Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 6845-аар нэмэгдсэн байна. Нийт хүүхдээс 347378 шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан бол 3210 хүүхдийн шүд эрүүл байжээ.
Month: August 2019
“Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд “Газар албадан чөлөөлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” дүүргийн Засаг даргын 2019 оны А/140 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.
Тус албан даалгаварт тусгагдсаны дагуу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй хаалт, хашлага буулгах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаалсан, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, эзэмшиж буй газраа тохижуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.
Дүүргийн ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байршуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлэн, арилгаж байна.
Нийтийн эзэмшлийн зөвшөөрөлгүй цэгт байрлуулсан гурван ТҮЦ буулгасан бол, хоёр шавар байгууламж, есөн чингэлэг буулгалаа.
Мөн дүүрэгт хийгдэж буй явган хүний замын бүтээн байгуулалтын ажлыг хааж хашаалсан нэг иргэний хашааны хэсгийг буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр буюу 08 сарын 23-ны өдөр 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн зуслангийн айлуудад орц, гарц гаргах, газар албадан чөлөөлөх ажлыг хийж байна.
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатад байрлах Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор бүхэлд нь түр зогсоолоо.
Тус дүүргийн 37 дугаар байрны оршин суугчдаас 24 цагийн турш тасралтгүй ажилладаг энэ ресторан хиншүү хярвас их гаргадаг, хурц хоолны үнэрт амьдрахад хүндрэлтэй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн өргөдөл, энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чунчонхынгүг ХХК-ийн “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байсан иргэний хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг ирүүлсэний дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар бэлтгэсэн хоол хүнснээс дээж авдаггүй, дээжийн бүртгэл тогтмол хөтлөөгүй, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа ундны усыг шинжилгээнд хамруулаагүй, их цэвэрлэгээ, байнгын болоод урсгал цэвэрлэгээг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн орон сууцны барилгыг хоолны газар болгон өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төсөлгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Мөн өгсөн үүрэг даалгавар, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй нь үйлчлүүлэгчдэд хоолны хордлого үүсэх эрсдлийг үүсгэж байв.
Иймд нийслэлийн прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож лацадсан боловч эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, лац ломбыг зөвшөөрөлгүй авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу цагдаагийн хэлтэстэй хамтарч, үйл ажиллагааг албадан зогсоолоо. Мөн тус рестораны өргөтгөлийг нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, цахилгааны монтажыг ил хийсэн, гал гарах, тогонд цохиулах эрсдэл бүхий орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй байна.
“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 19-ний өдрөөс 23-ныг дуустал ажлын цагаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Дүнжингарав салбаруудаар хүлээн авч байна.
Одоогийн байдлаар дээрх 2 салбарт нийт 12 цонхон дээр материал хүлээн авч байна.
Эхний шатанд тэнцсэн иргэд заасан хугацаанд материалаа авчирч өгөөгүй, материалын бүрдэл дутуу болон цахим бүртгэлд хамрагдахдаа ирүүлсэн анкетын мэдээлэл зөрүүтэй гэх мэт алдаатай тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасагдана гэдгийг анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНСВУ-тай 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид харилцан туршлага солилцох аргаар хамтарч ажиллах, Ханой-Улаанбаатар хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа хотын Захирагч хэллээ. Мөн хоёр хотын бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын уулзалт болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах боломж байгаа талаар дуулгалаа.
Элчин сайд Доан Тхи Хыөний зүгээс хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийг Вьетнамын засаг захиргааны нэг нэгжтэй санамж бичиг байгуулан холбож ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад, хоёр хотыг холбосон агаарын замыг нээхэд ач холбогдол өгч ажиллах, бизнес эрхлэгчдийн дунд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг дэмжиж байгаагаа дуулгасан юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх сард Ханой хотод айлчлах аж.
Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа.
Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Алба хаагчид Хөвсгөл нууранд 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хийж, нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх зэрэг дадлагыг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэл хотын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, нийт 714 цэцэрлэгт 123 000 гаруй хүүхэд хамрагдана.
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл цахимаар явагдсан. Энэ жил нийслэл хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 31340 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 19760, гурван настай 4918, дөрвөн настай 3525 хүүхэд, таван настай 3133 хүүхэд тус тус бүртгүүлжээ.
Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Мөн тэрбээр ноён Ча Гю-геүний Монгол Улс дахь айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүний айлчлалын үр дүнд монгол иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд томоохон ахиц гарч байна. Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр БНСУ-д зуны улирал хэт халуун учраас солонгос жуулчид Монгол Улс руу аялаж, Монголын нүд алдам тал, тэнгэр дүүрэн оддыг үзэх хэрэгтэй хэмээн урьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, үг хэллээ.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.
Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон, үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа!
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа!
Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хамгаалан бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож буй Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн болоод өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Халхын голд байгуулсан Монгол-Зөвлөлтийн цэргийн ялалт бол хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол-Зөвлөлтийн ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн ариун дайн байсан юм. Энэ ялалтад хүргэсэн Оросын ард түмэн, түүний баатарлаг цэрэг эрсийн алтан амь, бүлээн цусыг бид мартах учиргүй юм.
Энэ үзэл санаан дор энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа нь маш үр дүнтэй ажил болжээ. Бид өнгөрсөн 80 жилийн түүхээрээ бахархахын зэрэгцээ түүхэн үнэн, бодит баримтыг судлан гаргаж, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шүүн тунгааж олон түмний хүртээл болгоход энэ хурлын нэг зорилго оршиж байгаа билээ.
Тиймээс энэ удаагийн хурал үр дүнтэй болж, судлаачдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн хурал болно гэж найдаж байна.
Өнгөрсөн зууны 30-аад оны төгсгөлд Халхын голд өрнөсөн энэ байлдаан, түүний үр дүн БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад зохих нөлөө үзүүлснийг бид мартах учиргүй юм. Иймээс Халхын голд өрнөсөн үйл явдлын бодит баримтыг гарган тавьж, олон нийтэд сурталчлах, судалгааны эргэлтэд оруулахад эрдэмтэн, судлаачид та бүхний хичээл зүтгэл чухал хэрэгтэй.
Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулж, амь насаа зориулсан Монгол, Зөвлөлтийн дайчид, тэдгээрийн гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс баяр хүргэж, мэхийн ёсолж байна.
Халхын голоос 1939 онд гэртээ буцаж ирээгүй монгол, орос цэрэг эрсийн гэгээн дурсгал Монголын ард түмний сэтгэл зүрх, Халхын голд мөнхөд хадгалагдан үлдэх учиртай.
Эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт оруулсан үе үеийн цэрэг эрсийн гавьяа, ард түмний сэтгэлд жилээс жилд батжин, улам бүр алдаршиж байна. Тийм ч учраас ахмад дайчиддаа үзүүлэх хүндэтгэл, халамж манай төр засгийн анхаарлын төвд явж ирсэн уламжлалтай.
Ажил, амьдралын арвин баялаг туршлагаа үр ач, залгамж хойч үедээ өвлүүлэн, төр, түмэн олондоо түшиг тулгуур болж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг ахмад дайчид, Та бүхэндээ өргөн дэвшүүлж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье. Баярлалаа” гэв.
“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 19-ний өдрөөс 23-ныг дуустал ажлын цагаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Дүнжингарав салбаруудаар хүлээн авч байна.
Одоогийн байдлаар дээрх 2 салбарт нийт 12 цонхон дээр материал хүлээн авч байна.
Эхний шатанд тэнцсэн иргэд заасан хугацаанд материалаа авчирч өгөөгүй, материалын бүрдэл дутуу болон цахим бүртгэлд хамрагдахдаа ирүүлсэн анкетын мэдээлэл зөрүүтэй гэх мэт алдаатай тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасагдана гэдгийг анхааруулж байна.