УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарьтай ярилцлаа.
-Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар байр сууриа нэгтгэсэн үү?
-Бүлгийн хурал дээр Ө.Энхтүвшин дарга зөвшилцлийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд АН-аас өргөн барьсан төслийг танилцуулж, МАН-ын зүгээс өргөн барьсан төсөлтэй холбоотой өгсөн хариултыг танилцуулсан.
-Их хурлаас гаргасан ажлын хэсэг дотор шүүхийн ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Шүүх засаглалд орж буй нэмэлт, өөрчөлтүүд зөвшилцлийн ажлын хэсгээр хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?
-Шүүх засаглалыг хараат бус, шударга, бие даасан байлгах тал дээр гурван Их хурал дамнаж ярьсан. Түүнчлэн Их хуралд шүүх засаглалыг хараат бус, бие даасан, шударга шүүх засаглалыг бий болгох түүхэн үүрэг ногдож байгаа. Судалгаанаас харахад иргэдийн 90-ээс дээш хувь нь шүүх засаглал ыг зайлшгүй өөрчилж, хараат бус болгох хэрэгтэй гэсэн байдаг. Шүүх ямар нэгэн байдлаар эрх ашигт тулгуурласан, авлигажсан шүүх засагтай болчихоод байгаа талаар олон нийт шүүмжилж байна.
-МАН-ын бүлгийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн саналыг хэр тусгаж байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн гаргасан саналыг бүлгийн хурал дээр нэг бүрчлэн ярьж саналуудаа өгч байна. Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр гурван зүйл хэлэх нь зүйтэй байх. Шүүх засаглалтай холбоотой Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр гурван зүйл хэлмээр байна. 62-ын гишүүний өргөн барьсан төслийн ихэнх санал дээр Ерөнхийлөгч хасах саналтай байсан. Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан томьёоллууд нь санаанд нийцэхгүй байна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд орон тооны бус гэж нэр томьёолол байдаггүй. Шүүхийн бие даасан, хараат бус байдал, шүүхийн сахилга хариуцлагыг хариуцах орон тооны бус шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аас байгуулна гэж байгаа. Орон тооных уу, орон тооны бус байх уу гэдгийг Үндсэн хуульд биш бусад органик хуулиар зохицуулж болно.
Хоёрдугаарт, орон тооны бус Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-аас байгуулагдах бөгөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч даргална гэж байгаа юм. Энэхүү зөвлөлийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч даргалж хэрхэвч болохгүй л дээ. Учир нь өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлд бүх эрх мэдлийг өгчихсөн. Тэр нь өөрөө хүссэн хүсээгүй хэн байхаас үл хамаараад “мангаа” болчихсон гэх шүүмжлэлүүд гарч байгаа.Монголд 1993-1996,2002-2013 онд Улсын дээд шүүхийн дор Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийг аваачиж үзсэн. Ингэж туршиж үзсэн чинь ШЕЗ хэрээс хэтэрсэн нэг субьект буюу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бүх эрх мэдэл нь төвлөрсөн байсан.
Бүх эрх мэдэл гэхээр менежмэнт бодлого, санхүү, байр,шүүгчийг томилох, огцруулах, цалингийн хариуцлага тооцох зэрэг үндсэндээ бүх л зүйлс нэг гарт төвлөрчихөж байгаа юм. Дэлхийд ШЕЗ-д байгаа эрх, үүргийг ямар нэг байдлаар тараан байршуулдаг. Шилж сонгох үүргийг нь өөр газар, цалин бууруулах огцруулахыг нь нэг субьект хариуцдаг. Харин байр, төсөв мөнгө менежмэнт нь дахиад өөр хэсэгт байгаа юм. Энэ нь Хойд Европын орнуудад /Швед, Финлянд /зонхилсон бүтэц буюу ШЕЗ-ийн функцыг гурав хуваачихсан бүтэц. Хоёр дахь хувилбар нь төв Европын Итали,Испани зэрэг улс хоёр хуваачихсан. Шилж сонгох, огцруулах,боловсон хүчний бодлогыг ШЕЗ нь мэдэж байдаг. Хууль зүйн яам нь төсөв мөнгө,байр сав, менежмэнтийг нь хариуцаад явдаг. Манайх шиг бүх эрх мэдлийг нь нэг субьектэд өгчихсөн газрууд нь пост коммунист болон Латимн Америкийн улсууд байсан. Харин одоо эдгээр улсууд энэ төвлөрлийг сааруулж байна.
Нэг газар хэтэрхий их эрх мэдэл төвлөрөөд ирэхээр авлигал, хээл хахууль, үндсэндээ хонгилын түлхүүрийг хэн атгах вэ гэдэг тэмцэл өрнөдөг. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт нь жигд тэгш төвлөрөл нь саарчихсан байдалтай болчихвол ямар нэг эрх ашгийн зөрчил гарахгүй. Энэ нь өөрөө Венецийн комиссоос гарч байгаа бүх зөвлөмжинд заасан байдаг. Макс Бланкийн институт, дэлхийн бүх орны хуульчдыг нэтгэдэг Венецийн комиссын өгч байгаа зөвлөмж нь дандаа төвлөрлийг сааруулах тухай байдаг. 2010 онд гарсан Киевийн зөвлөмж нь ямар нэг байдлаар нэг байгууллагад эрх мэдлийг төвлөрүүлж болохгүй, аль болох хуваарилах ёстой гэсэн зөвлөмж гаргасан.
Гуравдугаарт, ШЕЗ-ийн бүрэлдэхүүний асуудал байдаг. Бусад улсын шүүх тогтолцоон дээр энэ зөвлөмжийг өгч байдаг.Бүрэлдэхүүний хэсэг байна. Энэ бүрэлдэхүүний хэсэгт 62 гишүүний өргөн барьсан санал үнэхээр боломжтой байсан. ШЕЗ-ийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилно. Томилгооны сонсгол хийнэ. Мөн энэ их хуралд оролцож байгаа гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хаанаас ч хамаагүй 20 хүн томилчихгүй нь байна. Дээрээс нь меррит зарчим гэж байгаа юм. Хууль зүйн өндөр мэдлэгтэй мэргэшлээрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна гээд заагаад өгчихсөн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо дээр дэмжигдсэн бас нэг хувилбар байна. 62 гишүүний өргөн барьсан хувилбарыг илүү тодорхой болгосон томьёолол. Томилгооны сонсгол хийнэ. 50 хувь нь шүүгчдээс , 50 хувь нь УИХ, Засгийн газар, мэргэжлийн холбоодоос саналаа оруулна гэж байгаа юм. УИХ-ын Байнгын хороо хүнээ нэр дэвшүүлнэ.
Засгийн газрыг төсөв мөнгөө мэдэж байгаа гэдэг утгаараа хүнээ оруулна. Дээрээс нь мэргэжлийн холбоодыг оролцуулна. Энэ нь нээлттэй нэр дэвшүүлнэ. Бүрэлдэхүүн хувьд бүгдээрээ шүүгч байхаар хэн нь хэнийгээ хянах юм. Өмгөөлөгчдөөс прокуророос оруулаад ирж байгаа нь зөв. ШЕЗ дээр бүрэлдэхүүний хамгийн чухал нь ШЕЗ-ийн удирдлагыг зөвшилцлийн ажлын хэсэг улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч даргална гэчихсэн байгаа юм. Энэ бол буруу. Энэ хэсэгт дандаа дотроосоо даргаа сонгох нь зүйтэй.
-Ерөнхийлөгчийн зүгээс сахилгын хороо гэж байгуулна гэж заалт орж ирсэн байсан. Энэ тухай юу хэлэх вэ?
-Ерөнхийлөгчөөс өгсөн саналд хариуцлагын хороог сахилгын хороо болгох санал оруулаад ирсэн. Сахилгын хороо гэнэ үү, хариуцлагын хороо гэж нэрлэнэ үү дурын асуудал. Хоёр дээр гурвыг нэмэхээр тавл гарна биз дээ. Нэрийг яаж ч өөрчилж болно. Үндсэн үүрэг функцыг нь өөрчлөх хэрэгтэй.
-Хоёрдугаар хэлэлцүүлэг хэзээ эхлэх вэ?
-Бид нар хүлээгээд л байж байна. Үндсэн хууль зөвшилцлийн бичиг баримт болохоос ямар нэг намын тулган шаарддаг зүйл биш. Тэр утгаараа АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.
-Улсын Дээд шүүх дээр ямар өөрчлөлт оруулж байна вэ?
-Дээд шүүх дээр зөвшилцлийн ажлын хэсгийн оруулж ирсэн хувилбар нь хүлээн зөвшөөрч болохгүй байна. Дээд шүүх зөвхөн шүүгчдээс бүрдэж болохгүй. Тал талын оролцоотой байх ёстой. Жишээлбэл, АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон роберт насаараа өмгөөлөгч хийсэн. Японы Дээд шүүх нь 14 хүнтэй. Тэдний таван нь шүүгч, дөрвөн нь прокурор, дөрвөн нь өмгөөлөгч, нэг нь эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл багш байдаг. Ингэж өөр, өөр газраас, өөр өөр эрх ашгийн төлөөллөөс бүрдэх ёстой. Зөвшилцлийн ажлын хэсгээс давж заалдах шатны шүүхэд 15-аас доошгүй жил ажилласан гэж байгаа. Дээд шүүхэд оруулж буй заалтууд дээр томьёоллын хувьд уян хатан байлгах хэрэгтэй. Дээд шүүхийн хамгийн гол функц нь маргаан шийдвэрлээд байхаасаа илүү хуулийг зөв тайлбарлах,хуулийг илүү хөгжүүлдэг, ноцтой маргаан шийдвэрлэдэг газар. Юмс бүхнийг дээд шүүх дээр аваачаад байдаг одоогийн практик буруу болчихож байгаа юм.
-Цэц дээр ямар санал дэмжигдэж байна вэ?
-Цэцийн заалтуудыг Ерөнхийлөгч огт хөндөөгүй. Зөвшилцлийн ажлын хэсэг хасна гээд оруулаад ирчихсэн. Угтаа 62 гишүүний гаргасан нэр томьёолол нь зөв. Томилгооны сонсгол оруулж ирж байгаа нь давуу тал. Нийт гишүүдийнхээ саналаар гаргаж ирнэ. Томилсон хүнээ есөн жилийн хугацаатай томилно гэж байгаа юм. Томилгооны сонсгол явуулахгүй болохоор хоёр хоногийн дотор Цэцийн гишүүнийг томилчихдог. Насан туршдаа томилчихоор Ерөнхийлөгч, УИХ-аассонгогдсон хүмүүстээ үйлчлэх гэдэг. 20 хүн шийдэхгүй нийт гишүүдийн олонхоор шийднэ гэсэн давуу талууд бий.