Categories
мэдээ нийгэм

Зориулалтын бус ажлын байранд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрчээ

НМХГ-ын дэд даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах зорилгоор ХУД дэх МХХэлтэс, цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын зам дагуу хоол үйлдвэрлэл явуулж байгаа иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар тухайн газар нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлан, цэвэр, бохир ус болон цахилгаанаар хангагдаагүй зориулалтын бус ажлын байранд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн. Мөн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын шинжилгээ, баталгаажилтгүй, хэзээ, хаана, хэн бэлтгэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилсэн, хоол үйлдвэрлэлд шаардлагатай сав суулга, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, бохироо ил задгай асгадаг, гар угаах болон бие засах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нь хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл бүрдсэн байна.

Иймээс ард иргэд та бүхнийг сонголтоо зөв хийж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгийн 30 эмч, БНХАУ-д суралцана

Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна.

Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулах гэж байна.

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм. Та бүхэн маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна.

Мөн өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Сүрьеэ өвчний асуудлаарх энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 30 сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно

Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Нагоягийн их сургуультай түншлэх нь бидний хувьд боломж мөн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургуулийн урилгаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа Японы Нагоягийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-г хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны энэ айлчлал манай хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хөгжлийг цогцлоох талаар зөв ойлголт, хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэж тэмдэглэв.

Тэрбээр Нагоягийн их сургууль манай улсын томоохон их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлэв. Түүнчлэн МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр Японы эрх зүйн сургалт, судалгааны хөтөлбөр, ШУТИС-д Хээрийн судалгааны лабораторийн төсөл, мөн төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх докторын хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар улс орны хөгжил дэвшлийн гарц нь судалгаанд суурилах ёстой гэж үзэж, судалгааны их сургуулиудтай болох зорилт тавьсныг тэмдэглэж, энэ ажлын хүрээнд МУИС, Нагоягийн их сургуультай ахисан түвшний сургалтдаа судалгаанд суурилсан тогтолцоо бүрдүүлэх талаар хамтарч ажиллаж байгааг сайшаагаад, цаашид эрдэм солилцоо, оюутан солилцоог идэвхжүүлж, судалгааны их сургуулиудыг төлөвшүүлэхэд Япон Улс, түүн дотроос Нагоягийн их сургуулийн оруулах хувь нэмэр чухал гэдгийг онцоллоо.

Уулзалтад оролцсон Нагоягийн их сургуулийн дэд захирал Наоши Сүгияма тус сургууль Монголын их, дээд сургуулиудтай илүү олон чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгааг дурдаж, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-гийн айлчлалын хөтөлбөрт залуу судлаачдад зөвлөгөө өгөх, лекц унших, хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцох зэрэг арга хэмжээ багтсаныг танилцууллаа.

Эрдэмтэн Рёожи Ноёори япончууд Монголыг ихэд дотночилж үздэгийг онцлоод, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг хамтран хөгжүүлэх, өөрийн мэдлэг, чадвар, хурааж хуримтлуулсан туршлагаа монголчуудтай хуваалцаж, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухаан, технологийн дэвшил, их сургуулиудыг дэлхийн түвшинд хүргэх зорилтод хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Би залуу эрдэмтэн, судлаачдад туулсан амьдрал, эрдэм судлалын ажлын арга барилаа танилцуулна. Гэхдээ энэ бол үлдэж хоцорсон хуучин түүх. Ирээдүй бидний өмнө бий. Тиймээс ирээдүйг авч явах залууст илүү их итгэж байна. Монголын залуу эрдэмтэн, судлаачдад судлах, шинжлэх, ихийг бүтээх эрмэлзэл, хүслийг төрүүлж чадвал миний зорилго биелэх болно” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд хиймэл оюун ухаан, онлайн сургалт эрчээ авч, тэр нь их, дээд сургуулиудад сорилт болж байна. Үүнийг Стэнфордын их сургуулийн захирал, нэрт эрдэмтэн Жон Хеннеси “Их сургуульд цунами ойртож байна” гэж хэлсэн байдаг. Орчин үед дээд боловсролын диплом, зэрэг, дэв чухал биш болж, авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй ирээдүй үеийг төлөвшүүлэхэд илүү анхаарч байна. Тиймээс манай их сургуулиуд дэлхийн түвшинд хүрсэн, судалгааны сургуулиуд болох ёстой. Дэлхийд нэр хүндтэй Нагоягийн их сургуультай тогтоосон энэхүү түншлэл бидний хувьд боломж мөн. Тус сургуулийн ололт амжилтаас суралцах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэж уулзалтын төгсгөлд тэмдэглэж хэлэв.

Уулзалтад Нагоягийн их сургуулийн дэд захирал Наоши Сүгияма, АСКИ институтийн захирал Фүмио Исода, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, дэд захирал Б.Очирхуяг, Ч.Лодойравсал, академич, Нагоягийн их сургуулийн Хүндэт доктор С.Нарангэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, Нагоягийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Гангабаатар нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Ноён Рёожи Ноёори 2001 онд химийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн, Японы шинжлэх ухаан технологийн агентлаг, Хөгжлийн стратеги, судалгааны төвийн захирлаар ажилладаг, шинжлэх ухааны салбарт онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгодог дэлхийн хэмжээний томоохон 10 гаруй шагнал хүртсэн, нэрт эрдэмтэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжиллээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.29) хуралдаан 11 цаг 03 минутад, гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгов.

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 150 гаруй саналын томьёолол гаргажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудыг бүлэг, бүлгээр нь хэлэлцэж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн. Иймд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гаргасан улс төрийн намуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төсөлд “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэж хэсэг нэмэх заалтыг оруулсан бол Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.”гэж өөрчлөн найруулахаар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасах саналыг тус тус гаргасан байлаа.

Гишүүдийн зүгээс төсөлд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, хөрөнгө орлогын эх сурвалж, зарцуулалт зэрэг суурь зарчмыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлийн хатуу босго тогтоох шаардлагагүй. 330 сум,1660 баг,160 хороодод намын нэгж байгуулах, түүнд ажиллах хүмүүсийн цалин хөлс гээд багагүй санхүүжилт шаардагдахаас гадна, цаашлаад иргэдийг улстөржүүлж, ард түмнийг хагаралдуулах байдлыг дэвэргэх, жижиг намуудын үйл ажиллагааг хязгаарласан болон шинэ нам байгуулах боломжийг хаасан асуудал үүсэх вий хэмээн олон талт байр суурийг илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, гишүүдийн өргөн барьсан төсөлд “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн байгаа. Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн арван зургадугаа зүйлийн 10-т “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг биелүүлнэ” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу улс төрийн нам байгуулах эрх нь нээлттэй. Харин нийгэм, төрийн аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалж, хүндэтгэж, хуулийг биелүүлэх үүргийг зааж өгсөн. Тийм учраас нэг заалт болон орж ирж байгаа юм. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь дэлхий нийтийн ерөнхий жишиг гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр, улс төрийн нам үйл ажиллагаа, бодлогоо улсын хэмжээнд явуулна гэдэг зарчмыг л зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, орон нутаг, шашин, бүлэглэлийн хэмжээнд явцуу үйл ажиллагаа явуулахгүй гэсэн зарчмыг л суулгасан. Энэ заалт орсноор одоо байгаа улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах, тэднийг түрэх зүйл огтхон ч байхгүй, үүнийг мушгиж, гуйвуулахгүй шаардлагагүй гэдгийг гишүүдэд анхааруулав. Мөн тэрбээр, Би үүнийг улайран дэмжээд байгаа юм биш. Тодорхой судалгааны үндсэн дээр бусад улсын жишгийн дагуу одоогийн үйлчилж байгаа улс төрийн намын тухай хуулийн утга, агуулгыг баяжуулан хөгжүүлэхийн тулд оруулж ирсэн заалт. Нам бол төрийн бодлогод оролцъё, засгийн эрхийг барья гэсэн нэгдэл бөгөөд бодлогоор өрсөлддөг улс төрийн байгууллага. Тиймээс зохион байгуулалт, гол зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөхөөс өөр аргагүй гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлэхдээ, “Өнөөдөр монголын нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж буурсан. Нөгөө талаас улс төрийн намуудын хариуцлагагүй үйлдэл, иргэдээ хагаралдуулж, улстөрчдийн ёс зүйгүй, хууль зөрчсөн байдал, төрийн доройтолд хүргэснийг бид нүдээр харж байгааг онцлов. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө улс төрийн намыг төлөвшүүлэх, үйл ажиллагааг нээлттэй, санхүүжилтийг нь ил тод болгож, хариуцлагажуулах үүднээс улсын хэмжээнд бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шалгуур, шаардлага тавих шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Улс төрийн намыг цэвэршүүлье, зарчимтай болгоё гэж бодож байгаа бол улс төрийн намын төлөвшлийг Үндсэн хуулийн зарчимд зайлшгүй суулгах шаардлагатай. Гишүүд үндэсний хэмжээний намыг төлөвшүүлэх асуудлыг шүүмжилж байна. Хэрэв үзэл баримтлалгүй, улс орны хөгжлийн алс хэтийн төлөвийг тодорхойлж чадахгүй, үзэл баримтлал нь нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй тийм улс төрийн намууд байгаад л байвал өнөөдрийн улс төрийн намуудын зовлон дуусахгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ч хэрэг гарахгүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь УИХ-ын 62 гишүнээс өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч байгаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн Ажлын хэсгийн саналд ч “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэдэг нь хэвээр байгаа. Гэнэт өөр хүний саналаар өөрчлөгдсөн мэт мушгиж, тайлбарлах шаардлагагүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг гишүүдийн хэлээд байгаа шиг 330 суманд намын нэгж байгуулах, бүтэц, зохион байгуулалтыг чиглэсэн агуулга байхгүй. Харин улс төрийн намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодлого, хөтөлбөртэй байх агуулга л байгаа” гэдгийг гишүүдэд тайлбарлан, анхааруулж байлаа.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтыг цахимаар явуулахыг дэмжиж байгаа ч техникийн саатал гарахыг үгүйсгэхгүй. Иймд техникийн гацалтаас болж гишүүний санал ороогүй, эсрэг гарсан тохиолдолд үүнийгээ протоколд тэмдэглүүлж, дэмжсэн, дэмжээгүй аль нэг саналд тоог нь нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.1 хувь нь дэмжив.

Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэсэн хэсэг нэмэх төслийн заалтын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 16.1 хувь нь дэмжсэнгүй. Ингэснээр үдийн завсарлага болсон тул хуралдаан түр өндөрлөж, үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо

Categories
мэдээ нийгэм

Галзуу үнэг хүүхэд, нохой руу дайрчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол энэ сарын 27-ны өдөр гарчээ.

Дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч ажиллан урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн болохыг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.

Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн зан авирт байнгын хяналт тавьж, мал сүргээ байнгын хариулгатай байлгахыг малчдад анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НОСК: Маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдаж, эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулна

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн орон сууцны корпорци” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Ингэхдээ түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах юм.

Цахим бүртгэлд дээрх найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлөлтөөр байр нь олгогдоно. Орон сууцыг газраар чөлөөлөх журмыг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. 972 айлын орон сууц бэлэн болсон. Одоо ганцхан улсын комисс хүлээж авах л дутуу байгаа. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдийн материалыг хүлээж авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд иргэдийн цахим бүртгэл дээрх мэдээлэл болон цаасаар ирсэн мэдээллүүдийн үнэн бодит эсэхийг нэг бүрчлэн шалгасан. Маргааш /2019.08.30/ орон сууцны зөвлөх комисс хуралдана. Хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулна. Маргаашаас эхлээд эрэмбийн дагуу дараагийн иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгнө” гэв.

Нийслэлийн орон сууцны корпорци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогссон зүйл байхгүй. Иргэдийг эхний ээлжид сонгон шалгарсан байдлаар нь жишээ татаж ярья. Тухайлбал, байраа түрээслэх залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан залуучууд нийгмийн даатгал төлснөөрөө орж байна. Байраа түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчид энгийн түрээсийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд, түрээслээд өмчлөх ангилалд 34-44 ажилласан хүмүүс орж ирсэн байх жишээний. Ахмад настны ангилалд энгийн түрээсийн ангилалд 87-100 настай ахмадууд орсон бол түрээслээд өмчлөх ангилалд 91-102 настай ахмадууд орсон. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш насны ахмадууд бүгд хамрагдах боломжтой гэдгийг тоо баримтууд харуулж байна. Цахим бүртгэлийн давуу тал нь маш том судалгаа болж байна. Нөгөөтэйгөөр хамгийн шударгаар хэн нэгэн хүний оролцоогүйгээр явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх юм уу албаар худал мэдээлэл өгвөл хар жагсаалтад орж байгаа. Тиймээс сонгон шалгаруулалтад орсон иргэдээс зарим нь нь өөрсдөө мэдээллээ албаар буруу хийсэн учраас материалаа өгөхөөс татгалзсан” гэв.

Categories
мэдээ спорт

Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн ДАШТ Японы Токио хотноо 5 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн барилдаанууд болсон бөгөөд манай бөхчүүдээс ОУХМ Гантулгын Алтанбагана, залуу тамирчин Цэрэндуламын Энхчимэг нар барилдлаа. Анх удаа ДАШТ-д өрсөлдөж буй 18 настай Ц.Энхчимэгийн хувьд эхний тойрогт Португалын Барбара Тимод цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

70 кг-ийн жинд дэлхийн хошой аварга, Японы Чизүрү Араи “А” хэсгийг тэргүүлэн барилдаж байгаа бол Австрийн Микаэла Поллэрэс, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Мариэ Эвэ Гаиэ, Абу Дабигийн их дуулгын аварга Шведийн Анна Бернхолм нар бусад хэсгийг тэргүүлэн барилдаж байна. Харин 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт, Анталягийн гранпригийн аварга, ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт Италийн Николас Мунгайтай хүч үзсэн ч нэмэлт үед ялагдлаа. Хэсгийн барилдаан өглөө Монголын цагаар 11:00 цагт эхэлсэн бол шигшээ барилдаан уламжлал ёсоор 18:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Нобелийн шагналтан, профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад баяртай байна гэлээ.

Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон Азийн шилдэг их сургуулиудын эгнээнд нэгдэн орох зорилгын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв.

Нобелийн шагналтан Ноёори Монгол Улсын дээд боловсролын салбарын хөтөлбөр, зорилгыг сайшаагаад түүнд хүрэхэд шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг санууллаа. Түүнчлэн гадаадын их сургуулиудтай хамтран ажиллаж, харилцан суралцахыг зөвлөв.

Уулзалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат болон Монгол Улсын их сургууль, Япон Улсын Нагояа их сургуулийн захирал, профессоруудын төлөөлөл оролцлоо.

Профессор Ноёори 27 насандаа Киотогийн их сургуульд ажиллаж байхдаа удирдагч багш профессор Нозакитай хамтран хирал органикметал молекулын катализаторыг ашиглан асиметрик синтез явуулах зарчмыг анх нээжээ. Дараа нь хурдан бөгөөд дахин хэрэглэх боломжтой шилжилтийн металл дээр суурилсан олон тооны сунгамал катализаторыг гарган авсан байна.

Түүний рацемат хольцийн R юм уу L энантомерийг дангаар нь ялгах судалгаа 1992 онд АНУ-ын Эм, Хүнсний Удирдах Газрын удирдамжид орсноор анагаах ухаанд асар их хөгжил дэвшлийг авч ирсэн юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд намуудын үйл ажиллагаатай холбоотойгоор тусгагдсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж байгаад түр завсарласан.

“Улс төрийн нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалттай гишүүд санал нийлэхгүй байгаагаа хэлж, Монгол Улс нам төвтэй улс болох алхам руугаа орно гэдгийг гишүүдийн олонх хэлж байсан юм.

Тиймээс МАН-ын бүлэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дээр саналаа нэгтгэхээр ийн хуралдаж байна. Үдээс хойш 15.00 цагаас чуулган хуралдана.