Монгол Улсын Тод манлай уяач, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсны ууган хүү Ганхөлөгтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.
-Мэдээж танд аавтайгаа өнгөрүүлсэн олон сайхан мартагдашгүй дурсамж байгаа. Эдгээрээс яг одоо санаанд бууж байгаа хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Зөндөө сайхан дурсамж байлгүй яах вэ.
Одоо санаанд бууж байгаа нэг дурсамжаас ярья. Манайд улсын наадамд түрүүлсэн хонгор морь байдаг юм. Ер нь миний морь л доо. Аав надад өгч байсан юм.
Улсад түрүүлсэн жилийнх нь намар нэлээн сэрүүн орчихсон байлаа. Би адуун дээрээ байсан юм. Харин аав Улаанбаатараас ирж байсан. Хонгор морины хөл нь хөнгөн болохоор би бариад уначихсан. Тэрүүгээр чинь адуу тойрч элдээд давхиад л байлаа. Хурдны морь хөл хөнгөн, гоё шүү дээ.
Тэгсэн нэг эргээд хартал аав ирээд зогсчихсон байна. Намайг хараад л байлаа. Тэгснээ дуудаж байна. Давхиад очлоо.
Аав “За миний хүү сайн уу” гэж байснаа “Чи ямар морь унаж байгаагаа мэдэж байна уу” гэж асуув. Би мэднэ ээ, хонгор морио бариад уначихсан байна шүү дээ, яасан ааваа гэсэн юм.
Манайд хоёр хонгор зүсмийн морь байсан. Ижил зүсмийн тул сайн харж байж л ялгана. Тэгээд намайг улсын наадамд түрүүлсэн хурдан хонгороо андуураад уначихсан гэж бодсон бололтой.
Харин би мэдэж байгаа, улсад түрүүлдэг хонгор морио бариад уначихсан шүү дээ гэсэн чинь аав “Түрүүлсэн морио хайрладаг байтал бариад уначих юм” гээд инээж билээ. Яагаад энэ явдлыг хөгжилтэй гэж боддог гэвэл тухайн үед аав минь уурлах бус учиргүй их инээсэн юм. Тэгээд “Миний хүү аяархан яваарай” гэж захиж билээ.
Би бага байхдаа морь унаад их давхидаг байлаа. Үеийн хүүхдүүдтэйгээ их уралдана. Тийм болохоор хурдан хонгороо бариад уначихсан болохоор аав минь тухайн үед бага зэрэг санаа нь зовсон байх гэж боддог юм.
-Г.Батхүү хуучнаар ЗХУ-ын Харьков хотод инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн, ажлын гараагаа авто засварын цехэд засварчин, мастераар эхлүүлж байсан юм билээ. Тиймээс хурдан мориноос гадна техникт маш их сонирхолтой. Энэ чиглэлийн холбоог тэргүүлдэг байсан. Үүнийгээ дагаад автомашины олон цуглуулгатай байсан гэж сонссон. Энэ тухай та тодруулахгүй юу?
-Тиймээ. Машин техникт их дур сонирхолтой хүн байсан. Жижиг машины моделиудтай. Олон модель бий. Мөн том автомашины цуглуулгатай.
Ер нь аав ихэвчлэн ЗХУ-ын хуучны авто машинуудыг их цуглуулдаг байлаа. Газ-69 А, Б-69, Иж планета-5, Урал, газ-24, газ-24-10, газ 31, Паз, Чайка, Москвич, ЛАДА, УАЗ-469 гэх зэргээр хуучны олон машин бий. Бараг 20 гаруй автомашин байгаа шүү.
Аав маань авто машин цуглуулж байна гээд шууд худалдаад авдаггүй байсан. Бүх эд анги, бусад зүйлсийг нь авчирч өөрсдөө угсарч босгох дуртай байв. Тухайн үед байсан чигээр нь бий болгохыг хичээнэ шүү дээ. Нарийн ширийн бүх зүйлд нь анхаарна. Ер нь хобби гэж тухайн зүйлдээ дурлаж, цаг заваа зориулахыг хэлдэг юм болов уу.
Угсарч буй машиныхаа эд анги, сэлбэг хэрэгслийг Орос руу захина. Олдохгүй бол өөрөө явж хайна. Түүндээ их ач холбогдол өгнө. Тэгж хийдэг болохоор машин нь их удаан босно.
Гэхдээ ингэж 10 гаруй машин босгосон шүү. Жолоодоод явах сайхан. Мөн будаг шунх зэрэг бага сага ажил үлдсэн ганц, хоёр машин бий.
-Аавынхаа дурсгалд зориулж цуглуулгын автомашинуудыг нь дэлгэн тавьж музей байгуулахаар зорьж байгаа гэсэн. Энэ ажилдаа ханцуй шамлаж амжиж байна уу?
-Аавынхаа хийж амжаагүй зүйлийг амжуулъя. Хийж чадаагүй юмыг нь өөрийнхөө чадлаар хийе, үргэлжлүүлье гэж бодож байгаа.
Би ганцаараа энэ бүхнийг бодож зорьж байгаа юм биш л дээ. Бүгд л бодож, санаж, хичээж байгаа юм. Батсайхан, Бат-Эрдэнэ ах, Батчимэг эгч маань хичээж байна.
Би доороо нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Бид бүгдээрээ л тал талаас аавынхаа бодож, зорьж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийнэ шүү гэж ярьж байгаа. Тэрэн дотор миний хамгийн ойрын үед хийх зүйл бол аавынхаа гэгээн дурсгалд зориулаад шилэн шоу роум бариад бүх машиныг нь тайлбартайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх бодол байна.
Мөн давхар өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан зүйлийг дэлгэнэ.
Жишээ нь, машин барихдаа өмсдөг байсан бээлий байж болно. Өөрийнх нь унадаг байсан автомашины арааны толгой ч юм уу гэх зэргээр гоё зүйл олон бий. Жижиг музей байвал зүгээр ч юм болов уу гэж бодож байна. Бид тэр болгоныг агуулахад хийж хадгалаад байхыг хүсэхгүй байна. Олны хүртээл болгох нь зөв гэж үзэж байгаа.
-Хэзээ бодит ажил болох бол?
-Ойрын хугацаанд. Ажил гайгүй бол зураг дээр нь сууж байгаад ирэх жилийн зунаас амжуулах санаа байна. Хотын төвд ч юм уу, эсвэл ажлынхаа ойр барих болов уу.
-Г.Батхүү агсан төрийн хүн. Мөн бизнесийн салбарт амжилттай манлайлж, Монголын тэргүүлэх компанийг удирдан чиглүүлж чадсан. Үүнээс гадна МоАН санаачилга, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклын спортын холбоо зэрэг маш олон байгууллагын удирдах албан тушаалд удаа дараа сонгогдон ажиллаж ирсэн. Энэ олон ажлын хажуугаар дээрх холбоодын ажлыг таслалгүй авч явахад хичээл зүтгэл хэрхэн гаргадаг байсан бэ?
-Аав минь тун завгүй хүн байлаа.
Маш олон холбоог тэргүүлдэг байсан. Гэхдээ тэргүүлж байсан бүх холбоондоо маш идэвхтэй ажиллаж байсан. Хурал чуулганыг алгасаж үзээгүй. Заавал очно. Ер нь холбоодын ажлаа дандаа л өөрөө зохион байгуулдаг байсан.
Хариуцаж авсан бүх ажилдаа маш сайн оролцоно. Улс төрийн хувьд Ардчилсан намын дэд дарга болоод удаагүй байлаа. Намынхан дотроо өндөр нэр хүндтэй байсан гэж ойлгодог.
-Та маш зав муутай хүн байсан гэж хэллээ. Ер нь гэр бүлдээ хэрхэн цаг зав гаргадаг байсан бэ?
-Их завгүй хүн байсан. Намайг ухаан ороход л тийм байсан. Өглөө гараад л орой орж ирдэг. Гэхдээ гэр бүлдээ цаг зав гаргалгүй яах вэ. Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ агаарт салхинд их гарна шүү дээ. Аав минь аливаа юмыг их сайхан зохион байгуулна. Төрөлхийн удирдагч хүн байлаа.
-Г.Батхүү агсны найз нөхөд нь түүнийг бусдад аливаа зүйлийг хэлж зөвлөдөг, бодсон зүйлээ шууд хэлдэг, хүнээс юм нуугаад байдаггүй, ил цагаан хүн гэж дурсан ярьдаг юм билээ. Та яриандаа ч мөн алдаа гаргасан бол загнахаас урьтаж хэлж, зааж, зөвлөдөг тухай дурссан. Ер нь үр хүүхдэдээ үг сургаалаа их хайрладаг байсан уу. Таны оюун бодолд хамгийн тодоор хадгалагдан үлдсэн захиас сургаалаас нь хэлэхгүй юу?
-Аав минь их л зүйл захиж, сургадаг байсан. Хүн араас нь ухаарах юм даа. Тухайн үед нь бал, дэвтэр барьж хажууд нь яваад бичээд авахгүй яав даа гэж харуусах үе байна.
Гэхдээ аавынхаа захиас, сургаалуудыг саналгүй яах вэ. Аав минь нэг л зарчим чандлан баримталдаг байсан. Шударга бай. Хүнд ярьж хэлэх зүйлээ шууд л хэлж бай. Битгий нуу.
Нэгдүгээрт, чи нуулаа гээд өөрөө л зовж шанална.
Хоёрдугаарт, ил цагаан хэлчихвэл хэн хэндээ хар буруугүй амар гэдэг байлаа. Аав минь их шулуун шударга хүн шүү дээ. Мөн шударга хүн байсан гэдгийг олон түмэн мэднэ.
Аав минь би гэж ерөөсөө ярьдаггүй байсан. Ямагт бид гэж ярьдаг. Зөвхөн өөрийгөө тодорхойлж, товойлгож хэзээ ч ярьж байгаагүй. Энэ бүхний учрыг надад хэзээ ч тайлбарлаж хэлж байгаагүй л дээ. Гэхдээ би үг, үйлдлээс нь хараад ойлгодог байлаа. Аав минь олон сайхан хамт олон, найз нөхдөөр хүрээлүүлсэн дээ.
Үр хүүхэд нь болсон бид аавынхаа захиас, сургаалыг ямагт санаж, дагаж явах болно.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд явж байсан. Өөрөөр хэлбэл, гадны нөлөөгүй нас барсан, золгүй явдал байсан гэх дүгнэлт яваад байх шиг. Энэ хэргийн тухайд та бүхэн ямар бодолтой байна вэ?
-Энэ бол зүгээр шар мэдээ гэж ойлгож байгаа. Одоогоор хууль, цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдсэн зүйл алга. Хууль хяналтын байгууллага нь албан ёсны мэдэгдэл гаргаагүй байхад бид түрүүлж дуугарах боломж байхгүй.
-Эхлээд хууль хяналтын байгууллага эцсийн дүгнэлтээ гаргаж, ар гэрт нь албан ёсоор мэдэгдэх ёстой. Үүний дараа та бүхэн байр сууриа илэрхийлнэ гэж ойлгож болох уу?
-Тийм. Хууль шүүхийн байгууллагаас эцсийн дүгнэлт гарах ёстой. Таны хэлсэн мэдээлэл бол зүгээр сошиалаар явж л байдаг шар мэдээ гэж ойлгож байгаа.
Г.БАТЗОРИГ