Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг “Их долоо”-д урихаар тохиролцжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Францын төрийн тэргүүн Э.Макрон нар өнгөрсөн мягмар гаригт утсаар холбогджээ. Францын ерөнхийлөгч түүнд ирэх онд болох “Их долоо” бүлгийн уулзалтад ОХУ-ыг урих саналыг тавьсан байна.

Америкийн тэргүүн ч саналыг хүлээн авсан талаар СNN-ий сэтгүүлч Кайли Атвуд твиттертээ жиргэжээ. Тэрбээр АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийн мэдээллээс ийн эш татсан юм байна. К.Атвуд “Д.Трамп уг асуудлыг энэ амралтын өдрүүдэд Францын Биаррице хотноо болох “Их долоо”-гийн уулзалтын үеэр хөндөх юм. АНУ-ын ерөнхийлөгчийн үзэж буйгаар ийм алхам хийснээр “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтыг сэргээхийг үгүйсгээгүй гэв. Крымийн хойгийн асуудлаас үүдэн 2014 онд “Их долоо”-гийн гишүүн орнууд ОХУ-ыг чуулга уулзалтдаа уриагүй гэлээ. Учир нь ОХУ бүрэлдэхүүндээ Крымийн хойгийг багтаах болсон нь олон асуудлыг дагуулсан юм. АНУ тэргүүтэй барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж, “Их найм”-ын гишүүн байсан тус улсыг гишүүнчлэлээсээ хасан “Их долоо” форматаар хурлаа явуулж иржээ.

Categories
мэдээ улс-төр

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрт 4500 залуу хамрагдав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тус хөтөлбөрийн хаалтын ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон даяар 36 мянган оюутан, сурагчтай Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон холбогдох албаныхан уулзаж, санал асуулга авсан байна. Эдгээр уулзалтын үеэр англи хэлний сургалт болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлж өгөх хүсэлт их ирсэн тул “Англи хэлтэй залуус” болон “Ажилтай оюутан” хөтөлбөрийг зохион байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөтөлбөрийн хаалтад оролцож хэлэхдээ, “Гадаад хэл, тэр дундаа англи хэл сурах нь интернэт хэмээх мэдээллийн далайгаас мэдлэг санаа, мэдээлэл шүүрдэх өргөн боломжийг залууст нээж өгнө. Англи хэл дэлхийн хаана ч явсан бусадтай харилцах, ойлголцох боломжийг олгодог. Тиймээс англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм. Оюутан залуус хичээлийн бус цагаар ажил хийх, ойр зуурын хэрэглээний зардлаа олох нөхцөл бий болгох талаар та бүхний хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна. Одоогийн байдлаар “Ажилтай оюутан” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт 2600 гаруй оюутан түр ажлын байртай болж нийт 530 гаруй сая төгрөгийн цалин урамшуулал авсан байна. “Англи хэлтэй оюутан” хөтөлбөр зарламагц 4 хоногийн дотор 4530 орчим хүн бүртгүүлж, суралцах хугацаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн уриалга, бодит ажлыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт оролцогч залуус Туул гол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хог цэвэрлэсэн нь иргэдэд эерэг зөвийг үлгэрлэсэн үйлдэл юм. Оюутан залуус та бүхэнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж, өөрсдийгөө сурах хөгжих урмаар цэнэглэсэнд баяр хүргэж, эндээс олж авсан сэдэл урмаараа үргэлжлүүлэн англи хэлийг төгс эзэмшихийг хүсье” гэв.

Хөтөлбөрийн хүрээнд 4500 залууст үнэ төлбөргүй, нэгдсэн системээр англи хэлийг зааснаас гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн сургалт явуулжээ.

Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бямбазул, “Энэхүү хөтөлбөрийн дунд шатны ангид суралцлаа. Англи хэлний түвшингээ ахиулсан, англи хэл сурах идэвх чармайлтыг нэмэгдүүлсэн үнэхээр үр өгөөжтэй, чанартай сургалт болсон. Би цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцах сонирхолтой. Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархсанаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Зохион байгуулах комиссын гишүүн Н.Лхагвадорж, “Англи хэлтэй залуус” хөтөлбөр түүхэндээ Монгол Улсад анх удаа хэрэгжлээ. Энэхүү хөтөлбөр Монголын мянга мянган оюутан залууст англи хэл сурахад ямар хялбар болохыг ойлгуулсан, цаашид эх орноо хайрлах үндсэрхэг үзэл, эерэг хандлага хүмүүжил төлөвшлийг суурилуулж, ухааруулж өгсөн хөтөлбөр боллоо хэмээн онцлон тэмдэглэж байна. Дараа дараагийн удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар болон нийт зөвлөхүүддээ энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлт тавих болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Жүдочид зургаан алтан медаль хүртэв

Олон улсын хүүхдийн спортын 9-р наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус наадамд Монгол Улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха-Якут, Забайкалскийн хязгаарын баг тамирчид оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна.

Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний дэрэвгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхийг завджээ

Гашуунсухайт боомтын Хүнсний чанар стандартын улсын байцаагч нар наймдугаар сарын 15-ны өдөр шалгалт явуулжээ. Шалгалтаар нүүрсний экспортын 0771 ӨМА улсын дугаартай Лхас транс компанийн тээврийн хэрэгслээс 17 кг дэрэвгэр жиргэрүү илрүүлсэн байна. Нэг килограммаар тус бүрд нь уутлан гадуур нь уутанд хийж нүүрсний дээд талд ил тавьсан байжээ. Улмаар жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж, бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Мансуурсан хүүхдүүдийг саатуулжээ

Энэ сарын 21-ны шөнийн 03.30 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 15-17 насны зургаан эрэгтэй хүүхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд, эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ тавих хараа, хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулийн төлбөр 10-15 хувиар нэмэгджээ

Жил бүр оюутан залуусын хувьд сургалтын төлбөр гэдэг асуудалтай тулгардаг. Энэ жил их, дээд сургуулиуд төлбөрөө 10-15 хувиар нэмжээ. Шинжлэх ухаан, технологийн их сургууль салбар бүрийн нэг кредитийн үнэ өөр өөр байдаг. Үзэх хичээлийн кредитээс хамаараад мэргэжил бүрийн үнийг өөрөөр тогтоодог аж. Барилгын архитектурын сургуулийн нэг кредитийн үнэ 82990 төгрөг. 30 кредит үзэхээр нийт 2489700 төгрөг болж байгаа юм. Геологи уул уурхайн сургуулийн нэг кредит адилхан үнэтэй. Эрчим хүчний сургуулийн нэг кредит нь 54370 төгрөг. 30 кредитээр үржүүлбэл 1631100 төгрөг болж байна. Энэ мэтээр ШУТИС-ийн төлбөр өөр өөр юм. Монгол Улсын Их сургууль мөн хичээл сонголт кредитээс хамаараад төлбөр өөр өөр. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн нэг кредит хичээлийн үнэ 2017-2018 оны хичээлийн жилд 86700 байсан бол энэ жил 98600 болжээ. Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн нэг кредит өнгөрсөн жил 84300 байсан бол энэ жил 103500 болсон байна. Бизнесийн сургуулийнх өнгөрсөн жил 100700 байсан бол энэ жил 120800 төгрөг болжээ. Гэх мэтээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрт өөрчлөлт гарсан байна. Харин оюутнуудын дотуур байранд суух төлбөр нэмэгдээгүй аж. МУИС-ийн дотуур байр засвартай, засваргүйгээс хамааран өөр өөр үнэтэй. Засвартай дотуур байр арван сараар төлбөрөө авах бөгөөд 630000 төгрөг. Засваргүй нь арван сараар 450000 төгрөгөөр төлбөрөө авдаг юм байна. Гадаад оюутны байр тусдаа байх ба үнийн хувьд бага зэрэг илүү байх хэмээн оюутнууд хэлж байв.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ӨСӨЛТИЙГ ИНФЛЯЦИЙН ТҮВШНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ ГЭВ

2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр өмнөх оноос дунджаар 10-15 хувь өссөн. Иймд энэ хичээлийн жилд төлбөрийн дундаж өсөлтийг инфляцийн түвшнээс хэтрүүлэхгүй байх чиглэл өглөө. Сургалтын төлбөрийн нэг кредит цагийн үнэлгээ 51500-120800 төгрөгт хэлбэлзэж байна. Төрийн өмчит их, дээд сургуулиудын жилийн төлбөр 1650000-3624000 төгрөгийн хооронд байгаа хэмээн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.

ОЮУТНЫ ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ БОЛОН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛД ХАМРАГДАХ БОЛОМЖ

Жил бүр оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон зээлд хэрхэн хамрагдах талаар сонирхдог. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн дарга М.Ариунжаргалаас тодрууллаа.


-Одоо хэрэгжиж буй оюутны хөгжлийн зээл болон хөнгөлөлттэй зээл нь юугаараа ялгаатай вэ?

-Өмнө нь оюутнууд банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан бол 2018 оноос эхэлж хүүгүй, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр Боловсролын зээлийн сангаас санхүүжилтийг шууд олгож байна.

-Оюутны хөгжлийн зээлд ямар суралцагчид хамрагдах боломжтой вэ?

-Бакалаврын түвшинд элсэн орж байгаа элсэгчийн хувьд ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш, суралцагч бол 2,8 буюу түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээл авч болно.

-Оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?

-Оюутнууд сургуулийн сургалтын албанд зээл авах хүсэлтээ гаргана. Зээлийн хүсэлт гаргахдаа дараахь бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

•Иргэний үнэмлэхийн хуулбар

•Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл

•ЭЕШ-ын онооны хуулбар /Магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэн орж байгаа бол дипломын хуулбар/

•Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

•Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь

•Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт

•Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ

-Сургалтын төлбөрийн хэдэн хувийг оюутны хөгжлийн зээлээр төлөх боломжтой вэ?

-Сургалтын төлбөрийн хэмжээгээр 100 хувь олгож байгаа. Оюутны тухайн улиралд сонгосон багц цаг /кредит/-ийн төлбөрийг бүтнээр олгодог.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН БАРЬЦАА БОЛОХ ДИПЛОМЫГ ЧӨЛӨӨЛНӨ

-Засгийн газраас Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа иргэдийн зээлийн барьцаа болох дипломыг чөлөөлөх талаар чиглэл өгсөн гэсэн үү?

-2012 оноос Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд хэрэгжиж эхэлснээр Улсын Их Хурлаас зээлээс хөнгөлөх, чөлөөлөх журам баталж түүний дагуу иргэдийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх хуулийн зохицуулалттай болсон. Үүний дагуу БСШУСЯ-наас уг журмыг төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.

-Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй дипломын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Боловсролын зээлийн сан /хуучнаар Сургалтын төрийн сан/ 1993 онд байгуулагдсан цагаасаа хойш хагас өнчин, малчин өрхийн, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэх мэт төлбөрийн боломж багатай иргэдэд дээд боловсролд эзэмшихэд дэмжлэг үзүүлж сургалтын төлбөрийн зээл олгосоор ирсэн. Уг зээлийг авсан иргэн нь сургуулиа төгсөөд дипломоо Боловсролын зээлийн санд барьцаа болгон үлдээдэг байсан.

-Сургалтын төлбөрийн зээлийг өмнө нь чөлөөлж байсан уу?

-Өмнө нь “Их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай “ Засгийн газрын 2004 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 23038 оюутны 8.2 тэрбум төгрөг “Зарим хүмүүсийг Боловсролын зээлийн сангийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 178 дугаар тогтоолоор 2982 оюутны 2,9 тэрбум төгрөгийг тус тус чөлөөлсөн.

Өнөөгийн байдлаар Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй иргэдийн 16 тэрбум төгрөгийн диплом байна.

Г.НЯМДЭЛГЭР

Categories
мэдээ спорт

Г.Эрхэмбаяр жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ий 3 дахь медалиа хүртэв

АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа жюү-жицүгийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100 кг-д хүрэл медаль хүртлээ.

Лас-Вегаст энэ сарын 21-25-нд болж байгаа тус тэмцээнд МЖЖХ-ны “Алтан гишүүн” С. Жавхлангаар ахлуулсан, Г. Эрхэмбаяр аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүчээ сорихоор очоод байгаа юм.

Үндэсний Улсын аварга Г.Эрхэмбаяр нь жюү-жицүгийн мастерсын ДАШТ-ээс өмнө нь 2013 онд АНУ-ын Лос Анжелес хотноо хөх бүсэнд, 2015 онд АНЭУ-ын Абу-Дабид ягаан бүсэнд медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Зөөврийн хяналтын цэг”-ийг байгуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар буурчээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ 15 дугаар хороо 19 дүгээр байрны автобусны буудлын орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

Энэхүү “Зөөврийн хяналтын цэг”-ийг байгуулснаар гэмт хэргийн гаралт 50 хувиар, дуудлага мэдээлэл 44 хувиар тус тус буурч тухайн нутаг, дэвсгэрийн эргүүлийн болон хэв журмын нөхцөл байдалд эерэг үзүүлэлт гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаан цутгалангийн хясаанааас унаж хөлөө хугалжээ

Улаан цутгалангийн хүрхрээн дээр зураг авахуулах гэж байгаад унаж хөлөө хугалсан хэрэг гаржээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан багийн Улаан цутгалан хүрхрээ орчим тус аймгийн Арвайхээр сумын иргэн 18 настай, эрэгтэй Б нь зураг авахуулах гэж байгаад найман метр хадан хясаанаас унаж зүүн хөлийн шилбэний ясаа хугалжээ.

Дуудлагын дагуу тус сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашинтайгаар тээвэрлэн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд урд шөнө буюу наймдугаар сарын 22-ны шөнө 03:30 цагт шилжүүлэн хэвтүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулж хууль, эрх зүйн чиглэлээр нийт 100 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.