Categories
мэдээ нийгэм

Нэг тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөгөөр худалдаалагдана

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэлчүүд та бидний хувьд тулгамдсан асуудал болдог утааны улирал эхлэнэ. Жилийн жилд утаагаа, агаарын бохирдлоо яах вэ, яаж арилгах вэ гэдэг хүнд асуудалтай тулгардаг. Энэ ажилд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц гарч байгаа. Төр засгаас ч тодорхой шийдэл бүхий бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Ирэх өвлөөс үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байгаа. УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлж, бодит ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна. УИХ-ын даргын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс батлуулсан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой шийдлүүдийг тусган, холбогдох байгууллагуудад цаг хугацаатай үүрэг чиглэл өгөн, биелэлтийг тооцон ажиллаж байна. Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийг үр дүнтэй болгох, оновчтой ажилд зарцуулахад ихээхэн анхаарал тавьж байна. Өргөдлийн байнгын хорооноос агаарын бохирдолттой тэмцэх чиглэлээр зарцуулсан хөрөнгөд гүйцэтгэлийн аудит оруулж, хяналт шалгалт хийлгүүлсэн. Цаашид хөрөнгө мөнгийг үр дүнтэй ажилд зарцуулахад хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр мөн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглон, Таван толгойн ордоос тээвэрлэж ирсэн сайн чанарын нүүрсээр “Таван толгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж байгааг тэмдэглэлээ.

Одоогоор улсын хэмжээнд 170 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцөлсөн бөгөөд энэ нь нийслэлийн нийт айл өрхийн 2 сарын түлшний нөөц гэж тооцсоныг мөн дурьдаад түлшний хомсдолд оруулахгүйн тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна гэв.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэлийн 500 цэгт худалдаалж эхлэх бөгөөд нэг тонн нь 150 мянган төгрөг байх юм байна.

Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож иргэдэд үйлчилгээгээ хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хотын бүтээн байгуулалт өрнөх ёстой”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.

Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хотын бүтээн байгуулалт өрнөх ёстой. Төрийн хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ сайн биелүүлсэн компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх зэргээр харилцан бие биенээ урамшуулдаг тогтолцоотой ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, Монголын Барилгын үндэсний Ассоциацтай тогтмол эргэх холбоотой шаардлагатай үед ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийн зүгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хамтарч ажиллах 13 саналыг хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

Шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг 4 бүлэг, 15 этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүллээ.Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь Нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх 6, хулгайлах 3, залилах 3 нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоод байна.

Орой үдшийн цагаар иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул шөнө, оройн цагаар ганц, нэгээрээ явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай аюулгүй бүсийг сонгон явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын агаар сансрын хүчний баг нисэхийн үзүүлбэр үзүүлнэ

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд наймдугаар сарын 28-нд Хүй 7 худагт ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” баг нисэхийн үзүүлбэр үзүүлнэ.

“Русские Витязи” баг нь өндөр төвшний нисгэгчдээс бүрдсэн ба олон зориулалтын өндөр маневрлаг “Су-27УБ” сөнөөгч онгоцоор агаарт төвөгтэй үзүүлбэр үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг залууст манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Филиппин, Номхон далайн орнууд болон Монгол Улсыг хариуцсан захирал Лоуренс Харди, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах” стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээнд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар АНУ-ын талаас 3 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн юм.

Хөтөлбөрийг сайн засаглал болон иргэний нийгмийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ил тод байдлыг дэмжих, хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэхээс гадна шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, зөвшилцлийг бий болгоход анхаарч ажиллах юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 1991 оноос хойш Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 240 сая ам. долларын техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. Тус агентлагаас 2016-2021 оны хугацаанд LEAD (Leaders Advancing Democracy) хөтөлбөрийг хэрэгжүүлж, залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт явуулах, олон улсын солилцооны хөтөлбөрт хамруулан манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Их Британийн консулыг Шэньжэнд саатуулсан байна

Хонконг дахь Их Британийн Консулын газрын ажилтныг БНХАУ-ын хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Шэньжэн хотноо саатуулжээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан уг мэдээг баталсан ч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. “HK01” цахим хуудаст бичсэнээр 28 настай Саймон Чэн наймдугаар сарын 8-нд ажил хэргийн уулзалтад оролцохоор Шэньжэнийг зорьжээ. Мөн өдрөө Хонконгт буцаж очих байсан тэрээр сураг алдарсан тул найз бүсгүй нь цахим хуудастаа энэ тухай бичсэнээр уг асуудал олны анхаарлыг татах болсон байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цэцэрлэгийн цахим бүртгэлийн сүүлийн өдөр

Төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 24.00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд дуусна. Цахим бүртгэл дуусангуут үргэлжлээд маргааш 09.00 цагаас цахим элсэлтийг авч эхэлнэ.

Шинээр цэцэрлэгт элсэгчдэд дараах шаардлага тавигдана. Үүнд:

2017 оны нэгдүгээр сарын 1-ээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхэд бүртгүүлнэ.

2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn системд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.

Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.

Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.

Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл ирнэ.

Онцолход, шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрвэл тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлтийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдийн дунд нээлттэйгээр зохион байгуулах юм.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдана

АНУ-д энэ сарын 19-нд ойрын зайн тусгалтай газар дээр байрлах далавчит пуужинг туршсан талаар мэдээлсэн удаатай. Тус улс дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарснаас хойш анхны туршилтаа явуулжээ.

Калифорни мужийн баруун эргээс харвасан пуужин 500 км замыг туулсан талаар мэдээлж байв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үзэж буйгаар АНУ-ын эрх баригчдын дээрх үйлдэл нь Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж байгаа юм. Тиймээс тус байгууллага пүрэв гаригт яаралтай чуулж энэхүү асуудлыг хэлэлцэхээр болсон байна. ОХУ болон БНХАУ-ын зүгээс ийм хүсэлт гаргасны дагуу ийн чуулахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

Грийнландын арлыг АНУ-д худалдахгүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Данийн хатан хаан Маргарет II-ын урилгаар тус улсад есдүгээр сарын 2-нд айлчлахаар төлөвлөж байв. Гэвч тэрбээр уг айлчлалаа цуцлах болсон талаараа твиттертээ жиргэжээ. Д.Трамп “Дани бол гайхамшигтай ард түмэнтэй, онцгой улс. Гэвч тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен Грийнланд арлыг худалдах талаар хэлэлцэх сонирхолгүй буйгаа илэрхийлсэн тул би энэ айлчлалаа цуцалж, дараа тохиромжтой цагт хийхээр боллоо” гэв. Өнгөрсөн ням гаригт Данийн ерөнхий сайд М.Фредериксен “АНУ Грийнландыг худалдан авах санаа нь утгагүй юм. Тус арлыг зарахгүй. Учир нь энэ нь Грийнланд мужид харьяалагддаг” гэж “Sermitiaq” сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байж. Грийнланд арал нь Дани улсын бүрэлдэхүүнд багтах бөгөөд өөртөө засах тусгай эрх эдэлдэг юм байна. Одоо тус арал дээр АНУ-ын “Thule” агаарын бааз байрладаг байна. Грийнланд арал нь 56 мянган хүн амтай. Газар нутгийн 80 хувь нь мөсөөр хучигдсан байдаг аж.

Categories
гадаад мэдээ

Хонконгоос Тайвань руу цагаачлах иргэдийн тоо өсчээ

Өнгөрсөн зургадугаар сард Хонконгт өрнөсөн жагсаал одоо ч үргэлжилсээр. Тэмцэгчид “Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл”-ийг эсэргүүцэн, засаг захиргааныхаа тэргүүнийг огцрохыг шаардаад буй. Жагсаал цуглаан өрнөж буй энэ үед Тайвань руу цагаачлах хонконгчуудын тоо энэ жил 28 хувиар өссөн тухай мэдээлжээ.

Энэ талаар Тайванийн Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар “Хонкогт жагсагчид болон цагдаа нарын хооронд нэг бус удаа мөргөлдөөн гарсан. Хятадын эрх баригчид ч бодлогоо зөөлрүүлэхгүй байгаа зэргээс үүдэн Хонконгоос Тайвань руу дүрвэх цагаачдын тоо нэмэгдсээр байгаа гэв. “Bloomberg” агентлагийн дурдсанаар Тайваньд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гаргасан судалгаагаар нийт цагаачдынх нь 9.4 хувийг хонконгчууд эзэлж байна. Мөн энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.