Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, үг хэллээ
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.
Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа!
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа!
Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хамгаалан бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн болоод өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Халхын голд байгуулсан Монгол-Зөвлөлтийн цэргийн ялалт бол хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол-Зөвлөлтийн ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн ариун дайн байсан юм. Энэ ялалтад хүргэсэн Оросын ард түмэн, түүний баатарлаг цэрэг эрсийн алтан амь, бүлээн цусыг бид мартах учиргүй юм.
Энэ үзэл санаан дор энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь маш үр дүнтэй ажил болжээ. Бид өнгөрсөн 80 жилийн түүхээрээ бахархахын зэрэгцээ түүхэн үнэн, бодит баримтыг судлан гаргаж, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шүүн тунгааж олон түмний хүртээл болгоход энэ хурлын нэг зорилго оршиж байгаа билээ.
Тиймээс энэ удаагийн хурал үр дүнтэй болж, судлаачдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн хурал болно гэж найдаж байна.
Өнгөрсөн зууны 30-аад оны төгсгөлд Халхын голд өрнөсөн энэ байлдаан, түүний үр дүн БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад зохих нөлөө үзүүлснийг бид мартах учиргүй юм. Иймээс Халхын голд өрнөсөн үйл явдлын бодит баримтыг гарган тавьж, олон нийтэд сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахад эрдэмтэн, судлаачид та бүхний хичээл зүтгэл чухал хэрэгтэй.
Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулж, амь насаа зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчид, тэдгээрийн гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс баяр хүргэж, мэхийн ёсолж байна.
Халхын голоос 1939 онд гэртээ буцаж ирээгүй монгол, орос цэрэг эрсийн гэгээн дурсгал Монголын ард түмний сэтгэл зүрх, Халхын голд мөнхөд хадгалагдан үлдэх учиртай.
Эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт оруулсан үе үеийн цэрэг эрсийн гавьяа, ард түмний сэтгэлд жилээс жилд батжин, улам бүр алдаршиж байна. Тийм ч учраас ахмад дайчиддаа үзүүлэх хүндэтгэл, халамж манай төр засгийн анхаарлын төвд явж ирсэн уламжлалтай.
Ажил, амьдралын арвин баялаг туршлагаа үр ач, залгамж хойч үедээ өвлүүлэн, төр, түмэн олондоо түшиг тулгуур болж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг ахмад дайчид, Та бүхэндээ өргөн дэвшүүлж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье.
Баярлалаа” гэв.