Categories
мэдээ нийгэм

Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 1856 тн түүхий нүүрс оруулахыг завджээ

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэноруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өгөв. Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтан 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна. Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 тн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын техник хэрэгслийг хурааж байна

Монгол Улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа.

Өнөөдрийн байдлаар тус ажлын хэсгийнхэн 216 экскаватор, 186 ковш, 42 алт угаагч усан буу, уул хийгээд модонд нуун далдалсан 26 техник хэрэгслийг илрүүлэн нүүлгэн шилжүүлээд байна. Мөн тухайн орон нутгийн харьяалалгүй 26 өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол бүртгэлгүй буюу хууль бусаар алт олборлохоор ирсэн 128 иргэн шалгагджээ.

Түүнчлэн хууль бусаар алт олборлогчид алт угаах зорилгоор хуримтлуулсан усыг дахин ашиглах, эрсдэл үүсэхээс сэргийлэн даланг сэтлэн усыг бага хэмжээгээр гадагшлуулах, нөхөн сэргээлт хийх ажлуудыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгана

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн чуулган, байнгын хорооны хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Ямартай ч энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгахаар төлөвлөжээ.

Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдаж, дараагаар нь УИХ-ын чуулганы хуралдааныг товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

76 настай Итали жуулчин Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад сураггүй болжээ

Наймдугаар сарын 24-ны өдөр Бүгд Найрамдах Итали улсын харьяат 76 настай, эрэгтэй Л нь аялал, жуулчлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад сураггүй болжээ.

Тэрбээр мөн өдрийн 17.00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найман алба хаагчид хоёр бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр 06.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын ажилтнуудыг явуулын ажлын байраар хангалаа

Монгол Улсын Засгийн газрын 62 тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өглөө.

Ингэснээр товчоодод ажиллаж буй хяналтын ажилтнууд орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байраар хангагдаж, ажиллах нөхцөл боломж сайжирч байгаа юм. Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтнууд 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна.

Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 т түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхаарна уу.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Дональд Трамп Жр. Монгол дахь аяллаа дуусгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жр. хүүтэйгээ хамт Монгол Улсад аялаж байгаад өчигдөр буцжээ. Тэрбээр арав гаруй хоногийн хугацаатай аялсан аж. Ингэхдээ Алтай Таванбогд ууланд авиралт хийж, ан гөрөө хийх зэргээр аялж, амарсан байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Толбо, Булган сумдаар амарчээ. Түүнийг АНУ-аас аюулгүйн болон бусад дагалдах нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Мөн монголын талаас түүний аюулгүй байдлыг хангаж зургаа орчим хүн дагалдан ажилласан тухай эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн энэхүү аялал нь цэвэр хувийн зорилготой байсан тул ямар нэгэн албаны уулзалт хийгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалуудад техникийн үнэлгээ хийлээ

Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцлаа.

Техникийн үнэлгээ хийх ажлын хүрээнд шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо.

Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт ажиллав. Дээрх аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, дурсгал бүхий сумдын багийн Засаг дарга нар болон ойр орчимд нь оршин суугаа ард иргэдтэй уулзаж, дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар санал солилцож, мэдээлэл цуглууллаа.

Шинжээч Тошио Хаяаши техникийн үнэлгээний тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх бөгөөд 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Categories
гадаад мэдээ

Хонконгийн цагдаа жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглажээ

Хонконгийн цагдаа нар өчигдөр Куен Ванг дүүрэгт жагсагчдыг тараахын тулд галт зэвсэг ашигласан гэж AFP агентлаг мэдээллээ. Нэгэн цагдаагийн ажилтан “Бид гар буу ашиглахад хүрсэн” гэж тус агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Бууны суманд хүн өртөж хохирсон талаар одоогоор мэдээлэл алга байна. Ням гарагт Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг анх удаа даралтат у ашиглаж эхэлсэн юм. Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөн арванхоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсагчид эх газрын Хятадтай ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж анх тэмцлээ эхэлсэн билээ. Жагсаал цуглаан анх тайван замаар явагдаж байсан боловч сүүлийн үед улам ширүүсэх болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт болно

Энэ жил есдүгээр сарын 1-н ням гарагт тохиож байна. Хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд болно. Харин 2-ны даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 850 гаруй сургуульд 644 мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнө жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа юм. Харин цэцэрлэгт 275 мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилтэй харьцуулбал цэцэрлэгийн хүүхдийн тоо 15 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Цэцэрлэг, сургуульд суралцах хүүхдийн тоо нийтдээ 65 мянгаар нэмэгдсэн байна.

ЕБС-д 44 мянга орчим багш, цэцэрлэгт 10 мянга, их, дээд сургуульд долоон мянган багш ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон хавдар судлалын салбарыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн, Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулав. Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамото нь 2008 оноос хойш 12 удаа Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникт ирж ажиллахдаа 50 гаруй монгол иргэнд амжилттай мэс засал, эмчилгээ хийсэн бөгөөд ажлын байран дээрх сургалтыг мөн явуулж, тус төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, ходоодны мэс засал, улаан хоолойн мэс засал, бүдүүн гэдэсний мэс засал, эмчилгээг одоогийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.