Categories
мэдээ нийгэм

ЗЦГ-ын гүүрэн гарцын нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг есдүгээр сарын 15-нд нээнэ

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллалаа.

Хотын захирагчийг ЗЦГ-ын гүүрэн гарцан дээр очиж ажиллах үед тус зам гүүрийн ажлын хойд хэсэгт буюу Хүүхдийн паркийн зүүн талын хэсэгт хэсэг ажилтнууд бетон цутгаж байсан бол урд хэсэгт нь буюу Хоме плаза талаас шөнийн ээлж гарч ажиллаагүй, зам барилгын ажил үргэлжлээгүй, зогсонги байдалтай байлаа.

Зам гүүрийн барилгын талбай дээр зөвлөх компанийн удирдлага инженерүүд ажиллаж байсан бол Хотын захирагч ерөнхий гүйцэтгэгч Хятадын компанийн удирдлагуудыг дуудаж уулзлаа.

Хотын захирагч хэлсэн үгэндээ “Энэ зун бороо хур элбэгтэй байснаас шалтгаалж, зам барилгын ажил хугацаа алдсан зүйл бий. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байж төлөвлөсөн хугацаандаа амжиж зам гүүрийн ажлаа дуусгах ёстой. Өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна. Дуусчихна, болчихно гэж ажлыг хойш тавьсаар байтал өдөр хоног алдаж, удахгүй хүйтэрч ажил хийхэд хэцүү болох нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, зохион байгуулалтаа сайжируулж ажилла. Хяналт тавьдаг, хариуцдаг байгууллагын ажилтнууд энд байнга зогсож ажиллаж байх ёстой. Нийслэлчүүдийн хувьд нэг хоногийн өмнө ч гэсэн зам гүүрийн ажлаа нээх нь чухал ач холбогдолтой байгааг та бүхэн анхаарч ажиллах нь чухал байна” гэв.

Гүйцэтгэгч компанийн удирдлагийн зүгээс төлөвлөгөөний дагуу 09 сарын 15-ны өдөрт багтааж ЗЦГ-аас Хөүм плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөний эхний хэсгийг нээнэ гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах санал дэмжигдсэнгүй

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм.Тухайлбал, улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг гишүүд дэмжихгүй байгаагаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Өнгөрсөн 30 жилийн улс төрийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөөд магадгүй ирэх 20-30 жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын хөгжилд ямар нэмэр болох вэ гэдэг үндсэн чиглэлд энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор зайлшгүй анхаарал хандуулж, зохицуулах цаашдаа Монгол Улс парламентын засаглалыг илүү төлөвшүүлье гэж байгаа бол парламентад суудалтай улс төрийн намуудынхаа төлөвшлийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр илүү тодорхой болгох шаардлагатай байна. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаанд нь гэрэл гэгээ, итгэл үнэмшил тусгасан зохицуулалтуудыг хийж өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Миний зүгээс хуулийн төслийг сайжруулах чиглэлд 15 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг Үндсэн хууль заахаар оруулж байгааг дэмжихгүй байна. Тиймээс хасах санал оруулсан. Одоогийн улс төрийн намууд аймаг намын хороотой, суманд мөн намын хороо багуудад намын үүр ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ нь маш нүсэр бүтэц. Гэтэл Үндсэн хуулиар нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж тусгавал одоогийн намуудын үйл ажиллагааны нүсэр бүтцийг хуульчилсантай адил болж хувирна. Энэ нь улстөржилтийг улам дэвэргэж жижиг намуудын хөгжлийн төлөвшлийг хаана. Улс төрийн олон намын тогтолцооныхоо эсрэг заалт оруулж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх гэсэн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Улс төрийн сонгуулиудад оролцдоггүй зэрэг асуудлыг Сонгуулийн тухай хуулиараа зохицуулах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улс төрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй.

Categories
мэдээ нийгэм

Европын Сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих зэрэг асуудлаар санал солилцлоо. Талууд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэл ажлын талаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Улаанбаатар хотын автомашины зогсоолын менежментийг сайжруулах, нийслэл хотын гудамж, талбайг камержуулах төслийг хотын Захирагч С.Амарсайхан санал болголоо.

Categories
мэдээ нийгэм

“Звезда” телевиз, МҮОНРТ -ийн хамтын бүтээл “Халх гол дээрх баатарлаг гавьяа” түүхэн баримтат кино нээлтээ хийнэ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран Халх голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино бүтээсэн. Дээрх кино төслийн хүрээнд Монгол, ОХУ-ын 40 орчим уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг өнгөрсөн зургаадугаар сард гурван долоо хоногийн турш зураг авалт хийсэн билээ. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу монгол, оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар – Хэнтий – Баян-Овоо – Талын хөндлөн – Баян-Овоо – Чингис хот – Баянтүмэн – Дорнод – Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 2326 км орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн.

Дээрх кино төслийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсерээр ажилласан бөгөөд Монголын талаас продюсерээр Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсерээр О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактороор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевиз, МҮОНРТ -ийн хамтын бүтээл “Халх гол дээрх баатарлаг гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа болон улаан хивсний ёслол есдүгээр сарын 2-ны 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборт болох юм.


Categories
мэдээ нийгэм

ТҮЦ болон ил задгай гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Түргэн үйлчилгээний цэгийн худалдаа эрхлэгч нарт түргэн гэмтэж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулж, цэгүүд дээр “Зурагт анхааруулга” байршуулж байна.

Иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс хамгаалж ТҮЦ болон ил задгай гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Намын санхүүжилтийг олон нийтэд ил тод болгохыг Үндсэн хуульд тусгах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Нам бол ашгийн бус байгууллага. Хүмүүсийн сэтгэлийн хандив, төрийн дэмжлэгээр санхүүждэг. Одоо бодлогын болон салбарын намыг ялгах хэрэгтэй. Одоогийн 34 намд карманы, компанийн нам байгааг үгүйсгэхгүй гэлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нам байгуулах босгыг 20 мянгаас дээш гишүүнтэй байхаар тусгасан байлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид энэ асуудлыг дээшээ харж байгаад хийчихээгүй. Бодлогын үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулах заалт тусгаж өгсөн. Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж заалт оруулсан. Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн хэмээв.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Нам иргэдийн хүсэл зорилгыг биелүүлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг нэмж оруулжээ. Хөдөө орон нутагт, суманд хэдэн нам болоод иргэд хуваагдсан. Хоорондоо байнгын зөрчилдөөнтэй байдаг байдал руу оруулсан байгаа. Гэтэл бусад улс төрийн хүчнүүд хэд хуваагдах болоод байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Нам иргэдийн улстөрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улстөрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улстөрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй болсон.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажлууд дуусав

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл болгосон. Нийт 239 км үргэлжлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засварын ажил дуусч, 48,5 км замыг асфальтаар хучсан байна. Ингэснээр өмнө нь 4-5 см зузаан байсан авто зам 10-12 см болж, стандартын дагуу шинэчилж барьсан замыг гүйцэтгэгч компаниуд хүлээлгэн өгч буй аж. Мөн жолооч нарын түр амрах зогсоол, бие засах газар, замын ус зайлуулах хоолойн ажлууд дуусчээ. Асфальт бетон хучилтанд үүссэн ан цавыг битумээр гагнах ажлыг хоёрдугаар сараас эхлэн хийснээр замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлахаас гадна өвөл, зуны аль ч улиралд засварын ажилд хэрэглэх боломжтой технологийг нэвтрүүлээд байна. Зам засварын ажил хийгдсэний үр дүнд осол аваар ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Categories
мэдээ нийгэм

528 барилга байгууламжаас 2100 зөрчил илэрчээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг дөрөв дэх өдрөө улсын хэмжээнд үргэлжилж байна.

Хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 528 барилга байгууламжийг хамруулаад байгаа юм.

Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 2100 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 320 зөрчил буюу 15.2 хувийг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Харин бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй, байгууллагын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийг удирдах системгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, аврах гарцыг хааж битүүлсэн, эд бараа материал хураасан, сургууль, цэцэрлэгийн цайны газарт хийн баллон ажиллуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус хяналт, шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад чухал үүрэгтэй Зүүнбаянгийн үе угсрах баазыг УБТЗ барьж байгуулж байна

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд барьж байгуулсан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монгол Улсын өөр нэг томоохон бүтээн байгуулалт болох Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барихад оролцохоор болсон.

Үүнтэй холбоотойгоор ЗТХЯ, “УБТЗ” ХНН хамтран тус замыг барих бэлтгэл ажлуудыг шуурхай хангаж эхлээд байна. Эдгээр ажлын нэг болох Зүүнбаян өртөөнд шинээр Үе угсрах бааз байгуулах ажлыг эхлүүлээд байна. Өмнө нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдсан нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барихдаа УБТЗ нь ихээхэн алслагдсан хол газарт байрладаг өөрийн Салхитын үе угсрах баазаас угсарч бэлдсэн үеэ татаж байсан юм. Тэгвэл Монгол Улсын өмнөд хэсэгт шинэ төмөр замын олон төсөл хэрэгжих болсонтой холбоотойгоор шинээр үе угсрах баазыг ажлын фронтод ойр барих зайлшгүй шаардлага бий болсон юм. Монгол улсын хэвтээ тэнхлэгийн төмөр замын төв огтлолцол болох Сайншандаас холгүй орших Зүүнбаянд энэхүү үе угсрах баазыг шинээр барьж байгуулах ажил эрчимтэй явагдаж байна.

Үе угсрах баазыг барихын тулд нийтдээ 70 мянган метр/ куб газар шорооны ажил хийхээс 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн үе угсрах баазад зориулж 400 метр урт краны зам, 6150 метр урт салбар замуудыг барьж, 20 тоннын краныг зөөж авчирч босгох юм. Эдгээр ажлуудыг энэ оны 9 дүгээр сарын 20 гэхэд дуусгаж үеэ угсрахад бэлэн болно. Энэ онд нийтдээ 2000 ширхэг үе угсарч бэлэн болгохоор төлөвлөсөн бөгөөд энэ нь 50 км төмөр замыг барих үеэ бэлдэж бэлэн болгоно гэсэн үг юм. Үе угсарна гэдэг нь зам төмрөө төмөр бетон дэртэй нь холбож угсарсан 25 метрийн урттай бэлэн бэлдэцийг хэлж байгаа бөгөөд энэ нь төмөр замын суурь бүтцийн хамгийн гол бүтэц юм.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд З.Чинтүшиг Бахрейны Хаанд Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Хаан Хамад Бин Иса Аль-Халифа Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаанд Хааны ордны асуудал хариуцсан сайд Шейх Халед бин Ахмед Аль-Халифа, Гадаад хэргийн сайд Шейх Халед Бин Ахмед бин Мохаммад Аль-Халифа, Хааны ордны ёслолын дарга Халифа бин Ахмад Аль-Фадала нар байлцаж, Элчин сайдад баяр хүргэв.

Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Элчин сайд З.Чинтүшиг Бахрейны Гадаад хэргийн сайд Шейх Халед Бин Ахмед Аль-Халифа-д 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.