Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.
-Сүүлийн үед манайд болж буй аль шуугиантай гэсэн жагсаал цуглаан, шүүх хурал гэх мэт үйл явдлуудад очиж лайв хийж, цагаан хоолой барьж сүрийг үзүүлж хашхирдаг бүлэг хүмүүс бий болжээ. Үүнийг та сэтгэл зүйчийнхээ талаас тайлбарлахгүй юу?
-Жагсаал, цуглаан гэх мэт шуугиантай үйл явдлууд өөр өөр зорилго, чиглэлтэй байдаг учраас давтагдах магадлал бага л даа. Бүх жагсаал дээр очоод байгаа хүмүүс яалт ч үгүй өнөөх ам дамжиж яригддаг мөнгө аваад очиж жагсаад явдаг байх.
Бодвол цаанаа утасны дугаарууд нь бүртгэлтэй байдаг юм байлгүй дээ. Хэсэг бүлэг хүмүүс жагсаал цуглаан дамжаад яваад байх боломжгүй. Нийгмийн сэтгэлзүй талаас нь авч үзвэл хүн өөрийн мэдэлгүй бусдыг даган дуурайдаг нийгмийн сэтгэлгээнүүд байдаг.
Шүдний эмнэлэг дээр хийсэн туршилтууд байдаг л даа. Эмнэлэгт дугаарлаж байгаа эхний хүмүүс нэг хүн ороод гарахад нь босож суугаад л, дараагийн хүн орж ирэхэд нь ч мөн л босоод суусан байгаа юм.
Сүүлд нь орж ирсэн хүмүүс учрыг нь ойлгохгүй харж байгаад дагаад босоод л сууж байсан. Тэгэхээр хүн ухамсаргүйгээр бусад хүмүүс юу хийж байна, түүнийг даган дуурайх хандлага байдаг, Энэ нь өөрөө нийгмийн сэтгэлзүй.
Хэрэв Монголын нийгмийн сэтгэлзүй сөрөг байна гээд ярьдаг шүү дээ. Энэ нь хувь хүний сэтгэлзүй тогтворгүй байгаатай холбоотой.
-Шуугиантай үйл явдалд алгасахгүй очиж жагсаж, хашхираад байгаа нь сэтгэлзүйн нэг төрлийн эмгэг мөн үү?
-Тэгж ойлгож болохгүй.
-Олон улсад жагсаал цуглаан хэсэж шуугиулаад байдаг жишиг бий юу. Эсвэл манайд л тогтчихоод байна уу?
-Олон улсад жагсаал цуглаан тайван болж өндөрлөдөг. Илэрхийлэхийг хүссэн санаагаа уриа лоозон хэлбэрээр барьж тайван хэлбэрийн жагсаал болдог. Манайх шиг жагсаад орилоод, чарлаад байх нь ховор.
-Мөнгө авч жагсаал цуглаанд оролцож байгаа ч хүмүүс нийгэмд ямар хор уршигтай байдаг бэ?
-Уг нь жагсаал цуглаан нүдээ олж чадвал нийгмийг зөв зүйлд уриалж, зөв зүгт чиглүүлэх зорилготой байдаг Монголд бол ихэвчлэн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаад хүмүүсийг буруу зүйлд турхираад байгаа нь анзаарагдаж байна. Энгийн ажлаа хийгээд явж байгаа иргэд тухайн жагсаалыг хараад “Манай нийгэм болохгүй байна.
Болохгүй байгаа болоод л энэ хүмүүс жагсаад байна” гэх сэдлийг төрүүлэх боломжтой. Нийгмийг бараантуулах боломжтой гэж ойлгож болно. Ийм төрлийн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал олон улсад ч Монголын нийгмийг бараантуулж болно.
-Манайд хоёр долоо хоногт л нэг дуулиан шуугиантай үйл явдал болж байна. Тэр бүхэнд л өнөөх цөөхөн хэдэн хүн алгасалгүй очоод яваа нь харагдах юм. Нийгмээ бараантуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга замыг та яаж харж байна?
-Улс төрийн намуудын пиар багийнхны л зохион байгуулж буй ажил байхгүй юу, пиарыг хар болон цагаан гэж ангилдаг шүү дээ. Хар пиараар турхираад байгаа асуудал. Системээрээ л өөрчлөгдөх хэрэгтэй. Засаг барьж буй хүмүүсийн эерэг хандлага л энэ байдлыг өөрчлөх байх. Иргэд өөрсдөө ингэе, тэгье гээд өөрчлөгддөг зүйл биш.
Зөв зүйл дээр нэгдээд жагсаал зохион байгуулахад очиж дуу хоолойгоо хүргэдэг хүмүүс нь ховор болчихсон. Утааны эсрэг ээж аавууд нэгдэхэд л манайхан олуулаа очоогүй шүү дээ. Ард иргэдийн оролцоо идэвхгүй байсан.
Эндээс харахад л томоохон жагсаал, цуглаан, дуулиан шуугианы ард зохион байгуулагчид хэсэг хүмүүсийг уриалж байгаа нь илэрхий харагдаж байна.
-Өнөөгийн нийгэмд хөрөнгөтэй, чинээлэг хүмүүсийг үзэхээ больжээ. Ийм сэтгэлгээ тогтоход юу нөлөөлөв?
-Социалист нийгмийн үед барилга байгууламж, мал аж ахуй улсын мэдэлд байсан шүү дээ. Чинээлэг хүмүүсийг амьдралын боломж тааруу хүмүүст хуваарилдаг зохицуулалттай байсан.
Ардчилсан нийгэм гарч ирснээс хойш бүхий л зүйлийг хувьчлах ажиллагаа явж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хэсэг бүлэг цөөхөн хүн хэтэрхий их мөнгөжөөд, зарим хэсэг нь хоосорч үлдсэн. Хэсэг нь ганзаганы наймаа хийх гэх мэтээр хөдөлмөрлөөд байдаг.
Гар хумхиад суугаа нэг нь хөрөнгөжөөд байдаг. Тэднийг хараад л хөдөлмөрлөж байгаа хэд нь дургүйцнэ шүү дээ. Энэ үзэл өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Тэр үеийн амьдралын төлөө тэмцэж байсан залуучууд өнөөдөр хөгшрөөд хүүхдүүддээ нийгмийг буруутгах суурийг тавьж өгч байна л даа.
Тэр үеийн жаахан хүүхдүүд өнөөдөр нийгмийг авч явж байна. Энгийнээр хэлэхэд нийгэм шилжилтээс үүссэн сэтгэлзүй одоогийн нийгмийг удирдаад яваад байна гэж ойлгож болно.
-Өнөөдөр энд ч хууль бус уурхай ухаж байна, тэнд ч алт олборлогч хууль бусаар лиценз авлаа гэх хар бараан мэдээлэл ар араасаа л цацагдаж байна. Энэ нь өнөөгийн нийгмийн сэтгэлзүйд яаж нөлөөлж байна вэ?
-Хар бараан мэдээлэл өдөр бүр цацах нь нийгэмд сөргөөр нөлөөлж байгаа л даа. Бидний бага байхад сонин, хэвлэлээс л мэдээлэл авдаг байлаа. Гэхдээ тэр нь хяналттай байсан. Тухайн хэвлэлийн газраас хяналт өндөр тавьдаг байсан учраас мэдээллийг цензуртэй авч байлаа.
Өнөөдөр сошиал ертөнц хүчтэй гарч иржээ. Болсон болоогүй эх сурвалжаас иргэд мэдээлэл авч байгаа нь иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тэр дундаа итгэл үнэмшил нь тогтворжоогүй залуу үеийнхэнд илүү хор хөнөөлтэй тусч байна. Манай хүн амын 70 орчим хувийг хүүхэд залуучууд эзэлдэг шүү дээ. Тогтворжоогүй хүмүүс янз бүрийн мэдээлэг цензургүй хүлээж авснаас буруу итгэл үнэмшил нийгэмд тогтох эрсдэлтэй.
Итгэл үнэмшил гэдэг зүйл чинь хувь хүний сэтгэл зүйн бүх юм гэж хэлж болно. Хүнд итгэх итгэл, ирээдүйд итгэх итгэл, амьдралд итгэх итгэл гээд энэ бүхэн эргээд нийгмийг ямар нүдээр харах вэ гэдгийг тодорхойлж байдаг.
-Иргэдийг хүлээж авч мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, олон ургалчаар хандах чадварт суралцуулахын тулд яах вэ. Гарц гаргалгааг нь та яаж харж байна вэ?
-Боловсролын асуудал л даа. Энгийн зүйлээс л эхэлнэ. Хажуу айл нь машин худалдаж авахад эхнэр, нөхөр хоорондоо “Муу сайн баячууд” гэх утгатай яриа өрнүүлж байгаа нь сонсож байгаа хүүхдэдээ баян хүмүүс муу гэх итгэл үнэмшлийг суулгачиж байгаа юм.
Эндээс үзэхээд хувь хүн эцэг эхчүүдээс л энэ асуудал эхэлж байна, Аливаа асуудлыг зөв талаас нь харж дүн шинжилгээ хийх чадварт эцэг эхчүүд л хүүхдээ сургана. Эцэг эхчүүд энэ талын боловсрол шаардлагатай байгаа.
Дунд сургуульд юманд анализ хийх, мэдээллийг цуглуулж зөвийг нь шүүж авах чадварыг хүүхдэд суулгах нь зөв иргэн бэлтгэх эхний алхам юм. Дунд сургуулиас гүйцэд боловсорч чадаагүй тохиолдолд их дээд сургууль орохдоо үүнд суралцах ёстой.
Эцэг эхчүүд “Манай хүүхдийн мэдээллийг шүүх чадвар ямар түвшинд байна вэ, би ер нь мэдээллийг хэрхэн хүлээж авдаг вэ” гэж бодох хэрэгтэй.
Хүн бүхэн аливаа мэдээлэлд ул суурьтай ханддаг болъё гэвэл нэг мэдээлэлд суурилж дүгнэлт гаргах хэрэггүй. Тухайн мэдээллийг өөр, өөр эх сурвалжуудаас авч нэгтгэсэн байдлаар дүгнэлт хийх хэрэгтэй.
-Өнөөдөр байгаадаа сэтгэл хангалуун амьдрах чанар манайханд дутагдаад байх шиг. Төгс байх гэсэн хүсэл хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Перфегционист буюу өөрийгөө маш ихээр зовоож шаналгадаг хүнийг хэлдэг. Төгс байхыг эрмэлздэг гэсэн үг. Өөрийн зан ааш, бие галбир, гэр бүл, ажил амьдралын талбартаа бүрэн сэтгэл ханадаггүй, хийж байгаа үйлдэл, үгэндээ маш их анхаарал хандуулж бүгдийг төгс хийхийг зорьдог шинж чанартай хүн л дээ.
Үүнийхээ үр дүнд үе үе амьдрал утгагүй, аз жаргалгүй мэт санагдаж, юунд ч сэтгэл нь үл ханана. Өнөөгийн нийгэмд бидний өссөн орчин хүмүүжил, нийгмийн байдлаас шалтгаалан хүн бүхэн л төгс байхыг оролдож байна. Ингэхдээ цаг ямагт бусдыг болон өөрийгөө шүүж, дорд үзэж ямар нэг жишиг хэмжүүрт байлгахыг эрмэлзэх болдог.
Тэгээд л төгс болох гэж оролдож хичээж эхлэхдээ бусдын алдааг дурандаж эхэлнэ. Амьдралд нь хэрэгцээтэй бүх зүйлс байсаар байтал нэг л юм дутуу мэт, гэр бүлийн харилцаа нь хэвийн байхад нэг л болохгүй байгаа юм шиг, ажил тань нэг л урагшгүй санагдавч эргэн тойрны чинь хүмүүсийн хувьд амжилттай л харагддаг, найз нөхөд чинь санаанд чинь нийцэхгүй болж үргэлж л дутагдалтай тал нь харагдаад байж мэдэх юм.
Энэ нь төгс байх хүсэл тань таныг зовоогоод эхэлсэн байна л гэсэн үг. Бүгдийг сайнаар хийж, хамгийн шилдэг нь байж, бүх хүмүүс таны таалалд нийцэх ёстой мэт аяглах нь угаас бүтэхгүй зүйл.
Хүн яаж ч хичээсэн төгс төгөлдөр байж чадахгүй болохоороо өөрийгөө буруутай гэж мэдэрч эхэлдэг. Өөрийгөө хүндэтгэх сэтгэл нь алдагддаг. Өөрийгөө хүндлэхээ больсон хүн дотоод сэтгэлийн эрхэм чанараа гээгдүүлж, хүн чанараа алдаж эхэлдэг.
Төгс төгөлдөр рүү тэмүүлэгч нь өөрийн үзэл бодолдоо үнэнч, зөрүүд, хэт нямбай биеэ даасан аливаа зүйлд өөрийн байр суурийг бат хадгалдаг, өөртөө туйлын итгэлтэй байх боловч үргэлж дутуугийн мэдрэмжтэй байдлаасаа болж сэтгэл гутрал, айдас, түгшүүр зэрэг янз бүрийн сэтгэцийн эмгэгийн асуудалтай байх нь элбэг.
Тэр бүү хэл амиа хорлох хүртэлх сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.
-Төгс байх хүслээ хянах аргуудын тухайд тодруулахгүй юу. Байгаадаа сэтгэл дундуур, стресстэй яваа хүмүүс хаа сайгүй л харагддаг. Тулгамдсан асуудлуудын нэг шүү дээ?
– Хэн ч төгс биш, дутагдалтай бас давуу талтай. “Би тэгээд төрчихгүй яав даа” гэх бодлоо мартсан нь дээр. Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдгийг санах нь чухал. Мөн зорилгоо тодорхой байлгах хэрэгтэй. Яг ямар үр дүнд хүрэхээ мэдэж байгаа хүн юм юм руу үсчиж, юм болгоныг сайн хийх гэж хичээх шаардлагагүйг мэдэж байдаг.