Categories
мэдээ нийгэм

Заамар суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудад шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны нэгдсэн төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Байгаль орчин, Уул уурхайн, Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, Газар, геодези зураг зүй, Эрчим хүч, Хэмжил зүй, Харилцаа холбоо, Авто тээвэрийн хяналтын чиглэлээр Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Эко алтан Заамар ХХК, Баянгол эко Заамар ХХК, Эм Жи Жи И Си ХХК, Гурван тамга ХХК, Улз гол ХХК, Ай Би Би Ай ХХК, Монгол майнинг энд эксплорэйшн ХХК-иуд төлөвлөгөөт шалгалтанд, Заамар гоулд ХХК-ийн MV-021068, Заамар гоулд ХХК-ийн MV-012439, Уулс Заамар ХХК-ийн MV-000704, Уулс Заамар ХХК-ийн MV-000926, Илт гоулд ХХК-ийн MV-020484, Илт гоулд ХХК-ийн MV-019938, Монполимет ХХК-иудад зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан. АШБ ХХК, Редвулкан ХХК, Эрд хул ХХК-иуд объект үйл ажиллагаа явуулаагүй байна.

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 6 объектод улсын ахлах байцаагчийн хамтарсан 42 заалт бүхий албан шаардлага, 7 объектын улсын ахлах байцаагчийн хамтарсан 32 заалт бүхий зөвлөмж, 1 объектын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн 3 заалт бүхий актаар үйл ажиллагааг нь зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу байгаль орчны хяналтын чиглэлээр 3000000, геологи уул уурхайн чиглэлээр 1000000, харилцаа холбооны хяналтын чиглэлээр 500000, хэмжилзүйн хяналтын чиглэлээр 1000000, нийгмийн хамгааллын чиглэлээр 2000000 төгрөг нийт 9000000 шийтгэлийн арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгуулж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 25 хүн гэмтэж, таван хүн амиа алджээ

2019.08.19-22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1191 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 795 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд гэмтэж бэртэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Гэмтсэний хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд оржээ

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.08.19-ний өдрийн 15 цагийн орчимд Дундговь аймгийн Өлзийт сум “Хашаатын бууц” гэх газар /аймгийн төвөөс зүүн урагш 90 км/ шороон замд “Хаожүе” маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Б нас барсан.
  • 2019.08.19-2019.08-20-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Богд сумын 5-р баг “Хондлой” гэх газар /Сумын төвөөс баруун урагшаа 70 км/ шороон замд О жолоочтой Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 39 настай, эмэгтэй О нас барсан.
  • 2019.08.20-ны өдрийн 15.45 цагт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р баг “Цахиуртын ар” гэх газар /Сумын төвөөс хойшоо 16 км/ асфальтан Toyota Prius автомашины жолооч А нь Toyota Prius А жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай, эрэгтэй Г нас барсан
  • 2019.08.19-ний өдөр 23:55 минутын орчимд БЗД-ийн 4 дүгээр хороо Доржийн гудамж, “Их засаг их сургууль” зүүн урд замд Toyota Prius автомашины жолооч Г нь явган зорчигч 43 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2019.08.22-ны өдрийн 15.00 цагийн орчим Архангай аймгийн Тариат сум “Тэрхийн гүүр” гэх газарт /Сумын төвөөс баруун хойш 30км/ шороон замд Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч 1нас.8сартай, эмэгтэй, Г-г мөргөж амь насыг нь хохироосон

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 16, мөргөлдөх хэлбэрээр 2, онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.7 хувиар, гэмтсэн хүний тоо 13,6 хувиар өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 28,5 хувиар буурсан байна. Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул эцэг, эх та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн Гран При тэмцээн болно

“Токио 2020” олимпын наадмын эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн Гран При тэмцээн есдүгээр сарын 13-14-нд Бөхийн Өргөөнд болох гэж байна.

“ММС SUKHBAATAR CHALLENGER” нэртэй тус тэмцээнд манай улсаас “Ulaanbaatar MMC Energy”, “ARA ADM Taikhar” багууд оролцох бол Сербийн алдарт “Нови Сад”, “Лиман”, АНУ-ын “NY Harlem” багууд Монголд хүрэлцэн ирнэ. Тэмцээнд мөн Литва, Польш, Япон, Филиппин зэрэг 10 орны баг тамирчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Эрхэмбаяр Мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Жюү-жицүгийн Мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж бөгөөд Монгол Улсаас 15 тамирчин оролцож байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Татварын улсын байцаагчид сургалтад хамрагдлаа

Татварын улсын байцаагчид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгосын бодлогын төвөөс зохион байгуулж буй “Үнэ шилжилтийн хяналт шалгалт: Онол ба практик” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтыг БНСУ-ын Үндэсний Татварын Албанд үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэдэг сургагч багш, үнэ шилжилтийн хяналт шалгалтын байцаагч болон энэ асуудлаар татвар төлөгчдөд зөвлөгөө өгч ажилладаг хуулийн фирмийн мэргэжилтнүүд зохион байгууллаа. Сургалтаар харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээнд зах зээлийн бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын албаны зүгээс хэрхэн залруулга хийдэг талаар Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын жишээгээр онолын болон практик мэдлэгийг олгов. Энэхүү сургалтад Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг “Үнэ шилжилтийн гарын авлага”-ыг ашиглажээ.

Татварын албаны зүгээс ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын татварын чиглэлээр албан хаагчдаа чадавхижуулахад анхаарч байгаа албан хаагчиддаа сургалт мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас бусдын овог, нэр, регистрийг ашиглан, гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх этгээдийг эрэн сурвалжилж буйгаа зарласан. Харин эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг өнөөдөр /2019.08.23/ олжээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

АН: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг дэмжинэ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөлд хүргүүлсэн саналаа хэлэлцсэн байна. Ардчилсан намын зүгээс нийтдээ 18 санал өгсөн бөгөөд үүнээс найман саналыг ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл, заалтууд байгаа учраас дээрх найман заалтыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарласан байна.

АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс санал ирүүлснийг судалж, дэмжиж хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр суурьт ч хатуу зогсоно. Ерөнхийлөгчийн саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, тойргоос сонгогдсон нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Тиймээс үндэслэл, тооцоололтой учраас бид дэмжээд явна. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна. Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх хүмүүс эцэг хуулийг батлах гээд явж байгаад харамсаж байна. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийх хэрэгтэй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

-Монгол Улсад тууштай бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд алсын хараа, тууштай явах заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийн тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Мөн татвар хураамж, орон нутгийн эдийн засгийн бодлого, зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэж бид хэд хэдэн санал өгсөн. Түүнээс гадна төсвийг батлахдаа орлогоо дагаж, зардлаа нэмдэг байдлыг хаах саналыг мөн хүргүүлсэн. Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавих зэрэг саналуудыг хүргүүлсэн. Хэрэв зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол Ардчилсан намын зөвлөл дэмжихгүй.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

ВИДЕО: “The HU” хамтлаг шинэ клипээ цацлаа

Өнөөдөр 12:00 цагт “The Hu” хамтлаг юүтүб сувгаараа шинэ клипээ цацлаа. Энэ удаа тэд “The Great Chinggis Khaan” нэртэй дуугаа дүрсжүүлэхдээ “Үхэж үл болно – Чингис хаан” киноны хэсгээс авсан бөгөөд хамтлагийнхан бөө шүтлэгийн уур амьсгал илэрхийлэхүйц хувцас хэрэглэлтэй байв. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг нь АНУ-ын E7Music компанитай хамтран ажиллаж, уг компанийн албан ёсны хуудсаар шинэ клипээ цацлаа.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид голд живж байсан иргэнийг аварчээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны наймдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийжээ.

Алба хаагчдыг гол орчмоор явах үеэр хүний орилох дуу сонсогдсон бөгөөд тэд Туул голын усанд живж байсан 40 орчим насны, эрэгтэй хүний амь насыг аварсан байна. Тухайн иргэн Чулуун-Овоо орчмоос усанд унаж, улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг шуурхай ажиллаж, уснаас гарган анхны тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ТЦА-аас автомашин хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлжээ

Автомашин хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ зохион явуулж буй “Улсын дугаар 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт автомашины худалдаа, наймаа эрхэлдэг газруудад болон гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, машины арал, бүхээгний дугаар зөрсөн, сольсон, тээврийн хэрэгслийн өнгө зөрсөн, хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчлийг болон эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийг илрүүлэх чиглэлээр гудамж замд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Улмаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй гэх мэт/ зөрчлийг илрүүлэн газар дээр нь зөрчлийг арилгуулан, Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13-д заасны дагуу арга хэмжээ тооцох юм. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтад хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА-аас зөвлөж байна.