Categories
мэдээ нийгэм

”MONGOLIAN SIEGER SHOW 2019″ ирэх бямба гаригт болно

GSDAM буюу Монгол дахь Герман хоньч нохой сонирхогчдын холбоо ээлжит ”MONGOLIAN SIEGER SHOW 2019″ тэмцээн ээ зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 24-ны Бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд нас насны 100 гаруй Герман хоньч нохой оролцох юм.

Уг тэмцээнийг Монгол дахь Герман хоньч нохойн холбоо /МГХНХ/-ноос олон улсын дүрмийн дагуу зохион байгуулна. Монгол дахь нийт Герман хоньч нохой сонирхогчид, үржүүлэгчид, сургагч хөтлөгчид, салбар клубууд болоод Герман хоньч нохойг үйл ажиллагаандаа хамруулдаг олон байгууллага хамтран оролцоно.


Тэмцээний талаар Монгол дахь герман хоньч нохойн холбооны тэргүүн О.Соронзонболд “Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд болно. Бид тэмцээнийг өндөр хяналт дор, сайн зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээнд оролцох нохдыг бүртгүүлэхдээ, дугаарлалт бүхий бичил чип, гарал үүслийн бичиг, мөн эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Эзэмшигч нь МГХНХ-ны гишүүн болсон байх гэсэн ерөнхий шаардлага тавина” гэв.


Categories
мэдээ улс-төр

Н.Цэрэнбат: 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тодруулбал,

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,

Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,

Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авах Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Нийт зургаан аймгийн 13 нутаг дэвсгэрийг хамарч байгаа улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ 1.2 сая га-гаар буюу нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж улсын хэмжээнд 32.8 сая га газар улсын тусгай хамгаалалтад орж байна. Нийтдээ 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хуульчдын цуглаан хойшлов

Хуульчид өнөөдөр зангиатай жагсах байсан боловч хойшилсон байна. Энэ тухай Монголын хуульчдын нийгэмлэг ТББ дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж буйтай холбогдуулж Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ-аас ард иргэд, олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 21-ний Лхагва гарагт хуульчдын цуглаан хийхээр төлөвлөж байсан билээ.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн хажуугаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өөрийн төслийг өргөн барьсан ба хэд хэдэн ажлын хэсэг дахин томилогдож Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн боловсруулалт дээр дахин ажиллаж байна.

Хуульчид, эрх зүйчид бид Улсын Их Хурлаар ямар ч төсөл хэлэлцэн баталсан “Үндсэн хуулиар Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэх”, ямар ч тохиолдолд дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, эрх зүйн зохицуулалтын төсөл нь судалгаа, дүн шинжилгээтэй, эрдэмтэн судлаачдын санал бодлыг тодорхой хэмжээнд тусгасан, ямар ч тохиолдолд шүүх эрх мэдэл нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох эрх мэдлээс хараат бус байхыг шаардаж байгаа.

Дээрх итгэл үнэмшлийнхээ дагуу хуульчид бид мэргэжлийн, соёлтой, ямар нэг талыг буруутгах, чанга дуу хоолойгоор олны анхаарлыг татах зорилгоор бус гагцхүү Үндсэн хуулийн суурь зарчмуудыг эрхэмлэх, ард иргэдэд ойлгуулан таниулах зорилгоор хуульчдын талбай дээр цугларах, Үндсэн хууль, шүүхийн хараат бус байдлыг таниулан ойлгуулах зорилгоор цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байсан.

Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас “Хуульчдын зангиатай цуглаан”-ыг бүртгэхээс татгалзсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй гэсэн үндэслэлээр. Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний жам ёсны эрх бөгөөд төрөөс иргэний эрхээ эдлэх боломжийг хязгаарлахгүй хэмээн заасан. Хуульчид бид ямар ч техник, тоног төхөөрөмж ашиглахгүй зөвхөн мэргэжлийн ажил хэрэгч хувцаслан цугларч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ард иргэдийн анхаарлыг хандуулах, шүүх эрх мэдлийн хараат бус байдлын ач холбогдлыг ойлгуулах зорилготой байсан.

Төрийн байгууллагын шийдвэртэй холбогдуулж Монголын Хуульчдын Нийгэмлэгээс хуульчдын цуглааныг 9 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

Хэдийгээр бид жагсаагүй ч, бидэнд жагсаахыг хориглосон ч Хуульчид бид зорилгоо дахин сануулъя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хараат бус шүүхийг бэхжүүлэх, шүүгч нар ямар ч улс төрч, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлээс хараат бус байхын төлөө цаг ямагт баттай зогсох бөгөөд хуульч, эрх зүйчид бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн явцыг анхааралтай ажиглаж, ард иргэд, олон нийтэд мэргэжлийн байр сууриас эрх зүйн үр дагаврын талаар ойлгуулж таниулж, сонордуулж байх болно.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хог хаягдлыг арилгах үүрэг өглөө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ урин угсралт” ХХК-ийн гадна орчны байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Шинэ эрин угсралт” ХХК нь хог хаягдлыг зориулалтын бус цэгт хаясан зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу тус компанид торгуулийн арга хэмжээ ногдуулан, эрх бүхий албан тушаалтанд их хэмжээгээр хуримтлагдсан хогийг арилгах хугацаатай даалгавар өглөө.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх есдүгээр сарын 4-нд ОХУ-ыг зорихоор төлөвлөжээ. Тэрээр Алс Дорнодын эдийн засгийн форумд оролцох юм байна. Төрийн тэргүүн өмнө нь 2017 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн гурав дахь удаагийн форумд оролцож байсан юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын 3-нд манай улсад айлчлаад 4-нд нь тус форумд оролцохоор нутаг буцах аж.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ын багш нар сурагчдын ирцийг гар утас дээрээ бүртгэнэ

Техник, технологи хөгжихийн хэрээр бүх зүйл цахим болж байна. Энэ жишгээр Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдын ирцийг журнал дээр бус гар утас дээрээ бүртгэх боломжтой болжээ. Ингэснээр эцэг, эх хүүхдийнхээ ирц, явц, хүмүүжил, төлөвшил, дүнгийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах юм.

Боловсролын салбарын мэдээллийн системийг хэрэглэгчдэд энгийн байдлаар хүргэх үүднээс гар утасны апликэйшнийг нэвтрүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шинэ хичээлийн жилтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан батлагдсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан ажиллах талаар цахим хурал хийж МХЕГын дэд дарга Г.Сугарбат, ЭМБСХГ-ындарга С.Сүнчин нар дараах үүрэг чиглэлийг өглөө.

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүүхдийн хөгжил, хамгаалал”-ын чиглэлээр гаргасан 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах:

2. “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сарын аяныг энэ оны 09 дүгээр сард зохион байгуулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид боловсролын байгууллагуудад хамтарсан хяналт шалгалт хийж эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах:

3. Өмнө хийгдсэн шалгалтаар их эрсдэлтэй шалгагдсан байгууллага, шинээр ашиглалтад орж байгаа барилга, өргөтгөл болон урсгал засвар хийгдсэн объектуудыг хяналт шалгалтад хамруулах:

Мөн иргэдээс удаа дараалан өргөдөл, гомдол ирүүлдэг, нийтийг хамарсан хордлого, халдвар гаргаж байсан сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхийг үүрэг чиглэл болголоо. Цахим хуралд аймаг, нийслэлийн Боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын улсын байцаагчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулиудын тоог бууруулж, чанарыг сайжруулахад анхаарна

Энэ жил 10 гаруй мянган оюутан их дээд сургуулиудад шинээр элсэн орж байна. Энэ жилийн төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна.

Ерөнхий боловсролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр орууллаа гэж БСШУСЯнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг өглөө

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд сууж, хурлын төгсгөлд аймаг орон нутгийн удирдлагууд болон салбар хариуцсан зарим сайд нарт тусгайлан үүрэг өгөв.

Хурлын эхэнд Хөдөө аж ахуй, эрчим хүч, Зам тээврийн салбарт болон ОБЕГ-т, Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэлийн талаар салбар хариуцсан сайд, дарга нар нэгдсэн мэдээлэл өгөв. Мөн 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлын тухай Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсов.

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 62 хувь, Улсын хэмжээнд 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт нутгаар зуншлага цагтаа эхэлсэн ч бүхэлдээ хуурай, халуун байж, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн хур бороо орсноос үүдэн ургац хураалт хойшлох, болц удаашрах зэргээс ургац алдах нөхцөл бүрдснийг ХХААХҮЯ-наас ирүүлсэн дүн мэдээ харуулав. Мөн үр тариа хураалтын цагт цочир хүйтэрч, наймдугааар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж болзошгүй талаар анхааруулж байлаа.
Иймд салбар бүр есдүгээр сарын эхний хагаст багтаан өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусахыг асуудал хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгож Засгийн газрын 270, 285 тоот тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд Улсын Онцгой комиссоос даалгав.

Улсын онцгой комиссын хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг санаж өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулаад ХХААХҮ-ийн сайд болон Аймгийн засаг дарга нарт хандан тусгайлан дараах үүрэг даалгаврыг өгөв.

Нэгдүгээрт: Ард, түмний хүнсний үндсэн хэрэглээ, стратегийн бүтээгдэхүүн болох мах, гурил, төмс хүнсний ногооны хангалтад сайтар анхаар. Махны экспортоо нэмэгдүүлнэ гэхээсээ өмнө дотоодын хэрэгцээгээ ханга. ХХААХҮ-ийн сайд аймгийн дарга нартай хамтарч нэгдсэн бодлого төлөвлөлттэй арга хэмжээ авч ажилла. Нийлүүлэлт сайжирвал үнэ унана. Далан сая малтай улсын иргэд ирэх жил тэнгэрт хадсан үнээр мах, гурил авахаар болвол үүний хариуцлагыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан толгойгоороо хариуцна. Тайлбар шалтаг хүлээж авахгүй.

Хоёрдугаарт: Аймгйин засаг дарга нар ажилдаа эзэн байж, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг чанартай түргэн шуурхай гүйцэтгүүл. Аймгийн дарга нар орон нутагтаа шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлага дэг журмыг төрийн албанд бий болгохыг дахин үүрэг болгож байна.

Гуравдугаарт: Эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, орон нутагт байгалийн баялагийг ашиглаж байгаа тэдгээр хүмүүстэй хатуу тэмцэх, бизнес, улстөр хоёрыг ангид авч үзэж байх хээрэгтэй.

Дөрөвдүгээрт: Байгаль орчноо хамгаалахад маш сайн анхаарах шаардлагатай. Шүүх, прокурор, хүчний байгууллагад тодорхой хэмжээгээр шинэчлэлт хийгдсэн. Төрийн хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Олигархуудын өмнө орон нутгийн удирдлагууд бөхийх ёсгүй. Айж, шантрахгүй байхыг хүсье. Та бүгдийг Засгийн газар, төр хамгаалах болно.

Тавдугаарт: Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт- Эко-Алтанзаамар, Архангай аймагт Орхон голын ай савд, Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Үйл ажиллагааг нь шалгаж арга хэмжээ ав гэсэн үндсэн таван үүрэг даалгаврыг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцогчдод хандан цааш хэлэхдээ;

Улсын хэмжээнд олгогдсон уул уурхайн лицензүүдийг нэгбүрчлэн шалгах Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилсон, ажиллаж байгаа. Цэгцэлж авах зорилго байна. Аливаа улс, үндэстэн газар нутаг, хүн амынхаа хүчинд оршин тогтнодог. Иймд байгаль экологи, экосистемийн тогтвортой байдлын эсрэг арга хэмжээ явуулах албан тушаалтан гэж байх ёсгүй. Байгалийн экосистемийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа олигархуудтай Монгол Улсын Засгийн газар хатуу тэмцэх болно. Хариуцлага тооцоход шат шатандаа анхаарч ажиллаарай.

Ямар ажил албан тушаалтай байх нь хамаагүй гэмт хэрэг хийсэн хүн бүр ял шийтгэлээ хүлээх ёстой. Дарамт шахалт ирвэл мэдэгд. Төр хамгаална. Олигархуудын барьцаанд бүү ор, бүү худалдагд, зоригтой бай. Төрийн сүлд харж байна. Дарга нар туйлаас анхаарч ажилла. Цаашид төрийн бүх шатанд олигархууд сонгогдох учиргүй юм. Ард иргэд үүнийг мэддэг болсон. Хулгайч нарыг Монголын төрд дахин битгий гаргаасай гэж бүх улстөрийн намуудад уриалж байна гэсэн юм.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлын дараа үргэлжлүүлэн Засгийн газрын өргөтгөсөн хурлыг хаалттай горимоор хийж Улсын нууцын зэргийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянгабаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол газар” компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.

АРХАНГАЙН ЦУЦЛАГДСАН 13 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУД:

  • “Өлзийт тээл” гэх газрын – 2422 га
  • “Өлийн гол” гэх газрын – 373 га
  • Шийртийн салаа” гэх газрын – 173 га
  • “Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
  • “Бодонтын ам” гэх газрын – 739 га
  • “Гүүтийн ам” гэх газрын – 114 га
  • “Харгуйтын ам” гэх газрын – 323 га
  • “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га
  • “Улаан чулуут” гэх газрын – 144 га
  • “Ястын гол” гэх газрын – 366 га
  • “Ар чулуут 1” гэх газрын – 141 га
  • “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га
  • “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газруудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Дэрх компаниуд нь “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаярын эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд гэж үзсэн байна.