Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно.

Энэ жилийн дэлхийн аваргыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа өөрийн хүсэлтээр өнжихөөр шийджээ. Эрэгтэй бөхчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар энэ удаагийн дэлхийн аваргыг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиог зорих багт багтаагүй юм.

Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд улсын аварга болсон Ц.Батцэцэгийн оронд залуу бөх Ц.Энхчимэгийг сонгосон. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо, жюү жицү зэрэг бөхийн төрлүүдээр давхар хичээллэж байсан Ц.Батцэцэг Токиог зорих багт багтаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.

Дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг

52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам

57 кг: Л.Энх-Отгон

63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч

70 кг: Ц.Энхчимэг

78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин

66 кг: Ё.Басхүү

73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар

81 кг О.Ууганбаатар

90 кг Г.Алтанбагана

100 кг Л.Отгонбаатар

+100 кг Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

Categories
мэдээ нийгэм

НОСК-ийн цахим бүртгэлд 35 мянга гаруй иргэн хүсэлтээ баталгаажуулжээ

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс энэ сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгцөрсөн 60 тонн цагаан будааг илрүүлж, экспортлогч оронд нь буцаалаа

2019 оны наймдугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаалаа.

Их хэмжээний хөгцөрсөн цагаан будааг буцаажээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А, Б бүс рүү автомашинуудад тусгай наалт нааж, дугаарын хязгаарлалтаар нэвтрүүлнэ

Нийслэлийн авто замын хөдөлгөөн энэ сарын 10-наас хойш эрчимтэй нэмэгдэж, хичээлийн шинэ жил эхлэхэд ачаалал оргил цэгтээ хүрдэг байна. Иймд есдүгээр сарын нэгнээс өмнө авто замын түгжрэлийг шийдэх зорилгоор Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын авто замыг А, Б, С бүсэд хувааж, хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа билээ.

А бүс нь хойшоо Бага тойруу, урагшаа Шангри-лагийн зам, Багшийн их сургууль, Цэцэг төв гэж тодорхойлсон. Б бүс нь Баянбүрд, 100 айл, Сансрын тойрог, Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Өгөөжийн уулзвар, Нарны зам, “Нарантуул” зах руу орох зам байхаар төлөвлөсөн. Уг хил хязгаарт хөдөлгөөний нийт ачааллын 70 хувь ногддог аж. Анх А, Б бүсэд татвар, торгуулиа төлсөн, улсын үзлэгт орсон тээврийн хэрэгсэлийг тэгш сондгойгоор дугаарлан хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл энэ байдлыг арай зөөлрүүлж, А бүсэд тэгш сондгойгоор нэвтрүүлэх, Б бүсэд одоо байгаа дугаарын хязгаарлалтыг мөрдөхөөр ярилцаж буй аж. Мөн А, Б бүсэд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй. Торгууль, татвараа төлсөн, улсын үзлэгт орсон автомашинуудын хувьд тусгай наалт наана. Энэ нь өмнө үзлэгт орсон автомашинуудад нааж байсан наалттай ижил гэдгийг хэлж байна. А, Б бүсийн хувьд зогсоолын асуудлыг яаралтай шийдэхээр ажиллаж байгааг Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлж байна. Тухайлбал, А бүсэд 750 гаруй зогсоол албан ёсоор байгаа ч 3800 автомашины боломжит зогсоол бий аж. Энэ бүх нөөц бололцоог ашиглана. Мөн зогсоолыг төлбөртэй болгосноор байнгын сэлгэлт хийгдэнэ. А, Б бүсээс хамаарч зогсоолын төлбөр ялгамжтай байна. Нэг зогсоол дээр бүтэн өдөржин автомашинаа орхивол дунджаар 10 гаруй мянган төгрөгийн төлбөр гарна.

Хүн өдөр бүр зогсоолд ийм хэмжээний мөнгө төлөөд байх бололцоогүй тул автомашинаас аль болох татгалзах гэнэ. Тиймээс зогсоолын хүртээмжийг хангалттай шийдэгдэх бололцоотой гэдгийг хэлж байна.

Нийтийн тээврийг богино эргэлттэй болгох асуудлыг төлөвлөж, 3-5 минут тутам явах зохицуулалтыг бий болгосноор автомашингүй байсан ч А, Б бүсэд түгжрэлгүй, богино хугацаанд зорчиж төлөвлөсөн ажлаа амжуулах бололцоотой гэдгийг хэлсэн. Мөн шинээр гарч байгаа Zone буюу Бүс тэмдэгийг жолооч нар мөрдөнө.

Хотын замыг бүсчлэхтэй холбоотойгоор зорилгыг мушгин гуйвуулах, улс төртэй холбох, хөрөнгө чинээгээр нь ялгалаа гэх зэргээр эсэргүүцэх явдал их байгаа. Тэгвэл дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн гэдгийг иргэд ойлгох нь чухал болохыг албаны хүмүүс хэлсэн. Тодруулбал, жилийн дараа нийслэлийн авто замын хөдөлгөөн тэг зогсолтод хүрэх хэмжээнд тулжээ. Үүнийг олон улсад авто замын сүйрэл гэж нэрлэдэг байна. Зарим хүн авто замыг өргөтгөж, гүүр барих, олон салаа болгох зэргээр дэд бүтцээ сайжруулах шаардлагатай гэж үздэг. Өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын төлөвлөлтөөс хамаарч замаа өргөтгөх боломж хязгаарлагдмал аж. Нөгөө талаас сар бүр 5-8 мянган автомашин хөдөлгөөнд шинээр оролцдог. Үүний ихэнх нь нийслэлийн дугаартай байгаа. Гэтэл сар бүр нэмэгдэж байгаа ийм хэмжээний машинд зориулж, тэдний хурдыг гүйцэж дэд бүтэц буюу авто замаа шийднэ гэдэг боломжгүй аж. Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349 мянган хүн амтай, 10 мянган автомашинтай буюу хүн амын ердөө гурав орчим хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан аж. Хотын хүн амын даац дээд тал нь 400–500 мянга байхаар тооцоолсон байдаг. Тэгвэл энэ даац хэд дахин өссөн байна. Түүнчлэн, зам тээврийн эрэлтийн хэтийн төлөв 2030 он хүртэл одоогийн замын сүлжээг өргөтгөхгүйгээр ашиглах буюу арга хэмжээ авахгүй байх хувилбараар үзэхэд, зорчилтын тоо 2011 оноос 2030 онд бараг хоёр дахин өсч, зам тээврийн эрэлт 3.1 дахин өсөх тооцоо байгаа аж. Энэ бүх тоо нь автомашины хязгаарлалтыг тогтоохоос өөр гарцгүй гэдгийг харуулж байгааг хэлсэн.

Ер нь нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн 79 хувь нь нийт төлөвлөсөн ажлынхаа 36 хувийг л амжуулдаг байна. Авто замд түгжирнэ. Зорьсон газраа очсон ч зогсоол хайж 15-30 минут тойрдог байна. Тухайлбал, хамгийн их үйлчилгээний төв төвлөрсөн 3, 4 дүгээр хорооллын авто зогсоолын 70 хувьд нь тухайн төвд лангуу ажилуулдаг, үйлчилгээ үзүүлдэг хүмүүс өглөө ирж машинаа тавиад бүтэн өдөржин орхидог аж. Мөн 0.8 хувь нь хувийн авто машинаа байлуулж, дотроос нь худалдаа хийдэг байна. Ингээд үлдэж байгаа багахан зогсоолд үйлчилүүлж буй иргэд автомшинаа байрлуулахад хүрэлцдэггүй байна. Мөн 1000 автомашин тутмын 300-400 нь “халтуурчид” хувиараа такси эрхлэгчид байдаг аж. Тэд хүн хайж, дуртай замаараа өдрийн турш явдаг. Энэ нь хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог байна. Энэ мэтээр авто замын бүсчлэл тогтоож, ялгавартай нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий аж. Ер нь дэлхийн томоохон хотуудад ийм бүсчлэл хэрэгждэг байна. Тухайлбал, 2010 оны сүүлээр Бээжин хот замын хэт ачааллыг зохицуулахын тулд сард 20 мянга хүртэлх автомашинд дугаарын хязгаарлалт хийх, зам ачаалалтай байх цагаар Бээжин хотыг тойрсон тойрог замаар Бээжингийн бус дугаартай машинуудыг оруулахыг хориглох арга хэмжээ авчээ. Мөн Швед улс хамгийн их түгжирдэг цаг, замын хэсгээр нэвтрэн өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг уншуулах замаар түгжирлийн төлбөр тооцдог байна. Ингэснээр төлбөрийн чадваргүй иргэд өөр цаг хугацаа, өөр зам сонгож, тухай замын ачааллыг бууруулдаг ажээ. Шведэд автомашиныг бүсчилсэн байдлаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан эхний өдрөөс машины тоо 20 хувь буурсан байна. Туршилтын өмнө иргэдийн 70 хувь нь эсрэг саналтай байсан бол туршилтын дараа 70 хувь нь дэмжсэн санал өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Шатны хаалт, хамгаалалт хийгээгүй зөрчил ихээр илэрчээ

Шатны хаалт хамгаалалт хийгээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчлүүд ихээр илэрч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, МХЕГ-аас “Чингэлтэй дүүргийн 2, 3, 18 дугаар хороонд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй “Мөнх Өсөх нэмэх” ХХК, “Хөх Үзүүр” ХХК, “Бридж констракшн” ХХК, “Тэрбиш” ХХК-ийн н үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар” Мөнх Өсөх нэмэх” ХХК, “Хөх Үзүүр” ХХК, “Бридж констракшн” ХХК, “Тэрбиш” ХХК-иуд нь дотоод хяналтын журам тогтоож мөрдөөгүй, ажлын байранд дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хэвшээгүй мөн ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, шатны хаалт хамгаалалт хийгээгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй зөрчлүүд илэрлээ. “Бридж констракшн” ХХК, “Мөнх Өсөх нэмэх” ХХК-иудад улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, илэрсэн зөрчилд нь ЗТХ-иар арга хэмжээ авч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 483 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2019.08.03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг “Нарстайн ам” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 10 км/ асфалтан замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас баржээ.

Мөн 2019.08.04-ний өдрийн 09:20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын “Цомог” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан байна.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 2 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгджээ. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны улмаас гурван явган зорчигч бэртэж гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Эхний хагас жилийн байдлаар ОНХОЛДОХ ХЭЛБЭР-ээр 461 осол бүртгэгдэж 185 хүний амь нас хохиржээ. Эдгээр ослын 410 буюу 88.9 хувь, амь нас хохирсон 107 буюу 57,8 хувийг орон нутгийн замд гарсан зам тээврийн осол эзэлж байна. Шалтгаан нөхцлийн судлан үзвэл хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
  • Замын нөхцөл байдлаа судалж хөдөлгөөнд оролцох
  • Гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж эхэллээ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх бүртгэл эхэллээ. Тодруулбал, Иргэд бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой. Систем өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 8:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана.

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна.

  1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.
  2. Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.
  3. Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.
  4. Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  5. Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.
  6. Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Харин нийслэлийн цахимаар бүртгэгдэж дугаар авсан иргэдийг дүүргүүд дээр 2019 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 8;00-12;00, 13;00-17;00 цагийн хооронд бүртгэх аж. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах аж.

  1. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.
  2. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.

А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/

Б. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/

В. Бүртгэлийн хураамж 24 ам доллар

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

а.18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх)

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт дрон ашиглаж тарвага хамгаалж байна

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар тарвага агнахыг хориглосон шийдвэр гарсан билээ. Сүүлийн үед орон нутагт хууль бусаар тарвага агнаж нойтон тулам нийслэл рүү оруулж ирж үнэтэй зарах тохиолдол гарсаар байна. Тэгвэл Завхан аймагт тарваганы хууль бус агналтын эсрэг дрон ашиглан тэмцдэг болжээ. Тодруулбал, БОАЖГазар, ОТУТХГХ захиргаа хамтран Байгалийн ургамлыг хууль бусаар түүж буй иргэн, агнахыг хориглосон тарвагыг хамгаалах зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлэн энэ сараас эхлэн дрон ашиглаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ-наас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг эхлүүлжээ

БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан. Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ. Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, сар бүр бүс тус бүрээс 1 аймаг шалгаруулж, 1 сая төгрөгөөр шагнахаар тусгажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас гадна уг аянд БОАЖЯ-ны харьяа Тусгай хамгаалалттай газрын 33 хамгаалалтын захиргаа, 21 аймгийн Сав газрын захиргаад хамрагдах юм. Аяны эхний сард хогоо цэвэрлэх, дараагийн сард хогийн савтай болох ажлуудыг өрнүүлэх аж.