

-Оюу толгойн 34 хувийг манай улс авсан нь буруу гэж ярьдаг хүмүүс бий. Шууд татвараараа явах нь үр дүнтэй гэдэг. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Энэ сэдвээр ч би олон удаа ярьсан, бичсэн. Оюу толгойн гэрээний том согог нь энэ. УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон алдарт 57 тогтоол гэж бий. “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай. Анхны хөрөнгө оруулалт нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувь хүргэж нэмэгдүүлэхийг үүрэг болгосугай” гэсэн үгтэй тогтоол. “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны 34 хувь” гэх хар дарсан зүүд шиг, намайг шөнө гэнэт сэрээсэн ч энэ хэдэн үгийг би цээжээр хэлэх биз. Оюу толгойн төсөлтөй холбоотой биднийг хамгийн их зовоож буй асуудал бол энэ 34 хувь мөн.

-Төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон ийм заалттай тогтоол УИХ яагаад гаргасан юм бэ. Тэр үед та намын дарга байсан. Арай өөр шийдэл олж болоогүй юм уу?

-Учир шалтгаан олон байлаа. Нэгдүгээрт, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь ийм заалттай байсан. Тэрнийг нь өөрчлөх гээд манай Засгийн газар байдгаараа үзээд хүч хүрээгүй. “Энэ 34 хувь гэдэг бол алсын ирээдүйд л ашгаа өгнө. Харин ойрын зайдаа бол бөөн зардал, бөөн хэрүүл маргаан үүсгэнэ. Дээр нь уул уурхайн болон үнэ ханшны бөөн эрсдэл үүрнэ. Татвар, роялти аваад сууж байвал дээр биш үү” гэж бид их ятгасан. Бараагүй. УИХ-ын гишүүд маань гэдийгээд суучихсан. Хуулийн заалтаа өөрчилж чадаагүй учраас дагаж мөрдөхөөс өөр яах билээ. Хоердугаарт, уул уурхайн ийм том төсөл хөдөлгөж байсан туршлага бидэнд үгүй байлаа. Хувьцаанаас нь хувьтай юм чинь ногдол ашгаараа ойрын хугацаанд их мөнгө олно гэж найдаж байж. Тэр найдлага маань талаар болсон. Гарсан зардал, авах татвар дээр байнгын маргаан. Дээр нь үнийн хэлбэлзэл зовооно. Уул уурхайн төсөл амаргүй. Болж өгвөл үгүй дээ гэхэд энэ 34 хувиас хэлэлцээр хийж байгаад салчихмаар байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал үүнээс хойш гарах гэрээ хэлэлцээр, стратегийн орд газартай холбоотой хуулиуд стратегийн орд газрын үр өгөөжийн 50+1 хувь ард иргэдэд ногдох энэ зохицуулалтаар явна гэж байгаа. Тэгэхээр Оюу толгойн гэрээний 34 биш, 51 хувийг эзэмшинэ гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ заалт эцэстээ яг ямар томьёололтой болсныг би үзээгүй байна. Гэхдээ “хувьцааны төрийн эзэмшлийн хувь”, “орд газрын үр өгөөж” гэдэг нь хоёр өөр ойлголт. Оюу толгойн орд газрын Монголын талд ногдох үр өгөөж 54 хувь байхаар хоёр тал тогтсон байдаг. Гэсэн хэдий ч хуулинд, тэгэх тусмаа Үндсэн хуульд эдийн засгийн ямар нэгэн шалгуур, хязгаарлалт оруулдаг практик байхгүй. Гадаадын ч бай, дотоодын ч бай бизнес сонирхлыг бууруулна. Нөгөө өрсөлдөх чадвар маань доошилно л гэсэн үг. Гэхдээ би төсөлд орж байгаа эцсийн томьёоллыг нь мэдэхгүй учраас өөр юм ярих боломжгүй байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга /АНСА/ явуулахаар болсон. АНСА-ыг явуулах нь зүйтэй гэж та үзэж байна уу?

– УИХ төслөө боловсруулж хэлэлцээд АНСА явуулна гэж шийдэж байгаа бол үүнд буруу юу байх билээ.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулахдаа засаглалын хэлбэрийг асуух санал гаргасан. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага Их хурал мөн гэж заасан байдаг. Тийм атал засаглалын хэлбэр ард нийтээс асууна гэдэг нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа зүйл биз дээ. Төрөөр ингэж тоглож болох юм уу. Төрийн дархлаа манайд байна уу?

-За, ярьж байгаа асуудал маань бүр халиад явчихлаа. Бид хоёр ийм өргөн хүрээнд ярилцана гэж тохироогүй. Тэгээд ч Төрийн ордонд болж байгаа явдлын наад, цаад учир шалтгааны талаар надад тодорхой мэдээлэл алга. Мэдэхгүй байж мэдэмхийрэх би дургүй.

Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Ноён Важубхай Рубадхай Монгол Улсаас олон лам Карнатака мужийн Гомон шашны сургуульдшавилан суралцдаг талаар дурдаад, бусад салбарт ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо. Учир нь, Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-ын цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц боломж, технологийн чадалтай тул сургалт нь тэр хэрээр хөгжсөн талаар мужийн Захирагч танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг байж болох уу

Энэ жил хөршүүдийн хувьд хоёр том ой, тэмдэглэлт үйл явдал болж байна. Нэг нь хойд хөршийнхөн Халхголын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэлээ. Монголд энэ ой, зохион байгуулалт, үзэл суртлын өндөр дээд түвшинд болсныг бид харж байна. Дээр дооргүй тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүрхий сурталчиллаа. Зэрэгцээд урд хөршид Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ болж байна. Энэ ой бол монголчуудын хувьд бас том баяр. Хятадтай дипломат харилцаа тогтоосон 70 жил бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн түүхэн хийгээд улс төрийн том үйл явдал юм аа. Үүнд урд хөршийнхөн их ач холбогдол өгч байна. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ эхлэхийн өмнөхөн Хятадын Гадаад харилцааны сайд Ван И манайд албан айлчлал хийж “Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын харилцааг бид шинэ шатанд гаргана” гэж онцолсон юм. Мөн тэрбээр айлчлалынхаа үеэр албан ёсны мэдээлэл хийхдээ, “Хоёр тал яриа хэлэлцээрээр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрлээ. Нэгт, бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгална. Бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Хоёр улсын хилийн боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог улам идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэсгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” хэмээн мэдэгдсэн юм. Үүний үргэлжлэл болгож БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймины зүгээс манай төр засгийн удирдлагуудтай уулзаж Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцсоноор ийнхүү ойн арга хэмжээнүүд эхэлсэн. Хоёр орны хамтарсан соёлын арга хэмжээнүүд Улаанбаатар хотод бол урлагийн тоглолт, үзэсгэлэн, номын яармаг, уран сайхны кино, кино солилцоо, анагаах ухааны төлбөргүй оношилгоо, аялал жуулчлал, спорт нөхөрлөлийн тэмцээн зэргээр үргэлжилсээр…

Гэтэл урд хөршийн эдгээр олон арга хэмжээнүүд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш муу мэдээлэгдэж байна. Шулуухан хэлэхэд ерөөсөө мэдээлэгдэхгүй байна. Урд хөрш бол Монголын хэвлэл мэдээллийнхэнд их тусалж, МСНЭ-тэй хамгийн сайн харилцаатай байгааг сэтгүүлчид бүгдээрээ мэдэж байгаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд Монголын 400 орчим сэтгүүлч урд хөршид айлчилсан. Айлчилсан гэж зориуд хэлж байгаа юм шүү. Яагаад гэвэл очсон сэтгүүлчдийн баг бүхэнд маш хүндэтгэлтэй хандаж, амаар нь гартал цайлж, дайлж, хөгжил цэцэглэлтээ онцгой харуулж ойлгуулаад буцаадаг. Олон сэтгүүлч очиж байгаагаар бол Хятад-Монголын дипломат харилцааны 70 жилийн ойг их мэдээлмээр, гүн хүндэтгэлтэй хандмаар юм. Гэтэл тэгэхгүй байна. Хятадад тасралтгүй очиж байгаа тэр олон сэтгүүлчид ийм увайгүй байж болохгүй. Урихаар нь уургийн морь шиг ухасхийдэг. Урилгаас нь татгалзсан хэвлэл мэдээллийн байгууллага Монголд байхгүй шүү дээ. Урилгаар нь сайхан зочилсон хэрнээ Элчингээс нь зохион байгуулж байгаа арга хэмжээн дээр нь огт очихгүй байна. Эрхбиш МҮОНТ хааяа нэг очсон харагдах юм. Очоод хийж байгаа мэдээ нь хариугүй. Эфирээр гарч байгаа нь Хятадын элчин сайдын эхний үгийг хэлүүлээд гүйцээлгүй тасалж өөр хүмүүсийн дуу авиа оруулчих жишээтэй. Гэтэл сая Халхголын 80 жилийн ойгоор яаж байна, Үндэсний телевиз шиг хойд хөршүүдийн дуу хоолойг нэвтрүүлсэн газар алга. Ийм л увайгүй шинжтэй манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна.

Монголын хэвлэл мэдээллийнхэн ингэж болохгүй. Хоёр хөрштэйгөө бид эн тэнцүү харилцах ёстой. Мэдээллийн баланс Орос-Хятад хоёр дээр адил тэнцүү байх зарчмыг редакциуд онцгой анхаарах ёстой. Энэхүү мэдээллийн тэнцвэргүй байдал дан ганц Монголын хэвлэл мэдээллийнхний буруу бас биш. Урд хөршүүд Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй харилцаж буй харилцаа, сонголтондоо их муу байгаа харагддаг. Өөрийн гэсэн мэдээллийн байгууллага, редакцигүй, сэтгүүлч нэр зүүсэн хүмүүстэй нэлээн харьцаатай байх шиг харагддаг. Хятадын албаны хүмүүст Монголын хэвлэл мэдээллийн талаар хэн бодитой мэдээлэл өгч, хэн нь буруу мэдээлэл өгч байгаа нь тодорхойгүй байна. Хятад руу сэтгүүлчдийн багт явж байгаа хүмүүсийн цөөнгүй нь, ирээд гаргах мэдээллийн суваггүй, ганц сэтгүүлчтэй сайтын “ганц” нь өөрөө явж байгаа харагддаг. Монголын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд нь урд хөршийнхнийг хуурч, янз бүрийн зохиолч, сэтгүүлч, зураглаач, чөлөөт уран бүтээлч… нэртэй хүмүүсийг урагш авч явдаг нь мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчдийн шүүмжлэлийг хүртэх болсон. Энэ байдал нь эргээд Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд сөргөөр нөлөөлж ирэв бололтой. Хятадын сэтгүүлчдийн багт явж байгаа, хэн ч мэдэхгүй, танихгүй сэтгүүлч гэх нэгэн бээр “Надад сайтын 10 редакци байна” гэж ярихыг сонсоод мэл гайхсан сэтгүүл зүйн доктортой таарч байлаа. Тэгэхээр Хятадын нөхдүүд маань үүн дээрээ онцгой анхаарах хэрэгтэй.

Ер нь урд хөршийнхөө хэвлэл мэдээлэл хариуцсан дарга нарт хандаж шуудхан хэлэхэд өнөөдөр Монгол Улсад тогтмол, албан ёсны үйл ажиллагаа явуулж буй редакцитай мэдээллийн сайт гэвэл news.mn, medee.mn, ikon.mn, admin.dnn.mn, baabar.mn… гэхчлэн гарын арван хуруунд багтах хэд л бий. Телевиз гэвэл МҮОНТ, 25 суваг, ТВ9, ТВ5… байна. Сонин хэвлэл ч ялгаагүй, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” гэсэн өдөр тутмын, тогтмол гурван сонин л байна. Бусад сонин хэвлэл нь зуны цагт амарчихдаг. Тэгэхээр Хятадын Элчин сайдын яаманд хандаж хэлэхэд нэр дурдсан дээрх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай албан ёсоор харьц, хандаж бай. Бусдыг нь Монголд тоодоггүй юм аа, Монголд бүү хэл, гадаадад ч тоодоггүй юм. Үүнд хэн нэгний буруу байхгүй. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн салбар өнгөрсөн хугацаанд маш олон хуваагдаж, салж сарнисан. Олон толгойтой, олон эзэнтэй болсон. Эдгээр эрээвэр хураавар мэдээллийн хэрэгслүүд нь бүгдээрээ босоо биш хэвтээ, хавтгай удирдлагатай. Нэгдсэн бодлого, хариуцлага огт байхгүй явж ирлээ. Хавтгай удирдлага гэдгийг тодруулж хэлэхэд тухайн байгууллагад үгэнд ордог сэтгүүлч байхгүй болсон. Сэтгүүлч бүр нь дур дураараа мэдээ материалаа бэлддэг болсон нь чанаргүй сэтгүүл зүй болчихоод байна. Харин энэхүү хариуцлагагүй байдал нь дээр нэр дурдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад байхгүй учраас та бүхэн тэдэнтэй хамтран ажиллах нь ажилд чинь тустай.

Гэхдээ мэдээж Монголын хэвлэл мэдээллийн салбар алдаандаа дүгнэлт хийж ахиж, дээшилж, сайжрах зам руугаа явж байгааг урд хөршийнхөн маань харж байгаа байх. Хариуцлагатай, чадварлаг редакциудын тоо нэмэгдэж байгаа нь дамжиггүй. Тэдэндээ хандаж хэлэхэд хоёр нүүрээр хоёр хөрштэйгөө харьцаж болохгүй шүү. Увайгүй зан гаргах нь урд хөршид зөвхөн зөвшөөрөгддөг юм шиг ажиллаж болохгүй шүү гэдгийг л хэлэх байна.

Categories
мэдээ цаг-үе

“Үдийн хоол”-ны автор М.Пүрэвжавынх

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор хоол зүйч М.Пүрэвжавыг урилаа. ШУТИС-д багшилдаг энэ эмэгтэйг хүүхдийн хооллолт ярьдагаар нь олон хүн анддаггүй юм билээ. М.Пүрэвжавынх Төв цэнгэлдэхийн ойролцоох “Хурд” хорооллын хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход эзэгтэй хоол унд зэхчихсэн угтлаа. Гэрийн эзэн ажлаасаа хараахан ирээгүй байв. Эзэгтэй улаан будаатай, байцаа, мөөгөөр хачирласан хуурга, элдэв амтлагчгүй гурилтай шөл зэхжээ. “Улаан будааг дэлхий нийтээр их хэрэглэх болсон. Манай улсад одоогоор худалдаалагдахгүй байгаа. Би саяхан Индонез яваад ирсэн. Бали арлаас энэ будааг авчирсан юм. Манай хүн хаа холбоос чемодандаа будаа хийж ирдэг хүн байхгүй дээ гэж шоглонгуй хэлсэн шүү” гээд хөгжилтэй инээв. Чанартай будаагаараа алдартай Балигаас хар будаа авчирснаа бас сонирхуулав.

Хоолны дараа гэрийн эзэгтэй ширээнээ Ховдын жимс, улаан лооль таваглаж тавиад яриагаа үргэлжлүүллээ. Эзэгтэй бидэнд арвайтай цай аяглангаа “Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ жилийн тавдугаар сарын сүүлээр сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хууль батлагдсан юм. Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг нь мэргэжлийн хэллэг л дээ. Энгийнээр хэлбэл үдийн цай хөтөлбөрийг хоол хөтөлбөр рүү шилжүүлэх тухай хууль. Нэгээс тавдугаар ангийнхан хоол идэж байгаа. Монгол Улс 12 дугаар анги төгсөх бүх хүүхдээ хооллох ёстой. Үе шаттайгаар хоол хөтөлбөр рүү шилжүүлье гэж төлөвлөсөн” гэж ярилаа.

“Үдийн цай хөтөлбөр бөөн асуудал дагуулаад байхад үдийн хоол хэрэгжихэд хэцүү биш үү” хэмээн лавлахад “Би өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд хоёр сургуулийн хүүхдүүдээс асуумж авсан юм. Өглөөний цай уусан хүүхдүүд байна уу гэхэд тал хувь нь гараа өргөсөн. Өглөөний цайндаа халуун хоол идсэн нь хэд вэ гэхэд ердөө таван хүүхэд гараа өргөх жишээний. Өдөр хичээллэдэг хүүхдүүдээс өдрийн хоолоо идээд ирсэн нь хэд вэ гэхэд тал хувь нь гараа өргөж байна шүү дээ. Та нар бодоод үз дээ. Хүүхдүүд өглөө цайгаа уухгүй шахуу сургуульдаа явдаг. Сургуульдаа очоод иддэг хүнс нь хиамтай талх, муу тосонд шарсан пирошки, хийжүүлсэн ундаа, амттанууд байдаг. Өмнө нь хүүхдүүд хажуугийн сургуульдаа яваад тарангуутаа гэртээ очоод цайгаа уучихдаг байсан. Гэтэл өнөөдөр хүүхдүүдийн олонх нь ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрөөх болсон. Хүүхдийн хооллолттой холбоотой энэ асуудлыг дэлхийн улсууд туулаад ирсэн. Хотжилттой холбоотой маш том асуудлын нэг. Дэлхийн улсууд өдрийн хоол хөтөлбөр хэрэгжүүлдэг нь ийм учиртай” гэсэн хариу өгөв.

Хооллолттой холбоотой үүссэн бас нэг асуудал нь хүүхдийн таргалалт гэнэ. Манай улс хүүхдийн таргалалтын хувиар Ази, Номхон далайн бүс, дэлхийн дунджаас ч өндөр гарчээ. ДЭМБ-ын хоёр жилийн өмнөх статистикаар манай улсын бага насны хүүхдийн таргалалт 10.5 хувьтай гарсан байна. М.Пүрэвжав багшаас бас нэг сонин мэдээ сонслоо. Хүүхдийн амьдралын эхний 1000 хоног насан туршийнх нь эрүүл мэндийг тодорхойлдог юм байна. Эхийн хэвлийд бүрэлдсэнээс хоёр нас хүртэлх хугацаанд нь хүүхдээ эрүүл, шим тэжээлтэй хооллож чадвал эрүүл саруул хүн болж өсөх том суурь тавигддаг аж. Тэгэхээр ээжийн хоол хүнснээс хүүхдээ эрүүл торниулах эсэх нь шалтгаалдаг байна. Хүүхдийг амаараа хооллох дадал өнөө ч аав, ээж, эмээ, өвөө нарт бий. Энэ дадал хүүхдийн эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг сонирхоход М.Пүрэвжав багш “Миний санааг хамгийн их зовоож байгаа асуудал. Би уг нь амаараа хоолодог дадал арилсан гэж бодож явсан юм. Гэтэл нэг удаа эмнэлгээр явахдаа ихэнх ээжүүд яг тэр дадалтайгаа байгааг олж харсан. Насанд хүрэгчид өвчний үүр болсон. Өвдөөгүй байлаа ч тухайн хүний биед байгаа янз бүрийн паразит, бактери, нян шууд хүүхдэд дамжих эрсдэлтэй. Хүнд шимэгчийн тоо маш өндөр байдаг. Янз бүрийн бактери бий. Хүний тэсвэрлэх чадамж гэж байна. Насанд хүрэгчид нян бактериа тэсвэрлээд өвдөхгүй яваад байж болно. Хүүхдэд амаар дамжиж орсон бактери шууд өвчлөл үүсгэнэ” гэсэн хариу хэллээ.

Гэрийн эзэгтэй амтлаг хүнсийг шим тэжээл бараг байхгүй, хий хоосон илчлэг гэж тодотгоно лээ. “Архи шиг гээд л ойлгочих” гэсэн зүйрлэлээс нь элдэв амттан хүүхдийн эрүүл мэндэд ямар хортойг багцаалдчихаж болохоор санагдав. Сонирхуулж хэлэхэд уламжлалт анагаах ухаанд хүүхдийн эрүүл мэндийг сүйтгэгч нь амтлаг бүтээгдэхүүн гэж үзээд эхэлчихэж. Амтлаг юм их идэх хэрээр дэлүүний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ. Дэлүүний үйл ажиллагаа сулрахаар дархлаа сулардаг гэнэ. Гэрийн эзнийг ирэхээс өмнөх яриа хөөрөө ерөөсөө л хүүхдийн хооллолт руу чиглэсэн юм. Нэг цэцэрлэгийн тогтооч эрүүл шим тэжээллэг хоолны мэдлэгээ ахиулж, цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд хүнсний элдэв нэмэлтгүй, химийн бодисын орцгүй, сахар, давс, муу тосноос татгалзсан орц жортой хоол бэлдэж өгдөг болж л дээ. Оргил ханиадны цагаар цэцэрлэгийн жаалуудын 30-40 хувь нь чөлөө авч, эмнэлэгт хэвтдэг бол тэр жилийн өвлийг өнөө цэцэрлэгийн хүүхдүүд өвчлөл багатай давжээ. Аль болох байгалийн гаралтай олон төрлийн хүнс хэрэглэж байж хүүхэд шим тэжээлээ бүрэн авч, өсгөлүүн эрүүл байна гэсэн зөвлөгөөг гэрийн эзэгтэй аав, ээжүүдэд өгсөн юм. М.Пүрэвжав “Би сая баруун дөрвөн аймгаар хоолны сургалт хийгээд ирлээ. Ээж, аавуудаас хүүхдэдээ ямар хүнс өгч байгааг сонирхоход ундаа, чипс, зайрмаг, олон төрлийн жигнэмэг гэсэн хариу өгсөн нь олон байсан шүү. Шим тэжээлийн бодисын агууламж нэн хомс, химийн нэмэлт ихтэй ийм хүнс идэж өссөн хүүхдийн өсөлт саармагжина, дархлаа суларна” гэв.

Биднийг ийн яриа өрнүүлэх зуур гэрийн эзэн орж ирлээ. Гэрийн эзэн Н.Чимэдрэгзэн гэж өөрийгөө танилцуулав.Хотод төрж өссөн ч, өвөө эмээгийн нутаг ус гэвэл Төв аймгийнх гэнэ. Мөн л ШУТИС-д багшилдаг аж. Өвөө, эмээ нь төмөр замчид байж. Ээж нь насаараа жолоо мушгижээ. Гэрийн эзэгтэйн аав нь Ховдын Дарвийн хүн юм байна. Холбооны яамны авто баазад насаараа тээврийн тэрэг барьжээ. Ээж нь нярав хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Сонирхуулж хэлэхэд гэрийн эзэгтэйн аавын нэр Монголд ганц л байдаг гэнэ. Мэжээнов гэсэн ховор содон нэрийг аавынх нь аав Гомбожав өгчээ.

Гэрийн эзэгтэй байсхийгээд л эмээгээ дурсах юм. Аав нь тээврийн тэрэг бариад хэдэн сараар явчихдаг, ээж нь ажил гээд гэрийн бараа оройдоо л хардаг байсан учраас хөгшин ээжтэйгээ их ойр өссөн юм байна. Эзэгтэй нөхөртөө хоол халаах зуураа “Хөгшин ээжийн минь үлгэрлэл өнөө хүртэл үнэ цэнэтэй санагддаг. Эрүүл хооллох дадлыг хүртэл зааж сургасан буянтай хүн дээ. Хөгшин ээжийг бурхан болоход би анх удаа оршуулгын газарт очиж байлаа. Тэр үед ээж минь надад, хөгшин ээж чинь чамд бүгдийг заасан. Хамгийн сүүлд ийм газрыг үзүүлээд ертөнцөөс явлаа. Амьдралын бүх л юмыг үзүүллээ дээ гэж билээ. Нээрээ л тийм. Жам ёсоор амьдрах гэж юу болохыг, амьдралыг учир ухааныг таниулсан ганц хүн бол миний хөгшин ээж. Хүн амьдралынхаа туршид олон хүнээс үлгэр авдаг. Хөгшин ээж, аав, ээжийн минь дараа миний амьдралд нөлөөлсөн хүмүүс бол багш нар маань. Би хэлц үгэнд их дуртай. Амьдралын минь бас л том багш. Хүн ер нь ухаарч гүйцдэггүй амьтан шиг байгаа юм. Хэлц үгийн утга их гүн. Насаараа сонссон хэр нь одоо л утгыг нь бүрэн ухах үг олон шүү. Жишээ нь, Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршдог гэсэн үгийн утгыг саяхнаас л бүрэн ухаж байна. Үнэндээ тийм л дээ. Зорилгогүй бол ажил нь зовлон болчихдог. Ажлаа зовж биш, жаргаж хийх чиг зүг луужин нь өмнөө тавьсан алсын зорилго. Би энэ хэлц үгийг оюутнууддаа байнга хэлнэ шүү дээ” гээд инээвхийлэв.

Эднийх ганц охинтой юм байна. Орос сургуульд сурдаг охин нь биднийг тэднийд өнжих үеэр сургуулиасаа ирж амжаагүй юм. Хичээлийн гадуурх сургалт ихтэй байдаг гэнэ. Охин нь бүр багадаа ээжээсээ “Та намайг чихэр идэж болохгүй гэдэг. Гэтэл манай ангийн нэг хүүхдийн ээж тэгдэггүй. Бүр цүнх дүүрэн чихэр өгөөд явуулдаг. Аль нь сайн ээж юм бэ?” гэж асууж байж. М.Пүрэвжав “Хүүхдэд бол учир нь олдохгүй зүйл л дээ. Амттанд дургүй хүүхэд гэж байхгүй. Нэг ээж нь өгөөд нөгөө нь хориод байхаар гайхаж таарна. Мэдээж тунг нь тааруулаад амттай зүйл өгч болно л доо. Гэхдээ чихрийг хүнс шиг хэрэглүүлж огт болохгүй. Дархлаа унагадаг ган зүйл бол чихэрлэг хүнс. Байгалиас дархлаа сайжруулдаг үндсэн хоёр зүйл бий. Нэг нь нойр, нөгөө нь хоол. 9-10 цагийн хооронд хүүхдээ унтуулах ёстой. Унтдаггүй, буруу хооллолттой явах тусам хүүхдийн дархлаа мууддаг, өвчилдөг, өвдөхдөө хүндрэл өгдөг. Хоолыг нь сайжруулчихад л хүүхэд өвдөхгүй” гэж байна. Байсхийгээд л эрүүл шим тэжээлтэй хоолны тухай хэрэгтэй яриа өрнүүлэх гэрийн эзэгтэй цонхоороо харах дуртай гэнэ.

Анх байрандаа нүүж ирэхэд хавь ойрд нь байшин баригдаагүй байж. Зам хэр түгжрэлтэйг цонхоороо харж багцаалдаад л ажилдаа яардаг байсан бол одоо тэгэх боломжгүй болтол орон сууцнууд баригдаж эхэлжээ. М.Пүрэвжав “Хүн гэж сонин амьтан шүү. Баахан барилга баригдахаар нь төвөгшөөх янзтай хэдэн үг унагасан чинь манай хүн, чи бид хоёр энэ байранд орно гэж хүсээд нүүж ирсэн. Одоо энд баригдаж байгаа байрнуудад яг чи бид хоёр шиг тохитой сууцанд амьдрах хүсэлтэй хүмүүс нүүж ирэх гээд хүлээж суугаа. Дараагийн хүмүүсээ адалж болох уу даа гэж хэлж билээ” гээд хөгжилтэй инээв.

Эдний цонхоор хөлбөмбөгийн талбай алган дээр тавьсан юм шиг ил сайхан харагдах юм. Биднийг очдог өдөр салхитай, жиндүү өдөр байсан ч хөлбөмбөгийн талбайд тамирчид бэлтгэлээ хийж байв. Гэрийн эзэн “Хөлбөмбөгчид ямар мундаг хатуужил, тэсвэртэй уйгагүй хүмүүс вэ гэдгийг байрандаа орсноос хойш мэдэрсэн шүү. Дөрөвдүгээр сар гаргаад л энэ талбай хөлбөмбөгчдийн хөлд дарагдчихдаг. Өглөөний зургаан цагаас харуй бүрий болтол бөмбөг өшиглөнө. Хамгийн гайхмаар нь арваннэгдүгээр сар гарчихаад байхад тоглосоор байна шүү дээ. Бороо, цасанд ажрахгүй. Тоглосоор байдаг. Саяхан Никитон тоглосон. Тоглолтыг нь шууд цонхоороо үзсэн” гээд хөгжилтэй инээв. Наадмын бэлтгэлийн үеэр дуу чимээ нүсэр байж. Эднийх наадмын өмнөх өдрүүдийг “Одоо тийм номер тоглоно, дараа нь ийм номерыг давтах байх” гэж ойр зуураа ярьсан шигээ өнгөрүүлжээ. Гэрийн эзэн ер нь их дуугүй талдаа хүн юм. Эзэгтэйтэй яриа үүсгэх бүрд л яаж ийгээд эрүүл хоол, шим тэжээлтэй хүнсний сэдэв рүү орчихоод байв. Сурвалжлагынхаа төгсгөлд “Монголчуудын дунд өмнө нь иддэгээ идээд болоод л ирсэн, заавал шим тэжээл ярих ямар хэрэг байна аа гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ ер нь хэр ортой шүүмжлэл вэ” гэж сонирхоход “Маш буруу ойлголт. Өнгөрсөн зууны далаад оноос дэлхийд хоол хүнсний даяаршил явагдсан. Тэр даяаршил манай улсын хувьд 1990-ээд оноос ажиглагдаж эхэлсэн. Солонгосоос Монгол руу хүнсний бүтээгдэхүүн экспортлохын тулд хадгалах хугацааг нь уртасгах гэж химийн бодис гэх мэт элдэв нэмэлт хийдэг. Хүнсний бүтээгдэхүүнд орох химийн нэмэлт жил ирэх бүр ихэсч байгаа. Жишээ нь, 1970 оны мөхөөлдсийг өнөөдрийнхтэй харьцуулашгүй. E кодтой хүнсний нэмэлт нь замбараагаа алдсан. Хоол хүнс ингэж өөрчлөгдөж байхад монголчуудын толгой дахь бодол огт өөрчлөгдөөгүй. Өндөр хөгжилтэй орнууд ийм зүйл хэрэглэхээ больж эхэлж байна. Хүүхдэд хэрэглүүлэхийг бүр тас хорьсон. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах гэж тэр шүү дээ. Манайд ийм хяналтгүй учраас хүүхдийн өвчлөл ихэслээ. Хүүхдүүдийн дунд чихрийн шижин, хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байна. Хорьтой залуугийн даралт ихэсч байна гээд бод доо. Шалтгаан нь ерөөсөө л хүнс” хэмээв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Уухааны БАТБААТАР: Нямын Цэгмид багш маань Богд хааны дүрээ надад өвлүүлсэнд би ихэд бэлгэшээдэг

Монгол Улсын гавьяат жүжигчин Уухааны Батбаатартай ярилцлаа.


-Сайн байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас хуваалцахгүй юу. Хамгийн сүүлд “37 дугаар точик” уран сайхны кинонд дүр бүтээсэн байв уу?

-Он дамжиж нэг уран бүтээл хийсэн нь “37 дугаар точик” кино байлаа. Бас Ангараг гээд продюсертай хамтраад нэг киноны зураг авалтыг Дарханд хийгээд ирлээ. Одоо “Богд хаан 2”-ын зураг авалт үргэлжилж байна. Уран бүтээл арвин сайхан байна. Би Өвөрхангайн Арвайхээрийн хүн. Нутгийнхаа тухай, арвагар хээр морины тухай түүхэн киноны зохиолын санаа гаргаад С.Пүрэвсүрэн зохиолчтой хоёр талаас ярьж байгаад кино зохиолоо гаргачихсан байна. Санхүүжилтээ босгох гэсээр намартай золгочихлоо. Уг нь хавар, зуны зурагтай кино байсан юм. Зохиолд маань 1700 оны үед Манжид дагаар орохын өмнөх монголчуудын амьдрал, монгол ахуй, өвгөд, жудгийн талаар өгүүлэх юм. “37 дугаар точик”-ийг ард түмэн нэлээд сайн мэдэж байгаа.“Пантастик” продакшны найруулагч Тамирын бүтээл. Социализмын үеэс дамнуулаад 2000-аад оны үеийг харуулсан үйл явдалтай 20 ангит уран сайхны кино хийсэн. Сайн уран бүтээл болсон. Миний дүр бол Батлан хамгаалах яамны хурандаа байж байгаад тушаал буурч хорооны цагдаагаар очиж ажилладаг. Тухайн үеийн ээдрээтэй байдлаас болж албан тушаал өөрчлөгдөж байгаа. Сүүлд нь Батлан хамгаалахын сайд болдог идэр насны батлан хамгаалах салбарын хүний дүрийг бүтээсэн. Залуучуудтай хамтарч ажиллахад их сайхан байлаа. Үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл болсон болов уу.

-Орчин цагийн уран бүтээлийн дүрүүдийг тань үзэгчид андахгүй ээ. Гэхдээ бас социализмын үеийн сайхан уран кинонуудын дүрүүдийг ч нэрлэх учиртай. “Их замын тоос” киноны Тулгаагийн дүрийг та хэрхэн бүтээж байв. Дурсамжтай сайхан үйл явдлыг одоо хүүрнэвэл…

-1983 онд би Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр орж ажилласан юм. 1984 оны өвөл Цэлмэгсүрэн найруулагч кино хийнэ гээд Кино үйлдвэрээс дуудсан. Анх удаа пробонд орж байгаа нь тэр. Тухайн үед жүжигчний мэргэжлийг гүйцэд мэдэрсэн гэхэд хэцүү. Ахмад жүжигчдийг хараад л “Ингэж тоглодог юм байна” гэдэг санаа авч байснаас биш номын дуу сонсоогүй байсан үе. Пробын үеэр “Ингэвэл зүгээр юм биш үү, дүрээ ингэж гаргавал яасан юм бэ” гэсэн илүү долоон юм ярьсан маань найруулагчид таалагдсан бололтой, тэнцсэн. Тэгээд хамгийн эхлээд Санзайд зураг авч байлаа. Д.Төмөрбаатар гээд ахмад жүжигчин байсан. Д.Төмөрбаатар ах намайг Долоон буудлын дэлгүүр дагуулж ороод “За миний хүү найруулагчдаа нэг юм ав” гээд дэлгүүрээс нэг юм авахуулж билээ. Зураг авалтын талбай дээрээ очтол найруулагч, бүх хүмүүс суучихсан зохиолынхоо талаар ярилцаж байна. Нөгөө юмаа ч барилаа. Тэр сайхан жүжигчдийн барааг харж хамт тоглох боломж олдсонд их талархдаг. Эхний нэг хоёр хоёр өдөр учраа олохгүй явлаа. Нэг хөгтэй болсон нь найруулагч “Батбаатарын харцыг авчих” гэж байна. Би бодохдоо “Миний харцыг авах юм байна” гээд л бэлдээд байлаа. Тэгтэл зураг дуусчихлаа. Асуутал миний харцанд байгаа жүжигчний тоглолтыг авах байсан байж. Бас нэг удаа нүцгэн биеэ цасаар угаадаг хэсэг байдаг юм. Уг нь жүжигчдэд 100 гр спирт өгч биеийг нь арчуулж байгаад зурганд оруулдаг. Тэгсэн ахмадууд маань спиртээ өөрсдөө уучихаад усаар биеийг нь арчаад оруулчихсан байх жишээтэй.

-“Их замын тоос” бол жолооч нарын амьдралыг харуулдаг сайхан уран бүтээл. Ер нь тэр үеийн кино бүтээл үзэгч олонд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. Киноны үйл явдал, жүжигчдийн үг яриа цаанаа л наалдацтай байдаг?

-“Их замын тоос” кино яах аргагүй нийгмийн захиалгат бүтээл.Жолооч нарын 60 жилийн ойд зориулж гарсан кино шүү дээ. Жолооч нарын амьдрал ямар байдаг, ар гэртээ яагаад анхаарч чаддаггүй ажилладаг, бас салан палан нөхөд хэр их байдаг, зарим нь бүр ажлаа далимдуулаад юм гүйлгэдэг гээд л жолоочийн амьдралыг харуулдаг. Тэр үеийн уран бүтээлүүд чинь ахуйтайгаа их ойрхон байсан. Жишээ нь, ахмад алтан үеийн жүжигчид өөрсдөө малчин ахуй, монгол ахуйд ойрхон өссөн байдаг. Яриа хэллэг ч тэр чигээрээ л байж. Тийм учраас бидэнд өнөөдөр маш үнэтэй харагддаг, үргэлж үзмээр санагддаг нь тэр. Өнөөдрийн бид нар ахуйгаасаа их холдож байна. Их хотжиж байна. Морь унадаг хүн байна уу гэхэд “Унаж чадна” л гэнэ. Хөдөө очоод зураг авахаар оцгоноод, эмээл дээрээ суух суулт, шогшиж явахдаа, давхиж байхдаа яах ёстойг мэддэггүй. Эмээл хазаараа яаж барих вэ, хаанаас нь яаж мордох вэ, морины ааш аягийг яаж мэдэх талаар одоогийн залууст ойлголт алга. Ахуйгаасаа холдоод ирэхээр малчин залуугийн тухай кино хийх гэхээр л худлаа харагдаад байгаа юм. Тиймээс монгол ахуйг залууст багаас нь суулгах шаардлага харагддаг. Сонсох нь ээ, Японы арван жилийн сургуульд хүүхдүүдэд эхний гурван жилд япон хүн ямар байхыг заадаг гэсэн. Монголд ч гэсэн монгол хүн ямар байх ёстой, яаж сэтгэж байсныг, нүүдэлчдийн амьдрал ямар байсныг зааж сургаасай гэж боддог. Ганц урлагийн салбарт ч биш.

-“Эцсийн шийд”жүжгийн Богд хааны дүрийг тань үзэгчид сайн мэднэ. Та ч нэгэн ярилцлагадаа Богд хааны талаар кино уран бүтээл хийх мөрөөдөлтэй гэж ярьсан байдаг. Тэр хүсэл зорилгоо биелүүлж байна уу?

-Богд хааны хувьд би маш их бэлгэшээж явдаг дүр. “Эцсийн шийд” буюу Богд хаант Монгол Улс жүжиг дээр Нямын Цэгмид багш маань надад дүрээ өгсөн юм. Монголын жүжигчид дотроос дүр өвлөж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Тиймээс энэ дүрдээ би маш их хайртай. Богд хаан бол тухайн үедээ маш сайн уран бүтээл болсон. Ер нь тэр бүтээл дээрээс би маш их зүйлийг сурсан. Гантөмөр гуай, Дамдинсүрэн гуай нар ажиллаж байлаа шүү дээ, тэр бүтээл дээр. Тэд нараас би их юмсан. Багшийн дээдийг төгссөний дараа би тэр уран бүтээл дээр хоёр дахь сургуулиа төгсөх хэмжээний ур чадварыг авсан. Тэр өвгөчүүдээс их юм авсандаа өнөөдрийн би ингээд кинонд гологдохгүй яваад байгаа, миний тэр эгэл дүр бүтээгээд байгаа увдис тэндээс эхэлсэн болов уу гэж боддог.

-“Сэрүүн дуганы мөхөл” кино таны анхны уран бүтээл гэв үү?

-Бид оюутан байхдаа “Мандухай цэцэн хатан” кинонд проб өгч байсан юм. Түүхэн кинонд орчих гээд л. Оюутнууд учраас аваагүй, багш ч өгөхгүй байсан. Тэр үеийн багш нар “Оюутан байж кинонд явна гэсэн ойлголт байхгүй шүү, Батбаатар гуай. Та ч яахав оюутан болохоосоо өмнө гавьяат болчихсон хүн. “Их замын тоос” кинонд тоглочихсон мундаг гавьяат хүн” гээд л үгээр идээд байдаг. Харин төгсөөд Одончимэг бид хоёр “Сэрүүн дуганы мөхөл” кинонд, Золбоот, Энхтуул хоёр маань Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Бүлээн нурам” кинонд хуваагдаад гарч байсан. Оюутны ширээнээс гараад тоглосон анхны кино “Сэрүүн дуганы мөхөл”-дөө маш их хайртай. Дамчаа гуайн анхны найруулсан уран бүтээл нь. Ерөнхийдөө бүх уран бүтээлдээ, дүрдээ хайртай.

-Үзэгчид У.Батбаатар жүжигчний эгэл байдлыг ихээхэн онцолдог. “Би жүжигчин, гавьяат хүн” гээд л цээжээ дэлддэг, ихэрхдэг байдал таниас ер харагддаггүй. Бүр улам илүү даруу, эгэл юм шиг. Энэ багш нарын тань сургаалынх уу?

-Ер нь буурал багш нарын минь буян. Бид нарыг сургаж байсных. Тэднээс бидний авч үлдсэн сэтгэхүй энэ. Оюутан байхад бид чинь аль болох урд нь гарч юмаа хийчих гээд, хамгийн түрүүнд нүдэнд нь үзэгдчих гээд л, камер тавихаар ойрхон харагдах гэдэг хүсэлт залуу хүн хойно байна. Багш нар түүнийг харчихаад л “Ийм хүмүүс “Би”-гээр тоглоод эхэлдэг. Амьдрал дээр их онгироо болдог. Жаахан нэрд гараад ирэхээр намайг хүн мэддэг, би жүжигчин хүн, олны танил хүн” гээд л хүмүүстэй харвцах харьцаа нь өөр болдог. Тийм учраас “Чи тайзан дээр дүрдээ л хаан. Амьдралд бол чи зүгээр боол. Хэнийг ч чи хүндэлж дээдэлж явах ётсой” гэж багш нар маань захиж хэлдэг байсан. Тэрийг л тэр дундаас авч үлдсэн юм.

Тиймээс эцэг эхдээ их үнэнч байх ёстой. Зорьсон зүйлдээ үнэнч, хүний яриаг зөв сонсож, авахыг аваад хаяхыг хая гэдэг дээ. Тэгээд эгэл байх юм аяндаа амьдрал сайхнаар явчихдаг. Сайхан сэтгэл өөртөө байнга төрүүлж байх хэрэгтэй гэж боддог. Хүүхдүүддээ ч гэсэн иймэрхүү байдлаар л хэлдэг. Уран бүтээлч хүний зүгээс тийм зүйлийг үзүүлчих юмсан, тийм дүрд тоглочих юмсан гэж боддог. Оросын сайхан кинонууд бий шүү дээ. “Ийм нэгэн явдал”, “Хорин жилийн хойно”, “Москва нулимсанд дургүй” гээд сайхан кинонууд бий. Инээдтэй, драмтай, эмгэнэлтэй янз бүр байж болно. Тиймэрхүү уран бүтээл хийгдээсэй гэж боддог. Төр засгаас анхаараад ирвэл хийгдэх байх л даа. Ер нь кино урлаг, ялангуяа урлаг гэдэг төрийн захиалгат байх хэрэгтэй гэж боддог. Ерөөсөө хүний сэтгэлд баялаг бүтээдэг салбар бол урлаг шүү дээ.

-Сайхан багш нарынхаа талаар дурсахгүй юу. Урлагийн замд хөтөлсөн Доржсамбуу, Нямын Цэгмид гээд л мундаг хүмүүсийн гараар орсон биз та?

-Үнэхээр би Доржсамбуу багшийн ачаар л урлаг руу орсон. Яагаад гэхээр Багшийн дээдэд уран чадварын шалгалтад тэнцчихээд конкурс өгөхөд орос хэл дээрээ уначихсан. Тэгээд би сэтгэлээр унаад жүжигчин болох худлаа байдаг юм байна гээд сургуулиас гарч явтал Доржсамбуу багштай таарсан. Цаанаас өгсөн бурхны хишиг байсан байх. “Чи яасан” гээд багш асууж байна. “Уначихлаа” гээд толгойгоо гудайлгаад зөрөх гэтэл “Хөөш” гээд араас дуудаад “Нааш ир, намайг дагаад яв” гээд танхимд оруулаад “Чи үнэхээр урлагт дуртай юм бол хоёр жилийн дараа дахиад шалгалт өг. Хоёр жил Хүүхдийн театрт ажиллаж байгаад дахиад хүрээд ир. Болж байна уу” гэлээ. Би ч магнайгаа хагартлаа баярлаад “Тэгье л дээ багшаа” гээд бөөн баяр. Тэгээд Доржсамбуу багш Лхасүрэн найруулагчид зурвас бичиж өгөөд намайг явуулж билээ. Хүүхэд залуучуудын тетарт очиход Лхасүрэн найруулагч “Гэгээ” жүжгийг найруулж байсан. Намайг очсон өдөр жүжгийн олны хэсэгт тавиад л урлагийн салбарт хөл тавьж байсан даа. Тэр үед Доржсамбуу багшийн гэргий Цолмон эгч Хүүхэд залуучуудын театрыг тухайн үед нуруундаа үүрч явсан айхтар уран бүтээлч байлаа. Энэ дашрамд хэлэхэд Цолмон эгчийн гавьяаг төр засаг үнэлмээр санагддаг. Театрыг нуруундаа авч явдаг хэсэгхэн уран бүтээлчид байдаг. Тэр сайхан уран бүтээлчид төр засаг анхаараасай гэж боддог. Тэгж л Доржсамбуу багшийн ачаар Хүүхэд залуучуудын театрт орж, Лхасүрэн багшийн ачаар хоёр жил тэнд дагалдан жүжигчнээр ажилласан. Гавьяат жүжигчин Готов гуай, Жанчивдорж гуайн шавь нь байлаа. Хоёр жил ажиллачихаад Багшийн дээдэд шалгалт өгөхөөр буцаж ороход Жанчивдорж багшийгаа яг дуурайгаад сурчихсан байж билээ. “Ерөн баатрын хөшөө”-г уншдагаар нь уншдаг, гараа өргөдгөөр нь дууриаж өргөж ёсолдог болчихсон. Жигтэйхэн жүжигчин болчихлоо гээд шалгалтад явж ортол Доржсамбуу багш өөрөө авч байсан. Намайг хоёр жил болоод ир гэсэн болохоор номер нэгт нь бүртгүүлээд орсон. Бэлдсэн бүтээлээ уншаад сүрхий юм хийчихсэн хүн гарах гэтэл “Батбаатар аа, чи болохгүй юм байна. Чиний багш чинь хэн бэ” гэхэд “Жанчивдорж” гэтэл “Харин тийм байна. Яг л Жанчивдорж болчихсон байна. За за чи болохгүй юм байна миний хүү. Өөр амьдрал бодсон дээрээ байх аа” гэж байна. Тайзнаас бууж явтал араас дуудаж байна. “Чи нэг өөрийнхөөрөө уншаадах. Тэгээд нэг харъя” гэв. Би ч дотроо ойлгохгүй, уур ч хүрэх шиг. Тэгээд ямартаа ч сэтгэлдээ бодож байгаад гаргахад өөр л болдог юм билээ. Уншаад дуустал “Бид нар сая юу ярьсан бэ” гэж байна. Анзаараагүй гэдгээ хэлтэл “За гар гар” гээд л явууллаа. Анхаарал яаж төвлөрч байгааг шалгаж байсан нь тэр байж. Тэгээд яваад өгсөн. Маргааш өглөө нь хариугаа үзчихмээр санагдаад очоод хартал тэнцчихсэн байна. Тэгж л орсон доо. Доржсамбуу багш маань хоёр жил манай ангийг гардаж байгаад Драмын театрын уран сайхны удирдагчаар явчихсан. Тэнхимийн эрхлэгч Маамхүү багш, Сугар багш маань үргэлжлүүлж биднийг удирдсан. Дипломын ажлаа Мөнхдорж, бас нэг курсийн ажлаа Нямгаваа найруулагч дээр хийгээд бүх мундаг багш нарын ажиллагаануудыг бүгдийг нь үзчихсэн. Ийм ховорхон хувь заяаг хүртстэн дээ. Тэд нараас авч үлдсэн юм байдаг байлгүй дээ гэж боддог. Тийм ч учраас урлагийн бурхдууддаа үргэлж баярлаж явдаг. Багш гэдэг хүний амьдралыг заадаг даа.

-Сайхан ханийнхаа талаар ярихгүй юу. Хүү тань бас таны мэргэжлийг өвлөсөн шүү дээ?

-Манай гэр бүлийн хүн Эрдэнэчимэг гээд бүсгүй бий. Бид хоёр ханилаад 37 жил болж байна. Арван жилээ төгсөөд Хүүхдийн театрт ороод тэнд хоёулаа танилцсан. Тэндээсээ амьдрал үүсгээд дараа жил нь том хүү маань төрсөн. Одоо гурван хүүхэдтэй. Нэг хүү, хоёр охинтой. Ач зээ нийлээд 14-үүлээ болж байна. Сайхан том баг бүрдчихлээ.Мөчир салаа нь цааш салаалаад явах байх. Энэ ургамал мод маань улам сайхан цэцэглэсэн мөнхийн сайхан ургамал байх болов уу гэж боддог юм. Хань минь миний амьдралын уран бүтэлийг ойлгож, байнга зөвлөж шүүмжилж байдаг. Чи тэр хүүхэнтэй худлаа үнсэлцэж байна гэж хүртэл шүүмжилнэ шүү дээ. (инээв). Уран бүтээл дээр хамтдаа л амьдарч байна даа. Миний уран бүтээлийн цаана дандаа гэр бүл маань байдаг. Тэгэхээр би ханьдаа баярлаж явдаг.

Хүү маань ямар ч байсан жүжигчин болсон. Уг нь зураач болох болов уу гэсэн ч жүжигчний амьдралыг сонгосон. Овоо хэдэн жил олон ч уран бүтээл дээр ажиллачихлаа. Уран бүтээлийн төлөвшил нь ерөнхийдөө суусан. Урлагийнхан дотроо хүүг маань хамгийн даруухан нь гэх юм. Би ч “Чи арай даруухан байна” гэж хэлдэг шүү. Хүү маань цаашдаа олон сайхан бүтээл хийх байх. Аавынхаа хийгээгүйг хийх байх гэж найддаг юм. Хоёр охин маань хоёулаа хүүхэд гаргаад гэртээ байна. Нэг нь англи хэлний багш, нөгөө нь “Жигүүр гранд”-д ажилладаг даа.

Б.ЭНХЗАЯА